135-р хичээл
Сургаал ба Гэрээ 128:12–25
Оршил
Энэ хичээлээр 1842 оны 9-р сарын эхээр бошиглогч Иосеф Смитийн гэгээнтнүүдэд хандан бичсэн захидлын үлдсэн хэсгийг үзнэ. Бошиглогч энэхүү хэсэгтээ амьд болон нас барсан хүмүүсийн авралын талаар заасан. Тэрээр мөн гэгээнтнүүдийг нас барагсдын төлөөх ажилдаа итгэлтэй байхад урамшуулсан ба сайн мэдээний Сэргээлтийн талаарх баяр баясгалангаа илэрхийлсэн юм.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 128:12–18
Бошиглогч амьд болон нас барсан хүмүүсийн авралын талаар заав
Ариун сүм дэх баптисмын усан сангийн зургийг үзүүл (жишээлбэл, “Ариун сүмийн баптисмын усан сан,” Сайн мэдээний уран зургийн ном [2009], дугаар. 121; мөн LDS.org-ийг үзнэ үү). Суралцагчдаас Сүмийн гишүүн биш найзтайгаа ариун сүмийн нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна гэж төсөөлөхийг хүс. Та нар ариун сүмийн баптисмын өрөөний хажуугаар алхах үед найз чинь “Та нар яагаад баптисм хүртэхдээ усан дотор бүрэн ордог юм бэ?” гэж асуулаа. Мөн “Та нар яагаад нас барсан хүмүүсийн төлөө баптисм хүртдэг юм бэ?” гэж асуув.
Иосеф Смит өөрийг нь хууль бусаар баривчлахыг хүсэж байсан эрчүүдээс нуугдаж байхдаа энэ захидлыг гэгээнтнүүдэд бичсэн гэдгийг суралцагчдад сануул. Тэрээр энэ захидалдаа нас барагсдын төлөөх баптисмын талаар илүү олон зүйлийг гэгээнтнүүдэд заажээ. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 128:12–13-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Иосеф Смитийн баптисмын бэлгэдлийн талаарх сургаалыг олж мэдэхийг хүс.
-
Та баптисмыг яагаад усанд умбуулалтаар хийдгийг ойлгоход нь хэн нэгэнд туслахын тулд 12–13-р шүлгүүд дэх сургаалуудыг хэрхэн ашиглаж болох вэ?
Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 128:15-ыг чанга уншихыг хүс. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, бид яагаад нас барагсдын төлөө баптисм гүйцэтгэдгийг олж мэдэхийг хүс.
-
Энэ шүлэгт цэдэглэснээр, өвөг дээдэст маань яагаад бидний нас барагсдын төлөө гүйцэтгэх баптисм хэрэгтэй байдаг вэ? (Хэрэв шаардлагатай бол суралцагчдын анхаарлыг “бидэнгүйгээр тэд төгс болгогдож чадах нь үгүй” гэх үгс рүү хандуул. Суралцагчдад дараах сургаалыг олж тогтооход тусал. Сайн мэдээгүйгээр нас барсан бидний өвөг дээдэс өөрсдийнх нь төлөө сайн мэдээний авралын ёслолуудыг гүйцэтгэхээс нааш төгс болтлоо өсч хөгжиж чадахгүй.)
Хэрэв суралцагчдад энэ асуултыг хариулахад тусламж хэрэгтэй бол нэг суралцагчийг дараах хэлсэн үгийг чанга уншихад урь.
“Та нарын нас барсан өвөг дээдэс сүнсний дэлхий хэмээх газарт амьдарч байгаа. Тэнд тэд Есүс Христийн сайн мэдээг сонсож мөн хүлээн авах боломжтой. Гэвч тэд өөрсдийнхөө төлөө сайн мэдээний ёслолуудыг хүлээн авч чадахгүй ба хэн нэгэн тэдний төлөө эдгээр ёслолыг гүйцэтгэх хүртэл өсч хөгжиж чадахгүй.
Өөрсдийн өвөг дээдсийг тодруулж, ариун сүмд тэдний төлөөх ёслолуудыг гүйцэтгэсэн эсэхийг баталгаажуулж, энэ бэлгийг өгөх нь та нарын онцгой эрх бөгөөд үүрэг хариуцлага мөн. Дараа нь тэдний төлөө хийгдсэн энэ ажлыг хүлээн авах эсэхийг тэд өөрсдөө шийдэх болно” (Ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажил хийх гишүүний гарын авлага [2009], 2).
-
Та нарыг энэ ажлыг тэдний төлөө хийх үед өвөг дээдэс тань та нарын талаар ямар бодолтой байх болно гэж та бодож байна вэ?
-
15-р шүлэгт цэдэглэснээр, бид нас барагсдын төлөө баптисм хүртдэг өөр ямар шалтгаан байдаг вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, дараах сургаалыг самбар дээр бич. Нас барсан өвөг дээдсийн маань аврал шаардлагатай бөгөөд бидний авралд зайлшгүй чухал байдаг.)
-
Та нар яагаад “тэдний аврал шаардлагатай бөгөөд бидний авралд зайлшгүй чухал” гэж бодож байна вэ? (Суралцагчдад энэ асуултыг ярилцах цаг өгсний дараа, тэд Сургаал ба Гэрээ 128-ыг үргэлжлүүлэн судлахдаа энэ талаар илүү ихийг суралцах болно гэж хэл.)
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 128:16–17-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, нас барагсдын төлөөх баптисмын талаар бичсэн Библийн бошиглогчдыг олж мэдэхийг хүс. Тэднийг олж мэдсэнээ тайлагнахад урь.
-
Библийн эдгээр шүлэг хэрхэн Сүмийн гишүүн биш найзад тань тусалж болох вэ?
Хэсэг хэлхээтэй гинж үзүүл эсвэл самбар дээр зур.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 128:18-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, гинжин хэлхээсүүд Иосеф Смитийн нас барагсдын төлөөх сургаалтай хэрхэн холбогдож болохыг олж мэдэхийг хүс. (Та эрин үе гэдэг нь Их Эзэний Өөрийн сургаал, ёслол, санваарыг илчилдэг хэсэг хугацаат цаг үе гэдгийг суралцагчдад сануулж болно. Та мөн энэ шүлэг дэх хүүхдүүд гэдэг нь биднийг хэлж байгааг мөн эцгүүд гэдэг нь бидний өвөг дээдсийг хэлж байгааг тайлбарлаж болно.)
-
Гинжин хэлхээсүүд Иосеф Смитийн нас барагсдын төлөөх сургаалтай хэрхэн холбогдож байна вэ? (Суралцагчид дараах үнэнийг олж тогтоох ёстой. Нас барагсдын төлөөх баптисм бидэнд өвөг дээдэстэйгээ мөнхөд холбогдоход тусалдаг. Баптисмаас гадна гишүүний баталгаа, (эрэгтэйчүүдийн хувьд) Мелкизедек санваарын томилгоо, ариун сүмийн хишиг, лацдан холбох ёслол зэрэг бусад авралын ёслолууд нь бидний өвөг дээдэстэйгээ холбогдсон гагнагч холбоосыг бататгахад шаардлагатай байдаг.)
Суралцагчдад Сургаал ба Гэрээ 128:12–18 дээрээс олж тогтоосон сургаал болон зарчмуудаа илүү сайн ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.
“Гэр бүлийн зохион байгуулалт, гэр бүлийн нэгж гэж байх ёстой бөгөөд үе удам бүр гэр бүлийн зохион байгуулалтад төгс байдлыг авчрахын тулд тэдний өмнө буй гинжин холбоотой байх ёстой. Тиймээс эцэстээ бид үр удмаа тэргүүлэх Адам буюу тэргүүн тэнгэр элч Михаилын нэгэн том гэр бүл болох болно” (Doctrines of Salvation, нэгтгэсэн Брүс Р.Макконки, 3-р боть [1954–1956], 2:175).
18-р шүлэгт цэдэглэснээр, эцгүүд болон хүүхдүүдийн хооронд гагнагч холбоос байхгүй аваас дэлхий зүхлээр цохигдох болно гэдгийг онцол. Суралцагчдад энэ сургаалыг ойлгоход нь туслахын тулд ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн дараах тайлбарыг унш.
“Хэрэв эцгүүд болон хүүхдүүдийн хооронд ямар нэгэн гагнагч холбоос буюу нас барагсдын төлөөх ажил байхгүй аваас бид бүгд хүлээн авагдахгүй ба Бурханы ажил бүхэлдээ унаж, ямар ч үр ашиггүй байх болно” (Doctrines of Salvation, 2:122).
Сургаал ба Гэрээ 128:19–25
Иосеф Смит сайн мэдээний Сэргээлт дэх баяр баясгалангаа илэрхийлж, гэгээнтнүүдийг нас барагсдын авралын төлөөх ажилдаа итгэлтэй байхыг урамшуулжээ.
Суралцагчдыг үнэхээр сайхан мэдээ сонсоод баярлаж байсан тухайгаа бодоход урь. Цөөн суралцагчийг туршлагаасаа хуваалцахад урь. Дараа нь тэднээс сайхан мэдээгээ бусадтай хуваалцахыг хүссэн эсэхийг мөн хэрэв хүссэн бол яагаад гэдгийг асуу.
Баярт мэдээ гэдэг нь сайхан мэдээг илэрхийлж буй өөр нэг үг гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 128:19-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас Иосеф Смитийн бидний хүлээж авсан гэж хэлсэн баярт мэдээг олж мэдэхийг хүс.
-
Бид ямар “баярт мэдээг” хүлээж авсан бэ? (Есүс Христийн сайн мэдээ.)
-
Есүс Христийн сайн мэдээ амьд болон нас барсан хүмүүст хэрхэн баярт мэдээний дуу хоолой болдог вэ?
Иосеф Смит сайн мэдээ өөрөөр нь дамжин сэргээгдэх үед тэнгэрлэг элчүүдтэй өнгөрөөсөн зарим туршлагынхаа талаар хэлсэн гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 128:20–21-ийг анхааралтай уншаад, тэнгэрлэг элчүүд болон туршлагуудыг олж тогтооход урь. Та тэдэнд олж мэдсэнээ тэмдэглэхийг зөвлөж болно. Суралцагчдаас сурсан зүйлсийнхээ талаар хуваалцахыг хүс. Суралцагчдыг сурсан зүйлээ хуваалцсаны дараа, дараах сургаалыг самбар дээр бичсэнээр тэдний хариултыг нэгтгэн дүгнэ. Өнгөрсөн эрин үеүдийн түлхүүрүүд, хүч, эрх мэдэл нь цаг хугацааны бүрэн байдлын эрин үед сэргээгдсэн юм.
Нэг суралцагчийг ерөнхийлөгч Жон Тэйлорын хэлсэн дараах үгийг уншихад урь.
“[Иосеф Смитийн] эзэмшдэг байсан зарчмууд түүнд зөвхөн Их Эзэнтэй бус Америк тив, эртний Ази тивд амьдарч байсан төлөөлөгчид, бошиглогчид болох Абрахам, Исаак, Иаков, Ноа, Адам, Сэт, Инох, Есүс болон Эцэгтэй биечлэн уулзах боломжийг олгосон юм. Бид нэг нэгнээ мэддэг шиг Тэр тэднийг мэддэг байсан юм шиг санагддаг. Яагаад? Учир нь тэрээр цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийг танилцуулах ёстой байсан ба Бурханы эртний үйлчлэгчид ингэж нэрлэдэг байсан юм” (The Gospel Kingdom [1987], 353.)
-
Сайн мэдээ тэнгэрлэг элчүүдээр дамжин дэлхий дээр сэргээгдсэн гэдгийг мэдэх нь таны амьдралд ямар өөрчлөлтийг авчирч байна вэ?
Сургаал ба Гэрээ 128:22–23 нь санваарын түлхүүрүүд сэргээгдэж, гэгээнтнүүд нас барагсдыг гэтэлгэхэд нь туслах боломжтой болсон учрыг мэдэрсэн бошиглогч Иосеф Смитийн баяр баясгаланг илэрхийлдэг. Нэг суралцагчийг уг шүлгүүдийг чанга уншихад урь. Ангийнхныг суралцагчтай хамт уншаад, тэдэнд чухал санагдсан үгсийг олж мэдэхэд урь. (Та тэдэнд тэдгээр үгийг тэмдэглэхийг зөвлөж болно.) Дараа нь суралцагчдаас тэдгээр хэллэгийг уншаад, яагаад тэдэнд чухал санагдсаныг тайлбарлахыг хүс.
Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 128:24-ийг чанга уншихыг хүсээд, ангийнхныг бошиглогч гэгээнтнүүдэд юу хийхийг зааварласныг олж мэдэхэд урь. Тэднийг олж мэдсэнээ тайлагнахад урь.
-
Энэ шүлэгт цэдэглэснээр, бид ямар зөв шударга өргөлүүдийг Их Эзэнд өргөх ёстой вэ? (Нас барсан өвөг дээдсийн маань цэдгүүдийг хадгалсан ном.)
-
Бид энэ “номонд” хувь нэмэр оруулахын тулд юу хийж чадах вэ? 24-р шүлэг гэр бүлийн түүхийн ажил болон ариун сүмийн ажилд бидний оролцооны тухай юу заадаг вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах зарчмыг олж тогтоох ёстой. Бид гэр бүлийн түүхийн ажлыг хийж, нас барсан өвөг дээдсийнхээ төлөө ариун сүмийн ёслолуудыг хүлээн авах үедээ Их Эзэнд зөв шударга өргөлүүдийг өргөдөг. Энэ зарчмыг самбар дээр бич.)
Нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгийг уншихад урь. Ангийнхнаас ахлагч Бэднарын нас барагсдын төлөөх аврал дахь тэдний үүргийн тодорхойлолтыг сонсохыг хүс.
“Та нарын ихэнх нь гэр бүлийн түүхийн ажлыг насанд хүрсэн хүмүүс л хийх ёстой гэж боддог байж магадгүй. Гэхдээ судар болон Сүмийн удирдагчдын заавруудад энэ чухал үйлчлэлийг зөвхөн насанд хүрэгчид хийх ёстой гэж заасан байхыг би үзээгүй. …
Залуучууд мэдээлэл харилцааны технологитой ийм их ойр болсон өнөө үед FamilySearch болон бусад хэрэгсэл гарч ирсэн нь тохиолдлын хэрэг биш ээ. … Өнөөгийн залуучуудын авьяас болон ур чадварыг авралын ажилд хувь нэмрээ оруулахад ашиглаж болно.
… Түүнчлэн тэд өвөг дээдсийнхээ тухай сурч мэдэн, тэднийг эрж хайн, нас барагсдынхаа өмнөөс баптисм хүртэхэд өөрсдийгөө бэлдэхийг хүсэж байна. … Мөн бусад хүнд гэр бүлийн түүхээ олж мэдэхэд нь туслахыг би та бүхэнд уриалж байна” (“Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болно,” Ensign, 2011 оны 11-р сар, 26 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28).
-
Та нар ямар арга замуудаар гэр бүлийн түүхийн ажил болон ариун сүмийн ажилд оролцож болох вэ?
-
Та нар хэзээ гэр бүлийн түүхийн ажил болон ариун сүмийн ажлаар дамжуулан өргөлүүдийг өргөсөн бэ? Та эдгээр өргөлийг өргөснөөр ямар арга замуудаар адислагдаж байсан бэ?
Гэр бүлийн түүхийн ажил болон ариун сүмийн ажилд оролцсоноор суралцагчдын хүлээн авах адислалуудын талаар гэрчлэлээ хуваалц. Суралцагчдыг гэр бүлийн түүхийн ажил болон ариун сүмийн ажил хийхэд нь туслах зорилгууд тавихад урь.