Институт ба семинар
81-р хичээл: Сургаал ба Гэрээ76:81–119


81-р хичээл

Сургаал ба Гэрээ 76:81–119

Оршил

Энэ хичээлээр Сургаал ба Гэрээ 76-д цэдэглэгдсэн, Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт үзэгдсэн телестиел алдар суугийн үзэгдлийг судална. Иосеф Смит, Сидней Ригдон хоёр телестиел хаант улсыг өвлөн авах хүмүүсийн тухай мөн Есүс Христийн гэрчлэлийг үгүйсгэхийн үр дагаврын тухай олж мэдсэнээ тодорхойлов. Тэд мөн телестиел хаант улс нь алдар суугийн бусад хаант улсаас юугаараа ялгаатайг тайлбарласан.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 76:81–112

Их Эзэн Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт телестиел хаант улсын үзэгдлийг харуулав

Суралцагчдыг Христийн өөр нэгэн сүмийн гишүүн найз нь тэдэнд “Манай санваартан бид нас барсныхаа дараа диваажин эсвэл там руу очих болно гэж хэлсэн. Би яг одоо диваажинд очихоор хангалттай сайн хүн биш ч гэсэн бас тамд очих ёстой болтлоо тийм ч муу хүн гэж өөрийгөө бодохгүй байна. Танай шашин диваажин болон тамын талаар юу гэж заадаг вэ?” гэж асууж байна гэж төсөөлөхөд урь.

  • Та найздаа хэрхэн хариулах вэ?

78-р хичээлийн “Сургаал ба Гэрээ 76: Үзэгдлийн тойм” гэж нэрлэдэг бүдүүвч зургийг үзүүл (эсвэл суралцагчдаас өөрсдөд нь байгаа бүдүүвч зургаа гаргахыг хүс). Суралцагчид Сургаал ба Гэрээ 76-ийн үлдсэн хэсгийг ярилцах үедээ, найздаа тусалж болох үнэнүүдийг хайж олоход урамшуулан дэмж.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 76:81–83, 101, 103-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, телестиел хаант улсыг өвлөх хүмүүсийг дүрсэлсэн үг, хэллэгүүдийг олж мэдэхийг хүс.

  • Эдгээр шүлэгт телестиел хаант улсыг өвлөх хүмүүсийг дүрсэлсэн ямар үг, хэллэгүүд байна вэ? (Та мэргэ төлөгч гэдэг нь муу ёрын сүнсний нөлөөг урьдаг үйл ажиллагаанд оролцдог хүнийг хэлдэг гэдгийг тайлбарлах хэрэгтэй байж болно. Завхайрагч нь бэлгийн харьцааны гэм нүглийг үйлдэгч хүн юм.)

  • 82 болон 101-р шүлгүүд дээр цэдэглэгдсэнээр, зарим хүн өөрсдөд санал болгосон агуу адислалуудыг хүлээн авахаас татгалзсанаасаа болж телестиел хаант улсыг өвлөн авах болно. Тэд ямар адислалуудаас татгалзсан бэ? (Тэд Есүс Христ болон сайн мэдээний гэрчлэлийг санаатайгаар хүлээн аваагүй. Тэд Аврагч болон Түүний сайн мэдээг хүлээн аваагүйгээсээ болж нүглүүдээ наманчлах, Цагаатгалаар дамжуулан цэвэрших боломжоос татгалздаг. Суралцагчдыг уг асуултын талаар ярилцах хооронд та тэдэнд Есүсийн гэрчлэлд зоригтой байх тухай өмнөх хичээлээр юу суралцсаныг нь сануулж болно. Бидний өвлөж авах алдар суу маань уг гэрчлэлийг хүлээн авах арга замаас шалтгаалах болно гэдгийг онцолж хэл [С ба Г 76:50–51, 69, 78–79, 81–82, 101-ийг үзнэ үү].)

  • 83-р шүлэгт цэдэглэснээр, телестиел хаант улсад амьдрах хүмүүс мөхлийн хөвгүүдээс юугаараа ялгаатай байдаг вэ? (Тэд Ариун Сүнсийг үгүйсгэх уучлагдашгүй нүгэл үйлддэггүй [С ба Г 76:35-ыг үзнэ үү].)

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 76:84–85, 104–106-г дотроо уншаад, телестиел алдар сууг хүлээн авахаас нь өмнө ёс бусчуудад юу тохиолдохыг олж мэдэхэд урь.

  • Ёс бусчууд гэтэлгэгдэж, телестиел хаант улсыг өвлөх боломжтой болохоос өмнө тэдэнд юу тохиолдох вэ? (Суралцагчдад дараах үнэнийг олж тогтооход тусал. Телестиел хаант улсыг өвлөх хүмүүс Аврагчаар гэтэлгэгдэхээсээ өмнө тамд зовох ёстой байдаг. Та энэ үнэнийг самбар дээр бичиж болно.)

Суралцагчдад там гэдэг үг нь юу гэсэн утгатай болохыг ойлгоход нь туслахын тулд судрууд энэ үгийг наад зах нь хоёр аргаар хэрэглэсэн байдаг гэдгийг тайлбарла. Нэгдүгээрт, там нь ёс бусчууд оршдог сүнсний дэлхийн нэг хэсэг бөгөөд сүнсний тарчлаан болон зовлонгийн түр зуурын боловч бодит газар юм. Хоёрдугаарт, судрууд заримдаа там гэдэг үгийг мөхлийн хөвгүүдийн зовлон тарчлалд мөнхөд орших газрыг илэрхийлэхээр хэрэглэдэг. (Bible Dictionary, “Hell”; Судруудын удирдамж, “Там” scriptures.lds.org үзнэ үү.)

  • 84–85 болон 104–106 шүлгүүд дэх ямар үгс ёс бусчуудын нас барсныхаа дараа амсах зовлонг дүрсэлдэг вэ? (Та 105-р шүлэг дэх “мөнхийн гал” гэдэг хэллэг нь телестиел хаант улсыг өвлөх ёс бусчуудын зовлонг хэлсэн зүйрлэлийн илэрхийлэл болохыг тайлбарлах хэрэгтэй байж болно. Энэ нь тэдний зовлон хэзээ ч дуусахгүй гэсэн утгатай биш юм. С ба Г 19:4–12-ыг үзнэ үү.)

Тамд телестиел хаант улсыг өвлөх хүмүүсийн эдлэх нөхцөл байдал нь түр зуурынх болохыг онцолж хэл. Энэ хүмүүс наманчлаагүй, Цагаатгалын адислалуудыг амьдралдаа хүлээж аваагүй учраас тэд зовж, Мянганы турш тамд үлдэж, шаналлаараа нүглүүдийнхээ төлөөсийг төлөх болно.

  • 85 болон 106-р шүлгүүдийн ямар хэллэгүүд там нь телестиел хаант улсыг өвлөх тэдэнд зориулсан түр зуурын нөхцөл байдал байх болно гэж заадаг вэ?

Нэг суралцагчаас ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн хэлсэн дараах үгсийг чанга уншихад уриад, ангийнхнаас ёс бусчуудын тамд эдлэх зовлонгийн үр дүнгийн тухай олж сонсохыг хүс.

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“Энэ шаналал нь цэвэршүүлэх буюу ариусгахын нэг арга зам болох бөгөөд үүгээр дамжуулан ёс бусчууд Есүс Христийн гэтэлгэлээр дамжуулан ирдэг үхэшгүй байдлыг хүлээж авч болох нөхцөлд авчрагдах болно. Тэдний сүнс болон махбод нь дахин нэгдэх бөгөөд тэд телестиел хаант улсад оршин суух болно. Гэхдээ энэхүү амилуулалт энэ дэлхийн төгсгөл болтол тохиохгүй билээ” (Doctrines of Salvation, нэгтгэсэн Брүс Р.Макконки, 3-р боть [1954–1956 он], 2:298).

Есүс Христ ажлаа дуусгаад Эцэгтээ дэлхий дээрх Бурханы хаант улсыг хүлээлгэн өгөх хүртэл ёс бус тэд нүглүүдийнхээ төлөө зовох болно гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 76:106–108-ыг дүгнэн ярилц. Христ алдар суугийн титмээр титэмлэгдэх болно.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 76:109–111-ийг чанга уншихад урь. Дараа нь өөр суралцагчийг Сургаал ба Гэрээ 137:9-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Бурханы сэнтийний өмнө шүүгдэхээр ирэхэд нь телестиел хаант улсыг өвлөх тэдэнд юу тохиолдохыг олж мэдэхийг хүс.

  • Сургаал ба Гэрээ 76:110-д цэдэглэснээр, уг хүмүүст Бурханы сэнтийн өмнө шүүгдэхээр авчрагдах үед юу тохиолдох вэ? (Тэд өвдөг сөхрөөд, Есүс Христийг тэдний Аврагчаар хүлээн зөвшөөрөх болно.)

  • Сургаал ба Гэрээ 76:111 болон 137:9-д цэдэглэснээр, Их Эзэн юунд үндэслэн шүүх вэ?

Гэхдээ 111-р шүлэгт телестиел хаант улсыг өвлөх хүмүүс гэж онцолсон хэдий ч энэ шүлэгт заадаг үнэн нь бүх хүнд хамааралтай гэдгийг тайлбарла.

  • 111-р шүлэгт цэдэглэснээр, юу бидний өвлөх алдар суугийн хаант улсыг тодорхойлох вэ? (Суралцагчдыг дараах сургаалыг олж тогтооход тусал. Бидний өвлөх алдар суугийн хаант улс нь энэ амьдрал дахь бидний үйлдлүүд болон зүрх сэтгэлийн хүслүүдээр тодорхойлогддог. Та энэ сургаалыг самбар дээр бичиж болно.)

  • Энэхүү сургаал та нарын сонголтуудад хэрхэн нөлөөлж болох вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 76:86–89, 98, 112-ыг дотроо уншаад, телестиел хаант улсыг өвлөх хүмүүсийн хувьд үхэшгүй байдал ямар байж болохыг дүрсэлсэн үг, хэллэгийг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Эдгээр үг, хэллэг нь Есүс Христийн хайр болон нигүүлслийг хэрхэн харуулж байна вэ?

Цөөн суралцагчийг ээлжлэн Сургаал ба Гэрээ 76:91–98-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, алдар суугийн хаант улсуудыг хооронд нь хэрхэн харьцуулсныг олж мэдэхийг хүс.

  • Мөн селестиел хаант улсын алдар суу нь террестриел болон телестиел хаант улсуудын алдар суугаас юугаараа ялгаатай вэ? (Суралцагчид өөр үгсийг ашиглаж болох ч тэдний хариултууд дараах үнэнийг тусгах ёстой. Селестиел хаант улсын алдар суу нь террестриел болон телестиел хаант улсуудын алдар суугаас давуу байдаг.)

  • 92–95 шүлэгт цэдэглэснээр, селестиел хаант улсад өргөмжлөл хүлээн авах хүмүүст ямар адислалууд ирдэг вэ? Эдгээр адислалыг телестиел хаант улсыг өвлөх хүмүүст ирэх адислалуудтай хэрхэн харьцуулж болох вэ?

Сургаал ба Гэрээ 76:113–119

Иосеф Смит, Сидней Ригдон хоёр өөрсдийнх нь хүлээж авсан мэдлэгийг бусад хүн хэрхэн хүлээж авч чадахыг тайлбарлав

Иосеф Смит, Сидней Ригдон хоёр энэ үзэгдлийг тодорхойлон өгүүлснийхээ дараа, Их Эзэн өөрсдөд нь үзүүлсэн бүхнийг бичихгүй байхыг тушаасныг мэдэгдсэн гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 76:113–119-ийг дүгнэн ярилц. Тэд мөн Бурханы хаант улсын нууцуудыг үзэж мөн ойлгож чадахын тулд бидний хийх ёстой зүйлсийг тайлбарласан.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 76:116–118-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Бурханы хаант улсын нууцуудыг үзэж мөн ойлгохын тулд бид юу хийж чадахыг олж мэдэхийг хүс.

  • Эдгээр шүлэгт цэдэглэснээр, Бурханы хаант улсын нууцуудыг үзэж мөн ойлгож болохын тулд бид юу хийх ёстой вэ? (Мөн C ба Г 76:5–10-ыг үзнэ үү.)

Сургаал ба Гэрээ 76-г судалснаар суралцсан сургаалаа тайлбарлаж гэрчлэхэд нь суралцагчдад туслахын тулд хичээлийн эхэнд ярилцсан “Та нарын шашин диваажин ба тамын тухай юу заадаг вэ?” гэсэн асуултыг тэдэнд сануулаарай. Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарилан, тэднийг энэ асуултанд хэрхэн хариулж болох тойм гаргахад хамтран ажиллахыг хүс. Хэсэг хормын дараа хос бүр өөрсдийн хариултыг өөр нэг хостой хуваалцах боломжтой байх болно гэдгийг мэдэгд.

тараах материал шигтгээ зурагСуралцагчдыг бэлдэхэд нь туслахын тулд дараах асуултуудын хуулбарыг тараах эсвэл хичээл эхлэхээс өмнө асуултуудыг самбар дээр бич.

Их Эзэн Сургаал ба Гэрээ 76-д диваажин болон тамын талаар юу илчилсэн бэ?

Алдар суугийн хаант улс болгоны хооронд ямар ямар ялгаа байдаг вэ?

Эдгээр хаант улсыг өвлөх хүмүүс нь алдар суугийн хаант улсыг өвлөж авахгүй хүмүүсээс ямар ялгаатай сонголтуудыг хийсэн бэ?

Та Аврагч болон бидний аврал дахь Түүний үүргийн тухай үнэн болох юуг мэддэг вэ?

Сүм диваажин болон тамын тухай юу заадгийг тайлбарлахад бэлдэхдээ эдгээр асуултыг бодож үзэхийг суралцагчдад санал болго. Үүнээс гадна, суралцагчдаас тайлбарынхаа нэг хэсэг болгон Сургаал ба Гэрээ 76-аас хоёроос доошгүй судрын эшлэл ашиглахыг хүс.

Хангалттай цаг гаргаж өгсний дараа, хос бүрийг өөр хостой хамтран ажиллахад урь. Нэг хосыг өөр хоёр суралцагчид тоймоо заахад урь. Эхний хос суралцагч сургаалыг тайлбарлах боломж өгсний дараа, хоёр дахь хосыг заахад урь. Суралцагчдыг зааж дууссаны дараа, тэднийг сурсан зүйлсээ ангийнхантайгаа хуваалцахад урь.

Суралцагчдад алдар суугийн хаант улсын тухай сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд нь туслахын тулд дараах гүйцэд биш өгүүлбэрүүдийг самбар дээр бичээд, суралцагчдыг эдгээр өгүүлбэрийг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ гүйцээж бичихэд урь.

Сургаал ба Гэрээ 76 дахь алдар суугийн хаант улсуудын талаар судалснаар миний олж мэдсэн зүйлсийн үр дүн:

Би … мэднэ.

Би … хүсэж байна.

Би … болно.

Суралцагчдад энэ үйл ажиллагааг гүйцэтгэх хангалттай цаг өгсний дараа, хийж буй сонголтууд нь тэднийг селестиел хаант улсыг өвлөхөд чанаржуулах эсэхийг бодож үзэхэд урамшуул. Мөн хийх хэрэгтэй гэж мэдэрч буй өөрчлөлтөө хийхдээ Их Эзэний тусламжийг эрэлхийлэхэд тэднийг урамшуул. Сургаал ба Гэрээ 76-г судалснаар олж мэдсэн үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалцахыг бодож үз.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 76:84. Там

Судруудын удирдамж нь судар дахь там гэдэг үгийн хэрэглээг тайлбарладаг.

“Хожмын үеийн илчлэлт тамын тухай наад зах нь хоёр утгаар өгүүлсэн байдаг. Нэгдүгээрт, мөнх бус байдалд дуулгаваргүй байсан хүмүүсийн хувьд энэ нь түр хугацаагаар орших сүнсний ертөнц байдаг. Энэ утгаараа там нь төгсгөлтэй юм. Сүнснүүдэд тэнд сайн мэдээ заагдаж мөн тэд наманчилсны дараа нэгэн цагт тэд өөрсдийн зохистой байдлын дагуу алдар суугийн аль нэг зэрэгт амилуулагдах болно. Наманчлаагүй хэдий ч мөхлийн хөвгүүд биш тэд, Мянган жилийн туршид тамд үлдэх болно. Мянган жилийн энэхүү тарчлалын дараа тэд телестиел алдар сууд амилуулагдах болно (С ба Г 76:81–86; 88:100–101).

Хоёрдугаарт, Христийн Цагаатгалаар гэтэлгэгдээгүй тэдний хувьд энэ бол байнгын байх газар нь билээ. Энэ утгаараа, там нь “бузар хэвээр” байгаа тэдний хувьд байнгын юм (С ба Г 88:35, 102). Энэ бол Эцэг Хүүг илчилсний дараа түүнийг үгүйсгэсээр байх Сатан, түүний элчүүд, түүнчлэн мөхлийн хөвгүүдийн мөнхөд орших газар юм (С ба Г 76:43–46)“ (Судруудын Удирдамж, “Там,” scriptures.lds.org).

Ахлагч Брүс Р.Макконки тамын тухай дараах зүйлийг хэлсэн.

Ахлагч Брүс Р.Макконки

“Амилалтынхаа эцсийн өдрийг хүлээж буй ёс бус сүнснүүдийн оршдог сүнсний дэлхийн тэр хэсгийг там гэж нэрлэдэг. Ёс бусчуудын үхэл хийгээд амилуулалтын хооронд сүнс нь гадаад харанхуй руу, үхэгчдийн гунигтай гутрал руу, хүлээсээр буй ёс бус сүнснүүдийн суваг руу, там руу хаягдана. Тэнд тэд яллагын тарчлал зовлонг амсдаг; тэнд тэд мөнхийн галын өс хонзонд өнхөрч унадаг; тэнд уйлаан, мөн гаслан, мөн шүдээ хавирах нь байдаг; тэнд ёс бусыг үйлдэгчдийн дээр Бурханы уур болох галт хилэн асгардаг. (Алма 40:11–14; С ба Г 76:103–106.)

Тэдний амилалтын дараа тамд зовсон хүмүүсийн дийлэнх нь телестиел хаант улс руу орно; үлдсэн нь буюу мөхлийн хөвгүүд гэж зүхэгдсэн тэд чөтгөр хийгээд түүний элчүүдийн хамт төгсгөлгүй халаг хүртэхээр хуваарилагдах болно. …

Тиймээс мөхлийн хөвгүүдээс бусад бүх хүн зарим авралыг өвлөгчид байх болно (С ба Г 76:44), тамд төгсгөл байдаг” (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 349, 350, 351; мөн Сургаал ба Гэрээний суралцагчийн гарын авлага, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2001 он], 165–166-г үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 76:85, 106. Ёс бусыг үйлдэгчдийн гэтэлгэл

Ерөнхийлөгч Бригам Янг өөрийн өдрүүдэд нь зарим хүн үнэнд хэрхэн хариу үйлдсэнийг ёс бусчууд яваандаа гэтэлгэгдэж, тамд үүрд зовохгүй байх болно гэж тайлбарласан.

Ерөнхийлөгч Бригам Янг

“Бурхан хүмүүсийн хүлээн авсан гэрэл болон нүгэл хилэнцийн няцаалт, сайныг үйлдлүүдийнх нь дагуу бүгдэд зориулан бэлтгэсэн газар байгаа гэдгээ Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт илчлэхэд энэ нь олон хүнд агуу хэцүү сорилт болсон ба Бурхан Өөрийг нь мэддэггүй хүмүүс болон нярай хүүхдүүдийг үүрдийн шийтгэл рүү илгээхгүй, харин ч тогтоосон цагт бүгдэд нь зориулсан авралын газартай байж мөн тэднийг хэзээ нэгэн цагт сүмд харьяалагддаг байсан эсэхээс хамааралгүйгээр үнэнч, ариун журамтай, шударга бүхнийг адислагдах болно гэдгээс болж зарим нь урвасан юм. Энэ бол энэ үеийнхэнд шинэ сургаал байсан бөгөөд олонх нь үүнд бүдэрсэн” (Teachings of Presidents of the Church: Бригам Янг [1997 он], 292).

Сургаал ба Гэрээ 76:92–95. “Селестиел алдар суу нь … бүх зүйлд давамгайлдаг”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Оорсон Пратт селестиел хаант улсад аврагдах болон алдар суугийн бусад хаант улсыг өвлөн авахын хоорондох ялгааг заасан байдаг.

Ахлагч Оорсон Пратт

“Зарим нэг алдар суу бүхий, зарим аз жаргалтай, зарим нэг хаант улсад аврагдах болон бидний Эцэгийн оршин суудаг хаант улсад аврагдах хоёрын хооронд нэлээд ялгаа бий. …

Дээд тэнгэрт оршдог бидний Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр үүрд мөнхийн хамгийн дээд алдар сууд амьдардаг билээ. Тэд алдар суугийн бүрэн байдлыг бүхэлд нь эзэмшдэг. Тэдэнд аз жаргалын, эрх мэдлийн, оюун мэдлэгийн, гэрэл ба үнэний бүрэн байдал байдаг бөгөөд тэд алдар суу, аз жаргал, эрх мэдлийн арай доогуур түвшний бусад бүх хаант улсыг захирдаг байна. … Сайн мэдээ нь бидний Эцэг болон Түүний Хүүгийн оршин суудагтай адилхан алдар суугийн зэрэгт хүмүүний үрсийг өргөмжлөх зорилготой юм (Deseret News, 1880 оны 11-р сарын 10, 642).

Сургаал ба Гэрээ 76:99–101. “Учир нь эдгээр нь Паулынх, мөн Аполлынх, мөн Кефийнх болох тэд бөлгөө”

Эв нэгдэлгүй байдлыг нь буруутгаж Паул Коринтынхонд ингэж бичжээ.

“Учир нь ах дүүс минь ээ, та нарын дунд мэтгэлцээн байгааг би … мэдсэн юм.

Та нараас хүн нэг бүр чинь “Би бол Паулынх”, “Би Аполынх”, “Би Кефийнх”, “Би Христийнх” гэдэг учир би үүнийг ярьж байна.

Христ хуваагдсан гэж үү? Паул та нарын төлөө цовдлогдсон гэж үү? Эсвэл та нар Паулын нэрээр баптисм хүртсэн юм уу?” (1 Коринт 1:11–13).

Сургаал ба Гэрээ 76:99–101-д үүнтэй адил үгсийг Есүс Христтэй эсвэл Түүний бошиглогчидтой зохицдоггүй хүмүүст хэлсэн байдаг. Зарим нь Есүс Христийг эсвэл тодорхой нэг бошиглогчдыг дагадаг гэх хэдий ч тэд Аврагчаас санаатайгаар татгалзаж, Түүний сайн мэдээг хүлээн авахаас эсвэл Түүний бошиглогчдыг дагахаас эсэргүүцдэг.

Сургаал ба Гэрээ 76:113–116. Иосеф Смит энэ үзэгдэлдээ бичигдсэн зүйлсээс илүү ихийг харав

Иосеф Смит Сургаал ба Гэрээ 76-д цэдэглэгдсэн үзэгдлийн талаар дараах зүйлийг хэлсэн.

Бошиглогч Иосеф Смит

“Хэрэв надад зөвшөөрөгдсөн бол мөн хүмүүс хүлээн авахад бэлэн байсан бол би үзэгдэлд надад илэрхийлэгдсэн хаант улсуудын алдар суугаас илүү ихийг тайлбарлаж чадах байсан” (History of the Church, 5:402-д).