24-р хичээл
Сургаал ба Гэрээ 19:1–22
Оршил
1829 оны 6-р сард Иосеф Смит Мормоны Номыг 5000 хувь хэвлэхийн тулд хэвлэгч Эгбэрт Б.Грандиныг 3000 доллараар хөлсөлжээ. Грандин ажлынхаа хөлсийг авах хүртэл хэвлэлийн ажлыг эхлээгүй бөгөөд бүр хэвлэх хэвээ ч худалдаж аваагүй байв. Ойролцоогоор 1829 оны зун өгөгдсөн Сургаал ба Гэрээ 19 дэх илчлэлтэд Их Эзэн Мартин Харрист “өмч хөрөнгийнхөө нэг хэсгийг … зар … [мөн] хэвлэгчтэй гэрээлсэн өрөө төл” (С ба Г 19:34–35) хэмээн зарлиглажээ. Мартин Харрис фермийнхээ талыг барьцаалаад Мормоны Номын борлуулалт нь хэвлэлийн зардлаа нөхөж чадахгүй бол хэвлэлийн төлбөрийг гаргах баталгаа гаргаж өгчээ.
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит уг илчлэлтийг мөн Цагаатгалын талаарх үүний сургаалыг “энэ эрин үед өгөгдсөн хамгийн агуу илчлэлтүүдийн нэг бөгөөд үүнээс илүү ач холбогдолтой нь маш цөөхөн байдаг” гэж тайлбарлажээ (Church History and Modern Revelation, 2-р боть. [1953 он], 1:85).
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 19:1–3
Аврагч Эцэгийн тааллыг гүйцэлдүүлснээ тунхаглав
Хичээл эхлэхээс өмнө суралцагчдаас тэднээс хийхийг хүссэн эсвэл Сүмийн гишүүдийн хувьд тэднээс ирээдүйд хийхийг хүсэх зарим зүйлсийн талаар бодохыг хүс. Хариултуудыг самбар дээр бич. Тэгээд суралцагчдаас самбар дээрх жагсаалтыг хараад, хэцүү санагдаж байгаа зүйлсийг сонгохыг хүс. (Жишээлбэл, аравны нэг төлөх, номлолд үйлчлэх мөн наманчлах байж болно.)
-
Эдгээр зүйлийг хийхэд яагаад зарим хүнд хэцүү байдаг вэ?
Суралцагчдад Сургаал ба Гэрээ 19-ийн түүхэн нөхцөл байдлыг ойлгоход нь туслахын тулд энэ хичээлийн оршлыг чангаар унш.
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 19:1–3-ыг дотроо уншаад, Аврагчийн талаарх үнэнүүдийг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс. Уг ярилцлагын нэг хэсэг болгон суралцагчид дараах сургаалуудыг олж тогтоох ёстой. Есүс Христ Эцэгийнхээ тааллыг гүйцэлдүүлсэн. Есүс Христ биднийг ажил үйлсийн маань дагуу шүүх болно. Дараах хүснэгтийг самбар дээр зураад, эдгээр үнэнийг хоёр баганын гарчиг болгон ашигла. Суралцагчдыг уг хүснэгтийг дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ зураад, хүснэгтээ хичээлийн дундуур бөглөхөд урь. Хичээлийн төгсгөлд үзүүлсэнтэй адил хүснэгтийг бөглөхийн тулд самбар дээр хангалттай хоосон зай үлдээ.
Есүс Христ Эцэгийнхээ тааллыг гүйцэлдүүлсэн. |
Есүс Христ биднийг ажил үйлсийн маань дагуу шүүх болно. |
---|---|
-
Аврагчийн тухай эдгээр үнэнийг мэдэх нь хэрхэн Мартин Харрист фермийнхээ талыг зарах шийдвэрийн тухай санаа зовохгүй, амар амгалан байхад тусалсан бэ?
Сургаал ба Гэрээ 19:4–12
Есүс Христ мөнхийн мөн үүрдийн шийтгэлийг тайлбарлав
Самбар дээрх “Есүс Христ биднийг ажил үйлсийн маань дагуу шүүх болно” гэдэг гарчигтай баганын доор Сургаал ба Гэрээ 19:4–12-ыг бич. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 19:4-ийг дотроо уншаад, бидний анхаарч үзэх ёстой шүүлтийн үнэнийг олж мэдэхэд урь. Тэднээс олж мэдсэнээ тайлагнахыг хүс. Суралцагчид өөр үгсийг ашиглаж болох ч дараах сургаалыг олж тогтоосон эсэхэд анхаар. Хүн бүр наманчлах буюу эсвээс зовох нь гарцаагүй. Нэг суралцагчийг самбар дээр “Сургаал ба Гэрээ 19:4–12”-ын доор уг сургаалыг бичихэд урь.
Сургаал ба Гэрээ 19:5-д Аврагч Өөрийнхөө шүүлтийг цуцлахгүй гэж тайлбарласан байдгийг тайлбарла. Энэ нь наманчлаагүй хүмүүс нүглүүдийнхээ шийтгэлийн төлөө зовох ёстой гэдгийг илэрхийлдэг. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 19:5-ыг чангаар уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Аврагч наманчлаагүй мөн эцэст нь Түүний шүүлтийг хүлээн авах хүмүүс ямар байдалтай байхыг хэрхэн тайлбарласныг олж мэдэхийг хүс.
-
Наманчлаагүй хүмүүст юу тохиолдох вэ?
-
Сургаал ба Гэрээ 19:5 нь хэрхэн биднийг наманчлахад уриалдаг вэ?
Дараах хэллэгийг самбар дээрх “Хүн бүр наманчлах буюу эсвээс зовох нь гарцаагүй” баганын доор бич. Мөнхийн эсвэл үүрдийн шийтгэл.
-
“Мөнхийн эсвэл үүрдийн шийтгэл” гэдгийг сонсож эсвэл унших үед танд юу бодогдож байна вэ?
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 19:6–12-ыг дотроо уншаад, Их Эзэн хэрхэн мөнхийн эсвэл үүрдийн шийтгэлийг тодорхойлсныг олж мэдэхэд урь. Суралцагчдыг хариулсны дараа самбар дээрх Мөнхийн эсвэл үүрдийн гэдэг үгсийг арилгаад, оронд нь Бурханы гэдэг үгийг тавь.
-
Танд “Бурханы шийтгэл” гэдгийг сонсох эсвэл унших үед юу бодогдож байна вэ?
Та судрууд дээрх мөнхийн шийтгэл мөн үүрдийн шийтгэл гэдэг нь хүмүүсийн нүглүүдийнхээ төлөө зовох хугацааг хэлдэггүйг тайлбарлах хэрэгтэй болж магадгүй. Аврагч “Би төгсгөлгүй билээ, мөн миний гараас өгөгддөг тэрхүү шийтгэл төгсгөлгүй шийтгэл байдаг, учир нь Төгсгөлгүй нь миний нэр бөлгөө” (С ба Г 19:10) гэж хэлжээ. Иймээс Тэрээр мөнхийн эсвэл үүрдийн шийтгэл гэж хэлэхдээ Тэр тэнгэрлэг хууль мөн шударга ёсны шаардлагын дагуу өгөх шийтгэлийн тухай ярьж байгаа хэрэг юм.
Сургаал ба Гэрээ 19:13–22
Аврагч нүглүүдийн төлөөх Өөрийн зовлон шаналлын тухай ярив
Самбар дээрх “Есүс Христ биднийг ажил үйлсийн маань дагуу шүүх болно” гэдэг гарчигтай баганын доор Сургаал ба Гэрээ 19:13–17-г бич. 13-аас 17-р шүлгүүд сүмийн гишүүдэд хандаж хэлсэн анхааруулгыг агуулдаг гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 19:13–17-г дотроо уншаад, наманчлахыг сонгоогүй хүмүүст ирэх үр дүнг олж мэдэхэд урь.
-
Нүглүүдээ наманчлахыг сонгоогүй хүмүүст юу тохиолдох вэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тогтоох ёстой. Наманчлахыг сонгоогүй хүмүүс нүглүүдийнхээ шийтгэлийн төлөө зовох болно. Энэ үнэнийг самбар дээрх “Сургаал ба Гэрээ 19:13–17”-гийн доор бич.)
Сургаал ба Гэрээ 19:16–19-ийг самбар дээрх “Есүс Христ биднийг ажил үйлсийн маань дагуу шүүх болно” гарчигтай баганын доор бич. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 19:16–19-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Аврагч бидний нүглүүдийн төлөө ямар шалтгаануудын улмаас зовсон гэж хэлснийг олж мэдэхэд урь.
-
Аврагч бидний нүглүүдийн төлөө ямар шалтгаануудын улмаас зовсон гэж хэлсэн бэ? (Суралцагчид өөр үгсийг ашиглаж болох ч дараах сургаалыг олж тогтоох хэрэгтэй. Бид наманчилж, Аврагчийн адилаар зовохгүй байж болохын тулд Тэрээр бидний нүглүүдийн төлөө зовж шаналсан.)
-
Эдгээр шүлэгт цэдэглэснээр юу бидэнд нүглүүдээсээ уучлагдах боломжийг олгосон бэ? (Суралцагчдыг хариулах үед дараах өгүүлбэрийг самбар дээрх “Сургаал ба Гэрээ 19:16–19” хүснэгтийн доор бичнэ үү. Есүс Христийн зовлон шаналал болон Түүний цагаатгагч цус шударга ёсны шаардлагыг хангасан. Иймээс нигүүлсэл нь наманчилдаг хүмүүст өгөгддөг юм.)
-
Бидний өнөөдөр сурсан үнэнүүд та нарын наманчлах хүсэлд хэрхэн нөлөөлөх вэ?
Бид нэг бол наманчлах ёстой эсвэл нүглүүдийнхээ шийтгэлийн төлөө зовох ёстой хэмээх сонголтын талаар ойлгоход нь суралцагчдад туслахын тулд тэдний нэгийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Нийл А.Максвэллийн дараах үгийг чангаар уншихад урь.
“Бид Христийн амьдрах байдал эсвэл Түүний зовох байдал аль нэгийг нь сонгох хэрэгтэй болно! Энэ нь ‘бүр миний адилаар тэд зовох ёстой’ (С ба Г 19:16–17) эсвэл ‘[Түүний] … ялсны (Илчлэлт 3:21)” адил ялах явдал юм (“Overcome … Even As I Also Overcame,” Ensign, 1987 оны 5-р сар, 72).
Самбар дээрх хүснэгтийн “Есүс Христ Эцэгийнхээ тааллыг гүйцэлдүүлсэн” баганын доор Сургаал ба Гэрээ 19:15, 18–19-ийг бич.
Есүс Христийн зовлон шаналлын талаарх ихэнх түүхийг Өөрөөс нь өөр хэн нэгэн бичсэн байдаг гэдгийг тайлбарла (Матай 26:36–39; Лук 22:39–44-ийг үзнэ үү). Сургаал ба Гэрээ 19 нь Аврагчийн зовлон шаналлын тухай Өөрийнх нь түүхийг агуулдаг. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 19:15, 18–19-ийг дотроо уншаад, Аврагч хэрхэн Цагаатгалын үеэр мэдэрсэн зовлон шаналлаа дүрсэлснийг олж мэдэхэд урь. Та тэдэнд олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг зөвлөж болно. Суралцагчдын хариултыг самбар дээрх “Сургаал ба Гэрээ 19:15, 18–19”-ийн доор нэмж бич. Хүснэгт нь эцсийн байдлаар дараахтай адилхан харагдаж болох юм:
Есүс Христ Эцэгийнхээ тааллыг гүйцэлдүүлсэн. |
Есүс Христ биднийг ажил үйлсийн маань дагуу шүүх болно. |
---|---|
Аврагчийн зовлон шаналал гашуун, хүнд мөн үүрэхэд хэцүү байсан. Аврагчийн зовлон шаналал нь өвдөлтийн улмаас түүнийг дагжин чичирч, арьсны сүв бүрээс нь цус шүүрэхэд хүргэсэн. Есүс Христ бие махбод болон сүнс аль алины хувьд зовж шаналсан юм. Аврагч гашуун аяганаас хүртэхгүй байж болохын тулд залбирсан. Аврагч Эцэгийн тааллыг биелүүлж, “хүмүүний үрсийн төлөө өөрийн бэлтгэлүүдийг дуусгасан билээ” (С ба Г 19:19). |
Бүх хүн наманчлах эсвээс зовох ёстой. Бурханы шийтгэл Наманчлахгүй байхыг сонгосон хүмүүс нүглүүдийнхээ шийтгэлийн төлөө зовох ёстой. Есүс Христийн зовлон шаналал болон Түүний цагаатгагч золиослол шударга ёсны шаардлагыг хангасан. Иймээс нигүүлсэл нь наманчилдаг хүмүүст өгөгддөг. |
-
Та нүглүүдийн тань шийтгэлийн төлөөх Аврагчийн зовлон шаналлын талаар юу мэдэрдэг вэ?
-
Аврагчийн зовлон шаналлын талаар мэдэх нь Мартин Харрист 116 гар бичмэл хуудсыг алдсан талаараа эргэцүүлэн бодож мөн Мормоны Номын хэвлэлтэд зориулж газраа зарахад нь хэрхэн тусалсан бэ?
-
Аврагчийн Цагаатгалын талаарх таны мэдлэг ямар үед хэцүү зүйлсийг даван туулахад танд тусалсан бэ? (Суралцагчдад зарим туршлага нь хуваалцахад хэт ариун нандин эсвэл хувийн шинжтэй байдаг гэдгийг сануул.)
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 19:20-ийг чангаар уншихад урь. Суралцагчдаас уг суралцагчтай хамт уншаад, Мартин Харрисын нүглүүдийнхээ төлөө зовж шаналж байсан цаг үеийг дүрсэлсэн хэсгийг олж мэдэхийг хүс.
-
Сүнснээс холдох нь яагаад зовлон шаналал руу хөтөлдөг гэж та бодож байна вэ?
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 19:13, 15, 20-ийг дотроо дахин уншаад үүнээс зарлигуудыг мөн 15 ба 20-р шүлэг дээрх анхааруулгыг олж мэдэхэд урь.
-
Их Эзэний наманчлах зарлиг нь хэрхэн Түүний биднийг хайрлах хайрын баталгаа болдог вэ?
Суралцагчдыг дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ Сургаал ба Гэрээ 19:1–22-оос сурсан сургаалууд болон зарчмуудынхаа нэгийн талаар гэрчлэлээ бичихэд урь.