Институт ба семинар
82-р хичээл: Сургаал ба Гэрээ 77


82-р хичээл

Сургаал ба Гэрээ 77

Оршил

Иосеф Смит 1832 оны хоёр болон гуравдугаар саруудад Шинэ Гэрээний сүнслэг нөлөө бүхий хувилбараа үргэлжлүүлсэн. Тэрээр Илчлэлт номон дээр ажиллаж эхлэхдээ зарим нэг шүлгийн утга агуулгын талаар мэдэхийг хүсэж байлаа. Тэр Илчлэгч Иоханы дүрсэлсэн зарим бэлгэ тэмдэг болон үйл явдлыг хөрвүүлж өгөхийг Их Эзэнээс хүссэн. Илчлэлт номын 1–11-р бүлгийн талаарх Иосеф Смитийн асуултанд Их Эзэн Сургаал ба Гэрээ 77-д цэдэглэгдсэн илчлэлтийг өгсөн.

Тайлбар: Энэ хичээлд Илчлэлт номын тухай биш, харин уг номын агуулгыг тусгасан юм. Хичээлийн ихэнх цагаа Илчлэлт номын тухай биш, харин Сургаал ба Гэрээ 77-д тайлбарласан сургаал болон зарчмуудыг ярилцаж өнгөрүүл.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 77:1–15

Их Эзэн Илчлэлт номын тухай Иосеф Смитийн асуултуудад хариулав

Суралцагчдаас өнгөрсөн хэдэн өдрийн турш хувиараа судар судлахдаа юу сурч мэдсэнээ тунгаан бодохыг хүс. Цөөн хэдэн суралцагчаас олж мэдсэн санаагаа хуваалцахыг хүс. Тэгээд хэдэн суралцагчаас хувиараа суралцах үеэр эсвэл дараа нь тэдэнд төрсөн асуултаа хуваалцахыг хүс. Үүнд үг эсвэл хэллэгийн утга санааны тухай, тэдний уншсан зүйлийн түүхэн нөхцөл байдал эсвэл тодорхой нэг шүлгийн ач холбогдол зэрэг багтаж болно. (Энэ дасгалын зорилго нь суралцагчдын судрын талаарх асуултуудад хариулах биш, харин бид суралцах үедээ асуулт тавьж байхын чухлыг онцлон тэмдэглэхэд оршино.) Цөөн хэдэн суралцагчийг хариулсны дараа, дараах асуултыг тавь

  • Та нарыг асуултууддаа хариулт олж, судруудыг илүү сайн ойлгоход юу тусалсан бэ?

Суралцагчдад Сургаал ба Гэрээ 77-ийн нөхцөл байдлыг ойлгоход нь туслахын тулд тэднийг энэ хэсгийн удиртгалыг уншаад, бошиглогч Иосеф Смит энэ илчлэлтийг хүлээн авах үедээ юу хийж байсныг олж мэдэхэд урь. Суралцагчдыг олж мэдсэнээ хуваалцсаны дараа “Судруудыг орчуулахтай холбогдуулан” хэмээх хэллэг нь Иосеф Смит Библийн Хаан Жеймсийн хувилбарт сүнслэг нөлөө бүхий өөрчлөлт хийх ёстой хэмээх Их Эзэний зарлигийг төлөөлж байгаа гэдгийг онцолж болно. Эдгээр засвар одоо Иосеф Смитийн орчуулга хэмээн нэрлэгддэг. Иосеф Смит Илчлэлт номон дээр ажиллаж байхдаа зарим шүлгийн утгыг Их Эзэнээс асуусан гэдгийг тайлбарла. Түүний асуултууд болон Их Эзэний илчилсэн хариултууд Сургаал ба Гэрээ 77-д цэдэглэгдсэн байдаг. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 77-оос тэдний судрын ойлголтыг гүнзгийрүүлэхэд туслах санаануудыг хайж олоход урамшуул.

Суралцагчдыг судрынхаа Сургаал ба Гэрээ 77-г нээхэд уриад, энэ хэсгийн бичигдсэн хэлбэр нь Сургаал ба Гэрээн дэх бусад хэсгээс юугаараа ялгаатайг тайлбарлахад урь. Тэд энэ хэсгийн шүлэг бүрийн өмнө байрлах А, Х үсгийг анзаарах хэрэгтэй. А үсэг бүр нь Иосеф Смитийн асуултуудын өмнө харин Х үсэг нь Их Эзэний хариултуудын өмнө байрласан байгааг тайлбарла.

Суралцагчдын хэн нэг нь Илчлэлт номыг бүхэлд нь эсвэл заримыг нь уншсан эсэхийг тэднээс асуу.

  • Илчлэлт номыг уншихад юу нь хэцүү байж болох вэ? (Хэрэв суралцагчид үүнийг дурдахгүй бол та Илчлэлт ном нь бэлгэдэл агуулдаг болохоор ойлгоход хэцүү байж болохыг тайлбарлаж болно.)

Илчлэлт номон дахь бэлгэдлийн дүрслэлийн жишээ болгож харуулахын тулд цөөн хэдэн суралцагчийг Илчлэлт 4:2–8-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, эдгээр шүлэгт байгаа бэлгэдлийг олж мэдэхийг хүс. Ангийнхныг эдгээр бэлгэдлийг нэрлэхэд урьж мөн нэг суралцагчаас тэдгээрийг самбар дээр бичихийг хүс. (Сэнтийг хүрээлэх солонго, хорин дөрвөн сэнтий, алтан титэм, долоон дэнлүү, шилэн тэнгис, дөрвөн амьтан гэх мэт хариултууд байж болно.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 77:1 дэх Иосеф Смитийн асуултыг чанга уншихад урь. Иосеф Смитийн Их Эзэнээс ойлгоход нь туслахыг хүссэн бэлгэдлийг самбар дээр дугуйлахыг нэг суралцагчаас хүс (шилэн тэнгис). Тэгээд өөр нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 77:1 дэх Их Эзэний тайлбарыг уншихад урь.

  • Энэ хариулт Илчлэлт 4:6-г илүү сайн ойлгоход бидэнд хэрхэн тусалдаг вэ?

Суралцагчдыг хоёр хоёроор хуваа. Хос бүрийг Сургаал ба Гэрээ 77:2–5-ыг хамтдаа уншаад, Иосеф Смит Илчлэлт 4 дэх бэлгэдлүүдийн талаар асуусан нэмэлт асуултууд болон тэр асуултуудад Их Эзэний өгсөн хариултуудыг олж мэдэхийг хүс. Хангалттай цаг гаргаж өгсний дараа, цөөн хэдэн суралцагчаас Илчлэлт 4:2–8 дахь зарим бэлгэдлийн дүрслэлийг ойлгоход нь туслахын тулд Иосеф Смитийн асуултуудад Их Эзэн хэрхэн хариулсныг хуваалцахыг хүс.

Суралцагчдыг Илчлэлт 4:2–8 дээр Иоханы дүрсэлсэн зүйлсийг дүгнэн ярилцахын тулд Сургаал ба Гэрээ 77-оос сурсан зүйлсээ хэрхэн ашиглаж чадах талаараа тунгаан бодоход урь. Цөөн хэдэн суралцагчийг дүгнэлтүүдээ хуваалцахад урь. Дараа нь дараах асуултыг тавь.

  • Судрын утга учрыг ойлгоход бидэнд туслах бошиглогчийн үүргийн талаар Сургаал ба Гэрээ 77-оос бид юу сурч чадах вэ? (Суралцагчид өөр үгсийг ашиглаж болох ч тэд дараах сургаалыг илэрхийлэх ёстой. Их Эзэн судрын зөв орчуулгыг Өөрийн бошиглогчдоор илчилдэг. Та энэ сургаалыг судар дээрээ тэмдэглэхийг суралцагчдад санал болгож болно.)

Суралцагчдад энэ сургаалыг ойлгоход нь туслахын тулд дараах асуултыг тавь.

  • Бидний судраас суралцаж байгаа зүйлсийн талаар бошиглогчид юу гэж заасныг олж мэдэх нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдад энэ асуултад илүү сайн ойлголт олж авахад нь туслахын тулд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн дараах үгсийг чангаар уншихыг нэг суралцагчаас хүс.

Ахлагч Брүс Р.Макконки

“Бошиглогчид судрыг өгсөн тул бошиглогчид үүнийг орчуулах ёстой. Эртний ариун эрчүүд судар болгон цэдэглэсэн илчлэлтээ Ариун Сүнснээс хүлээн авсан; одоо сударт юу гэснийг илчлэхийн тулд эрчүүд тэдэнтэй адил Ариун Сүнстэй байх ёстой, үгүй бол хувиараа орчуулагчид бий болоод улмаар дэлхийн өнөөдрийн шашны нөхцөл байдал шиг олон өөр өөр, санал нийлдэггүй сүмүүд бий болох болно (Conference Report, 1964 оны 10-р сар, 38-д).

  • Ахлагч Брүс Р.Макконкигийн хэлснээр, бидэнд судрын утга учрыг зөв орчуулах бошиглогч яагаад хэрэгтэй вэ?

  • Бид судраас уншсан зүйлийнхээ утга учрын талаарх бошиглогчдын сургаалуудыг хаанаас олж чадах вэ? (Хариултанд нь бид ийм сургаалыг ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, Сүмийн сэтгүүлүүд болон Сүмийн бусад хэвлэлээс олдог зэрэг багтаж болно.)

Суралцагчид энэ асуултанд хариулах үед сударт цэдэглэгдсэн бошиглогчдын үгс бусад судрыг тайлбарлахад тусалж чадна гэдгийг Сургаал ба Гэрээ 77-д тодорхойлсон гэдгийг онцол. Олон тохиолдолд судрын нэг мөрөнд цэдэглэгдсэн бошиглогчийн үгс нь өөр мөрөнд юу илчлэгдсэнийг тайлбарлаж эсвэл орчуулдаг. Сударт байдаг зүүлт тайлбар нь ихэвчлэн хэрэгтэй болох эшлэлүүдээр хангадаг болохыг тайлбарла.

Энэ санааг харуулахын тулд суралцагчдыг Илчлэлт 5:1-ийг дотроо уншаад, Иохан сэнтийний дэргэд сууж байсан хүний мутарт юу олж харсныг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс. Хэрэв суралцагчид Библийн Хаан Жеймсийн хувилбарын хожмын үеийн гэгээнтнүүдийн хэвлэлийг ашиглаж байгаа бол тэднийг Илчлэлт 5:11-ийн б зүүлт тайлбар дахь эшлэл рүү судраа эргүүлэхэд урь (С ба Г 77:6). Хэрэв суралцагчдад Хаан Жеймсийн Библийн ХҮГ-ийн хэвлэл ашиглах боломж байхгүй бол тэднийг Илчлэлт 5:1-ээс мэдсэн зүйлсээ дүрслэн өгүүлсний дараа шууд Сургаал ба Гэрээ 77:6 руу судраа эргүүлэхийг хүс.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 77:6–7-г чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад Илчлэлт 5:1-ийн тухай Иосеф Смитийн асуултууд болон түүнчлэн Их Эзэний хариултуудыг олж мэдэхийг хүс. (7000 жил гэдэг нь Адам, Ева хоёрын уналтаас хойших цаг хугацааг хэлж байгаа гэдгийг тайлбарлах хэрэгтэй байж болно. Энэ нь бүтээлтийн цаг үеийг багтаасан дэлхийн жинхэнэ насыг хэлж байгаа биш юм.)

Суралцагчдаас асуулт, хариултуудыг өөрсдийнхөө үгээр нэгтгэн дүгнэхийг хүс. Энэ үйл ажиллагааг хийж дууссаны дараа судар судалж байхдаа зүүлт тайлбаруудыг ашиглах нь бошиглогчид бидний уншиж байгаа судруудын талаар юу гэж хэлснийг олж мэдэхэд бидэнд хэрхэн тусалж чадахыг онцол.

Хэдийгээр зөвхөн бошиглогчдод дэлхийн төлөө судруудыг орчуулах эрх мэдэл байдаг ч бид бүгд судруудыг судалж байхдаа ойлголт болон өөрсдийнхөө амьдралд хэрэгжүүлж болох арга замуудыг эрэлхийлэх ёстой гэдгийг онцол.

  • Бид Иосеф Смитийн Илчлэлт номыг судалж бас тунгаан бодож байхдаа түүний хийсэн зүйлсийг өөрсдийнхөө судар судлахтай хэрхэн адилтгаж болох вэ? (Суралцагчид дараахтай адил нэг зарчим олж тогтоож болно. Хэрэв бид Их Эзэнээс асуух юм бол Тэр бидэнд судруудыг ойлгоход тусалж чадна.)

  • Судруудын зөв утгыг эрэлхийлж мөн амьдралдаа хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлэх нь яагаад чухал байдаг вэ?

Судруудыг болон судар дээрх сургаалуудыг өөрсдийн нөхцөл байдалд хэрэгжүүлэх арга замаа ойлгоход туслахыг Их Эзэнээс гуйж байсан үеэ тунгаан бодохыг суралцагчдаас хүс. Цөөн хэдэн суралцагчийг туршлагаасаа хуваалцахад урь.

Сургаал ба Гэрээ 77-ийн үлдсэн хэсэг нь Илчлэлт номын тухай асуусан Иосеф Смитийн асуултууд болон тэдгээр асуултанд хариулсан Их Эзэний хариултуудыг агуулдаг болохыг тайлбарла. Энэ илчлэлт нь Аврагчийн Хоёр дахь ирэлтийн өмнө болох зарим үйл явдлын тухай олж мэдэх боломжийг Иосеф Смитэд олгосон болохыг суралцагчдад хэлснээр Сургаал ба Гэрээ 77:8–15-ыг нэгтгэн дүгнэ.

Суралцагчид ирээдүйд Илчлэлт номыг судлах үед Сургаал ба Гэрээ 77 дахь Их Эзэний хариултууд уг номын бэлгэдлийн дүрслэлийн утгыг ойлгоход тэдэнд тусалж чадна гэдгийг мэдэгд.

Энэ хичээлээр хэлэлцсэн сургаал болон зарчмуудын талаарх гэрчлэлээ эсвэл судруудыг ойлгохоор тусламж эрэн Их Эзэнд хандсаны үр дүнд ирсэн туршлагаасаа хуваалцсанаар энэ хичээлийг дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 77. Илчлэлт ном

Хайрт Иохан мөн Илчлэгч Иохан гэгддэг байсан Иохан нь Есүс Христ болон Түүний сайн мэдээг гэрчилснээсээ болж Патм хэмээх арал дээр хоригдож байх үедээ илчлэлт хүлээж авсан байна (Илчлэлт 1:9–10-ыг үзнэ үү). Энэхүү илчлэлт нь Илчлэлт номд цэдэглэгдсэн.

Библийн толь бичгийн дараах тодорхойлолт нь Илчлэлт номыг тайлбарлахад тусалдаг.

“Үүнийг бас илэрсэн эсвэл илрүүлсэн гэсэн утгатай грек үг болох Апокалипс ч гэдэг ажээ. Илчлэлтийн захиас нь бүх судрынхтай адил буюу эцсийн эцэст Бурханы энэ газар дээр чөтгөрийг ялсан агуу ялалт, мууг ялсан сайны төгс ялалт, мөшгөн хавчигчдыг ялсан гэгээнтнүүдийн ялалт, хүмүүний болон Сатаны хаант улсыг ялсан Бурханы хаант улсын ялгуусан ялалт ирэх болно. Энэ нь Амос, Исаиа, Иеремиа, Езекиел, Даниел, Паул, Петр болон бүх бошиглогчийн бичсэн сэдэв билээ. Тэд ялалт ирэх нэгэн өдрийн тухай мөн төгсгөл нь эхлэлээс илүү сайхан (илүү гайхамшигтай) байх болно гэж хэлсэн. Ялалт нь Есүс Христээр дамжуулан ирэх болно.

Илчлэлтийн сэдэв нь ийм юм. Амьтад, дайнууд, тэнгэр элчүүд, хүмүүс гэх мэт дэлгэрэнгүй мэдээлэл нь энэхүү сэдвийн хөгжилд хувь нэмэр оруулдаг. Бага зэрэг судлахад л дэлгэрэнгүй мэдээлэл нь бүрэн тодорхойлогдоогүй байсан ч энэ сэдэв нь илэрхий болдог. Тийм ч учраас ‘Илчлэлт ном бол Бурханаас нэгэн цагт бичүүлсэн хамгийн тодорхой номнуудын нэг мөн’ хэмээн бошиглогч Иосеф Смитийн хэлсэнтэй утга нэг байж болно (HC 5:342). Гэсэн хэдий ч, дэлгэрэнгүй мэдээлэл нь илүү бүрэн ойлгогдох тусмаа, сэдэвт талархах нь илүү агуу болно. Хэрэв бид энэ сэдвийн зэрвэсхэн өнгөрөх гялбааг олж харж чадахгүй бол хэчнээн олон дэлгэрэнгүй зүйлийг ойлгох боломжтой байснаас хамаарахгүйгээр танин мэдэж чадахгүй” (Библийн толь бичиг, “Иоханы Илчлэлт”).

Сургаал ба Гэрээ 77. Илчлэлт номоос судлах болон заах нь

“Илчлэлт ном бол Бурханаас нэгэн цагт бичүүлсэн хамгийн тодорхой номнуудын нэг мөн” хэмээн бошиглогч Иосеф Смит тунхаглажээ (History of the Church, 5:342). Тэрээр Сүмийн чуулганд үг хэлж байхдаа энэхүү мэдэгдлийг хийжээ. Тэрээр өөрийнхөө зарим тайлбарыг Илчлэлт номын талаар худлаа сургаал номлодог гэж буруутгагдаад байсан ахлагч Пэлатиа Браунд чиглүүлсэн байв. Тэрээр ахлагч Браун болон бусад номлогчид уг номон дахь тодорхой бэлгэдэл, нарийн ширийн зүйлсийг заахын оронд сайн мэдээний үндсэн зарчмуудыг заахыг анхааруулсан. Бошиглогчийн уг зөвлөгөө нь судраас сурах болон заахад бидэнд бас хамаатай юм:

Бошиглогч Иосеф Смит

“Ахлагчдад илчлэлтэд хэрэглэгдэх амьтад, толгой, эвэр болон бусад юмсын утга учиртай холбоотой мэдлэг байх нь тийм ч чухал биш юм [Илчлэгч Иоханаар]. …

… Анхны зарчмуудыг тунхагла, мөн та нар дийлдэхгүйн тулд учир битүүлэг зүйлсийг орхи. Амьтдын үзэгдлүүд болон ойлгохгүй сэдэвтэй хэзээ ч бүү орооцолд. Ахлагч Браун, та Палмари руу явахдаа дөрвөн амьтны талаар юу ч бүү ярь, харин Их Эзэний танд заа хэмээн хэлсэн наманчлал, нүглүүдийн ангижралын төлөөх баптисмын тухай заа” (History of the Church, 5:340, 344-т).