147-р хичээл
Наувуг орхисон нь
Оршил
Бошиглогч Иосеф Смитийн амийг бүрэлгэсний дараа, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга чуулгынхаа ерөнхийлөгч Бригам Янгийн удирдлаган доор Сүмийг удирдаж, Их Эзэний ажлыг үргэлжлүүлсэн. Тэд гэгээнтнүүдийг Наувугийн ариун сүмийг дуусгахад урамшуулсан. Тэд бас тасралтгүй үргэлжлэх хавчлагаас болж гэгээнтнүүдийг өрнөд рүү нүүхэд бэлтгэхийг зөвлөжээ.
Заах зөвлөмж
Гэгээнтнүүд ариун сүмийн адислалуудыг хүлээн авахын тулд шаргуу ажиллаж байв
Суралцагчдаас үр дүн нь үнэ цэнтэй байх болно гэдгийг мэдэж байсан учраас ямар нэгэн хэцүү зүйлийг хийсэн үеийнхээ тухай бодохыг хүс. Ангийнхантайгаа хувийн туршлагаасаа хуваалцахыг бод. Тэгээд цөөн хэдэн суралцагчийг туршлагаасаа хуваалцахад урь.
Бошиглогч Иосеф Смитийн үхлийн дараа удирдамжаар хүлээн авсан гэгээнтнүүдийн хийх ёстой хүнд даалгавруудын нэг нь Наувугийн ариун сүмийг барьж дуусгах ажил байсныг тайлбарла.
-
Иосеф Смитээр дамжуулан өгсөн энэ зарлигийг биелүүлэх нь гэгээнтнүүдэд яагаад хэцүү байсан гэж та нар бодож байна вэ?
Одоо үеийн Иллинойн Наувугийн ариун сүм зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009 он], д. 118; түүнчлэн LDS.org-оос үзнэ үү). Наувугийн ариун сүмийг барьж дуусгахын тулд гэгээнтнүүд агуу золиослол хийснийг тайлбарла. Нэг суралцагчийг дараах догол мөрийг чанга уншихад урь. Ангийнхнаас гэгээнтнүүдийн Наувуд анхны ариун сүмийг барихдаа гаргасан золиослолуудыг сонсохыг хүс.
Ерөнхийлөгч Бригам Янг 1844 оны аравдугаар сарын Ерөнхий чуулган дээр гэгээнтнүүдийг ариун сүм барихад зориулж аравны нэг болон өргөлүүдээ өгөхийг хүссэн. Хариуд нь Халамжийн нийгэмлэгийн эгч нар барилгын материалд зориулан долоо хоног бүр нэг зоос хандивлаж байв. Олон эрэгтэй арав хоног тутмын нэгэнд ариун сүмд ирж ажилласнаар цагаараа аравны нэгээ төлж байлаа. Бусад нь байгаа зүйлийнхээ аравны нэгээс илүү их зүйлийг өгч байв. Жозеф Торонто, Бригам Янгад 2500 алтан доллар өгөөд, тэрээр Бурханы хаант улсыг барихын тулд өөрт байгаа бүхнээ өгөхийг хүсэж байгаагаа хэлжээ. (Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2003], 302 Бидний өв [1996], 69–70-ыг үзнэ үү.)
-
Та нар гэгээнтнүүд яагаад ариун сүм барихад ийм ихийг золиослоход бэлэн байсан гэж бодож байна вэ?
Суралцагчдыг энэ асуултыг ярилцсаны дараа, хавчлага дарамт Наувугийн ариун сүмийн ажлыг дуусгах явцад хүндрэл учруулж байсныг тайлбарла. Сүмийн дайснууд Иосеф Смитийг алагдсан учир Сүм нурна гэж бодож байсан. Гэвч Сүм өсөж хөгжсөөр байсан ба Сүмийн дайснууд гэгээнтнүүдийг Иллиной мужаас гаргах оролдлогоо улам эрчимжүүлжээ.
Нэг суралцагчаар дараах догол мөрийг чанга уншуул. Ангийнхнаас Сүмийн дайснууд Сүмийг устгахыг оролдон юу хийснийг олж сонсохыг хүс.
1844 оны 9-р сард хожим нь Иосеф болон Хайрум Смитийн үхэлд буруутгагдсан хүмүүсийн нэг болох хурандаа Левай Виллямс хожмын үеийн гэгээнтнүүдийг Иллиной мужаас хүчээр хөөх цэргийн томоохон компанит ажлыг зохион байгуулжээ. Энэ нь “Ханкок гүнлэг дэх чонын агуу ан” (Давид И.Миллер болон Делла С.Миллер, Nauvoo: The City of Joseph [1974], 186) гэж зарлагдсан байна. Үүнийг сонсоод Иллинойн амбан захирагч Томас Форд мужийн цэргийн генерал Жон Хардиныг энх тайвныг сахиулахаар уг гүнлэг рүү илгээжээ. Нэг жилийн дараа 1845 оны 9-р сард, хурандаа Виллямс 300-аад эрээс бүрдсэн танхайрагчдын бүлгийг удирдан, алслагдсан бүс нутагт амьдардаг, хамгаалалтгүй байсан хожмын үеийн гэгээнтнүүдийн суурин руу дайрч, тэдний гэр орон, фермийн аж ахуй, тээрмүүд мөн нуруулдсан өвсийг шатаажээ. 9-р сарын дундуур ерөнхийлөгч Бригам Янг тэдгээр гэгээнтнийг аврах сайн дурынхныг элсүүлэхийг хүссэн. Алслагдсан бүс нутагт амьдардаг гэгээнтнүүдийг Наувуд аюулгүй авчрахын тулд Науву дахь гэгээнтнүүд 134 бүхээгт тэрэг бэлджээ. (History of the Church, 7:45–46; Church History in the Fulness of Times Student Manual, 301; Давид И.Миллер болон Дэлла С.Миллэр, Nauvoo: The City of Joseph 185–186-г үзнэ үү.)
-
Эдгээр халдлага дайралт нь ариун сүм дэх ажлыг үргэлжлүүлэхэд хэр түвэг учруулсан бэ?
Иллинойн олон оршин суугч хожмын үеийн гэгээнтнүүд байсаар байх нь иргэний дайныг өдөөж магад гэж айж байсныг тайлбарла. Тэд гэгээнтнүүдээс мужийг орхин явахыг хүссэн. 1845 оны 9-р сарын 24-нд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга Сүм ирэх хавар уг нутгаас гарна гэдгийг амласан захиаг нийтлүүлжээ.
-
Ийм шийдвэр гаргах нь яагаад хэцүү байсан байж болох вэ?
-
Наувуг орхих шийдвэр нь ариун сүмийг барьж дуусгах гэгээнтнүүдийн хүчин чармайлтад хэрхэн нөлөөлсөн гэж та нар бодож байна вэ?
Суралцагчдыг энэ асуултын талаар ярилцсаны дараа, хэдийгээр гэгээнтнүүд Иллинойг орхих болно гэдгээ мэдэж байсан ч ариун сүмийг үргэлжлүүлэн барьсаар байсан гэдгийг тайлбарла.
-
Гэгээнтнүүд явах болно гэдгээ мэдэж байсан ч ариун сүм дээр ажиллахаа яагаад үргэлжлүүлсэн гэж та нар бодож байна вэ?
Тэр үед өргөмжлөлд шаардлагатай ариун сүмийн ёслолууд Сүмийн нийт гишүүнд хараахан боломжтой болоогүй байсныг суралцагчдад сануул. 1841 онд нэгэн илчлэлтээр Их Эзэн хэрэв гэгээнтнүүд Наувугийн ариун сүмийг баривал тэдгээр ёслолыг хүлээн авч чадна гэж тэдэнд амласан (C ба Г 124:27–44-ийг үзнэ үү).
-
Ариун сүм барихын тулд гэгээнтнүүдийн хийсэн золиослол, бэрхшээлүүдийн түүх нь бидэнд юу зааж чадах вэ? (Суралцагчид дараах шиг өөр өөр зарчмыг олж тогтоож болно. Ариун сүмийн ёслолуудыг хүртэх нь бидний бүхий л зөв шударга зүтгэл хийгээд золиослолын үнэ цэнтэй юм. Энэ болон суралцагчдын олж тогтоосон бусад зарчмыг самбар дээр бич.)
Нэг суралцагчийг ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн дараах мэдэгдлийг чанга уншихад урь. Суралцагчдаас өнөөгийн гэгээнтнүүдийн ариун сүмийн ёслолуудыг хүлээн авах гэж хийсэн золиослолуудыг сонсохыг хүс.
“Хамгийн ойр, ойролцоогоор Манаусаас 2500 бээр (4000 км) хол орших Бразилын Сан Пауло дахь ариун сүмд очихын тулд Манаусаас гарч, Амазоны ширэнгэн ой дундуур аялсан зуу гаруй гишүүний тухай би олон жилийн өмнө уншиж байсан. Эдгээр итгэлтэй гэгээнтнүүд дөрвөн өдрийн турш Амазон мөрнөөр болон энэ мөрний зам харгуйгүй салаагаар усан онгоцоор аялав. Усаар аялсан энэ аяллын дараа тэд бартаатай замаар өлөн зэлмүүн, тухтай унтаж амрах зайгүй, автобусанд шахцалдан, дахиад гурван өдрийн аяныг хийсэн ажээ. Долоон өдөр, долоон шөнийн турш аялсны эцэст тэд гүйцэтгэх ёслолууд нь мөнхийн утга учиртай Сан Паулогийн ариун сүмд ирсэн байна. Мэдээж тэдний гэртээ буцах аян ирсэн шигээ хүнд хэцүү байлаа. Гэвч, тэд ариун сүмийн ёслолууд болон адислалуудыг хүлээн авсан аж. Хэдийгээр түрийвч нь хоосорсон ч тэд ариун сүмийн сүнсээр дүүрэн, хүлээн авсан адислалуудынхаа төлөө талархалтай байсан юм” (“Ариун сүм—дэлхийн гэрэлт цамхаг,” Ensign, 2011 оны 5-р сар, 91 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 95).
-
Манаусын гэгээнтнүүд ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахын тулд ямар ямар золиослол хийсэн бэ?
Гурван суралцагчаас ангийн өмнө гарч ирэн дараах түүхүүдийг чанга уншихыг хүс. Ангийнхнаас Наувугийн гэгээнтнүүдийн ариун сүмийн ёслолуудыг хүлээн авах гэж хийсэн зөв шударга хүчин чармайлтуудыг сонсохыг хүс.
-
Гэгээнтнүүдийн ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад гаргасан хичээл зүтгэлийн юу нь та нарыг гайхшируулсан бэ?
Суралцагчдад самбар дээр бичсэн зарчмуудын үнэнийг болон ач холбогдлыг мэдэхэд мөн эдгээр зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслахын тулд тэднийг дараах асуултуудад хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ хариулан бичихэд урь. (Дараах асуултуудыг самбар дээр бич.)
Хангалттай цаг гаргаж өгсний дараа, цөөн хэдэн суралцагчийг сайн дураараа хоёр дахь асуултад хариулахыг хүс.
Гэгээнтнүүд Наувуг орхин явав
Гэгээнтнүүд ариун сүмийн ёслолуудыг хүлээн авсныхаа дараа, 1846 оны 2-р сараас эхлэн Наувуг орхин явж эхэлсэн гэдгийг тайлбарла. Тэд дараагийн хэдэн сарын турш Наувугаас үргэлжлүүлэн гарсан бөгөөд өөр бүлгүүд Айова мужид тархан түр суурьшиж байлаа. 4-р сарын сүүл гэхэд ихэнх гэгээнтэн Наувуг орхин явсан байв. Гэсэн ч Сүмийн бүх гишүүн орхин явж чадаагүй байлаа. Цөөн тооны хүмүүс аялалд гарахад хэт өвчтэй, үгээгүй ядуу мөн хэтэрхий сул дорой байсан учраас 1846 оны зун хүртэл Наувуд үлдсэн аж. Түүнчлэн цөөн хэдэн хүн үлдэхээр сонгосон байна.
Нэг суралцагчийг ард үлдсэн тэдгээрийн олонд нь юу тохиолдсоныг өгүүлсэн дараах догол мөрийг чанга уншихад урь.
1846 оны 9-р сард ойролцоогоор 800 хүн зургаан их буугаар зэвсэглэн Науву руу дайрахаар бэлдсэн байлаа. Тулалдах боломжтой эрчүүдийн тоо нь дөнгөж 150 хүрсэн ба үлдсэн гэгээнтнүүд болон зарим шинэ оршин суугч хотоо хамгаалахаар бэлджээ. Хэдэн өдөр тулалдсаны дараа гэгээнтнүүдийг хүчээр буулгаж аваад, хотыг нэн даруй орхин гарахыг тушаав. Танхайрагчид хот руу дайран орж, гэр орныг дээрэмдээд, ариун сүмийг эвдэн сүйтгэжээ. Хангалттай хурдан зугтаж чадахгүй байсан зарим гэгээнтнийг барьж авч зодон эсвэл Миссиссиппи мөрөн рүү шидэж байв. Эдгээр үлдсэн гэгээнтэн Наувугаас хүчээр хөөгдөн гарсныхаа дараа голын Айовагийн талд дүрвэгчдийн хуаран барьжээ. Тэдэнд өөрсдийгөө хангах хангалттай хоол хүнс, хангамж, мөн тамир тэнхээ байсангүй. (Church History in the Fulness of Times Student Manual, 318-ыг үзнэ үү.)
Сүмийн удирдагчид эдгээр зүдэрсэн гэгээнтнүүддээ туслуулахаар аврах багуудыг Айова руу буцаан илгээсэн гэдгийг тайлбарла.
-
Та нар Науву руу эргэн очихоор дуудагдсан бол та нарт ямар санагдах байсан гэж бодож байна?
Нэг суралцагчийг аврах багийнхныг бүрдүүлэх ажлыг хариуцаж байсан эрчүүдэд илгээсэн Бригам Янгийн захиасыг чанга уншихад урь.
“Их Эзэний өргөөнд хийсэн гэрээний тань гал, дөл унтраагдашгүй мэт … [орхин явж чадах] хүн бүрийг олтлоо эрж хайн … зүрх сэтгэлд тань дүрэлзэн асч, олсон түүнийг хөл дээрээ босож … урагш одон Наувуд байгаа ядуусыг авчрах хүртэл бодгальд нь галнаасаа хуваалцаарай. …
… Энэ бол үйл хэргийн өдөр юм” (Journal History of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 1846 оны 9-р сарын 28, 5–6, Сүмийн Түүхийн Номын сан, Солт Лэйк хот).
-
Бригам Янгийн хийсэн мэдэгдэл гэрээний маань тухай бидэнд юу зааж байна вэ? (Суралцагчид гэрээнүүдийг хийх нь хангалттай бус бөгөөд бид тэдгээрийг сахих хэрэгтэй гэдгийг ойлгосон байх хэрэгтэй. Дараах үнэнийг самбар дээр бич. Их Эзэн биднээс хийсэн гэрээнүүдээ сахин амьдрахыг шаарддаг.)
Дараах асуултуудыг самбар дээр бич.
Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарилаад, эдгээр асуултаас нэгийг сонгож, хариултуудыг нь хамтрагчидтайгаа ярилцахад урь. Та түүнчлэн цөөн суралцагчаас хариултуудаа ангийнхантайгаа хуваалцахыг хүсэж болно.
Суралцагчдаас гэрээнүүдийнхээ дагуу амьдрахын тулд юу хийх хэрэгтэй талаар тунгаан бодохыг хүссэнээр хичээлээ дуусга. Гэрээнүүдээ сахиснаар ирэх адислалуудын тухай гэрчил.