Институт ба семинар
129-р хичээл: Сургаал ба Гэрээ 123


129-р хичээл

Сургаал ба Гэрээ 123

Оршил

Бошиглогч Иосеф Смит 1838 оны 12-р сарын 1-ээс 1839 оны 4-р сарын 6 хүртэл Либерти шоронд хоригдож байхдаа тайтгарал, зөвлөмжийн захидлуудыг гэгээнтнүүдэд бичжээ. Сургаал ба Гэрээ 123 нь 1839 оны 3-р сарын 20-нд бошиглогч Иосеф Смитийн гэгээнтнүүдэд бичсэн захидлын зарим хэсгийг агуулдаг. Бошиглогч энэхүү хэсэгтээ гэгээнтнүүдээс өөрсдийнхөө хавчлага дарамт, зовлон зүдгүүрийн түүхийг цуглуулаад, хэвлэж гаргахыг мөн хуурамч сургаалд хууртсан тэдэнд туслахыг хүсжээ.

Тайлбар: Дараагийн хичээл (“Наувугийн суурьшил,” 130-р хичээл) нь хоёр суралцагчид хичээлийн зарим хэсгийг заах боломж олгоно. Та хоёр суралцагчийг сонгоод, тэдэнд урьдчилан бэлтгэх 130-р хичээлийн хуваарилагдсан хэсгүүдийг өг.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 123:1–6

Иосеф Смит гэгээнтнүүдэд өөрсдийнхөө хавчлага дарамт, зовлон зүдгүүрийн түүхийг цуглуулан, хэвлүүлэхийг зөвлөв

Дараах мэдэгдлийг уншсанаар эхэл.

“Энэ нь Дэлиа Рийд миний бие 1836 онд Миссури рүү нүүснийг гэрчлэх болно. Биднийг энд ирсний дараахан нөхөр маань нас барж, намайг долоон бяцхан хүүхэдтэй маань орхиод явсан юм. Оршин суугчид болон гэгээнтнүүдийн дунд асуудал үүсч эхлэхэд бид мужийг орхихоор албадуулагдсан билээ. … Би өмч хөрөнгөнийхөө ихэнхийг золиослохоор албадуулагдаж, гэр бүл маань тараагдсан ба би танихгүй хүмүүс дундаас өчүүхэн бага өдөр тутмын хэрэгцээгээ цуглуулж байлаа” (Delia Reed, in Mormon Redress Petitions: Documents of the 1833–1838 Missouri Conflict, хянасан Кларк В.Жонсон [1992], 523-ыг үзнэ үү; тэмдэгт, том үсэг, зөв бичгийн дүрмийн дагуу стандартчилсан болно).

Энэ нь Рийд эгчийн шүүхийн ажилтанд өгсөн албан ёсны мэдэгдэл гэдгийг тайлбарла. Дараа нь суралцагчдыг Сургаал ба Гэрээ 123:1-ийг дотроо уншихад урь.

  • Энэ шүлгээс сурсан зүйл дээрээ үндэслэн, Рийд эгчийн уг мэдэгдлийг өгсөн байж болох нэг зорилгыг хэлнэ үү?

1838 оны 12-р сараас 1839 оны 4-р сар хүртэл бошиглогч Иосеф Смит Сүмийн бусад удирдагчийн хамт Миссуригийн Либерти шоронд хоригдож байсан гэдгийг суралцагчдад сануул. Тэр үед гэгээнтнүүд захирагч Лилбурн Боггсын устгах тушаалаас болж өвлийн тэсгэм хүйтэнд Миссури мужаас явах хэрэгтэй болсон юм. Сургаал ба Гэрээ 123 нь 1839 оны 3-р сард бошиглогч Иосеф Смитийн Либерти шоронгоос хүнд нөхцөлд буй гэгээнтнүүдэд бичсэн захидлын зарим хэсгийг агуулдаг гэдгийг тайлбарла.

Цөөн хэдэн суралцагчийг Сургаал ба Гэрээ 123:1–5-ыг ээлжлэн чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, хүмүүсийг юу хий хэмээн Аврагчийн зөвлөснийг олж мэдэхийг хүс. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Иосеф Смит хавчигдаж буй гэгээнтнүүдэд юу хийхийг зөвлөснийг олж мэдэхийг хүс. Та суралцагчдад эдгээр шүлгийг ойлгоход нь туслахын тулд 5-р шүлэг дэх “чөтгөрийн санаат луйвар” гэдэг хэллэг нь бүхий л ёс бус худал хуурмагийг мөн “бусармаг хийгээд алан хядах ажиллагааны бүхий л хоорондоо холбоотой байдал” гэдэг нь хилэнцэт мөн харгис хэрцгий үйлдлүүдийг хэлж байгааг тайлбарлаж болно.

  • Бошиглогч эдгээр шүлэгт гэгээнтнүүдэд юу хийхийг зөвлөсөн бэ?

Олон гэгээнтэн бошиглогчийн зөвлөгөөнд дуулгавартай байсан ба хавчлага дарамтуудынхаа түүхийг цуглуулж байсан юм. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 123:6-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, гэгээнтнүүдэд яагаад хавчлага дарамт, зовлон зүдгүүрийнхээ түүхийг цуглуул гэж хэлснийг олж мэд. Та “бидний талаар тавьсан” гэдэг нь “биднээс шаардсан” гэсэн үг гэдгийг тайлбарлаж болно. Та мөн Их Эзэн хавчигдаж дарлагдсан гэгээнтнүүдийг гэтэлгэж, “нуугдсан газраасаа босч, урагш гарч ирэх болно, мөн уг үндэстэн түүний хорсолд зовох болой” (С ба Г 101:89) гэж амласан гэдгийг тэдэнд сануулж болно.

  • Сургаал ба Гэрээ 123:6-д цэдэглэснээр, Их Эзэн яагаад хавчлага дарамтуудынхаа түүхийг цуглуулахыг гэгээнтнүүдэд зарлигласан бэ?

  • Энэ шүлэг нь Их Эзэн Өөрийн амлалтуудыг биелүүлэхээс өмнө бид юу хийх ёстой гэж зааж байна вэ?

Суралцагчдыг, бидний хичээл зүтгэл болон Их Эзэний амлалтуудын хоорондох уялдаа холбоог илэрхийлсэн зарчмыг бичихэд урь. Цөөн хэдэн суралцагчаас олж тогтоосон зарчмаа хуваалцахыг хүс. Суралцагчид уг зарчмыг дараах арга замаар илэрхийлж болно. Биднийг өөрсдөөсөө шалтгаалах зүйлсийг хийсний дараа Их Эзэн амлалтуудаа биелүүлэх болно. Энэ зарчмыг самбар дээр бич.

  • Яагаад Их Эзэн амлалтуудаа биелүүлэхээс өмнө биднээс өөрсдөөсөө шалтгаалах зүйлсийг хийхийг хүсэн хүлээдэг гэж та нар бодож байна вэ?

  • Та хэзээ энэ зарчим таны амьдралд эсвэл таны мэддэг хэн нэгний амьдралд батлагдахыг харсан бэ?

Сургаал ба Гэрээ 123:7–17

Иосеф Смит худал хуурмагт мэхлүүлсэн хүмүүст туслахыг гэгээнтнүүдэд зарлиглав

Суралцагчдыг сургуулийнхаа аль нэг ангид зориулж Сүмийн талаар илтгэл бичих үүрэг даалгаврыг хүлээн авлаа гэж төсөөлөхөд урь. Тэд үүрэг даалгаврынхаа нэг хэсэг болгон уг илтгэлдээ ядаж гурван эх сурвалжийг багтаах ёстой.

  • Та ямар эх сурвалжуудыг ашиглах байсан бэ?

  • Сүмийн тухай бичихэд ямар эх сурвалж ашиглах нь яагаад чухал байдаг вэ?

  • Та аль эх сурвалж Сүмийг үнэн зөв тодорхойлж байгааг хэрхэн мэдэх вэ?

Иосеф Смит эдгээр шүлгийг бичих үед Сүм даяар маш олон худал хуурмаг тархсан байсан гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 123:7–10-ыг нэгтгэн дүгнэ. Тэр гэгээнтнүүдэд эдгээр худал хуурмагийн эсрэг арга хэмжээ авч, өөрсдийнхөө хавчлага дарамт, зовлон зүдгүүрийн түүхийг цуглуулж, хэвлүүлэх нь тэдэнд “тохоогдсон үүрэг хариуцлага” (С ба Г 123:7) хэмээн хэлжээ.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 123:11–12-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, гэгээнтнүүдийн хавчлага дарамт, зовлон зүдгүүрийнхээ түүхийг цуглуулан, хэвлүүлэхэд чиглүүлэгдсэн өөр бусад шалтгааныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ хуваалцахыг хүс.

  • 12-р шүлэгт цэдэглэснээр, зүрх сэтгэлдээ цэвэр ариун олон хүн хэрхэн үнэнийг мэдэж чадахгүй, харалган болсон байдаг вэ?

  • Сүмийн талаарх худал хуурмаг яриа биднээс өөр итгэлтэй хүмүүст хэрхэн нөлөөлдөг гэж та бодож байна вэ?

  • 12-р шүлэгт цэдэглэснээр, дэлхий дээрх олон хүн хэрхэн үнэнээс хол байдаг вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах үнэнийг олж тогтоох ёстой. Хаанаас олохыг мэддэггүйн улмаас гагцхүү үнэнээс хол байдаг нь олон буй.)

  • Гэгээнтнүүдийн хавчлага дарамт, зовлон зүдгүүрийн талаарх түүхийг хэвлэх нь хэрхэн хүмүүст үнэнийг олоход тусалж болох вэ?

Өнөөдөр “хүмүүний овжин заль мэхээр харалган болж” хаанаас олохоо мэддэггүйн улмаас үнэнээс хол байдаг олон хүн байгаа гэдгийг суралцагчдад сануул (С ба Г 123:12). Нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Өнөөдөр Сүмийн талаар үнэнийг мэдэхэд нь хүмүүст саад болж буй зүйлсийг олж сонсохыг ангийнхнаас хүс.

Ахлагч М.Рассэлл Баллард

“Дэндүү олон хүн ихэнхдээ санал зөрөлдөөнөөс үүдэлтэй хэвлэл мэдээллийн нийтлэлээс олж авсан мэдлэг дээрээ тулгуурлан Сүмийн талаар тун ядмаг ойлголттой болоод байна. Эдгээр санал зөрөлдөөнд хэт их анхаарал хандуулах нь хүмүүсийн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм үнэндээ юу болох талаарх ойлголтод сөрөг нөлөө үзүүлж байна” (“Sharing the Gospel Using the Internet,” Ensign, 2008 оны 7-р сар, 62).

  • Ахлагч Баллардын хэлснээр өнөөдөр Сүмийн тухай үнэнийг мэдэхэд нь хүмүүст саад болж буй ямар зүйлс байна вэ?

1839 оны гэгээнтнүүдтэй адил бид Сүмийн гишүүд, удирдагч, итгэл, түүх, сургаал, дэг жаягуудын талаар зөв ойлголттой байхад нь бусдад туслах үүрэгтэй байдаг гэдгийг тайлбарла.

  • Та бусдад Сүмийн талаар зөв ойлголттой байхад нь туслахын тулд юу хийж болох вэ? (Суралцагчдын хариултуудыг самбар дээр бич.)

Нэг суралцагчийг ахлагч М.Рассэлл Баллардын дараах хэлсэн үгийг уншихад урь. Сүмийн талаар зөв ойлголттой байхад нь бидний бусдад тусалж болох нэг арга замыг олж сонсохыг ангийнхнаас хүс.

Ахлагч М.Рассэлл Баллард

“Сүмийн талаарх ярианууд үргэлжлэн гарсаар л байх болно. Бид эдгээрт оролцохыг сонгох эсвэл сонгохгүй байхаас үл шалтгаалан ярианууд үргэлжилсээр л байх болно. Биднийг шүүмжилдэг хүмүүс болон бусад хүн Сүмийн заадаг зүйлсийг өөрсдийнхөөрөө тодорхойлох гэж оролдож байхад бид юу ч хийхгүй зүгээр сууж болохгүй. Зарим яриа мянга мянган эсвэл бүр сая сая хүний чихэнд хүрч байхад зарим нь маш бага цар хүрээтэй байдаг. Гэвч яриа бүр оролцсон хүндээ ямар нэгэн нөлөө үзүүлдэг. Сүмийн талаарх таамаглалууд яриа өрнөх болгонд үүсэж байдаг.

Би та бүхнээс сайн мэдээг хуваалцаж, Сэргээлтийн захиасыг тодорхой мөн энгийнээр тайлбарлахын тулд интернэт дэх ярилцлагуудад нэгдэхийг хүсэж байна. … Та үүнийг хийхийн тулд мэдээж сайн мэдээний үндсэн зарчмуудыг ойлгодог байх шаардлагатай. Сайн мэдээний үнэнүүдийн тодорхой мөн зөв гэрчүүдийг та хуваалцах нь чухал юм” (“Sharing the Gospel Using the Internet,” 61, 62).

Самбар дээр бичсэн зүйлс дээр ахлагч Баллардын зөвлөгөөг нэмж бич.

Суралцагчдыг самбар дээр жагсааж бичсэн үнэнүүдийг суралцахад нь бусдад туслах арга замуудын тухай бодоход урь. Тэднээс өөрсдийн ашиглаж болох нэг арга замыг сонгохыг хүс. Цөөн хэдэн суралцагчийг аль зөвлөгөөг сонгосноо мөн Сүмийн талаар зөв ойлголттой байхад нь бусдад туслахдаа үүнийг хэрхэн ашиглахаар төлөвлөж байгаагаа хуваалцахад урь. Бүх суралцагчийг бусдад үнэнийг олоход нь туслахаар сонгосон зөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд урамшуулан дэмж.

Суралцагчдаас бусдад Сүмийн талаар зөв ойлголттой байхад нь тусалсан туршлагаа бодохыг хүс. Цөөн хэдэн суралцагчийг туршлагаа ангийнхантай хуваалцахад урь.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 123:13–16-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, бусдад үнэний талаар үнэн зөв түүхийг танилцуулах хичээл зүтгэлийнх нь талаар гэгээнтнүүдэд юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • 15-р шүлэгт цэдэглэснээр, гэгээнтнүүдэд яагаад өөрсдийн хичээл зүтгэлийг “жижиг зүйлүүд” хэмээн тооцохгүй бай гэж хэлсэн бэ?

  • Бид 15-р шүлэг дэх Их Эзэний зөвлөгөөнөөс одоо гаргаж буй жижиг шийдвэрүүдийнхээ талаар ямар зарчмыг сурч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах зарчмыг олж тогтоох ёстой. Жижиг санагдаж болох Их Эзэний зарлигуудыг дуулгавартай дагахаар шийдсэн бидний шийдвэрүүд ирээдүйд амьдралд маань агуу нөлөө үзүүлэх болно.)

  • Хэн нэгэнтэй сайн мэдээний тухай ярилцлага өрнүүлэх жижигхэн шийдвэр нь хэрхэн томоохон үр нөлөөтэй байж болох вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 123:17-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, энэ шүлэг хэрхэн өмнө нь самбар дээр бичсэн үнэнтэй холбогдож байгааг олж мэдэхийг хүс: Биднийг өөрсдөөсөө шалтгаалах зүйлсийг хийсний дараа Их Эзэн амлалтаа биелүүлэх болно. Цөөн хэдэн суралцагчийг ангийнхантай ойлголтоо хуваалцахад урь.

  • “Өөрсдийн хүчинд байгаа бүх зүйлийг” хөгжил хөөртэйгөөр хийх нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

  • 17-р шүлэгт цэдэглэснээр, бид Их Эзэний зарлигуудад дуулгавартай байхын тулд чадах бүхнээ хийх юм бол бидэнд юу тохиолдоно гэж батлагдсан бэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах зарчмыг олж тогтоох ёстой. Бид Их Эзэний зарлигуудад дуулгавартай байхын тулд өөрсдийн хүчинд байгаа бүх зүйлийг хийх юм бол, Бурхан Өөрийн хүсэл мөн цаг хугацааны дагуу бидэнд туслахын тулд Өөрийн хүчийг ашиглах болно хэмээх баталгаа бидэнд байдаг.)

  • Хэрэв бид “өөрсдийн хүчинд байгаа бүх зүйлийг хөгжил хөөртэйгөөр хийх” юм бол Бурхан бидэнд туслахын тулд Өөрийн хүчийг ашиглах болно хэмээх баталгаатай байна гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ? Та энэ баталгааг амьдралдаа байлгахын тулд юу хийж болох вэ?

Бид Бурханы зарлигуудыг дуулгавартай дагахын тулд чадах бүхнээ хийх юм бол Тэрээр Өөрийн амлалтуудыг биелүүлэх болно гэдэгт итгэлтэй байж болно гэж гэрчил.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 123:1. “Зовлон хэлмэгдлүүд хийгээд доромжлолууд[ын] … мэдлэгийг цуглуулах”

Миссурид зовж байсан гэгээнтнүүд Сургаал ба Гэрээ 123 дахь бошиглогч Иосеф Смитийн зөвлөгөөнд дуулгавартай байсан ба хавчлага дарамтынхаа талаар олон түүхийг цуглуулсан юм. Дараах хоёр мэдэгдэл нь шүүхийн ажилтанд өгсөн албан ёсны мэдэгдэл юм.

“Генерал Кларк цэргүүдтэйгээ хамт Калдвеллд ирэв. Би Фар Вестээс ойролцоогоор 3 километрийн зайд орших ноён Гад Йелийнхтэй ойролцоо … амьдардаг байсан юм. Генерал Кларкийн хэсэг цэрэг ноён Гад Йелийн гэрт ирээд, тэндээ хоёр өдөр байж, маш их өмч хөрөнгийг эвдэж сүйтгэсэн. Тэд байшингийн шалыг эвдэлж, шувуу, гахайны аж ахуйг сүйтгэж, бухал өвсөнд гал тавьсан. Би тэднийг бухал өвсөнд гал тавьж, тэр нь бүхэлдээ шатаж байгааг харсан. Тэд ноён Йелээс мориндоо өгөх хангалттай их тэжээлийг хүссэнээрээ аваад, бараг л дөрвөн га газрыг сүйтгэсэн. … Тэдний буудсан гахайнуудын зарим нь газарт өмхийрөн үлдсэн. Би мөн зарим цэрэг ноён Сайрус Даниэлийн гэр рүү ороод, дээрэмдэж тонохыг харсан. Би тэднийг нэг ор, ор дэрний хэрэгсэл, зарим хувцас хунар авч гарахыг харсан” (Мэри К.Майлс, Mormon Redress Petitions: Documents of the 1833–1838 Missouri Conflict, хянасан Кларк В.Жонсон [1992], 496–497-т; тэмдэгт, том үсэг, зөв бичгийн дүрмийн дагуу стандартчилсан болно).

“Мөн би аав маань Хауны тээрэм дээр үлдэж, алан хядлага болох үед майханд амьдарч байсан гэдгийг гэрчилж байна. Би цэргүүдийг ирэх үед майханд байсан. Хүмүүсийн маань зарим нь эмэгтэйчүүд, хүүхдүүдийг майхнаас гарч зугт гэж орилж байсан. Би аавынхаа байсан төмрийн дархны газар руу гүйсэн. Би гал үлээгчийн доор ахтайгаа мөн Чарльз Мэррик хэмээх өөр нэг хөвгүүнтэй хамт нуугдаж байсан. Би ташаандаа буудуулж, ах маань тархи руугаа буудуулж, нөгөөх хөвгүүн гурван газраа шархдаж, удалгүй нас барсан юм. Ээж маань өнгөрсөн сард намайг найман настай гэж хэлж байсан. Би хэдэн дайсан аавыг маань нас барахаас өмнө гутлыг нь тайлж авч байгааг харсан” (Алма Смит, Mormon Redress Petitions, 537; тэмдэгт, том үсэг, зөв бичгийн дүрмийн дагуу стандартчилсан болно).

Сургаал ба Гэрээ 123:4–5. “Гарч буй гүжир гүтгэлгийн нийтлэлүүд”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс Сүмийн талаарх сөрөг нийтлэл нь хэрхэн номлогчдын хичээл зүтгэлд тус болохыг тайлбарлажээ.

Ахлагч Робэрт Д.Хэйлс

“Сүмийн тухай олон нийтийн эсэргүүцэл Их Эзэний төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд тусалдаг болохыг туршлага харуулж байна. 1983 онд Тэргүүн Зөвлөлөөс Сүмийн удирдагчдад хандсан захидалд ‘эсэргүүцэл нь магадгүй боломж байж ч мэдэх юм. Манай номлогчдод байнга тохиолддоггүй бэрхшээл хүндрэл бол манай шашныг бас бидний захиасыг бага сонирхдог явдал юм. Эдгээр шүүмжлэл нь … Сүмийн талаарх сонирхлыг төрүүлдэг .… Энэ нь биднийг сонирхож буй хүмүүст үнэнийг таниулах боломжийг [гишүүдэд] олгодог’ [First Presidency letter, 1983 оны 12-р сарын 1] гэжээ.

Бид эдгээр боломжийг хэвлэлийн газрын редакторуудад найрсаг захидал бичиж, найзуудтайгаа ярилцаж, хэвлэлд тайлбар бичиж эсвэл Сүмийн талаар буруу ойлголттой хүмүүст зөв тайлбар өгч батлах гэх мэт олон арга замаар ашиглаж болно. Бид мухар сүсэгтэй, буруу мэдээлэлтэй ‘үнэнийг хаанаас олохыг мэддэггүйн улмаас гагцхүү үнэнээс хол байдаг’ (С ба Г 123:12) хүмүүст хариултыг нь хайраар өгч чадна. Биднийг эсэргүүцэгчдэд ийм арга замаар хариулт өгөх нь сул доройн шинж биш гэдгийг би та нарт батлан хэлж байна. Энэ бол Христэд итгэгчийн эр зоригийн үйлдэл мөн” (“Христэд итгэгчийн зориг: Шавь нь байхын үнэ цэнэ,” Ensign, 2008 оны 11-р сар, 73 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 82).

Сургаал ба Гэрээ 123:4–5. Эх сурвалжуудын зорилго болон үнэн бодит байдлыг дүгнэх нь

Зарим бичигч Сүм болон Сүмийн түүхийн талаар агуулгаасаа гажсан эсвэл төөрөгдөлд оруулах дутуу дулимаг үнэнийг багтаасан мэдээлэл танилцуулдаг. Эдгээр нийтлэлийн зорилго нь Сүмд болон үүний удирдагчдад итгэх итгэлийг устгах явдал байдаг.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн итгэлийн талаарх иймэрхүү саад бэрхшээлүүдийн тухай ярьжээ.

Ахлагч Нийл Л.Андэрсэн

“Сүмийг гутааж, итгэлийг устгахыг хүсдэг цөөн хүн ямагт байсаар ирсэн ба одоо ч байна. Өнөөдөр тэд интернэтийг ашиглаж байна.

Манай Сүмийн тухай тараадаг зарим мэдээлэл бодит мэт санагдавч үнэн бус байдаг. 1985 онд надтай хамт ажилладаг нэг хүн ‘Мормоны шашин үндэслэгдсэн түүх үнэн үү?’ гэсэн нэртэй өгүүлэл нийтлэгдсэн Time сэтгүүлийн дугаарыг гартаа барьсаар орж ирснийг би санаж байна. Уг өгүүлэлд Мартин Харрис бичсэн гэх, саяхан олдсон нэг захидлын тухай өгүүлжээ. Энэ өгүүлэл Мормоны Номын ялтсуудыг олсон тухай Иосеф Смитийн шастиртай зөрчилдсөн байлаа.

Энэ шинэ мэдээлэл Мормоны Сүмийг устгах юм биш байгаа? гэж хамтран ажиллагч маань надаас асуув. Энэхүү баримт бичгийн улмаас Сүмээс гарна гэж хэлсэн нэг хүний тухай энд дурдсан байв. Хожим нь өөр хүмүүс Сүмээс гарсан тухай мэдээлсэн юм. Энэ бол тэдний итгэлийн сорилт байсан гэдэгт би итгэдэг.

Хэдэн сарын дараа, шинжээчид уг захидал хуурамч болохыг илчилсэн (захидлыг хуурамчаар үйлдэгч нь бас гэм буруугаа хүлээсэн юм). Энэхүү мэхлэлтийн улмаас Сүмийг орхисон хүмүүс Сүмд эргэж ирнэ гэдэгт би итгэлтэй байснаа санаж байна” (“Итгэлийн тань сорилт,” Ensign, 2012 оны 11-р сар, 41 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 49).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс Сүмийн тухай мөн Сүмийн түүхийн тухай уншсан мэдээллүүдээ анхааралтай дүгнэж, Ариун Сүнсэнд мөн өөрсдийн оюун ухаанд найдахад хожмын үеийн гэгээнтнүүдийг урамшуулсан билээ.

Ахлагч Даллин Х.Өүкс

“Дүгнэлтэнд оюун ухааны болон сүнслэг гэх хоёр хэмжүүр байдаг.

Оюун ухаандаа дүгнэлт хийж байгаа уншигчид болон үзэгчид тэдэнд юу хэлж байгааг дүгнэхдээ илүү анхааралтай байх ёстой.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд дүгнэлт нь сүнслэг хэмжүүртэй байдаг. Учир нь бид “Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно” (Моронай 10:5) хэмээх Моронайн тунхаглалд итгэдэг. Энэ амлалт нь сүнслэг мэдрэмжийг сайн мэдэрдэг хүмүүст сурч мэдсэн зүйлээ дүгнэхэд нь туслах ялган таних хүчийг өгдөг.

Бид дүгнэлт хийхдээ сүнслэг хүчтэй байхын тулд Их Эзэний Сүнс бурууг хайгчдыг удирдахгүй гэдгийг санах хэрэгтэй. Энэ зарчим уншигч мөн бичигч, аль алинд нь хамаатай.

Бидний хувийн гэрчлэлүүд түүхийн баримтуудын эмхэтгэл эсвэл цуглуулга дээр биш, харин Сүнсний баталгаан дээр тулгуурласан байдаг. Хэрэв бид ийм суурьтай байвал түүхийн баримтуудын ямар ч өөрчлөлт бидний гэрчлэлийг сулруулж чадахгүй. Тэнгэрлэг Эцэг маань бидэнд шүүн тунгаах хүчийг өгсөн бөгөөд үүнийг бүрэн утгаар нь ашиглахыг биднээс хүсэн хүлээдэг. Мөн тэрээр бидэнд Тайтгаруулагчийг өгсөн билээ. Тэрээр энэ нь биднийг үнэн рүү удирдаж мөн үүний хүчээр бид бүх зүйлийн үнэнийг мэдэх болно хэмээн хэлсэн. Энэ бол үүнд найдах зохистой мөн хүсэлтэй Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд зориулсан туйлын хөтөч юм” (“Reading Church History,” Symposium Speeches [Сургаал ба Гэрээ болон Сүмийн түүхийн бага хурал, 1985 оны 8-р сарын 14–16], 4, 5-д).

Сургаал ба Гэрээ 123:17. “Өөрсдийн хүчинд байгаа бүх зүйлийг … хийцгээе”

Бошиглогч Иосеф Смит бид бүгд Бурханы тусламжийг авахын тулд эхлээд өөрсдөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийх ёстой хэмээх зарчимд итгэж мөн үүний дагуу амьдардаг байсан. Сургаал ба Гэрээ 101:86–89-д цэдэглэснээр, Их Эзэн засгийн газрын удирдагчид болон Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгчид өөрсдийн зовлон бэрхшээл, хавчлага дарамтын түүхүүдийг хүргэхийг гэгээнтнүүдэд зарлигласан юм. 1839 оны 11-р сарын 29-нд бошиглогч Иосеф Смит болон шүүгч Елиас Хигбее хоёр Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Мартин Ван Бурэнтэй уулзжээ.

Ван Бурэн эхлээд бошиглогчийн гуйлтыг авч үзээгүй юм. Гэсэн хэдий ч, ярилцлага үргэлжлэхийн хэрээр ерөнхийлөгч түүний байр суурийг дахин бодож үзэхийг амлаж, ‘[Мормончуудын] зовлонгуудын түүхийг сонсоод [тэднийг] өрөвджээ’ [History of the Church, 4:40-д].

Бошиглогч, Елиас Хигбее хоёр ерөнхийлөгч Ван Бурэнтэй уулзсаныхаа дараа дорнодод хоёр сар амьдарч, сенатын гишүүд болон төлөөлөгчдөөс тусламж хүсэн, саналыг нь дэмжихийг хүлээж байлаа [History of the Church, 4:40, 43–44-ийг үзнэ үү]. Тэд 1840 оны 2-р сард Ерөнхийлөгч Ван Бурэнтэй дахиад уулзжээ. Тэр үед Ван Бурэн Сүмийг өрөвдөж байсан өрөвч нинжин сэтгэлээ аль хэдийн гээсэн байлаа. Бошиглогчийн хэлснээр, ерөнхийлөгч тэдэнтэй бүдүүлэг харьцаж, ‘Эрхмүүд ээ, та нарын учир шалтгаан шударга боловч би та нарын төлөө юу ч хийж чадахгүй нь. … Хэрэв би та нарын асуудлыг авч үзвэл Миссуригийн сонгуульд саналаа алдах болно’ [History of the Church, 4:80]” (Арнолд К.Гарр, “Joseph Smith: Campaign for President of the United States,” Ensign, 2009 оны 2-р сар, 49) гэж хэлжээ.

Хэдийгээр Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч гэгээнтнүүдэд туслахаас татгалзсан боловч бошиглогч Иосеф Смит засгийн газрын бусад удирдагчаас тусламж эрэлхийлсээр байлаа. Иосеф өөрийн хүчинд байгаа бүх зүйлийг хийсэн учраас Бурхан түүнд туслахын тулд Өөрийн хүчийг ашиглана гэдэгт итгэлтэй байлаа.