Институт ба семинар
62-р хичээл: Сургаал ба Гэрээ 57


62-р хичээл

Сургаал ба Гэрээ 57

Оршил

1831 оны 6-р сард Их Эзэн Иосеф Смит болон ахлагчдад Миссури дэх Сүмийн чуулганыг хуралдуулахыг зарлиглажээ (С ба Г 52:2-ыг үзнэ үү). Иосеф болон бусад хүн энэ зарлигийг дуулгавартай дагаж, Огайогоос Миссури хүртэл 1500 гаруй км замыг туулсан. Бошиглогч Миссурид ирснийхээ дараа эдүгээ Сургаал ба Гэрээ 57-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан байна. Энэ хэсэгт Их Эзэн Сионы хотын байршлыг илчилж, өмнө нь гэгээнтнүүдэд өгсөн амлалтаа биелүүлсэн (С ба Г 52-ыг үзнэ үү). Түүнчлэн Их Эзэн хэдэн хүнд Сионыг байгуулахад гүйцэтгэх үүргийнх нь талаар заавар өгсөн.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 57:1–6

Их Эзэн Сионы хотын байршлыг илчлэв

Суралцагчдыг баяр эсвэл төрсөн өдөр, номлолын үйлчлэл, ариун сүмийн аялал, бэлэг авах эсвэл хайртай хүн дээрээ очих гэх мэт ямар нэг зүйлийг тэсэн ядан хүлээж байсан мөчийнхөө талаар бодоход урь. Суралцагчдаас хүсэн хүлээсэн үйл явдал нь ойртох үед ямар мэдрэмжтэй байсныг асуу.

  • Энэ үйл явдал яагаад тийм чухал байсан бэ?

  • Энэ үйл явдлаас болж үүссэн сэтгэл хөдлөл чинь хэрхэн үйлдлүүдээр илэрсэн бэ?

Суралцагчдад Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлтээр дамжуулан, гэгээнтнүүд Сион Миссурид байх болно гэдгийг мэдэж авсныг сануул (С ба Г 52:2, 5, 42-ыг үзнэ үү). Их Эзэн эхэн үеийн зарим гэгээнтнийг Огайогоос Миссури руу ирүүлэхээр дуудсаны дараа Сүмийн олон гишүүн Сион хотын яг таг байршлыг мэдэхийг тэсэн ядан хүлээж байсан гэдгийг тайлбарла.

Гэгээнтнүүд Сионыг байгуулахын төлөө ямар урам зоригтой байсныг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг Полли Найт эгчийн дараах түүхийг уншихад урь. Ангийнхнаас Найт эгчийн үйлдлүүд Сион байгуулагдахыг хүсэн хүлээж байсныг хэрхэн харуулж байгааг олж мэдэхийг хүс.

“Ньюелийн ээж, Колесвилл салбарын гишүүн Найт эгч Сионд очихын тулд амь насаа эрсдэлд оруулжээ. Поллигийн эрүүл мэнд муудаж байсан боловч амлагдсан газрыг харах гэсэн түүний хүсэл маш их байсан учраас тэр Огайод үлдэхийг хүссэнгүй. … Түүний хүү, ‘Түүний цорын ганц хүсэл нь Сионы нутагт хөл тавьж, тэнд оршуулагдах явдал байсан юм’ гэж бичжээ. … Тэрээр хожим нь ‘Их Эзэн түүний зүрх сэтгэлийн хүслийг биелүүлж, тэр уг нутагт хөл тавих хүртлээ амьдарсан юм’ гэж мэдэгдсэн [Scraps of Biography: Tenth Book of the Faith-Promoting Series (1883 он), 70; мөн History of the Church, 1:199-ийг үзнэ үү]. Полли Сионы нутагт ирээд хоёр долоо хоногийн дотор нас барсан бөгөөд Миссурид оршуулагдсан анхны хожмын үеийн гэгээнтэн болсон юм” (Church History in the Fulness of Times, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага 2003 он], 105).

Суралцагчдад гурван бүлэг хүн ойролцоогоор 1450 км замыг туулан Миссури руу очихоор дуудагдсан гэдгийг сануул. Үүнд: Бошиглогч ба цөөн хэдэн ахлагч (С ба Г 52, 53-ыг үзнэ үү); явах замдаа номлохоор дуудагдсан бүлэг номлогч (С ба Г 52-ыг үзнэ үү); Ньюел Найтаар удирдуулсан Колесвиллийн гэгээнтнүүд (С ба Г 54-ийг үзнэ үү).

Миссурид ирсний дараа бошиглогч, Сион хот хаана, хэзээ баригдах талаар илүү ихийг мэдэхээр Их Эзэнээс асуусан гэдгийг тайлбарла. Их Эзэний хариулт Сургаал ба Гэрээ 57-д цэдэглэгдсэн байдаг. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 57:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Их Эзэн Сионы хотыг хаана баригдана хэмээн хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Сионы хот хаана баригдах ёстой байсан бэ? (Миссуригийн Жаксон гүнлэг, Индепенденс.)

  • Сионы нутагтай холбоотойгоор ариун сүм хаана баригдах ёстой байсан бэ? (Миссуригийн Индепенденс, Сионы төв газар.)

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 57:3-ыг дотроо дахин уншаад, Миссуригийн Индепенденс, Сионы төв газарт юу баригдах ёстой хэмээн Их Эзэн хэлснийг олж мэдэхэд урь.

  • Миссуригийн Индепенденс буюу Сионы төв газарт юу баригдах ёстой хэмээн Их Эзэн хэлсэн бэ? (Суралцагчдыг хариулах үед дараах үнэнийг самбар дээр бич. Ариун сүм Сионы төв газар баригдах болно.)

Сион болон ариун сүмийг барьж эхлэхийн тулд Миссуригийн Жаксон гүнлэгт газар худалдаж авахыг Их Эзэн гэгээнтнүүдэд зарлигласан гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 57:4–6-г хураангуйл.

Сургаал ба Гэрээ 57:7–16

Их Эзэн хувь хүмүүст Сионыг байгуулахад гүйцэтгэх үүргийнх нь талаар заавар өгөв

Хоёр суралцагчийг самбарын өмнө дараах жүжигчилсэн тоглолтыг хийхэд урь (та энэ хоёр суралцагчтай хичээлийн өмнө ярилцаж мөн бэлтгэх цаг гаргаж өгч болно).

Нэг суралцагч нөгөө суралцагчаас сүүлийн үед яагаад Сүмийн цуглаан эсвэл үйл ажиллагаанд ирэхгүй байгааг асууна. Нөгөө суралцагч өөрийгөө хэрэгтэй гэдгээ мэдрэхгүй байна гэж хариулна. Уг суралцагч өсвөр үеийнхний анги эсвэл чуулгын удирдагч биш учраас өөрийгөө бүлэг дэх хэн нэгэнд ч нөлөөлөхгүй гэж боддог.

Хоёр дахь суралцагч юунд санаа зовж байгаагаа хэлсний дараа, энэ суралцагчид ямар хариулт өгөх байсныг ангийнхнаас асуу. Тэднийг бодлоо хуваалцсаны дараа Сургаал ба Гэрээ 57-г үргэлжлүүлэн судалж байхдаа энэ залуу эрэгтэй эсвэл эмэгтэйд тусалж чадах зарчмыг хайж олоход урь.

Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич. С ба Г 57:7; С ба Г 57:8–10; С ба Г 57:11–12; С ба Г 57:13.

Ангийн гишүүдийг хоёр хоёроор нь хуваарилаад, бүлэг бүрд самбар дээрх судрын хэсгүүдийн нэгийг даалга. Суралцагчдаас оногдсон эшлэлүүдийг уншаад, дараах асуултуудад хариулах хариултуудыг олж мэдэхийг хүс. Та эдгээр асуултыг самбар дээр бичиж болно.

  • Их Эзэн Сионыг байгуулахад туслуулахаар хэнийг томилсон бэ?

  • Энэ хүн юу хийхээр томилогдсон бэ?

Тэдэнд хангалттай цаг гаргаж өгсний дараа, тэднээс олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Миссурид суурьших удирдамж авсан хүн бүр Сионыг байгуулахад хэрэгтэй бэлэг ба авьяастай байсан гэдгийг тайлбарла.

  • Их Эзэний зөвлөгөө нь Тэрээр Хаант улсаа хэрхэн барьдаг талаар бидэнд юу зааж байна вэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч хариултууд нь дараах үнэнийг тусгасан байна. Их Эзэн биднийг дуудах үед, бид Түүний хаант улсыг байгуулахад туслахын тулд өөрсдийн хүч чадлыг ашиглах ёстой. Энэ зарчмыг самбар дээр бич. Та суралцагчдад судрынхаа зайд 8–13-р шүлгийн ойролцоо үүнийг бичихийг зөвлөж болно.)

  • Энэ үнэнийг ойлгох нь жүжигчилсэн тоглолт дээрх залуу эрэгтэй эсвэл эмэгтэйд хэрхэн тусалж болох вэ?

Суралцагчдад энэ үнэнийг мөн энэ нь өөрсдөд нь ямар хамаатай болохыг ойлгоход нь туслахын тулд дараах асуултуудыг самбар дээр бичээд, хариултаа хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихийг тэднээс хүс.

Таны давуу тал юу вэ?

Таны давуу тал гэр бүлд тань эсвэл Сүмд ямар адислал болж болох вэ?

Хангалттай цаг өгсний дараа хэдэн суралцагчаас хариултаа хуваалцахыг хүс.

Суралцагчдыг хувийн хүчтэй чанар, сүнслэг бэлгүүд эсвэл эзэмшдэг чадваруудаа ашиглан Сүмийг байгуулж байгаа таньдаг хүмүүсийнхээ жишээнээс хуваалцахад урь. Их Эзэний хаант улсыг байгуулахад гүйцэтгэх чухал үүрэг суралцагч бүрд байгаа гэдгийг гэрчилж хичээлээ дуусга. Тэднийг давуу талаа ашиглан гэр бүлийнхнээ болон Сүмийг адислахад нь урамшуулан дэмж.

Тайлбар ба нөхцөл байдлын мэдээлэл

Сургаал ба Гэрээ 57:3. “Ариун сүмд зориулсан хэсэг газар”

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл, бид ариун сүм дээр төвлөрч мөн хүүхдүүддээ багаас нь ариун сүмд төвлөрөхөд нь туслахын тулд хийж болох нэг зүйлийг тайлбарласан.

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“Хэрэв … эцэг эхчүүд гэртээ өрөө болгондоо ариун сүмийн зургийг тавих юм бол хүүхдүүд тань бүр бага балчраасаа энэ нь тэдний амьдралын нэг хэсэг болох хүртэл өдөр бүр ариун сүмийг харж чадна. Тэдний амьдралд ариун сүмтэй холбоотой маш чухал шийдвэр [ариун сүмд гэрлэх талаар] гаргах үе ирэхэд шийдвэр аль хэдийн гарсан байх болно (The Teachings of Spencer W. Kimball, хянасан Эдвард В:Кимбалл [1982], 301).

Ерөнхийлөгч Ховард В.Хантэр ариун сүм нь Сүмийн гишүүдийн хувьд ямар чухал болохыг тунхагласан.

Ерөнхийлөгч Ховард В.Хантэр

“Бүгдээрээ ариун сүмд ордог, ариун сүмийг хайрладаг хүмүүс байцгаая. … Бүгдээрээ ариун сүмийг, ариун сүмд шүтэн бишрэх болон ариун сүмийн гэрээнүүд болон гэрлэлтийг дэлхий дээрх туйлын зорилго, мөнх бус амьдралын хамгийн эрхэм дээд үйл болгоцгооё” (“A Temple-Motivated People,” Ensign, 1995 оны 2-р сар, 5).