8-р хичээл
Иосеф Смит—Түүх 1:21–26
Оршил
Иосеф Смит 1820 онд Анхны үзэгдэл үзсэнийхээ дараа энэ үйл явдлыг нэг тохинуулагчтай хуваалцсан боловч тэр түүний гэрчлэлийг үгүйсгэжээ. Үүнээс гадна орон нутгийн бусад хүн залуу Иосеф Смитийг хавчин гадуурхаж байв. Өндөр хэргэм зэрэгтэй хүмүүс олон нийтийн өмнө түүнийг шүүмжилж байв. Иосеф Смит эсэргүүцэлтэй тулгарч байсан хэдий ч гэрчлэлдээ үнэнч үлдсэн юм.
Заах зөвлөмж
Иосеф Смит—Түүх 1:21–23
Тохинуулагчид болон бусад өндөр хэргэм зэрэгтэй эрэгтэйчүүд Иосеф Смитийн эсрэг мөрдлөг хавчлагыг өдөөн хатгаж байлаа.
Английн Лондонд нэгэн залуутай ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн ярилцсан тухай түүхийг уншиж, хичээлээ эхлүүл. Энэ түүхийн эхний хэсгийг уншихаасаа өмнө ангийнхныг хэрэв тэд энэ залуугийн оронд байсан бол юу хийх байсныг тунгаан бодоход урь. (Та ангийнханд энэ түүхийн сүүлийн хэсэг нь хичээлийн дундуур гарах болно гэдгийг хэлж болно.)
“Тэр, би хэн нэгэнтэй ярих хэрэгтэй байна. Би ганцаардаад байна гэж хэлжээ.
‘Юу болоо вэ?’ гэж би асуулаа.
Тэр, ‘Намайг жил орчмын өмнө Сүмийн гишүүн болоход аав намайг гэрээсээ хөөгөөд хэзээ ч битгий эргэж ир гэж хэлсэн. Би гэртээ эргэж хэзээ ч очоогүй ээ.’
Тэр цааш нь, ‘Хэдэн сарын дараа миний харьяалагддаг байсан крикетийн клуб намайг хасч, хамт тоглож, ойр дотно өссөн хөвгүүдтэйгээ тоглохыг минь хориглосон’ гэв.
Тэгээд тэр, ‘Сарын өмнө дарга намайг энэ сүмийн гишүүн учраас ажлаас халсан, би одоо болтол өөр ажил олж чадаагүй л байна.…
Өчигдөр орой жил хагас үерхсэн найз охин минь намайг Мормон учраас надтай хэзээ ч гэрлэхгүй гэж хэлсэн’ гэлээ” (“The Loneliness of Leadership” [Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт дээр хэлсэн үг, 1969 оны 11-р сарын 4], 3, speeches.byu.edu).
Энэ түүхийг уншсаны дараа цөөн хэдэн суралцагчийг дараах асуултад хариулахад урь.
-
Та нар өмнө нь шашин шүтлэгээсээ болж хэн нэгнээс таагүй үг эсвэл шүүмжлэл сонсож байсан уу? Энэ нөхцөл байдал ямар байсан бэ? (Та хувийн туршлагаасаа ангийн гишүүдтэй хуваалцаж болно.)
Анхны үзэгдэл гэдэг зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 90; мөн LDS.org-ийг үзнэ үү). Иосеф Смит анхны үзэгдлийн үр дүнд хүлээн авсан гэрчлэлийнхээ ачаар агуу ихээр адислагдсан хэдий ч бас маш хүндээр соригдсон гэдгийг тайлбарла. Иосеф Смит гэрчлэлийнхээ улмаас амссан эсэргүүцэлд хэрхэн хандаж байснаас юу сурч болох талаар бодож үзэхэд суралцагчдыг урамшуулан дэмж.
Суралцагчдыг баг болгон хуваарил. Баг бүрийг Иосеф Смит—Түүх 1:21–23-ыг ээлжлэн чанга уншихад урь. Иосеф Смитийн гэрчлэлийнхээ улмаас амссан эсэргүүцлийг дүрсэлсэн үг, хэллэгийг олж мэдэхийг тэднээс хүс. (Та суралцагчдад хайж олсон үг, хэллэгээ тэмдэглэхийг зөвлөж болно.) Суралцагчдыг уншиж дууссаны дараа асуу.
-
Ямар үг, хэллэгүүд та нарт онцгой санагдсан бэ?
-
Энэ үед Иосеф Смитийн эсрэг мөрдлөг хавчлагын ихэнхийг хэн эхлүүлсэн бэ? (Орон нутагтаа өндөр хэргэм зэрэгтэй, Христийн шашинтан гэж өөрсдийгөө тунхагладаг байсан хүмүүс.)
-
Иосеф Смитийн нас болон амьдралын нөхцөл байдлыг бодож үзэхэд эдгээр хүнээс ирэх хавчлага нь түүний хувьд хэр хэцүү байсан байж болох вэ?
Иосеф Смит—Түүх 1:20-ийн сүүл хавиар “Амьдралын маань бүр …” гэж эхэлсэн өгүүлбэрийг онцол. Суралцагчдыг эдгээр үгээс эхлэн шүлгийн үлдсэн хэсгийг дотроо уншаад, ийм залуу насандаа яагаад энэ хавчлагыг амссан талаар Иосеф Смитийн хэлсэн шалтгааныг олж мэдэхэд урь.
Иосеф Смитийн хэлснээр тэр яагаад ийм залуу насандаа энэ хавчлагыг амссан бэ? (Сатан Иосеф Смитийг “түүний хаант улсыг эсэргүүцэгч мөн өдөгч” байх болно гэдгийг мэдэж байсан [Иосеф Смит—Түүх 1:20].)
Суралцагчид өнөөдөр Иосеф Смит—Түүхээс судлах үедээ зөв шударга итгэл үнэмшил ба үйлдлүүдээсээ болж амсаж болох эсэргүүцэл болон хавчлагыг даван туулахад тэдэнд чухал үнэнүүдийг мэдэх болно гэдгийг тайлбарла.
Иосеф Смит—Түүх 1:24–26
Хэдийгээр Иосеф Смит үзэн ядагдаж мөн хавчигдаж байсан ч гэрчлэлдээ үнэнч хэвээр үлдсэн
Судраа өргөж, дараах асуултыг тавь.
-
Та нар судрууд дээр гардаг ямар хүнийг зан чанар, хүч чадал эсвэл үзүүлсэн үлгэр жишээнээс нь болж хүндлэн биширдэг вэ? (Суралцагчдыг хариултуудаа товч тайлбарлахад урь.)
Нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:24-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас Иосеф Смитийнхтэй төстэй туршлагатай хүний нэрийг олж мэдэхийг хүс.
-
Иосеф Смит яагаад өөрийнхөө туршлагыг хараад мөн өөрийгөө төлөөлөгч Паултай адилтгах боломжтой байсан бэ? (Паул Есүс Христийн талаар гэрчилснээсээ болж шоолуулан доромжлуулсан ч үүндээ үнэнч үлдсэн юм.)
-
Иосеф Смит төлөөлөгч Паултай төстэй байснаа олж харсан нь түүнд хэрхэн тусалсан гэж та нар бодож байна вэ? (Паулын зовлон зүдгүүрийг 2 Коринт 11:23–27-оос үзнэ үү.)
-
Паулын туршлагуудыг судалж мөн тунгаан бодсон Иосеф Смитийн жишээнээс бид ямар сургамж авч болох вэ? (Суралцагчдад дараах зарчмыг олж тодорхойлоход нь тусал. Хэцүү цаг үед бид судрууд дээрх итгэлтэй хүмүүсийн жишээнээс хүч чадлыг олж авч чадна.)
Энэ үнэнийг самбар дээр бичиж, энэ нь нэг зарчмын жишээ гэдгийг тайлбарла. Та суралцагчдад сайн мэдээний сургаал, зарчмууд нь бидний амьдралд удирдамж өгдөг үндсэн гол, өөрчлөгдөшгүй үнэнүүд гэдгийг сануулж болно. Суралцагчдад энэ зарчмыг амьдралтайгаа холбож мөн үүний үнэн болон чухлыг мэдрэхэд нь туслахын тулд дараах асуултыг тавь.
-
Та нар сударт гардаг итгэлтэй хүний жишээг судалснаараа хэзээ хүчирхэгжиж байсан бэ? (Мөн та хувийн туршлагаасаа хуваалцаж болно.)
Суралцагчдыг саад бэрхшээлтэй тулгарах үедээ судруудаас хүч чадал авч байхад урамшуулан дэмж.
Дараах мэдэгдлийг самбар дээр бич. “Учир нь би үзэгдэл харсан; би үүнийг мэдэх бөгөөд Бурхан ч үүнийг мэднэ гэдгийг мэднэ, би үүнийг үгүйсгэж чадахгүй” (Иосеф Смит—Түүх 1:25).
-
Энэхүү үг хэллэг нь та нарт Анхны үзэгдлийн талаарх Иосеф Смитийн гэрчлэлийн тухай юу зааж байна вэ?
-
Та нар Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрыг Иосеф Смит харсан гэдэг гэрчлэлийг хэрхэн хүлээн авч чадах вэ?
Суралцагчдыг Иосеф Смит—Түүх 1:24–25-ыг дотроо уншихад урь. Бид эсэргүүцэлтэй тулгарч эсвэл бидний гэрчлэлүүд сулрах үед бидэнд тусалж чадах сургаал эсвэл зарчмуудыг олж мэдэхийг тэднээс хүс. Тэднийг олж мэдсэн зүйлээ хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ тэмдэглэхэд урь. Суралцагчдын олж тогтоосон үнэнүүд нь дараах жишээнүүдийг багтааж болно.
Бидний Бурханаас хүлээн авсан мэдлэгийг дэлхий үгүйсгэсэн ч гэсэн энэ нь үнэн байдаг.
Бид хүмүүс юу гэж бодохоос илүү Бурхан бидний талаар юу гэж бодож байгаа бол гэдэгт санаа зовох ёстой.
Бид гэрчлэлээсээ болж үзэн ядагдаж мөн хавчигдсан ч гэрчлэлдээ үнэнч байх ёстой.
Суралцагчдыг олж тогтоосон үнэнүүдээ хуваалцахад урь. Тэднийг бие биенээ анхааралтай сонсоход урамшуулан дэмж. Та тэдэнд нэг нэгнээсээ мэдэж авсан үнэнүүдээ хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихийг санал болгож болно. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцсаны дараа асуу.
-
Иосеф Смит хэрхэн энэ үнэний жишээ болсон бэ?
-
Энэ үнэн хэрхэн та нарт тустай байж болох вэ?
-
Энэ үнэний дагуу амьдрах нь бидний сонголтуудад хэрхэн нөлөөлж болох вэ?
Шашин шүтлэгээсээ болж эсэргүүцэлтэй тулгарсан Английн Лондон дахь залуугийн талаарх ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн түүхийн үргэлжлэлийг чанга унш.
“‘Хэрэв энэ нь чамайг маш их зүйлээ алдахад хүргэсэн юм бол чи яагаад Сүмийг орхиж аавынхаа гэр рүү, крикетийн клуб, чамд чухал байсан ажил болон хайртай гэж бодож байгаа охин руугаа буцаж очихгүй байгаа юм бэ?’ гэж би асуув.
Тэр нэлээн удаан хугацааны турш юу ч хэлсэнгүй. Тэгээд тэр хоёр гараараа нүүрээ дараад уйлж эхэлсэн. Эцэст нь тэр нулимстай нүдээрээ дээшээ хараад, ‘би тэгж чадахгүй. Энэ үнэн гэдгийг би мэднэ, би үүнээс болж амьдралаа алдах байсан ч би Сүмээс холдохгүй’ гэж хэлсэн” (“The Loneliness of Leadership,” 3–4).
Суралцагчдыг жагсаасан үнэнүүдээс нэгийг нь сонгож, энэ үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд хийх зүйлсээ бичихэд урь.
Нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:26-г чанга уншихад урьж хичээлээ дуусга. Ангийнхнаас Иосеф Смитийн үнэн гэж мэдэж авсан зарчмыг олж тогтоохыг хүс.
-
Иаковын хэлсэн амлалтад Иосеф Смит итгэсэн учраас түүнд ямар адислалууд ирсэн бэ? (Бид Бурханаас итгэлтэйгээр мэргэн ухааныг асуувал Тэр бидэнд өгөөмрөөр өгөх болно гэдгийг тэр мэдэж авсан. Мөн бид судрууд дээрх амлалтуудын дагуу үйлдвэл бид тэдгээр нь үнэн гэсэн гэрчлэлтэй болж чадна гэдгийг тэр мэдэж авсан.)
Бид Бурханд итгэж мөн судрууд дээрх амлалтуудад итгэж мөн эдгээрийн дагуу үйлдвэл Бурханаас хариулт хүлээн авч мөн тулгарах бэрхшээлүүдээ даван туулах хүч чадлыг олж авна гэдгийг гэрчил.