131-р хичээл
Сургаал ба Гэрээ 124:1–21
Оршил
1841 оны 1-р сарын 19-нд бошиглогч Иосеф Смитийг Сургаал ба Гэрээ 124-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авах үед гэгээнтнүүд Иллинойгийн Наувуд бараг хоёр жил шахам амьдарсан байлаа. Гэгээнтнүүд олон хавчлага дарамт, зовлон бэрхшээлийг туулсныхаа дараа одоо л нэг хамтдаа цугларч, амар амгалан байдалд хотыг барьж байгуулах газартай болжээ. Сургаал ба Гэрээ 124 нь Иосеф Смитийн Наувуд байхдаа хүлээн авсан мөн судар болгосон анхны илчлэлт юм. Энэ хэсгийг гурван хичээл болгон судлах болно. Энэ хичээлээр 1–21-р шүлгийг ярилцана. Их Эзэн эдгээр шүлэгт сайн мэдээний Сэргээлт болон Науву дахь Сионы гадасны тухай тунхаг дэлхийн удирдагчдад илгээгдэх ёстой хэмээн зарлиглажээ. Тэрээр мөн Сүмийн эхэн үеийн удирдагчдыг магтан сайшааж, тэдэнд зөвлөгөө өгчээ.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 124:1–14
Их Эзэн дэлхийн удирдагчдад сайн мэдээний тухай тунхаг илгээгдэх ёстой хэмээн зарлиглажээ.
Хүчтэй гэдэг үгийг самбар дээр бич. Дэлхийн жишгээр ямар хүнийг хүчтэй хүн гэдгийг суралцагчдаас асуу. Суралцагчдыг хариулах хооронд тэдний хариултыг самбар дээрх Хүчтэй гэсэн үгийн доор бич. Сул дорой гэдэг үгийг самбар дээр бич. Дэлхийн жишгээр сул дорой хүнд ямар зан чанарууд байдгийг суралцагчдаас асуу.
-
Дэлхий өөрийнхөө жишгээр залуу эрэгтэй, эмэгтэйчүүдэд өөрсдийгөө сул дорой гэж бодох мэдрэмж төрүүлэхийн тулд яадаг вэ?
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 124:1-ийг дотроо уншаад, Их Эзэн хэнийг сул дорой хэмээн тодорхойлсныг олж мэдэхэд урь. Суралцагчдыг олж мэдсэнээ хуваалцахад урь.
-
Иосеф Смит сайн мэдээг сэргээхээр дуудагдахдаа ямар байдлаар сул дорой байсан бэ? 1-р шүлэгт цэдэглэснээр, Их Эзэн яагаад Өөрийнхөө ажлыг хийлгэхээр сул доройчуудыг дууддаг вэ? (Суралцагчдыг хариулах хооронд самбар дээр дараахтай төстэй зарчим бичсэнээр тэдний хариултыг нэгтгэн дүгнэ. Их Эзэн дэлхийн сул дорой зүйлүүдээр дамжуулан Өөрийн мэргэн ухааныг харуулдаг.)
-
Их Эзэн ямар арга замуудаар бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Өөрийн мэргэн ухааныг харуулсан бэ?
-
Их Эзэн хэрхэн Иосеф Смитийн ур чадваруудыг сайжруулсан бэ?
Суралцагчдаас бага залуу насандаа хүлээн авч болох дуудлага эсвэл үүрэг хариуцлагуудыг нэрлэхийг хүс. (Хариултуудад гэрийн багш, анги эсвэл чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн, номлогч, ариун ёслолын цуглаан дээр үг хэлэх, тойрог эсвэл салбарынхаа хэн нэгэнтэй найзлах байж болно.)
Самбар дээрх зарчимд анхаарлыг нь хандуулаад, дараах асуултуудыг тавь.
-
Сүмд үйлчлэх өөр өөр дуудлага, үүрэг хариуцлагыг хүлээн авах явцад энэ үнэнийг санах нь бидэнд хэрхэн туслах вэ?
-
Дэлхийн нүдэнд сул дорой харагдаж болох ч Их Эзэнд итгэлтэй үйлчилсэн хүмүүсийн ачаар та хэрхэн адислагдсан бэ?
1838-аас 1839 оны өвөл гэгээнтнүүд Миссуриг орхиж, Миссури мөрөн дэх Иллиной руу нүүсэн гэдгийг суралцагчдад сануул. Гэгээнтнүүд тэнд Науву хотыг үндэслэн байгуулж эхэлсэн. Гэгээнтнүүд олон хавчлага дарамт, зовлон бэрхшээлийг туулсныхаа дараа арай гэж нэг хамтдаа цугларч, амар амгалан байдалд хотыг барьж байгуулах газартай болжээ. 1840 оны 12-р сард Иллиной мужийн хууль тогтоох байгууллага Науву хотыг барих эрхийг гэгээнтнүүдэд олгов. Энэ нь гэгээнтнүүдэд орон нутгийн удирдлагыг бий болгож, их сургууль байгуулж, бүр орон нутгийн цагдаагийн газрыг байгуулах эрхийг өгчээ.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 124:2–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн гэгээнтнүүдийг Наувуд суурьшсан энэ үед юу хийхийг Иосеф Смитээс хүссэнийг олж мэдэхийг хүс. (Та 2-р шүлэг дэх энэхүү гадас гэдэг нь Наувуг хэлж байгааг тайлбарлаж болно.)
-
Их Эзэн Иосеф Смитээр юу хийлгэхээр дуудсан бэ? (Дэлхийн удирдагчдад зориулж сайн мэдээний тунхаг бичихэд.)
Суралцагчдыг дэлхийн удирдагчдад өгөх сайн мэдээний тунхагт юу бичих байснаа судрын тэмдэглэл эсвэл хичээлийн дэвтэр дээрээ хэдэн минутын дотор бичихэд урь. Та суралцагчдад туслахын тулд тэднээс сайн мэдээн дэх юуг үнэн гэж боддогоо тунгаан бодохыг хүсээд, тэдэнд тунхагтаа эдгээр үнэний талаарх гэрчлэлээ багтаахыг зөвлөж болно. Хэдэн минутын дараа цөөн хэдэн суралцагчийг бичсэн зүйлээ ангийнхантай хуваалцахад урь.
Суралцагчдаас сайн мэдээг бусадтай хуваалцаж болох арга замуудыг нэрлэхийг хүс. (Жишээлбэл, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуваалцах, Мормоны Номон дээр гэрчлэлээ бичээд найздаа өгөх мөн хэн нэгнийг сүмд эсвэл семинарт урих.) Суралцагчдын хариултыг самбар дээр жагсаан бич.
-
Та нарт сайн мэдээг бусадтай хуваалцаж байсан хамгийн үр дүнтэй ямар ямар арга зам байна вэ?
Дараах хоёр гарчгийг самбар дээр бич. Хэрхэн? мөн Яагаад?
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 124:4–8-ыг дотроо уншихад урь. Ангийн суралцагчдын нэг хэсгийг нь Их Эзэн тунхгийг хэрхэн бичээсэй гэж хүссэнийг мөн бусад суралцагчаас Их Эзэн яагаад тунхгийг бичээсэй гэж хүссэнийг олж мэдэхийг хүс. Суралцагчдад эдгээр шүлгийг судлах хангалттай цаг өгсний дараа, цөөн хэдэн суралцагчийг самбарын өмнө гарч, олж мэдсэн зүйлээ тохирох гарчгийн доор бичихэд урь.
Суралцагчдыг 4-р шүлгээс Их Эзэн биднээс сайн мэдээг бусадтай хэрхэн хуваалцаасай гэж хүсдгийг заасан зарчмыг олж тогтооход урь. (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараахтай төстэй зарчмыг олж тогтоох ёстой. Бид сайн мэдээг даруухнаар мөн Ариун Сүнсний хүчээр тунхаглах ёстой.)
-
Сайн мэдээг номхон дөлгөөн байдалд тунхаглах гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ? Сайн мэдээг Ариун Сүнсний хүчээр тунхаглах гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ?
-
Самбар дээр жагсааж бичсэн сайн мэдээг хуваалцах арга замууд руу эргэн хар. Бид эдгээр арга замыг ашиглан хэрхэн сайн мэдээг номхон дөлгөөн байдлаар мөн Ариун Сүнсний хүчээр хуваалцаж болох вэ?
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 124:9-ийг дотроо уншаад, Их Эзэн гэгээнтнүүдийг сайн мэдээг тунхаглах үед юу хийнэ гэж хэлснийг олж мэдэхийг хүс.
Суралцагчдыг 9-р шүлгээс Их Эзэн сайн мэдээг сонсож буй хүмүүсийн төлөө юу хийж чадах тухай сургаалыг олж тогтооход урь. Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах үнэнтэй төстэй үнэнийг олж тогтоох ёстой: Их Эзэн сайн мэдээг сонсож буй хүмүүсийн зүрх сэтгэлийг зөөллөж чадна.
-
Энэ сургаал нь сайн мэдээг номхон дөлгөөн байдлаар мөн Ариун Сүнсний хүчээр тунхаглах тухай үнэнтэй хэрхэн холбогдож байна вэ?
Их Эзэн гэгээнтнүүдийг сайн мэдээг дэлхийн удирдагчдад тунхаглах үед тэднийг гэгээнтнүүдэд туслуулахаар дуудах болно гэж хэлснийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 124:10-14-ийг нэгтгэн дүгнэ. Мөн Их Эзэн Роберт Б.Томпсонд сайн мэдээний тунхгийг бичихэд нь Иосеф Смитэд туслахыг зарлигласан юм.
Энэ тунхгийг бичих ажил Сургаал ба Гэрээ 124-т цэдэглэгдсэн илчлэлт өгөгдсөний дараахан эхэлсэн боловч зарим нэг хүчин зүйл саад болсны улмаас хэдэн жилийн дараа дуусгаж, хэвлүүлэв. Роберт В.Томпсон бичиж эхэлснээсээ хойш долоон сарын дараа нас баржээ. Түүний үхэл, Науву ариун сүмийг барихад зориулсан цаг хугацаа болон бусад үүрэг даалгавар уг тунхгийг Иосеф Смитийг нас барахаас өмнө хэвлэгдэж дуусахгүй байхад нөлөөлсөн байна. Парлей П.Пратт уг тунхгийг бичиж дуусгасан ба энэ нь 1845 оны 4-р сарын 6-нд Нью-Йорк хотод товхимол болон хэвлэгдэж гарсан юм. Мөн 1845 оны 10-р сарын 22-нд Millennial Star нийтлэлд хэвлэгджээ. (Ezra Taft Benson, “A Message to the World,” Ensign, 1975 оны 11-р сар, 32–34-ийг үзнэ үү.)
Сургаал ба Гэрээ 124:15–21
Их Эзэн Науву дахь Сүмийн удирдагчдад зааврууд өгөв
Суралцагчдаас хэн нэгэн тэднийг чин сэтгэлээсээ магтаж байсан үеийн талаар бодохыг хүс. Цөөн хэдэн суралцагчийг өөрсдийн туршлагыг болон эдгээр магтаал тэдэнд яагаад утга учиртай байсан талаар хуваалцахад урь.
Их Эзэн уг илчлэлтэд хэд хэдэн хүнийг онцолсон ба тэдний чадвар, тус нэмрийг магтсан юм. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 124:15–20-ийг дотроо судлаад, Их Эзэн эдгээр хүн бүрийн талаар юу гэж хэлснийг олж мэдэхэд урь. Та онцгой санагдсан хэллэгүүдээ тэмдэглэж авахыг тэдэнд зөвлөж болно. Хангалттай цаг гаргаж өгсний дараа суралцагчдыг хамтрагч руугаа харж, тэдний хувьд юу чухал санагдсан мөн яагаад гэх мэт олж мэдсэн зүйлсээ хуваалцахад урь.
Их Эзэн Сургаал ба Гэрээ 124:19 дээр, нас бараад удаагүй байсан гурван итгэлтэй эрэгтэйг (Давид В.Паттен, Эдвард Партриж, Ахмад Иосеф Смит) Их Эзэний оршихуйд хүлээн авагдсан хэмээн тунхагласан гэдгийг та онцолж болно.
Суралцагчдыг Их Эзэн Сургаал ба Гэрээ 124:15, 20-д Хайрум Смит, Жорж Миллер хоёрын тухай юу гэж хэлснийг уншихад урь.
-
Их Эзэн үнэнч шударга хүмүүсийн талаар юу гэж боддог вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах зарчмыг олж тогтоох ёстой. Их Эзэн зүрх сэтгэлдээ үнэнч шударга хүмүүсийг хайрлаж, тэдэнд итгэдэг. Та суралцагчдад уг зарчмыг зааж байгаа үгсийг 15 болон 20-р шүлэг дээр тэмдэглэхийг зөвлөж болно.)
-
Та зүрх сэтгэлийн үнэнч шударга байдлыг хэрхэн тодорхойлох вэ?
Нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлиний хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.
“Миний хувьд үнэнч шударга зан нь шууд үр дүнгээс үл хамааран үргэлж зөв болон сайн зүйлийг хийх гэсэн үг юм. Энэ нь зөвхөн бид үйлдлүүддээ төдийгүй хамгийн чухал нь бодол, зүрх сэтгэлдээ чин сэтгэлээсээ зөв шударга байна гэсэн утгатай. Хувийн үнэнч шударга байдал нь итгэл эсвэл гэрээндээ хуурамч дүр эсгэх боломжгүй итгэл даасан, зөв шударга байдлыг хэлдэг (“Personal Integrity,” Ensign, May 1990, 30).
-
Ахлагч Вөртлиний тодорхойлсноор, Их Эзэн зүрх сэтгэлдээ үнэнч шударга хүмүүсийг хайрладаг гэж та яагаад бодож байна вэ?
Суралцагчдыг илүү үнэнч шударга байж болох амьдралд нь байгаа асуудлуудыг тунгаан бодоход урь. Тэднийг уг нөхцөл байдалдаа илүү үнэнч шударга байх хувийн зорилго тавихад урь.
Суралцагчдын өнөөдөр сурсан үнэний талаар гэрчлэлээ хуваалцсанаар хичээлийг дуусга.