54-р хичээл
Сургаал ба Гэрээ 46
Оршил
1831 оны 3-р сард, Сүм зохион байгуулагдсанаас ойролцоогоор нэг жилийн дараа Их Эзэн, Сүмийн цуглаанууд Ариун Сүнсээр удирдагдах ёстой хэмээн гэгээнтнүүдэд сануулав. Мөн энэ илчлэлтээрээ Их Эзэн Сүмийн гишүүн бус хүмүүс олон нийтэд зориулсан цуглаануудаас хөөгдөх ёсгүй хэмээн онцлон хэлэв. Цуглаануудад үл итгэгчдийг оруулахгүй байх явдлыг залруулах тухай мөн түүнчлэн Их Эзэн Сүнсний бэлгийн талаар заав.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 46:1–6
Их Эзэн Сүмийн цуглаануудын талаар гэгээнтнүүдэд зааварчлав
Суралцагчдыг ариун ёслолын цуглаан төлөвлөх үүрэг хүлээсэн байна гэж төсөөлөн бодохыг хүс.
-
Цуглаанд юу хэрэгтэйг та нар хэрхэн мэдэж болох вэ? Та нар хөгжим болон үг хэлэх хүмүүсийг хэрхэн сонгох вэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 46:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, Сүмийн цуглаануудыг хэрхэн удирдан явуулах талаар Их Эзэний өгсөн зааврыг олж мэдэхийг хүс. Та цуглаануудыг удирдан явуулах үүрэг нь тэдгээрт бэлтгэх үүргийг багтаадаг гэдгийг онцлон хэлж болох юм. Суралцагчдыг олж мэдсэн зүйлсээ хуваалцахыг хүс. Тэдний хариулт өөр өөр байж болох хэдий ч, тэд дараах зарчмыг илэрхийлэх хэрэгтэй. Сүмийн удирдагчид цуглааныг удирдан явуулахдаа Ариун Сүнсээр удирдуулах ёстой.
-
Удирдагчид цуглаан дээр Ариун Сүнсээр удирдуулж байгааг та нар хэзээ мэдэрч байсан бэ?
-
Сүмийн бүх гишүүд Ариун Сүнсний нөлөөг Сүмийн цуглаануудад хэрхэн урьж болох вэ?
Суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ Сүмийн цуглаануудад оролцох оролцоогоо нэмэгдүүлэх нэг арга замын талаар бичихэд урь.
Дараах өгүүлбэрийг самбар дээр бич. Зочид тавтай морилно уу. Суралцагчдаас энэ хэллэгийг байрлуулсныг харж байсан газруудаа тодорхойлохыг хүс. Тэд үүнийг Сүмийн цуглааны байрнуудын гадна талд харж байсан эсэхийг асуу. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 46-р хэсгийн оршлыг чанга уншихад урь. Ангийнхныг судрууд дээрээсээ гүйлгэн харж, эртний гэгээнтнүүд хэнийг цуглаандаа орохыг зөвшөөрдөг байсныг олж мэдэхийг хүс. Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Тэгээд тэднийг Сургаал ба Гэрээ 46:3–6-г чанга уншиж, энэ эртний дадлыг залруулсан үгсийг олж мэдэхийг хүс.
-
Бид энэ шүлгүүдээс Их Эзэн биднийг бусдад хэрхэн хандахыг хүсдэг талаар юу сурч чадах вэ? (Суралцагчид дараах зарчмыг тодорхойлж хэлэх хэрэгтэй. Их Эзэн бидэнд олон нийтийнхээ цуглаануудад бүх хүнийг урихыг зарлигласан.)
-
Бусдад манай Сүмийн цуглаануудад тавтай морилж болно гэдгийг мэдэхэд нь бид хэрхэн тусалж чадах вэ?
Суралцагчдад энэ үнэний талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь туслахын тулд дараах жишээг хуваалц.
Сүмийн нэг өсвөр үеийн гишүүн нэг шинэ тойрогт гэр бүлийнхэнтэйгээ анх удаа зочилж ирэв. Ариун ёслолын цуглааны дараа тойргийн нэг гишүүн уг гэр бүлийнхэнтэй мэндэлж, ням гаргийн анги хаана орохыг зааж өгөв. Тэр залуу эмэгтэйг анги руу нь дагуулан явж, түүнийг багшид нь танилцуулжээ. Анги дахь залуу эрэгтэй, эмэгтэйчүүд түүнтэй товчхон танилцаад, дараа нь түүнийг үл тоомсорлон, бие биетэйгээ ярилцахаа үргэлжлүүлэв.
-
Ням гаргийн ангийн гишүүд Сургаал ба Гэрээ 46:3–6 дахь зарчмуудыг дагадаг байсан бол энэ нөхцөл байдал хэрхэн өөр байж болох байсан бэ?
Сүмийн цуглаан, анги, үйл ажиллагаануудад оролцож буй тэдгээрийг найрсгаар угтан авдаг байхад суралцагчдыг урамшуулан дэмж.
Сургаал ба Гэрээ 46:7–33
Их Эзэн Сүнсний бэлгүүдийн зорилгыг тайлбарлав
Суралцагчдад 1831 оны 2-р сард Иосеф Смит Көртландын гэгээнтнүүдтэй нэгдсэн гэдгийг сануул (энэ гарын авлагын 50-р хичээлийг үзнэ үү). Тэр ирээд Сүмийн гишүүд зарим хуурамч дадал зуршилд автаж эхэлснийг олж мэдэв. Энэ хичээлийн эхэнд тайлбарласнаар, нэг хуурамч дадал зуршил нь Сүмийн цуглаануудад хүмүүсийг оролцуулахгүй байх явдал байв. Өөр нэг хуурамч дадал зуршил бол зарим гишүүн Сүмийн цуглаануудад оролцох үедээ этгээд зан авир гаргаж байсан явдал. Тэд өөрсдийнхөө үйлдлийг Ариун Сүнсээр өдөөгдсөн гэж зүтгэж байв. Зарим гишүүн тэдэнд итгэж, бусад нь ийм зан авир Бурханых биш гэж бодож байлаа. Сургаал ба Гэрээ 46-д цэдэглэгдсэн илчлэлтэд Их Эзэн гэгээнтнүүдийг мэхлэгдэхээс зайлсхийхэд туслах, бас Сүнсний жинхэнэ бэлгүүдийг ойлгоход тэдэнд туслах зарчмуудыг заасан.
-
Мэхлэгдэх гэдэг нь юу гэсэн үг вэ? (Үнэн биш ямар нэгэн зүйлд итгэж хуурагдах эсвэл мэхлэгдэх.) Танд мэхлэгдэж байсан үе байна уу?
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 46:7–8-ыг дотроо уншиж, Их Эзэн Өөрийн хүмүүсийг мэхлүүлэхгүйн тулд юу хийх хэрэгтэй хэмээн зөвлөснийг олж мэдэхийг хүс. Та суралцагчдад олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг санал болгож болно.
-
Хууран мэхлэгдэхээс зайлсхийх талаар эдгээр шүлэг юу зааж байна вэ? (Суралцагчдад дараах зарчмыг тодорхойлоход тусал. Мэхлэгдэхээс зайлсхийх нэг арга зам бол бүх цэвэр ариун байдалд Ариун Сүнсний удирдамжийг дагах явдал юм.)
-
8-р шүлэгт цэдэглэгдсэнээр, бид юуг хичээнгүйлэн эрэлхийлэх хэрэгтэй вэ? (Хамгийн сайн бэлгүүд.)
Дараах өгүүлбэрийг самбар дээр бич. Хэрэв бид хамгийн шилдэг бэлгүүдийг хичээнгүйлэн эрэлхийлбэл …
Суралцагчдыг дараах үйл ажиллагаанд оролцохдоо, Сүнсний бэлгүүдийг эрэлхийлэх үед нь ирэх адислалуудыг олж мэдэхэд тэднийг урь. Та Сүнсний бэлгүүд нь “Ариун Сүнсний хүчээр өгөгддөг адислалууд эсвэл чадварууд гэдгийг тайлбарлаж болно. Бурхан эдгээр бэлгээс хамгийн багадаа нэг бэлгийг нь Сүмийн итгэлтэй гишүүн бүрд өгсөн байдаг” (True to the Faith: A Gospel Reference [2004 он], 165).
Хичээл эхлэхийн өмнө 13-аас эхлээд 25 хүртэл тоонуудыг бас 27 гэсэн тоог цаасан дээр энд тэндгүй бич. Дараа нь цаасыг 14 хэсэг болгон, хэсэг тус бүр дээр нэг тоотойгоор хайчил.
Суралцагчдад нийлүүлж тавих хэсгүүдийг тарааж өг. Ангийн хэмжээнээс хамааран та жижиг бүлгүүдэд нэг нэг хэсгийг тараан өгч эсвэл суралцагчдад нэгээс илүү хэсгийг тараан өгөх хэрэгтэй байж болно. Ангийнхныг хэсгүүдийг нийлүүлж тавихаар хамтдаа ажиллахад урь.
-
Буцааж нийлүүлдэг тоглоомд яагаад хэсэг тус бүр нь чухал байдаг вэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 46:8–12-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, Бурханы бидэнд өгсөн бэлгүүдийн зорилгыг олж мэдэхийг хүс.
-
Сүнсний бэлгүүд нь юуны төлөө ашиглагдах ёстой вэ? (“Бурханы хүүхдүүдийн сайн сайхны төлөө.”)
-
9-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Сүнсний бэлгүүд хэнд өгөгддөг вэ? (Бурханыг хайрладаг, Түүний зарлигуудыг дагадаг мөн “үйлдэхийг эрэлхийлдэг” тэдэнд.)
-
11-р шүлэгт цэдэглэгдсэнээр, бидний хэдэд нь Сүнсний бэлэг өгөгдсөн бэ?
-
Эдгээр шүлгээс сурсан зүйл дээрээ үндэслэн самбар дээрх өгүүлбэрийг та нар хэрхэн гүйцээх вэ? (Суралцагчид өөр өөр үг ашиглаж болох ч, тэдний хариулт дараах зарчмыг илэрхийлэх ёстой. Хэрэв бид хамгийн шилдэг бэлгүүдийг хичээнгүйлэн эрэлхийлбэл, Бурхан бусдын ашиг тусын төлөө бидэнд тэдгээрийг өгөх болно. Та суралцагчдадаа энэ үнэнийг зааж буй үг, өгүүлбэрийг судрууд дээрээ тэмдэглэхийг санал болгож болно.)
Суралцагчдын буцааж нийлүүлэн тавьсан хэсгүүдэд тэдний анхаарлыг хандуул. Нийлүүлдэг тоглоомын хэсэг тус бүрийн ач холбогдлыг тэдэнд сануул.
-
Их Эзэний Сүмд гишүүн бүр яагаад чухал байдаг вэ? (Хүн бүрд бусдад тус болж чадахуйц бэлэг байдаг.)
Нийлүүлсэн хэсгүүдээ салгаж, суралцагчдад хэсгүүдийг буцааж өг. Цаасан дээрх тоонууд нь Сургаал ба Гэрээ 46-д байгаа шүлгүүдийг төлөөлж байгаа бөгөөд эдгээр шүлэг бүр Сүнсний бэлгүүдийг нэрлэж байгааг тайлбарла. Суралцагчдыг тэдэнд өгөгдсөн тоонуудтай таарч байгаа шүлгүүдийг чанга уншихад урь.
Шүлэг бүрийг уншсаны дараа, тэр бэлэг нь Бурханы хүүхдүүдэд ашиг тустай байж болох нэг нөхцөл байдлыг санал болгохыг суралцагчдаас хүс. Суралцагчдад зарим бэлгийг ойлгоход хэцүү байж магадгүй. Цөөн хэдэн бэлгийн талаарх дараах тайлбарууд нь тэдний ярилцлагыг удирдахад танд тусалж болох юм.
Удирдлагын ялгаануудыг мэдэх бэлэг нь бусдын бэлэг олон янзын үйлчлэх албан тушаалуудад хэрхэн тусалж чадахыг ялган таньдаг удирдагчдад өгөгдөх нь олонтоо байдаг.
Үйл ажиллагааны олон янз байдлыг мэдэх бэлэг нь жинхэнэ бэлгүүд буюу Ариун Сүнсний ажлууд болон хуурамч сүнс, хуурамч сургаалууд эсвэл хуурамч зарлигуудын хоорондох ялгаануудыг мэддэг хүний чадвараар харагддаг болой.
Мэргэн ухааны үгийн бэлэг нь Мэргэн ухааны үг хэмээн нэрлэгдсэн тэрхүү зарлигийг хэлээгүй. Харин энэ нь “бүх хүнд өгөөмрөөр өгөгч Бурханаас асуудаг” (Иаков 1:5) тэдэнд ирдэг мэргэн ухааны адислалуудыг хэлж байгаа юм.
Сүнсийг ялган таних бэлэг нь хүнд бусдын үнэн санааг болон далд хүслүүдийг ялган таньж эсвэл ойлгох боломжийг олгодог. Энэ бэлэг нь хүнд бусдын далд хилэнцийг илрүүлж мөн бусдын сайн талыг олж харахад тусалдаг.
Хэлний бэлэг болон хэлнээс хөрвүүлэх бэлэг нь хэлийг хурдан сурч, ойлгох боломжтой номлогчдод нийтлэг харагддаг. Эдгээр бэлэг нь бас сайн мэдээг сурч, заахын тулд хэлний бэрхшээлээ даван туулах хэрэгтэй байгаа хүмүүст бас өгөгдөж болно.
-
Бид сүнслэг бэлгүүдийг яагаад эрэлхийлэх хэрэгтэй вэ? Бид тэдгээрийг эрэлхийлэхийн тулд юу хийж чадна гэж та нар бодож байна вэ? (Их Эзэн патриархын адислалууд эсвэл санваарын бусад адислалаар дамжуулан сүнслэг бэлгүүдийг илчилж чадна гэдгийг онцлон хэлэх нь тустай байж болох юм.)
-
Бусдын ашиг тусын тулд сүнслэг бэлэг авч байсан хэн нэгнийг та хэзээ харж байсан бэ?
Суралцагчдыг хувь хувьдаа Сургаал ба Гэрээ 46:30–33-ыг судалж мөн сүнслэг бэлгүүдээ ашиглах үедээ бидний хийх ёстой дөрвөн зүйлийг олж тогтоохыг хүс. (Бид Бурханы хүслийг гүйцэлдүүлэхийн тулд асууж, Есүс Христийн нэрээр үйлдэж, хүлээн авсан адислалуудынхаа төлөө талархлаа илэрхийлж мөн цэвэр байдал болон ариун журмыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэх мэт хариултууд байж болно.)
Сүнсний бэлгүүдийн төлөө мөн таны амьдрал дахь тэдгээрийн нөлөөний төлөө талархлаа илэрхийл. Суралцагчдадаа мөн талархлаа илэрхийлэх боломжийг олго. Бүх хүн сүмд ирэхээр уригддаг бөгөөд тэд Түүний Сүмд хэрэгтэйг мэдээсэй гэсэн Их Эзэний хүслийг гэрчил.