Институт ба семинар
4-р хичээл: Сургаал ба Гэрээ 1


4-р хичээл

Сургаал ба Гэрээ 1

Оршил

1831 оны 11-р сар гэхэд Иосеф Смит 60 гаруй илчлэлт хүлээн авчихсан байв. Гэсэн ч Сүмийн ихэнх гишүүд эдгээр илчлэлтийг унших боломжгүй байсан. Бошиглогч тэдгээрийг Зарлигуудын ном гэсэн нэртэй ном болгон хэвлэх тухай ярилцахаар Огайогийн Хайрамд чуулган хуралдуулжээ. Ахлагчдын хороо уг номын удиртгал хэсгийг боловсруулан гаргасан юм. Энэ ноорог нь чуулганд оролцсон хүмүүсийн санаанд нийцээгүй учраас тэд Иосеф Смитийг Их Эзэнээс удиртгал хэсгийн талаар асуухыг хүсжээ. Иосеф Их Эзэнээс залбирч гуйсныхаа эцэст удиртгал хэсгийг илчлэлтээр хүлээн авав. Их Эзэний Зарлигуудын номонд өгсөн удиртгал нь Сургаал ба Гэрээний 1-р хэсэг болсон юм.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 1:1–16

Хоёр дахь ирэлтийн үеэр ёс бусчууд дээр шүүлт ирэх болно гэдгийг Их Эзэн анхааруулав

Та ангийнхнаас таны унших дараах асуултуудыг тунгаан бодохыг хүсэж, энэ хичээлийг эхлүүлж болно. Хангалттай цаг өгсний дараа нэг эсвэл хоёр суралцагчийг хариултаа хуваалцахад урь.

  • Хэн нэгэн хүн хэзээ та нарын анхаарлыг татан, та нарт ямар нэг зүйлийг сэрэмжлүүлэх гэж оролдож байсан бэ? Тэр үед та юу хийсэн бэ?

  • Таныг сэрэмжлүүлж байгаа хүний хичээл зүтгэл танд ямар санагддаг вэ? Та яагаад ийм мэдрэмжтэй байна вэ?

Өөрийнхөө Сургаал ба Гэрээ судрыг үзүүлж, энэ номд Их Эзэн бидний аз жаргал ба авралд амин чухал сэрэмжлүүлэг, зарлигууд болон удирдамжуудыг өгсөн гэдгийг тайлбарла. Их Эзэн 1-р хэсгийг Сургаал ба Гэрээн дэх бусад илчлэлтийн удиртгал болгон илчилсэн гэдгийг суралцагчдад хэл. Удиртгал нь аливаа номын захиасыг болон зохиогчийн зорилгыг хураангуйлан хүргэж, уншигчийг номын агуулгыг ойлгоход бэлтгэдэг. Суралцагчдад Сургаал ба Гэрээ 1-ийн түүхэн нөхцөл байдлыг ойлгоход нь туслахын тулд та энэ хичээлийн оршил хэсэгт байгаа мэдээллийн заримыг хуваалцаж болно.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 1:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас Их Эзэн Өөрийнх нь үгсийг унших хүмүүсийн анхаарлыг татахын тулд ямар хэллэг ашигласныг олж тогтоохыг хүс. Цөөн хэдэн суралцагчаас олж мэдсэнээ хуваалцахыг хүс. (Суралцагчдыг хариулах үед та анхаарагтун гэдэг нь анхааралтай сонсох гэсэн утгатай гэдгийг тайлбарлаж болно. Бид Их Эзэнийг анхааралтай сонсвол Түүний зөвлөгөөг мөн зарлигуудыг нь дуулгавартай дагах болно.)

  • Их Эзэн эдгээр шүлгээр дамжуулан хэнд хандан ярьж байсан бэ? (Их Эзэн зөвхөн Сүмийн гишүүд төдий бус дэлхийн бүх оршин суугчид хандан ярьж байсан юм.)

  • “Учир нь тэдний алдсууд дээвэр дээрээс яригдах болно, мөн тэдний нууц үйлүүд илчлэгдэх болно” гэсэн нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ? (C ба Г 1:3).

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 1:4–7-г чанга уншихад урьж, ангийнхнаас Их Эзэн сэрэмжлүүлгээ бүх хүнд хэрхэн хүргэнэ гэж хэлснийг олж тогтоохыг хүс.

  • Их Эзэн Өөрийн сэрэмжлүүлгийг хэрхэн бүх хүнд хүргэнэ гэж хэлсэн бэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч дараах сургаалыг олж тогтоох ёстой. Их Эзэн Өөрийн сонгосон үйлчлэгчдээр дамжуулан Өөрийн сэрэмжлүүлгийг бүх хүнд хандан хэлдэг. Та суралцагчдад энэ сургаалыг Сургаал ба Гэрээ 1:4 дээр тодруулж эсвэл үүнийг судрынхаа зайд бичихийг зөвлөж болно.)

  • Их Эзэнийг төлөөлөн ярьж, Түүний сэрэмжлүүлгийг хүргэх дагалдагчид нь хэн бэ?

Их Эзэн бүх хүнийг ажил үйлс болон бие биедээ хэрхэн хандсанаар нь шүүнэ гэдгийг тайлбарлаж Сургаал ба Гэрээ 1:8–10-ыг дүгнэн ярилц. Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 1:11–14-ийг чанга уншихыг хүсэж мөн ангийнхнаас өөр сэрэмжлүүлгүүдийг олж тогтооход урь.

  • Зүүлт тайлбар 12 б-д цэдэглэгдсэнээр Сургаал ба Гэрээ 1:12-т Их Эзэн ямар үйл явдлын тухай эш татсан бэ?

  • Сургаал ба Гэрээ 1:14-т Их Эзэн Түүний бошиглогч, төлөөлөгчдийн үгсэд анхаарал эс тавих хүмүүс тусгаарлагдах болно гэж сэрэмжлүүлэх үедээ юуны тухай ярьж байсан гэж та нар бодож байна вэ? (Тэд зөв шударга хүмүүсээс тусгаарлагдаж мөн сайн мэдээний ёслолууд болон гэрээнүүдээр боломжтой болдог адислалуудыг алдах болно.)

Дэлхий даяар ёс бус байдал болон урвалт байгаа учраас эдгээр сэрэмжлүүлэг шаардлагатай гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 1:15–16-г чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, ёс бус байдал болон урвалтыг дүрсэлсэн хэллэгийг олж тогтоохыг хүс. Цөөн суралцагчийг олж мэдсэн зүйлийнхээ талаар хуваалцахад урь.

  • Өнөө үед амьдарч буй хүмүүс ямар байдлаар “өөрийнхөө бурхны дүр төрхийг дуурайн хүн болгон өөрийнхөө замаар” замнадаг вэ? (С ба Г 1:16).

Сургаал ба Гэрээ 1:17–33

Хожмын өдрүүдийн гамшгуудыг даван туулахад дэлхийг бэлтгэхийн тулд сайн мэдээ Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн

Ангийнхнаас Сургаал ба Гэрээ 1:17-г уншаад, хожмын үед тохиох ёс бус байдал, урвалт ба устгалыг дүрслэхийн тулд Их Эзэн ямар үг хэрэглэснийг олж тогтоохыг хүс. Суралцагчдыг сүйрэл гэдэг үгийг олж тогтоосны дараа Сургаал ба Гэрээ 1:17–33-т Их Эзэн хожмын үеийн сүйрлийг давах арга замыг бидэнд өгсөн гэдгийг тайлбарла. (Та сүйрэл гэдэг үг нь маш их хохирол, гай зовлон ба шаналлыг дагуулдаг гамшигт үйл явдлуудыг дүрсэлдэг гэдгийг тайлбарлаж болно.)

Дараах хүснэгтийг самбар дээр зурж эсвэл тараах материал болгон суралцагчдад өг.

Дэлхий дээр ирэх сүйрлийг давах ямар арга замыг Их Эзэн өгсөн бэ?

Энэ арга зам нь хожмын өдрүүдийн сүйрэлтэй нүүр тулахад бидэнд хэрхэн тусалж чадах вэ?

С ба Г 1:17

С ба Г 1:18–23

С ба Г 1:29

С ба Г 1:30

Та суралцагчдаас хүснэгтийг ганцаараа эсвэл хамтдаа бөглөхийг хүсэж болно. Суралцагчдаас хүснэгтийн зүүн хэсэгт байгаа судрын эшлэлүүдийг уншиж мөн хожмын өдрүүдийн сүйрлийн үеэр бидэнд туслахын тулд Их Эзэний өгсөн арга замыг олж тогтоохыг хүс. Тэднээс олж мэдсэн зүйлээ хүснэгтийн гол багананд дүрслэн бичихийг эсвэл зурахыг хүс. Баруун талын хайрцгуудад Их Эзэний арга зам бүр нь хожмын өдрүүдийн сүйрлийн үед бидэнд хэрхэн тусалж болох талаар товч тайлбар бичихийг тэднээс хүс.

Хангалттай цаг гаргаж өгсний дараа суралцагчдыг хүснэгтэд бичсэн зүйлээ хуваалцахад урь. Гол баганан дахь хариултууд нь дараах зүйлүүдийг багтаах ёстой. Их Эзэн Иосеф Смитийг дуудаж,түүнд илчлэлтүүд болон зарлигуудыг өгсөн (С ба Г 1:17-г үзнэ үү); Их Эзэн Өөрийн үйлчлэгчдэд Өөрийн сайн мэдээг тунхаглаж мөн гэрээг нь байгуулахын тулд дэлхий даяар явахыг зарлигласан (С ба Г 1:18–23-ыг үзнэ үү); Их Эзэн Мормоны Номыг илчилсэн (С ба Г 1:29-ийг үзнэ үү); мөн Их Эзэн Өөрийн Сүмийг дэлхий дээр сэргээсэн (С ба Г 1:30-ийг үзнэ үү). Баруун талын баганан дахь хариултууд өөр байж болно. Цөөн суралцагчийг бичсэн зүйлээсээ хуваалцахад урь.

Суралцагчдад Сургаал ба Гэрээ 1:30 дахь Их Эзэний үгсийн талаар бодоход нь туслахын тулд та энэ шүлэгт дараах үнэнийг илэрхийлсэн үгсийг тодруулахыг тэдэнд зөвлөж болно. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол дэлхий дээрх цорын ганц үнэн бөгөөд амьд сүм юм.

  • Их урвалтын талаар өмнөх хичээл дээр сурсан зүйл дээрээ тулгуурлаад та нар хэн нэгэнд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь дэлхий дээрх цорын ганц үнэн бөгөөд амьд сүм гэдгийг хэрхэн тайлбарлах вэ?

  • Энэ сүмийг юу “амьд” болгодог вэ?

Ариун Сүнсний бэлгээр дамжуулан Их Эзэн Өөрийн Сүмийг байнгын илчлэлтээр удирдах боломжтой байдаг гэдгийг тайлбарла. Энэхүү тасралтгүй ирэх илчлэлт нь Сүм амьд гэдгийн нэг жишээ юм.

  • Дэлхий дээрх цорын ганц үнэн бөгөөд амьд Сүмд харьяалагддаг гэдгээ мэдэх нь та нарын хувьд яагаад чухал вэ?

  • Их Эзэн Сүмийг Өөрийн таалалд нийцдэг мөн “хувь хүмүүст биш харин сүмд нийтэд нь” ярьж байна гэж хэлсэн нь ямар утгатай гэж та нар бодож байна? (С ба Г 1:30). (Хэдийгээр Сүм үнэн бөгөөд бүхлээрээ Их Эзэний таалалд нийцдэг боловч Сүмийн зарим гишүүн Түүний таалалд нийцдэг арга замаар амьдардаггүй байж болно.)

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 1:31–33-ыг уншаад, Их Эзэн нүгэл ба наманчлалын талаар юу гэж хэлснийг олж тогтооход урь.

  • Их Эзэн нүглийг хэрхэн хүлцэн тэвчдэг вэ? Бид хэрхэн уучлагдаж чадах вэ?

  • Сургаал ба Гэрээ 1:33-т цэдэглэгдсэнээр наманчилдаггүй хүмүүст юу тохиолдох вэ?

  • “Гэрэл” нь авагдах болой гэдэг нь юу гэсэн үг вэ?

Сургаал ба Гэрээ 1:34–39

Их Эзэн бидэнд Сургаал ба Гэрээнд агуулагддаг илчлэлтүүд болон зарлигуудыг судлахыг зааварлав

Их Эзэн бүх хүнийг Өөрийнхөө Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн тулд сэрэмжлүүлэх хүслээ дахин илэрхийлсэн гэдгийг тайлбарлаж Сургаал ба Гэрээ 1:34–36-г дүгнэн ярилц. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 1:37-39-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас Сургаал ба Гэрээн дэх Өөрийн оршлын төгсгөлд Их Эзэний онцлон хэлсэн үнэнүүдийг олж мэдэхийг хүс.

  • Сургаал ба Гэрээ 1:37–39-д Их Эзэн ямар үнэнүүдийг онцолсон бэ? (Суралцагчдыг өөрсдийнхөө олж тогтоосон үнэнүүдийг хуваалцах үед дараах үнэнүүд тодорхой байх ёстойг анхаарна уу. Бид Их Эзэний өгсөн зарлигуудыг судлах ёстой. Их Эзэний үгс бүгд биелэгдэх болно. Их Эзэний үгс Түүгээр яригдсан байна уу, эсвэл Түүний үйлчлэгчдээр яригдсан байна уу, энэ нь үнэн юм.)

  • Өнөөдөр сурсан зүйлээс харахад Сургаал ба Гэрээнд Их Эзэний өгсөн зарлигуудыг судалснаар та нар хэрхэн адислагдаж чадах вэ?

Цөөн суралцагчаас судруудыг судалснаар амьдрал нь хэрхэн адислагдсан талаар хуваалцахыг хүс. Та мөн суралцагчдыг Сургаал ба Гэрээг энэ хичээлийн жилд өдөр бүр судлах зорилгыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урьж болно. Тэднийг өдөр бүр хэзээ, хаана мөн хэр удаан судлахыг нь асуу. Тэдэнд өдөр бүр судлах явцдаа амжилттай байхад нь туслахын тулд та үе үе шалгах болно гэдгээ мэдэгд.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 1:14. “Бошиглогчдын үгсэд анхаарал тавь”

Ахлагч M.Рассэлл Баллард:

Ахлагч М.Рассэлл Баллард

“Ах, эгч нар аа, бидний дунд Бурханы бошиглогч байна гэдэг нь жижиг зүйл биш юм. Түүгээр дамжуулан бидэнд ирэх Их Эзэний үгсийг сонсох үед бидний амьдралд ирэх адислалууд нь агуу хийгээд гайхамшигтай юм. Үүний зэрэгцээ [Сүмийн ерөнхийлөгч] бол Бурханы бошиглогч гэдгийг мэдэх нь бидэнд үүрэг хариуцлага оноодог. Бид Сүмийн ерөнхийлөгчийн үгээр ирэх Их Эзэний зөвлөгөөг сонсох үед бидний хариу үйлдэл эерэг мөн шаламгай байх ёстой. Бошиглолын суу билигтэй зөвлөгөөнд Нифайн адил: ‘би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно’ гэж хариулбал аюулгүй байдал, амар амгалан, хөгжил цэцэглэлт мөн аз жаргал ирдэг гэдгийг түүх харуулсаар ирсэн (1 Нифай 3:7)” (“His Word Ye Shall Receive,” Ensign, 2001 оны 5-р сар, 65).