Институт ба семинар
78-р хичээл: Сургаал ба Гэрээ 76:1–19


78-р хичээл

Сургаал ба Гэрээ 76:1–19

Оршил

1832 оны 2-р сарын 16-нд Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Библийн орчуулга дээр ажиллаж байв (заримдаа Иосеф Смитийн Орчуулга хэмээн нэрлэгддэг). Тэд Иохан 5:29-ийг орчуулж мөн утгыг нь тунгаан бодож байхад тэд нэг үзэгдэл үзсэн ба энэ нь Сургаал ба Гэрээ 76-д цэдэглэгдсэн байдаг. Энэ үзэгдлийн үеэр Аврагч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт Есүс Христийн бодит ба бурханлаг байдлыг баталсан тодорхой үзэгдлүүдийг үзүүлж, Сатаны уналт ба мөхлийн хөвгүүдийн талаар зааж мөн алдар суугийн гурван хаант улсын мөн чанар болон тэдгээрийг өвлөх хүмүүсийг илчилжээ. Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф, “Энэ үзэгдэл нь [76-р хэсэг] бидний унших ямар ч номноос илүү гэрэл, илүү үнэн ба илүү зарчмуудыг өгдөг илчлэлт юм. Энэ нь бидний одоогийн нөхцөл байдлыг тодорхой болгож, бидний хаанаас ирсэн, яагаад энд байгаа болон хаашаа явж байгааг харуулдаг. Ямар ч хүн энэ илчлэлтээр дамжуулан өөрийнхөө үүрэг ба нөхцөл байдлыг мэдэж болно” (Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], 120–121).

Сургаал ба Гэрээ 76 дөрвөн хичээл дээр заагдах болно. Энэ хичээл уг үзэгдлийн товч тоймыг, Их Эзэний итгэлтэй хүмүүст амласан адислал мөн Иосеф Смит, Сидней Ригдон хоёрыг үзэгдэл хүлээн авахад хөтөлсөн үйлдлүүдийг хамрах болно.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 76-ийн тойм

Суралцагчдаас амрахаар эсвэл баярын үеэр очихыг хүсэж байгаа хэдэн газрыг нэрлэхийг хүс. (Хариултуудыг нь самбар дээр бич.) Самбар дээр жагсаасан газруудын нэгийг нь дугуйл. Суралцагчдаас сонгосон газар очихын тулд ямар замаар аялах ёстойг дүрслэн бичихийг хүс. Хэсэг хугацааны дараа цөөн хэдэн суралцагчийг бичсэн зүйлээ дүрслэн хэлэхэд урь. Дараа нь самбар дээр байгаа газруудаас эхний газраас огт өөр нэг газрыг сонгоод, дараах асуултуудыг тавь.

  • Хэрэв та нар эхний газарт очих замыг дагавал энэ нь та нарыг хоёр дахь газар авчрах уу?

  • Та нарын сонгосон газар нь тэнд хүрэх замд хэрхэн нөлөөлдөг вэ?

1832 оны 2-р сард бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёр хүн төрөлхтний очиж болох мөнхийн газрыг илчилсэн үзэгдэл үзсэн гэдгийг тайлбарла. Сургаал ба Гэрээ 76-д цэдэглэгдсэн энэ үзэгдэл нь алдар суугийн гурван зэрэглэл (эсвэл хаант улсууд) болон тэдгээрийг өвлөх хүмүүсийн сүнслэг өсөлтийг дүрсэлдэг. Суралцагчдыг дараагийн дөрвөн хичээл дээр селестиел хаант улс дахь мөнх амьдрал руу удирдах сонголтуудыг олж тогтооход урь. Үүний зэрэгцээ, тэднийг одоо хийж байгаа сонголтууд нь тэднийг хамгийн агуу аз жаргалыг авчрах мөнхийн газар руу удирдаж байгаа эсэхийг тунгаан бодоход урь.

Сургаал ба Гэрээ 76-ийн агуулгын товч тоймыг харуулахын тулд суралцагчдад дагалдах тойм зургийн хуулбарыг өг. (Та хуулбарыг жижиг хэмжээтэй хийвэл суралцагчид үүнийг судрынхаа завсар хавчуулж мөн 76-р хэсгийг судлахдаа ашиглах болно.) Тойм зураг нь Иосеф, Сидней хоёр хүлээн авсан үзэгдэлдээ юуны талаар харж мөн сурсныг харуулдаг гэдгийг тайлбарла.

алдар суугийн хаант улсууд

Сургаал ба Гэрээ 76:1–10

Их Эзэн Өөрт нь итгэлтэй байдаг хүмүүст адислалуудыг амлав

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 76:1–5-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Есүс Христийн зан чанарыг дүрсэлсэн үг, хэллэгийг хайж олохыг хүс.

  • Эдгээр шүлэгт дурдагдсан Есүс Христийн зан чанаруудын аль нь та нарт чухал вэ? Яагаад?

Суралцагчдын анхаарлыг Сургаал ба Гэрээ 76:5-д дүрслэгдсэн Аврагчийн зан чанарууд руу хандуул.

  • 5-р шүлэгт цэдэглэгдсэнээр, бид Их Эзэний нигүүлсэл ба ач ивээлийг мэдрэхийн тулд юу хийх ёстой вэ? (Бид Түүнээс эмээх ёстой. Энэ шүлэг дээр гарч буй эмээх гэдэг нь Их Эзэнийг биширч, хүндэтгэж мөн хайрлахыг хэлж байгаа гэдгийг тайлбарла.)

  • Их Эзэний хүндэтгэлийг хүлээн авахын тулд бид юу хийх ёстой вэ? “Зөв шударга ёсонд хийгээд үнэнд эцсээ хүртэл” Их Эзэнд үйлчилнэ гэдэг нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 76:6–9-ийг дотроо уншаад, Өөрийг нь биширч мөн үйлчилдэг хүмүүст Их Эзэний амласан адислалуудыг олж мэдэхэд урь.

  • Эдгээр шүлэгт өгүүлснээр, Их Эзэнийг биширч мөн үйлчилдэг хүмүүст ямар адислалууд ирдэг вэ? (Та суралцагчдад 7-р шүлэг дэх нууцуудыг зөвхөн илчлэлтээр мэдэгдэж болдог сүнслэг үнэнүүдийг хэлж байгаа гэдгийг сануулж болно.)

Дараах дутуу мэдэгдлийг самбар дээр бич. Хэрэв бид эцсийг хүртэл Их Эзэнийг биширч мөн Түүнд үйлчилбэл, Тэр … замаар биднийг хүндэтгэх болно.

Суралцагчдыг самбар дээрх зарчмыг гүйцээхэд урь. Тэд дараах зүйлийг олж тогтоох ёстой. Хэрэв бид эцсийг хүртэл Их Эзэнийг биширч мөн Түүнд үйлчилбэл Тэр бидэнд үнэнийг илчлэх замаар биднийг хүндэтгэх болно.

Суралцагчдад Их Эзэн бидэнд үнэнийг хэрхэн илчилдгийг ойлгоход нь туслахын тулд гэрлийн чийдэн (эсвэл гар чийдэн) бариад, энэ нь Сүнсний нөлөөтэй хэрхэн холбогдож болохыг асуу. Суралцагчдыг хариулсны дараа нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 76:10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, гэрлийн чийдэн (эсвэл гар чийдэн) нь Сүнсний нөлөөтэй хэрхэн адилтгагдаж болох нэмэлт ойлголтуудыг олж мэдэхийг хүс.

  • Сүнсний нөлөө нь чийдэн гэх мэт гэрлийн үүсгүүртэй юугаараа адилхан байж болох вэ? (Суралцагчдын хариулт дараах үнэнийг тодорхойлж болно. Их Эзэн биднийг Сүнсээр гэгээрүүлдэг.)

  • Гэгээрүүлэх гэдэг нь юу гэсэн үг вэ? (Бидний ойлголтыг нэмэгдүүлдэг эсвэл үнэнийг харахад бидэнд тусалдаг мэдлэг буюу сүнслэг ойлголтоор хангах.)

  • Та нар хэзээ Сүнсээр гэгээрч байсан бэ? (Суралцагчдыг хариулсны дараа та мөн өөрийн туршлагаас хуваалцаж болно.)

Сургаал ба Гэрээ 76:11–19

Иосеф Смит, Сидней Ригдон хоёрыг үзэгдэл үзэхэд хөтөлсөн нөхцөл байдлыг дүрслэв

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 76:11–14-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад мөн 5–10-р шүлэгт дурдагдсан амлалтуудын биелэлтийг олж мэдэхийг хүс.

  • Иосеф Смит, Сидней Ригдон хоёрын туршлага ямар арга замуудаар 5–10-р шүлэгт дурдагдсан амлалтуудын биелэлт байсан бэ?

Суралцагчдыг судруудыг уншиж байсан ч уншиж буй зүйлээ ойлгохгүй байсан үеүдийнхээ талаар бодоход урь.

  • Та нар судруудыг илүү сайн ойлгохын тулд юу хийсэн бэ?

Иосеф Смит, Сидней Ригдон хоёр үзэгдэл хүлээн авахаасаа өмнө хийж байсан үйлдлүүд нь судруудыг хэрхэн илүү сайн ойлгож мөн үнэнийг бидэнд илчлэх Ариун Сүнсийг урихыг бидэнд зааж чадна гэдгийг тайлбарла.

Суралцагчдад бүлэг болон ажиллахыг даалга. Бүлэг бүрийн нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 76-ийн оршил хэсгийг дотроо уншихад урь. Бүлгийн нөгөө суралцагчийг Сургаал ба Гэрээ 76:15–19-ийг дотроо уншихад урь. Суралцагчдаас Иосеф Смит, Сидней Ригдон хоёр илчлэлтээр дамжуулан судруудын талаарх ойлголт хүлээн авахад нь өөрсдийг нь бэлтгэх юу хийсэн эсвэл юу хийж байсныг олж мэдэхийг хүс. (Суралцагчдад хэсгийн удиртгалыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд та өөр өөр илчлэлт гэдэг нь олон төрлийн гэсэн утгатай гэдгийг тайлбарлаж болно. Та түүнчлэн Иосеф Смитийн үед Библид итгэдэг ихэнх хүмүүс эцсийн шүүлтийн дараа бүх хүн диваажин эсвэл там руу явах болно гэж боддог байсныг тайлбарлаж болно.) Суралцагчдад унших хангалттай хугацаа өгсний дараа, олж мэдсэн зүйлээ хамтрагчтайгаа хуваалцахыг тэднээс хүс. Тэгээд суралцагчдаас асуу.

  • Иосеф Смит, Сидней Ригдон хоёр үзэгдэл хүлээн авахад бэлтгэхийн тулд юу хийсэн бэ? (Тэд Иохан 5:29-ийг судалж мөн бясалгаж байсан.)

  • Судруудыг бясалгана гэдэг нь юу гэсэн үг вэ? (Хариулт нь дараах зүйлийг багтааж болно. Уншиж буй зүйлээ тунгаан бодож, уншиж буй зүйлийнхээ талаар асуултууд тавьж мөн сурч буй зүйлээ мэддэг зүйлтэйгээ холбох.)

  • Иосеф Смит, Сидней Ригдон хоёрын жишээнээс бид ямар зарчим сурч болох вэ? (Суралцагчид өөр өөр зарчмууд хэлж болох ч, дараах зарчмыг онцлох хэрэгтэй. Бид судруудыг залбирч судлан мөн тунгаан бодох үедээ Ариун Сүнсээр дамжуулан Их Эзэнээс ойлголтыг хүлээн авахад өөрсдийгөө бэлтгэдэг.)

Суралцагчдад судруудыг хэрхэн залбирч судлан мөн тунгаан бодохыг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах мэдэгдлийг уншихад урь. Ангийнхнаас судруудыг залбирч судлан мөн тунгаан бодохтой холбоотой үйлдлүүдийг олж сонсохыг хүс. (Та суралцагчдад энэ мэдэгдлийн хуулбарыг өгвөл тэд хамт уншиж чадна.)

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Би ‘судлах’ гэдэг үгийг хэлэхдээ уншихаас хавьгүй их зүйлийг хэлж байгаа гэсэн үг. … Би та нарыг цөөхөн шүлэг уншаад, түүнийгээ тунгаан бодож, ахин дахин уншиж, утгыг нь бодонгоо ойлгохын төлөө залбирч, оюун бодолдоо асуулт тавин, сүнслэг нөлөөллийг авч, хүлээн авсан нөлөөлөл, илчлэлтээ бичиж тэмдэглэж байгаагаар төсөөлдөг. Хэрэв ингэж чадвал та нар тэдгээрийг санаж, илүү сайн суралцаж чадна. Ийм аргаар суралцахдаа та хагас цагт маш олон бүлэг эсвэл шүлэг унших шаардлагагүй, харин Бурханы үгст зориулан зүрх сэтгэлдээ зай гаргаж өгснөөр Тэр тантай ярих болно” (“When Thou Art Converted,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 5-р сар, 11).

  • Ахлагч Кристоффэрсон судруудыг залбирч судлан мөн тунгаан бодохтой ямар үйлдлүүдийг холбосон бэ?

  • Та нар ахлагч Кристоффэрсоны зөвлөгөөнүүдээс гадна судруудыг залбирч судлан мөн тунгаан бодохын тулд юу хийсэн бэ? (Суралцагчдын хариултыг самбар дээр жагсаан бич.)

  • Та нар судруудыг залбирч судлан мөн тунгаан бодсоны үр дүнд ямар туршлагатай болсон бэ?

Суралцагчдыг өнөөдөр ярилцсан үйлдлүүдийг хувиараа судраас судлахдаа хэрэгжүүлэхэд урамшуул. Судруудыг залбирч судлан мөн тунгаан бодох талаар гэрчлэлээ хуваалцах талаар бодож үзээрэй.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 76-ийн тойм. Очихыг хүссэн газартаа хүрэх зөв замыг сонго

Далын ахлагч Стерлинг В.Силлийн ярьсан дараах түүх нь бидний хамгийн их хүсдэг мөнх амьдрал руу удирдах замыг сонгохын чухлыг харуулдаг.

Ахлагч Стэрлинг В.Силл

“Бид Доктор Харри Эмерсон Фосдикийн олон жилийн өмнө ярьсан ‘Буруу автобусанд’ гэдэг түүхээс олон чухал хичээл сурч болно. Уг түүхэнд нэг хүн [Нэгдсэн Улсад] Детроит явах хүсэл, зорилготойгоор автобусанд суудаг. Гэтэл уг хүн урт удаан аяллынхаа төгсгөлд ирээд, Канзас хотод ирснээ мэддэг. Эхлээд тэр итгэхгүй байлаа. Тэр Вүүдвард өргөн чөлөө хаана байдгийг асуухад Вүүдвард өргөн чөлөө байхгүй гэж хэлэх үед тэр ихээхэн эгдүүцэж байв. Учир нь тэр өргөн чөлөө байдаг гэдгийг мэдэж байв. Тэр Детроитод очихыг хүсэж, зорьж байсан ч гэсэн Канзас хотод ирсэн гэдгээ хүлээн зөвшөөртөл нэлээд хугацаа орсон гэдэг. Бүх зүйл зүгээр байсан боловч нэг жижиг зүйл буруу байсан нь тэр буруу автобусанд суучихсан байжээ.

Олон хүн амьдралд очихыг хэзээ ч хүсээгүй газраа ирдэг нь сонирхолтой. Бид нэр төр, амжилт мөн аз жаргалд хүргэх зорилгуудыг сонгодог мөртлөө зарим үед бид шударга бус явдал, бүтэлгүйтэл ба сайхан бус зүйлсээр дүүрсэн газар руу явдаг автобусанд суудаг. Бидний мөнх бус оршихуйн үндсэн зорилго бол дараагийн амьдралд бэлтгэх явдал мөн. Бидний зорьсон газар гурван том хэсэгт хуваагдсан ба Паул тэдгээрийг хүсэж тэмүүлэх байдлаар нь нар, сар, оддын гэрэлтэй харьцуулсан байдаг.

Ингээд бид дэлхий дээрх хамгийн чухал зүйл дээр эргэж ирдэг; нэгдүгээрт, бид хаашаа явахыг хүсэж байгаагаа мэдэх; хоёрдугаарт, бид тийшээ явах автобусанд суух хэрэгтэй” (“On the Wrong Bus,” New Era, 1983 оны 7-р сар, 4, 6.)

Сургаал ба Гэрээ 76:11–12. “Сүнсний хүчээр бидний нүд нээгдэж”

Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Иохан 5:29-ийг орчуулж байх үедээ “Сүнсэнд байснаар” (С ба Г 76:11) мөн “Сүнсний хүчээр” (С ба Г 76:12) тэдний нүд нээгдсэн хэмээн хэлжээ. Үүнээс харахад эдгээр хэллэг нь хувиргалт гэж нэрлэгддэг түр зуурын бодит ба сүнслэг байдлыг хэлж байна. Хувиргалт гэдэг бол “гадаад төрх байдал болон мөн чанараа түр зуур өөрчилсөн хүмүүсийн нөхцөл байдал—энэ нь тэнгэрлэг хүмүүсийн оршихуй хийгээд алдар сууг олж болохын тулд тэд сүнсний илүү өндөр түвшинд өргөгдөнө гэсэн үг” (Судруудын Удирдамж, “Хувиргалт,” scriptures.lds.org).

Сургаал ба Гэрээ 76:19. Судруудыг судалж мөн тунгаан бодох нь

Тэргүүн Зөвлөлийн гишүүн, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг судлах ба тунгаан бодох хоёрын ялгааг мөн тунгаан бодох ба илчлэлт хүлээн авах хоёрын холбоог заасан.

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“Унших, тэдгээрийг судлах эсвэл тунгаан бодох гэдэг нь өөр өөр ойлголтууд юм. Бид үгсийг уншаад санаа авдаг. Бид судрыг судалснаар доторх загвар, утга санаа болон хэсгүүдийн хоорондын уялдаа холбоог илрүүлдэг. Харин бид тунгаан бодсоноор Сүнсээр илчлэлтийг авдаг. Тунгаан бодох нь миний хувьд судрыг анхааралтайгаар уншиж, судалсны дараа эргэцүүлэн бодож, залбирах явдал мөн” (“Сүнсээр үйлчлэх нь,” Ensign, 2010 оны 11-р сар, 60 эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 66).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Марвин Ж.Аштон ийн заажээ.

Ахлагч Марвин Ж.Аштон

“Бид тунгаан бодсоноор Сүнсэнд бидэнд нөлөөлж, удирдах боломжийг олгодог” (“There Are Many Gifts,” Ensign, 1987 оны 11-р сар, 20).

Сургаал ба Гэрээ 76. “Үзэгдэл”

Сургаал ба Гэрээ 76-ийн “Үзэгдэл” хэмээн нэрлэгддэг яруу найргийн хувилбар Иосеф Смитийн удирдлаган доор бичигджээ. Уг шүлэг 1839 оны 11-р сараас 1846 оны 2-р сар хүртэл Иллинойн Наувуд нийтлэгдэж байсан Сүмийн Times and Seasons нэртэй сонинд 1843 оны 2-р сарын 1-нд хэвлэгджээ (Times and Seasons, 1843 оны 2-р сарын 1, 82–85-ыг үзнэ үү). Доорх хүснэгт нь Сургаал ба Гэрээ 76 болон шүлгийн холбогдох мөрүүдийн зарим хэсгийг мөн бид хоёулангаас нь юу сурч болохыг харуулдаг.

Сургаал ба Гэрээ 76

Яруу найргийн хувилбар

Шинэ санаа

24-р шүлэг

“Ийнхүү түүгээр, мөн түүгээр дамжин, мөн түүнээс, дэлхийнүүд бүтээгдсэн мөн бүтээгддэг ажгуу, мөн тэдгээрийн оршин суугчид нь Бурханы төрсөн хөвгүүд хийгээд охид нь бөлгөө.”

19–20-р мөрүүд

“19. Мөн би Тэр бол Аврагч, Бурханы Цорын Ганц Хүү

Хэмээн тэнгэрээс гэрчлэх агуу дуу хоолойг сонсов—

Түүгээр, мөн түүгээр дамжин, мөн түүнээс, дэлхийнүүд бүтээгдсэн,

Уудам тэнгэрт байх бүх зүйлүүд Түүгээр бүтээгдсэн,

“20. Тэдгээрийн оршин суугчид нь эхнээсээ эцэс хүртэл,

Энэ л Аврагчийн тусламжтайгаар аврагддаг;

Чухам энэ л үнэн болон ижил хүч чадлаар,

Тэд Бурханы хайртай охид, хөвгүүд болдог билээ.”

Есүс Христ манай дэлхийн оршин суугчдын Аврагч төдийгүй Түүгээр бүтээгдсэн бүх дэлхийнүүдийн оршин суугчдын Аврагч мөн.

72–73-р шүлэг

“Болгоогтун, эдгээр нь хуульгүйгээр нас барсан тэд бөлгөө;

Мөн тэрчлэн тэд бол хүмүүсийн шоронд хоригдсон сүнснүүд бөгөөд тэд махан бодь дахь хүмүүний дагуу шүүгдэж болохын тулд Хүү тэдэнд айлчилж ирэн мөн сайн мэдээг тэдэнд номложээ;”

54–55-р мөр

“54. Болгоогтун, эдгээр нь хуульгүйгээр нас барсан тэд бөлгөө;

Тэдэнд удаан хугацааны турш найдвар байгаагүй,

Үхлийн сүүдэр болон хөндийгөөс ирсэн тэд,

Шорон дахь сүнснүүдэд гэрэл авчрагдсан.

“55. Аврагч шорон дахь сүнснүүдэд номлож

Шинэ хүч чадлаар тэдэнд сайн мэдээг заав;

Амьд хүмүүс нас барагсдын өмнөөс баптисм хүртэв,

Үхэгсэд бие махбодид байгаа мэтээр шүүгдэж болохын тулд буюу.”

Нас барахаасаа өмнө сайн мэдээг хүлээн авах боломжтой байсан бол үүнийг хүлээн авах байсан Алвин Смиттэй адилгүй (С ба Г 137-г үзнэ үү) мөнх бус амьдралдаа сайн мэдээг эсэргүүцэх байсан хүн олон байдаг. Гэвч Бурханы агуу нигүүлслээс болж эдгээр хүн сүнсний шоронд сайн мэдээг сонсож мөн хүлээн авч мөн махан бодид байгаа мэтээр шүүгдэх боломжтой байх болно.

74–77-р шүлэг

”Тэд Есүсийн тухай гэрчлэлийг махан бодид хүлээн аваагүй, харин хожим нь үүнийг хүлээн авсан ажээ.

Эдгээр нь хүмүүний башир аргаар харалган болсон дэлхийн шударга сайн хүмүүс юм.

Эдгээр нь түүний бүрэн байдлыг бус, харин түүний алдар сууг хүлээн авсан тэд юм, гэвч.

Эдгээр нь Эцэгийн бүрэн байдлыг бус, харин Хүүгийн оршихуйг хүлээн авсан тэд юм.”

56–57-р мөр

“56. Эдгээр нь дэлхий дээр шударга сайн байсан тэд юм;

Тэд хүмүүний башир аргаар харалган болсон юм:

Тэд эхлээд Аврагчийн үнэнийг хүлээж аваагүй;

Гэвч шоронд үүнийг дахин сонсоод хүлээж авсан.

“57. Үнэнд нэн хүчтэй бус тэд титэм өвлөж аваагүй,

Гэвч энэ алдар суу нь сартай зүйрлэгддэг:

Тэд Христийн оршихуйд ирэх тэд бөлгөө,

Гэвч Бурханы сэнтийд Түүний бүрэн байдлыг авахгүй.”

Энэ амьдралд сайн мэдээг эсэргүүцсэн боловч хожим сүнсний дэлхийд наманчилж мөн сайн мэдээ тэдэнд заагдах үед үүнийг хүлээн авдаг олон шударга сайн хүмүүс байдаг. Тэд сарны гэрэлтэй зүйрлэгддэг террестриел алдар сууг хүлээн авах болно. Эдгээр нь Эцэгийн бүрэн байдлыг хүлээн авахгүй боловч Есүс Христтэй харилцаатай байх болно.