Институт ба семинар
133-р хичээл: Сургаал ба Гэрээ 124:84–145; 125–126


133-р хичээл

Сургаал ба Гэрээ 124:84–145; 125–126

Оршил

Энэ бол Сургаал ба Гэрээ 124-өөс суралцах гурван хичээлийн сүүлийнх нь юм. Энэ нь мөн Сургаал ба Гэрээ 125, 126-г ярилцдаг. Их Эзэн Сургаал ба Гэрээ 124:84–145 дээр Сүмийн хэд хэдэн гишүүнд зөвлөгөө өгсөн ба санваарын удирдлагын өөр өөр албан тушаалд үйлчлэх ёстой хүмүүсийг нэрлэжээ. 1841 оны 3-р сард бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 125-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан ба Их Эзэн үүнд Айова нутаг дэвсгэр дэх гэгээнтнүүдийн цугларалтын талаарх Өөрийн хүслийг илчилсэн. 1841 оны 7-р сарын 9-нд тэрээр Сургаал ба Гэрээ 126-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан ба Их Эзэн үүнд Бригам Янгд номлолд үйлчлэхийн тулд дахин гэр бүлээ орхиж явах шаардлагагүй хэмээн хэлжээ.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 124:84–122

Их Эзэн тодорхой хувь хүмүүст зөвлөгөө өгөв

Хичээл эхлэхээс өмнө дараах зарчмыг цаасан дээр бич. Хэрэв бид бошиглогчдын зөвлөгөөг дагавал энэ нь бидэнд сайн байх болно. Цаасыг дугтуйнд хийгээд, дугтуйны гадна талд Бид хэрхэн одоо болон үргэлж адислагдах вэ гэж бич.

Суралцагчдад дугтуйг үзүүлснээр хичээлийг эхэл. Энэ нь хэрхэн одоо аз жаргалтай байж, амьдралдаа шаардлагагүй зовлон бэрхшээлээс зайлсхийж, бусад адислалыг хүлээн авах заавруудыг агуулсан байгаа гэж тэдэнд хэл. Эдгээр заавар нь тэдний хувийн өвөрмөц нөхцөл байдлаас үл хамааран тэдэнд нэг бүрчлэн зориулагдсан гэдгийг тайлбарла. Суралцагчдыг дараах асуултуудыг тунгаан бодоход урь.

  • Захидал дахь заавруудыг мэдэх нь танд хэр чухал байж болох вэ?

  • Хэрэв та эдгээр зааврыг мэдэж чадах юм бол тэдгээрийг хэр сайн дагах вэ?

Хичээл эхлэхээс өмнө самбар дээр дагалдах хүснэгтийг зур. Хүснэгт рүү заагаад, Их Эзэн Сургаал ба Гэрээ 124:84–118 дээр Сүмийн тодорхой хэдэн гишүүнд хувийн заавар өгсөн ба хэрэв тэд дагавал агуу адислалууд хүлээн авах болно хэмээн амласныг тайлбарла. Суралцагч бүрийг самбар дээрх эшлэлүүдээс хоёр эсвэл гурвыг дотроо уншихад урь. Тэднээс өөрсдийнх нь уншсан хувь хүн бүрд өгсөн заавруудад ямар ижил төстэй зүйл байсныг олж мэдэхийг хүс.

Виллям Лоо (С ба Г 124:89–90)

Хайрум Смит (С ба Г 124:94–96)

Амос Дэвис (С ба Г 124:111–114)

Роберт Фостер (С ба Г 124:115–118)

Суралцагчдад унших хангалттай цаг өгсний дараа, дараах асуултыг тавь.

  • Та эдгээр эрэгтэйд өгсөн заавруудаас ямар ижил төстэй зүйлийг олж харсан бэ? (Хэсэг бүр бошиглогч Иосеф Смитийн зөвлөгөөг дагах зааврыг багтаасан.)

Суралцагчдыг уншсан шүлгүүдээ дахин нэг уншаад, хэрэв тэдгээр эрэгтэй Их Эзэний өгсөн зөвлөгөөг дагавал ямар адислалуудыг хүлээн авна гэж Тэрээр амласныг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс. Тэдний хариултыг самбар дээр бич.

  • Эдгээр эрэгтэйг бошиглогчийг анхааран сонсох үед Их Эзэний өгөх амлалтуудыг та хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?

Нэг суралцагчийг дугтуйг нээгээд, доторх цаасан дээр бичсэн зарчмыг чанга уншихад урь.

  • Самбар дээр жагсаасан амлагдсан адислал бүр хэрхэн “бидний хувьд сайн байх болно” гэдэгтэй холбогдох вэ?

Суралцагчдаас сүүлийн жилүүдэд Сүмийн ерөнхийлөгчийн өгсөн тодорхой зөвлөгөөг жагсаан хэлэхийг хүсэж, нэг суралцагчийг тэдний хариултыг самбар дээр бичихэд урь.

  • Та хэзээ бошиглогчдын зөвлөгөөг дагаснаараа адислагдаж байсан бэ? (Та мөн ямар нэгэн туршлага хуваалцах талаар бодож болно.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 124:84-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн Алмон Баббит гэдэг хүн Тэргүүн Зөвлөлийн зөвлөгөөг дагахын оронд өөр юуг хийж байна гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • 84-р шүлэгт цэдэглэснээр, Алмон Баббит Тэргүүн Зөвлөлийн зөвлөгөөг дагахын оронд өөр юу хийсэн бэ? (Тэрээр өөрийн зөвлөлийг бий болгохыг эрэлхийлсэн. Тэрээр хүмүүсийг Науву руу нүүхээ “больж”, Көртландад суурьш гэж ятгаж байсан гэдгийг та тайлбарлаж болно [History of the Church, 4:476-г үзнэ үү].)

  • Өнөөдөр хүмүүс өөрсдийн зөвлөлийг бий болгохыг санаархаж байгаа ямар ямар жишээ байна вэ?

Суралцагчдыг дугтуйн дахь заавруудыг мэдэх мөн дагах хүслийнхээ тухай асуултуудад өгсөн, хичээлийн эхэнд тунгаан бодсон хариултаа бодож үзэхэд урь. Тэднээс амлагдсан адислалуудыг хүлээн авахын тулд амьд бошиглогчдын зөвлөгөөг дагах хичээл зүтгэлээ сайжруулах тодорхой зорилго тавихыг хүс.

Их Эзэн Сүмийн эзэмшлийн зочид буудал болох ёстой байсан Науву өргөөг барих талаар нэмэлт заавруудыг Сүмд өгсөн гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 124:119–122-ыг нэгтгэн дүгнэ.

Сургаал ба Гэрээ 124:123–145

Их Эзэн санваарын өөр өөр удирдлагын албан тушаалд үйлчлэх хүмүүсийг нэрлэв

Суралцагчдаас Сүм дэх санваарын удирдлагын албан тушаалуудаас заримыг нь самбар дээр жагсааж бичихийг хүс.

Их Эзэн Сургаал ба Гэрээ 124:123–145 дээр санваарын өөр өөр удирдлагын албан тушаалд үйлчлэх тодорхой хэдэн хүнийг нэрлэсэн гэдгийг тайлбарла. Ангийн нэг хэсэг суралцагчаас 123–132-р шүлгийг мөн үлдсэн суралцагчдаас 133–142-р шүлгийг уншаад, Их Эзэний дурдсан санваарын удирдлагын албан тушаалуудыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ хуваалцаж, жагсаалтад байхгүй байгаа санваарын удирдлагын албан тушаалуудыг жагсааж бичихийг хүс.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 124:143-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн яагаад санваарын удирдагчдыг дуудаж, тэдэнд санваарын түлхүүрүүдийг өгдгийг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн яагаад санваарын удирдагчдыг дуудаж, тэдэнд санваарын түлхүүрүүдийг өгдөг вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах зарчмыг олж тогтоох ёстой. Их Эзэн тохинууллын ажлыг удирдаж, гэгээнтнүүдэд төгөлдөржихөд нь туслуулахаар санваарын удирдагчдыг дууддаг.)

Есүсийг илүү сайн дагаж, Түүнтэй илүү адилхан болохоор хичээхэд нь тусалсан санваарын удирдагчдын арга замуудыг бодож үзэхэд суралцагчдыг урь. Та цөөн суралцагчийг туршлагаа хуваалцахад урьж болно.

Сургаал ба Гэрээ 125

Их Эзэн Өөрийнхөө томилсон газруудад цуглуулахад гэгээнтнүүдийг удирдав

1838-аас 1839 оны өвөл гэгээнтнүүд Миссуригээс хөөгдсөнийхөө дараа Миссури мөрний хоёр талаар суурьшихаар Иллиной болон Айова руу явсан гэдгийг тайлбарла. Энэхүү илчлэлт 1841 оны 3-р сард өгөгдсөн ба Айова нутаг дэвсгэрт амьдарч буй мөн амьдрахаар зэхэж буй гэгээнтнүүдийн талаарх Их Эзэний хүслийг илчилсэн гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 125 дахь уг илчлэлтийг нэгтгэн дүгнэ. Их Эзэн энэхүү илчлэлтдээ гэгээнтнүүдийг хамтдаа цугларч, Айова дахь Зарахемла хэмээн нэрлэгдэх хотыг болон бошиглогч Иосеф Смитээр дамжуулан томилох газруудыг барьж байгуулахад тэднийг удирдсан юм. Сүм Иллинойгийн газруудаас илүү олон газрыг Айовад худалдаж авсан ба үүгээрээ Сүмийн удирдагчид бүх гэгээнтнийг Наувуд суурьшина гэж бодохгүй байгаагаа харуулсан.

Сургаал ба Гэрээ 126

Бригам Янг өөр бусад номлолд үйлчлэхийн тулд гэр бүлээ орхих шаардлагагүй болов

Суралцагчдыг ирэх таван зуны турш Их Эзэнд номлолд үйлчлэхийн тулд гэр бүлээ орхиж яваад, дараа нь бараг хоёр жилийн турш гадаад улс оронд номлолд үйлчлэхээр дуудагдах нь ямар байхыг төсөөлөхөд урь.

  • Гэр бүлээ маш олон удаа орхиж явах нь танд ямар санагдах вэ?

  • Хэрэв та гэр бүлийнхээ хэрэгцээний төлөө үүрэг хариуцлага хүлээсэн бол ийн явах нь танд ямар санагдах байсан бэ?

Бригам Янг 1832 оны 4-р сард Сүмд нэгдсэнийхээ дараа, дараагийн есөн жилд нь хэд хэдэн номлолд үйлчилсэн гэдгийг суралцагчдад хэл. Тэрээр баптисм хүртсэнийхээ дараагийн өвөл анхныхаа номлолд үйлчилсэн юм. Тэрээр 1833 оноос 1837 он хүртэл зун бүр Сионы хуаранг оролцуулбал таван номлолд үйлчилсэн байна. Эдгээр номлол гурваас таван сарын хугацаанд үргэлжилдэг байв. 1838 оны 7-р сарын 8-нд Бригам Янг бусад төлөөлөгчийн хамт Их Британид номлолд үйлчлэхээр дуудагджээ. Тэд 1839 оны 4-р сарын 26-нд Миссуригийн Фар Вестээс номлолдоо явах Их Эзэний заавруудыг дагасан юм (С ба Г 118-ыг үзнэ үү). Бригам Янг бусад төлөөлөгчийн хамт Айова болон Иллинойд дараагийн хэдэн сарыг өнгөрөөсөн ба тэндээ Их Британи руу аялах бэлтгэлээ хийжээ. 1839 оны зун чичрэг өвчний тахал газар авч, тэд ч мөн тахалд өртөв.

Бригам Янгийн дараах үгийг чанга унш. Бригам Янг номлолд явах үедээ бүр гар тэргэнд ч бусдын тусламжгүй сууж чадахааргүй өвчтэй байсан ч гэсэн Их Эзэнд үйлчлэх талаар ямар хандлагатай байсныг сонсохыг ангийнхнаас хүс.

Ерөнхийлөгч Бригам Янг

“Би юу ч болсон хамаагүй Англи руу явахад шийдвэр төгс байсан. Би юу ч болсон хамаагүй амьдрал болон авралын сайн мэдээн дотор хийх шаардлагатай бүх зүйлийг хийх шийдвэр төгс байсан” (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 5).

Бригам Янгийн номлолын үйлчлэл түүний гэр бүлээс мөн золиослол гаргахыг шаардаж байсан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Бригам Янгийг Их Британи руу номлолд явах үед түүний гэр бүл ямар нөхцөл байдалд байсан тухай дараах товч дүгнэлтийг уншихад урь.

Бригам Янг эхнэр Мэри Анн нь дөрөв дэх хүүхдээ дөнгөж төрүүлээд 10 хоносны дараа 1839 оны 9-р сарын 14-нд Айовагийн Монтросэг орхиж, Их Британи руу явжээ. Мэри Анн чичрэг өвчнөөр мөн өвдсөн байжээ. Энэ нь түүний гэрлэлтээсээ хойш Бригамыг номлолд явуулж буй тав дахь удаагийн номлол байжээ. Тэд өнгөрсөн жилд нь Миссури дэх гэр орноосоо хөөгдөж, ихэнх өмч хөрөнгөө алдсаны дараа ядуу тарчиг амьдарч байв. Бригам Янг, Мэри Анныг гэр бүлдээ зориулах 2.72 доллартай л үлдээж явах боломжтой байсан юм. Бригам, Мэри Анн хоёр Их Эзэн тэдэнд хэрэгцээт зүйлсийг нь өгнө гэдэгт итгэж, төлөөлөгчдийг номлолд явсан үед гэр бүлийнх нь хэрэгцээнд анхаарал тавих болно хэмээх бошиглогч Иосеф Смитийн амлалтад найдаж байлаа. (Leonard J. Arrington, Brigham Young: American Moses [1985], 74–75, 413, 420-ийг үзнэ үү.)

Бригам Янг Их Британи дахь номлолын ажлыг удирдсаныхаа дараа 1841 оны 7-р сарын 1-нд Иллинойгийн Наувуд ирсэн гэдгийг тайлбарла. Бошиглогч Иосеф Смит найман өдрийн дараа Сургаал ба Гэрээ 126-д буй илчлэлтийг хүлээн авчээ.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 126:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн Бригамд номлолынх нь талаар юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс. (Та хүнд ажил гэдэг нь удаан хугацааны туршид хөдөлмөрлөсөн хичээнгүй байдал гэдгийг тайлбарлаж болно.)

Их Эзэн Бригам Янгаас дахин гэр бүлээ орхиж явахыг шаардаагүй боловч тэрээр хожим нь зарим богино хугацааны номлолд үйлчилсэн гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Их Эзэний төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөх үед тохиолдох зүйлсийг заасан зарчмыг 1–2-р шүлгээс олж тогтооход урь. (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах зарчмыг олж тогтоох ёстой. Хэрэв бид Их Эзэний төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөх юм бол Тэрээр бидний зөв шударга өргөлүүдийг хүлээн авах болно. Та суралцагчдад энэ зарчмыг судрынхаа зайд бичихийг зөвлөж болно.)

  • Та хэзээ үйлчлэл тань Их Эзэний таалалд нийцсэнийг мэдэрсэн бэ?

Суралцагчдыг Их Эзэнд үйлчлэх боломжуудынхаа тухай бодоход урь. Тэднийг эдгээр боломжийг хичээнгүйлэн ашигласан Бригам Янгтай адил удирдагчдын жишээг дагахад урамшуулан дэмж. Их Эзэн Өөрийнх нь ажлыг хийх гэсэн тэдний шаргуу хичээл зүтгэлийн зөв шударга өргөлийг хүлээн авах болно гэдгийг гэрчил.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 124:84–86. Алмон Баббит

Алмон Баббит нь Сионы хуарангийн гишүүн байсан ба 1835 оны 2-р сарын 28-нд Далын нэгдүгээр чуулгын гишүүнээр томилогдсон юм. Алмон Сүмийн удирдагчдын зөвлөгөөг үл хүндэтгэн, бусдыг өөрийнх нь шийдвэрийг дагахад удирдаж байсан түүхтэй.

Их Эзэн Алмон Баббитын зан байдлыг дүрслэхийн тулд Сургаал ба Гэрээ 124:84 дээр алтан тугалын (Египетээс гарсан нь 32) адилтгалыг ашигласан юм. Алмон гэгээнтнүүд Тэргүүн Зөвлөлөөр дамжуулан өгсөн Их Эзэний зөвлөгөөг дагахын оронд өөрийнх нь зөвлөгөөг дагах ёстой гэж өөрийн зөвлөлийг бий болгосон юм.

Сургаал ба Гэрээ 126:1. Их Британи дахь Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын номлол

“1840 оны 4-р сард бусад төлөөлөгчийг Британийн арлууд дээр ирэх үед Сүмийн Британи дахь номлолын удирдлагыг хариуцаж байсан Бригам Янг Сүмийн ерөнхий чуулганд оролцуулахаар ах нарыг Прэстонд дууджээ. … [Номлолын ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байсан] Виллард Ричардсыг 1838 оны илчлэлтийн дагуу төлөөлөгчөөр томилох нь хамгийн эхлээд хийх ёстой албан ёсны ажил байлаа [С ба Г 118:6-г үзнэ үү]. … Ийн тэр үед Британийн арлуудад Бригам Янг, Хибер С.Кимбалл, Парлей П.Пратт, Оорсон Пратт, Жон Тэйлор, Вилфорд Вүдрафф, Жорж А.Смит, Виллард Ричардс зэрэг Арван хоёрын найман гишүүн нь байсан юм. Виллям Смит, Жон Е.Пейж хоёр Британийн номлолд үйлчлээгүй. Оорсон Хайд хожим нь Англид ирж, ах нартай хэдэн сарын туршид хамт хөдөлмөрлөөд, дараа нь иудейчүүдийг эргэж ирэхэд зориулж Палестиныг онцгойлон адислахаар Палестин руу явсан юм. Тэр үед Арван хоёрт нэг гишүүн дутуу хэвээрээ байлаа” (Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2003], 231).

Бригам Янг Британийн арлууд даяар номлолын ажлыг өргөжүүлэх ажлыг удирдаж байхдаа агуу сүнслэг мөн удирдах ур чадвараа нотлон харуулсан юм. Бригам Янг болон бусад төлөөлөгчийн удирдлагаар Сүм Их Британид гайхамшигтай өсч хөгжсөн юм. 1841 оны 4-р сарын сүүлээр ихэнх төлөөлөгч Британий арлууд дээрх номлолоо дуусгах үед 7000–8000 хүн Сүмд нэгдэж, тэдний 1000 гаруй нь хэдэн сарын өмнө Науву руу нүүсэн байлаа.

Энэ номлол нь Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын хувьд сурах, боловсрох чухал цаг хугацаа байсан юм. Бригам Янг Наувуд төд удалгүй ашиглах шаардлагатай болсон удирдлагын ур чадвараа хүчирхэгжүүлэх боломжтой байв. … Арван хоёр Британи дахь зовлон бэрхшээл, золиослолыг туулахын хажуугаар нэгэн зорилгын төлөө хөдөлмөрлөхдөө дараагийн хэдэн жилд Сүмийн бат бөх удирдлагыг бий болгосон замд нэгджээ” (Church History in the Fulness of Times, 234).

Сургаал ба Гэрээ 126:3. Бригам Янг гэр бүлээ анхаарч халамжилж байв

Бригам Янг Их Британиас гэртээ буцаж ирээд “гэр бүлдээ онцгой халамж тавих” (С ба Г 126:3) Их Эзэний зарлигийг дагасан юм. Тэрээр өдөр бүр хүүхдүүддээ зааварлаж, тэдэнтэй хамт залбирахад цаг гаргаж байсан ба хүүхдүүд нь түүнийг эелдэг даруу, хайраар дүүрэн аав гэж дурсдаг ажээ.

Бригам Янг Сургаал ба Гэрээ 126 дахь илчлэлт өгөгдөх үед 40 настай байсан боловч дараах түүх нь түүнийг гэр бүлээ удаан хугацаагаар хичээнгүйлэн анхаарч халамжилж байсныг харуулдаг.

“Тэрээр 23 настайдаа Мириам Анжелин Воркстой гэрлэсэн юм. Залуу хосын гэр бүлд хоёр охин мэндэлжээ. Бригам сандал, ширээ, ханын шүүгээ хийж, засварлаж мөн цонх, хаалга, шат, ханын зуухны дээгүүр тавиур суулгаж, гэр бүлээ тэжээдэг байжээ.

Мириамыг сүрьеэ өвчнөөр өвдөх үед Бригам өөрийнхөө үүрэг хариуцлагын хажуугаар түүний хийдэг гэрийн ажлыг хийдэг болов. Түүнийг улам бүр дордож эхлэхэд тэрээр байнга гэр бүлдээ өглөөний хоол бэлтгэж, охидоо хувцаслаж, гэр орноо цэвэрлэж, ‘орой иртлээ эхнэрээ ханын зуухны хажуу дахь түшлэгтэй сандал дээр суулгаад явдаг байсан ба’ ирээд оройн хоол хийж, гэрийнхнийгээ унтуулаад, гэр орны ажлаа дуусгадаг байсан [Susa Young Gates and Leah D. Widtsoe, The Life Story of Brigham Young (1930), 5]. Түүнд бага залуу насанд нь болон гэрлэлтийн эхний хэдэн жилд тохиолдсон туршлагууд гэр бүлээрээ хамтарч ажиллах, гэр орны ажлыг хийх талаар их зүйлийг заажээ. Хэдэн жилийн дараа тэрээр гэгээнтнүүдэд энэ сэдвийн талаар зөвлөгөө өгч, ‘ихэнх эмэгтэйгээс илүү сайн гэрийн ажил хийдэг’ гэдгээрээ хошигнон сайрхсан гэдэг [Deseret News, 1857 оны 8-р сарын 12, 4]” (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 2).

Бригам Янг энэ илчлэлтээс [С ба Г 126] хойш гэр бүлийнхэнтэйгээ өмнөх жилээс илүү их цаг хамт байх боломжтой болсноос гадна ихэнхдээ бошиглогч Иосеф Смитийн хажууд (Иосефын амьдралын сүүлийн гучин зургаан сарын хорин найман сард нь) хамт байсан юм.

Их Эзэн Бригам Янгийн ирээдүй болон Сүмийн ирээдүйг мэдэж байсан учраас Иосефыг нас барсны дараа Бригам Янг Сүмийг удирдахад шаардлагатай мэдлэгт суралцаж болохын тулд түүнийг Иосефын хажууд байлгасан нь тодорхой юм” (Сургаал ба Гэрээний суралцагчийн гарын авлага, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2001], 313).

Хэдийгээр Бригам Янг өөр бусад номлолд үйлчлэхийн тулд гэр бүлээ орхиж явах шаардлагагүй болсон ч бошиглогчийг нас барахаас өмнө богино хугацаагаар хэдэн номлолд үйлчилсэн байна.