Гэрээр судлах хичээл
Сургаал ба Гэрээ 3–7; 10; Иосеф Смит—Түүх 1:66–67 (3-р бүлэг)
Оршил
Суралцагчид энэ хичээлийн үеэр юуны өмнө бошиглогч Иосеф Смитийг Мормоны Номын 116 хуудас гар бичмэлийн хуудсуудыг алдсаны дараа түүнд илчлэгдсэн Сургаал ба Гэрээ 10-ыг судлах болно. Энэ илчлэлтээс өмнө Моронай ялтаснууд болон Урим ба Туммимыг Иосеф Смитээс авсан байсан ба бошиглогч түр хугацаанд орчуулах хүчээ алдсан байсан юм. Их Эзэн ялтаснуудыг эргүүлэн өгснийхөө дараа Иосеф Смитэд алдагдсан гар бичмэлийн хэсгүүдийг дахин орчуулахгүй байхыг зарлигласан. Их Эзэн уг ажлыг устгах Сатаны хуйвалдааныг илчилсэн ба бид хэрхэн Сатаныг ялан дийлж чадах талаар заасан.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 3; 10
Сатан Иосеф Смитийг болон Бурханы ажлыг устгахыг эрэлхийлэв
Нэг суралцагчийг 116 хуудас гар бичмэл алга болоход болсон нөхцөл байдлуудыг тайлбарлахад урь. Тэгээд дараах асуултуудыг ярилц.
-
Та нар Сургаал ба Гэрээ 3-ыг судалж байхдаа мэдэж авсан зүйлс дээрээ үндэслэн Иосеф Смит тодорхой хариу авсныхаа дараа яагаад Бурханаас дахин дахин асуусан гэж бодож байгаагаа хэлнэ үү?
-
Энэ туршлагаасаа Иосеф Смит юу мэдэж авсан гэж та нар бодож байна вэ?
-
Зөв биш ямар нэгэн зүйлийг хийлгэх хавчлага дарамт бусдаас ирэх үед танд тусалж чадах Иосефын туршлагаас та ямар ямар үнэнийг сурч авч чадах вэ?
Урхи эсвэл хавх үзүүл (эсвэл самбар дээр аль нэгнийх нь зургийг зур). Цөөн хэдэн суралцагчийг Сургаал ба Гэрээ 10-ыг судалж байхдаа Сатан Иосеф Смитийг алдагдсан 116 хуудас гар бичмэлээр хэрхэн урхидах зорилготой байсан талаар мэдэж авсан зүйлсээ нэгтгэн дүгнэж хэлэхийг хүс.
Их Эзэн Сургаал ба Гэрээ 10:20–29 дээр 116 хуудас гар бичмэлийг авахаар Сатаны нөлөөнд автсан тэдгээрийг болон Сатан тэднийг хэрхэн урхидах боломжтой байсныг дүрслэн хэлсэн гэдгийг тайлбарла.
Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил. Хос бүрээс нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 10:20–29-ийг дотроо уншаад, эдгээр шүлэг нь Сатаны зорилгын талаар юу зааж байгааг олж мэдэхийг хүс. Нөгөө суралцагчаас ижил шүлгүүдийг уншиж, Сатан хэрхэн өөрийн зорилгуудыг биелүүлэхээр хичээдгийг олж мэдэхийг хүс. Тэднийг дуусахад суралцагчдыг хос хосоороо бие биедээ тайлагнахад урь. Ангийнханд хангалттай цаг гаргаж өгсний дараа, дараах асуултуудыг тавь.
-
Бид Сургаал ба Гэрээ 10:20–29-өөс Сатаны зорилгуудын талаар юу мэдэж авдаг вэ? (Суралцагчид өөр өөр зарчим олж тогтоож болох ч Сатан Их Эзэний ажлыг болон бидний бодгалийг устгахыг эрмэлздэг гэдгийг ойлгосон байх ёстой. Та энэ сургаалыг самбар дээр бичиж болно. Та түүнчлэн 22–23, 27-р шүлгүүд дээрх энэ үнэнийг зааж буй үг, хэллэгүүдийг тэмдэглэхийг суралцагчдад зөвлөж болно.)
-
Эдгээр шүлгээс харахад Сатан Их Эзэний ажлыг болон бидний бодгалийг устгахыг хэрхэн эрэлхийлдэг вэ? (Тэрээр хууран мэхлэлт, уур хилэн, зусарч зан болон худал хэлэх гэх мэт арга хэрэгслийг ашигладаг. Та суралцагчдад дайсны эдгээр арга хэрэгслийг судар дээрээ тэмдэглэхийг зөвлөж болно.)
Суралцагчдад энэ үнэний ач холбогдлыг ойлгож мөн мэдрэхэд туслахын тулд тэднийг дараах асуултуудыг хамтрагчтайгаа ярилцахад урь (та эдгээр асуултыг самбар дээр бичиж эсвэл хичээл эхлэхээс өмнө тарааж өгөх материал болгон бэлтгэж болно).
-
Сатан Их Эзэний ажлыг болон бидний бодгалийг устгахын тулд худал хуурмаг, уур хилэн, зусардалт болон худал яриаг ашигласаар байгаа ямар нотолгоог та нар харж байна вэ?
-
Сатаны хүсэл, арга барилыг мэдэх нь түүний хавхнуудаас зайлсхийж мөн зугтахад бидэнд хэрхэн тусалж чадах вэ?
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 10:20–29 дээрх дайсны ямар аргуудыг мэдэрч эсвэл харж байснаа мөн Сатаны хавхнаас зайлсхийж эсвэл зугтахын тулд юу хийж чадахаа тунгаан бодоход урь.
Их Эзэн энэ илчлэлтээрээ Сатаны нөлөөнөөс зайлсхийх бидний хүч чармайлтын талаар нэгэн зарлиг болон амлалтыг өгсөн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 10:5-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас Их Эзэний зарлиг болон амлалтыг аль алиныг нь олж мэдэхийг хүс.
Дараах гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич. Бид … хүчтэй байх болно.
Суралцагчдаас асуу. Та нар 5-р шүлэгт цэдэглэснээр энэ зарчмыг хэрхэн гүйцээж бичиж болох вэ? (Суралцагчид өөр өөр зарчим олж тогтоож болох ч бид үргэлж залбирвал Сатан болон түүнд үйлчлэгчдийг ялах хүчтэй байх болно хэмээн онцлон хэлэх ёстой.)
Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 10:38–45-ыг эргэж харахыг хүс. Нэг суралцагчийг Их Эзэн алдагдсан 116 хуудас гар бичмэлийг хэрхэн нөхсөн талаар тайлбарлахад урь.
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 10:43-ыг дотроо уншаад, Их Эзэний Иосеф Смитийг ойлгоосой гэж хүссэн нэгэн чухал үнэнийг олж мэдэхэд урь. (Суралцагчдыг санаа бодлоо хуваалцах үед дараах сургаалыг самбар дээр бич. Бурханы мэргэн ухаан чөтгөрийн заль мэхнээс агуу юм. Та заль мэх гэдэг нь хүмүүсийг хууран мэхлэхийн тулд ашигладаг арга гэдгийг тайлбарлаж болно.)
Дараах асуултуудыг тавь.
-
Алдагдсан гар бичмэлийг орлуулах Их Эзэний төлөвлөгөө энэ үнэнийг хэрхэн харуулж байна вэ?
-
Бурханы мэргэн ухаан Сатаны заль мэхээс илүү агуу гэдгийг мэдэх нь танд хэрхэн тусалдаг вэ?
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 10:44–45-ыг уншаад, самбар дээр бичигдсэн үнэний нотолгоог олж мэдэхэд урь.
-
Сургаал ба Гэрээ 10:44–45-д цэдэглэснээр, эдгээр бага ялтас нь яагаад алдагдсан 116 хуудас гар бичмэл дээрх Мормоны их ялтаснуудын хураангуйллаас илүү үнэ цэнтэй байсан бэ? (Энэ бага ялтаснууд нь шууд эх сурвалжаас авсан сүнслэг зүйлүүдийн түүхийг агуулж байв. Алдагдсан 116 хуудас нь түүхэн үйл явдлуудын хураангуйлсан түүхийг агуулсан байсан.)
-
Бурхан алдагдсан гар бичмэлийн 116 хуудсыг орлуулах арга замыг бэлтгэснийг мэдэх нь Түүнд илүү бүрэн дүүрэн итгэхэд та нарт хэрхэн туслах вэ?
Сургаал ба Гэрээ 4–7
Их Эзэн Иосеф Смит, Оливер Каудери хоёрт эргэлзэхгүй мөн айхгүй байхыг зөвлөв
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 6-г судалж байхдаа мэдэж авсан хувийн илчлэлтийн талаарх үнэнүүдийн заримыг товч нэгтгэн дүгнэхэд урь. Тэднийг залбирч байгаа зүйлийнхээ талаар оюун нь гэгээрч, амар амгаланг мэдэрсэн туршлагуудаа тунгаан бодоход урь. Цөөн хэдэн суралцагчийг туршлагаа ангийнхантай хуваалцахад урь.
Суралцагчид Сургаал ба Гэрээ 6:36 дээрх төгс эзэмших судрыг судалж байхдаа энэ шүлэг дээр Их Эзэний өгсөн зөвлөгөөний дагуу амьдрах арга замуудыг тодорхойлсон нэг богино хэлэх үг бичсэн гэдгийг тэдэнд сануул. Тэднийг Сургаал ба Гэрээ 6:36-г нэгэн дуугаар чанга уншихыг хүс. Та үүнийг чээжлэхэд тэдэнд туслахын тулд давтаж болно. Дараа нь хэлэх үгээ асуудалгүй хуваалцаж болох цөөн хэдэн суралцагчийг үгээ хуваалцахад урь. Та эргэлзээ эсвэл айдсаа даван туулахад тань Их Эзэн танд хэрхэн тусалж байсан талаар гэрчлэлээ хуваалцаж болно.
Дараагийн бүлэг (Сургаал ба Гэрээ 8–9; 11–16)
Илчлэлтийн сүнс гэж юу вэ? Та Бурханаас илчлэлт хүлээн авч байгаагаа хэрхэн таньж мэддэг вэ? Дараагийн хэсгээр суралцагчид амьдралдаа Бурханы удирдамжийг эрэлхийлснээр өөрсдийг нь адислах илчлэлтийн зарчмуудын талаар мэдэж авах болно гэдгийг тайлбарла.