113-р хичээл
Сургаал ба Гэрээ 107:39–100
Оршил
Энэ бол Сургаал ба Гэрээ 107-д цэдэглэгдсэн илчлэлтийн талаар ярилцах гурван хичээлийн сүүлийн хичээл юм. Энэ илчлэлт 1835 онд цэдэглэгдсэн боловч “60–100-р шүлгийн ихэнх хэсэг нь Иосеф Смитээр дамжуулан 1831 оны 11-р сарын 11-нд хүлээн авагдсаныг түүхийн цэдгүүд нотолдог” (С ба Г 107-ийн оршил хэсэг). Энэ хичээлд үзэх шүлгүүдэд Мелкизедек санваарыг эцгээс хүүд олгодог байсан эртний ёс жаягийн тухай Их Эзэний үгс багтдаг. Мөн төрөл бүрийн санваарын удирдагчдын үүргүүдийн талаарх удирдамж орсон.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 107:39–57
Мелкизедек санваар нь эртний өдрүүдэд эцгээс хүүд шилжин дамждаг байсан болохыг Их Эзэн илчилсэн байдаг.
Хичээл эхлэхийн өмнө дараах асуултыг самбар дээр бич. Тэнгэрлэг Эцэгээс ирэх удирдамж, тайвшралыг авах шаардлагатай ямар нөхцөл байдлууд одоо чамд тулгараад байгаа эсвэл удахгүй тулгарах вэ?
Хичээлийн эхэнд суралцагчдыг энэ асуултыг эргэцүүлэн бодоход урь. Хариултуудаа хуваалцахыг цөөн суралцагчаас хүс. Сургаал ба Гэрээ 107:39–100 дахь өнөөдрийн ярилцлагыг эхлэх үед Тэнгэрлэг Эцэгээс тайвшрал, удирдамж хүлээн авахад туслах зарчмуудыг энэ шүлгүүдээс олж авахад нь суралцагчдыг урамшуулан дэмж.
Өмнөх хичээл дээр тэд Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга, мөн Далын талаар мэдэж авсан гэдгийг тэдэнд сануул. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 107:39-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас Арван хоёрын үүргүүдийн нэгийг олж мэдэхийг хүс. Евангелийн тохинуулагчид гэдэг нэр нь Мелкизедек cанваарт патриархын албан тушаалыг эзэмшигчдийг хэлдэг гэдгийг тайлбарла (Судруудын удирдамж, “Eвангелист,” scriptures.lds.org; Bible Dictionary, “Evangelist”).
-
39-р шүлэгт өгүүлснээр патриархууд дуудлагууддаа хэрхэн томилогддог вэ? (Суралцагчдыг хариулах үед дараах үнэнийг ойлгосон байхад тусал. Патриархууд илчлэлтээр дуудагдан, Арван хоёр төлөөлөгчийн удирдлаган доор томилогддог.)
Патриархын албан тушаал эзэмшигчдийн үүргийг тайлбарлахыг суралцагчдаас хүс. (Патриархууд нь патриархын адислал хэмээн нэрлэгдэх онцгой санваарын адислалыг Сүмийн зохистой гишүүдэд өгдөг.) Патриархын адислал гэж юу болох тухай сануулж өгөх хүн байгаа эсэхийг ангийнхнаас асуу. (Патриархын адислал нь уг хүний Израилын гэр дэх удам угсааг тунхаглаж өгдөг бөгөөд Их Эзэнээс хувь хүнд өгөх хувийн зөвлөгөөг агуулдаг. Итгэлдээ үнэнч байх нь: Сайн мэдээний заалт [2004], “Патриархын адислалууд,” 149–150-ийг үзнэ үү.)
Та патриархын адислалаа авсан суралцагчдаас гадасны патриархын үйлчлэлийн тухай гэрчлэлээ хуваалцахад урьж болно. (Патриархын адислал нь ариун нандин бөгөөд хувийн чанартай юм, тийм болохоор ер нь гэр бүлийн гишүүдээсээ өөр хүмүүстэй хуваалцах хэрэггүй гэдгийг суралцагчдад анхааруул.) Патриархын адислалаа авч, үүнийг дагалдан ирсэн зөвлөмжөөс суралцсанаар хүлээн авсан адислалуудынхаа тухай та гэрчлэлээ хуваалц.
Патриарх гэдэг үг нь гэр бүл дэх эцгүүдийг бас хэлдэг болохыг тайлбарла. Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон заахдаа:
“Судруудад заримдаа патриархын дэг журам гэсэн үг гардаг нь эцгээс хүүд доош дамжин ирдэг байсны учир юм” хэмээжээ (“What I Hope You Will Teach Your Children about the Temple,” Ensign,1985 оны 8-р сар, 9).
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 107:40-ийг чангаар уншиж, бусад суралцагчаас Мелкизедек санваарыг эрт үед хэрхэн олгодог байсныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ хуваалцахыг хүс.
Сургаал ба Гэрээ 107:41–57-д зөв шударга патриархын хувьд Адамын хийсэн зарим зүйлийн талаар бид уншдаг гэдгийг онцолж хэл. 41–50-р шүлгийг чимээгүй гүйлгэн харж, өөрийн гэр бүлийг тэргүүлж байхдаа Адамын давтан хийсэн хоёр үйлдлийн загварыг олж мэдэхэд суралцагчдыг урь.
-
Өөрийн гэр бүлийг удирдаж байхдаа Адам ямар хоёр үйлдлийг давтан хийсэн бэ? (Тэрээр өөрийн удмын зохистой эрэгтэйчүүдийг санваарын албан тушаалд томилон, тэднийг адисалсан.)
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 107:53-ыг чанга уншихад уриад, Адам өөрийн удмын зохистой эрэгтэйчүүдээс өөр хэнийг адисалсан болохыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс. (Адам өөрийн охидыг оролцуулан, зөв шударга бүх удмаа адисалсан болохыг тэд ойлгож байгаа эсэхийг бататга.)
-
Адамын жишээ хэрхэн эцгүүдэд зориулсан загвар болж байна вэ? (Суралцагчдыг хариулсны дараа дараах үнэнийг самбар дээр бич. Мелкизедек санваарыг эзэмшигч эцгүүд хүүхдүүдээ адислах эрх мэдлийг атгадаг.)
-
Хүүгээ санваарт томилохоос гадна, эцэг нь хэзээ хүү, охиндоо санваарын адислал өгч болох вэ? (Хариулт нь эцгүүд санваарын адислалыг өвчтэй үед эсвэл удирдамж, тайвшрал өгөхдөө гүйцэтгэж чадна гэх мэт байж болно.)
Мөн Мелкизедек санваар атгагч эцгүүд өөрсдийн хүүхдүүдийг адислаад зогсохгүй, бусад гэр бүлийн гишүүн, хүссэн бусад хүнд өгч болно гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.
“Санваартан байхгүй өрх гэр санваарын чуулгаар хамгаалагдаж, үйлчлүүлэх ёстой. Ийм замаар Сүм дэх ямар ч гэр бүлд адислал дутагдахгүй байх болно” (“Санваарын хүч,” Ensign, 2010 оны 5-р сар, 9 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 4).
Санваарын адислалыг эцгээсээ эсвэл өөр нэг Мелкизедек санваартнаас авснаар үр дүнг нь мэдэрч байсан үеийн тухай хуваалцахыг суралцагчдаас хүс. Хэрэв тэд санваарын адислал авах боломжгүй байсан бол ийм адислалыг эрэлхийлснээр хэрхэн ашиг тустай байх талаар тунгаан бодоход суралцагчдыг урь. Цөөн хэдэн суралцагчаас туршлага, бодлоо хуваалцахад урь.
Хичээл эхлэхээс өмнө самбар дээр бичсэн асуултуудад эргэн ханд. Суралцагчид патриархын адислалаар болон эцгээсээ, эсвэл Мелкизедек санваар эзэмшигч хэн нэгнээс санваарын адислалуудыг авснаар Тэнгэрлэг Эцэгээсээ тайвшрал, удирдамж эрэлхийлж болох тухай гэрчлэлээ хуваалц.
Сургаал ба Гэрээ 107:58–100
Их Эзэн Санваарын чуулгуудын ерөнхийлөгчдийн үүргийг илчлэв
Товчхон үнэлж дүгнэх үүднээс самбар дээр Мелкизедек санваар, Аароны санваар гэсэн гарчгууд бич. Тохирох гарчгийн доор санваарын албадыг жагсаан бичихэд суралцагчдыг урь. Нэг суралцагч санваарын нэг л албын нэр бичнэ. Дараа нь шохой эсвэл үзгээ дараагийн хүнд шилжүүлэн өгч, санваарын бүх албыг бичих хүртэл үргэлжлүүлэхийг хүс. Суралцагчдыг шаардлагатай бол бие биедээ туслахыг урамшуул. (Мелкизедек санваарын албан тушаалууд нь ахлагч, дээд прист, патриарх, дал ба төлөөлөгч юм. Аароны санваарын албан тушаалууд нь дикон, багш, прист, бишоп юм.)
-
Санваарын чуулга гэж юу вэ? (Санваарын ижил алба бүхий ах нарын бүлэг юм.)
Нэг суралцагчийг самбарын өмнө гарч ирээд, чуулга болон зохион байгуулагддаг санваарын албан тушаалуудыг дугуйлахад урь. Шаардлагатай бол ангийнхныг туслахад урамшуулан дэмж. (Төлөөлөгч, Дал, дээд прист, ахлагч, прист, багш, дикон зэрэг албад нь чуулгуудтай байдаг. Та гадас бүр дээд пристийн чуулгатай бөгөөд чуулгын ерөнхийлөгчөөр гадасны ерөнхийлөгч үйлчилдэг гэдгийг тайлбарлаж болно. Тойрог бүрд дээд пристүүд дээд пристийн бүлэг болж зохион байгуулагддаг.
Цөөн хэдэн суралцагчийг Сургаал ба Гэрээ 107:60–63, 85–89, 93–94-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг суралцагчидтай хамт уншаад, эдгээр шүлэгт дурдагдсан чуулгуудад байдаг нийтлэг зүйлсийг олж тогтооход урь.
-
Эдгээр шүлэгт өгүүлснээр энэ санваарын чуулгууд юугаараа нийтлэг вэ? (Суралцагчдад дараах үнэнийг тогтооход нь тусал. Санваарын чуулга бүрийн ажлыг тэргүүлж удирдах ерөнхийлөгч томилогддог.)
-
87–88-р шүлэгт цэдэглэснээр, пристийн чуулга нь дикон болон багш нарын чуулгаас юугаараа өөр байдаг вэ? (Тойргийн бишоп пристийн чуулгыг тэргүүлдэг. Тэрээр мөн тойргийн бүх Аароны санваартныг тэргүүлдэг. Салбарт салбарын ерөнхийлөгч пристийн чуулгын ерөнхийлөгч байдаг.)
-
Санваарын чуулга бүрд ерөнхийлөгч байх нь яагаад чухал гэж та бодож байна вэ? Санваарын чуулгын ерөнхийлөгч чуулгын гишүүддээ хэрхэн тусалж чадах вэ?
Сургаал ба Гэрээ 107:68–84-ийг дүгнэхдээ эдгээр шүлэг нь Сүмийн зөвлөлүүдийн үүрэг, бишопын албан тушаалын талаар удирдамж өгдөг болохыг тайлбарлана уу.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 107:65–66-г чангаар уншиж, бүх санваар эзэмшигчдийг тэргүүлдэг Сүмийн удирдагчийг олж мэдэхийг ангийнхнаас хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс. Энэ шүлгүүд нь Сүмийн ерөнхийлөгчийг хэлж байгаа болохыг суралцагчид ойлгосон эсэхийг бататга.
Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 107:67, 91–92-ыг чанга уншихыг хүсээд, ангийнхнаас Сүмийн ерөнхийлөгчийн эрх мэдэл, үүрэг хариуцлагыг дүрсэлсэн үг хэллэгүүдийг олж уншихыг хүс.
-
Эдгээр шүлэг дээр үндэслэн, Сүмийн ерөнхийлөгчийн эрх мэдэл болон хариуцлагуудыг та нар хэрхэн нэгтгэж дүгнэх вэ? (Суралцагчид өөр өөр үг хэрэглэж болох ч хариултууд нь дараах үнэнийг тусгах ёстой. Сүмийн ерөнхийлөгч Сүмийн бүх ёслол, адислалыг гүйцэтгэх эрх мэдлийг эзэмшдэг бөгөөд Сүмийн дээрх бүх зүйлийг тэргүүлдэг. Та нэг суралцагчаар энэ үнэнийг самбар дээр бичүүлж болно.)
Сүмийн одоогийн ерөнхийлөгчийн зургийг үзүүл.
-
Сүмийн ерөнхийлөгчийн эзэмшдэг эрх мэдлийн улмаас та хэрхэн ямар замаар адислагдаж байсан бэ?
Сүмийн зарим гишүүн Сүм дэх дуудлага эсвэл үүрэг хариуцлагаа тийм ч чухал биш гэж мэдэрч болно гэдгийг онцлон хэл. Нэг суралцагчийг ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн дараах үгийг чангаар уншихад урь. Ерөнхийлөгч Хинкли үүнийг Сүмийн бүх гишүүнд зориулан хэлснийг тайлбарла.
“Ажил үүрэгтээ хүлээдэг та нарын үүрэг хариуцлага нь ажил үүрэгтээ хүлээдэг миний үүрэг хариуцлагатай адилхан чухал юм. Энэ сүмд өчүүхэн ач холбогдолтой дуудлага гэж байдаггүй. Бид бүгд үүргээ биелүүлэхдээ бусдын амьдралд нөлөөлж байдаг” (“This Is the Work of the Master,” Ensign, 1995 оны 5-р сар, 71).
-
“Энэ сүмд өчүүхэн ач холбогдолтой дуудлага гэж байдаггүй” гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ?
-
Ерөнхийлөгч Хинклигийн энэ үг таны Сүм дэх үүрэг хариуцлагын тухай юу гэж зааж байна вэ?
Сургаал ба Гэрээ 107:99–100-г чимээгүй уншиж, эдгээр шүлэг ерөнхийлөгч Хинклигийн үгтэй хэрхэн холбогдохыг тунгаан бодохыг суралцагчдаас хүс.
-
99–100-р шүлэгт цэдэглэгдсэнээр, бид Их Эзэний өмнө зохистой зогсохын тулд юу хийх ёстой вэ? (Суралцагчид дараах зарчмыг илэрхийлэх ёстой. Их Эзэний өмнө бид зохистой зогсохын тулд, өөрсдийн үүргүүдийг мэдэж мөн бүх чадлаараа хичээн биелүүлэх ёстой. Та суралцагчдад энэ үнэнийг судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно.)
Энэ шүлгүүд хэдийгээр анх санваартнуудад зориулагдсан байсан ч эдгээрийн заах зарчим Сүмийн бүх гишүүнд хамаатай.
Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил. Дараах асуултуудыг ярилцахыг тэднээс хүс. Асуултуудыг нэг нэгээр нь уншиж эсвэл самбар дээр бич.
-
Та өөрийн үүргээ бүх хичээл зүтгэлээрээ гүйцэтгэдэг Сүмийн гишүүний үйлчлэлээр дамжуулан хэрхэн адислагдаж байсан бэ?
-
Та үүргээ мэдэж авч мөн томилогдсон албан тушаалдаа бүхий л хичээл зүтгэлээр ажиллахын тулд юу хийж байна вэ?
Суралцагчдад Сүмийн болон гэр бүлийн үүрэг хариуцлагаа биелүүлэх нь хэр чухал болох талаар гэрчлэлээ хуваалцах боломж олго. Тэдэнд үүрэг хариуцлагаа хичээнгүйлэн биелүүлэх зорилго тавихыг хүс.