58-р хичээл
Сургаал ба Гэрээ 51–52
Оршил
Дорнод мужуудаас шилжин ирсэн гэгээнтнүүдийн зарим нь 1831 оны 5-р сард Огайод ирж эхлэхэд Их Эзэн Сургаал ба Гэрээ 51-ийг бишоп Эдвард Партрижэд зориулан Иосеф Смитэд илчлэв. Нью-Йоркийн Колесвиллээс ирсэн бүлэг хүмүүс бүхнээ зориулах хуулийн дагуу амьдрахаар Огайогийн Томпсон руу явах удирдамж авсан байна. Көртландад 1831 оны 6-р сарын 3–6-нд болсон Сүмийн 4 дэх чуулганы хаалтын үйл ажиллагааны үеэр Их Эзэн, Иосеф Смит болон бусад ахлагчдад Миссури руу хоёр хоёроороо аялан, замаараа сайн мэдээг тунхаглахыг зарлиглав. Сургаал ба Гэрээ 52-т бичигдсэн илчлэлт дээр Их Эзэн хамтрагч бүрийг дуудаж, мэхлэлтээс зайлсхийхэд тэдэнд туслах нэгэн загварыг өгчээ.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 51:1–20
Их Эзэн бишоп Эдвард Партрижэд гэгээнтнүүдийн материаллаг хэрэгцээнд анхаарлаа хандуулах удирдамж өгөв
Бүхнээ зориулах хуулиар амьдарснаар ирэх нэг үр дүнгийн талаар бодож эхлэхэд нь суралцагчдадаа туслахын тулд суралцагчдыг хос хосоороо эсвэл жижиг бүлгээр эсвэл ангиараа дараах асуултуудад хариулахад урь.
-
Та нарын өмнө нь байсан хамгийн нэгдмэл бүлэг ямар бүлэг байсан бэ? Бүлэг хүмүүс нэгдмэл байгааг хэрхэн мэдэж болох вэ? Ямар дадлага эсвэл үйл ажиллагаанууд бүлгийг нэгдмэл болоход тусалдаг вэ?
Нью-Йоркоос нүүсэн гэгээнтнүүд 1831 оны хавар Огайод ирж эхэлснийг тайлбарла. Хэсэг бүлэг хүн агуу их золиослол гарган, Нью-Йоркийн Колесвиллээс ирэв. Энэ бүлэг хүнд Огайогийн Томпсонд суурьшиж, бүхнээ зориулах хуулийн дагуу амьдрахыг зааварчлав. Суралцагчдыг Их Эзэний хүслийг дагахын тулд хамтдаа золиослол хийсэн бүлгийн эв нэгдлийн талаар төсөөлөн бодоход урь.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 51:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхныг шүлгийг гүйлгэн харж, бишоп Эдвард Партрижийн үүрэг хариуцлагуудыг олж мэдэхийг хүс.
-
Бишоп Партрижийн зарим үүрэг хариуцлага юу байсан бэ? (3-р шүлэг дэх “гэр бүлийнх нь дагуу адил тэгшээр” гэдэг үгс нь хожмын үеийн гэгээнтэн бүр ижил тусламж авах ёстой гэсэн үг биш гэдгийг та онцлон тэмдэглэж болох юм. Бишоп гэр бүл бүрийн нөхцөл байдлыг тусад нь авч үзэж, хэрэгцээнийх нь дагуу тэдэнд “олгох” ёстой байв. Бишоп гэр бүл бүрийг адилхан авч үзэж мөн адилхан анхаарал тавьж байсан учраас тэд адил тэгш байв.)
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 51:9-ийг дотроо уншиж, бүхнээ зориулах хуулиар амьдарснаар ирэх Их Эзэний тайлбарласан хоёр үр дүнг олж мэдэхийг хүс.
-
Их Эзэн Өөрийн хүмүүсээс юу хүсдэг вэ? (Суралцагчид дараах зарчмыг гаргаж хэлэх хэрэгтэй. Их Эзэн Өөрийн хүмүүсийг бусдад шударга хандаж мөн эв нэгдэлтэй байхыг хүсдэг.)
Их Эзэн бишоп Партрижэд илүүдэл бараануудаа хадгалж болох агуулах бий болгох заавар өгснийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 51:10–20-ийг дүгнэн ярьж өг. Тэрээр гэгээнтнүүдэд энэ нутгийг “богинохон хугацаанд” зориулан ариулан адисалснаа тайлбарласан юм (С ба Г 51:16). Хэдийгээр тэд тэнд хэр удаан үлдэхээ мэдэхгүй байсан ч, тэдэнд өгөгдсөн зүйлсэд итгэлтэй, ухаалаг, үнэнч шударга даамлууд байж тэд “энэ нутагт олон жил байх мэтээр үйлд[эх]” (С ба Г 51:17) ёстой байв. Та 10-р шүлэг дэх сүм гэдэг үг нь Сүмийн салбарыг төлөөлж байгаа гэдгийг онцлон хэлж болох юм (С ба Г 51:10, зүүлт тайлбар a-г үзнэ үү; мөн С ба Г 20:81; 45:64-ийг үзнэ үү).
Сургаал ба Гэрээ 52:1–13, 22–36
Их Эзэн, бошиглогчийг болон бусад ахлагчийг Миссури руу аялж мөн аяллынхаа турш сайн мэдээг номлохыг зарлиглав
Хичээлийг эхлэхээс өмнө, тус бүр нь дараагийнх руугаа хөтлөх гурван түлхүүр үгийг бэлтгэ. Жишээ нь, эхний түлхүүр үг нь суралцагчдыг хоёр дахь түлхүүр үгийг ангид хаа нэгтээ байгаа ямар нэгэн зүйл дотроос эсвэл доороос хайж олоход нь удирдаж болох юм. Хоёр дахь түлхүүр үг нь ангийн өөр хаа нэгтээ байгаа гурав дахь түлхүүр үгийг хайж олоход удирдан чиглүүлж болох юм. Гурав дахь түлхүүр үгэн дээр: “Сургаал ба Гэрээ 52:1–6-г унш. Энэ үйл ажиллагаатай төстэй нэг зарчмыг ол” гэж бичих хэрэгтэй.
Эхний түлхүүр үгийг самбар дээр тогтоогоод, үүний хажууд дараах зааврыг бич: Их Эзэнээс хэрхэн удирдамж үргэлжлүүлэн хүлээн авах талаар сурч авахын тулд энэ түлхүүр үгийг дага.
Суралцагчдыг эхний түлхүүр үгийг уншсаны дараа хоёр дахь түлхүүр үгийг олохын тулд заавруудыг дагахад урь. Дараа нь тэднийг хоёр дахь түлхүүр үгэн дээрх заавруудыг уншиж, гурав дахь түлхүүр үгийг хайж олоход урь.
Суралцагчдыг гурав дахь түлхүүр үг дээрх зааврыг дагахаас нь өмнө, тэдний хайх гэж буй шүлгүүд нь 1831 оны 6-р сард Огайогийн Көртландад болсон Сүмийн чуулган дээр бошиглогч болон бусад санваарын удирдагчдад өгөгдсөн заавруудыг багтаасан гэдгийг тэдэнд тайлбарла. Их Эзэн Сион хэмээн нэрлэгдэх хотыг байгуулах болно гэж гэгээнтнүүдэд илчилсэн байсан ч, (С ба Г 28:9-ийг үзнэ үү) үүний байршлыг хараахан илчлээгүй байсан гэдгийг суралцагчдад сануулаарай.
Суралцагчдыг гурав дахь түлхүүр үгэн дээрх заавруудыг дагахад урь. Цөөн суралцагчийг Сургаал ба Гэрээ 52:1–6-г ээлжлэн чанга уншихад урь. Суралцагчдыг уг хэсгийг дагаж хараад, дөнгөж сая гүйцэтгэсэн үйл ажиллагаатай адил зарчмыг олж мэдэхийг хүс.
-
4–5-р шүлэгт цэдэглэснээр, бид Бурханы заавруудад дуулгавартай байвал юу тохиолдох боломжтой вэ? (Бид Бурханы заавруудыг итгэлтэй дагаснаар Тэр бидэнд Өөрийн хүслийг илүү ихээр илчлэх болно. Зарчмыг самбар дээр бич.)
-
Үйл ажиллагаа маань энэ зарчимтай юугаараа адилхан байсан бэ? (Суралцагчид заавар бүрийг дагаж байхдаа нэмэлт удирдамжуудыг хүлээн авч, эцэст нь хайж байгаа хариулт руугаа хөтлөгдсөн юм.)
-
Их Эзэний удирдамж болон үнэнийг бөөнд нь нэг удаад биш, харин бага багаар хүлээн авах нь ямар ач тустай гэж та нар бодож байна вэ?
Энэ зарчмын талаар туршлагатай болсон суралцагчдыг туршлагаа эсвэл үүний үнэний талаарх гэрчлэлээ хуваалцахад урь. Та мөн өөрийнхөө туршлага эсвэл гэрчлэлээ хуваалцаж болно. Суралцагчдыг Их Эзэний тусламж болон удирдамжийг хүлээн авахыг хүсэж буй, өөрсдөд нь тулгарсан ямар нэгэн асуулт, санаа зовоосон зүйлс эсвэл шийдвэрээ бичихэд урамшуулан дэмж. Тэгээд, Их Эзэнээс цаашид илүү их удирдамжийг авахын тулд илүү бүрэн дүүрэн анхаарал хандуулж болох, Түүний тэдэнд өгсөн ямар нэгэн удирдамжийг тунгаан бодож мөн бичихэд тэднийг урь.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 52:7–10-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, зарим санваартанг Миссури руу явахаас өмнө Их Эзэний тэдэнд өгсөн заавруудыг олж мэдэхийг тэднээс хүс.
-
Эдгээр санваарын удирдагч аялж байхдаа юу хийхээр зааварлагдсан бэ?
Сургаал ба Гэрээ 52:14–21, 36
Их Эзэн, Сатаны хууран мэхлэлтээс зайлсхийхэд бидэнд туслах нэгэн загварыг илчлэв
Сургаал ба Гэрээ 50-д цэдэглэгдсэн илчлэлт дээр Их Эзэн Сүмийн ахлагчдыг хуурамч сүнснүүдээс сэрэмжлүүлж мөн гэгээнтнүүд сайн мэдээний үнэнүүдийг зааж мөн суралцах үед бие биенээ сэнхрүүлэхэд туслах заавруудыг тэдэнд өгөв.
Сургаал ба Гэрээ 52:14–21-д Их Эзэн Сүмийн гишүүдийг, ялангуяа Миссури руу аялахдаа сайн мэдээг номлохоор Түүний дуудсан тэдгээрийг хүчирхэгжүүлэхийн тулд цаашдын удирдамжуудыг илчилсэн гэдгийг тайлбарла.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 52:14-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, Их Эзэн заах гэж байгаагаа дүрслэхдээ хэрэглэсэн үгсийг олж тодорхойлоход урь. (“Бүх зүйлд загвар.”)
-
Загвар гэж юу вэ? (Тодорхой үр дүнд хүрэхийн тулд бидний дагаж чадах загвар.)
-
Их Эзэн энэ загварыг хангаж өгсний шалтгаан нь юу хэмээн хэлсэн бэ?
Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваа. Хос бүрийг ээлжлэн Сургаал ба Гэрээ 52:15–19-ийг чанга уншихад урь. Өөрийн хүмүүст Сатанаар хууран мэхлэгдэхээс зайлсхийхэд нь ямар үйлдэл болон зан чанарууд тусална хэмээн Их Эзэн хэлснийг олж мэдэхийг тэднээс хүс. Хангалттай хугацааны дараа тэднийг олж мэдсэн зүйлээ тайлагнахад урь. Нэг суралцагчаар тэдний хариултыг самбар дээр бичүүл.
Суралцагчдыг хариулах үед та дараах үгсийн утгыг тайлбарлаж эсвэл тэднээс тайлбарлахыг хүсэж болох ба “сүнс нь гэмшдэг” (С ба Г 52:15) гэдэг нь наманчилдаг хандлагатай хүнийг хэлж байна; “миний ёслолуудыг дуулгавартай дагах” (С ба Г 52:15) гэдэг нь Их Эзэний ёслолуудыг хүлээн авч мөн холбоотой гэрээнүүдээ сахидаг хүнийг хэлж байна; “хэл нь даруу төлөв хийгээд сэнхрүүлдэг” (С ба Г 52:16) гэдэг нь хэл яриа нь даруу хийгээд бусдыг өргөж мөн дэмждэг тэдгээрийг хэлдэг; “миний сүр хүчин дор дагжин чичрэх” (С ба Г 52:17) гэдэг нь Бурханы хүчийг хүндлэн биширдэг тэр хүнийг тодорхойлж байна; мөн “үр жимсийг урагш авчрах” (С ба Г 52:17) гэдэг нь Бурханы өгсөн илчлэлтүүдийг дагаснаар ямар нэгэн сайн зүйл (”магтаал болон мэргэн ухаан гэх мэт”)-ийг бүтээж байгаа нэгнийг харуулж байгаа юм.
Сургаал ба Гэрээ 52:14–19-д заагдсан үнэнүүдийг хэрхэн нэгтгэн дүгнэхээ ярилцах цагийг хос болон хуваагдсан суралцагчдад гаргаж өг. Хангалттай хугацаа өгсний дараа тэднийг олж тогтоосон үнэнүүдийг хуваалцахад урь. Суралцагчид олон төрлийн хариултууд өгч болох ч, та дараах зарчмыг тодорхойлж хэлэхийг хүсэж болно. Сатанаар хууран мэхлэгдэхээс зайлсхийхийн тулд, хүн Их Эзэний ёслолуудад дуулгавартай байх ёстой бөгөөд Түүний өгсөн илчлэлтүүдийн дагуу амьдрах ёстой.
Их Эзэн хууран мэхлэлтээс зайлсхийх энэ зарчмыг илчлэхдээ, Тэр бусдад сайн мэдээг номлох гэж байсан санваартнуудад хандан ярьж байсан гэдгийг суралцагчдад сануул.
-
Бусдад сайн мэдээг зааж буй тэдгээр нь Их Эзэний эдгээр шүлэгт илчилсэн загварыг дагах нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ? (Дагаснаар тэд Сүнсээр зааж чадна.)
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 52:36-г чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, Их Эзэний энэ илчлэлтэд өгсөн нэмэлт зааврыг олж мэдэхийг хүс. Тэднийг олж мэдсэн зүйлээ тайлагнахад урь.
-
Их Эзэн Сүмийн ахлагчдыг юу тунхаглахыг зааварласан бэ?
-
Бид яагаад Их Эзэний 14–19-р шүлэгт тоймлон хэлсэн загварын дагуу амьдардаг мөн бошиглогч болон төлөөлөгчдийн заасан зүйлсийг л заадаг удирдагч эсвэл багшид итгэлтэй байж болох вэ?
Та суралцагчдадаа Тэргүүн Зөвлөл эсвэл Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд хэрхэн энэ загварыг үзүүлдэг талаар бодож үзэхийг санал болгож болох юм.
Сургаал ба Гэрээ 52:37–44
Их Эзэн Огайод үлдэх удирдагчдад зөвлөгөө өгөв
Их Эзэн эртний санваартнуудаас олныг Миссури явах замдаа сайн мэдээг номлоход дуудсан ч, бусад хэд хэдэн ахлагч Огайод үлдэх ёстой байв. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 52:39–40-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, Их Эзэний Огайод үлдэх ахлагчдад өгсөн заавруудыг олж мэдэхийг хүс.
-
Огайод үлдсэн тэр ахлагчдад Их Эзэн ямар үүрэг өгсөн бэ?
-
”Ядуус болон гачигдалтай тэдгээрийг санах” гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? Хэрэгцээтэй байгаа хэн нэгний талаар зүгээр л бодох нь яагаад Их Эзэнээс ирж буй энэ зөвлөгөөг гүйцэлдүүлэхэд хангалттай биш байдаг вэ?
-
Өөрсдийн үүрэг хариуцлагыг биелүүлээгүй тэдгээрийн талаар Их Эзэн юу гэж хэлсэн бэ?
-
Их Эзэний үнэнч дагалдагч байх талаар бид эдгээр шүлгээс ямар зарчим сурч чадах вэ? (Суралцагчид өөр өөр үг ашиглаж болох ч тэд дараах зарчмыг тодорхойлох хэрэгтэй. Есүс Христийн дагалдагчид ядуу, гачигдалтай, өвчтэй мөн зовж шаналж байгаа хүмүүсийг анхаарч, халамжилдаг.)
Суралцагчдаас Есүс Христийн дагалдагчид хэмээн боддог хүмүүсийнхээ талаар бодож үзэхийг хүс. Цөөн суралцагчаас тэдний бодсон хүн нь тусламж шаардлагатай хүмүүсийг хэрхэн анхаарч, халамжилдаг талаар хуваалцахыг хүс. Та бас хэрэгцээтэй цаг үед тань таныг анхаарч мөн тусалсан хүмүүст талархлаа илэрхийлж болох юм.