Институт ба семинар
140-р хичээл: Сургаал ба Гэрээ 132:1–2, 34–66


140-р хичээл

Сургаал ба Гэрээ 132:1–2, 34–66

Оршил

Бошиглогч Иосеф Смит 1831 онд сүнсээр удирдуулан Библид өөрчлөлт оруулж байхдаа Их Эзэнд нэгээс илүү эхнэртэй байсан эрт үеийн патриархуудын талаар ойлголт хүсэн залбирчээ. Бошиглогч тэр үед асуултууддаа хариулт болгон илчлэлт хүлээн авч эхэлсэн байна. Дараагийн жилүүдэд нь, Их Эзэн бошиглогч болон бусад хожмын үеийн гэгээнтэнд олон эхнэр авах зарчмын дагуу амьдрахыг зарлиглажээ. 1843 оны 7-р сард, Сүм Иллинойн Наувуд төвтэй байх үед бошиглогч хүлээн авсан илчлэлтээ цэдэглэсэн. Сургаал ба Гэрээ 132-т Их Эзэний Иосеф Смит, Эмма Смит хоёрт өгсөн зөвлөгөө болон олон эхнэр авах ёсны талаарх заавруудыг өгүүлдэг.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 132:1–2, 34–48

Их Эзэн олон эхнэр авах зарчмыг илчлэв

Бошиглогч Иосеф Смит 1831 онд Хуучин Гэрээг сүнсээр удирдуулан орчуулж байхдаа зарим эртний бошиглогч олон эхнэр авах ёс (буюу олон эхнэртэй байх ёсыг) дагаж байсан тухай уншжээ. Энэ заншлаар, эр хүн эхнэрээ амьд байхад нэгээс илүү эхнэртэй гэрлэдэг байв. Бошиглогч судруудыг судалж, мэдэж авсан зүйлсээ тунгаан бодож, эцэст нь Тэнгэрлэг Эцэгт залбирч, олон эхнэр авах ёсны талаар асуусан.

Эхлэл 16:1–3 гэж самбар дээр бич. Эдгээр шүлэг хожим нь Абрахам болон Сара нэрээр танил болсон Абрам болон Сараигийн үйлдлүүдийг дүрсэлдэг гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг эдгээр шүлгийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Абрам болон Сараигийн амьдрал дахь энэ үйл явдлын талаар гарч болох асуултуудын талаар бодож үзэхийг хүс.

Ангийнхныг Сургаал ба Гэрээ 132:1-ийг дотроо уншаад, бошиглогч Иосеф Смит олон эхнэр авах ёсны талаар Хуучин Гэрээн дээрх хэсгүүдийг судалж байхдаа юу асуусныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс. (Та татвар эмс гэдэг нь эрэгтэйтэй хууль ёсоор гэрлэсэн боловч эхнэрээс нь бага эрх мэдэлтэй, Хуучин Гэрээний үед амьдарч байсан эмэгтэйчүүдийг хэлж байгааг тайлбарлаж болно. Татвар эмс нь энэ эрин үе дэх олон эхнэр авах заншлын нэг хэсэг байгаагүй юм.)

Дараах асуултыг самбар дээр бич. Их Эзэн яагаад зөв шударга эрэгтэй, эмэгтэйчүүдэд тодорхой цаг үед олон эхнэр авах зарчмыг дуулгавартай дагахыг зарлигласан бэ?

Суралцагчид Сургаал ба Гэрээ 132-ыг судлахдаа самбар дээрх асуулт болон олон эхнэр авах ёсны талаарх бусад асуултдаа хариулт олж авах болно гэдгийг тайлбарла. Суралцагчдыг өнөөдрийн турш судлахдаа олж мэдсэн сургаал, зарчмуудаа бичихэд урь.

Цөөн суралцагчийг Сургаал ба Гэрээ 132:34–36-г ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчидтай хамт уншаад, Абрахам, Сара хоёр яагаад олон эхнэр авах ёсыг хэрэгжүүлж эхэлснийг олж мэдэхийг хүс.

  • 34-р шүлэгт цэдэглэснээр, Сара яагаад Абрахамд өөр эхнэр өгсөн бэ? Энэ нь олон эхнэр авах зарчмын талаар бидэнд юу зааж байна вэ? (Суралцагчдыг хариулах хооронд дараах зарчмыг самбар дээр бич. Их Эзэн зарлигласан үед л олон эхнэр авах ёс нь Түүгээр зөвшөөрөгддөг.)

  • Сара, Абрахам хоёрын дуулгавартай байдал юуг гүйцэлдүүлэхэд тусалсан бэ? (Абрахамын үр удам тэнгэрийн одод шиг тоологдошгүй байх болно хэмээх Их Эзэний Абрахамд өгсөн амлалтууд [Эхлэл 15:5-ыг үзнэ үү].)

Суралцагчдад самбар дээр бичсэн зарчмыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд судар дээрээ Сургаал ба Гэрээ 132:34-ийн хажууд Иаков 2:27, 30-ийг бичихийг зөвлө. Нэг суралцагчийг эдгээр шүлгийг чанга уншихад урь. Ганц эхнэртэй байх ёс (нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүний хоорондын гэрлэлт) нь, Бурхан өөрөөр зарлиглаагүй бол Түүний тогтоосон гэрлэлтийн жишиг гэдгийг онцол.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 132:37–38-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн олон эхнэр авах ёсыг зарлигласан жишээнүүдийг дүрсэлж буй үг хэллэгүүдийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс.

Их Эзэн Өөрийнх нь зарлигийн дагуу хүмүүс олон эхнэр авах зарчмыг хэрэгжүүлж байгаа үед садар самууны нүгэлд буруугүйг баталсан гэдгийг тайлбарлаж, Сургаал ба Гэрээ 132:39, 41–43-ыг нэгтгэн дүгнэ. Гэхдээ хэрэв хэн нэгэн Их Эзэний зарлиглаагүй нөхцөлд олон эхнэр авах ёсыг хэрэгжүүлсэн үед тэд садар самуун үйлдсэнд тооцогдоно. (41-р шүлэг дэх устгагдах гэдэг үг нь ариун нандин гэрээнүүдээ зөрчсөн хүмүүс Бурханаас мөн Түүний гэрээт хүмүүсээс тусгаарлагдах болно гэдгийг илэрхийлж байгааг онцол [Үйлс 3:22–23; 1 Нифай 22:20-той харьцуул].)

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 132:40-ийг дотроо уншаад, Их Эзэн юу хийнэ хэмээн хэлснийг олж мэдэхэд урь.

  • 40-р шүлэгт цэдэглэснээр, Их Эзэн юу хийсэн бэ? (Бүх зүйлийг сэргээх. “Бүх зүйл” гэдэг нь өмнөх эрин үеүдэд илчлэгдсэн сайн мэдээний хууль, ёслолуудыг хэлж байгаа гэдгийг тайлбарла. Дараах зарчмыг самбар дээр бич. Хожмын үе дэх олон эхнэр авах хуулийн дагуу амьдрах зарлиг нь бүх зүйлийн сэргээлтийн нэг хэсэг байсан юм. [Мөн Үйлс 3:20–21-ийг үзнэ үү.])

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 132:45, 48-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн бүх зүйлийн сэргээлтийг авчрахын тулд Иосеф Смитэд юу хүртээснийг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн бүх зүйлийн сэргээлтийг авчрахын тулд Иосеф Смитэд юу хүртээсэн бэ? (Санваарын түлхүүрүүд ба хүч.)

  • Бид олон эхнэр авах ёсны талаар 45 болон 48-р шүлгээс юу сурдаг вэ? (Суралцагчдыг хариулах хооронд дараах зарчмыг самбар дээр бич. Олон эхнэр авах ёс нь зөвхөн Сүмийн ерөнхийлөгчид өгөгдсөн санваарын түлхүүрүүдээр л хэрэгжиж болно.)

Энэ эрин үеийн эхэн үед бүх зүйлийн сэргээлтийн хэсэг болгон Их Эзэн эхэн үеийн зарим гэгээнтэнд бошиглогч Иосеф Смит болон Сүмийн дараагийн ерөнхийлөгчид болох Бригам Янг, Жон Тейлор, Вилфорд Вүдрафф нарын атгаж байсан санваарын түлхүүрүүдээр дамжуулан олон эхнэр авахыг зарлигласан гэдгийг тайлбарла. 1890 онд үүнтэй адил санваарын түлхүүрүүдийг атгаж байсан ерөнхийлөгч Вүдрафф олон эхнэр авах ёс төгсгөл болох ёстой хэмээх илчлэлтийг хүлээн авсан (Албан тунхаг 1-ийг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 132:49–66

Их Эзэн Иосеф, Эмма Смит хоёрт олон эхнэр авах ёсны талаар зөвлөв

Бошиглогч Иосеф Смит олон эхнэр авах ёсыг дагахдаа ихэд дурамжхан байсан гэдгийг тайлбарла. Тэрээр хэрэв дагахгүй бол устгагдах болно хэмээх сэрэмжлүүлгийг хүлээн авах хүртэл үүнийг дагаж эхлээгүй юм гэж бичжээ (“Plural Marriage,” Historical Record, 1887 оны 5-р сар, 222-ыг үзнэ үү). Түүхэн баримт бичиг дутмагаас болж бид Иосеф Смитийн уг зарлигийг дагах гэсэн оролдлогуудын талаар мэддэггүй. Гэсэн хэдий ч, 1841 он гэхэд бошиглогч зарлигийг дуулгавартай дагаж эхэлсэн байсан ба энэ тухай Сүмийн зарим гишүүнд заасан юм. Дараагийн гурван жилд тэрээр Их Эзэний зарлигийн дагуу өөр эхнэрүүдтэй гэрлэжээ. Их Эзэний олон эхнэр авах ёсыг дагах тухай зарлигийг дагах бошиглогч Иосеф Смитийн дуулгавартай байдал нь түүний хувьд болон ихэд хайрласан Эммагийн хувьд итгэлийнх нь сорилт байсан юм.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 132:49–50-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас Их Эзэний Иосеф Смитэд амласан адислалуудыг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн ямар адислалуудыг Иосеф Смитэд амласан бэ?

  • 50-р шүлэгт цэдэглэснээр, Их Эзэн яагаад эдгээр адислалыг Иосеф Смитэд амласан бэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 132:52-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэний Эмма Смитэд өгсөн зөвлөгөөг олж мэдэхийг хүс.

  • 52-р шүлэгт цэдэглэснээр, Эммад юуг хүлээж авах зөвлөгөөг өгсөн бэ? (“Иосефт өгөгдсөн тэдгээр бүгд” гэдэг нь Иосеф Смиттэй лацдан холбогдсон хүмүүсийг хэлж байгаа юм.)

Их Эзэн Эммад нөхөртэйгөө лацдагдсан хүмүүсийг хүлээж ав хэмээн зарлигласнаас гадна түүнд Өөрийнх нь хуулийг дуулгавартай дагаж, Иосефын гэм бурууг уучлахыг зарлиглажээ. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 132:56-г дотроо уншаад, Их Эзэн Эмма Смитэд юу гэж амласныг олж мэдэхэд урь.

  • Их Эзэн Эммад Өөрийнх нь зарлигуудыг дуулгавартай дагавал юу өгнө хэмээн амласан бэ?

1841 онд Иосеф Смит бусад итгэлтэй эрэгтэй, эмэгтэйчүүдэд олон эхнэр авах зарчмын талаар зааж эхэлсэн гэдгийг тайлбарла. Тэдэнд ч мөн адил эхэндээ энэ зарчмыг ойлгож, хүлээн авахад хэцүү байсан. Жишээлбэл, Бригам Янг анх олон эхнэр авах ёсыг дагах тухай зарлигийг сонсоод олон эхнэр авснаас үхсэн нь дээр гэж санагдсан гэж хэлсэн байна (мөн Суса Янг Рэйтс ба Лэа Д.Видцоу, The Life Story of Brigham Young [1930], 321-ийг үзнэ үү). Сүмийн эдгээр итгэлтэй гишүүн анх энэ зарлигийг сонсоод дурамжхан мөн сэтгэлээр унасан боловч Ариун Сүнснээс хувийн баталгаануудыг хүлээн авч, олон эхнэр авах зарчмыг зөвшөөрчээ. Ахлагч Хебер С.Кимбаллын анхны эхнэр Вилат Кимбалл олон эхнэр авах ёсыг хүлээн авч, бүрэн дүүрэн зөвшөөрч, “Их Эзэн түүний залбиралд хариулсан учраас гэрлэлтийн олон эхнэр авах жаяг Бурханаас гэдэгт эргэлзээгүй байна” гэсэн байдаг (Хэлэн Мар Кимбалл, Орсон Ф.Витнигийн, Life of Heber C. Kimball [1967], 325; мөн 326–328-д.)

Олон эхнэр авах ёс нь өөр бусад сорилтыг авчирчээ. Анхандаа энэ тухай маш нууцалж байсан ч Сүмийн удирдагчид олон эхнэртэй гэрлэж байна гэсэн яриа тархаж эхэлсэн байна. Эдгээр цуу яриа үнэнийг агуу ихээр мушгин гуйвуулж, бошиглогч болон Сүмийн бусад удирдагчийн нэр хүндийг унагаж, гэгээнтнүүдийг улам их хавчин дарлахад хүргэжээ.

Сургаал ба Гэрээ 132:63-ыг “учир нь тэд миний зарлигийн дагуу” гэдгээс эхлэн чанга унш. Уншиж эхлэхээсээ өмнө энэ шүлэг нь Их Эзэн яагаад Иосеф болон бусдад олон эхнэр авах ёсыг зарлигласан шалтгааныг ойлгоход бидэнд тусалдаг гэдгийг тайлбарла. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, тэрхүү зорилгыг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн 63-р шүлэгт ямар зарлигийг дурдсан бэ? (Өсөн үржиж, мөн дэлхийг дүүргэх.) Өсөн үржиж, мөн дэлхийг дүүргэх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Хүүхдүүдтэй болох.)

63-р шүлэг дэх “Эцэгийн ажил энд үргэлжилж буй” хэмээх хэллэгийг онцол.

  • Үр хүүхдүүдтэй болох нь хэрхэн эцэг, эхчүүдэд Тэнгэрлэг Эцэгийн ажлын үргэлжлэлийн нэг хэсэг байх боломжийг өгдөг вэ?

Та энэ ярилцлагын нэг хэсэг болгон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны хэлсэн дараах үгийг уншиж болно.

Ахлагч Нийл Л.Андэрсэн

“Гэр бүлд хүүхэд төрөхөд эхнэр нөхөр хүүхдүүдийг дэлхийд авчрах Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг биелүүлдэг. Их Эзэн “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө” [Мосе 1:39] хэмээн хэлсэн байдаг. Үхэшгүй байдлын өмнө зуурдын байдал байх ёстой” (“Хүүхдүүд,” Ensign, 2011 оны 11-р сар, 28 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 32).

  • 63-р шүлгээс суралцсаны дагуу, Их Эзэн олон эхнэр авах ёсыг дагахыг зарлиглаж байсны нэг шалтгаан юу вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, дараах зарчмыг самбар дээр бич. Их Эзэн Өөрийн хүмүүст зөв шударга хүүхдүүдийг Түүнд өсгөж өгөх боломжуудыг олгохын тулд олон эхнэр авах ёсыг дагахыг зарлигласан юм. Та Иаков 2:30-ийг дахин харж болно.)

Хичээлийн эхэнд самбар дээр бичсэн асуултыг эргэн хар. Их Эзэн яагаад зөв шударга эрэгтэй, эмэгтэйчүүдэд олон эхнэр авах ёсыг дуулгавартай дагахыг тодорхой үеүдэд зарлигласан бэ? Суралцагчдыг энэ асуултад хариулахад туслах юуг Сургаал ба Гэрээ 132 болон Иаков 2:27, 30-аас сурснаа ангийнханд нэгтгэн дүгнэж хэлэхэд урь.

Бошиглогч Иосеф Смитийн талаар болон тэрээр Бурханаас ирсэн илчлэлтийг хүлээн авч, дуулгавартай дагасан тухай гэрчлэлээ хуваалцан, хичээлийг дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 132. Олон эхнэр авах ёсны тухай хэрхэн суралцах вэ?

Олон эхнэр авах ёсны тухай найдваргүй, хуурамч олон мэдээлэл интернэт болон хэвлэгдэж гарсан материалууд дээр байдаг. Анхааралтай байж, иймэрхүү мэдээлэлд ухаалаг ханд. Зарим нийтлэлч Сүм болон Сүмийн түүхийн талаар агуулгаасаа гажсан эсвэл төөрөгдөлд оруулах дутуу дулимаг үнэнийг багтаасан мэдээлэл танилцуулдаг. Эдгээр нийтлэлийн зорилго нь итгэлийг устгах явдал байдаг.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн:

Ахлагч Нийл Л.Андэрсэн

“Сүмийг гутааж, итгэлийг устгахыг хүсдэг цөөн хүмүүс ямагт байсаар ирсэн ба одоо ч байна. Өнөөдөр тэд интернэтийг ашиглаж байна.

Манай Сүмийн тухай тараадаг зарим мэдээлэл бодит мэт санагдавч үнэн бус байдаг” хэмээн сэрэмжлүүлжээ (“Итгэлийн тань сорилт,” Ensign эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 49).

Олон эхнэр авах ёсны талаар судлахдаа бошиглогч Иосеф Смитийн сайн мэдээг судалж байхдаа дагадаг байсан загварыг санах нь чухал юм. Тэр судалж, тунгаан бодож мөн мэдлэгийг эрэлхийлэн залбирдаг байсан.

Олон эхнэр авах ёсны тухай найдвартай түүхэн судалгаануудыг josephsmithpapers.org болон byustudies.byu.edu-ээс харах боломжтой.

Сургаал ба Гэрээ 132:1. Олон эхнэртэй байх “зарчим хийгээд сургаал”

Дараах түүхүүд нь бошиглогч Иосеф Смит болон Сүмийн гишүүд анх олон эхнэр авах ёсны талаар мэдээд мэдэрсэн мэдрэмжийг илүү тодорхой болгоход тусалдаг.

Бошиглогч Иосеф Смиттэй лацдан холбогдсон Элиза Р.Снөү өөрийнх нь ах Лорэнзо Снөүд олон эхнэр авах зарчмын талаар бошиглогч Иосефын заасан нарийн мэдээллүүдийг тэмдэглэж үлдээжээ. Тэрээр энэ зарчим нь Иосеф Смитэд зовлон шаналал, гуниг гутралыг авчирсан ба тэр зөвхөн тэнгэрлэг илчлэлтээс ирсэн учраас энэ зарчмыг дагаж эхэлсэн юм гэж тэмдэглэжээ.

Элиза Р.Снөү

“Бошиглогч Иосеф Смит сэтгэл доторхоо [Лорензо Снөүд] уудлан нээж, олон эхнэр авах ёсыг танилцуулах үед боловсрол болон нийгмийн ёс заншлын хүчний үр дүнд бий болсон доторх зөрчлөө ялан дийлэхийг хичээн гаргаж буй оюуны хүнд сорилтоо дүрслэн өгүүлсэн юм. Тэр Бурханы дуу хоолойг таньсан байв. Тэр Бүхнийг Чадагчийн түүнд өгсөн зарлиг бол урагш явж, үлгэр жишээ болон селестиел олон эхнэртэй байх ёсыг үндэслэх гэдгийг мэдэж байлаа. Тэрээр зөвхөн олон эхнэр авах ёсыг эсэргүүцээгүй юм. Бүх л Христийн шашинтан дэлхий түүнийг эсэргүүцэх болно гэдгийг мэдэж байсан ч бүхний дээгүүр Бурхан зарлигийг өгсөн ба Түүнийг дуулгавартай дагах ёстой байлаа. Гэсэн хэдий ч Бурханы тэнгэр элчүүд түүний хажууд сэлмээ гарган зогсож, урагш явж, олон эхнэр авах ёсыг үндэслэхгүй бол санваарыг нь түүнээс авч, түүнийг устгах болно гэж хэлэх хүртэл бошиглогч үе үе эргэлзэж, хэрэгжүүлэхгүй хойш тавьсаар байв. Үгүйсгэхийн аргагүй энэхүү гэрчлэлээ тэрээр ганц миний ахад ч бус бас бусад хүнтэй хуваалцсан юм” (Biography and Family Record of Lorenzo Snow [1884], 69–70).

Ерөнхийлөгч Бригам Янг:

Ерөнхийлөгч Бригам Янг

“Миний сонголт алдар сууг маань бууруулахгүй байсан бол Иосеф уг сургаалыг илчлэх үед ямар сонголт хийх байсан бэ гэж хэн нэгэн надаас асуувал би ‘нэг эхнэртэй байхыг хүсэж байна’ гэж хэлэх байсан.

Би үүргээсээ зугтахыг эсвэл надад зарлигласан зүйлийг хийхгүй байхыг хүсээгүй боловч амьдралдаа анх удаа булшлагдахыг хүсэж байсан ба энэ мэдрэмжээсээ маш удаан хугацаанд салж чадаагүй юм. Би нэгэн оршуулах ёслол дээр, авсан дотор байгаа цогцсонд атаархаж байсан бөгөөд авсан дотор байхгүй байгаадаа харамсаж байлаа. …

… Хэдийгээр тэд ирж буй сургаалыг бүрэн ойлгож чадахгүй байсан ч мөн өөрсдөдөө ‘Их Эзэн надад энэ сургаалыг өгсөн ба түүнээс ирэх аливаа зүйлийг эсэргүүцэхээс хамгаалж өгөхийн төлөө мөн ойлгох хүртлээ тэвчээртэй хүлээх тэвчээрийг соёрхохын төлөө би залбирч байна’ гэж хэлж болох ч тэд Их Эзэний өгсөн эсвэл өгөх ямарваа илчлэлтийг хэзээ ч эсэргүүцэхгүй учраас шашныхаа дагуу амьдардаг гэгээнтнүүд өргөмжлөгдөх болно” (“Provo Conference,” Deseret News, 1855 оны 11-р сарын 14, 282).

Ерөнхийлөгч Хибер С.Кимбаллын анхны эхнэр Вилат Кимбалл олон эхнэр авах ёсны талаар гэрчлэлтэй болжээ. Түүний охин Хелен ингэж хэлжээ.

“‘Ээж маань Их Эзэн залбиралд нь хариулсан учраас олон эхнэр авах гэрлэлтийн жаяг нь Бурханаас ирсэн гэдэгт хэзээ ч эргэлзэж байгаагүй гэж байн байн хэлдэг байсан.

Аав маань Англиас Наувуд буцаж ирснийхээ дараахан бусад ах нарын хамт олон эхнэр авах сургаалыг заалгасан юм. …

Аав маань нөхцөл байдлыг бүрэн дүүрэн ойлгож, бошиглогчоос урвасан дор амиа өгсөн нь дээр гэж гэрчилсэн ба түүний төлөөх хайр, хүндэтгэл нь тийм агуу байсан юм. Энэ нь түүнд тохиолдож байсан итгэлийн хамгийн агуу сорилт байлаа. …

Миний ээж [Вилат Кимбалл] түүний царай төрх, гадаад байдалд өөрчлөлт гарсныг анзаараад, юунаас болж байгааг түүнээс асуухад тэр эхнэрийнхээ асуултуудаас зайлсхийхийг хичээж байжээ. Эцэст нь тэрээр ээжийг тэвчээртэй хүлээвэл дараа нь хэлнэ гэж амлажээ. Энэ нь түүний зовж шаналж байгаа нь илт харагдахуйцаар оюун бодлыг нь маш их чилээж байсан ба эцэст нь өөрийгөө хянаж чадахааргүй болжээ. Тэр өвдөж зовон, унтаж чадахгүй, өглөөг хүртэл гэртээ нааш цааш холхих хүртлээ асар ихээр зовж шаналж байлаа. Заримдаа түүний сэтгэлийн шаналал маш их байснаас тэр гараа хавсран, хүүхэд шиг л уйлж байсан ба Их Эзэнээс нигүүлсэнгүй байж, эхнэрт нь энэ зарчмыг илчилж өгөхийг гуйдаг байжээ. …

“Тэдний зүрх сэтгэлийн шаналал өгүүлшгүй байсан бөгөөд тэр нөхрөөсөө асуух нь үр дүнгүй гэдгийг мэдээд, өрөөндөө ороод, өвдөг сөгдөн, “Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүйгээр өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно” хэмээн хэлсэн Их Эзэнд зүрх сэтгэлээ уудлан залбирчээ. …

Тэрээр селестиел гэрлэлтийн дэг жаягийг бүх үзэсгэлэн төгөлдөр, алдар суугийн хамт мөн хэрэв тэр үүнийг хүлээн зөвшөөрч, нөхрийнхөө хажууд байвал мөнх бус, селестиел дэлхийд түүнд өгөгдөх агуу өргөмжлөл, нэр хүндийг харжээ. Тэрээр мөн түүний эхнэр болгон авсан өөр нэг эмэгтэйг харсан ба энэхүү дэг жаягаас ирэх хязгааргүй агуу их хайр, эв нэгдлийг мөн нөхрийнхөө хаант улсуудын өсөлтийг мөн төгсгөлгүй дэлхийнүүдэд мөнхөд хүч чадал, алдар суугаа тэлэхийг харжээ.

Тэрээр Бурханы Сүнсээр дүүрэн байсан учир агуу их баяр баяслыг тээн, аав дээр очоод “Чиний хэлэхгүй байсан зүйлийг Их Эзэн надад үзүүллээ” гэж хэлсэн юм. Тэрээр үзсэн үзэгдлээ тайлбарлахдаа аав шиг минь аз жаргалтай эрэгтэйг хэзээ ч хараагүй гэдгээ мөн тэр аз жаргалтай байгаагаа мөн энэ нь Бурханаас ирсэн гэдгийг мэдэж байснаа надад хэлсэн юм.

Тэр түүнтэй хамт үлдэж, уг зарчмыг хүндэтгэх гэрээ хийсэн ба ээж маань гэрээгээ тууштай сахиж, түүний ачаа үүрэхэд хүнд, хэцүү байсан ч аав маань мөн адил зовж байгааг мэдэж байсан тул эцсээ хүртэл тууштай байсан юм. Тэр аавд маань олон эхнэр өгч, тэд ээжийг маань үнэнч сайн анд гэж үздэг байсан юм’” (Орсон Ф.Витни, Life of Heber C. Kimball [1967], 325–328-д).

Ерөнхийлөгч Жон Тэйлор олон эхнэр авах зарчмыг анх танилцуулсан үеийн тухай ярьжээ.

Ерөнхийлөгч Жон Тэйлор

“Би үргэлж ариун журмын тодорхой зарчмыг хүлээн зөвшөөрч, дагаж ирсэн ба энэ зарчмаас гадуурх олон эхнэр авах ёс надад аймшигтай санагдсан. … Энэ нь хүмүүний бодгалийн хамгийн гүн гүнзгий мэдрэмжийг өдөөх зүйл байсан. Би ариун журмын зарчмыг үргэлж хатуу чанд дагасаар ирсэн. … Бурханы мэдлэг, Бурханы илчлэлтүүд, тэдгээрийн үнэнээс өөр юу ч намайг энэхүү зарчмыг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөхөд ятгаж чадахгүй байсан юм” (Б.Х. Робэртс, The Life of John Taylor, Third President of the Church of Jesus Christ of Latter-day Saints [1963], 100-д).

Сургаал ба Гэрээ 132:18–20. Гэрлэлтийн мөнхийн мөн чанар

Анхны эхнэрээ нас барсны дараа дахин гэрлэсэн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс гэрлэлтийн мөнхийн мөн чанарын тухай сэдвээр ярилцлага өгөхдөө бид зарим зүйлийг мэддэг харин бусад зүйлийг мэддэггүй гэж тайлбарласан.

Ахлагч Даллин Х.Өүкс

“Дэлхий дээр нэгээс илүү гэрлэж байсан олон хүн байдаг. Зарим үед тэдгээр гэрлэлт үхлээр дууссан байхад зарим нь салалтаар дууссан байдаг. Дараагийн амьдрал нь тэдний нэгэнтээ хийсэн гэрээ болон бусад гэрлэлттэй холбоотой зүйлсийн хувьд ямар утга учиртай байдаг вэ? Тэдгээр хүмүүст энэ асуултад өгөх тийм ч их хариулт байгаа гэж би бодохгүй байна. Тэд дараагийн амьдралд мөн адил гэрлэсэн хосуудын хувьд амьдрах болно гэдэгт итгэдэггүй учраас энэ нь тэдэнд тийм ч их сонин байдаггүй байх. Харин тэд энэ боломжийг [тэдэнд] өгөх гэрээнүүдийг хийж, сахихгүй бол ирэх амьдралд гэрлэсэн хосуудын хувьд амьдрахгүй байх болно гэж тэдний хэлсэн нь зөв юм. Харин надтай адил, гэрлэлтийн харилцаа нь үүрд мөнхөд үргэлжлэх болно гэсэн итгэл үнэмшилтэй хүмүүсийн хувьд гэвэл, ‘та нар нэгээс илүү хүнтэй мөнхөд гэрлэсэн бол энэ амьдрал ирэх амьдралд юу болох бол?’ гэж та нар асуух байх. Би мэдэхгүй гэж хариулна. Гэвч би эдгээр гэрээг хийснээ мэднэ мөн би эдгээр гэрээнд итгэлтэй байснаар энэ амьдралд хүсэн хүлээж байсан адислалууд ирэх амьдралд надад өгөгдөх болно гэдэгт итгэдэг” (“Elder Oaks Interview Transcript from PBS Documentary,” 2007 оны 7-р сарын 20, mormonnewsroom.org).

Сургаал ба Гэрээ 132:38–39. Давид, Уриа хоёр

Давид, Уриагийн эхнэр Батшебаг авснаар нүгэл үйлдсэн хэмээн Их Эзэн тунхагласан. Хожим нь Давид хийсэн нүглээ далдлахын тулд Уриаг үхэлд хүргэх аргыг зохион байгуулжээ. Үүний үр дүнд Давид өргөмжлөлөө алдсан байна. Сургаал ба Гэрээ 132 дахь Давидын нэмэлт жишээ нь олон эхнэр авах ёсыг захирдаг хатуу чанд хуулиудыг онцолж өгсөн байдаг. Их Эзэн энэ ёсыг үндэслэж, Өөрийнхөө хүмүүст дагахыг зарлиглах үед ч, тэднээс Түүний зарлигууд болон шаардлагатай санваарын түлхүүрүүдийг атгадаг Түүний үйлчлэгчдийн өгсөн удирдамжийн дагуу хийхийг шаарддаг байсан.

Сургаал ба Гэрээ 132:51–56. Их Эзэн Эмма Смитэд юу санал болгохгүй байхыг зарлигласан бэ?

Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд эхнэртээ юу санал болгохыг зарлигласан тухай ямар нэгэн тэмдэг энд эсвэл өөр хаа нэгтээ өгөгдөөгүй боловч үүний агуулга энэ нь Их Эзэний Абрахамд Исаакийг өргөл болго гэсэн Абрахамын итгэлийн сорилттой төстэй, онцгой сорилт байсан гэдгийг хэлж байгаа мэт санагддаг. Үүнээс гадна энэ талаар хэт их таамаглал хийх шаардлагагүй” (Сургаал ба Гэрээний суралцагчийн гарын авлага, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2001], 334).