13-р хичээл
Сургаал ба Гэрээ 4
Оршил
1829 оны 2-р сард бошиглогчийн аав Ахмад Иосеф Смитэд өгөгдсөн энэ илчлэлт Их Эзэний ажилд туслах хүсэлтэй хувь хүмүүст өгөгдсөн эхэн үеийн илчлэлтүүдийн анхных нь байсан юм (мөн С ба Г 11–12; 14–16; 25-ыг үзнэ үү). Уг илчлэлтэд Ахмад Иосеф Смит Бурханы үйлчлэлд хөдөлмөрлөхөөр дуудагдав. Үүнээс гадна, Их Эзэн Өөрт нь үйлчилдэг хүмүүст байх ёстой шинж чанар болон чухал зан чанаруудыг дүрсэлсэн юм.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 4:1–3
Ахмад Иосеф Смит Бурханы үйлчлэлд хөдөлмөрлөхөөр дуудагдав
Суралцагчдаас дараах асуултын талаар эргэцүүлэн бодохыг хүс.
-
Та нар өмнө нь Бурханд үйлчлэх хүслийг мэдэрч мөн Түүний ажилд хэрхэн тусалж болох талаар Түүний хүслийг мэдэхийг хүсэж байсан уу?
Иосеф Смитийн аав ийм хүсэлтэй байсан бөгөөд Их Эзэн түүгээр юу хийлгэхийг хүсэж байгааг мэдээгүй юм. 1829 оны 2-р сард Ахмад Иосеф Смит эхнэр Люсигийн хамт Хармонийн Пеннсильванид хүү Бага Иосеф Смитийнд айлчлан иржээ. Энэ айлчлалын үеэр Бага Иосеф Смит аавынхаа асуултын хариуд нэгэн илчлэлтийг хүлээн авав. Сургаал ба Гэрээ 4 нь Их Эзэний хариулт бөгөөд Тэр Өөрийнх нь ажилд туслах хүмүүст байх ёстой шинж чанаруудыг дүрсэлжээ.
Энэ илчлэлт ирэх үед Сүм хараахан зохион байгуулагдаагүй, санваар сэргээгдээгүй байсан гэдгийг суралцагчдад тайлбарла. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 4:1-ийг дотроо уншаад, тэр үед эхэлж байсан Сэргээлтийг Их Эзэн хэрхэн дүрсэлснийг олж мэдэхэд урь.
-
Их Эзэн хожмын өдрүүд дэх сайн мэдээний Сэргээлтийг дүрслэхийн тулд ямар үг ашигласан бэ?
-
Сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлт нь ямар замаар “гайхамшигт ажил” болдог вэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 4:2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас Их Эзэний үйлчлэлийг эхэлж буй хүмүүсээс Тэрээр юу хүсдэгийг олж мэдэхийг хүс. (Англи хэлний embark гэсэн үг нь begin буюу эхлэх гэсэн утгатайг та тайлбарлаж болно.)
-
Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр Их Эзэн Өөрт нь үйлчилдэг хүмүүсээс юу хүсэн хүлээдэг вэ?
-
Ямар нэг зүйлийг “бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа” хийх гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
Энэ үг хэллэгийг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Бурханд бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа үйлчлэхийг хичээж байгаа хүнд ямар үйлс эсвэл зан чанарууд байх ёстой гэж хүсэн хүлээж байдгийг дүрслэхийг тэднээс хүс. Та тэднийг ийм байдлаар Их Эзэнд үйлчилдэг, таньдаг хүмүүсийнхээ жишээнээс хуваалцахад урьж болно.
Дараах гүйцэд биш өгүүлбэрийг самбар дээр бич. Хэрэв бид Бурханд бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа үйлчилбэл .
Суралцагчдад Сургаал ба Гэрээ 4:2-т заагддаг зарчмыг олж тодорхойлоход нь туслахын тулд дараах асуултуудыг тавь.
-
Сургаал ба Гэрээ 4:2-т цэдэглэгдсэнээр Бурханд “бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа” үйлчилбэл ямар ямар адислал ирдэг вэ? (Суралцагчдыг хариулах үед нэг суралцагчаас самбар дээр бичсэн өгүүлбэрийг гүйцээхийг хүс. Энэ нь дараах өгүүлбэртэй төстэй байх ёстой. Хэрэв бид Бурханд бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа үйлчилбэл бид эцсийн өдөр Түүний өмнө толбогүй зогсох болно. Энэ үг хэллэгийг судар дээрээ тэмдэглэхийг суралцагчдад зөвлөж болно.)
-
Бид бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа Их Эзэнд үйлчлэх нь яагаад бидэнд Бурханы өмнө толбогүй зогсох боломж олгодог вэ?
Бурханы оршихуйд “толбогүй” зогсох нь ямархуу байх бол гэдгийг тунгаан бодоход суралцагчдыг урамшуулан дэмж. Та нэг эсвэл хоёр суралцагчаас төрсөн бодлоо хуваалцахыг хүсэж болно.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 4:3-ыг чанга уншихад урь. Суралцагчдаас Их Эзэний ажилд туслах хүсэлтэй хувь хүмүүст байх ёстой шинж чанаруудыг олж мэдэхийг хүс.
-
Их Эзэний ажилд туслахын тулд хүн ямар зан чанартай байх ёстой вэ? (Бурханд үйлчлэх хүсэл.)
Зарим хүн Сургаал ба Гэрээ 4-ийг зөвхөн бүрэн цагийн номлогчийн үйлчлэлийн дуудлага гэж үздэг гэдгийг тайлбарлаж болно. Гэсэн хэдий ч энэ илчлэлт өгөгдсөн Иосеф Смитийн аав нь бүрэн цагийн номлолд дуудагдаагүй юм. Харин тэр Сургаал ба Гэрээ 4:2–3-т өгөгдсөн зөвлөгөөг насан туршдаа дагаж хаана ч, хэзээ ч дуудагдсан бүхнээ зориулж үйлчилсэн юм. Тэр Мормоны Номын найман гэрчийн нэг байсан ба 1830 оны 4-р сарын 6-нд Сүм албан ёсоор зохион байгуулагдахад баптисм хүртсэн анхны хүн нь байв. Мөн тэр Сүм дэх анхны патриархаар болон Тэргүүн Зөвлөлийн туслах зөвлөхөөр үйлчилсэн билээ.
Энэ хэсэгт өгөгдсөн зөвлөгөө нь Их Эзэнд үйлчлэх хүсэлтэй бүх хүнд хамаатай ба Бурханы хаант улсыг барих олон арга замд ашиглагдаж болно.
-
Бүрэн цагийн номлогчийн үйлчлэлээс гадна бидэнд Их Эзэний ажилд тусалж болох ямар арга замууд байдаг вэ?
Суралцагчдад Их Эзэний ажилд туслах хүслээрээ хэрхэн үйлдэж болох талаар санаа өгөхийн тулд ангийн нэг гишүүнийг Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос дараах хэсгийг чанга уншихад урь.
“Та нар хамгийн чухал үйлчлэлийг өөрсдийнхөө гэр оронд үзүүлж чадна. Та нар мөн Сүмийн дуудлагат ажлуудад, сургууль дээрээ болон нийгэмдээ үйлчилж чадна. Та нар ариун сүмийн ажил болон гэр бүлийн түүхийн ажлыг хийж үйлчилж болно. Та нар одоо мөн ирээдүйд бүрэн цагийн номлогч болоод сайн мэдээг хуваалцаж үйлчилж чадна. Хамгийн утга учиртай үйлчлэл нь өдөр тутмын энгийн мөртлөө сайхан сэтгэлийн үйлсээр олонтоо илэрдэг юм. Хэнд, хэрхэн үйлчилж чадах вэ гэдгээ мэдэхийн тулд өдөр бүр Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл. Бусдад үйлчлэхдээ Аврагчийн үлгэр жишээг дага” (Залуучуудын бат бөх байдлын төлөө [товхимол, 2011], 32).
Их Эзэний ажилд ямар арга замаар туслахыг хүсэж байгаа зорилгоо хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд суралцагчдыг урь.
Сургаал ба Гэрээ 4:4
Талбай нь хадахад бэлэн байна
Хэрэв боломжтой бол ангид хэсэг үр тариа авчир. Хэрэв боломжгүй бол суралцагчдад тариан талбайн зураг үзүүл эсвэл самбар дээр улаан буудайн зураг зур. Улаан буудай эсвэл арвай нь ургах үедээ өнгөө өөрчилдөг гэдгийг тайлбарла. Тариа нь шинэ байхдаа ногоон, харин боловсрох үедээ цайвар болдог. Тариа ургац хураалтад бэлэн болсон үед үүнийг ихэвчлэн “цагаан” гэж ярьдаг.
Дараах үгсийг самбар дээр бич. Үүнд: талбай, ургац хураалт, гар хадуур. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 4:4-ийг чанга уншихад урь. Түүнийг уншихаас өмнө энэ шүлэгт Их Эзэн дэлхийн хүмүүсийг талбай дахь тариатай харьцуулсан гэдгийг тайлбарла. Ангийнхнаас Их Эзэн талбайг (дэлхийн хүмүүсийг) хэрхэн дүрсэлснийг олж мэдэхийг хүс.
-
Их Эзэн Өөрийн талбайн (дэлхийн хүмүүс) талаар юу гэж хэлсэн бэ?
-
“Талбай нь цагаан хадахад бэлэн байна” гэдэг нь юу гэсэн үг вэ? (Дэлхийн хүмүүс Их Эзэнд болон Түүний Сүмд цуглуулагдахаар бэлтгэгдсэн байна.)
Хадуур гэж юу болохыг, үүнийг юунд хэрэглэдэг болохыг тайлбарлаж чадах хүн байгаа эсэхийг асуу. (Хадуур бол тариа хураахад зориулсан махир хутга юм. Та хадуурын энгийн зургийг самбар дээр зурж болно.)
-
Чадлаараа хадах гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? (Бусдыг Есүс Христэд авчрахын тулд хичээнгүйлэн ажиллах.)
-
Сургаал ба Гэрээ 4:4-т цэдэглэгдсэнээр бусдыг Есүс Христэд авчрахын тулд хичээнгүйлэн ажилладаг хүмүүст ямар адислал ирдэг вэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч дараах үнэнийг олж тогтооход анхаар. Бид бусдыг Есүс Христэд авчрахын тулд хичээнгүйлэн ажиллах үедээ өөрсдөдөө авралыг хүлээн авдаг. Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.)
-
Бусдыг Есүс Христэд ирэхэд туслах нь Түүнд ирэхэд бидэнд хэрхэн тусалдаг вэ?
Суралцагчдад энэ зарчмын талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд нь туслахын тулд, Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд ирэхэд нь бусдад тусалснаар өөрсдөө Тэдэнд хэрхэн ойртсон талаарх туршлагаа хуваалцахад зарим суралцагчийг урь. Та ч бас энэ зарчмын тухай бодол санаа, гэрчлэлээ хуваалцаж болно.
Сургаал ба Гэрээ 4:5–7
Их Эзэн Өөрт нь үйлчлэх хүмүүст байх ёстой шинж чанар болон чухал зан чанаруудыг дүрслэв
Суралцагчдаас хэд хэдэн мэргэжил нэрлэхийг хүс. Тэдний нэрлэсэн нэг эсвэл хоёр мэргэжлийг сонгож, энэ мэргэжилд амжилт гаргахын тулд хүнд ямар ур чадвар ба зан чанарууд байх ёстойг олж тогтоохыг хүс. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 4:5-ыг дотроо уншаад, Их Эзэний ажилд туслах хүнд байх ёстой зан чанаруудыг олж мэдэхэд урь. (Та тэдний санаануудыг самбар дээр бичихийг нэг суралцагчаас хүсэж болно. Та суралцагчдад эдгээр үгийг судар дээрээ тэмдэглэхийг зөвлөж болно.)
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 4:6-г чанга уншихад урь. Ангийнхнаас Их Эзэний Өөрийн үйлчлэгчдэд “санахыг” зөвлөсөн өөр бусад зан чанарыг олж мэдэхийг хүс. (Та нэг суралцагчаас эдгээр чанарыг 5-р шүлэгт гарч буй чанаруудын харалдаа самбар дээр бичихийг хүсэж болно.)
5–6-р шүлгээс бурханлаг зан чанарыг хөгжүүлэх нь бидэнд юу хийх боломжийг олгодог талаарх үнэнийг олж тогтоохыг суралцагчдаас асуу. Суралцагчид өөр өөр үгс хэрэглэж болох ч дараах үнэнийг олж тогтоох ёстой. Тэнгэрлэг зан чанаруудыг хөгжүүлэх бидний хичээл зүтгэл Их Эзэний ажилд туслах шаардлагыг хангахад бидэнд туслах болно. (Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно. Та бас үүнийг Сургаал ба Гэрээ 4:5–6-ийн дэргэд судартаа бичихийг суралцагчдад зөвлөж болно.)
-
5–6-р шүлгүүд дэх зан чанарыг нэг бүрчлэн хөгжүүлэх нь биднийг Их Эзэний ажилд илүү үр дүнтэй оролцоход хэрхэн тусалж болох вэ?
-
Та нар эдгээр шүлэгт жагсаасан зан чанаруудаас алийг нь хөгжүүлмээр байна вэ? Яагаад?
Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 4:7-г чанга уншихыг болон бид эдгээр зан чанарыг хэрхэн эрэлхийлж мөн хөгжүүлж болохыг хайж олохыг ангийнхнаас хүс.
-
“Асуух” ба “тогших” гэдэг нь юу гэсэн үг вэ?
-
Залбирал нь тэнгэрлэг зан чанаруудыг хөгжүүлэхэд бидэнд хэрхэн тусална гэж та нар бодож байна вэ?
Хичээлээ дуусгахдаа та суралцагчдыг Их Эзэний ажилд туслах үедээ хүлээн авсан адислалаа гэрчлэхэд урь.