Институт ба семинар
142-р хичээл: Сургаал ба Гэрээ 133:36–74


142-р хичээл

Сургаал ба Гэрээ 133:36–74

Оршил

Энэ хичээл дээр Сургаал ба Гэрээ 133-т цэдэглэгдсэн илчлэлтийн хоёр дахь хэсгийг ярилцана. Иосеф Смит энэ илчлэлтийг 1831 оны 11-р сарын 3-нд хүлээн авчээ. Энэ нь сайн мэдээг номлох болон Израилын цугларалтын талаарх номлогчдод байсан асуултуудад хариулдаг. Энэ нь бас Их Эзэний Хоёр дахь ирэлтийг дүрсэлдэг бөгөөд үүнд бэлтгэхийн тулд бид юу хийх ёстойг тайлбарладаг.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 133:36–40

Сэргээгдсэн сайн мэдээ дэлхийд номлогдох болно хэмээн Их Эзэн тунхаглав

Дараах асуултаар хичээлээ эхэл.

  • Та нарт хэн нэгэнтэй уулзахаар маш ихээр сэтгэл догдолж байсан үе хэзээ байсан бэ? (Цөөн хэдэн суралцагчаас туршлагаасаа ярихад урь. Та мөн хувийн туршлагаасаа хуваалцаж болно.)

Хоёр дахь ирэлт

Хоёр дахь ирэлт зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009 он], ду. 66; мөн LDS.org-оос үзнэ үү).

  • Та нар Хоёр дахь ирэлтээр Аврагчийг харна гэж бодохоор баяртай байна уу? Яагаад?

Есүс Христийн Хоёр дахь ирэлт заримд нь гайхамшигтай сайхан туршлага байх хэдий ч заримынх нь хувьд аймшигтай байх болно гэдгийг тайлбарла. Аврагч бүх хүнийг Өөрийнх нь ирэлтэд бэлтгэхийг хүсдэг гэдгийг гэрчил.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 133:36–39-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийг бүх хүнээс хүссэний нотолгоог олж мэдэхийг хүс.

  • Та эдгээр шүлэгт Аврагч Хоёр дахь ирэлтэд нь бэлтгэхийг бүх хүнээс хүсдэг ямар нотолгоог харж байна вэ? (Тэр тэнгэр элч [эсвээс тэнгэр элчүүдээ] дэлхийд сайн мэдээг сэргээхээр илгээсэн. Тэр мөн Өөрийн үйлчлэгчдийг бүх хүнд сайн мэдээг номлуулахаар илгээж байгаа.)

  • Сэргээгдсэн сайн мэдээний захиасыг номлох Бурханы үйлчлэгчид хэн бэ? (Сүмийн бүх гишүүн бусдад сайн мэдээг хуваалцах үүрэг хариуцлагатай Бурханы үйлчлэгчид билээ. Та суралцагчдад дараах зарчмыг судар дээрээ бичихийг санал болгож болно. Бурханы үйлчлэгчдийн хувьд бид бусадтай сайн мэдээг хуваалцсанаар Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд нь тэдэнд тусалж чадна.)

  • 38-р шүлэгт цэдэглэснээр, бид сайн мэдээг хэрхэн тунхаглах ёстой вэ? Сайн мэдээг “чанга дуу хоолойгоор” хуваалцана гэдэг нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ? (Хариултууд нь бид сайн мэдээг зоригтой мөн итгэл үнэмшилтэй хуваалцах ёстой зэрэг байж болно.)

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 133:40-ийг дотроо уншаад, Бурханы үйлчлэгчдийн Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнө хийх нэг зүйлийг олж мэдэхийг хүс.

  • 40-р шүлэгт цэдэглэснээр, Бурханы үйлчлэгчид Хоёр дахь ирэлтийн өмнө юу хийх вэ? (Тэд Аврагчийг эргэж ирэхийн төлөө залбирах болно.)

Сургаал ба Гэрээ 133:41–56

Есүс Христ Өөрийн Хоёр дахь ирэлтийг дүрслэв

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 133:41–45-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн төлөө залбирч, хүлээдэг хүмүүст ирэх адислалуудыг олж мэдэхийг хүс.

  • 45-р шүлэгт цэдэглэсний дагуу, Их Эзэн Өөрийг нь хүлээдэг тэдэнд юу амладаг вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, дараах үнэнийг самбар дээр бич. Их Эзэн Өөрийг нь хүлээдэг хүмүүст агуу адислалуудыг бэлтгэсэн байдаг.)

  • Их Эзэнийг хүлээнэ гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? (Суралцагчдыг “Их Эзэнийг хүлээх” гэдэг нь Түүнийг иртэл зүгээр нэг цаг хугацаа өнгөрөөхөөс илүүг хэлж байгааг ойлгоход нь тусал. Энэ нь харуулдаж мөн Түүний ажлыг хийхэд бэлэн байж, оролцохыг хэлж байгаа болно.)

Суралцагчдадаа Их Эзэн болон Түүний ирэлтийг хэрхэн итгэлтэйгээр хүлээхийг ойлгоход нь туслахын тулд ангийн нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг уншихад урь. Суралцагчдыг Хоёр дахь ирэлтийг хүлээж байхдаа бидний хийх үйлүүдийг сонсохыг хүс.

Ахлагч Жэффри Р.Холланд

“Ирээдүйн талаар тэвдэн сандарч буй та бүгдэд …

Бурхан та нарыг урагшилж, амьдарч, баяр баясгалантай байхын тулд Өөрт нь хангалттай итгэлтэй мөн шийдвэр төгс байгаасай хэмээн хүсдэг. Үнэндээ, Тэр та нарыг ирээдүйтэй зүгээр нэг нүүр тулахыг хүсдэггүй; Тэр та нарыг ирээдүйгээ хайрлаж, үүнд баясаж мөн боломжууддаа баяртай байхын тулд ирээдүйгээ угтан авч мөн бий болгоосой хэмээн хүсдэг.

Бурхан та нарын залбирлуудад хариулж мөн мөрөөдлүүдийг тань биелүүлэх боломжийг үргэлж хүлээсээр ирсэн шигээ одоо ч гэсэн тэсэн ядан хүлээж байдаг. Гэвч хэрэв та нар залбирахгүй бол Тэр хариулж чадахгүй, мөрөөдөхгүй бол Тэр биелүүлж чадахгүй. Товчоор хэлбэл, хэрэв та нар итгэхгүй бол Тэрээр тусалж чадахгүй” (“Terror, Triumph, and a Wedding Feast” [Сүмийн Боловсролын Системийн онцгой цугларалт, 2004 оны 9-р сарын 12], 3, speeches.byu.edu).

  • Ахлагч Холланд Аврагчийн Хоёр дахь ирэлтийг хүлээж байхдаа биднийг юу хийх ёстой гэж хэлсэн бэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 133:46–47-г дотроо уншаад, Хоёр дахь ирэлтийн үед дэлхий дээр байх зарим хүний тухай юу сурснаа тайлагнахад урь. Суралцагчид Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн үед Түүнийг хэн болохыг бүх хүн мэдэхгүй байх болно гэдгийг мэдэж байх ёстой.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 133:48–49-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Есүс Христ Хоёр дахь ирэлтийнхээ үед ямар харагдах болно гэж дүрслэн хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Аврагчийн гадаад төрх Түүний Хоёр дахь ирэлтийн үед юугаараа онцгой байх вэ? (Тэр улаан өмсгөл мөн агуу алдар суундаа үзэгдэх болно.)

дарс шахагч

Суралцагчдад Аврагчийн улаан өмсгөлийн бэлгэдлийг ойлгоход нь туслахын тулд 48-р шүлэг дэх дарс шахагч гэсэн үгийг онцол. Дарс шахагчийн (мөн дарс дарагч гэдэг) дагалдах зургийг үзүүлэх буюу самбар дээр зурж үзүүлж болно. Эрт цагт дарс шахагч нь усан үзэмнээс шүүс шахаж гаргахад ашигладаг том сав байсныг тайлбарла. Том савыг усан үзмээр дүүргээд хэд хэдэн хүн дотор нь зогсож усан үзэм дээр чанга гишгэлэн бяцалснаар шүүс нь гардаг байжээ. Хүмүүсийг улаан, нил ягаан өнгийн усан үзмэн дээр гишгэлэхэд шүүсэнд нь хөл болон хувцас нь гүн улаан өнгөтэй болдог байна.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 133:50–51-ийг чанга уншихад урь.

  • Эдгээр шүлэг нь Их Эзэний шударга байдлыг ойлгоход бидэнд хэрхэн туслах вэ? (Та суралцагчдад наманчлахаас татгалзсан ёс бусчууд шударга ёсны шаардлагыг эдэлж, Хоёр дахь ирэлтийн өдрийг тэсвэрлэж чадахгүйг сануулж болно [C ба Г 38:8-ыг үзнэ үү]. Их Эзэний өмсгөлийн улаан өнгө Хоёр дахь ирэлтээр шударга ёс тэдэн дээр асгарахад устгагдах ёс бусчуудын цусыг төлөөлдөг.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 133:52–53-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Хоёр дахь ирэлтийн үед зөв шударга тэдний санаж мөн дурдах зүйлсийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс.

  • Эдгээр шүлэг Их Эзэний нигүүлслийн тухай юу заадаг вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 133:54–56-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Хоёр дахь ирэлтийн үед Аврагчтай хамт хэн байхыг олж тогтоо.

  • Хоёр дахь ирэлтийн үед хэн хэн Аврагчийн дэргэд байх вэ? (Есүс Христийн өмнө амьдарч байсан мөн аль хэдийн амилсан зөв шударга хүмүүс Түүнтэй хамт, Түүний алдар суунд ирэх болно. Түүнчлэн, Есүс Христийн дараа амьдарсан, нас барсан зөв шударга хүмүүс амилж, Аврагчтай мөн Түүнтэй хамт байгсадтай нэгдэхээр урагш гарч ирнэ. Та мөн үүнд гэр бүлийн маань нас барсан зөв шударга гишүүд ч багтаж байгааг дурдаж болно. Дэлхий дээр амьдарч байх зөв шударга хүмүүс Аврагчтай уулзахаар “дээш аваачигдах болно” [1 Тесалоник 4:17; C ба Г 109:75-ыг үзнэ үү]).

Сургаал ба Гэрээ 133:57–74

Сайн мэдээ нь Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэхээр урагш авчрагдав

Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил. Суралцагчдыг хамтрагчтайгаа дараах асуултуудыг ярилцахад урь.

  • Та нар Сургаал ба Гэрээ 133-аас Аврагчийн Хоёр дахь ирэлтийн талаар юу сурсан бэ? Та нар эдгээр үйл явдлын тухай бодохдоо ямар сэтгэгдэлтэй байна вэ?

Суралцагчдыг эдгээр асуултыг ярилцсаны дараа, Сургаал ба Гэрээ 133:57–62-ыг хамтрагчидтайгаа судлаад, сайн мэдээ нь яагаад Их Эзэний Хоёр дахь ирэлтийн өмнө урагш авчрагдаж байгаа тухай үнэнийг олж мэдэхэд тэднийг урь. Тэдэнд хангалттай цаг өгсний дараа, цөөн хэдэн суралцагчаас сурсан зүйлээ тайлагнахыг хүс.

Бид сайн мэдээг сурч мөн үүний дагуу амьдарснаар Хоёр дахь ирэлтэд бэлтгэгдэнэ гэдгийг гэрчил.

  • 62-р шүлэгт цэдэглэсний дагуу, бидний хүлээн авах туйлын адислал юу вэ? (Суралцагчдыг хариулсны дараа самбар дээр дараах үнэнийг бич. Наманчилж мөн өөрсдийгөө ариусгадаг хүмүүс мөнх амьдралыг хүлээн авна.)

Суралцагчдад энэ зарчмыг өмнө олж тогтоосон зарчимтай холбоход нь туслахын тулд дараах асуултыг тавь.

  • 62-р шүлэг дэх энэ зарчим бидний Сургаал ба Гэрээ 133:45 дээрээс олж тогтоосон “Их Эзэнийг хүлээдэг хүмүүст зориулсан адислалууд хэчнээн агуу” гэдгийг өгүүлсэн зарчимтай хэрхэн холбогдож байна вэ?

Эдгээр шүлэгт Их Эзэн, наманчлаагүй мөн Хоёр дахь ирэлтэд бэлтгээгүй хүмүүст зориулсан зарим үр дагаврыг тодорхойлсон гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 133:63–74-ийг нэгтгэн дүгнэ. Эдгээр үр дагаврын зарим нь Их Эзэн болон Түүний зөв шударга хүмүүсээс тусгаарлагдаж (C ба Г 133:63-ийг үзнэ үү) мөн Хоёр дахь ирэлтийн үед нас барсан ёс бусчууд шорон эсвэл там гэж нэрлэгддэг газарт очно гэсэн утгыг илэрхийлэх (Судруудын удирдамж, “Там,” scriptures.lds.org-ыг үзнэ үү) “харанхуйд хүргэгдсэн” байдалд байх (C ба Г 133:72) зэрэг болно.

Энэ хичээлийг дуусгахаар, суралцагчдыг Сургаал ба Гэрээ 133 дээрээс Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн тухай ойлголт болон гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн сурсан зүйлээ хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Хэдэн суралцагчийг бодол санаагаа ангийнхантайгаа хуваалцахад урих талаар бодоорой. Ярилцсан үнэнүүдийнхээ талаар гэрчил.