Институт ба семинар
20-р хичээл: Сургаал ба Гэрээ 14–16


20-р хичээл

Сургаал ба Гэрээ 14–16

Оршил

1829 оны 5-р сарын сүүлээр Иосеф Смит, Оливер Каудери хоёр Мормоны Номын орчуулгыг дуусгах үедээ дээрэмчдийн аюул заналыг амсжээ. Давид Витмер тэдэнд Пеннсильванийн Хармонигоос Нью-Йоркийн Фейетте дэх Витмерийн гэр рүү нүүхэд нь тусалсан ба тэд хавчлагаас зугтсанаар Витмерүүдэд мөн хөршүүдэд нь сэргээгдсэн сайн мэдээг заах боломжтой болжээ. Витмерийн гэр бүл тодорхой болж буй Сэргээлтийн үйл явдлуудыг нэн их сонирхож байлаа. Иосеф Смит Давид Витмер, Жон Витмер ба Бага Петр Витмер нарыг “энэ ажил дахь цог золбоотой найзууд ба туслахууд; мөн өөрсдийн үүргүүдийг мэдэх их хүсэлтэй” (History of the Church, 1:48–49) хэмээн дүрсэлжээ. Бошиглогч залбирч, Давид Витмер болон түүний ах нар болох Жон ба Петр нарт зориулсан илчлэлт хүлээн авчээ. Тэд Их Эзэний ажлыг урагш авчрахад өөрсдийнхөө гүйцэтгэх үүргийг мэдэж авав.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 14

Их Эзэн Давид Витмерийг хожмын үеийн ажилд туслуулахаар дуудав

Суралцагчдад өнөөдөр судлах илчлэлтийн түүхэн нөхцөл байдлыг ойлгоход туслахын тулд энэ хичээлийн оршлыг хураангуйл. Үүнээс гадна та нэг суралцагчийг дараах түүхийг уншихад урьж болно. Суралцагчийг уншихаас өмнө Давид Витмер гэр бүлийнхээ ферм дээр улаан буудай тарьж мөн шохойн бордоо цацах хэрэгтэй байсан гэдгийг тайлбарла. Тэр тэдгээр ажлаа дуусгаад Иосеф, Оливер хоёрт туслах ёстой гэсэн мэдрэмж авчээ. Оливер Каудери, Иосеф Смит хоёрт дарлагчдаас зугтахад туслах боломжийг Давид Витмерт олгосон тэрхүү гайхамшгуудыг олж мэдэхэд ангийн гишүүдийг урь.

Люси Мак Смит

“Давид талбай дээрээ очоод өөрт нь бүтэн хоёр өдрийн ажил байгааг мэдэв. … Тэр тэгээд морьдоо анжсанд хөллөөд, тариаланчдын хэлдгээр талбайгаа хуваалгүйгээр дээр нь үд болтол ажиллаад, оройн хоол идсэнийхээ дараа эргэж харан, талбайнхаа хагасыг нь борнойдчихсоноо хараад гайхжээ. Оройн хоолны дараа урьдынх шигээ ажиллаж, үдэш гэхэд тэр бүтэн хоёр өдрийн ажлаа дуусгав.

Түүний аав тэр оройдоо талбай дээр ирээд юу болсныг хараад, ‘Чиний энэ ажилд Бурхан тусалж байгаа нь гарцаагүй. Чи шохойн бордоогоо тарьж дуусангуутаа Пеннсильвани руу явах хэрэгтэй гэж би бодож байна’ гэж хэлжээ.

Маргааш өглөө нь Давид хоёр өдрийн өмнө эгчийнхээ байшингийн ойролцоо овоолоод орхисон шохойн бордоогоо цацахаар модон хэмжүүр гартаа бариад гарсан боловч байхгүй байв! Тэр эгч рүүгээ гүйн очоод түүнээс энэ талаар асуужээ. Эгч нь гайхсан байдалтайгаар, ‘Надаас яагаад асуугаад байгаа юм бэ? өчигдөр бордчихсон биз дээ?’ гэж хэлэв.

‘Би бордож амжаагүй шүү дээ’ гэж Давид хариулжээ.

Эгч нь “‘би бүр гайхаад байна,’ ‘учир нь хүүхдүүд үдээс өмнө над дээр ирээд, гадаа гарч талбай дээр бордоо цацаж байгаа эрчүүдийг харахыг гуйсан, тэд хэлэхдээ, бордоог ийм хурдан цацдаг хүмүүсийг амьдралдаа үзээгүй гэж хэлсэн. Би гарч, хүүхдүүдийн хэлснээр талбай дээр гурван эрэгтэй хүн ажиллаж байхыг хараад, чамайг яарч байгаа болохоор хүн хөлсөлсөн байна гэж бодож, гэртээ буцаж ороод энэ талаар дахиж бодоогүй’ гэв.

Давид энэ явдлын талаар хамаатнууд болон хөршүүдээсээ сайн лавласан боловч хэн үүнийг хийснийг олж чадсангүй” (Люси Мак Смит, History of Joseph Smith by His Mother, хянасан Прэстон Нибли [1958], 148–149).

  • Эдгээр туршлага Давид Витмерт хэрхэн нөлөөлсөн гэж та нар бодож байна вэ?

Их Эзэн Өөрийн ажлын эхэлснийг зарласан бөгөөд үүнд оролцох хүмүүст адислалуудыг амласан гэдгийг тайлбарлаж, Сургаал ба Гэрээ 14:1–5-ыг нэгтгэн дүгнэ. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 14:6–7-г чанга уншихад урь. Ангийнхнаас Давидад өгсөн Их Эзэний удирдамжууд болон Давид Их Эзэний удирдамжийг дагавал үр дүнд нь ирэх адислалуудыг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн Давид Витмерт юу амласан бэ? Энэ амлалтыг авахын тулд Давид юу хийх хэрэгтэй байсан бэ?

Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 14:7 дахь зарчмыг өөрсдийн үгээр хэлэхийг хүс. Суралцагчдыг хариулах хооронд дараах зарчмыг самбар дээр бич. Хэрэв бид Бурханы зарлигуудыг сахиж мөн эцсээ хүртэл тэвчвэл мөнх амьдрал хүлээн авах болно.

  • Мөнх амьдрал хүлээн авна гэдэг нь юу гэсэн үг вэ? (Мөнх амьдрал хүлээн авна гэдэг нь гэр бүлээрээ Бурханы оршихуйд мөнх амьдарна гэсэн үг юм. Мөнх амьдрал бол Бурханы амьдрал.)

  • Мөнх амьдралын амлалт нь бидэнд Бурханы зарлигуудыг сахиж мөн эцсээ хүртэл тэвчихэд хэрхэн урам зориг өгч чадах вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 14:8-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас Давид Витмер дуулгавартай байж чадвал авч чадах байсан өөр адислалуудыг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцсаны дараа Иосеф Смит Давидад зориулсан илчлэлтийг хүлээн авснаас хойш удалгүй Давид Мормоны Номын гурван гэрчийн нэг болсон гэдгийг тайлбарла. Тэрээр тэнгэр элч Моронай болон алтан ялтсуудыг харж, Бурханы дуу хоолой цэдгүүдийн үнэнийг гэрчлэхийг сонсжээ.

Их Эзэн Давидыг итгэлтэй байсан учраас түүнд өөр нэг амлалт өгсөн гэдгийг тайлбарла. Давидад хандсан Их Эзэний үгсэд байгаа зарчмыг олоход нь суралцагчдад туслахын тулд дараах үгийг самбар дээр бич. Хэрэв бид , Их Эзэн … -х болно.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 14:9–11-ийг дотроо уншихад урь. Тэднээс самбар дээр байгаа загварт тохирох зарчмыг олохыг хүс. Цөөн суралцагчид олж мэдсэн зүйлээ хуваалцах боломж олго. Суралцагчид янз бүрийн зарчмууд хэлж болох ч, хэрэв бид Их Эзэний ажилд итгэлтэйгээр тусалбал Их Эзэн биднийг сүнслэг болон материаллаг байдлын хувьд адислах болно гэсэн зарчмыг тодорхой гаргасан эсэхэд анхаар.

  • Их Эзэн та нарыг Түүний ажилд туслахыг ямар байдлаар хүссэн бэ? Их Эзэний ажилд тусалснаар та нарын амьдралд ямар ямар адислал ирсэн бэ?

Сургаал ба Гэрээ 15–16

Есүс Христ Жон Витмер, Бага Петр Витмер хоёрт тэдний хувьд юу хамгийн үнэ цэнтэй болохыг заав

Хоёр суралцагчийг самбарын өмнө гарч ирэхэд урь. Тэдний нэгээс нь Сургаал ба Гэрээ 15:1-ийг чанга уншихыг, нөгөөгөөс нь Сургаал ба Гэрээ 16:1-ийг уншихыг хүс. Эдгээр суралцагчийг энэ хэсгүүдийн 2–6-р шүлгүүдийг өмнөхтэй адил арга замаар уншихыг хүс.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 15:3–4 ба Сургаал ба Гэрээ 16:3–4 дэх Жон Витмер болон Бага Петр Витмер хоёрт байсан адил хүслийг олж мэдэхэд урь.

  • Жон Витмер, Бага Петр Витмер хоёр юу хүссэн бэ? (Тэдний хувьд хамгийн үнэ цэнтэй зүйл юу болохыг мэдэхийг хүссэн.)

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 15:6 ба 16:6-г дотроо уншихад урь. Тэднээс Их Эзэний энэ хоёрт өгсөн хариултыг олж тогтоохыг хүс.

  • Их Эзэн тэдний асуултад хэрхэн хариулсан бэ? Их Эзэний хариултаас бид ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч дараах зүйлийг ойлгож байгаа эсэхэд анхаар. Бусдыг Есүс Христэд авчрах бидний хүч чармайлт нь бидний хувьд хамгийн үнэ цэнтэй зүйл юм.)

  • Бид бусдыг Христэд ирэхэд туслахын тулд юу хийж чадах вэ?

  • Эдгээр хүч чармайлт яагаад бидний хувьд агуу үнэ цэнтэй вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 15 ба 16-г уншаад, энэ хоёр илчлэлт нь хоорондоо ямар ялгаатай болохыг олж мэдэхэд урь. (Ганцхан ялгаа бол нэг нь Жонд хандсан, нөгөөх нь Петрт хандсан.)

Хүмүүс адил төстэй хэрэгцээ, нөхцөл байдал эсвэл хүсэлтэй байж болох учраас Их Эзэн зарим үед өөр өөр хүмүүст нэг захиасыг илчилдэг гэдгийг тайлбарла. Гэсэн хэдий ч Тэр биднийг нэг бүрчлэн мэддэг гэдэгт бид итгэж болно. Энэ жишээнд Тэрээр Жон Витмер, Петр Витмер нарыг нэрээр нь дуудаж, Өөрийнхөө хүслийг тэдэнд тусад нь илчилсэн юм.

  • Өөр өөр хүмүүст өгөгдсөн санваарын адислал эсвэл номлолын дуудлага нь төстэй үгсийг агуулж байсан ч гэсэн эдгээр нь Бурхан биднийг нэг бүрчлэн мэддэг гэдгийг хэрхэн харуулж чадах вэ?

Бурхан биднийг нэг бүрчлэн мэддэг гэсэн өөр нэг жишээ харуулахын тулд нэг суралцагчаас Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгийг уншихыг хүс.

Ахлагч Дэвид А.Бэднар

“Хэсэг хугацааны өмнө гадасныхаа 13–21 насны бүх залуугийн нэрийг чээжлэхээр өдөөгдсөн санваарын нэг удирдагчтай би уулзсан билээ. Тэр залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн зургийг ашиглан, солигддог картууд хийж, ажлаар аялж байхдаа эсвэл өөр үед тэднийг хардаг байжээ. Энэ санваарын удирдагч бүх залуучуудынхаа нэрийг ийм маягаар хурдан хугацаанд чээжилжээ.

Нэгэн шөнө санваарын удирдагч зөвхөн зургаар нь таних болсон нэг хүүг зүүдэлжээ. Тэрээр зүүдэндээ уг залуу эрэгтэйг цагаан цамц өмсөж, номлогчийн нэрийн тэмдэг зүүсэн байгаагаар харжээ. Уг залуу эрэгтэй хажуудаа суугаа хамтрагчтайгаа хамт нэг гэр бүлд зааж байв. Залуу эрэгтэй гартаа Мормоны Номыг барьсан ба үүний үнэнийг гэрчилж байгаа мэт харагджээ. Тэгээд санваарын удирдагч зүүднээсээ сэрэв.

Үүнээс хойш болсон нэг санваартнуудын цугларалт дээр удирдагч зүүдэндээ харсан залуу эрэгтэй дээр очиж, хэдэн минут ярилцаж болох уу гэж асуужээ. Удирдагч өөрийгөө товч танилцуулаад, залуу эрэгтэйг нэрээр нь дуудаж ингэж хэлжээ. ‘Би үргэлж зүүдлээд байдаггүй. Би чамаас өөр энэ гадасны ямар ч гишүүний талаар зүүдэлж байгаагүй. Би чамд зүүдээ ярьж өгье, харин чи энэ нь ямар утгатай үг болохыг ойлгоход надад туслаарай.’

Санваарын удирдагч зүүдээ ярьж дуусаад, залуу эрэгтэйгээс ямар утгатай үг болохыг нь асуусан байна. Залуу эрэгтэйн хоолой зангирч, ‘Энэ нь Бурхан намайг хэн гэдгийг мэддэг гэсэн үг’ гэж хариулжээ. Залуу эрэгтэй, санваарын удирдагч хоёрын хооронд өрнөсөн яриа маш их ач холбогдолтой болсон ба тэр хоёр үе үе уулзаж, зөвлөлдөж байхаар тохирсон байна” (“The Tender Mercies of the Lord,” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 5-р сар, 100).

  • Бурхан биднийг нэг бүрчлэн мэддэг гэдгийг ойлгох нь яагаад тустай байж болох вэ?

Цөөн хэдэн суралцагчийг Бурхан тэднийг нэг бүрчлэн мэддэг гэдгийг хэрхэн мэддэг болсноо хуваалцахад урь. (Суралцагчдын жишээнүүд ер бусын байх шаардлагагүй гэдгийг та тайлбарлаж болно. Нууц туршлагуудаа буюу хэт хувийн шинжтэй зүйлээ хуваалцах хэрэггүйг суралцагчдад сануул.)

  • Бурхан та нарыг нэг бүрчлэн мэддэг гэдгийг мэдэх нь та нарын өдөр тутам гаргадаг шийдвэрүүдэд хэрхэн нөлөөлж чадах вэ? Энэ мэдлэг нь та нарын сонголтуудад хэрхэн нөлөөлж байсан бэ?

Та ярилцсан үнэнүүдээ гэрчилж мөн суралцагчдыг эдгээр үнэний дагуу үйлдэхэд урьж, энэ хичээлээ төгсгөж болно.