26-р хичээл
Сургаал ба Гэрээ 20:1–36
Оршил
Их Эзэн Бошиглогч Иосеф Смитэд өгсөн илчлэлтдээ Түүний сэргээгдсэн Сүм 1830 оны 4-р сарын 6-нд зохион байгуулагдах ёстой хэмээн зарлиглажээ. Тэрээр мөн Мормоны Номын ач холбогдлын талаар заасан ба санваарын албан тушаал, ёслол, шинэхэн сэргээгдсэн Сүмийн үйл явцыг оролцуулан Сүмийн зохион байгуулалтын тухай зааварчилгааг өгөв. Сүмийн эхэн үед “Articles and Covenants” гэж нэрлэгддэг байсан энэхүү илчлэлт одоо Сургаал ба Гэрээ 20-д байдаг. Энэхүү илчлэлт нь 1830 оны 4-р сарын 6-наас хойш хэдэн өдрийн дараа цэдэглэгдсэн боловч Их Эзэн 1829 оны зун үүний нэг хэсгийг бошиглогчид илчилсэн байж магадгүй. Сургаал ба Гэрээ 20 нь маш урт учраас уг гарын авлагад гурван хичээлд хуваагдсан байгаа.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 20:1–4
Бурхан Сүм зохион байгуулагдах ёстойг зарлиглав
Суралцагчдыг хамгийн сүүлд оролцсон хүмүүсийн гэрчлэлээ хуваалцсан цуглааныхаа талаар бодоход урь. Гэрчлэл хуваалцах нь түүх ярих эсвэл талархал илэрхийлэхээс хэрхэн өөр байдгийг тайлбарлахыг хүс.
Гэрчлэлийн талаар Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах тайлбарыг уншихыг нэг суралцагчаас хүс.
“Мөнхийн ач холбогдлын тодорхой баримтууд нь үнэн бөгөөд бид үнэн гэдгийг нь мэддэг гэх Ариун Сүнснээс бидний бодгальд ирэх хувийн гэрчлэл нь сайн мэдээний тухай гэрчлэл юм” (“Testimony,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 5-р сар, 26).
Дараах бүрэн бус өгүүлбэрийг самбар дээр бич. Бид … мэднэ
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 20-ийг эргэж харахад урь. 1830 оны 6-р сарын 9 болон 1830 оны 9-р сарын 26-нд болсон Сүмийн чуулганууд дээр Сүмийн удирдагчид энэ хэсгийг чангаар уншсан ба энэ нь шинээр зохион байгуулагдсан Сүмийн гишүүдэд сайн мэдээний олон чухал үнэний талаар санахад тусалжээ. Суралцагчдыг “Бид … мэднэ” гэх өгүүлбэрт тохирох сургаал болон зарчмуудыг энэ хэсгээс хайж мэдэхэд урь.
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 20:1–2-ыг дотроо уншаад, сайн мэдээний Сэргээлтийн талаарх ойлголтуудыг олж мэдэхэд урь.
-
Эдгээр шүлэг сайн мэдээний Сэргээлтийн талаар ямар үнэнүүдийг гэрчилж байна вэ? (Суралцагчдын олж тогтоож болох сургаалуудын нэг нь Иосеф Смит Бурханаар дуудагдсан бөгөөд Есүс Христийн Сүмийг зохион байгуулах зарлигийг хүлээн авсан явдал юм. Нэг суралцагчийг энэ сургаалыг бусад суралцагчийн хэлсэн сургаалтай хамт самбар дээрх “Бид … мэднэ” гэх өгүүлбэрийн доор бичихэд урь. Суралцагчид хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ үүнтэй адил жагсаалтыг хийж болно.)
Суралцагчдад эдгээр үнэний ач холбогдлыг ойлгоход нь туслахын тулд тэднийг Иосеф Смитийн тэнгэрлэг дуудлага болон Сүмийн үнэн бодит байдлын талаарх өөрийнхөө гэрчлэлийн талаар тунгаан бодоход урамшуулан дэмж. Та мөн хэрхэн эдгээр зүйл үнэн гэдгийг мэдэж авсан талаараа суралцагчдаас ангийнхантайгаа хуваалцахыг хүсэж болно.
-
Сургаал ба Гэрээ 20:1 дэх “өндийн босох” гэдэг үг Сүмийн зохион байгуулалтад ямар утга учиртай гэж та бодож байна вэ? (Та суралцагчдад Урвалт болон Сэргээлт шаардлагатай болсон талаар сануулах хэрэгтэй байх.)
-
Бид хэрхэн бидний өдрүүдэд Их Эзэний Сүмийг үргэлжлүүлэн “өндийн босоход” нь тусалж чадах вэ?
Сургаал ба Гэрээ 20:5–16
Их Эзэн Сэргээлтийн зарим үйл явдлын талаар товчхон хэлэв
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 20:5-8-ыг чангаар уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, дэлхий дээр Сүмийг дахин зохион байгуулахад Иосеф Смитийг бэлтгэсэн зүйлсийг олж мэдэхийг хүс.
-
Иосеф дэлхий дээр Сүмийг дахин зохион байгуулах боломжийг олгосон ямар туршлагыг олж авсан бэ? (Тэрээр Бурханаар мөн тэнгэр элчүүдээр зааварлагдаж байсан ба Мормоны Номыг орчуулах хүчийг хүлээн авсан юм.)
1830 оны 4-р сард Сүм зохион байгуулагдах үед Мормоны Ном дөнгөж хэвлэгдэж дуусаад байсан гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 20:9–12-ыг дотроо уншаад, Мормоны Номын зааж буй үнэнүүдийг олж мэдэхэд урь. Та суралцагчдад олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг санал болгож болно. Суралцагчдад хангалттай цаг өгсний дараа дараах бүрэн бус өгүүлбэрийг самбар дээр бич. Мормоны Ном дэлхийд … баталдаг
Хэдэн суралцагчийг самбарын дэргэд ирж, Сургаал ба Гэрээ 20:9–12-оос мэдэж авсан хэллэгүүдээ ашиглан өгүүлбэрийг гүйцээж бичихэд урь. Та тэдний хариултуудыг онцолж, дараах асуултуудыг тавьж болно.
-
Мормоны Ном үнэн гэдэг гэрчлэлийг хүлээн авах нь яагаад чухал вэ?
-
Хэрэв Мормоны Ном үнэн бол энэ нь Иосеф Смитийн талаар юуг илэрхийлж байна вэ?
Мормоны Ном бол Бурхан бидний өдрүүдэд сайн мэдээг сэргээсэн гэдэг нотолгоо гэдгийг гэрчил. Энэ үнэнийг самбар дээрх “Бид … мэднэ” гарчгийн доор бичиж болно.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 20:14–15-ыг чангаар уншихад урь. Мормоны Номыг хүлээн авч, үүний сургаалуудын дагуу амьдардаг хүмүүст Их Эзэн ямар амлалтуудыг өгснийг олж мэдэхийг ангийнхнаас хүс.
-
Их Эзэн Мормоны Номыг итгэлтэй хүлээн авсан хүмүүст ямар адислалуудыг амласан бэ?
-
Итгэлгүй байдалд зүрх сэтгэлээ хатууруулж, Мормоны Номыг эсэргүүцсэн хүмүүст юу тохиолдох вэ?
-
Мормоны Номыг итгэлтэй байдалд хүлээн авах зарим арга зам юу вэ?
-
Мормоны Ном хэрхэн “зөв шударгаар ажиллахад” хүмүүсийг удирддаг вэ?
Суралцагчдаас (1) Мормоны Номын талаарх тэдний гэрчлэл хэрхэн тэдэнд Бурханы зарлигуудад илүү дуулгавартай байхад тусалсан тухай мөн 2) тэд үүний талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж болох тухай тунгаан бодохыг хүс.
Сургаал ба Гэрээ 20:17–36
Мормоны Ном нь сайн мэдээний чухал сургаалуудыг зааж тодруулдаг
Та ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны хэлсэн дараах үгийг уншихад нэг суралцагчийг урьж болно.
“Сургаал ба Гэрээний хорь дахь хэсэгт Их Эзэн Мормоны Номын заадаг чухал үнэнүүдийг нэгтгэн дүгнэхдээ хэд хэдэн шүлгүүдийг ашигласан байдаг. (17–36-р шүлгүүдийг үзнэ үү.) Энэ нь Бурхан, хүмүүний бүтээлт, Уналт, Цагаатгал, Христ тэнгэрт дээшлэн одсон тухай болон бошиглогчид, итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнс, тэсвэр тэвчээр, залбирал, ач ивээлээр дамжин ирэх зөвтгөл, ариусгал хийгээд Бурханыг хайрлаж, Түүнд үйлчлэх талаар өгүүлдэг” (“A New Witness for Christ,” Ensign, 1984 оны 11-р сар, 7).
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 20:17, 29, 30, 31, 35-ыг гүйлгэн харж, шүлэг бүрийн төгсгөлд давтагдсан хэсгийг олж тогтооход урь. (Суралцагчид “бид мэддэг” хэллэгийг эсвэл үүний хувилбаруудыг олж тогтоох хэрэгтэй.) Бид Сургаал ба Гэрээ 20:17–36-аас Анхны үзэгдэл болон Мормоны Ном ирсний үр дүнд Их Эзэний Сүмийн дэлхийд тунхагласан чухал сургаалуудыг олж мэдэж чадна. Эдгээрт Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, Ариун Сүнсний талаарх үнэнүүд мөн Бурханы хаант улсад аврагдахын тулд бид юу хийх ёстой зэрэг нь багтдаг.
Дараах эшлэлүүдийг самбар дээр бич. Сургаал ба Гэрээ 20:17–19; Сургаал ба Гэрээ 20:21–25; Сургаал ба Гэрээ 20:26–28.
Суралцагчдад суралцах үйл явц дахь үүргээ гүйцэтгэхэд нь тусалж, тэднийг сайн мэдээний үнэнүүдийг олж тогтооход бэлтгэхийн тулд хоёр хоёроор нь хуваарилж, хос бүрд самбар дээрх эшлэлүүдээс нэгийг даалга. Тэднийг хүлээн авсан шүлгүүдээ хамтдаа судалж, Тэнгэрлэг Эцэг, Хүү, Ариун Сүнсний талаарх үнэнүүдийг болон Тэд бидний авралын төлөө юу хийснийг олж мэдэхэд урь.
Хангалттай хугацааны дараа хэдэн суралцагчийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ эсвэл Ариун Сүнсний талаар олж мэдсэн нэг үнэнийг мөн энэ нь яагаад тэдэнд чухал болохыг хуваалцахад урь. Та суралцагчдыг тэдэнд утга учиртай санагдсан үнэнүүдийг дэвтэр дээрээ эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урамшуулан дэмжиж болно.
Суралцагчид эдгээр үнэнийг олж мэдэх үед та тэдгээрийг самбар дээрх “Бид … мэднэ” гэх гарчгийн доор жагсааж бичиж болно. Суралцагчдын олж мэдэх зарим сургаалд дараах сургаалууд багтаж болно.
Бурхан амьд бөгөөд төгсгөлгүй, мөнхийн мөн хэзээ ч өөрчлөгдөшгүй билээ (17-р шүлэг).
Бид Бурханы дүрээр мөн Түүнтэй адилаар бүтээгдсэн (18-р шүлэг).
Итгэж, баптисм хүртэж, эцсээ хүртэл тэвчсэн хүмүүс аврагдаж болохын тулд Бурхан Цорын Ганц Хүүгээ цовдлогдож, дахин босгохоор өгсөн юм (21–25-р шүлгүүд).
Ариун Сүнс Эцэг мөн Хүүг гэрчилдэг (27-р шүлэг).
Эцэг, Хүү мөн Ариун Сүнс биднийг мөнх амьдралд бэлтгэхийн тулд хамтдаа ажилладаг (17–28-р шүлгүүд).
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 20:29–34-ийг чангаар уншихад урь. Хэрэв бид мөнх амьдралыг хүлээн авахыг хүсэж байвал бидэнд ямар үүрэг хариуцлагууд байгааг олж мэдэхийг ангийнхнаас хүс. Суралцагчдад эдгээр шүлгийг ойлгоход нь туслахын тулд та зөвтгөл (30-р шүлэг) гэдэг үг нь өршөөгдөх, уучлагдах, буруугүй гэж тогтоогдох гэсэн утгатай үг гэдгийг тайлбарлаж болно. Ариусгал (31-р шүлэг) гэдэг нь цэвэр, ариун мөн Христтэй адил болох гэсэн утгатай.
-
Бид Бурханы хаант улсад аврагдахын тулд юу хийх ёстой гэж эдгээр шүлэг зааж байна вэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 20:35–36-г чангаар уншихад урь. Ангийнхнаас эдгээр зүйл үнэн гэдгийг мэддэгээ нотлон харуулахын тулд юу хийж болохыг олж мэдэхийг хүс.
-
Бид хэрхэн Их Эзэний нэрэнд хүндэтгэл мөн алдар сууг өргөх вэ?
Суралцагчдаас самбар дээрх “Бид … мэднэ” хэсгийн доорх жагсаалтыг эргэж харахыг хүс. Эдгээр зарчмаас алийг нь тэд үнэн гэж мэддэгийг чимээгүйхэн бодож үзэхийг тэднээс хүс. Хэрэв тэд дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ үүнтэй адил жагсаалтыг хийсэн бол та тэднийг тэдгээр үнэний хажууд зөв гэсэн тэмдэглэгээ хийхэд урьж болно.
Суралцагчдыг тэмдэглэсэн зарчмуудаас нэгийг сонгож, үүнийг үнэн гэдгийг хэрхэн мэдсэн талаараа хуваалцахад урьснаар хичээлийг дуусга.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
Сургаал ба Гэрээ 20:5-8. Түүхэн үйл явдлуудын тойм
Дараах хүснэгт нь Сургаал ба Гэрээ 20:5–8-д эш татсан Сэргээлтийн талаарх үйл явдлуудын заримыг тоймлон харуулдаг.
Шүлэг |
Түүхэн үйл явдал |
---|---|
“Энэ нь анхны ахлагчид [Иосеф Смит] илчлэгдсэний дараа тэрээр нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авсан. |
1820 оны хавар: Иосеф Смит Анхны Үзэгдлийг үзжээ (ИС—Т 1:15–20; мөн Бага Милтон В.Бэкмэн., “Joseph’s Recitals of the First Vision,” Ensign, 1985 оны 1-р сар, 13-ыг үзнэ үү). |
Иосеф Смит “дэлхийн хоосон зүйлүүдэд дахин орооцолдсон байлаа” |
1820–1823 он: “Намайг үзэгдэл харснаас хойш мянга найман зуун хорин гурван он хүртэлх хэсэг хугацаанд … би янз бүрийн уруу таталтанд орж байв; мөн … би удаа дараа олон мунхаг алдаа гарган, залуу насны сул тал хийгээд хүмүүний төрөлхийн жижиг сажиг сул тал илрэн гарч [байсан]” (ИС—Т 1:28). |
Ариун тэнгэр элчээр Бурхан түүнд тохинуулсан авай” |
1823 оны 9-р сар: Тэнгэр элч Моронай Иосеф Смитэд тохинуулав (ИС—Т 1:30–33-ыг үзнэ үү). |
“Мөн түүнд бурханлигаар нөлөөлсөн зарлигуудыг түүнд өгсөн буюу” |
1823 оны 9-р сар: Тэнгэр элч Моронай Иосефт заавруудыг өгөв (ИС—Т 1:34–42-ыг үзнэ үү). |
“Мөн өмнө нь бэлтгэгдсэн аргаар Мормоны Номыг орчуулах хүчийг дээрээс түүнд өгсөн бөлгөө” |
1827 оны 9-р сарын 22–1829 оны зун: Иосеф алтан ялтсууд болон Урим ба Туммимыг авч, Мормоны Номыг орчуулж эхэлжээ (ИС—Т 1:59–75-ыг үзнэ үү). |
Сургаал ба Гэрээ 20:30–31. Зөвтгөл ба ариусгал
Дараах үгийг Арван хоёрын Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон хэлжээ. Доор эш татсан хэсэг нь зөвтгөл ба ариусгалын талаарх сургаалын товч тайлбар юм. Та эдгээр сургаалын талаар илүү бүрэн дүүрэн ойлголтыг авахын тулд өгүүллийг бүхэлд нь уншиж болно.
“Есүс Христ ‘Өөрийнхөө агуу цагаатгагч золиослолын төгсгөлгүй сайн үйлээр’ бидний төлөө ‘хуулийн шаардлагуудыг хангаж’, эдгээрт хариулсан юм. Өршөөл нь Өөрийн зовлон шаналлаар ‘зөвт нь зөвт бусыг орлосон [ба] энэ нь биднийг Бурханд аваачихын тулд’ шударга ёсны шаардлагуудыг хангасан Түүний ач ивээлээр ирдэг юм (1 Петр 3:18). Тэрээр хуулийг үгүйсгэлгүйгээр бидний буруутгалыг арилгасан юм. Бид өршөөгдөж, Түүнтэй хамт зөв шударга байдлын нөхцөлд тавигддаг. Бид Түүнтэй адил, нүгэлгүй болдог. Бид хууль, шударга ёсоор дэмжүүлж, хамгаалуулдаг. Нэг үгээр хэлбэл бид зөвтгөгддөг.
Иймээс бид зөвтгөгдсөн хэн нэгнийг өршөөгдсөн, нүгэлгүй эсвэл буруугүй гэж зохих ёсоор хэлдэг. Жишээлбэл, ‘Наманчилж мөн миний нэрэнд баптисм хүртэх хэн боловч дүүргэгдэх болно; мөн хэрэв тэр эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, би дэлхийг шүүхээр зогсох тэр өдөр Эцэгийнхээ өмнө би түүний гэмгүйг үнэлэх болно’ (3 Ни. 27:16; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн). Цагаатгал нь нүглүүдийн ангижралын алдар суугаас гадна илүү их зүйлийг гүйцэлдүүлдэг. ‘Илүү’ гэдгийг Моронай:
“‘Мөн тэрчлэн, хэрэв Бурханы ач ивээлээр та нар Христээр төгс, мөн түүний хүчийг эс үгүйсгэх аваас, тэгвэл Бурханы ач ивээлээр та нар Христээр, өөрсдийг тань нүглийн ангижралд хүргэх, Эцэгийн гэрээн дэх Христийн цусны урсалтаар ариусгагдсан билээ, тиймээс та нар ариун, толбогүй болно’ гэж илэрхийлсэн байдаг (Моро. 10:33; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).
Христийн цусаар ариусгагдана гэдэг нь цэвэр, ариун мөн гэгээн болох гэсэн үг юм. Зөвтгөл нь үйлдсэн нүглүүдийн шийтгэлийг арилгадаг бол ариусгал нь нүглүүдийн үр нөлөө эсвэл толбыг арилгадаг. Бошиглогч Иосеф Смит:
“Мөн энэ бол тэнгэрээс гарах дуу хоолой нь бидэнд гэрчилсэн, сайн мэдээ, баярт мэдээнүүд бөлгөө—
‘Ийнхүү тэрээр, бүр Есүс, дэлхийн төлөө цовдлогдохоор, мөн дэлхийн нүглүүдийг үүрэхээр [зөвтгөхөөр], мөн дэлхийг ариусгахаар, мөн үүнийг бүхий л шударга бус явдлаас нь цэвэрлэхээр дэлхийд ирсэн бөлгөө’ хэмээн гэрчилжээ (С ба Г 76:40–41)” (“Justification and Sanctification,” Ensign, 2001 оны 6-р сар, 20–22).