Гэрээр судлах хичээл
Сургаал ба Гэрээ 98–101:42 (21-р бүлэг)
Оршил
Энэ хичээл нь Сургаал ба Гэрээ 98 дээр танхайрагч бүлгүүдээр хавчин гадуурхагдаж байсан гэгээнтнүүдэд өгсөн Их Эзэний заавруудын зарим дээр төвлөрнө. Энэ хичээл нь хүнд хэцүү нөхцөл байдалд хэрхэн хандах ёстойг ойлгоход суралцагчдад тусалж чадна мөн энэ нь Их Эзэний хүч чадал болон нинжин сэтгэлийн талаарх тэдний гэрчлэлийг хүчирхэгжүүлж чадна.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 98
Их Эзэн гэгээнтнүүдийг зовлон зүдгүүртэй үед нь тайтгаруулдаг
Хичээл эхлэхээс өмнө дараах асуултуудыг самбарт бич. Энэ нь танд ямар санагдах байсан бэ? Та юу хийх байсан бэ?
Суралцагчид өнөөдрийн хичээлээр 1833 оны 7-р сард Миссуригийн Жаксон гүнлэгт амьдарч байсан гэгээнтнүүдийн туулсан зарим зовлон бэрхшээл, хавчлага дарамтын талаар суралцах болно гэдгийг тайлбарла. Миссуригийн иргэдийн зарим нь улс төр, нийгэм, эдийн засаг болон шашны ялгаатай байдлаас болж гэгээнтнүүдэд уурлаж байсан гэдгийг тайлбарла.
Нэг суралцагчийг дараах догол мөрийг чанга уншихад урь.
1833 оны 7-р сарын 20-ны бямба гарагт Миссуригийн уурлаж бухимдсан 400–500 иргэн Миссуригийн Индепенденсийн шүүхийн танхимд уулзав. Тэд мормончуудын талаарх шаардлагуудыг тодорхойлсон баримт бичгийг боловсруулах хороог сонгов. Тэд дахин нэгээхэн ч хожмын үеийн гэгээнтнийг Жаксон гүнлэг рүү нүүж ирэхгүй байх шаардлага тавьсан бөгөөд тэнд аль хэдийн амьдарч байгаа хүмүүсийг аль болох хурдан нүүж явах амлалт өгөх ёстой гэж байв. Үүнээс гадна тэд Сүмийн сонины газрыг нийтлэлээ зогсоохыг шаардаж байв. Эдгээр шаардлагыг Миссурид байсан Сүмийн удирдагчдад танилцуулах үед Сүмийн удирдагчид гайхан балмагдсан ба уг саналыг авч хэлэлцэх мөн Огайо дахь Сүмийн удирдагчидтай зөвлөлдөх 3 сарын хугацаа өгөхийг хүссэн байна. Шаардлага тавьсан Миссуригийн иргэдийн бүлэг Сүмийн удирдагчдын хүсэлтийг эсэргүүцэв. Дараа нь гэгээнтнүүд 10 өдөр өгөхийг хүссэн ч тэдэнд хариултаа өгөх ердөө 15 минутыг олгосон байна. (Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2003], 132–133-ыг үзнэ үү.)
Суралцагчдаас самбар дээрх асуултуудад хариулахыг хүс.
Өөр нэг суралцагчийг дараах догол мөрийг чанга уншихад урь.
Индепенденсийн шүүхийн танхимд болсон хурал дээр байсан Миссуригийн иргэд маш хурдан танхайрагчид болон хувирч, хэвлэх газар болон хэвлэлүүдийг устгахаар шийдэв. Танхайрагч бүлгийнхэн хэвлэх газрыг дайран орж, тавилгуудыг нь гудамж руу шидэж, хэвлэх үйлдвэрийг эвдэж, хэвийг тарааж бас бараг бүх хэвлэсэн ажлыг, түүний дотор Зарлигуудын номын үдээгүй хуудаснуудын ихэнхийг нь устгасан. Танхайрагч бүлгийнхэн дараа нь Гилберт, Витней нарын дэлгүүрийг устгахыг хүсч байв. Гэвч Сидней Гилберт танхайрагч бүлгийг төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээс өмнө тэдэнтэй уулзаж, 3 өдрийн дотор бараануудаа баглаж, нүүх болно гэж амлажээ. (Church History in the Fulness of Times, 133-ыг үзнэ үү.)
Суралцагчаас самбар дээрх асуултуудад дахин хариулахыг хүс.
Өөр нэг суралцагчийг дараах догол мөрүүдийг чанга уншихад урь.
Танхайрагч бүлгийнхэн гурван өдрийн дараа буюу 7-р сарын 23-нд Миссуригийн Жаксон гүнлэгт дахин гарч ирсэн ба тэр үед винтов, гар буу, ташуур, бороохойгоор зэвсэглэсэн байв. Танхайрагчид нуруулдсан өвс болон тариан талбайд гал тавьж, хэд хэдэн гэр орон, малын хашаа болон ажлын байруудыг устгасан байсан. Танхайрагч бүлгийнхэн сүүлд нь гэгээнтнүүдийн эд хөрөнгө болон амь нас аюулд орсныг харсан учраас өөрсдийн амийг золиослох санал гаргасан Сүмийн 6 удирдагчтай нүүр тулав. Танхайрагч бүлгийн удирдагчид энэ саналаас татгалзаж, гүнлэгийг орхин явахыг зөвшөөрөхгүй бол эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг нэг нэгээр нь ташуурдана гэж айлган сүрдүүлж байв. Сүмийн удирдагчид шахалт дарамтан доор Жаксон гүнлэгийг орхих шаардлагад гарын үсэг зуржээ. Сүмийн гишүүдийн хагас нь болон удирдагчдын ихэнх хэсэг нь 1834 оны 1-р сарын 1 гэхэд, үлдсэн хэсэг нь 1834 оны 4-р сарын 1 гэхэд Жаксон гүнлэгийг орхин явах гэрээнд гарын үсэг зуржээ. Танхайрагчид Жон Корилл, Сидней Гилберт нарыг хөөгдсөн гэгээнтнүүдийн эд хөрөнгийг зарж борлуулахаар үлдэхийг зөвшөөрөв. (Church History in the Fulness of Times, 134-ийг үзнэ үү.)
Суралцагчаас самбар дээрх асуултуудад дахин хариулахыг хүс.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 98-ын хэсгийн оршлыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, энэ илчлэлтийг авахад юу нөлөөлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс.
-
Хэсгийн оршилд цэдэглэснээр, энэхүү илчлэлтийн цаг хугацааны юу нь гайхалтай байсан бэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 98:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэний гэгээнтнүүдэд өгсөн зөвлөгөөг олж мэдэхийг хүс. (2-р шүлэг дээрх Сабаот гэдэг үг нь ихэвчлэн дайчид эсвэл цэргүүд гэсэн утгаар хэрэглэгддэг еврей үг гэдгийг тайлбарлах нь тустай байж болно. Энд энэ үг нь Их Эзэний тушаалаар тэнгэр элчийн их цэргүүд эсвэл дайчид, Израилийн их цэргүүд эсвэл гэгээнтнүүд цугларах болно гэсэн утгатай юм. [Bible Dictionary, “Sabaoth”]-ийг үзнэ үү.)
-
Их Эзэн гэгээнтнүүдэд ямар зөвлөгөө өгсөн бэ? (Суралцагчдын хариултуудыг самбар дээр бич.)
-
Гэгээнтнүүдийн хувьд хүнд хэцүү үед талархлаа өргөдөг байх нь яагаад чухал байдаг вэ?
-
Их Эзэнийг “тэвчээртэйгээр хүлээх” гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ?
Нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас Их Эзэнийг тэвчээртэйгээр хүлээх гэдэг нь юу гэсэн утгатай болохыг олж сонсохыг хүс.
“Их Эзэнийг хүсэн хүлээнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? Судруудад хүлээх гэдэг үг нь найдах, хүлээх, итгэх гэсэн утгатай байдаг. Их Эзэнд итгэж, найдахын тулд итгэлтэй, тэвчээртэй, даруу байж, зарлигуудыг дуулгавартай дагаж, эцсээ хүртэл тэвчих хэрэгтэй” (“Эзэнийг хүсэн хүлээ: Таны хүсэл биелэг,” Ensign, 2011 оны 11-р сар, 72 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 84).
-
Ахлагч Хэйлсийн хэлсэн үг нь Их Эзэнийг тэвчээртэй хүлээх гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход танд хэрхэн тусалж байна вэ?
-
Их Эзэнийг тэвчээртэй хүлээх зөвлөгөө нь Миссури дэх гэгээнтнүүдэд яагаад чухал байсан бэ?
-
2-р шүлэг дээр Их Эзэн гэгээнтнүүдэд ямар тайтгарлын үгсээр ярьж байсан бэ?
Дараах гүйцэд биш зарчмыг самбар дээр бич. Хэрэв бид юм бүхэнд талархал илэрхийлж, Их Эзэнийг тэвчээртэй хүлээх юм бол …
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 98:3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, хэрэв тэд Их Эзэний зөвлөгөөг дуулгавартай дагавал Их Эзэн юу гэж амласныг олж мэдэхийг хүс.
-
Та 3-р шүлэгт тулгуурлан самбар дээрх зарчмыг хэрхэн гүйцээж бичиж болох вэ? (Дараах зарчим нь энэ зарчмыг гүйцээх нэг арга зам юм. Хэрэв бид юм бүхэнд талархал илэрхийлэн, Их Эзэнийг тэвчээртэй хүлээх юм бол Их Эзэн бидний зовлон бэрхшээлийг бидний сайн сайхны төлөө ажиллахаар болгож чадна.)
Суралцагчдыг хүнд хэцүү үедээ Их Эзэнийг тэвчээртэй хүлээснээр талархалтай байх шалтгаануудыг олж авсан өөрсдийнхөө мэддэг хэн нэгний талаар бодоход урь.
-
Зовлон бэрхшээл ямар арга замаар тэр хүний амьдралд сайн зүйлсийг авчирсан бэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 98:18-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, итгэлтэй хүмүүсийн хүлээн авдаг адислалыг олж мэдэхийг хүс.
Өнөөдөр ангид ярилцсан зарчмуудын талаар гэрчлэлээ хуваалцан, хичээлээ дуусга.
Дараагийн бүлэг (Сургаал ба Гэрээ 101:43–101; 102–105)
Хэрэв Их Эзэн суралцагчдыг тусламж хэрэгтэй Сүмийн гишүүдэд туслахаар олон сарын турш хийх олон зуун километрийн аялалд явахад дуудсан бол тэднийг хэрхэн хариулах байснаа төсөөлөн бодоход урь. Тэд ирэх долоо хоногт Сургаал ба Гэрээ 101-ийн үлдсэн хэсгийг болон 102–105-р хэсгүүдийг судалж байхдаа Сүмийн гишүүдэд туслахын тулд Огайогоос Миссури рүү сайн дураараа аялсан бүлэг хүмүүсийн талаар мэдэж авах болно. Энэ бүлгийнхнийг Сионы хуаран гэдгээр нь мэддэг болсон.