Институт ба семинар
145-р хичээл: Сургаал ба Гэрээ 135, 2-р хэсэг


145-р хичээл

Сургаал ба Гэрээ 135, 2-р хэсэг

Оршил

Энэ нь Сургаал ба Гэрээ 135 болон 1844 оны 6-р сарын 27-нд Иосеф, Хайрум хоёрын амь насыг бүрэлгэсэн талаарх хоёр хичээлийн сүүлийн хэсэг юм. Энэ хичээл дээр суралцагчид Бурханы хүүхдүүдийн авралд бошиглогч Иосеф Смитийн гүйцэтгэсэн үүргийн тухай ярилцана.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 135

Иосеф болон Хайрум Смитийн амь насыг бүрэлгэсэн нь зарлагдав

Хичээл эхлэхээс өмнө Иосеф Смитийн зургийг самбарын өмнө тавь (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 89-ийг үзнэ үү; мөн LDS.org-ийг үзнэ үү). Та ангийнхнаас нээлтийн дуулал болгон “Тэр Хүнийг магтъя” (Сүмийн дуулал, д. 50) дууллыг дуулахыг хүсэж болно. Дууллыг дуулахаасаа өмнө, бошиглогч Иосеф Смитийн амь насыг бүрэлгэсний дараахан В.В.Фелпс дурсгалд нь зориулан энэ дууллын үгийг бичсэн гэдгийг тайлбарла.

Иосеф Смит

Дараах асуултуудаар хичээлээ эхэл.

  • Та өмнө нь Сүмийн гишүүн бус хүнтэй бошиглогч Иосеф Смитийн талаар ярилцаж байсан уу? Хэрэв тийм бол та юуны тухай ярилцсан бэ? (Хэрэв хэнд ч ийм туршлага байхгүй бол суралцагчдаас Иосеф Смитийн тухай бусдад юу хэлэхийг хүсэж байгааг нь асуу.)

Суралцагчдад Сургаал ба Гэрээ 135 нь Иосеф болон Хайрум Смитийн амь насыг бүрэлгэсэн тухай мэдээг агуулдаг гэдгийг сануул. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 135:3-ын эхний өгүүлбэрийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншихыг хүс.

  • Энэ шүлгийн захиас нь юу байна вэ? (Суралцагчид Иосеф Смит энэ дэлхийд хүмүүний авралын тулд, зөвхөн Есүс Христийг эс тооцвол үүн дээр амьдарч асан аль ч бусад хүнээс илүү ихийг хийсэн гэдгийг хэлэх хэрэгтэй.)

  • Бошиглогч Иосеф Смит бидний аврал болон өргөмжлөлийн төлөө юу хийсэн бэ? (Суралцагчдын хариултыг самбар дээр бич.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 135:3-ын үлдсэн хэсгийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Иосеф Смитийн бидний авралын төлөө хийсэн зүйлсийг дүрсэлж буй үг хэллэгүүдийг олж мэдэхийг хүс. Самбар дээрх жагсаалт дээр нэмж болох өөр зүйлсийг олж мэдэхийг суралцагчдаас хүс.

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн хэлсэн дараах үгийг уншихад урь. Бошиглогч Иосеф Смитийн ажил хэнд нөлөөлснийг олж сонсохыг ангийнхнаас хүс.

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит

“Иосеф Смитийн бие сэтгэлээ бүрэн зориулсан ажил зөвхөн энэ амьдралаар хязгаарлагдахгүй ба ирэх болон өнгөрсөн амьдралд холбогдоно. Өөрөөр хэлбэл түүний ажил дэлхий дээр амьдарч байсан, одоо амьдарч байгаа болон бидний дараа ирэх хүмүүст хамаатай юм. Энэ нь зөвхөн махан биед орших хүнд биш харин хүн төрөлхтний бүх гэр бүлд мөнхөөс мөнхөд хамаатай юм” (Gospel Doctrine, 5 дэхь хэвлэл [1939], 481).

3-р шүлэг дэх Мормоны Ном болон Сургаал ба Гэрээг урагш авчирсан Иосеф Смитийн талаарх тодорхойлолтыг харна уу. Энэ ажлын ач холбогдлыг ойлгоход суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 135:6-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Мормоны Ном болон Сургаал ба Гэрээ урагш авчрагдсан шалтгааныг олж мэдэхийг хүс.

  • 6-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Мормоны Ном болон Сургаал ба Гэрээ яагаад урагш авчрагдсан бэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах үнэнийг олж тогтоох ёстой. Мормоны Ном болон Сургаал ба Гэрээ нь дэлхийн авралын тулд урагш авчрагдсан.)

  • Эдгээр ном дэлхийн авралыг ямар арга замуудаар авчрахад тусалдаг вэ?

  • 6-р шүлэгт цэдэглэгдсэнээр, юу Мормоны Ном болон Сургаал ба Гэрээг таны хамгийн үнэ цэнтэй номуудын нэг болгодог вэ?

Суралцагчдаас тэд амьдралдаа Мормоны Ном болон Сургаал ба Гэрээгээр дамжуулан юу хийснээ тунгаан бодохыг хүс.

  • Эдгээр номыг урагш авчрахын тулд Иосеф, Хайрум Смит хоёрын хийсэн золиослолд талархаж байгаагаа харуулахын тулд бид юу хийж чадах вэ?

Суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ эдгээр номыг урагш авчрахын тулд хийсэн золиослолд талархаж байгаагаа харуулж болох тодорхой арга замыг бичихэд урь.

Хичээлийн эхэнд самбар дээр бичсэн жагсаалтыг хар. Судар, үнэн сургаал, санваарын эрх мэдэл болон түлхүүрүүд, амьд болон нас барагсдын төлөөх ёслолууд мөн Есүс Христийн Сүмийн зохион байгуулалтыг сэргээхэд тусалснаар Иосеф Смит Бурханы бүх хүүхдэд Цагаатгалын адислалуудыг бүрэн дүүрнээр хүлээн авах боломжтой болоход тусалсан гэдгийг гэрчил.

Зарим хүн бошиглогч Иосеф Смитэд хандуулсан хожмын үеийн гэгээнтнүүдийн сэтгэл юм уу түүний тухай итгэл үнэмшлийг буруу ойлгодог болохыг тайлбарла. Нэг суралцагчийг ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн дараах мэдэгдлийг уншихад урь. Ангийнхнаас Сүмийн гишүүд Иосеф Смитийг Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христтэй хамааруулж хэрхэн үздэгийг сонсохыг хүс. Боломжтой бол та энэ хэлсэн үгийн хувийг суралцагч бүрд өгч болно.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Бид бошиглогчийг шүтэн биширдэггүй. Бид Бурхан Мөнхийн Эцэг болон амилсан Их Эзэн Есүс Христийг шүтэн биширдэг. Гэхдээ бид бошиглогчийг хүлээн зөвшөөрдөг; бид түүнийг тунхагладаг; бид түүнийг хүндэлдэг; бид түүнийг Бурханы эрх мэдэл Сүмийн ажил хэрэгт хэрэгжиж, Түүний хүмүүсийг адислах болгосон санваарын хамтаар тэнгэрлэг сайн мэдээний эртний үнэнүүдийг дэлхийд авчрахад Бүхнийг Чадагчийн мутарт зэмсэг болсон учраас хүндэтгэдэг (“Joseph Smith Jr.—Prophet of God, Mighty Servant,” Ensign, 2005 оны 12-р сар, 4).

  • Та өөрийнхөө үгээр бошиглогч Иосеф Смитийн талаарх Сүмийн гишүүдийн бодлыг хэрхэн тайлбарлах байсан бэ?

Суралцагчдыг бошиглогч Иосеф Смитийн тохинуулал тэдний амьдралд болон дэлхий даяарх сая сая хүний амьдралд ямар нөлөөтэй байсныг бодоход урь. Дараах асуултуудыг самбар дээр бичээд, суралцагчдаас хариултыг нь хичээлийн дэвтэр юм уу судрын тэмдэглэл дээрээ бичихийг хүс.

Бошиглогч Иосеф Смитийн тохинуулалгүйгээр та нарын амьдрал ямар ямар тодорхой байдлаар өөр байж болох вэ?

Бошиглогч Иосеф Смит та нарын Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай мэдлэг болон тэдэнтэй холбоотой байхад тань хэрхэн нөлөөлсөн бэ?

Нэг суралцагчаас ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн дараах мэдэгдлийг чанга уншихыг хүс. Ангийнхнаас бид бусдад сайн мэдээний баяр баясгаланг мэдэхэд нь хэрхэн тусалж чадах талаар сонсохыг хүс.

Ерөнхийлөгч Томас С.Монсон

“[Бошиглогч Иосеф Смит] өнөөдөр ч [сая сая] дагалдагчдаа бүх тив дээр түүнийг Бурханы бошиглогч хэмээн тунхаглахыг боломжтой болгосон өвийг үлдээсэн. Бидний хүн тус бүр энэ ажлын талаар бошиглогч Иосефын үзэгдлийг үргэлжлүүлж, бусад хүн ч бидний адил түүний тухай мэдэж мөн сэргээгдсэн сайн мэдээний амар амгалан ба баяр баясгаланг мэдэрч болохын тулд өөрсдийн ажлууд хийгээд гэрчлэлүүдээр дамжуулан түүний түүхийг эрхэмлэн дээдлэхээр хичээг (“Brother Joseph,” Church News, 2005 оны 12-р сарын 31, 4).

  • Бид бусдыг бошиглогч Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн сайн мэдээний баяр баясгаланг мэдрэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?

Хичээлийн үлдсэн цагт суралцагчдыг бошиглогч Иосеф Смит болон сайн мэдээний сэргээлтийн талаар гэрчлэлээ хуваалцаж болно гэдгийг тайлбарла. Тэднийг гэрчлэлээ илэрхийлэхдээ түрүүчийн үйл ажиллагаан дээр бичсэн хариултуудаа ашиглахыг бодож үзэхийг хүс.

Бошиглогч Иосеф Смит болон Сэргээлтийн тухай гэрчлэлээ хуваалцан хичээлийг өндөрлө. Суралцагчдыг дараагийн хэдэн өдрийн турш бошиглогч Иосеф Смитийн талаар болон Есүс Христийн сайн мэдээний сэргээлтэд түүний гүйцэтгэсэн үүргийн талаарх гэрчлэлээ бусадтай хуваалцах боломжуудыг эрэлхийлэхэд урь.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Бошиглогч Иосеф Смит бол Есүс Христийн гэрч байсан

Бошиглогч Иосеф Смитийн Есүс Христ ба Түүний номлолын тухай ойлголтыг олж авахаар хийсэн зүйлийнх нь төлөө бид Түүнд бишрэлтэй байдаг. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ингэж хэлжээ.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Их Эзэнтэй харьцах хувийн харилцаагаараа, Мормоны Номын орчуулга хийгээд хэвлэлтээрээ мөн гэрчлэлээ өөрийн амийг зольсон цусаар лацадсанаараа дамжуулан Иосеф Есүс Христийн тэнгэрлэг гэтэлгэгч гэсэн үнэн мөн чанарын гарамгай илчлэгч болсон. Есүст Иосеф Смитээс агуу гэрч хийгээд илүү үнэнч найз байгаагүй” (“Born Again,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 5-р сар, 79; налуу бичиглэлүүд нэмэгдсэн).

Иосеф Смитийн нөлөөлөл

1844 оны хавар Массачусетсийн Бостон хотын дарга асан, тухайн үеийн Харвардын Их Сургуулийн ерөнхийлөгч Жозая Квинси өөрийн үеэл Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч асан Жон Квинси Адамсын хүү Чарльз Франсис Адамстай Наувуд ирсэн. Тэд бошиглогч Иосеф Смиттэй нэг өдрийг өнгөрүүлжээ. Олон жилийн дараа, Жозая Квинси энэ тохиолдлынхоо тухай ийн бичжээ.

“Одоогоор төрөөгүй байгаа үе удмын хэрэгцээнд зориулсан ирээдүйн зарим хичээлийн номуудад дараах шиг асуултууд байж болох магадлалтай. Арван есдүгээр зууны үед улс орон ард түмэндээ хамгийн хүчтэй нөлөөлсөн түүхэн америк хүн хэн байсан бэ? Мөн энэ асуултын хариулт мормон бошиглогч Иосеф Смит байх магадлалтай” (Figures of the Past: From the Leaves of Old Journals [1888], 376).