Институт ба семинар
118-р хичээл: Сургаал ба Гэрээ 110


118-р хичээл

Сургаал ба Гэрээ 110

Оршил

1836 оны 4-р сарын 3-ны ням гарагт Көртландын ариун сүмд ариун ёслолын цуглаан болжээ. Цуглааны үеэр бошиглогч Иосеф Смит, Оливер Каудери хоёр цуглаанаас тэднийг хөшгөөр тусгаарласан нэгэн хэсэгт оров. Тэд тэнд залбирал хэлжээ. Тэднийг залбирал хэлээд босоход, Есүс Христ тэдэнд үзэгдэж, шинээр онцгойлон адислагдсан ариун сүмийг хүлээн авав. Дараа нь Мосе, Елиа, Елиас нар хүрч ирэн, санваарын түлхүүрүүдийг сэргээв. Сургаал ба Гэрээ 110 бол энэхүү үзэгдлийн тухай цэдэг юм.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 110:1-10

Их Эзэн үзэгдэж, Көртландын ариун сүмийг хүлээн авав

Ариун сүм бүрийн гадна талд юу гэж бичигдсэн байдгийг суралцагчдаас асуу. (“Ариунаас ариуныг Их Эзэнд—Их Эзэний өргөөнд.”)

  • “Их Эзэний өргөө” гэдэг үгс таны хувьд юу гэсэн үг вэ?

Суралцагчид энэ асуултын талаар ярилцсаны дараа, шинээр онцгойлон адислагдсан Огайогийн Көртланд дахь өргөөндөө Их Эзэн айлчлан ирсэн болохыг тайлбарла. Суралцагчдад энэ нандин үйл явдлын эргэн тойрон дахь нөхцөл байдлын талаар ойлгоход туслахын тулд нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 110-р хэсгийн оршлыг чанга уншихыг хүс. Энэ үзэгдэл болохын өмнө хэчнээн хүн цугларсан байсан, үүний өмнө тэд юу хийсэн зэргийг олж мэдэхээр дагаж уншихыг ангийнхнаас хүс.

  • Энэ үзэгдлийн үед хэн хэн байсан бэ? Энэхүү үзэгдэл болохын өмнө тэд юу хийцгээж байсан бэ?

Өөр нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 110:1-3-ыг чанга уншихад урь. Уг суралцагчийг уншиж эхлэхээс өмнө, ангийнхнаас дагуулан харж мөн эдгээр шүлэгт дүрслэгдэх зүйлсийг төсөөлөхийг хичээхийг хүс.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 110:4–5-ыг чимээгүй уншихад урьж, Иосеф Смит, Оливер Каудери хоёрт Аврагч юу гэж хэлсэн болохыг олж мэдэхэд урь.

  • Эдгээр шүлэг дэх юу нь танд чухал санагдсан бэ? Яагаад?

Хэдэн суралцагчийг ээлжлэн Сургаал ба Гэрээ 110:6–10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, бүх гэгээнтэн баярлан баясах шалтгааныг Их Эзэн юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • 7-р шүлэгт өгүүлснээр, гэгээнтнүүд яагаад баярлан баясах агуу шалтгаантай байсан бэ? (Их Эзэн ариун сүмийг хүлээн авч мөн тэнд Өөрийгөө тэдэнд үзүүлэхээр амласан.)

  • Ариун сүмд Их Эзэн Өөрийгөө хүмүүст хэрхэн үзүүлж болох вэ? (Үзүүлэх гэдэг үг нь дэлгэх, харуулах гэсэн утгатай. Энэ тухай тэд Сургаал ба Гэрээ 97 ба Сургаал ба Гэрээ 109-ийг судалж байхдаа ярилцсан болохыг суралцагчдад сануул. Ихэнх тохиолдолд Их Эзэн Өөрийгөө Ариун Сүнсний хүчээр үзүүлдэг.)

7–8-р шүлэгт буй амлалтаас нэгэн зарчмыг олж тогтоохыг суралцагчдаас хүс. Суралцагчид янз бүрийн зарчмуудыг олж тогтоож болох ч дараах зарчмыг илэрхийлж байгааг бататга. Хэрэв бид Их Эзэний зарлигуудыг дагаж, Түүний өргөөг цэвэр ариун байлгах юм бол, Тэрээр ариун сүмд Өөрийгөө бидэнд үзүүлэх болно. Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.

Энэ зарчмыг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах асуултуудыг ярилц.

  • Бид яаж Их Эзэний өргөөг бохирдуулахгүй, цэвэр байлгах вэ?

  • Их Эзэн Өөрийн өргөөнд Өөрийгөө үзүүлэхийн өмнө биднээс яагаад Өөрийнхөө өмнө цэвэр ариун мөн дуулгавартай байхыг шаарддаг вэ?

Хэрэв суралцагчид ариун сүмд орж байсан бол, тэднийг тэнд Их Эзэнд ойр байгаагаа мэдэрч байсан туршлагаа санан дурсахыг хүс. Ариун сүмд шүтэн биширч байхдаа та ямар мэдрэмжтэй байдаг талаараа хуваалцахыг бодоорой.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 110:9–10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, хэн яагаад баясан хөөрөхийг олж мэдэхийг хүс.

  • Эдгээр шүлэгт өгүүлснээр, ариун сүмийн адислалуудыг сэргээснээр хэн адислагдах вэ?

  • Амьд хүмүүс болон нас барагсдын төлөөх авралын ажил мөн ариун сүмүүдийн улмаас дэлхий хэрхэн адислагддаг вэ?

  • Ариун сүм амьдралд чинь хэрхэн адислал болдог вэ?

Сургаал ба Гэрээ 110:11–16

Мосе, Елиа, Елиас нар үзэгдэж, Иосеф Смит, Оливер Каудери хоёрт санваарын түлхүүрүүдийг сэргээв

Суралцагчдаас тэдний гэр бүлийн гишүүд бие биеэсээ түр хугацаагаар хол байсан үеийн талаар хуваалцахад урь. Хэдэн суралцагчаас бие биеэсээ хол байх үед юу мэдэрснээ хуваалцахыг хүс. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 110:11–16-г судлахдаа, энэхүү үзэгдэл бидний гэр бүлүүд аливаа салалтыг хэрхэн даван туулж чадахыг бидэнд баталгаажуулж байгааг олж мэдэхэд урь.

Самбар дээр дараах хүснэгтийг зур. Хаалтанд байгаа мэдээллүүдийг бүү бич.

Мосе

С ба Г 110:11

Елиас

С ба Г 110:12

Елиа

С ба Г 110:13–16

Санваарын түлхүүрүүд сэргээгдсэн

(Израилын овгийг цуглуулах түлхүүрүүд)

(Абрахамын сайн мэдээний эрин үе)

(Энэ эрин үеийн түлхүүрүүд)

Энэ түлхүүрүүд юуг удирддаг тухай

(Номлогчийн ажил)

(Селестиел гэрлэлт ба мөнхийн үр удам)

(Ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажлыг багтаах лацдан холбох хүч)

Аврагчийн тухай үзэгдэл хаагдсаны дараа, гурван өөр хүн Иосеф Смит, Оливер Каудери хоёрт нэг нэгээрээ үзэгдсэн болохыг тайлбарла. Мосе ба Елиа (Сайн мэдээний уран зургийн ном [2009], дуг. 14, 20; мөн LDS.org-ийг үзнэ үү). Мосе, Елиа нар нь хэн болохыг мөн тэдний хийсэн онцгой чухал зүйлсийг тайлбарлахыг суралцагчдаас хүс. (Хэрэв суралцагчдад тусламж хэрэгтэй бол, Библийн толь бичиг дээрээс бошиглогчдыг харахыг санал болго.) Елиас нь Абрахамын үед амьдарч байсан бошиглогч байсан байж болохыг тайлбарла. Энэ нь хүний нэр байхаас гадна, Eлиас гэдэг бол өмнө нь гүйгч хүний цол юм. (Bible Dictionary эсвэл Судруудын удирдамж, “Eлиас,” scriptures.lds.org үзнэ үү).

Арван зарлиг
Елиа, Баалын санваартнуудын эсрэг тэмцсэн нь

Ангийг гурван бүлэг болгон хуваарил. Хэсэг бүрд самбар дээр бичсэн гурван нэрний нэгийг даалга. Тэнгэр элч бүр санваарын түлхүүрүүдийг Иосеф Смит, Оливер Каудери хоёрт итгэн даалгасныг тайлбарла. Суралцагчдаас өөрсдөд нь даалган өгсөн нэрийн доорх судрын шүлгүүдийг судлан, уг тэнгэр элч юуг сэргээснийг олж мэдэхийг хүс. Хангалттай хугацааны дараа, бүлэг бүрээс нэг суралцагчийг урьж өөрсдөд нь даалгасан судрын хэсгүүдийг ангийнханд уншихад урь. Бүлэг бүрээс хоёр дахь суралцагчийг, “Санваарын түлхүүрүүд сэргээгдсэн” гарчгийн доорх хүснэгтэнд самбар дээр энэ тэнгэр элч юуг сэргээснийг бичихэд урь.

Израилыг цуглуулах түлхүүрүүд нь юу вэ гэдгийг ойлгоход суралцагчдад туслахын тулд дараах асуултын талаар ярилц.

  • Бидний энэ үед Их Эзэн хүүхдүүдээ Өөрийн хаант улсад хэрхэн цуглуулдаг вэ?

Суралцагчдын хариултуудад нэмэлт болгон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоны дараах тайлбарыг унших хэн нэгнийг урь.

Ахлагч Рассэлл М.Нэлсон

“Номлогчийн ажил нь Израилын цугларалтад нэн чухал юм. … Олон үндэстнүүдийн дунд манай номлогчид Израилын тараагдсан тэдгээр хүмүүсийг эрж хайдаг” (“The Gathering of Scattered Israel,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 11-р сар, 81).

Самбар дээр “эдгээр түлхүүр нь юуг тайлах вэ” гэсэн гарчиг бүхий мөрөнд “Мосе” гэсэн нэрийн доор Номлогчийн ажил хэмээн бич.

  • Мосе номлогчийн ажлыг удирдах түлхүүрүүдийг сэргээсэн нь таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

Абрахамын сайн мэдээний эрин үе, Их Эзэний Абрахамтай хийсэн амлалтууд нь Иосеф Смит, Оливер Каудери хоёрт Елиасаар дамжуулан сэргээгдсэн. Елиасаар дамжуулан Абрахамын сайн мэдээний эрин үе сэргээгдсэн тухай ойлгоход нь суралцагчдад туслахын тулд, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн хэлсэн дараах тайлбарыг уншихыг нэг суралцагчаас хүс.

Ахлагч Брүс Р.Макконки

“Елиас итгэлтнүүд мөнхөд өсөн хөгжих амлалтыг, селестиел гэрлэлтээр дамжуулан тэдний мөнх үр удам нь далайн элсний ширхэг мэт, эсвэл тэнгэрийн одод мэт олон болох амлалтыг өгдөг Абрахамын агуу гэрээг буюу ‘Абрахамын сайн мэдээг’ эргүүлэн авчирсан юм. Эртний Абрахам, Исаак, мөн Иаковын хүлээн авсан амлалтыг - өнөө үеийн хүмүүс мөн тэдний үр удам бүх үеэрээ адислагдах болно гэсэн тэр амлалтыг Елиас өгдөг. Мөн бид одоо Абрахам, Исаак, мөн Иаковын адислалуудыг, хүлээн авах бүх хүнд өгөхийг хүсэж байна” (“The Keys of the Kingdom,” Ensign, 1983 оны 5-р сар, 22).

  • Ахлагч Макконкигийн хэлсний дагуу, Абрахамд ямар амлалтууд өгөгдсөн бэ? (Суралцагчдыг хариулах үед, селестиел гэрлэлт ба мөнхийн үр удам хэмээн самбар дээр “Елиас” гэсэн үгний доорх багананд бич.)

  • Селестиел гэрлэлт мөн мөнхийн үр удмын адислал нь та нарын хувьд юу гэсэн утгатай вэ? Эдгээр нь та нарт яагаад чухал вэ?

Елиагийн сэргээсэн түлхүүрүүдийг ойлгоход суралцагчдад туслахын тулд, хоёр суралцагчийг дараах мэдэгдлийг уншихад урь.

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит: “Елиад өгсөн энэхүү лацдалтын хүч бол эхнэр нөхрүүдийг мөн хүүхдүүдийг эцэг эхтэй нь энэ үед болон үүрд мөнхөд холбож өгдөг хүч юм. Энэ нь сайн мэдээний ёслол бүрд оршдог холбох хүч юм. … Энэхүү хүчээр авралд хүргэх холбох, лацдах бүхий л ёслолууд хийгддэг бөгөөд үүнийг Елиа ирж сэргээх үүрэг зорилготой байсан” хэмээн заажээ (Elijah the Prophet and His Mission [1957], 5).

Ахлагч Дэвид А.Бэднар

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар: “Христийн сэргээгдсэн Сүмийн гишүүд бид өвөг дээдсээ хайж, тэдний сайн мэдээний авралын ёслолуудыг хийх үүрэг хариуцлагатай билээ. … Ийм учраас бид гэр бүлийн түүхээ эрж хайн, ариун сүм барьж, бусдын төлөө ёслолуудыг хийдэг. Мөн тэрхүү учир шалтгаанаар Елиа газар болон тэнгэрт холбогдох лацдан холбох эрх мэдлийг сэргээхээр илгээгдсэн юм” (“Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно,” Ensign, 2011 оны 11-р сар, 25–26 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28–30).

  • Эдгээр тайлбарт өгүүлснээр, Елиа ямар хүч, эрх мэдлийг сэргээсэн бэ? (Суралцагчдыг хариулах үед, ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг оролцуулсан лацдан холбох хүч гэж самбар дээр “Елиа” гэсэн баганын доор бич. Энэ санваарын түлхүүрүүд байхгүй бол “[Их Эзэний] ирэлтээр бүх дэлхий бүрмөсөн устгагдах болно” гэдгийг суралцагчдад сануулж болно [C ба Г 2:3].)

  • Та нар лацдах хүчний сэргээлтээр хэрхэн адислагдаж байсан бэ?

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит нь Көртландын ариун сүм бол “эрх мэдлийн түлхүүрүүдийг сэргээх гол зорилгоор баригдсан.” Энэ түлхүүрүүдийг хүлээн авснаар сайн мэдээний ёслолууд бүрэн дүүрнээр илчлэгдсэн юм” хэмээн тэмдэглэсэн байдгийг тайлбарла (Doctrines of Salvation, нэгтгэсэн Брүс Р.Макконки, 3-р боть [1954–56], 2:242). Сүмийн ерөнхийлөгч, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга нь одоо энэ санваарын түлхүүрүүдийг үргэлжлүүлэн хэрэглэсээр байна.

Дараах гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич. Номлогчийн ажил, мөнхийн гэр бүлүүд, мөн ариун сүмийн ажлын түлхүүрүүд нь бидэнд … тусална.

Суралцагчдыг энэ зарчмыг яаж дуусгаж болохыг олж мэдэхээр, Сургаал ба Гэрээ 110:11–16-г чимээгүй уншихад урь.

  • Эдгээр шүлэгт өгүүлснээр, номлогчийн ажил, мөнхийн гэр бүлүүд болон ариун сүмийн ажил яагаад зайлшгүй чухал вэ? (Суралцагчдыг хариулах үед, самбар дээрх өгүүлбэрийг гүйцээж бич. Тэдний хариулт дараах зарчмыг илэрхийлэх хэрэгтэй. Номлогчийн ажил, мөнхийн гэр бүлүүд болон ариун сүмийн ажлын түлхүүрүүд нь бидэнд Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд тусална.)

Суралцагчдад энэ сургаалыг ойлгоход туслахын тулд бүлэг бүрд дараах тунгаан бодох асуултуудаас нэгийг даалган өг. (1) Номлогчийн ажил хэрхэн Их Эзэний Хоёр дахь ирэлтэд хүмүүсийг бэлтгэдэг вэ? (2) Мөнхийн гэр бүлийн болон гэрлэлтийн амлалтууд хүмүүсийг хэрхэн Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэдэг вэ? (3) Ариун сүмийн ажил хүмүүсийг хэрхэн Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэдэг вэ? Хангалттай хугацаа өгсний дараа, бүлэг бүрээс нэг суралцагчийг асуултуудад хэрхэн хариулахыг нь асуу.

Дараах асуултуудыг самбар дээр бичээд, суралцагчдаас тэдгээрийг дэвтэр дээрээ юм уу судрын тэмдэглэлдээ хариулж бичихийг хүс.

Санваарын түлхүүрүүд сэргээгдсэний ачаар та нар хэрхэн адислагдсан бэ?

Энэхүү сэргээгдсэн түлхүүрүүдээр дамжуулан хэн нэгэн адислагдахад туслахын тулд та нар юу хийж болох вэ?

Хангалттай цаг өгсний дараа суралцагчдыг хамтрагчтайгаа бодлоо хуваалцахад урь. Та санваарын түлхүүрүүд сэргээгдсэний улмаас таны амьдрал хэрхэн адислагддаг талаар хуваалцахыг бодож үз.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 110:10. “Энэ өргөөний алдар нэр алс холын нутгуудад тархах болно.”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр:

Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“[1836 онд] Их Эзэн ‘Энэ өргөөний алдар нэр алс холын нутгуудад тархах болно’ хэмээн бошиглосон юм. (C ба Г 110:10.) Тэр үеийн нөхцөл байдалд энэ нь үнэхээр итгэмээргүй зүйл байсан юм. Сүмийн гишүүд маш цөөн, шинэ газар нутгийн хөдөө хэсгээр таран амьдардаг байв. Эртний тэр өдрүүдэд хавчлага мөрдлөг, тэмцэл, зовлон бэрхшээлүүд байсан ч гэсэн одоо дэлхий даяар цуглаанууд тархан олон мянган номлогчид тэднийг урьсан хаалга бүрд очин гэрчлэлээ хуваалцаж явна” хэмээн тайлбарласан юм (The Holy Temple [1980], 135).

Сургаал ба Гэрээ 110:11. Израилын цугларалт

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит: “Мосе Израилын цугларалтын түлхүүрүүдийг эзэмшиж байсан. Тэр Израилыг Египетээс удирдан гаргаж, Канааны нутаг руу удирдсан. Тэрээр энэ үеийнхэнд ирж орчин үеийн цугларалтын тэр түлхүүрүүдийг сэргээх нь түүний томилолт байсан юм” гэж тайлбарлажээ (Church History and Modern Revelation, 2-р боть [1953], 2:48). Көртландын ариун сүм дэх энэ үзэгдлийн дараа удалгүй бошиглогч Иосеф Смит дэлхийн өнцөг булан бүрээс ирэх Израилын цугларалтын энэ түлхүүрүүдийг хэрэглэж эхэлсэн. Тухайлбал, 1837 онд ахлагч Хибер С.Кимбалл, ахлагч Оорсон Хайд болон бусад номлогчийг Англи руу илгээж, тэдний тунхаглалын үр дүнд 2000 гаруй бодгаль Есүс Христийн сэргээгдсэн Сүмд цугларахад тэд тусалсан билээ.

Сургаал ба Гэрээ 110:13. Елиагийн буцаж ирсэн нь

1836 оны 4-р сарын 3-ны Христийн амилсны баярын ням гараг болох энэ агуу өдөр үзэгдэл, илчлэлт тохиосон билээ [Сургаал ба Гэрээ 110-р хэсгийн оршил хэсгийг үз]. Сэргээлтийн бодит байдлыг батлан харуулсан цаг хугацааны бүрэн байдлын эрин үед энэ өдрөөс илүү дээр ямар өдөр байх вэ? Тэрхүү долоо хоногийн сүүлийн өдрүүд еврейчүүдийн Дээгүүр өнгөрөх баяр байсан. Олон зууны туршид еврей гэр бүлүүд Дээгүүр өнгөрөх баярынхаа үеэр Елиагийн ирэхийг хүлээн, хоосон сандал тавьж үлдээдэг байв. Елиа эргэн ирсэн бөгөөд гэхдээ Дээгүүр өнгөрөх баярт биш, Көртландын ариун сүмд иржээ” (Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл [Cүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2003], 167).

Сургаал ба Гэрээ 110:13-16. Лацдан холбох түлхүүрүүд нь эцгүүд болон хүүхдүүдийн зүрх сэтгэлийг эргүүлнэ

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фауст:

Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст

“Миний бодлоор Сүмийн гишүүд бусад хүмүүсийг бодвол гэр бүлийн амьдралдаа хамгийн үр өгөөжтэй аргуудыг хэрэглэдэг. Эрэгтэй, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн аль нь ч гэр бүл доторх эцэг эхчүүдийн тэнгэрлэг үүргийг дээдлэн хүндэтгэх ёстой. Ингэснээр Сүмийн гишүүдийн дундах хүндлэл, талархал нь зөв шударга үндсэн дээр суурилагдах болно. Малахигаар яригдсаны дагуу Елиагийн сэргээсэн энэхүү агуу лацдан холбох түлхүүрийг хэрэглэн ‘бүхэл дэлхий зүхлээр арчигдахгүйн тулд эцгүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүд уруу нь, мөн хүүхдүүдийнхийг эцгүүд уруу нь эргүүлэх нь буюу.’ (С ба Г 110:15; Maл. 4:6.) …

Елиагийн хүртээсэн энэхүү хүч нь магадгүй, зөвхөн ариун нандин газруудад гүйцэтгэсэн тэрхүү ёслолуудаар л ямарваа зүйлсийг холбодог гэж бид үздэг. Ариун сүмийн ёслолууд бидний өдөр тутмын амьдралд биеллээ олсноор хүч нөлөө, үр өгөөж нь улам сайн байх болно. Елиагийн хүч эцгүүдийн болон хүүхдүүдийн зүрх сэтгэлийг бие бие рүү нь эргүүлэх болно хэмээн Малахи хэлжээ. Зүрх сэтгэл бол сэтгэл хөдлөлийг багтаадаг мөн илчлэлтийг дамжуулдаг суваг билээ. (Малахи 4:5–6-г үзнэ үү.) Лацдалтын энэхүү хүч нь халамж бүхий орчин, хайрын үйлчлэлээр дамжин гэр бүлийн харилцаа, зан төлөв болон ариун журмаар илрэн харагддаг. Эдгээр нь гэр бүлийн гишүүдийг хооронд нь холбож өгдөг уяа юм” хэмээн заажээ (“Father, Come Home,” Ensign, 1993 оны 5-р сар, 37).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсон:

Ахлагч Рассэлл М.Нэлсон

Энэхүү [санваарын түлхүүрүүдийн] сэргээлт нь гэр бүлийн бурханлаг чанарыг гэрчлэгч Ариун Сүнсний тунхаглал буюу заримдаа Елиагийн Сүнс хэмээн нэрлэгддэг зүйлийг дагалдан ирсэн юм” гэж заасан юм (“A New Harvest Time,” Ensign, 1998 оны 5-р сар, 34).