61-р хичээл
Сионы төв газар
Оршил
1831 оны зун Огайод цугларсан гэгээнтнүүдийн зарим нь Миссуригийн Жаксон гүнлэгт суурьшиж эхлэв. 1831 оны 7-р сарын 20-нд бошиглогч Иосеф Смитэд өгсөн илчлэлтдээ, Их Эзэн Миссуригийн Индепенденсийг Сионы “төв газар” хэмээн тодорхойлжээ (С ба Г 57:3). Гэгээнтнүүд Сионыг байгуулахад бэлтгэхийн тулд тэр хавийн газруудыг худалдаж авах ёстой байсан ба Их Эзэний зарлигуудыг бас сахих ёстой байжээ. Гэсэн хэдий ч, удалгүй гэгээнтнүүд болон Миссуригийн Жаксон гүнлэгийн ихэнх иргэдийн хооронд зөрчилдөөн бий болж, улмаар танхайрагчдыг гэгээнтнүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэхэд хүргэсэн байна. Гэгээнтнүүд 1833 оны 11, 12-р сард Жаксон гүнлэгээс хөөгдөн гарчээ.
Заах зөвлөмж
Их Эзэн Миссуригийн Индепенденсийг Сионы төв газар хэмээн тодорхойлов
Хичээл эхлэхээс өмнө Огайогийн Көртланд гэсэн үгийг цаасан дээр бичээд, ангийн нэг талын ханан дээр байрлуул. Нөгөө талын ханан дээр Миссуригийн Индепенденс гэж цаасан дээр бичсэн үгийг байрлуул. Эсвэл та самбар дээр Огайогийн Көртланд, Миссуригийн Индепенденсийг тод тэмдэглэсэн Нэгдсэн Улсын төвийн баруун хэсгийн энгийн газрын зургийг зурж болно (Сүмийн түүхийн газрын зургууд, Газрын зураг 6, “Өрнөд руу хийсэн Сүмийн нүүдэл”-ийг үзнэ үү). Хичээлийг заахдаа газрын зурагт анхаарал хандуул.
Суралцагчдыг хээр хонож байхад нь шуурга ирж байна гэж төсөөлөхийг хүссэнээр хичээлээ эхэл.
-
Шуурганаас хоргодох ямар аргууд байдаг вэ? Ийм нөхцөлд майхан яаж тус болох вэ?
Бошиглогч Исаиа Сионыг асар том майхантай зүйрлэн хэлсэн гэдгийг тайлбарла. Тэрээр, “Майхныхаа талбайг өргөтгөн, сууцныхаа хөшгийг дэлгэн татаж, бүү хаагтун. Аргамжаагаа уртасгаж, гадсаа бөхлөгтүн” (Исаиа 54:2) гэж хэлжээ. Их Эзэн Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгаар дамжуулан дэлхий даяар Сионы гадаснуудыг байгуулж байгаа нь энэ бошиглолын биелэлт юм.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 64:41–43-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Их Эзэний Сионд цугларах зөв шударга хүмүүст амласан адислалуудыг олж мэдэхийг хүс.
-
Сионд цуглардаг зөв шударга хүмүүст Их Эзэн ямар адислалуудыг амласан бэ?
1831 оны 7-р сард Их Эзэн Миссуригийн газар нутаг бол Сионы амлагдсан нутаг бөгөөд Миссуригийн Индепенденс нь Сион хотын “төв газар” байна (С ба Г 57:1–3-ыг үзнэ үү) хэмээн тунхаглажээ.
Нэг суралцагчийг Миссуригийн Индепенденс гэсэн тэмдгийн хажууд зогсоход урь. Суралцагчийг самбар дээр майхны зураг зурахыг хүс. (Хэрэв анги хангалттай том байвал та толгой хоргодох хот барьж эхэлж буй гэгээнтнүүдийг төлөөлүүлэхээр майхан авчирч, нэг эсвэл хоёр суралцагчаар үүнийг бариулах талаар бодож үзээрэй.)
-
Та нар өмнө нь майхныг буруу барьж байсан эсвэл хэсгүүд нь дутуу майхан барьж байсан уу? Юу тохиолдсон бэ?
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 105:5-ыг дотроо уншаад, Сионы “майхан” нь Их Эзэн хүлээн авахуйц байхын тулд хэрхэн баригдах ёстойг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ тайлагнахыг хүс.
Дараах зарчмыг самбар дээр бич. Сион нь селестиел хаант улсын хуулийн зарчмууд дээр баригдах ёстой. Их Эзэн 1831 онд Сионы байршлыг илчилсний дараагийн хоёр жилд нь гэгээнтнүүд ямар зарчмуудад тулгуурлан Сионыг барих ёстой талаар олон илчлэлт өгсөн.
Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич.
Суралцагчдыг дөрвөн бүлэгт хуваагаад бүлэг бүрд самбар дээрх судрын хэсгүүдийн нэгийг өг. Бүлгүүдийг оногдсон судрын хэсгийг уншаад, Сионыг амжилттай байгуулахын тулд гэгээнтнүүдийн дагах хэрэгтэй зөв шударга ёсны зарчмууд эсвэл зарлигуудыг олж мэдэхэд урь.
Суралцагчид оногдсон хэсгүүдээ уншсаны дараа, тэднийг олж мэдсэн зүйлээ бусадтайгаа хуваалцахад урь. Нэг суралцагчийг самбарт өөрсдийн хариултуудыг бичихэд урь. (Суралцагчдын хариултууд дараах зүйлсийг багтаах ёстой: өргөлийн хуулиар амьдарч мөн бусдын сайн сайхныг эрэлхийл [С ба Г 82:17–19]; ариун сүм барьж мөн тэнд заавар хүлээн ав [С ба Г 97:10–14]; зүрх сэтгэлдээ цэвэр ариун бай [С ба Г 97:16, 21]; зарлигуудыг сахь [С ба Г 97:25–26]; өөрсдийгөө ариусгаж дэлхийн зүйлсээс холдох гэсэн утгатай “Вавилоноос гарагтун,” [С ба Г 133:4–5].)
-
Зөв шударга байдлын эдгээр зарчмаар амьдрах нь Сионыг барьж мөн сүнслэг шуурганаас хамгаалагдахад нь гэгээнтнүүдэд ямар арга замаар тусалсан байж болох вэ? Эдгээр зарчмаар амьдрах нь өнөө үед биднийг хэрхэн хамгаалж болох вэ?
Та цөөн хэдэн суралцагчийг судруудаа авчирч, Огайогийн Көртланд гэсэн тэмдгийн хажууд зогсож эсвэл суухыг уриад, эдгээр суралцагчийн нэг эсвэл хоёрыг нь Миссуригийн Индепенденс гэсэн тэмдгийн хажууд зогсож эсвэл суухыг урьж болно. 1831 оны 7-р сард Их Эзэн Сионы байршлыг илчилсний дараа, гэгээнтнүүдийн олон нь Миссуригийн Индепенденст суурьшиж мөн Сионыг байгуулахын тулд 1800 орчим километр явсан гэдгийг тайлбарла. Зарим нь Көртландад мөн зүүн зүгийн бусад газруудад үлдсэн юм. 1834 оны 2-р сарын 17-нд Көртландад гадас зохион байгуулагдсан.
Майхны зургийг үзүүл (эсвэл ангид авчирсан майхан руу заа). Гэгээнтнүүд Сионыг байгуулахаар хамт хөдөлмөрлөх үед Сионы хамгаалах адислал нь тэд бүгдэд болон Миссуригийн Индепенденст амьдарч байгаагүй байсан хүмүүст хүртэл нөлөөлсөн гэдгийг тайлбарла. Гэгээнтнүүд Сион хотын суурийг тавихын тулд хөрөнгө болон нөөц баялгуудаа хандивлахаар хамтдаа хөдөлмөрлөжээ. Суралцагчдаас Сионы майхны үргэлжлэл Көртландад буй гэгээнтнүүдийг хамгаалж байгаагаар төсөөлөхийг хүс.
Гэгээнтнүүд ба Миссуригийн иргэдийн хооронд үүссэн зөрчилдөөн
Суралцагчдад 1831-ээс 1833 онд Огайо болон Көртландад болсон үйл явдлуудыг ойлгоход нь туслахын тулд Көртланд дахь Сионы гадасны гэгээнтнүүд Миссурид Сионы төв газрыг байгуулах ажлыг хэрхэн дэмжиж байсан тухай дараах тайлбарыг уншихыг Көртланд тэмдгийн дэргэдэх нэг суралцагчаас хүс. Ангийнхныг Көртланд дахь зарим гэгээнтэн Сионыг байгуулахын тулд юу хийснийг сонсоход урь.
Огайогийн Көртланд: 1831 оны 11-р сард болсон цуврал чуулгануудын үеэр Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагч хүлээн авсан илчлэлтүүдийг түүвэрлэж, ном болгон хэвлэхээр төлөвлөжээ. Виллям В.Фелпс тэдгээрийг Зарлигуудын ном болгон хэвлэж болохын тулд Оливер Каудери, Жон Витмер хоёр илчлэлтийн гар бичмэлүүдийг Миссурид авчрах ёстой байв. 1831-ээс 1832 оны хооронд Иосеф үргэлжлүүлэн илчлэлтүүдийг авсаар байсан ба Библийг орчуулж байв. 1832 оны хавар Иосеф Сион дахь гэгээнтнүүд дээр айлчилж, Сатан “тэдний зүрх сэтгэлийг үнэнээс холдуулахыг” (С ба Г 78:10) эрэлхийлж байгааг сэрэмжлүүлэхээр мөн Көртланд болон Индепенденс дэх бишопын агуулахын ажилд туслахаар Миссурид ирсэн байна. Огайо дахь сүмийн зарим гишүүн Миссурид газар болон хоол хүнс худалдаж авахад туслахын тулд мөнгө хандивласан юм. Гэгээнтнүүдийн олон нь Сион руу нүүсээр, 1832 оны сүүлээр Сүмийн гишүүдийн гуравны нэг нь Жаксон гүнлэгт амьдарч байв.
-
Иосеф Смит болон Көртланд дахь гэгээнтнүүд Миссури дэх гэгээнтнүүдэд Сионыг байгуулахад нь хэрхэн тусалсан бэ?
Нэг суралцагчаас Сион хотыг байгуулах гэгээнтнүүдийн хүчин чармайлтын талаар чанга уншихыг хүс. Гэгээнтнүүд Сионыг байгуулж эхлэхдээ тэд юуг зөв, юуг буруу хийснийг олохыг ангийнхнаас хүс.
Миссуригийн Индепенденс: Парлей П.Пратт Сион дахь гэгээнтнүүдийн сууршилтыг “амар амгалан болон элбэг дэлбэг байдал тэдний хөдөлмөрийг шагнаж, аглаг буйд үр өгөөжтэй талбай боллоо” гэж дүрсэлсэн (Autobiography of Parley P. Pratt, Бага Парлей П. Пратт [1938 он], 93). Миссури дэх Сүмийн удирдагчид нүүж ирж буй гэгээнтнүүдийн хэрэгцээг хангахын тулд ажиллаж байлаа. Үүнд газар худалдаж авах, дэлгүүр болон хэвлэх газар нээх зэрэг ажлууд багтаж байв. 1833 оны 7-р сард хожмын үеийн гэгээнтнүүдийн тоо 1200 болтлоо өсөв. Гэвч удирдагчид болон гэгээнтнүүдэд асуудлууд байсаар байв. Зарим гишүүн аминч үзэл ба шуналаасаа болж өргөлийн хуулиар амьдарч чадахгүй байв.
Гишүүд дуулгаваргүй байдлаасаа үүдсэн асуудлуудаас гадна тухайн газар нутгийн оршин суугчидтай зөрчилдөж эхэлсэн юм. Миссуричууд “Мормончуудын” хурдацтай өсөлт болон орон нутгийн эдийн засаг болон улс төрд үзүүлэх тэдний нөлөөний талаар санаа зовж байв. Орон нутгийн шашны удирдагчид гэгээнтнүүдийн итгэдэг зүйлстэй санал зөрж байлаа. Шашны нэг удирдагч Сүмийн гишүүдийн талаар худал үг тарааж, иргэдийг тэдний эсрэг хүч хэрэглэхэд өдөөн хатгаж байв. 1833 оны 7-р сард В.В.Фелпс “Эрх чөлөөт өнгөт арьстнууд” гэсэн гарчигтай нийтлэл гаргасан нь боолуудын дунд номлох талаар номлогчдод анхааруулга болсон байна. Боолчлолыг дэмждэг Миссуригийн иргэд, гэгээнтнүүд Миссурид эрх чөлөөтэй боолуудыг урьж байна гэж ташаа ойлгосон байв. Энэ нь аль хэдийн хүндрээд байсан асуудал дээр түгшүүр нэмсэн юм. 1833 оны 7-р сарын 20-нд бүлэг танхайрагчид хэвлэх машиныг гаргаж хаяж, хэвлэх үйлдвэрийг эвдэж, Зарлигуудын номын үдэгдээгүй хуудаснуудыг устгаж, бишоп Партриж болон хөрвөгч Чарьлз Аллен нарт лав болон өд түрхэж, тосгоныг түйвээсэн байна. Дайсагнал үргэлжилсээр байсан ба Гэгээнтнүүд тэр жилийнхээ 11, 12-р сард Жаксон гүнлэгийг орхиж явахаас аргагүйд хүрэв.
-
Их Эзэний хамгаалалтанд найдаж байсан ч Жаксон гүнлэгээс хөөгдсөн зөв шударга гэгээнтнүүдийн нэг байсан бол та нарт ямар мэдрэмж төрөх байсан бэ?
-
Хэн нэгэн та нараас эртний гэгээнтнүүд яагаад Сион хотыг байгуулж чадаагүйг асуувал та нар юу гэж хариулах вэ? (Эхний асуултад хариулахад нь туслахын тулд та тэднийг Сургаал ба Гэрээ 101:6–7; 103:2–4; 105:3–4, 9-ийг уншихад урьж болно.)
Хэрэв суралцагчдыг суудалдаа суухыг уриагүй байгаа бол одоо тэднийг урь.
Сионы ирээдүй ямар байна вэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 97:21-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Их Эзэн Сионыг хэрхэн дүрсэлснийг олж мэдэхийг хүс. Та суралцагчдад дараах үнэнийг заасан үгсийг судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно. Сион бол зүрх сэтгэлдээ цэвэр ариун. Самбар дээр буй зарчмууд болон зан чанарын жагсаалтыг ярилцаж, дараах асуултуудыг тавь.
-
Ямар байдлаар энэ зөв шударга зарчмууд хүмүүсийг зүрх сэтгэлдээ цэвэр ариун болоход туслах вэ?
-
Сионыг байгуулахад өнөөдөр бидний үүрэг юу вэ? (Бид зөв шударга амьдарч мөн бусдыг зөв шударга амьдрахад урамшуулж чадна. Бид сайн мэдээний дагуу амьдарч мөн үүнийг хуваалцсанаар Сионы хил хязгаар тэлж, үүний гадаснууд хүчирхэгждэг мөн Бурхан гэгээнтнүүдийг хамгаалдаг.)
Суралцагчдыг самбар дээрх зөв шударга байдлын зарчмуудыг бодож үзэхэд урь. Тэднийг эдгээр зарчмын нэгийг илүү итгэлтэйгээр дагах зорилгоо хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урамшуул.