Институт ба семинар
39-р хичээл: Сургаал ба Гэрээ 33–34


39-р хичээл:

Сургаал ба Гэрээ 33–34

Оршил

1830 оны 10-р сард Их Эзэн Эзра Тайре, Нордроп Свийт хоёрыг сайн мэдээг тунхаглуулахаар дууджээ. Сургаал ба Гэрээ 33-т цэдэглэсэн уг илчлэлт нь энэ хоёр эрэгтэй хэрхэн сайн мэдээг заах талаар заавруудыг багтаасан байдаг. Удалгүй Сургаал ба Гэрээ 34-т цэдэглэсэн илчлэлт дээр Их Эзэн итгэлтэй байдлынх нь төлөө Оорсон Праттыг магтаж мөн түүнд сайн мэдээг номлохыг зарлиглажээ.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 33:1–6

Их Эзэн Эзра Тайре, Нордроп Свийт хоёрыг сайн мэдээг тунхаглуулахаар дууджээ

Хичээл эхлэхээс өмнө дараах үгсийг самбар дээр бич. Тухайлбал: бүрээ, ам, чих, хадахад бэлэн болсон талбай. (Хэрэв боломжтой бол эдгээр зүйлийн зургийг үзүүл.) Хичээл эхлэхээс өмнө дараах асуултыг тавь.

  • Эдгээр зүйл хэрхэн номлолын ажилтай хамааралтай байдаг вэ?

Суралцагчдад Сургаал ба Гэрээ 33-ын түүхэн нөхцөл байдлыг ойлгоход нь туслахын тулд Эзра Тайре Ахмад Иосеф Смитийн гэр бүлийн ойролцоо амьдардаг байсан гэдгийг тайлбарла. Түүнд хийж өгсөн олон янзын ажлаар нь тэрээр Смитийн гэр бүлийн гишүүдийг мэддэг болсон. 1830 оны 10-р сард Эзра Тайре, Палмирагийн өөр нэгэн оршин суугч Нордроп Свийт хоёр Сүмд баптисм хүртжээ. Удалгүй Бошиглогч Иосеф Смит энэ хоёр эрэгтэйд хандсан илчлэлтийг хүлээн авсан ба энэ нь одоо Сургаал ба Гэрээ 33-т цэдэглэгдсэн.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 33:1–2-ыг дотроо уншаад, самбар дээрх зураг (эсвэл үгстэй) тохирох үгс, хэллэгүүдийг олж мэдэхэд урь. (Амны зургийг уг хичээлийн сүүл хэсэгт ярилцах болно.) Суралцагчдыг олж мэдсэнээ тайлагнасны дараа тэднээс асуу.

  • Та нар “чихээ нээж … Бурхан[ы] … дуу хоолойг … анхаарагтун” гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж бодож байна вэ? Бидний чих Их Эзэний дуу хоолойг сонсоход бэлэн байгааг бид Түүнд хэрхэн харуулж болох вэ?

  • Та нар сайн мэдээг “бүрээн дуу мэт” тунхаглах гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж бодож байна вэ?

Их Эзэн Өөрийнхөө сайн мэдээг зааж, мөнхийн үнэнүүдийг ойлгоход бидэнд туслахдаа ихэвчлэн бүрээ гэх мэт бидний мэддэг зүйлийг ашигладаг. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 33:3-ыг чангаар уншихад урь. Ангийнхныг хамт даган уншаад, Их Эзэний уг илчлэлтэд ашигласан нэмэлт бэлгэ тэмдгийг олж мэдэхийг хүс.

  • Та нар Их Эзэний усан үзмийн талбай юуг төлөөлж байна гэж бодож байна вэ? (Дэлхий.)

  • Их Эзэний талбайд хөдөлмөрлөгчид гэдэг нь хэнийг хэлж байна вэ? (Их Эзэний Сүмийн гишүүд.)

  • Та нар “арван нэг дэх цаг” гэдэг хэллэг нь юу гэсэн утгатай үг гэж бодож байна вэ? (Энэ нь сайн мэдээний хамгийн сүүлийн эрин үе бөгөөд Их Эзэн Өөрийнхөө Хоёр дахь ирэлтийн өмнө хаант улсаа байгуулах сүүлчийн цаг үе юм.)

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 33:4-ийг дотроо уншаад, Их Эзэн хэрхэн 1830 оны дэлхийн байдлыг дүрсэлснийг олж мэдэхийг хүс.

  • Энэ шүлэг дэх ямар хэллэг танд онцгой санагдаж байна вэ? Яагаад? Бид хэрхэн дэлхийн бусармаг нөлөөллийн эсрэг өөрсдийгөө хүчирхэгжүүлэх вэ?

Дараах үгсийг самбар дээр бич. Их Эзэн … хийсэн мөн хийж байгаа.

Их Эзэн суралцагчдыг дэлхийн бусармаг явдлуудын эсрэг хүчирхэгжихэд нь туслахын тулд юу хийсэн мөн хийж байгааг тунгаан бодох цаг тэдэнд өг. Их Эзэн Сургаал ба Гэрээ 33:5–6-д дэлхийн бусармаг явдлын эсрэг хүчирхэгжихэд бидэнд тусалсан хэдэн зүйлийг мөн тусалж байгаа нэг зүйлийг тунхагласан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг эдгээр шүлгийг чангаар уншихад урь. Ангийнхныг хамт даган уншаад, Их Эзэн биднийг хүчирхэгжүүлэхийн тулд юу хийсэн мөн хийхийг олж тогтооход урь.

  • Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр Бурхан дэлхийн бусармаг явдлуудын эсрэг хүчирхэгжихэд бидэнд туслахын тулд юу хийсэн мөн хийж байгаа вэ? (Суралцагчдыг хариулах үед нэг суралцагчийг самбар дээрх өгүүлбэрийг гүйцээж бичихэд урь. Суралцагчдын хариулт дараах зарчмыг тусгах ёстой. Их Эзэн Өөрийн Сүмийг зохион байгуулсан ба хожмын өдрүүдэд Өөрийн сонгосон хүмүүсийг цуглуулж байгаа.)

Суралцагчдад уг үнэнийг ойлгож, үүний ач холбогдлыг мэдрэхэд туслахын тулд тэднийг хоёр хоёроороо хуваагдаж, дараах асуултуудын хариултуудын талаар ярилцахыг даалга. Та эдгээр асуултыг чангаар уншиж, самбар дээр бичиж эсвэл тараах материал болгон тарааж өгч болно. (Бага хаалтан дахь хариултуудыг бүү оролцуул.)

  1. 6-р шүлэгт цэдэглэгдсэнээр сонгогдсон хүмүүс гэж хэн бэ? (Бурханд итгэж, Түүний дуу хоолойг анхааран сонсох хүмүүс.)

  2. Дэлхийн бусармаг явдлууд болж байхад Их Эзэний сонгогдсон хүмүүст цугларах нь яагаад чухал байдаг вэ?

  3. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм дэх таны гишүүнчлэл хэрхэн таныг дэлхийн бусармаг явдлуудын эсрэг хүчирхэгжүүлсэн бэ?

Сургаал ба Гэрээ 33:7–18

Их Эзэн Эзра Тайре, Нордроп Свийт хоёрт сайн мэдээг заах заавруудыг өгөв

Самбар дээрх амны зураг руу (эсвэл ам гэсэн үг рүү) анхаарал хандуул. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 33:7–10-ыг дотроо уншаад, Их Эзэн юу хийх ёстой гэж Эзра Тайре, Нордроп Свийт хоёрт заасныг олж мэд. Суралцагчдыг юу мэдэж авснаа тайлагнахыг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Дараах бүрэн бус өгүүлбэрийг самбар дээр бич. Хэрэв бид сайн мэдээг тунхаглахын тулд амаа нээвэл …

Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 33:7–10-аас сурсан зүйлсээ ашиглан энэ өгүүлбэрийг гүйцээж бичихийг хүс. Та нэг суралцагчийг зарчмыг гүйцээж бичүүлэхээр самбарын өмнө гарч ирэхэд урьж болно. Өгүүлбэр нь дараахтай адил байж болно. Хэрэв бид сайн мэдээг тунхаглахын тулд амаа нээвэл Их Эзэн бидэнд юу хэлэх талаар сүнслэг удирдамж өгөх болно.

  • Бидний сайн мэдээг тунхаглахаар амаа нээх дургүй байж болох ямар нөхцөл байдлууд байдаг вэ?

  • Та хэзээ сайн мэдээг тунхаглахаар амаа нээхээр шийдэж, юу хэлэхээ мэдэх сүнслэг удирдамжийг хүлээн авч байсан бэ? Та хэзээ хэн нэгэн хүн сайн мэдээг хуваалцаж, хэлж байгаа зүйлдээ сүнслэг удирдамжийг хүлээн авч байсныг харсан бэ?

Эдгээр шүлэгт Их Эзэн Эзра Тайре, Нордроп Свийт хоёрт Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг зэрэг анхдагч зарчмууд болох сайн мэдээний ёслолуудыг тунхаглахыг зааварласан гэдгийг тайлбарлаж, Сургаал ба Гэрээ 33:11–15-ыг нэгтгэн дүгнэ.

Самбар дээр бичсэн зарчмыг эргэж хар. Суралцагчдаас Их Эзэн сайн мэдээг бусадтай хуваалцах үед бидэнд юу хэлэх талаар сүнслэг удирдамж өгч болохын тулд амаа нээхээс гадна юу хийх хэрэгтэй талаар тунгаан бодохыг хүс. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 33:16–18-ыг чангаар уншихад урь. Ангийнхныг хамт даган уншаад, номлогчдын хувьд юу хэлэхээ мэдэхэд нь туслахын тулд Эзра, Нордроп хоёрт өгсөн Их Эзэний тодорхой зөвлөгөөг олж тогтоохыг хүс.

  • Их Эзэн номлогчдын хувьд юу хэлэхээ мэдэхэд нь туслах ямар зөвлөгөөг Эзра, Нордроп хоёрт өгсөн бэ? (Суралцагчдын хариултуудыг самбар дээр бичиж болно.)

  • “Дэнлүүгээ бэлтгэж мөн асаан бас тосоо авч яван” хэмээх Их Эзэний зөвлөгөө нь юу гэсэн утгатай үг гэж та бодож байна вэ? (C ба Г 33:17). (Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд сүнслэг байдлын хувьд бэлтгэгдэж, бүх цаг үед бэлэн байх. Энэ шүлэг нь Матай 25:1–13 болон Сургаал ба Гэрээ 45:56–57-д байдаг арван онгон охины сургаалт зүйрлэлтэй холбоотой юм.)

  • Эдгээр шүлэг дэх Их Эзэний зөвлөгөө нь хэрхэн бүх цаг үед мөн бүх нөхцөл байдалд сайн мэдээг хуваалцахын тулд амаа нээхэд бэлэн байхад бидэнд туслах вэ?

Сургаал ба Гэрээ 34

Их Эзэн Оорсон Праттыг итгэлийнх нь төлөө магтаж, түүнд сайн мэдээг тунхаглахыг зарлиглав

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 34-ийн хэсгийн оршлыг уншаад, сайн мэдээг хуваалцахын тулд амаа нээсний ачаар адислагдсан хүний үлгэр жишээг олж мэдэхэд урь.

  • Энэ жишээнд хэн адислагдсан бэ? Оорсон Пратт баптисм хүртэхдээ хэдэн настай байсан бэ? Тэр хэрхэн сайн мэдээний талаар сурсан бэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 34:1-ийг чангаар уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн хэрхэн Оорсонг дуудсаныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс. Дараа нь ангийнхнаас Сургаал ба Гэрээ 34:2–3-ыг дотроо уншаад, Их Эзэн яагаад түүнийг “Хүү минь” гэж дуудсаныг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн яагаад Оорсонг Түүний хүү гэж дуудсан бэ? (Оорсоны Их Эзэнд итгэх итгэлээс болж.)

  • Сургаал ба Гэрээ 34:3-т цэдэглэгдсэнээр Их Эзэн Өөрт нь “итгэсэн болгон[ы]” төлөө юу хийсэн бэ? (Суралцагчдад энэ шүлгийн үнэн нь эмэгтэйчүүдэд ч гэсэн адилхан хамаатай гэдгийг ойлгоход туслахын тулд тэдэнд Сургаал ба Гэрээ 25:1-ийг уншихыг зөвлөж болно.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 34:4–6-г чангаар уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн юу Оорсоны амьдралд илүү их адислал авчирна гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Бид бусдад сайн мэдээг заахдаа яагаад “улам ч илүү адислагд[даг]” гэж гэж та бодож байна вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 34:10–11-ийг чангаар уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, бусадтай сайн мэдээг хичээнгүйлэн хуваалцах хүмүүст өгөгддөг адислалуудыг олж мэдэхийг хүс.

  • Сайн мэдээг хичээнгүйлэн заадаг хүмүүст ямар адислалууд өгөгддөг вэ? (Суралцагчдыг хариулах зуур та дараах зарчмыг самбар дээр бичиж болно. Сайн мэдээг хичээнгүйлэн хуваалцдаг хүмүүс Ариун Сүнсний хүчээр үүнийг хийдэг.)

  • Итгэлтэй хүмүүст ямар адислалууд амлагдсан бэ? (Та мөн энэ зарчмыг самбар дээр бичиж болно. Хэрэв бид итгэлтэй байх юм бол Их Эзэн бидэнтэй хамт байх болно.)

  • Сургаал ба Гэрээ 34:11 дэх үнэн нь урам хугарсан үед танд хэрхэн туслах вэ?

Та Их Эзэнд итгэлтэй байснаар Түүнийг тантай хамт байгааг мэдэрсэн цаг үеийнхээ талаар хуваалцсанаар хичээлийг дуусгаж болно. Та мөн энэ хичээлд ярилцсан үнэнүүдийн талаар гэрчилж болно.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 33. Нордроп Свийт

Нордроп Свийт 1830 оны 10-р сард Нью-Йоркийн Палмирад Парлий П.Праттаас баптисм хүртэж, Сүмийн гишүүн болжээ. Тэрээр 1830 оны 10-р сард номлолд үйлчлэхээр томилогдсон (С ба Г 33-ыг үзнэ үү). Тэр 1831 оны 6-р сард Огайогийн Көртланд руу нүүсэн ба тэндээ ахлагчаар томилогджээ. Гэсэн хэдий ч тэр удалгүй Сүмийг орхиж, өөр Сүмийг үүсгэн байгуулахыг оролдож, Иосеф Смит хуурамч бошиглогч гэж тунхаглажээ.

Сургаал ба Гэрээ 33:1. Бурханы үг бол амьд бөгөөд хүчирхэг байдаг.

Их Эзэн Бурханы үгийн хүчийг тайлбарлахын тулд зарим сэтгэлд гүн хоногшим дүрслэлүүдийг ашигласан байдаг. Бурханы үгээр тэнгэрээс авхуулаад хүмүүсийн зүрх хүртэл бүх зүйлийг хөдөлгөдөг учраас Түүний үг бол хүчирхэг гэдэг санааг ойлгоход амар. Сургаал ба Гэрээ 33:1 дэх амьд гэдэг нь түргэн, хурдан гэсэн утгатай биш бөгөөд амьдрах эсвэл амьд байх гэсэн утгатай юм (Bible Dictionary, “Quick”-г үзнэ үү). “Хоёр талдаа иртэй илднээс илүү хурц, үе мөч болон чөмгийг, сэтгэл хийгээд сүнсийг хэдэн хэсэг болгон салгах” гэдэг хэллэг нь Бурханы үг хэрхэн хүмүүний зүрхийг зүсэх мэт нөлөөлдгийг тайлбарлаж байгаа юм (мөн 1 Нифай 16:1–2-ыг үзнэ үү).

Эзра Тайрегийн хэлсэн үг нь Бурханы үг хэрхэн амьд бөгөөд хүчирхэг байдгийг харуулдаг. Эзра Тайре:

“Хайрумыг ярьж эхлэх үед үг бүр нь зүрх сэтгэлийн гүнд хүртэл нөлөөлсөн. Бүх үг надад хандаж байна гэж би бодсон. Бурхан намайг шийтгэж, хөдөлж ч чадахааргүй болголоо. Би юу ч хийж чадсангүй. Нулимс хацрыг минь даган урсаж, би маш их баяртай мөн зөрүүдэлсэн байдалтай байлаа. Тэнд намайг мэддэг олон хүн байсан учраас би дээш харж зүрхлэхгүй байв. Би дээш харахаасаа өмнө тайтгарталаа суусан юм. Тэд сүмийн дуулал дуулж, намайг Сүнсээр дүүргэлээ. Хайрум үг хэлж дууссаныхаа дараа нэгэн ном аваад, ‘Энэ бол Мормоны Ном’ гэж хэлсэн юм. Би надад үзүүлээч гэж хэллээ. Би номыг нээгээд, ямар ч бэх мөн ямар ч үгээр илэрхийлж чадахгүй тийм их баяр баясгаланг мэдэрч, гайхширч зогслоо. Би номыг хаагаад, энэ ямар үнэтэй вэ гэж асуухад ‘Арван дөрвөн шиллинг’ гэж хариуллаа. Би номыг худалдаж авъя гэж хэлсэн. Би үүнийг дахин нээгээд, Сүнсийг хоёр дахин их мэдэрч, өөрийгөө дэлхий дээр байгаа үгүйг ч мэдэхээ больсон. Тэнгэрт байгаа юм шиг л санагдаж байлаа.

Мартин Харрис энэ ном үнэн гэж хэлэхээр над руу яаран ирлээ. Би түүнд надад ингэж хэлэх шаардлагагүй бөгөөд учир нь би өөрөө үүнийг үнэн гэдгийг мэдсэн гэж хэлсэн юм” хэмээн дурсжээ (Лидон В.Күк, The Revelations of the Prophet Joseph Smith: A Historical and Biographical Commentary of the Doctrine and Covenants [1985 он], 47–48).

Сургаал ба Гэрээ 33:9. Нуруун дээрээ боодлуудыг үүрэх болно

Бид “нуруун дээрээ боодлуудыг үүрэх болно” гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж та бодож байна вэ? Энэ хэллэг нь талбайгаас хураасан ургац эсвэл багцалсан үр тариаг хэлж байгаа юм. “Боодлууд” гэдэг нь маш том хэмжээний, хангалттай их ургацыг хэлдэг. Энэ нь номлолын агуу их амжилтыг төлөөлөх бэлгэ тэмдэг юм.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар энэхүү адилтгалын утгыг:

Ахлагч Дэвид А.Бэднар

“Энэхүү адилтгал дахь боодлууд нь шинээр баптисм хүртсэн Сүмийн гишүүдийг хэлдэг. Боодлуудыг цуглуулах саравчнууд нь ариун сүмүүд юм. Ахлагч Нийл А.Максвэлл ‘биднийг баптисм хүртэх үед нүд маань баптисмын усан сангаас ариун сүм рүү харах ёстой болдог нь тодорхой’ гэж тайлбарлажээ. Боодлуудыг цуглуулах ёстой саравч нь ариун сүм юм’ (John L. Hart, ‘Make Calling Focus of Your Mission,’ Church News, 1994 оны 9-р сарын 17, 4). Энэхүү заавар нь боодлууд хаягдахгүй байж болохын тулд ариун сүмийн ариун ёслол, гэрээнүүд чухал гэдгийг тодорхойлж, чухалчилдаг билээ” (“Honorably Hold a Name and Standing,” Ensign эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 97).

Сургаал ба Гэрээ 34:1. Оорсон Пратт

Оорсон Пратт хэрхэн залуухан хөвгүүн байхдаа Есүс Христэд итгэх итгэлээ ашигласан тухай тайлбарлажээ.

Ахлагч Оорсон Пратт

“Арваас арван найман насандаа би дэлхийн ихэнх зүйлсийг харсан ба ямар нэгэн тогтвортой байр суурьгүй байлаа; гэвч Бурханы ач ивээлээр би залуу хүмүүсийн уруу татагддаг ихэнх хилэнцтээс хол байсан юм; Аав, ээж маань ёс суртахуун хийгээд шашны талаарх анхны сэтгэгдлийг надад үлдээсэн ба энэ нь үргэлж надтай хамт үлдсэн юм; Би ихэнхдээ ирээдүйд бэлтгэлтэй байх талаар санаа зовдог байсан ч 1829 оны хавар хүртэл Их Эзэнийг эрэлхийлэх чин сэтгэлийн эрлээ эхлээгүй байлаа. Тийн би бүх нүглээ наманчлан, чин сэтгэлээсээ залбирч эхэлсэн юм. Бусад хүн дуг нойрондоо дугжирч байхад би үдшийн бүрийд хэн ч байхгүй газар эсвэл зэлүүд газар цор ганцаараа Их Эзэний өмнө өвдөг сөхрөн, харууссан зүрх, гэмшсэн сэтгэлээр залбирдаг байсан ба энэ нь надад тайвшрал, баяр баясгаланг авчирдаг байлаа. Зүрх сэтгэлийн минь чин хүсэл Их Эзэний надаас хүсэж буй зүйлийг эрхэмлэн биелүүлэх явдал байсан юм” (in The Orson Pratt Journals, нэгтгэсэн Элдэн Ж.Ватсон [1975], 8–9).

Сургаал ба Гэрээ 34:10. “Дуу хоолойгоо өргө”

Оорсон Пратт Сургаал ба Гэрээ 34:10-т цэдэглэгдсэн Их Эзэний зарлигийг дуулгавартай дагахын тулд сайн мэдээг хуваалцахаар дуу хоолойгоо өргөжээ. Оорсон Пратт уг илчлэлтийг хүлээн авсныхаа дараахан Нью-Йоркийн Колесвилл руу номлолд явжээ. Оорсон хэдэн жилийн дараа өөр нэгэн номлолд “6400 километр явган аялж, 207 цуглаанд оролцож, … 104 хүнд баптисм хүртээж, Сүмийн нэлээд хэдэн шинэ салбаруудыг зохион байгуулжээ” (Оорсон Пратт, “History of Orson Pratt,” Millennial Star, 1865 оны 2-р сарын 4, 72). Тэрээр амьдралынхаа турш үйлчлэхдээ “авралын номлолуудын төлөө арван зургаан удаа далайг гаталжээ” (“Orson Pratt,” Contributor, 1881 оны 11-р сар, 61).