Институт ба семинар
Гэрээр судлах хичээл: Сургаал ба Гэрээ 84–87 (18-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Сургаал ба Гэрээ 84–87 (18-р бүлэг)

Гэрээр заах багш нарын ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Сургаал ба Гэрээ 84–87-г (18-р бүлэг) судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмуудын дараах тойм нь хичээлийн нэг хэсэг болгон заахад зориулагдаагүй. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 84:1–42)

Суралцагчид Шинэ Иерусалимд баригдах ариун сүмийн талаарх илчлэлтийг судалсан ба Бурханы оршихуйд ороход өөрийн хүмүүсийг бэлтгэсэн Мосегийн хүчин чармайлтуудын талаар уншсан. Суралцагчид дараах зарчмуудыг мэдэж авсан. Тухайлбал: Бид Бурхантай адил болж, Түүний оршихуйд амьдрахын тулд Мелкизедек санваарын ёслолуудыг хүлээн авах ёстой; санваар хүлээн авдаг тэдгээр нь өөрсдийн дуудлагаа эрхэмлэн дээдлэх аваас Бурхан тэднийг ариусгаж мөн Өөрт байгаа бүхнээ тэдэнд өгөх болно.

2 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 84:43–120)

Суралцагчид энэ хичээлээр Бурханы оршихуйд эргэн ирэхэд тэдэнд тусалж чадах хоёр зарчмыг мэдэж авсан. Хэрэв бид Бурханы үгэнд хичээнгүйлэн анхаарал хандуулах юм бол бид Христийн Сүнсээр гэгээрэх болно; мөн хэрэв бид Есүс Христийн Сүнсийг анхааран сонсох юм бол Эцэгт ирэх болно. Суралцагчид бас хэрэв бид Бурханы үгэнд хөнгөн хандах юм бол бидний оюун санаа харанхуйлагдаж мөн бид буруушаалтын дор авчрагдах болно гэдгийг мэдэж авсан. Судруудыг итгэлтэй судалж мөн үүний зааж буй арга замаар амьдрах зөвлөгөө нь энэ хичээл дээр олонтоо давтагдсан. Үүнээс гадна суралцагчид хожмын үеийн гэгээнтнүүд дэлхий даяар сайн мэдээг түгээхэд чадах бүхнээ хийх үүрэг хариуцлагатай гэдгийг мэдэж авсан.

3 дахь өдөр (Сургаал ба Гэрээ 85–86)

Суралцагчид энэ хичээлээр Сүмийн түүхийн ач холбогдлын талаар авч үзсэн. Тэд хэрэв бид Бурханы хуулиудын дагуу амьдарвал бидний нэрс Сүмийн түүхэнд итгэлтэй гишүүд хэмээн бичигдэх болно гэдгийг мэдэж авсан. Суралцагчид бас улаан буудай хийгээд зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэлийн талаар илүү сайн ойлголтыг олж авсан ба Их Эзэн эцсийн өдрүүдэд зөв шударга хүмүүсийг цуглуулж мөн Хоёр дахь ирэлтээрээ ёс бусчуудыг устгах болно гэдгийг олж мэдсэн. Үүнээс гадна суралцагчид бид бусдад сайн мэдээний адислалуудыг хүлээн авахад тусалснаар тэдэнд авралыг авчирч чадна гэдгийг мэдэж авсан.

4 дэх өдөр (Сургаал ба Гэрээ 87)

Суралцагчид эцсийн өдрүүдэд болох дайны талаар бошиглогч Иосеф Смитийн бошиглосон бошиглолыг судалсан бөгөөд Их Эзэн Өөрийн бошиглогчдоор дамжуулан бидэнд ирээдүйг илчилж чадна гэдгийг мэдэж авсан. Суралцагчид бас Их Эзэний үг бошиглогч Иосеф Смитээр дамжуулан гүйцэлдсэн гэдгийг мөн тэдгээрийн гүйцэлдсэн арга замуудын талаар мэдэж авсан. Тэд бас Их Эзэнийг иртэл ариун газруудад зогсох мөн шилжин нүүлгэгдэхгүй байхын ач холбогдлын талаар тунгаан бодсон.

Оршил

Энэ хичээл нь санваарын сургаалын талаар илүү сайн ойлгож мөн тайлбарлахад суралцагчдад туслах болно. Энэ нь бас Бурханы зэмсгийн хувьд хэрхэн илүү сайн үйлдэж мөн санваарыг эрхэмлэн дээдэлж болох талаар энэ долоо хоногт өөрсдийн суралцсан зүйлээсээ юу мэдэж авснаа хуваалцах боломжийг суралцагчдад олгодог.

Заах зөвлөмж

Тайлбар: Энэ хичээлийг бэлтгэж байхдаа нэг суралцагчийг ангидаа санваарын эрх мэдлийн шугамын нэг хувийг авч ирэхэд урь (гэр бүлийн гишүүнийх нь эсвэл өөрсдийнх нь байж болно). Гишүүний хувийн Мелкизедек санваарын эрх мэдлийн шугамын нэг хувийг сэдвийн мөрөнд СЭМШ (санваарын эрх мэдлийн шугам) гэж бичин lineofauthority@ldschurch.org хаяг руу хүсэлт илгээснээр, Сүмийн Гишүүн ба Статистик бүртгэлээс олж авч болно. Автомат хариулт нь бөглөөд, буцаагаад илгээх нэг маягтыг илгээнэ.

Сургаал ба Гэрээ 84

Их Эзэн Мосегийн санваарын удмыг олж тогтоов

Суралцагчдыг хоёр хоёроор нь хувааж, энэ долоо хоногт сурсан зарим нэр томьёог давтахад нь тусал. Хос бүрээс нэг суралцагчийг самбар дээрх зүйлийг харахгүйн тулд буруу харж зогсохыг хүс. Та сайн мэдээний үндсэн сургаалтай холбоотой түлхүүр үг эсвэл хэллэгийг самбар дээр бичих гэж байгаагаа тайлбарла. Самбар руу харж байгаа суралцагчид тэр түлхүүр үг эсвэл хэллэгийг хамтрагчдадаа аяархан тайлбарлаж, хамтрагчид нь үг эсвэл хэллэгийг таана. Суралцагчид дараа нь байраа сольж, та самбар дээр шинэ үг эсвэл хэллэг бичиж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.

Энэ үйл ажиллагааг эхэлж, самбар дээр санваар гэж бич. Суралцагчдыг энэ үгийг олж тогтоосны дараа, дараах үг, хэллэгүүдийг ашиглан үйл ажиллагаагаа үргэлжлүүл: ёслол, Аароны санваар, гэрээ, Мелкизедек санваар, авралын ёслолууд. (Хэрэв та хэрэгтэй гэж үзвэл түлхүүр үг эсвэл нэр томьёо бүрийг тодорхойлсныхоо дараа түр завсарлаж, тухайн үгийн тодорхойлолтыг ангиараа товч ярилцаж болно.) Тэдгээрийн заримынх нь богино тодорхойлолтуудыг гэрээр судлах семинарын суралцагчдын удирдамжийн 1 дэх өдрийн 18-р бүлэг дэх тохирох үйл ажиллагаанаас олж авах боломжтой. Илүү нарийвчилсан тайлбар авахыг хүсвэл энэ гарын авлагын төгсгөлд байгаа хавсралтын Үндсэн сургаалын хэсэгт буй “Санваар ба санваарын түлхүүрүүд” эсвэл “Ёслолууд ба гэрээнүүд” хэсгийг үзнэ үү.) Үйл ажиллагааг дууссаны дараа, дараах асуултыг тавь

  • Сайн мэдээний ямар ёслолууд нь авралын ёслолууд байдаг вэ? (Суралцагчдыг хариулах хооронд дараах ёслолуудыг самбар дээр бич: баптисм, гишүүний баталгаа, [эрэгтэйчүүдэд] Мелкизедек санваар хүртээх, ариун сүмийн хувийн хишиг ба ариун сүмийн холболт.)

Сургаал ба Гэрээ 84 нь Мосегийн хүсэл бол санваарын авралын ёслолуудаар дамжуулан Бурханд илүү ойртоход бусад хүнд туслах явдал байсныг заадаг гэдгийг тайлбарла. Мосе Бурханаас санваар хүлээн авсан Адамын үеийг хүртэл өөрийнхөө санваарын эрх мэдлээ хэрхэн хөөж олсныг олж мэдэхийн тулд Сургаал ба Гэрээ 84:6–17-г гүйлгэн харахад суралцагчдыг урь.

  • Тэд эдгээр шүлгээс санваарын талаар юу сурч байна вэ? (Суралцагчид өөр өөр зарчим олж тогтоож болох ч дараах зарчмыг онцолж байгаа эсэхийг шалга. Санваар нь Бурханаас ирдэг бөгөөд санваарыг эрх мэдэлтэй тэдгээрийн гар тавилтаар хүртээдэг.)

Хичээлийн энэ үеэр нөгөө суралцагчийг эрх мэдлийн шугамын жишээгээ уншиж эсвэл самбар дээр бичиж бусдадаа үзүүлэхэд урь. Санваарын эрх мэдлийн шугам нь санваарын эрх мэдэл хэрхэн нэг санваартнаас нөгөөд, Есүс Христээс өнөө үеийн санваартан хүртэл хүртээгдэж ирснийг харуулдаг гэдгийг суралцагчдад ойлгоход нь тусал.

  • Санваартнууд өөрсдийнхөө санваарын эрх мэдлийг Бурхан руу буцаагаад хайж олох нь яагаад чухал гэж та бодож байна вэ? (Еврей 5:4-ийг үзнэ үү.)

  • Санваарын талаарх таны гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн ямар туршлагууд танд байдаг вэ?

Цөөн суралцагчийг Сургаал ба Гэрээ 84:33–44 дэх санваарын тангараг ба гэрээг ээлжлэн чанга уншихад урь.

  • Санваар хүлээн авч мөн дуудлагуудаа эрхэмлэн биелүүлдэг хүмүүст Их Эзэн ямар адислалууд амласан бэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой. Хэрэв санваар хүлээн авдаг хүмүүс дуудлагуудаа эрхэмлэн дээдлэх юм бол Бурхан тэднийг ариусгаж мөн байгаа бүхнээ тэдэнд өгөх болно.)

  • Аароны санваартнуудад санваарын дуудлагаа эрхэмлэн биелүүлдэг ямар арга замууд байдаг вэ?

  • Санваартан дуудлагаа эрхэмлэн биелүүлснээр та хэзээ адислагдаж байсан бэ?

Энэ долоо хоногт судалж байхдаа олж авсан зарим ойлголтоо хуваалцахад нь суралцагчдад туслахын тулд та тэднийг дараах асуултуудад бүгдэд нь эсвэл заримд нь хариулахыг хүсч болно. (Тайлбар: Та хичээлийнхээ энэ хэсэгт бэлтгэж байхдаа гэрээр судлах семинарын суралцагчдын удирдамжийн энэ хэсгийн хоёр дахь өдрийг эргэн харж болно.)

  • Бурханы үгэнд хичээнгүйлэн анхаарлаа хандуулахын ач холбогдлын талаар та юу сурч авсан бэ? (С ба Г 84:43–45; 54–58-ыг үзнэ үү.)

  • Бурханы үгийг итгэлтэй судалж мөн хэрэгжүүлэх нь таны амьдралд ямар өөрчлөлтийг бий болгосон бэ?

  • Бид дэлхийн хүмүүсийн өмнө ямар үүрэг хүлээсэн бэ? (С ба Г 84:61–62; 85–88-ыг үзнэ үү.)

  • Та бүх дэлхийд сайн мэдээг авчрах үүрэгт хэрхэн тусалж чадах вэ?

Сургаал ба Гэрээ 87

Иосеф Смит дайн бүхий л үндэстний дээр цутгагдах болно хэмээн бошиглов

Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 87-д агуулагдсан бошиглолын талаар сурсан зүйлсээ нэгтгэн дүгнэхийг хүс.

  • Энэ илчлэлтийн талаар судлах нь Их Эзэн Өөрийн бошиглогчдоор дамжуулан ирээдүйн үйл явдлуудыг илчилж чадна гэдэгт итгэдэг таны итгэлийг хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ?

  • Сургаал ба Гэрээ 87 нь Иосеф Смит бол жинхэнэ бошиглогч хэмээх таны гэрчлэлийг хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ?

Сургаал ба Гэрээ 87 дээрх бүх бошиглол гүйцэлдсэн бөгөөд гүйцэлдэх болно гэдгийг батал. Бид дэлхий дээр эцсийн өдрүүдэд тохиох дайн болон гай гамшгуудад бэлтгэгдэж болохын тулд Их Эзэн биднийг юу хийгээсэй хэмээх удирдамж өгснийг олж мэдэхийн тулд Сургаал ба Гэрээ 87:8-ыг уншихад суралцагчдыг урь.

  • Их Эзэн бидэнд юу хийхийг зарлигласан бэ? (Тэдэнд дараах зарчмыг олж тогтооход тусал. Бид Их Эзэнийг иртэл ариун газруудад зогсож, шилжин нүүлгэгдэхгүй байх ёстой.)

  • Биднийг амар амгалан болон аюулгүй байдлаар хангаж чадах ямар ямар ариун газар байдаг вэ?

  • Та эдгээр ариун газрын нэгэнд зогссоноор амар амгалан эсвэл аюулгүй байдлаар адислагдсанаа хэрхэн мэдэрч байсан бэ?

Та ярилцсан үнэнүүдийнхээ талаар гэрчлэлээ хуваалцан, хичээлээ дуусга.

Дараагийн бүлэг (Сургаал ба Гэрээ 88–89)

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 88–89-ийг судлахад нь бэлтгэхийн тулд та дараах асуултыг тунгаан бодоход тэднийг урьж болно: Тэнгэрлэг Эцэг таны хувийн нөхцөл байдал эсвэл хэрэгцээг мэдэхгүй байна гэж бодсоноос болж та ганцаардаж эсвэл санаа зовж байсан уу? Та Сургаал ба Гэрээ 88-ыг судалж байхдаа, Их Эзэний ийм мэдрэмжүүдийн талаар өгсөн хариултуудыг олж мэд. Эцсийн өдрүүдэд “хуйвалдагч хүмүүсийн зүрх сэтгэлд … ямар хилэнц хийгээд бодлууд” (С ба Г 89:4) байх вэ? Та Сургаал ба Гэрээ 89-ийг судалж байхдаа таныг эдгээр хилэнц хийгээд бодлоос хамгаалж чадах Их Эзэний өгсөн зөвлөгөөг олж мэд.