Институт ба семинар
16-р хичээл: Сургаал ба Гэрээ 8


16-р хичээл

Сургаал ба Гэрээ 8

Оршил

1829 оны 4-р сард Оливер Каудери бошиглогч Иосеф Смитийн алтан ялтсуудыг орчуулах ажилд бичээчээр тусалж эхэлжээ. Их Эзэн Оливерыг хүсэлтэй байвал түүнд орчуулах бэлгийг санал болгосон учраас (С ба Г 6:25-ыг үзнэ үү), Оливер “орчуулах хүч өөрт нь ирээсэй гэж маш их хүсэх болсон байна” (Иосеф Смит, Сүмийн Түүх, 1:36). Үүний хариуд Их Эзэн Оливерын итгэлийн дагуу түүнд орчуулах чадварыг өгнө гэж хэлжээ.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 8:1–5

Их Эзэн Оливерт илчлэлтийн бэлгийг өгөхөөр амлав

Хичээл эхлэхээс өмнө дараах асуултуудыг самбар дээр бич. Хичээлийн үеэр суралцагчдын хэлэх зарчмуудыг бичих хангалттай зайг асуулт бүрийн доор үлдээ.

Бид залбирлуудаа илүү утга учиртай болгохын тулд юу хийж болох вэ?

Бурхан бидэнд хандан ярих үед үүнийг хэрхэн мэдэх вэ?

Самбар дээрх асуултууд руу суралцагчдын анхаарлыг хандуул.

  • Эдгээр асуултын хариултуудыг мэдэх нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 8 нь Их Эзэний Иосеф Смитээр дамжуулан Оливер Каудерид өгсөн илчлэлтийг агуулдаг гэдгийг тайлбарла. Энэ илчлэлтээс бид самбар дээрх асуултуудад хариулахад туслах Их Эзэнээс ирсэн удирдамжуудыг харах болно.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 8:1-ийг дотроо уншиж, Их Эзэн Оливерт хэрхэн залбирахыг зааварласныг олж мэдэхэд урь.

  • Их Эзэн Оливер Каудерид хэрхэн залбирах талаар ямар заавар өгсөн бэ?

  • “Үнэнч зүрх сэтгэлээр итгэн асуух” гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ?

Самбар дээрх эхний асуултын доор дараах үгсийг бич. Хэрэв бид залбирвал, хүлээн авч чадна.

Сургаал ба Гэрээ 8:1-ийг уншаад, та нар энэ өгүүлбэрийг хэрхэн гүйцээх вэ? (Хэдийгээр суралцагчид өөрөөр хэлж болох ч тэдний хариулт нь хэрэв бид үнэнч зүрх сэтгэлээр итгэлтэй залбирвал Бурханаас мэдлэг хүлээн авч чадна гэсэн зарчмыг харуулах ёстой. Тэдний үгсийг ашиглан, самбар дээрх өгүүлбэрийг гүйцээ.)

  • Бидний итгэл ба чин сэтгэл Бурханаас мэдлэг хүлээж авах бидний чадварт яагаад нөлөөлдөг гэж та нар боддог вэ?

Суралцагчдыг тэд итгэлтэйгээр мөн үнэнч зүрх сэтгэлээр залбирснаар адислал авсан үеүдээ тунгаан бодоход урь.

Хоёр дахь асуултын талаар мэдлэгтэй болоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг Мосе Израилын хүүхдүүдийг боолчлолоос болон араас нь хөөж байгаа Египетийн армиас чөлөөлсөн түүхийг товч ярихад урь (Египетээс гарсан нь 14-ийг үзнэ үү).

Мосе Улаан тэнгисийг хуваав

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 8:2–3-ыг чанга уншихад урь. Ангийнхныг Бурхан Израилын хүүхдүүдийг улаан тэнгис дундуур авчрах ёстой гэдгийг Мосед хэрхэн илчилснийг олж мэдэхэд урамшуулан дэмж.

  • Улаан тэнгисийн усыг хуваа гэдгийг Бурхан Мосед хэрхэн ойлгуулсан бэ? (Илчлэлтийн сүнсээр.)

  • Их Эзэнийг бидэнд хандан хэрхэн ярьдаг талаар бид эдгээр шүлгээс юу сурч болох вэ? (Суралцагчид Их Эзэн Ариун Сүнсээр дамжуулан бидний оюун болон зүрх сэтгэлд ярьдаг гэдгийг хэлэх ёстой. Энэ үнэнийг самбар дээрх хоёр дахь асуултын доор бич.)

оюун ба зүрх сэтгэл бүдүүвч зураг

Дагалдах бүдүүвч зургийг самбар дээр зур. Оюун болон зүрх сэтгэл рүү чиглэсэн сумнууд нэмж зур.

  • Их Эзэн ямар ямар арга замаар бидний оюунд ярьдаг вэ? Их Эзэн ямар ямар арга замаар бидний зүрх сэтгэлд ярьдаг вэ?

Суралцагчдад Ариун Сүнсний нөлөөг хэрхэн мэдрэхийг илүү сайн ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчаас Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн дараах үгийг уншихыг хүс.

Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Та нар Ариун Сүнсээр хэрхэн удирдуулахад одоо, залуу насандаа суралцаж чадна.

Төлөөлөгчийн хувьд би жаахан хүүхэд байхдаа сонсдог байсан тэр л эх сурвалжаас мөн адил арга замаар ирсэн нэг л ижил илчлэлтийг одоо ч мөн сонсдог. Хүлээн авах чадвар минь одоо илүү сайн болсон” (“Prayers and Answers,” Ensign, 1979 оны 11-р сар, 21).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараах үгийг уншихыг нэг суралцагчаас хүс.

Ахлагч Ричард Г.Скотт

“Оюун санаанд ирэх өдөөлт маш тодорхой байдаг.

Тодорхой үгс сонсогдох буюу мэдрэгдэж мөн бичигдэх бөгөөд тэр ч бүү хэл, зааврууд нь өгөгддөг.

Зүрх сэтгэлд ирэх мэдрэмж илүү ерөнхий мэдрэмж байдаг. Их Эзэн ихэвчлэн өдөөлтүүд өгөх замаар эхэлдэг. Тэдгээрийг чухал гэдгийг ойлгож мөн дуулгавартай дагаснаар хүн оюунд хандсан илүү тодорхой заавар хүлээн авах илүү сайн чадвартай болдог. Зүрх сэтгэлд ирэх өдөөлтийг дагавал оюунд илүү тодорхой заавар ирэх болно” (“Helping Others to Be Spiritually Led” [СБС-ийн шашны багш нарт хандаж хэлсэн үг, 1998 оны 8-р сарын 11], 3–4, LDS.org).

Та зарим хүний зүрх сэтгэлд ирэх өдөөлт нь оюунд ирж байгаатай адил тодорхой байдаг гэдгийг тайлбарлаж болно.

  • Их Эзэн бидэнтэй хэрхэн харилцдагийг ойлгож мөн үүнийг таних нь яагаад чухал вэ?

Суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ (1) Тэнгэрлэг Эцэг Ариун Сүнсээр дамжуулан тэдний оюун болон зүрх сэтгэлд ярьсан үе эсвэл (2) Ариун Сүнсний нөлөөг мэдэрсэн үеийнхээ талаар бичихэд урь. Хэрэв тэд бичсэн зүйлээ хуваалцах үедээ таатай мэдрэмжтэй байвал тэдэнд үргэлжлүүлэх боломж өг. Та бас Их Эзэн танд хандан ярьж байгааг таньж мэдсэн туршлагаа хуваалцаж болно.

Хувийн илчлэлт эрэлхийлж мөн хүлээн авах чадвар нь Бурханы бүх хүүхдэд боломжтой гэдгийг тайлбарла.

Суралцагчдын анхаарлыг Сургаал ба Гэрээ 8:4-т хандуул. Энэ шүлгийн дараах хэсгийг ангийнханд чанга уншиж өг. “Тиймийн тул энэ нь чиний бэлэг болой; үүнийг ашиглагтун, мөн чи адислагдсан бөлгөө.” Энэ шүлэг дэх бэлэг гэдэг үг нь Оливерын илчлэлт хүлээн авах чадварыг хэлж байгаа гэдгийг тайлбарла.

  • Илчлэлтийн сүнсийг “ашиглана” гэдэг нь юу гэсэн үг вэ? (Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэх.)

Суралцагчдаас амьдралдаа илчлэлтийн сүнсийг хэрхэн илүү сайн ашиглахыг тунгаан бодохыг хүс. Дараах үгсийг самбар дээр бич. Хэрэв бид илчлэлтийн сүнсийг ашиглавал, .

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 8:4–5-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас Оливер илчлэлтийн бэлгийг “ашиглавал” Их Эзэн түүнд юу амласныг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг хариулсны дараа дутуу өгүүлбэрийг гүйцээж болох нэг арга замыг зөвлө. Хэрэв бид илчлэлтийн сүнсийг ашиглавал хилэнц болон муугаас хамгаалагдаж чадна. Самбар дээрх өгүүлбэрийг гүйцээ.

  • Их Эзэн та нарыг эсвэл та нарын таньдаг хүнийг хилэнц эсвэл муугаас хамгаалахын тулд илчлэлтийн хүчийг хэрхэн ашиглаж байсан бэ?

Суралцагчдыг бид хилэнцтийн эсрэг хамгаалалтыг хүлээн авахын тулд илчлэлтийн бэлгийг илүү сайн “ашиглах” зарим арга замыг самбар дээр жагсаахад урь. Тэдний зөвлөгөө нь бидний илчлэлт хүлээн авч мөн таних чадварыг хэрхэн өсгөж болохыг асуу. Суралцагчдыг хичээлийн дэвтэр юм уу судрын тэмдэглэл дээрээ эдгээр зөвлөгөөний нэгийг бичихэд урь.

Та илчлэлтийн сүнсийг ашиглахыг хичээхийн ач холбогдлын талаар гэрчлэлээ хуваалцаж мөн энэ нь таны амьдралыг хэрхэн адисалсныг суралцагчдад хэлж болно.

Сургаал ба Гэрээ 8:6–9

Оливер Каудерид “Аароны бэлэг” байгаа

Их Эзэн Оливерыг сайн мэдээний Сэргээлтэд үүргээ гүйцэтгэхэд нь туслах энэ бэлгээр адисалсан гэдгийг суралцагчдад хэлж, Сургаал ба Гэрээ 8:6–9-ийг нэгтгэн дүгнэ. Эдгээр бэлэг дотор “Аароны бэлэг” байсан ба үүгээр “гайхамшигт ажлуудыг” үйлдэх болно хэмээн Их Эзэн Оливерт хэлжээ. “Аароны бэлэг” нь чухам юу болохыг бид сайн мэдэхгүй. Аарон нь Хуучин Гэрээн дэх Мосегийн ах байсан ба тэр Мосед бошиглогчийн үүргээ биелүүлэхэд нь тусалдаг байсан гэдгийг суралцагчдад сануул.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 8:7–8-ыг дотроо уншаад, бүх сүнслэг бэлгийн ард байдаг хүчийг хайж олоход урь. Их Эзэн биднийг ямар нэг зүйл хийлгэхээр дуудаж эсвэл зарлиглах бүрдээ Тэр биднийг энэ ажлыг хийх бэлэг ба чадвараар адисална гэдгийг тайлбарла.

Сургаал ба Гэрээ 8:10–12

Оливер Каудери итгэлээ хөгжүүлбэл түүнд орчуулах бэлгийг өгнө хэмээн Их Эзэн амлав

Суралцагчдын анхаарлыг самбар дээр бичсэн зарчимд хандуул. “Хэрэв бид үнэнч зүрх сэтгэлээр итгэлтэй залбирвал Бурханаас мэдлэг хүлээн авч чадна.” Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 8:10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас залбирлын талаар нэмэлт ойлголтуудыг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцсаны дараа тэдэнд дараах асуултуудыг тавь. Суралцагчдад хариулахаасаа өмнө асуултыг тунгаан бодохыг зөвлө.

  • Хэрэв та нар Оливертой адил нөхцөл байдалд байсан бол энэ зөвлөгөө та нарт хэрхэн туслах байсан гэж бодож байна вэ?

Суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ чин сэтгэлээсээ хариултыг нь эрэлхийлж байгаа хэдэн асуултаа бичихэд урь. Тэд хариулт авахын төлөө залбирдаг эдгээр арга барилдаа зарим тодорхой өөрчлөлт хийхийг хүсэж болно.

Суралцагчдыг хайрлах Бурханы хайр болон тэдний залбиралд хариулж мөн тэдэнд илчлэлт өгөх Түүний хүслийг гэрчил. Тэднийг итгэлтэйгээр мөн хүлээж авсан хариултынхаа дагуу үйлдэх шударга хүсэлтэйгээр Тэнгэрлэг Эцэгээс асуухад урамшуулан дэмж.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 8:1. “Итгэлээрээ гуй”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт:

Ахлагч Ричард Г.Скотт

“Бид ёс суртахууны хувьд цэвэр ариун, дуулгавартай, зохистой бодол санаатай, Түүний хүссэн зүйлийг биелүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх үед залбирал хамгийн үр дүнтэй байдаг. Даруухан, итгэлтэй залбирал нь удирдамж болон амар амгаланг авчирдаг“ гэж хэлжээ (“Using the Supernal Gift of Prayer,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 5-р сар, 8).

Сургаал ба Гэрээ 8:2. “Ариун Сүнсээр оюунд чинь мөн зүрх сэтгэлд чинь би чамд ярих болно”

Бошиглогч Иосеф Смит

”Хүн илчлэлтийн сүнсний анхны илрэлийг ажигласнаар ашиг тусыг олдог. Жишээ нь, та өөртөө цэвэр оюун ухаан орж ирж байгааг мэдэрвэл илчлэлтийн сүнс оюун ухаанд тань гэнэтийн санаанууд орж ирэхэд хүргэж болно … . Ийнхүү та Бурханы Сүнсийг танин мэдэж, ойлгосноор Христ Есүсийн дотор төгөлдөржих хүртлээ илчлэлтийн зарчимд өсөн хөгждөг юм“ (Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 151).

Сургаал ба Гэрээ 8:2. Илчлэлт аажмаар хэсэг хугацааны турш ирдэг

Арван хоёрын Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар Бурханаас ирэх захиасууд нь жижиг, өсөн нэмэгдэх арга замуудаар ирдэг гэдгийг тайлбарлажээ. Тэр бидэнд залбирлын хариуд байнгын, онцгой туршлагуудтай болоогүй үедээ сэтгэлээр унахгүй байхыг зөвлөсөн.

Ахлагч Дэвид А.Бэднар

“Харанхуй өрөөнд гэрэл асаах нь Бурханаас ямар нэгэн захиас хурдан, бүрэн дүүрнээр, нэг дор хүлээн авахтай адил юм. Бидний олонх нь илчлэлтийн энэ хэв маягийг чин сэтгэлийн залбирлын хариултаар эсвэл Бурханы хүссэн цагт Түүний тааллын дагуу бидэнд шаардлагатай удирдамж буюу хамгаалалтаар хангагдах үед мэдэрсэн. Ийм шууд, хүчтэй илчлэлтийн дүрслэлүүдийг судруудад мөн Сүмийн түүхэнд өгүүлсэн байдаг бөгөөд бидний амьдралд ч тохиолдсон байдаг. Үнэхээр ийм хүчит гайхамшгууд тохиодог билээ. Гэхдээ илчлэлтийн энэ хэв маяг нь тийм ч нийтлэг тохиолддоггүй.

Мандах нарны алгуур нэмэгдэх туяа нь Бурханаас “шат шатаар, дүрэм дүрмээр” өгөгдөх захиастай адил юм (2 Нифай 28:30). Ихэнх тохиолдолд илчлэлт нь бага багаар бидний хүсэл, зохистой байдал, бэлтгэлийн дагуу ирдэг. Тэнгэрлэг Эцэгээс ирэх ийм харилцаа нь эцэстээ “тэнгэрээс буух шүүдэр лүгээ адил [бидний сүнсэнд] намуухан буух болно” (С ба Г 121:45). Илчлэлтийн энэ хэв маяг нь ховор гэхээсээ илүү нийтлэг байдаг ба Нифай Лебенээс гуулин ялтсуудыг амжилттай олж авахын өмнөх хэд хэдэн удаагийн оролдлогод илэрдэг (1 Нифай 3–4-ийг үзнэ үү). Хамгийн сүүлд нь ‘хийвэл зохих зүйлүүдийг [тэр] урьдаас мэдэхгүй’ (1 Нифай 4:6) байсан ч Сүнсээр Иерусалим руу хөтлөгдсөн. Нифай уран хийцтэй усан онгоц хэрхэн барихыг шууд нэг дор сураагүй ч Их Эзэн ‘усан онгоцны дүнз модыг ямар маягаар бэлтгэхийг цагаас цагт [түүнд] үзүүлж байсан бөлгөө’ (1 Нифай 18:1). …

Сүмийн гишүүд бид гайхамшигтай, үр нөлөөтэй сүнслэг илэрхийлэлтийг онцгой чухалчлан, талархахаа мартаж, Ариун Сүнсээр гүйцэлдүүлэх Түүний ажлын ердийн хэв маягийг анхааралгүй өнгөрөх хандлагатай байдаг. Хэсэг хугацааны дараа, эцэст нь хүссэн хариулт эсвэл бидэнд хэрэгтэй удирдамжийг бүрдүүлэн батлах, жижиг бөгөөд өсөн нэмэгдэх сүнслэг мэдрэмжийг хамгийн ‘энгийн байдал[аар]’ (1 Нифай 17:41) хүлээн авах нь биднийг ‘зорилгоос алсуур хайх’ (Иаков 4:14) байдалд хүргэж мэднэ.

Би тогтмол, гайхамшигтай эсвэл хүчтэй сэтгэгдлийг хүлээн аваагүйгээс хувийн гэрчлэлийн хүчиндээ эргэлзэж, сүнслэг байдлаа дутуу үнэлсэн олон хүнтэй ярилцаж байсан. Магадгүй бид Ариун төгөл дэх Иосефын, Дамаск орох зам дээрх Саулын мөн Залуу Алмагийн туршлагын талаар эргэцүүлэн бодоод эдгээр сайн мэдэх, сүнслэг сэтгэл догдлом жишээнүүдтэй ижил төстэй зүйл тохиогоогүйд өөрсдийгөө хэвийн биш эсвэл дутагдалтай гэж бодож эхэлсэн байж мэднэ. Хэрэв та нарт үүнтэй ижил бодол эсвэл эргэлзээ төрж байсан бол өөрсдийгөө хэвийн гэдэгт итгэлтэй байгаарай. Зүгээр л Аврагчид итгэлтэй байж, урагш дуулгавартайгаар үргэлжлүүлэн алхаарай. Тэгвэл та нар ‘буруудах нь үгүй’ (C ба Г 80:3)” (“Илчлэлтийн сүнс,”Ensign эсвэл Лиахона, 2011 оны 5-р сар, 88–89).

Сургаал ба Гэрээ 8:1–4. Сүнсээр удирдуулах нь

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт:

Ахлагч Ричард Г.Скотт

“Сүнсээр удирдуулах чадвараа төгөлдөржүүлэх явцад тэвчээрийг хөгжүүл. Зөв зарчмуудыг хэрэгжүүлэх дадлагыг нягт нямбай хийж, өөртөө төрсөн мэдрэмжүүдэд сонор соргог хандвал, та сүнсний удирдамж хүлээн авах болно. Их Эзэн Ариун Сүнсээр дамжуулан оюун ухаан, зүрх сэтгэлд чинь ярих болно гэдгийг би гэрчилж байна. Зарим үед захиасууд нь ерөнхий мэдрэмж байдаг. Заримдаа удирдамж нь үг үгээр нь тэмдэглэж болохоор маш тодорхой, Сүнс хэлж бичүүлж байгаа юм шиг ирдэг.

Та нар бие сэтгэлийнхээ бүхий л оргилуун эрч хүчээр, даруу байдал болон талархалтайгаар залбирах юм бол, амьдралынхаа бүхий л асуудлуудад Ариун Сүнсээр байнга удирдуулахад суралцах болно гэдгийг би хүндэтгэлтэйгээр гэрчилж байна. Энэхүү зарчим миний амьдралд тохиолдсон сорилт бэрхшээлүүдээр нотлогдсон бөгөөд үнэн болохыг нь би баталж байна. Та бүхэн Сүнсээр удирдуулах зарчмыг сурч, эзэмшиж чадна гэдгийг би гэрчилж байна. Энэ замаар сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд Аврагч та нарыг удирдахад агуу амар амгалан, аз жаргал ирэх болно” гэж хэлжээ (“Сүнсний удирдамж хүлээн авахын тулд,” Ensign, 2009 оны 11-р сар, 9 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 2009 оны 11-р сар, 8).

Сургаал ба Гэрээ 8:3. Мосе илчлэлтийн сүнсээр удирдуулж байсан

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Их Эзэн яагаад Улаан Тэнгисийг гаталсан жишээг илчлэлтийн сүнсний жишээ болгон ашигласан байж болохыг тайлбарласан.

Ахлагч Жэффри Р.Холланд

“Асуулт: Их Эзэн яагаад Улаан Тэнгисийг гаталсан жишээг ‘илчлэлтийн сүнсний’ сонгодог жишээ болгон ашигласан бэ? Тэр яагаад Анхны Үзэгдлийн жишээг ашиглаагүй вэ? … Эсвэл Жаредын ахын үзэгдлийг ашиглаагүй вэ? Тэр эдгээрийн алийг ч ашиглаж болох байсан ч тэгээгүй юм. Тэр энд өөр зорилготой байв.

Хамгийн эхлээд, илчлэлт нь бараг үргэлж асуултын хариуд, ихэвчлэн яаралтай асуултын хариуд ирдэг. Мосед тулгараад байсан бэрхшээл бол өөрийгөө болон Израилын хүүхдүүдийг энэ аймшигт хүнд байдлаас яаж аврах вэ гэсэн асуулт байсан юм. Тэдний араас сүйх тэрэгнүүд хөөж, эргэн тойронд нь элсэн манхан, яг урд нь маш их ус байсан. Түүнд юу хийх тал дээр мэдээлэл хэрэгтэй болсон ба энэ нь энгийн асуулт байгаагүй. Энэ нөхцөл байдал нь шууд утгаараа амь амьдралын асуудал байсан.

“Та нарт ч гэсэн мэдээлэл хэрэгтэй болно, гэхдээ та нар үүнийг маш ихээр, итгэлтэйгээр, даруухнаар хүсэхгүй л бол агуу зүйлүүд дээр ч энэ нь ирэхгүй. Моронай үүнийг ‘үнэн хүсэлтэйгээр’ илэрхийлэх гэж хэлдэг (Moронай 10:4). Хэрэв та нар энэ маягаар эрэлхийлж мөн энэ чигээрээ байвал чөтгөрийн хийж чадах юу ч та нарыг зөв шударга замаас холдуулж чадахгүй.

Илчлэлтийг чин сэтгэлээсээ эрэлхийлэгчдийн өмнө Улаан Тэнгис ярагдах болно. Чөтгөрт замыг таглах, Фараоны цэргүүдийг давшуулж мөн биднийг усны ирмэг хүртэл мөшгиж замыг маань хаах хүч байгаа боловч бид түүнд боломж олгохгүй л бол тэр ялж чадахгүй. Энэ бол өөрсдийнхөө Улаан Тэнгисийг илчлэлтийн сүнсээр гатлах тухай эхний сурах ёстой зүйл юм” (“Remember How You Felt,” New Era, 2004 оны 8-р сар, 7).