Институт ба семинар
22-р хичээл: Сургаал ба Гэрээ 18:1–16


22-р хичээл

Сургаал ба Гэрээ 18:1–16

Оршил

Петр, Иаков, Иохан нар Иосеф Смит, Оливер Каудери хоёрт Мелкизедек санваарыг хүртээсний дараахан 1829 оны 6-р сард Иосеф Смит өөрийнхөө болон Оливер Каудери, Давид Витмер нарын төлөө Сургаал ба Гэрээ 18-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Уг илчлэлтийн эхэнд Их Эзэн Сүмийг барьж байгуулах тухай Оливер Каудерид заасан юм. Дараа нь Тэр Оливер Каудери, Давид Витмер хоёрыг наманчлалыг тунхаглахад дууджээ.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 18:1–5

Их Эзэн Өөрийн Сүмийг хэрхэн барьж байгуулах тухай заав

Хичээл эхлэхээс өмнө самбар дээр дараах хавсаргасан зургийг зур.

сүмийн барилгын зураг төсөл

Дараах мэдээллийг унших эсвэл таны амьдарч буй газрын ойролцоо болсон эсвэл хамгийн сүүлд болсон газар хөдлөлтийн тухай мэдээллийг хуваалцахыг бодож үз.

1989 оны 10-р сарын 17-ны 17:04 цагт Нэгдсэн Улс дахь Калифорнийн Сан Францискод 6.9 рихтерийн шаталбартай газар хөдлөлт болжээ. Мянга мянган барилга эвдэрсэн эсвэл нурсан байна. Маш олон барилгын суурь цуурч хагараад, аюултай байдалд оржээ.

  • Та тогтворгүй суурьтай байшинд амьдарвал юу таны санааг зовоох вэ?

Сургаал ба Гэрээ 18 нь Их Эзэний Сүмийг хэрхэн тогтвортой суурин дээр барих талаар Иосеф Смит, Оливер Каудери хоёрт өгсөн Их Эзэний илчлэлтийг цэдэглэсэн гэдгийг тайлбарла. Энэхүү илчлэлтийн эхэн үед Их Эзэн Бошиглогч Иосеф Смитийн бичээчээр үйлчилж байхдаа Оливерийн цэдэглэсэн Мормоны Номын үгс болох Оливер Каудеригийн бичсэн зүйлсийг дурджээ. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 18:1–4-ийг чангаар уншихад урь. Ангийнхнаас Мормоны Номон дээр бичигдсэн зүйлс хэрхэн Сүмийг барихад тусалдгийг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн Мормоны Номонд юу байгаа гэж хэлсэн бэ? Мормоны Номон дээрх сургаал хэрхэн Сүмийг барихад тусалж болох вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 18:5-ыг чангаар уншихад урь. Бид Түүний сайн мэдээний суурин дээр Түүний Сүмийг барих үед Аврагч бидэнд юуг өгнө гэж амласныг олж тогтоохыг ангийнхнаас хүс.

  • 5-р шүлэгт цэдэглэснээр үнэн Сүм юун дээр баригдах ёстой вэ? (Суралцагчдын хариулт дараах сургаалыг тусгасан байх ёстой: Үнэн Сүм нь Есүс Христ болон Түүний сайн мэдээн дээр баригддаг.)

  • Хэрэв бид Түүний сайн мэдээн дээр Түүний Сүмийг баривал Их Эзэн бидэнд юуг өгнө гэж амласан бэ?

Сургаал ба Гэрээ 18:6–16

Их Эзэн Оливер Каудери, Давид Витмер хоёрыг наманчлалыг тунхаглахад дууджээ.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 18:6-г чангаар уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, сайн мэдээг дэлгэрүүлэхийг Их Эзэн хэрхэн дүрсэлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэнээ хуваалцсаны дараа тэднийг Сургаал ба Гэрээ 18:9-ийг уншаад, Их Эзэн дэлхий дээр ихсэж буй алдсуудын хариулт болгон юу гэж зарлигласныг олж мэдэхэд урь.

  • Их Эзэн дэлхий дээр ихсэж буй алдсуудын хариулт болгон юу гэж хэлсэн бэ? (Тэрээр наманчлалыг тунхаглуулахаар үйлчлэгчдийг дуудсан.)

Их Эзэн эртний Төлөөлөгч Паулыг наманчлалыг тунхаглахад дуудсаны адил Оливер Каудери, Давид Витмер хоёрыг мөн дуудсан гэдгийг онцол. Хэдийгээр Оливер, Давид хоёр Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүнээр дуудагдаагүй ч хожмын өдрүүдэд уг чуулганыг байгуулахад хувь нэмэр оруулсан билээ. Суралцагчид Оливер Каудери, Давид Витмер хоёрын үүргүүдийн талаар дараагийн хичээлд суралцах болно гэдгийг тайлбарла.

Суралцагчдад бодгалиудын үнэ цэнийн талаарх Их Эзэний сургаалуудыг судлахад бэлтгэхэд нь туслахын тулд суралцагчдад үнэ цэнтэй байж болох хэдэн зүйлийг үзүүл. Тэднээс эдгээр зүйл бүрд тэд хэр их мөнгө төлж болохыг асуу. Ямар нэгэн зүйлийн үнэ цэнийг тодорхойлох нэг арга зам бол хүмүүс үүний төлөө хэр их мөнгө төлөхөд бэлэн байгааг олж мэдэх явдал гэдгийг тайлбарла. Хэн нэгэн хүн тодорхой нэг зүйл тодорхой хэмжээний мөнгөний үнэ цэнтэй гэж хэлж болох ч өөр хэн нэгэн мөн үүний төлөө тэрхүү үнийг төлөхөд бэлэн байгаа тохиолдолд тэр үнэ зөв үнэ болдог.

Сургаал ба Гэрээ 18:10-ыг чангаар унш. Суралцагчдыг Бурханы мэлмий дэх өөрсдийн үнэ цэнийг тайлбарлахдаа энэхүү шүлгийг ашиглахад урь. Суралцагчид хэд хэдэн зарчим хэлж болох ч бодгалийн үнэ цэн Бурханы мэлмийд агуу гэдэг зарчмыг онцолж хэлэхэд анхаар.

  • Бурханд яагаад та нар тийм их агуу үнэ цэнтэй байдаг гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчаас Тэргүүн Зөвлөлийн Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын дараах мэдэгдлийг чангаар уншихыг хүс.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Бурхан таныг нэгэн жижигхэн гараг дээр түр хугацаагаар амьдарч байгаа зуурдын нэгэн бодгаль биш харин Өөрийн хүүхэд хэмээн үздэг. Тэрээр таныг ирээдүйд хэн болж чадахаар тань хардаг. Түүнд та чухал болохыг Тэр таныг мэдээсэй гэж хүсдэг” (“Та нар Түүнд чухал,”Ensign, 2011 оны 11-р сар, 22 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22).

Ямар нэгэн зүйлийн үнэ цэнийг хэн нэгэн хэр их мөнгө төлөхөд бэлэн байгаагаар тодорхойлдог гэж тайлбарласан үйл ажиллагааныхаа талаар суралцагчдад сануул. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 18:11–12-ыг уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Аврагч бидний төлөө юу төлөхөд бэлэн байсныг олж тогтоохыг хүс.

  • Аврагч бидний бодгалийн төлөө ямар үнэ төлсөн бэ? (Та суралцагчдад эдгээр шүлэг дэх “бүх хүмүүн” гэдэг нь бүх хүнийг хэлж байгааг сануулж болно.)

  • Бид Аврагчийн бидний төлөө хийсэн золиослолд талархдагаа хэрхэн харуулж болох вэ? (Олон хариулт зөв байж болох ч талархлаа харуулж болох хамгийн шилдэг арга замуудын нэг нь наманчлал гэдгийг онцолж хэл.)

Дараах тодорхойлолтыг самбар дээр бич. Намайг наманчилж болохын тулд Есүс Христ зовж шаналан мөн үхсэн бөгөөд миний бодгаль ийм агуу үнэ цэнтэй.

Та суралцагчдад энэ зарчмыг өөрсдийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихийг санал болгож болно.

  • Энэ үнэн нь таны өөрийгөө үнэлэх үнэлэмжинд хэрхэн нөлөөлөх вэ?

  • Энэ үнэ нь бусдад хандах таны хандлагад хэрхэн нөлөөлөх вэ?

Аврагч бидний хүн нэг бүрийг хайрладаг ба бидний төлөө үхэхэд бэлэн байсныг гэрчил.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 18:13-ыг дотроо уншихад урь.

  • Биднийг наманчлах үед Их Эзэн яагаад агуу баяр баяслыг мэдэрдэг гэж та нар бодож байна вэ?

  • Хэрэв хэн нэгэн бодгалийн үнэ цэн Бурханы мэлмийд агуу гэдэгт итгэж байвал тэдний итгэл тэднийг юу хийхэд хөтөлж болох вэ? (Хариултууд нь дараах санааг багтааж болно. Тухайлбал: бусдыг хүндэтгэх, бусдад үйлчлэх, номлолд үйлчлэхэд бэлтгэх.)

Их Эзэн Оливер Каудери, Давид Витмер хоёроор юуг хийлгэхээр дуудсаныг мэдэхийн тулд Сургаал ба Гэрээ 18:14-ийг дотроо уншихад суралцагчдыг урь.

  • “Наманчлахыг тунхаглах” гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ?

Суралцагчдад энэ хэллэгийг илүү сайн ойлгоход нь туслахын тулд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны дараах үгсийг унш. “Наманчлалыг тунхаглах гэдэг нь хүмүүст Бурханд эргэж очиход нь туслах гэсэн энгийн утгатай” (“Preparing for Your Spiritual Destiny” [СБС-ийн галын дэргэдэх ярилцлага дээр хэлсэн үг, 2010 оны 1-р сарын 10], 7, speeches.byu.edu).

  • Бид бусдад наманчлахад нь тусалж болох ямар арга замууд байдаг вэ?

Бусдыг Христэд ирэхэд нь туслах үедээ хүмүүс ямар туршлага олж авдаг талаар суралцахын тулд Сургаал ба Гэрээ 18:15–16-г уншихад суралцагчдыг урь.

  • Бусдыг Есүс Христэд ирэхэд нь тусалдаг хүмүүст ямар адислалууд өгөгддөг вэ? (Суралцагчдыг хариулах үед дараах зарчмыг самбар дээр бичиж болно. Хэрэв бид наманчилж мөн Их Эзэнд ирэхэд нь бусдад туслах юм бол бид Бурханы хаант улсад тэдэнтэй хамт баяр хөөрийг мэдрэх болно.)

  • Та бусдыг Есүс Христэд авчрахдаа яагаад баяр баясгаланг мэдэрнэ гэж бодож байна вэ?

Хэн нэгнийг Их Эзэнд ойртоход нь тусалснаар баяр баяслыг мэдэрсэн өөрсдийн туршлагыг эсвэл хэн нэгний туршлагыг хуваалцахад суралцагчдыг урь. Та мөн өөрийнхөө туршлагаас хуваалцаж болно.

Бодгалиудыг аврах ажилд туслахын тулд хийж болох нэг зүйлийг бичихэд суралцагчдыг урь. Суралцагчдаас тусалж болох тодорхой хүмүүсийг бодож олохыг хүс.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 18:5. “Миний хад”

Сургаал ба Гэрээ 18:5 нь Их Эзэний Сүм “миний сайн мэдээ болон миний хадны суурин дээр” баригдах ёстой гэж заадаг. Судруудын удирдамж нь хадыг “бат бөх суурь хийгээд дэмжлэг болох Есүс Христ болон түүний сайн мэдээтэй жишин харьцуулжээ (С ба Г 11:24; 33:12–13). Хад нь түүнчлэн өөрийн сайн мэдээг хүмүүнд мэдүүлдэг Бурханы илчлэлтийг бас хэлдэг (Мат. 16:15–18)” (Судруудын удирдамж, “Хад,” scriptures.lds.org).

Сургаал ба Гэрээ 18:10. “Бодгалиудын үнэ цэнэ Бурханы мэлмийд агуу юм”

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф заахдаа:

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Бидний уулздаг хүн бүр Тэнгэрлэг Эцэгийн хувьд МЧХ [маш чухал хүн] юм. Үүнийг ойлгосны дараа бид нөхөдтэйгөө хэрхэн харьцаж хандахаа ойлгож эхэлдэг.

Олон жил зовлон бэрхшээлийг туулж амьдарсан нэгэн эмэгтэй нулимс асгаруулан: ‘Би өөрийгөө үрчийж үнгэгдэн урагдаж аймаар болсон 20 долларын дэвсгэрттэй зүйрлэж байна. Гэхдээ 20 долларын дэвсгэртийн үнэ цэн хэвээр байдгийн адил би ч үнэ цэнтэй юм. Би хэдийгээр амьдралд нухлагдан хөгширч сайхан харагдахгүй байгаа ч би бүтэн 20 долларын үнэ цэн хэзээд хэвээрээ байдгийн адил юм шүү” гэж заасан (“Та нар бол миний мутар,” Ensign, 2010 оны 5-р сар, 69 эсвэл Лиахона, 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 80).

Сургаал ба Гэрээ 18:15–16. “Хэрэв та нар хөдөлмөрлөх ёстой аваас”

Доорх түүх нь Ерөнхийлөгч Томас С.Монсоны бодгалиудыг Аврагчид авчрах хичээл зүтгэлийг харуулдаг.

Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Бишопын хувьд миний хариуцлагууд маш олон бөгөөд олон төрлийн байлаа. Надаас шаардагдсан бүх зүйлийг чадах чинээгээрээ хийж байв. Тэр үед Америкийн Нэгдсэн Улс дайнд оролцож эхэлсэн байв. Манай гишүүдээс олон хүн зэвсэгт хүчинд алба хааж байсан учраас Сүмийн удирдах төвөөс бүх бишопуудад хандан эдгээр цэргийн албан хаагч бүрд Сүмийн мэдээ болон тухайн үеийн Сүмийн сэтгүүл байсан Хөгжлийн Эринг илгээх үүрэг өгсөн юм. Түүнчлэн, бишоп бүр тойргоосоо үйлчилж буй цэрэг бүрд сар болгон хувийн захидал бичих үүрэг хүлээсэн. Манай тойргоос 23 ах цэрэгт байлаа. Санваарын чуулгууд эдгээр хэвлэл захиалгын зардлыг хичээн гаргаж байлаа. Би сар бүр 23 хувийн захиа бичих ажил үүргээ биелүүлж байсан юм. Энэ олон жилийн дараа би захиануудынхаа олныг мөн хүлээж авсан хариу захианы хамт хадгалсаар ирсэн. Би эдгээр захидлыг эргэн унших бүрд аяндаа нулимс цийлэгнэдэг юм. Цэрэг хүн сайн мэдээгээр амьдрах амлалтаа биелүүлэх мөн усан цэрэг хүн гэр бүлтэйгээ хамт итгэлтэй байх шийдвэрийн тухай мэдэх бүрд баяр баясал ирдэг.

Нэгэн орой би тойргийнхоо нэг эгчид тухайн сарын 23 захидлыг өгсөн юм. Түүний даалгавар нь захидлуудыг илгээж, хүмүүсийн байнга өөрчлөгддөг хаягуудыг бүртгэх явдал байлаа. Тэрээр нэг захидлыг хараад, инээмсэглэн ‘Бишоп оо, танд бууж өгөх бодол орж ирдэггүй гэж үү? Та Брайсон ах руу дахиад л захидал бичжээ. Энэ бол таны 17 дахь захидал бөгөөд та нэг ч хариу хүлээж аваагүй шүү дээ” гэж асууж билээ.

Би хариуд нь ‘Магадгүй энэ сард хариу ирэх байх’ гэж хэлсэн юм. Үнэхээр тэр сард хариу захидал ирсэн. Тэрээр миний захианд анх удаа хариу бичсэн нь энэ байлаа. Түүний хариу захидал үнэхээр дурсгалтай мөн үнэ цэнтэй байлаа. Тэр маш хол алслагдсан газар, ганцаараа, гэрээ маш их санасан байдалтай үйлчилж байлаа. Тэрээр ‘Хүндэт бишоп оо, би захидал бичихдээ тийм сайн биш л дээ’ гэж бичсэн байлаа. (Би үүнийг түүнд хэдэн сарын өмнө хэлж чадах л байсан.) Тэрээр үргэлжлүүлэн ‘Сүмийн мэдээ болон сэтгүүлүүдийг илгээсэн танд маш их баярлалаа. Харин таны илгээсэн захидлуудад бүр их баярлалаа. Би амьдралын нэгэн шинэ хуудсыг эргүүлсэн. Би Аароны санваарын пристээр томилогдсон. Миний зүрх сэтгэл дүүрэн байна. Би аз жаргалтай байна’ хэмээн бичсэн байлаа.

Түүний бишоп Брайсон ахаас ч дутахааргүй аз жаргалтай байсан юм. Хамаг чадлаараа үүргээ гүйцэтгэ. Тэгээд бусдыг нь Их Эзэнд даатга’ гэсэн хуучны зүйр үгийн биеллийг би энд олж харсан. (Хэнри Вадсворт Лонгфэлло, “The Legend Beautiful,” in The Complete Poetical Works of Longfellow [1893 он], 258).

Олон жилийн дараа Жэймс Э.Фаустын ерөнхийлөгчөөр үйлчилж байсан Солт Лэйк Коттонвүүд гадасны цуглаанд оролцохдоо би цэргийн албанд үйлчилж буй гишүүдээ зоригжуулахын тулд энэ түүхийг хуваалцсан юм. Цуглааны дараа нэгэн царайлаг эр урагш гарч ирлээ. Тэр миний гараас атгаад ‘Бишоп Монсон, та намайг санаж байна уу?’ гэж асуусан юм.

Би гэнэт түүнийг хэн болохыг нь саналаа. ‘Брайсон ах байна!’ гэж би дуу алдлаа. ‘Та сайн байна уу? Та Сүмд ямар үүрэгтэй байгаа вэ?’ гэж би асуулаа.

Тэрээр маш дулаан мөн илт тод өөртөө итгэлтэй байдлаар ‘Би сайн байгаа. Би ахлагчдын чуулгынхаа ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байгаа. Миний төлөө санаа тавьж байсанд мөн надад явуулсан хувийн захидалд тань дахин баярлалаа. Би тэдгээрийг үргэлж нандигнах болно’ гэж хэлсэн юм.

Ах нар аа, дэлхийд бидний тусламж хэрэгтэй байна” (“Үйлчлэх хүсэлтэй мөн зохистой байх нь,” Ensign, 2012 оны 5-р сар, 68–69 эсвэл Лиахона, 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 74–75).

Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Би бишопоор үйлчилж байхдаа нэгэн ням гарагт нэг прист санваарын цуглаандаа ирээгүй байгааг анзаарсан юм. Би чуулгыг зөвлөхдөө хариуцуулж үлдээгээд Ричардынд очихоор гарлаа. Ээж нь Ричардыг Вэст Тэмпэл машины засварын газар ажиллаж байгаа гэв.

Би засварын газар ороод Ричардыг хаа сайгүй хайгаад олсонгүй. Гэнэт би барилгын хажуу талын хуучны маягийн, засварчид дотор нь орж, машины доод талаас нь засвар хийдэг тос болсон нүх рүү өнгийж хар гэсэн сүнслэг удирдамжийг хүлээж авав. Харанхуй дотроос хоёр нүд гялалзахыг би харлаа. Тэгтэл ‘Бишоп оо, та намайг олчихлоо шүү. Би гараад очъё’ гэж Ричард хэлэв. Түүнээс хойш тэр санваарын цуглаанаа бараг таслаагүй юм.

Түүний гэр бүл ойролцоох гадас руу нүүсэн. Цаг хугацаа өнгөрч, Ричард Мексикийн номлолд үйлчлэхээр дуудагдсанаа мэдэгдсэн ба түүний гэр бүл надаас үдэлтийн цуглаан дээр үг хэлэхийг хүсэж над руу утсаар ярьсан юм. Цуглаан дээр Ричард номлолд үйлчлэх шийдвэр төгс байдал нь сүмийн байран дотор бус харин нэгэн ням гарагт машин засдаг нүхэн дотроос гараа сунгаж буй чуулгын ерөнхийлөгчөө харах үед ирсэн гэж хэлсэн.

Он жилүүдийн турш Ричард надтай холбоотой байсаар байгаа бөгөөд өөрийн гэрчлэл, гэр бүл мөн бишопын дуудлага зэрэг Сүм дэх итгэлтэй үйлчлэлийнхээ талаар үргэлж хэлдэг юм” (“They Will Come,” Ensign, 1997 оны 5-р сар, 46).