Институт ба семинар
104-р хичээл: Сургаал ба Гэрээ 101:1–16


104-р хичээл

Сургаал ба Гэрээ 101:1–16

Оршил

1833 оны 12-р сарын 16, 17-нд бошиглогч Иосеф Смит Миссури дэх гэгээнтнүүдийн туулж буй зовлон зүдгүүрийн талаар нэгэн илчлэлтийг хүлээн авчээ. Сургаал ба Гэрээ 101-д цэдэглэгдсэн энэхүү илчлэлт нь 3 хичээл болон орох юм. Эхний энэ хичээл Их Эзэн яагаад гэгээнтнүүдэд зовж шаналахыг зөвшөөрсөн тухай Түүний тайлбарыг багтаадаг. Үүнд мөн зовж шаналж буй гэгээнтнүүдэд Түүний өгсөн тайвшрал, зөвлөмжийн үгс багтдаг.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 101:1–8

Их Эзэн Өөрийн хүмүүст зовлон туулахыг яагаад зөвшөөрдөг талаар тайлбарлав

Хичээл орохоос өмнө дагалдах газрын зургийг самбар дээр зур. Та хичээлд гарах түүхэн үйл явдлуудыг ойлгоход суралцагчдад туслахаар хичээлийн явцад газрын зураг руу хандаж болно.

газрын зураг, Миссури

Хичээлээ дараах асуултаар эхэл.

  • Миссуригийн Жаксон гүнлэгт гэгээнтнүүдийн туулсан хавчлага, дарамтын ямар ямар жишээнүүд байдаг вэ? (Та суралцагчдад гэгээнтнүүдийн хэвлэлийн газар, гэр орон, ургацыг сүйтгэсэн болон Эдвард Партриж, Чарльз Аллен хоёрт өд, давирхай наасан тухай сануулж болно.)

Дараах мөрүүдийг уншин, эсвэл дүгнэж хэлэх юм уу нэг суралцагчаас уншихыг хүс.

Миссуригийн Жаксон гүнлэг дэх танхайрагч бүлгийн хүчирхийллийн улмаас 1833 оны 7-р сард Миссури дэх сүмийн удирдагчид уг гүнлэгийг орхин явахыг зөвшөөрсөн. Гэсэн ч 1833 оны 8-р сард Көртланд дахь Сүмийн ерөнхий удирдагчдын зөвлөл Миссуригийн энэ хэцүү асуудлын талаар хэлэлцэхээр уулзжээ. Тэд Миссури дэх гэгээнтнүүдэд гэрээнд гарын үсэг зураагүй нөхцөлд нүүх, газраа зарах хэрэггүй гэсэн зааврыг өгсөн байна. Сүмийн удирдагчид Миссуригийн гэгээнтнүүдийн газрыг хадгалж үлдэхийн тулд мөн хүчирхийлэгчдийн эсрэг шударга ёсыг эрэлхийлэн засгийн газарт өргөдөл гаргаж, боломжтой хууль эрх зүйн сувгуудыг ашиглаж байв. Эдгээр үйлдлийн талаар сонсож, гэгээнтнүүд гарч явахаар төлөвлөөгүй байгаа гэж итгэсэн сүмийн гишүүн бус оршин суугчид гэгээнтнүүд рүү дахин дайрчээ. 1833 оны 10-р сарын 31-ний шөнө 50 гаруй морьтой танхайрагчид Индепенденсийн баруун хэсэг дэх Витмерийн эдлэн рүү дайрав. Тэд 13 байшингийн дээврийг хуулж, нэлээд хэдэн эрэгтэйг ташуурдан бараг алах дөхжээ. Иймэрхүү дайралтууд дараагийн 2 шөнө нь Индепенденст болон гэгээнтнүүдийн амьдардаг өөр газруудад ч бас гарсан байна. Эрчүүдийг зодож, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг айдас, цочролд оруулжээ.

  • Энэ үед Миссуригийн гэгээнтнүүдэд ямар асуултууд байсан байх гэж та нар бодож байна вэ? (Хэрэв суралцагчдад энэ асуултад хариулахад тусламж хэрэгтэй бол, Их Эзэн яагаад тэдэнд ингэж хавчигдан зовохыг зөвшөөрсөн юм бол хэмээн гэгээнтнүүд гайхсан байж болохыг санал болгож болно.)

Бэрхшээл зовлонг туулахыг тэдэнд, эсвэл тэдний мэдэх хүмүүст Их Эзэн яагаад зөвшөөрдөг юм бол хэмээн гайхаж байсан тохиолдол байсан эсэхийг нь суралцагчдаас асуу.

Миссуригийн гэгээнтнүүд эдгээр зовлон бэрхшээлд шаналж байх үед, Их Эзэн яагаад Өөрийн хүмүүст бэрхшээл зовлонг туулахыг зөвшөөрдөг талаарх үнэнийг илчилсэн юм. Сургаал ба Гэрээ 101-ийн оршил хэсгийг уншин, Иосеф Смит энэхүү илчлэлтийг хүлээн авсан огноог олж мэдэхэд суралцагчдыг урь. 10-р сарын 31-нд танхайрагчид довтолсон тэр өдрөөс энэ илчлэлтийг авах үе хүртэл гэгээнтнүүд өөр ямар хүнд бэрхшээлүүдийг туулсныг оршлын үлдсэн хэсгийг гүйлгэн уншсанаар олж мэдэхэд суралцагчдыг урь. Тэднээс олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. (Тэднийг мэдсэн зүйлсээ илтгэсний дараа, та 1000 гаруй гэгээнтэн Жаксон гүнлэг дэх гэрээсээ хөөгдсөн болохыг тайлбарлан хэлж өгч болно.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 101:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж уншаад, Их Эзэн яагаад Жаксон гүнлэгийн гэгээнтнүүдэд хавчлага, харгис дарамтанд шаналахыг зөвшөөрсөн шалтгааныг олж тогтоохыг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Бид 2-р шүлгээс Бурханы зарлигуудыг зөрчсөнөөр ирэх үр дагавруудын талаар юу сурч болох вэ? (Суралцагчид өөр өөр үгийг ашиглаж болох ч дараах зарчмыг илэрхийлэх ёстой. Бид зарлигуудыг зөрчих үед, бид зовж шаналахыг Бурхан зөвшөөрдөг.)

  • Энэ зарчмыг ойлгох нь бидэнд яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

Миссурид байсан олон гэгээнтэн итгэлтэй мөн дуулгавартай байсан ч, хавчлагын улмаас зовсоор байсан болохыг онцол. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 101:3–5-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, Их Эзэн яагаад зөв шударга гэгээнтнүүдийг ч бас зовохыг зөвшөөрдөг шалтгааныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс. Та зэмлэх гэдэг үг нь сахилгажуулах, засах гэсэн үг, сорьж үзэх гэдэг нь шалгах, мөн ариусгах гэдэг үг нь хэн нэгнийг эсвэл ямар нэг юмыг цэвэр ариун болгох гэсэн утгатайг тайлбарлаж өгч болно.

  • Эдгээр шүлэгт өгүүлснээр, Их Эзэн Өөрийн хүмүүсийг яагаад зэмлэдэг мөн сорьдог вэ? (Суралцагчид дараах зарчмыг илэрхийлэх хэрэгтэй. Хэрэв бид зэмлэлийг туулж чадахгүй бол, ариусгагдаж чадахгүй. Зарчмыг самбар дээр бич.)

  • Зэмлэгдэх нь бидэнд цэвэр ариун болоход маань хэрхэн тусалж чадах вэ?

  • Эдгээр шүлэг дэх захиас нь Миссуригийн гэгээнтнүүдэд хэрхэн нөлөөлсөн байж болох вэ?

Зэмлэгдэх, соригдох нь бидний ариусахад хэрхэн тусалдаг талаар ойлгоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах үгийг уншихад урь.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Наманчлахад түлхэц үзүүлдэг зэмлэлийг тэвчээртэйгээр хүлцэн өнгөрөөх нь биднийг төгөлдөржүүлж, илүү агуу сүнслэг зүйлсэд бэлтгэдэг юм. (“Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм.” Ensign, 2011 оны 5-р сар, 98 буюу 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 105).

Их Эзэн, зэмлэгдэн соригдсон хүний жишээ болгон Абрахамыг дурдсан болохыг онцлон тэмдэглэ. Их Эзэн Абрахамд өөрийн хүү Исаакийг өргөл болгохыг зарлигладаг судрын талаар товч дүгнэн ярих нэг суралцагчийг урьж болно (Эхлэл 22:1–14-ийг үзнэ үү). Абрахамын, энэ сорилт болон бусад зовлон бэрхшээлийг туулахдаа итгэлтэй байсан нь түүнийг агуу сүнслэг адислалуудыг авахад бэлтгэсэн ажээ. ( Эхлэл 22:15–18-ыг үзнэ үү). Самбар дээр бичсэн зарчмыг суралцагчдад харуул.

  • Энэ үнэн хэрхэн хүнд хэцүү үеийн туршид бидэнд тусалж чадах вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 101:6–8-ыг дотроо уншихад урьж, Миссуригийн зарим гэгээнтнийг зовлон шаналал руу хөтөлсөн нүглүүд юу байсныг олохыг хүс. Суралцагчдаас олсон зүйлсээ ангийнхандаа хэлж өгөхийг хүс.

  • 7–8-р шүлгээс та нар юу сурсан бэ?

  • 8-р шүлэгт хэлсний дагуу амьдрал нь амар амгалан байх үед зарим хүн юуг хийх хандлагатай байдаг вэ?

  • 8-р шүлгийн дагуу, зарим хүн зовлон бэрхшээл тохиоход юу хийж эхэлдэг вэ? Их Эзэнийг “эрж хайдаг” гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ?

Тэдний туулж байсан зовлон бэрхшээл зүрх сэтгэлийг нь Их Эзэн рүү эргүүлэн хөтөлж байсан үеийн туршлагаа тунгаан бодохыг суралцагчдаас хүс.

Сургаал ба Гэрээ 101:9–16

Их Эзэн гэгээнтнүүдэд зөвлөж, тайвшруулав

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 101:9-ийг чанга уншихад уриад, ангийнхныг Миссурид зовж буй гэгээнтнүүдэд Их Эзэний өгсөн найдварын захиасыг хайж олохыг хүс.

  • Биднийг гэм нүглийнхээ үр дагаврын улмаас зовж шаналан байх цагт тусалж чадах ямар захиасыг Их Эзэн 9-р шүлэгт өгсөн бэ? (Суралцагчид өөр өөр хариулт хэлж болох ч дараах үнэнийг олж тогтоох ёстой. Биднийг гэм нүгэл үйлдэх үед ч Их Эзэн бидэнд энэрэнгүй хандах болно. Энэ үнэнийг самбар дээр бич. Та мөн энэ өгүүлбэрийг судар дээрээ бичихийг суралцагчдад санал болгож болно.)

  • Энэ үнэн нь бидэнд хэрхэн найдвар төрүүлдэг вэ?

Зүрх сэтгэлээ Их Эзэн рүү хандуулан, Түүний халамжийг мэдрэхийн тулд юу хийж болох талаараа хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихийг суралцагчдаас хүс.

Сургаал ба Гэрээ 101:10–11-ийг дүгнэхдээ, Их Эзэн хэдийгээр гэгээнтнүүдийг хавчигдан зовохыг зөвшөөрсөн ч, тэднийг зовоосон хүмүүсийг мөн шийтгэнэ гэдгээ хэлсэн тухай тайлбарла. Нэг суралцагчаас дараах мөрүүдийг чангаар уншихад уриад, ангийнхнаас Миссуригийн гэгээнтнүүдийн туулсан өөр бусад зовлон бэрхшээлийн талаар сонсохыг хүс. Яг ийм зовлон бэрхшээл тэдний амьдралд орж ирсэн гэж төсөөлөн бодоход та суралцагчдыг урьж болно.

Жаксон гүнлэг дэх танхайрагчдын бүлэг сүмийн бүх гишүүнийг гүнлэгээс гарч явтал хавчлага мөрдлөгөө үргэлжлүүлсээр байсан. Лайман Вайт мэдэгдэхдээ, “Газар нимгэн нойтон цасаар бүрхэгдсэн 11-р сард, 190 орчим эмэгтэйчүүд, хүүхдүүд, өтөлж доройтсон ердөө 3-хан эрийн хамт хөөгдөн 30 гаруй миль газар явсан байсан. Шатсан хээр тал дахь сүрлийн ёзоорт шархалсан хөлөөс нь гарсан тэдний цусны мөрөөр тэднийг олоход амархан байсан!” хэмээн мэдэгджээ. (History of the Church, 3:439)

Гэгээнтнүүдийн ихэнх нь хойд зүг рүү зугтсан ба тэд Миссури голыг гатлах ёстой болсон. Зөөврийн завины хажуугийн эргүүд дүрвэгчдээр дүүрсэн байв. Зарим азтай хүн гэр орныхоо зарим эд юмсыг авч чадсан байсан ба ихэнх нь бүх зүйлээ орхин явсан юм. Парлей П.Праттын бичсэнээр: “Зүг бүрд олон зуун хүн ширүүн бороо асгарах үед зарим нь майханд, зарим нь гал тойрон задгай газар сууж байгаа нь харагдаж байсан. Нөхрүүд нь эхнэрүүдээ, эхнэрүүд нь нөхрүүдээ, эцэг эх нь хүүхдүүдээ, хүүхдүүд нь эцэг эхээ лавлаж асуусаар байсан. … Дүрслэн хэлэхийн аргагүй дүр зураг харагдаж байсан ба сохор, дүлий заналхийлэгчид, харанхуй бүдүүлэг нийгмээс бусад энэ дэлхийн хэний ч зүрх сэтгэл уяран хайлмаар байсан юм” гэжээ (Autobiography of Parley P. Pratt, хянасан Бага Парлей П. Пратт [1938], 102).

  • Эдгээр сорилтын юу нь таны хувьд туулахад хамгийн хэцүү нь байх байсан бэ?

  • Хэрэв та нар ийм зовлон бэрхшээлийг туулсан бол яах байсан гэж бодож байна вэ? (Та суралцагчдад энэ асуултад хариулахаасаа өмнө эргэцүүлэн бодох хугацаа өгч болно.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 101:12–16-г чанга уншихад урь. Зөв шударга гэгээнтнүүдэд хэлсэн Их Эзэний амлалтуудыг олохыг хичээн, дагуулж уншихыг ангийнхнаас хүс. Суралцагчдаас сурч мэдсэн зүйлийнхээ тухай хуваалцахыг хүс. 12-р шүлэгт буй “миний бүх Израил” гэсэн үгс нь сайн мэдээний гэрээндээ үнэнч хүмүүсийг хэлж байгаа болохыг тайлбарла.

  • Та нар 12–16-р шүлгээс ямар зарчмыг сурч болох вэ? (Суралцагчдын хариултыг самбар дээр нэг өгүүлбэрээр бич.) Тэдний хариулт дараах зарчмыг илэрхийлэх ёстой. Бид зөв шударга амьдрах юм бол, бүх хүн Их Эзэний мутарт байдаг гэсэн мэдлэгтээ тайвшралыг олох болно.)

  • 16-р шүлэгт “хөдөлгөөнгүй байж, би бол Бурхан гэдгийг мэдэгтүн” хэмээн бичсэн нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?

  • “Хөдөлгөөнгүй” байх нь хэрхэн биднийг Их Эзэнээс тайвшралыг авахад тусалж чадах вэ?

Суралцагчдаас Тэнгэрлэг Эцэгийн мутарт байгаагаа мэдэж, амар амгаланг мэдэрч байсан үеэ санахыг урь. Цөөн хэдэн суралцагчийг туршлагаасаа хуваалцахад урь. Та зовж шаналж байсан үедээ амар амгаланг мэдрэн адислагдсан туршлагаасаа хуваалцаж болно.

Тэдний төлөө Их Эзэн ямагт хамгийн сайн бүхнийг хийх болно гэдэгт итгэн, Түүн рүү үргэлж хандаж байхад суралцагчдыг урамшуул.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 101:2. “Гэм нүглийнхээ үр дагаварт”

Гэгээнтнүүд Миссуригийн Жаксон гүнлэгээс хөөгдөн гарахынхаа өмнө, хэрэв тэд наманчлахгүй бол зовлон шаналал ирэх болно гэсэн хэд хэдэн сэрэмжлүүлгийг хүлээн авчээ. Жишээлбэл, 1833 оны 1-р сард Виллям В.Фелпс, Сидней Гилберт хоёрын бичсэн захидал нь “агуулагдаж [байсан] сүнстэй” байсан хэмээн Иосеф Смит зэмлэсэн ба тийм сүнс нь “Сионы хүч чадлыг сүйрүүлж” байгаа мөн “Бурханы шүүлтээр Сион боловсрох вий” хэмээн дурджээ. Оорсон Хайд, Хайрум Смит хоёр бишоп Эдвард Партриж, түүний зөвлөхүүд, мөн дээд пристүүдийн чуулганд, Миссури дэх сүмийн удирдагчдад сэрэмжлүүлгийн захидал илгээсэн байна. Тэд Сидней Гилбертийн захидлыг “эрээ цээргүй, харанхуй, сохроор дайрсан” байсан хэмээжээ. Тэд мөн бошиглогчийг “хаанчлах хүч, эрх мэдлийг эрэлхийлсэн” гэж ойлгогдохоор бичсэн байсан өөр нэгэн захидлыг буруушаасан байна. Эдгээр болон бусад гэм нүглийн учир Миссуригийн гэгээнтнүүдэд “гай гамшиг, шийтгэл” нүүрлэх болно хэмээн Оорсон Хайд, Хайрум Смит нар тэдэнд сэрэмжлүүлсэн” (Documents, Volume 2: 1831 оны 7 сараас 1833 оны 1-р сар, volume 2 of the Documents series of The Joseph Smith Papers [2013], 367, 373–374-ийг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 101:5. “Бурханлаг зэмлэлийн” зорилго

Арван хоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон тайлбарлахдаа:

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Бурханлаг зэмлэл нь хамгийн багаар бодоход: (1) биднийг наманчлахад чиглүүлэх, (2) төгөлдөржүүлж, ариусгах, (3) заримдаа бидний амьдралын замналыг Бурханы мэддэг илүү сайн зам руу өөрчлөн чиглүүлэх гэсэн гурван зорилготой юм” хэмээжээ (“Би хайрладаг хүмүүсээ зэмлэж, сахилгажуулдаг юм”, Ensign, 2011 оны 5-р сар, 98 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 105).

Сургаал ба Гэрээ 101:6. “Хэрүүл мөн зөрчилдөөн байв”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон, бид Сионыг байгуулахыг эрэлхийлэхдээ Миссуригийн эртний гэгээнтнүүдийн алдаанаас суралцаж чадна хэмээн заажээ.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Бошиглогч Иосеф Смитийн удирдлагаар сүмийн эртний гишүүд Миссурид Сионы төв газрыг байгуулахыг оролдсон боловч ариун хотыг барихад тэнцээгүй юм. Их Эзэн үүний бүтэлгүйтлийн нэг шалтгааны тухай:

‘Тэдний гараас миний шаардсан тэдгээр зүйлүүдэд тэд дуулгавартай байж сурсангүй, харин бүх төрлийн хилэнцээр дүүрэн байна, мөн гэгээнтнүүд болсон үедээ өөрсдийн эд юмсаас ядуус хийгээд өөрсдийн дундах зовж зүдрэгсэдтэй хуваалцахгүй байна;

Мөн селестиел хаант улсын хуулиар шаардагддаг эв нэгдлийн дагуу нэгдээгүй болой’ ( C ба Г 105:3–4).

‘Хэрүүл мөн зөрчилдөөн, мөн атаархал бас маргаан, мөн тачаангуй хийгээд шунахай хүслүүд тэдний дунд байв; тиймийн тул тэд эдгээр зүйлүүдээр өөрсдийн өвийг бохирложээ’ (C ба Г 101:6).

Гэвч анхдагч гэгээнтнүүдийг шүүмжлэхийн оронд, харин бид өөрсдөө тэднээс илүүг хийж байна уу үгүй юу гэдгээ шалгах хэрэгтэй.

Сион бол өөрийнхөө иргэдийн зан чанар, харьцаа хандлага, итгэл бишрэлийн улмаас л Сион байдаг. ‘Их Эзэн өөрийн хүмүүсийг Сион хэмээн нэрлэв, учир нь тэд нэг зүрх сэтгэл мөн нэг оюунтай байлаа, мөн зөв шударга ёсонд оршин сууж байлаа; мөн тэдний дунд ядуус байсангүй’ (Мосе 7:18) гэснийг санагтун. Хэрэв бид гэр орон, салбар, тойрог, гадаснууддаа Сионыг байгуулж чадвал эдгээр жишгийг ханган биелүүлэх ёстой. Үүний тулд (1) Бид нэг зүрх сэтгэл, нэг оюун ухаантай болж нэгдэх, (2) хувь хүмүүсийн хувьд, хамт олноороо ч ариун хүмүүс болох нь, (3) өөрсдийнхөө дундах ядуу зүдүү байдлыг үгүй болгохуйц тийм үр дүнтэйгээр гачигдалтай хүмүүсийг анхаарч халамжлах нь зайлшгүй чухал болно. Бид эдгээр зүйлийг Сион ирэх үед тохиох болно гэж хүлээн суух ёсгүй—Сион нь эдгээр зүйл тохиоход л ирэх болно” хэмээн тайлбарлажээ (“Сионд ирэгтүн,” Ensign, 2008 оны 11-р сар, 37–38 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46).

Сургаал ба Гэрээ 101:16. “Бүх маханбодь миний мутарт байна; хөдөлгөөнгүй байж мөн би бол Бурхан гэдгийг мэдэгтүн”

Ерөнхийлөгч Гордон Б.Хинклиг Сургаал ба Гэрээ 101:16-д буй нэгэн зарчим тайвшруулсан тухай тэрээр:

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Саяхан би нэгэн хүнд асуудлын талаар шийдвэр гаргах гэж зүдрэн байхдаа залбирахаар өвдөг сөгдсөн юм. ‘Хөдөлгөөнгүй байж мөн би бол Бурхан гэдгийг мэдэгтүн’ гэсэн Бурханы үгс оюун санаанд минь орж ирэн амар амгалангийн мэдрэмж төрсөн. Тэгээд би судар руу хандаж, бошиглогч Иосеф Смитэд 150 жилийн өмнө, ‘Сионы талаар зүрх сэтгэл чинь тайван байг; учир нь бүх махан бодь миний мутарт байна; хөдөлгөөнгүй байж мөн би бол Бурхан гэдгийг мэдэгтүн’ хэмээн хэлсэн батламжийн үгсийг уншсан’ (C ба Г 101:16.)

Бурхан Өөрийн агуу загварын дагуу урлан хийдэг. Бүх л маханбодь түүний гарт байдаг. Түүнд зөвлөх онцгой эрх бидэнд байхгүй. Тэр бол Бурхан, энэ бол Түүний ажил, үүнийг унагахыг Тэрээр хэзээ ч зөвшөөрөхгүй гэдгийг мэдэж, оюун санаа, зүрх сэтгэлдээ амар тайван байх нь бидэнд өгсөн боломж бөгөөд үүрэг хариуцлага юм.

Бид айх ямар ч шаардлагагүй. Санаа зовох ч хэрэггүй. Бид бодож дэнслэхийн хэрэг байхгүй. Бидний үүрэг хариуцлага бол өгсөн үүрэг хариуцлага, дуудлагыг хувь хүн бүр хийсээр байх явдал юм. Тийм болохоор, хожмын үеийн гэгээнтнүүд ихэнхдээ итгэлээр алхан, үнэмшлээр ажилладаг учраас сүм байнга тасралтгүй өсч хүчирхэг болсоор байдаг” гэжээ (“He Slumbers Not, nor Sleeps,” Ensign, 1983, 5-р сар 6).

Далын ахлагч В.Крейг Звик Бурханы мутарт байна гэдэг нь юу гэсэн үг болох талаар:

В.Крэйг Звик

“Бурханы гарт байна гэдэг нь бид Түүний халамж анхааралд байх төдийгүй, Түүний гайхалтай хүчээр хамгаалагдаж, сэргийлүүлнэ гэсэн үг юм.

Судруудад Их Эзэний мутар гэж олонтоо дурдсан байдаг. Түүний бурханлаг тусламж байн байн нотлогддог. Түүний хүчирхэг мутар дэлхийнүүдийг бүтээсэн хэдий ч мөн бяцхан хүүхдүүдээ адислахуйц зөөлөн байж бас чаддаг” гэж хэлжээ (“The Lord Thy God Will Hold Thy Hand,” Ensign эсвэл Лиахонa, 2003 оны 11-р сар, 34).