Институт ба семинар
69-р хичээл: Сургаал ба Гэрээ 64:1–19


69-р хичээл

Сургаал ба Гэрээ 64:1–19

Оршил

1831 оны 8-р сарын 27-нд бошиглогч Иосеф Смит болон хэдэн ахлагч Миссуригийн Индепенденс дэх газар болон Сионы ариун сүмийн талбайг онцгойлон адислах аяллаасаа Огайод эргэж ирээд удаагүй байв. Миссури руу явах ба буцаж ирэх аяныхаа үеэр ахлагчдын зарим нь өөр хоорондоо санал зөрөлдөж мөн таагүй мэдрэмжтэй байсан боловч ихэнх нь бие биетэйгээ эвлэрч чаджээ. 9-р сарын 11-нд, бошиглогч Сургаал ба Гэрээ 64-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан байна. Энэ хичээл Сургаал ба Гэрээ 64:1–19-ийг хамрах бөгөөд үүнд Их Эзэн Өөрийн үйлчлэгчдийг уучлахад бэлэн байдаг талаар ярьжээ. Тэр мөн Сүмийн гишүүдэд нэг нэгнээ уучлахыг зарлиг болгосон байна.

Тайлбар: 70-р хичээл хоёр суралцагчийг заах боломжоор хангадаг. Хэрэв та тэднийг сонгож амжаагүй байгаа бол одоо хоёр суралцагчийг сонгоод, бэлтгэлийг нь хангуулахын тулд 70-р хичээлийн тодорхой хэсгүүдийн хуулбарыг тэдэнд өг.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 64:1–7

Их Эзэн ахлагчдад уучлахад бэлэн байдгаа батлан хэлэв

Хичээл эхлэхээс өмнө дараах асуултуудыг самбар дээр бич.

Та хэн нэгний үг эсвэл үйлдлээс болж гомдож байсан уу?

Тэр нөхцөл байдалд та юу хийсэн бэ?

Суралцагчдыг самбар дээрх асуултуудыг тунгаан бодоход урьж хичээлээ эхлүүл.

Сургаал ба Гэрээ 64 дээр бусад хүн биднийг гомдоох үед бид юу хийх ёстойг Их Эзэн заадаг гэдгийг тайлбарла. Иосеф Смит Сургаал ба Гэрээ 64-т цэдэглэгдсэн илчлэлтийг 1831 оны 9-р сарын 11-нд буюу ахлагчдын бүлгийн хамт Миссуригийн Индепенденсээс Огайод эргэж ирснээс хоёр долоо хоногийн дараа хүлээн авав. Эдгээр ахлагч болон Сүмийн бусад гишүүн, бүлгийн зарим гишүүний хоорондох санал зөрөлдөөн ба зөрчилдөөний мэдрэмжээс болж хүндхэн асуудалтай тулгарчээ. Энэ илчлэлтэд Их Эзэн “Та нарын дунд нүгэл үйлдсэн тэд буй” хэмээн хэлжээ (С ба Г 64:3).

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 64:1–4-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас Их Эзэн нүгэл үйлдсэн хүмүүст хэрхэн ханддагийг тодорхойлсон хэллэгийг олж мэдэхийг хүс. Та суралцагчдад олж тогтоосон хэллэгүүдээ тэмдэглэхийг зөвлөж болно.

  • Их Эзэн нүгэл үйлдсэн Сүмийн гишүүдэд хэрхэн хандах талаар юу гэж хэлсэн бэ?

  • Эдгээр хариулт Их Эзэний тухай бидэнд юу заадаг вэ? (Суралцагчид өөр үгс ашиглаж болох ч дараах зарчмыг олж тогтоох ёстой. Их Эзэн нинжин сэтгэлтэй, өршөөнгүй ба нигүүлсэнгүй. Зарчмыг самбар дээр бич.)

  • Энэ үнэн нь санал зөрөлдөөн болон уур уцаараас болж асуудалтай тулгарсан Сүмийн гишүүдийн хувьд хэрхэн ач холбогдолтой байж болох байсан бэ? Аврагчийн тухай энэ үнэн яагаад та нарт хамаатай вэ?

Энэ үед Иосеф Смиттэй хамт аялж байсан ахлагчдын заримыг оролцуулан Сүмийн зарим гишүүн Иосеф Смитийг шүүмжилж эхэлсэн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 64:5–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Их Эзэн Иосеф Смитийн талаар юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчийг уншихаас өмнө, 6-р шүлэгт гарч буй хэн нэгний эсрэг далим эрэх гэдэг нь хэн нэгнээс бурууг хайх гэсэн үг гэдгийг тайлбарла.

  • Их Эзэн Иосеф Смитийн тухай юу гэж хэлсэн бэ? (Иосеф Смит Их Эзэний хаант улсын түлхүүрүүдийг атгаж байсан ба Их Эзэний үйлчлэгч байсан. Зарим хүн Иосеф Смитээс алдаа эрж байсан.)

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 64:7-г дотроо уншиж, Иосеф Смитийн талаар Их Эзэний хэлсэн ямар нэгэн өөр зүйлийг олж мэдэхэд урь.

  • Энэ шүлгээс бид Иосеф Смитийн талаар юу суралцаж болох вэ? (Иосеф Смит нүгэл үйлдсэн боловч Их Эзэн түүнийг уучлахад бэлэн байсан. Суралцагчдад энэ шүлгийг ойлгоход нь туслахын тулд, Иосеф Смит бүх хүнтэй адил сул талуудтай байсан ба нүглүүдийнхээ төлөө Их Эзэнээс өршөөл эрэх хэрэгтэй байсан гэдгийг та тайлбарлаж болно. Гэвч, тэр ноцтой нүгэлд буруутай байгаагүй.)

  • Энэ шүлгээс бид Их Эзэнээс өршөөл хүлээн авахын тулд юу хийх ёстой талаар юу сурч болох вэ?

Сургаал ба Гэрээ 64:8–19

Их Эзэн Өөрийн үйлчлэгчдэд бие биенээ уучлахыг зарлиглав

Хэрэв боломжтой бол, танай газар нутагт амьдардаг хортой могойн зургийг эсвэл хортой могойнд хазуулснаас үүдэлтэй шархны зургийг үзүүл.

  • Хэрэв та хортой могойд хатгуулсан бол өвдөлтөөс гадна ямар мэдрэмж мэдэрнэ гэж бодож байна вэ?

Энэ нөхцөл байдалд орсон хүн (1) могойг хөөж мөн уурандаа эсвэл айснаасаа болж түүнийг ална эсвэл (2) биеэсээ хорыг зайлуулахын тулд түргэн арга хэмжээ авна гэдгийг тайлбарла.

  • Энэ хоёр үйлдлийн аль нь илүү ухаалаг гэж та бодож байна вэ? Яагаад?

Хатгуулсны дараа уг хүний хийж буй сонголтуудыг бусдын үг эсвэл үйлдлээс болж гомдож буй бидний сонголтуудтай харьцуулж болно гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 64:8-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, бие биенээ уучлахаас татгалзсаны улмаас Их Эзэний зарим шавь ямар үр дагавар амссаныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс.

  • Бид 8-р шүлгээс ямар зарчим сурч болох вэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч дараах зарчмыг тодорхойлох ёстой. Бид бусдыг уучлахаас татгалзах үедээ өөрсөд дээрээ зовлон бэрхшээл авчирдаг. Та суралцагчдад энэ зарчмыг судар дээрээ өөрсдийн үгээр бичихийг санал болгож болно.)

  • Хүн бусдыг уучлахгүй байснаар хэрхэн зовж (эсвэл шаналж) болох вэ? Энэ нь өөрийг нь хатгасан могойг хөөж байгаа хүний үр дагавартай хэрхэн адил төстэй байна вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 64:9-ыг чанга уншихад урь. Ангийнхныг бусдыг уучлахгүй байхын бас нэгэн үр дагаврыг олж тогтооход урь.

  • 9-р шүлэгт цэдэглэгдсэнээр, бусдыг уучлахгүй байхын бас нэг үр дагавар юу вэ? (Хэрэв бид бусдыг уучлахгүй бол Их Эзэний өмнө буруушаагдахаар зогсдог. Энэ зарчмыг самбар дээр бич.)

Ярилцлагын нэг хэсэг болгон та Далын ахлагч Дэвид И.Сорэнсэний хэлсэн дараах үгийг уншиж болно.

Ахлагч Дэвид E.Сорэнсэн

“Бидэнд хийсэн муу зүйлийнх нь төлөө хэн нэгнийг уучлах үнэхээр хэцүү байдаг ч уучилсан үедээ бид илүү сайн ирээдүйд өөрсдийгөө нээж өгдөг. Хэн нэгний буруу үйлдэл бидний амьдралд нөлөөлөх ёсгүй. Бид бусдыг уучилснаар энэ нь амьдралаа хэрхэн авч явахыг чөлөөтэйгөөр сонгох боломжийг бидэнд олгодог. Уучлалт гэдэг нь өнгөрсөн үеийн асуудлууд бидний хувь тавиланг дахин захирахгүй бөгөөд бид зүрх сэтгэлдээ Бурханы хайрыг агуулан, ирээдүйд анхаарлаа хандуулж болно гэсэн үг юм” (“Forgiveness Will Change Bitterness to Love,” Ensign эсвэл Liahona, 2003 оны 5-р сар, 12).

Суралцагчдад бүх хүнийг уучил хэмээсэн Их Эзэний зарлигийг олж тогтоож мөн амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслахын тулд дараах жишээнүүдийг уншиж мөн дагалдах асуултуудыг тавь.

  1. Нэг залуу эмэгтэй үеийнх нь зарим охин түүний талаар хов жив ярьсныг мэдээд гомдож мөн ичиж байна. Дараа нь охидын зарим нь уучлалт гуйсан боловч бусад нь тэгсэнгүй. Залуу эмэгтэй уучлал гуйсан хүмүүсийг уучилсан боловч бусдад нь өс санажээ.

    Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 64:10–11-ийг уншихад урь. Эдгээр шүлэг таны сая уншсан жишээтэй ямар холбоотойг бодохыг тэднээс хүс.

    • 10-р шүлэгт Их Эзэн ямар зарлиг өгсөн бэ? (Суралцагчдад дараах зарлигийг олж тогтооход тусал. Их Эзэн бидэнд бүх хүнийг уучлахыг зарлигладаг.)

    • Энэ зарлиг нь жишээн дээрх залуу эмэгтэйтэй хэрхэн холбогдох вэ? Хийсэн буруу зүйлийнхээ төлөө уучлал гуйсан эсэхээс үл хамааран бүх хүнийг уучлах нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

  2. Нэгэн залуу эрэгтэй зарлигийг зөрчжээ. Тэр өршөөл хүсэн залбирч мөн уг асуудлын талаар бишоптойгоо ярилцсан байна. Гэвч, бишоп өөрийг нь бүрэн наманчилсан гэж хэлсний дараа ч гэсэн, залуу эрэгтэй өмнө нь хийсэн нүглээсээ болоод өөрийгөө зохисгүй гэж бодсоор байна.

    • Бүх хүнийг уучлах зарлиг нь жишээн дээрх залуу эрэгтэйтэй хэрхэн холбогдох вэ? Бид яагаад өөрсдийгөө уучлах ёстой вэ?

  3. Нэгэн залуу эмэгтэй аавынхаа үйлдлээс болж гуниглаж бас эргэлзэж байв. Аав нь гэр бүлээ орхин явжээ. Тэр явахаасаа өмнө гэр бүлдээ хайраа бараг үзүүлдэггүй байсан ба ширүүн зан олонтоо гаргадаг байв. Аав нь яагаад ийм байдаг байсныг залуу эмэгтэй ойлгодоггүй ба тэр түүнд уурлаж явдаг. Тэр аавыгаа уучлахыг хичээх ёстой гэдгээ мэддэг боловч уучилж чадна гэж боддоггүй.

    • 11-р шүлэг дэх Их Эзэний зөвлөгөө энэ залуу эмэгтэйд аавыгаа уучлахад нь хэрхэн тусалж чадах вэ? Энэ нь биднийг гомдоосон хүмүүсийг Бурхан шүүх ёстой гэж ойлгоход бидэнд хэрхэн тусалдаг вэ?

Суралцагчдаас тэдэнд уучлах хэрэгтэй хүмүүс байгаа эсэхийг бодож үзэхийг хүс. Зарим үед бусдыг уучлах нь маш хэцүү байж болно гэдгийг хүлээн зөвшөөр. Нэг суралцагчийг ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн дараах үгийг уншихад урь. Ангийнхнаас тэд хэн нэгнийг уучилж чадахгүй байгаа бол юу хийж чадах талаараа сонсохыг хүс.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Уучлах хүч чадлыг Их Эзэнээс гуйхыг би та нараас хүсэж байна. … Энэ амархан биш, мөн хурдан ирэхгүй байж болно. Гэвч хэрэв та нар үүнийг чин сэтгэлээсээ эрэлхийлж мөн өөртөө хөгжүүлбэл энэ нь ирэх болно” (“Of You It Is Required to Forgive,” Ensign, 1991 оны 6-р сар, 5).

  • Хэрэв бид хэн нэгнийг уучилж чадахгүй байвал ерөнхийлөгч Хинкли юу хийхийг зөвлөсөн бэ? Хүч чадлын төлөө залбирах нь бидэнд бусдыг уучлахад хэрхэн тусалж чадна гэж та нар бодож байна вэ?

Бусдыг уучлах бидний сонголт тэднийг үйлдлийнхээ төлөө үүрэх хариуцлагаас чөлөөлдөггүй хэмээн Их Эзэн заасан гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 64:12–14-ийг хураангуйл. Тэд үйлдсэн буруу зүйлүүдийнхээ төлөө Их Эзэний өмнө хариуцлага хүлээх нь хэвээр байх болно. Сургаал ба Гэрээ 64:15–17-д, Их Эзэн Өөрийн хоёр үйлчлэгч Исаак Морлей болон Эдвард Партриж нарыг гэм нүглээ наманчилсан учраас онцлон уучилсныг бид хардаг.

Есүс Христийн зургийг үзүүл. Хичээлийн эхэнд самбар дээр бичсэн үнэнийг онцлон хэл. Их Эзэн нинжин сэтгэлтэй, өршөөнгүй мөн нигүүлсэнгүй. Бид бусдыг уучилснаар Аврагчтай илүү адил болно гэдгийг гэрчил.

Суралцагчдыг өнөөдөр сурсан уучлалын зарчмуудыг хэрхэн амьдралд хэрэгжүүлж болох талаар тунгаан бодоход урь. Тэдэнд эдгээр үнэнийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд юу хийх болон хүлээн авсан сүнслэг өдөөлтүүдээ бичихэд нь зориулж цаг гаргаж өг.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 64:8. Бид бусдыг уучлахгүй байснаараа өөрсөд дээрээ гай зовлонг авчирдаг

Далын ахлагч Дэвид И.Сорэнсэн уучлах хүсэлгүйгээсээ болж бие биенээ болон өөр олон хүнд хор хөнөөл учруулсан хоёр эрэгтэй хүний талаар ярьсан.

Ахлагч Дэвид И.Сорэнсэн

“Би ус амьдралынх нь эх булаг болсон газар, тариалан эрхэлдэг нэг жижигхэн тосгонд өссөн билээ. Манай тосгоны хүмүүс бороо, усжуулалт гээд ерөнхийдөө усыг хүлээж, үүний талаар санаа зовж мөн залбирдаг байсныг би санадаг. …

Цаг уурын таагүй байдлаас болж зарим үед хүмүүс тийм ч сайхан зантай байдаггүй байсан. Үе үе хөршүүд аль нэг тариаланч өөрийнхөө ээлжин дээр усалгааны шуудуунаас усыг хэт удаан авч байна гэж маргалддаг байв. Манай ойролцоо амьдардаг хоёр хүний маргаан яг ингэж эхэлсэн бөгөөд би тэр хоёрыг Чет, Волт гэж нэрлэе. Энэ хоёр хөрш хувааж хэрэглэдэг байсан усалгааны шуудуун дахь уснаас болж маргалдаж эхэлсэн. Энэ нь эхэндээ сүйдтэй маргаан биш байсан боловч хэдэн жилийн дотор энэ хоёрын зөрөлдөөн нь дургүйцэл, дараа нь маргалдаан, цаашлаад бүр заналхийлэл болсон юм.

7-р сарын нэгэн өглөө тэр хоёр ус багассаныг мэджээ. Тэр хоёр юу болсныг үзэхээр шуудуу руу явсан бөгөөд дотроо бие биенээ ус хулгайлсан хэрэгт буруутгаж байв. Тэд хаалт дээр зэрэг иржээ. Ширүүн үгээр маргалдаж, энэ нь зодоон болоход хүргэв. Волт том биетэй, их хүчтэй хүн байсан. Чет биеэр жижиг, шөрмөслөг, махруу зантай хүн байсан. Зодооны дундуур эрчүүд барьж явсан хүрзээ зэвсэг болгон ашиглав. Волт санамсаргүй Четийн нэг нүдийг хүрзээр цохиж, түүний нүдийг нь сохлов.

Үүнээс хойш олон сар, жил өнгөрсөн ч Чет болсон явдлыг мартаж, уучилж чадахгүй байв. Нүдээ сохлуулсан түүний уур дотроо буцалж байсан бөгөөд үзэн ядах сэтгэл нь улам хүчтэй болжээ. Нэг өдөр Чет малын саравчиндаа орж, тавиур дээрээс буу авч, мориндоо мордоод шуудууны гол хаалт руу явжээ. Тэр шуудууг боож, Волтын фермийн усыг хаалаа. Волт юу болсныг үзэхээр удахгүй ирнэ гэдгийг тэр мэдэж байсан. Тэгээд Чет бутанд ороод хүлээж байв. Волтыг ирэхэд нь Чет түүнийг буудаж алав. Тэгээд тэр мориндоо мордон гэртээ эргэж ирээд, шүүхийн албан тушаалтан руу залгаж мөн Волтыг дөнгөж сая буудсан гэдгээ хэлжээ.

Четийг хүн алсан хэргээр шүүх бүрэлдэхүүнд орохыг ааваас минь хүссэн юм. Аав минь тэр хоёртой, тэдний гэр бүлүүдтэй олон жил нөхөрлөсөн учраас бүрэлдэхүүнд орохоос татгалзсан. Чет хүн алсан хэргээр шүүгдэж, бүх насаараа хоригдох ял авав.

Олон жилийн дараа, Четийн эхнэр аав дээр минь ирээд, захирагчаас мужийн засан хүмүүжүүлэх газар олон жил хоригдож эрүүл мэнд нь доройтсон нөхөрт нь өршөөл үзүүлэхийг гуйсан өргөдөл дээр гарын үсэг зурахыг хүссэн юм. Аав минь өргөдөл дээр гарын үсэг зурав. Хэд хоногийн дараа Волтын хөвгүүдийн хоёр нь манай гадаа ирэв. Тэд маш их уурлаж, бухимдсан байсан. Аав чинь өргөдөлд гарын үсэг зурсны улмаас өөр олон хүн гарын үсэг зурсан гэж тэд хэлсэн юм. Тэд өргөдөл дээрээс нэрээ татаж авахыг ааваас хүссэн. Би татгалзав. Аав үгүй гэж хэлэв. Тэр Четийг доройтож, өвчилсөн хүн гэж бодож байсан. Тэр болчимгүй хийсэн гэмт хэргээс болж энэ олон жилийг шоронд өнгөрөөсөн. Аав минь Четийг гэр бүлийнхээ дэргэд зохих ёсоор оршуулагдаасай гэж хүсэж байсан юм.

Волтын хөвгүүд ууртайгаар, ‘хэрэв тэр шоронгоос суллагдвал бид түүнийг болон гэр бүлд нь хор хөнөөл учруулах болно’ гэж хэллээ.

Чет удалгүй суллагдаж, гэртээ ирж мөн гэрийнхнийхээ дэргэд нас барсан юм. Аз болоход, хоёр гэр бүлийн хооронд дахин хүчирхийлэл гараагүй. Хоёр хөрш, багын найзууд байсан Чет, Волт хоёр өөрсдийн уурандаа захирагдаж нэг нэгнийхээ амьдралыг сүйрүүлсэн гунигт явдлын талаар аав минь олонтоо гашууддаг байсан. Ердөө л бага зэрэг усалгааны уснаас болж хоёр хүн нэг нэгнээ уучилж чадаагүй ба агшин зуурын уур хилэн нь жолоодлогогүй болж, яваандаа хоёр хүний аминд хүрсэн нь үнэхээр эмгэнэлтэй юм. …

…Хэн нэгэн биднийг болон бидний хайртай хүмүүсийг гомдооход энэ нь бидэнд хүлцэн тэвчих аргагүй юм шиг санагддаг. Сэтгэл санааны энэхүү эмзэглэл болон шударга бус явдал дэлхийд хамгийн түгээмэл байдаг зүйл, тиймээс өшөө авахыг эрж сүвэгчлэхээс өөр сонголт бидэнд үгүй юм шиг санагдах нь бий. Гэвч Энхийн Жонон бидэнд илүү сайн арга замыг заадаг. Биднийг гомдоосон хүнийг уучлах нь их хэцүү ч, хэрэв түүнийг уучлах юм бол бидний өмнө илүү сайхан ирээдүй нээгдэх болно. Хэн нэгний буруу үйлдэл бидний амьдралд нөлөөлөх ёсгүй. Бид бусдыг уучилснаар энэ нь амьдралаа хэрхэн авч явахыг чөлөөтэй сонгох боломжийг бидэнд олгодог. Уучлалт гэдэг нь өнгөрсөн үеийн асуудлууд бидний хувь тавиланг дахин захирахгүй бөгөөд бид зүрх сэтгэлдээ Бурханы хайрыг агуулан, ирээдүйд анхаарлаа хандуулж болно гэсэн үг юм” (“Forgiveness Will Change Bitterness to Love,” Ensign, 2003 оны 5-р сар, 10–11, 12).

Сургаал ба Гэрээ 64:12–14. “Түүнийг та нар сүмийн өмнө авчрах ёстой”

Сургаал ба Гэрээ 64:12–14 дэх Их Эзэний заасан зүйл нь бид бусдыг уучлах нь тэднийг үр дагаврынхаа төлөө үүрэх хариуцлагаас чөлөөлдөггүй гэдгийг харуулдаг. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт:

Ахлагч Ричард Г.Скотт

“Гэм буруугүй хохирогчийн хувьд та өөрт тань хор хөнөөл учруулсан байсан ч шударга бус мэт санагдах зүйлийг үзэн ядах, уурлах мэдрэмжийг бүү цуглуул. Та гэм зэмгүй байсан ч гэсэн таныг хохироосон хүнийг уучил. Үүнийг хийхэд танаас асар их хичээл зүтгэл шаардагдаж болох юм. Ийм уучлал нь хамгийн хэцүү боловч энэ нь амар амгалан ба эдгэрэлтэд хүргэх баттай зам мөн. Хэрэв таны эсрэг үйлдэгдсэн ноцтой зөрчилд сахилгын арга хэмжээ шаардлагатай бол үүнийг Сүм болон иргэний эрх мэдэлтэй байгууллагад нь даатга. Шийтгэх бодлуудаар өөрийнхөө амьдралд ачаа нэмэх хэрэггүй. Их Эзэний шударга ёсны тээрэм удаан тээрэмддэг боловч маш сайн тээрэмддэг. Их Эзэний хуулиудыг зөрчсөн хүмүүс үүний үр дагавраас хэзээ ч мултарч чадахгүй. Хүмүүс наманчлаагүй хилэнцэт үйлүүдийнхээ төлөөсийг Түүний цаг хугацаанд болон Түүний арга замаар бүрэн төлөх болно” хэмээн заажээ (“Peace of Conscience and Peace of Mind,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 11-р сар, 16–17).

Далын ахлагч Дэвид И.Сорэнсэн үүнтэй адилаар тайлбарласан.

Ахлагч Дэвид И.Сорэнсэн

“Нүглийг уучлах гэдэг нь муу зүйлтэй эвлэрэх гэсэн үг биш гэдгийг би тодорхой болгомоор байна. Чухамдаа, Иосеф Смитийн Орчуулга дээр Их Эзэн ‘Зөв шударгаар шүү’ хэмээн хэлдэг. [Иосеф Смитийн Орчуулга, Maтай 7:1 (Maтай 7:1, зүүлт тайлбар a.] Аврагч биднээс хилэнцэт үйлийг орхиж мөн үүнтэй тэмцэхийг хүсдэг. Хэдийгээр бид бидэнд муу зүйл хийсэн хөршөө уучлах ёстой боловч бид энэ муу зүйл дахин давтагдахаас сэргийлэхийн тулд сайн ажиллах ёстой. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэй хүн өшөө авахыг эрэлхийлэх ёсгүй мөн тэр дахин ийм зүйл гарахаас сэргийлж чадахгүй гэж бодох ёсгүй. Наймаа хийхдээ бусдад ашиглуулсан бизнес эрхэлдэг хүн шударга бус үйлдэл хийсэн хүнийг үзэн ядах ёсгүй боловч буруу зүйлийг засах зохих арга хэмжээг авч чадна. Уучлал нь ёс бус зүйлийг хүлээн зөвшөөрч эсвэл үүнтэй эвлэрэхийг биднээс шаарддаггүй. Энэ нь биднээс эргэн тойронд маань эсвэл бидний амьдралд буй буруу зүйлүүдийг үл тоохыг шаарддаггүй. Гэвч бид нүглийн эсрэг тэмцэхдээ үзэн ядалт эсвэл уур хилэнгээр бодол санаа эсвэл үйлдлээ удирдуулах ёсгүй” (“Forgiveness Will Change Bitterness to Love,” Ensign эсвэл Лиахона, 2003 оны 5-р сар, 12).