Институт ба семинар
56-р хичээл: Сургаал ба Гэрээ 49


56-р хичээл

Сургаал ба Гэрээ 49

Оршил

Сүмийн хөрвөгч Леман Коплей өөрийнхөө урьд нь харьяалагддаг байсан бүлгийн гишүүд болох шейкерүүдэд сайн мэдээг номлохыг номлогчдоос хүсэв. Гэвч тэр Шейкерийн заадаг зарим зүйлд итгэдэг хэвээр байлаа. Иосеф Смит 1831 оны 5-р сарын 7-нд, Леманы хоргодож буй итгэл үнэмшлийн талаар санаа зовон, Их Эзэнээс асууж, одоо Сургаал ба Гэрээ 49-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 49:1–4

Их Эзэн Сидней Ригдон, Парлей П.Пратт болон Леман Коплей нарыг шейкерүүдэд номлоход дуудав

Хичээл эхлэхийн өмнө сармагчны урхи хий эсвэл самбар дээр дараах жишээг зур. Сармагчны урхи хийхийн тулд тагтай хайрцаг олж ав. Тагийг нь хайрцагтай бэхлээд, хайрцагны нэг талд суралцагчид атгасан биш дэлгэсэн гараа л оруулах хангалттай нүх гарган цоол. Хайрцган дотор нэг жимс эсвэл бөмбөг хий.

Нүхтэй хайрцаг

Суралцагчдаас сармагчинг хэрхэн барьдгийг мэддэг эсэхийг асуу. (Хэрэв тэд дараах аргыг мэддэг бол үүнийг ангийнхандаа тайлбарлаж өгөхөд тэднийг урь. Хэрэв та урхиа хийчихсэн бол, та нэг суралцагчийг сармагчинг хэрхэн барьдгийг үзүүлэхэд урьж болох юм.) Сармагчинг урхидах нэг арга бол сармагчин гараа оруулах л хангалттай нүхтэй нэг саван дотор хүссэн зүйлийг нь байрлуулах явдал гэдгийг санал болго. Сармагчин тавьсан зүйлийг барих үед, барьж байгаа зүйл нь нүхэнд багтахааргүй том байдаг учир атгасан гараа гаргаж авах боломжгүй байдаг. Барьж байгаа зүйлээ тавьдаггүй зарим сармагчин өөрсдийгөө барьж өгдөг.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 49-ийн хэсгийн оршлыг дотроо уншиж, дүрсэлсэн нөхцөл байдал нь сармагчингийн урхитай юугаараа адил байгааг олж мэдэхийг хүс. Суралцагчид, Леман Коплейд шейкерүүдийн зарим итгэл үнэмшлээс салахад хэцүү байсныг онцлон хэлсний дараа, тэднээс шейкерүүдийн итгэл үнэмшлийн заримыг жагсаан бичихийг хүс.

Суралцагчдыг хариулах үед доор үзүүлснээр самбар дээр хариултуудыг бич. “Их Эзэний сургаал” гэсэн гарчигтай баганыг бүү оруул. Та тэр баганыг хичээлийн төгсгөлд нэмэх болно.

Шейкерүүдийн итгэл үнэмшил

Их Эзэний сургаал

  1. Христийн Хоёр дахь ирэлт аль хэдийн тохиосон.

С ба Г 49:5–8

  1. Христ, Анн Лий хэмээх эмэгтэй хүний дүрээр хүрч ирсэн.

С ба Г 49:22–25

  1. Усаар баптисм хүртээх нь зайлшгүй чухал биш хэмээн үздэг байв.

С ба Г 49:11–14

  1. Тэд гэрлэлтийг эсэргүүцэж, (гэрлэлт болон бэлгийн харьцаанаас татгалзан) ганц биеэр амьдрахад итгэдэг байсан.

С ба Г 49:15–17

  1. Зарим шейкер мах идэхийг хориглодог байв.

С ба Г 49:18–21

Хэрэв суралцагчид Шейкер гэдэг нэрийн талаар сонирхож байвал Христийн Хоёр дахь ирэлтэд Итгэгчдийн Нэгдсэн Нийгэмлэгийн гишүүд дуулж, бүжиглэж бас хөгжмийн аянд алга ташихдаа биеэ сэгсэрдэг байсан шүтлэг бишрэлийнхээ ёс заншлын улмаас нийтээр шейкерүүд гэж нэрлэгддэг байсан гэдгийг тайлбарла.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 49:1–4-ийг чанга уншихад урь. Ангийнхныг шүлгүүдийг гүйлгэн харж, Их Эзэн шейкерүүдийн талаар юу илчилснийг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн Шейкерүүдийг хэрхэн дүрсэлсэн бэ? (2-р шүлгийг үзнэ үү.)

  • “Үнэнийг зарим талаар мэдэхийг хүсэж байна, гэвч бүгдийг бус” гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж та нар бодож байна вэ? (Тэд Бурханы сургаалуудын заримыг хүлээн авсан боловч бусдыг нь үл тоомсорлосон эсвэл хүлээж аваагүй.)

  • Сүмийн гишүүд өнөөдөр ямар байдлаар ийм хандлагууд гаргаж болох вэ?

Самбар дээр дараах бүрэн бус өгүүлбэрийг бич. Их Эзэний өмнө зөвт байх нь … багтаадаг.

Суралцагчдаас 2-р шүлэг дэх Их Эзэний үгс дээр үндэслэн энэ зарчмыг хэрхэн гүйцээхийг асуу. Суралцагчдыг хариулах үед самбар дээр уг зарчмыг гүйцээж бич. Их Эзэний өмнө зөвт байх нь, Түүний илчилсэн бүх үнэнийг хүлээн авах хүслийг багтаадаг. Та суралцагчдад энэ зарчмыг 2-р шүлгийн хажууд судар дээрээ бичихийг санал болгож болно. Хэрэв бид үнэнийг мэдэхээр чин сэтгэлээсээ хүсвэл бас үнэний дагуу амьдрах хүсэлтэй байх болно гэдгийг онцлон хэл.

  • 2-р шүлэг дэх зөвлөгөө Леман Коплейд яагаад хэрэгтэй байсан бэ? Энэ зарчим бидэнд хэрхэн тусалж болох вэ?

  • Үнэний зөвхөн зарим хэсгийг хүлээн авахыг сонгосноор хүмүүс ямар адислалаа алдаж болох вэ?

Суралцагчдын анхаарлыг сармагчингийн урхинд хандуул. Суралцагчдаас хүмүүсийг Бурханы сургаалуудын заримыг хүлээн авахаас татгалзахад хүргэх зарим урхи буюу Их Эзэний өмнө зөвт байхад хүмүүст саад болдог үйлдлүүд болон хандлагуудыг жагсаан бичихийг хүс. (Зарим жишээнд, хорт зуршлуудаа зөвтгөх, Сүнсийг холдуулдаг дуу хөгжим сонсох, Хүндэтгэлийн өдөрт зохисгүй үйл ажиллагаануудад ням гарагт оролцох, дэлхийн сургаалууд болон гүн ухааныг Бурханы сургаалуудаас илүүд үзэх мөн бусдыг уучлах зарлигийг хүлээн авахгүй байх зэрэг нь ордог.)

  • Ийм үйлдэл болон хандлагуудаасаа зуурсаар байхын хор уршгууд юу вэ? Энэ нь урхитай юугаараа адилхан бэ?

Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэгийн өөрсдөд нь зориулсан бүх адислалыг хүлээн авахын тулд юуг хийхээ болих хэрэгтэй байж болохыг тунгаан бодоход урь. Тэднийг Их Эзэний өмнө зөвт байхад тэдэнд саад болж буй ямар нэгэн зүйлээ болих зорилго тавихад урих талаар бодож үзээрэй.

Сургаал ба Гэрээ 49:5–28

Их Эзэн Өөрийн үйлчлэгчдэд шейкерүүдийн хуурамч сургаалыг залруулж, тэднийг наманчилж, баптисм хүртэхэд урихыг зарлиглав

Суралцагчдад, Их Эзэн Сидней Ригдон, Парлей П.Пратт болон Леман Коплей нарыг шейкерүүдэд номлоход дуудсан гэдгийг сануул (С ба Г 49:1–4-ийг үзнэ үү). Энэ зарлигийг хүлээн авахын өмнө Леман Коплей “ахлагчдын заримыг өөрийнхөө урьд нь харьяалагддаг байсан ах дүүс [шейкерүүд] дээр нь очиж, сайн мэдээг номлохыг” ихэд хүсэж байсан гэдгийг тайлбарла (Histories, Volume 2: Assigned Histories, 1831–1847, vol. 2 of the Histories series of The Joseph Smith Papers [2012 он], 37). Эдгээр ахлагч шейкерүүд дээр очоод Сургаал ба Гэрээ 49-д илчлэгдсэн энэ илчлэлтийг тэдэнд чанга уншиж өгчээ.

Самбар дээр энэ хичээлийн эхэнд үзсэн хүснэгтийн хоёр дахь баганыг хуулж бич.

Ангийг таван бүлэг болгон хуваа. Самбар дээр бичсэн судрын хэсгүүдээ бүлэг бүрд нэг нэгээр оноож өг. (Хэрэв та жижиг ангитай бол суралцагчдад хэсгүүдийг хуваан өгч, тэдгээрийг ангиараа хэлэлц.) Суралцагчдыг оногдсон хэсгүүдээ уншиж, шейкерүүдийн хуурамч итгэл үнэмшлүүдийг залруулсан сургаал болон зарчмуудыг олж мэдэхийг хүс.

Суралцагчдад эдгээр судрын хэсгүүдийг судлах цаг өгсний дараа тэднийг дараах асуултуудыг бүлгээрээ ярилцаж мөн хариултуудаа ангийнхантайгаа хуваалцахад бэлтгэхэд урь.

  • Шейкерүүд болон Леман Коплей нар ямар сургаал, зарчмуудыг ойлгох хэрэгтэй байсан бэ?

  • Та нарт оноож өгсөн шүлгүүд эдгээр үнэнийг хэрхэн тайлбарлаж байна вэ?

Бүлгүүдэд оногдсон хэсгүүдээ уншиж бас ярилцах хангалттай цаг өгсний дараа ангийнхныхаа өмнө эдгээр асуултад хариулуулахаар бүлэг бүрээс нэг суралцагчийг урь. Та суралцагчдадаа тэдний тодорхойлсон үнэнүүдийг зааж буй хэсгүүдийг тэмдэглэхийг санал болгож болно.

Суралцагчид дараах сургаал болон зарчмуудыг тодорхойлох хэрэгтэй. (Эдгээр үнэнийг самбар дээр бичсэн хуурамч итгэл үнэмшлүүдийн жагсаалттай тохируулахын тулд дугаарласан гэдгийг анхаар.) Суралцагчдыг эдгээр үнэнийг дурдах үед, ярилцлага өрнүүлэхийн тулд дагалдах асуултууд тавих талаар бодож үзээрэй.

  1. Сургаал ба Гэрээ 49:7-д суралцагчид дараах сургаалыг тодорхойлох хэрэгтэй. Хоёр дахь ирэлт хэзээ тохиохыг Бурханаас өөр хэн ч мэдэхгүй.

  2. Сургаал ба Гэрээ 49:22–25-аас суралцагчдын тодорхойлж болох нэг зарчим нь: Хэрэв бид Хоёр дахь ирэлтийн тэмдгүүдийг мэддэг бол хуурамч мэдэгдлүүдэд мэхлэгдэхгүй байх болно гэсэн зарчим юм.

    • 23–25-р шүлгүүд дээр ямар тэмдгүүд дурдагдсан бэ? (Та 24-р шүлэг дэх Иаков гэдэг нэр нь Израилын угсааг төлөөлж байгаа гэдгийг тайлбарлаж болно.) Та нар өнөө үед эдгээр тэмдгийг ямар арга замаар харсан бэ?

  3. Сургаал ба Гэрээ 49:11–14-өөс суралцагчид дараах зарчмыг тодорхойлох хэрэгтэй. Есүс Христ хүмүүсийг Өөрт нь итгэж, наманчилж, баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авахад дуудахыг Өөрийн үйлчлэгчдэд зарлиглав.

    • Яагаад та баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авсандаа талархдаг вэ? Та нар яагаад эдгээр ёслолыг хүлээн авахад нь бусдад туслахыг тэсэн ядан хүлээдэг вэ?

  4. Сургаал ба Гэрээ 49:15–17-оос суралцагчид дараах зарчмуудаас нэг ба түүнээс олныг тодорхойлох хэрэгтэй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт нь Бурханаас томилогдсон бөгөөд эхнэр нөхрүүд нэг байж, хүүхдүүд төрүүлэхээр зарлигдуулсан. Та “өөрийн бүтээлтийн зорилгыг дэлхий хэрэгжүүлж болохын тулд; мөн энэ нь хүмүүний тоо хэмжээгээр дүүргэгдэж болохын тулд” гэдэг үгсийг тайлбарлаж өгөх хэрэгтэй байж болох юм. Энэ хэсэг дэлхийн бүтээлтийн нэг зорилго бол Бурханы хүүхдүүдэд гэр бүлээрээ амьдарч чадах газрыг бий болгох явдал байсан гэдгийг заадаг.

    • Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлт Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх ямар зорилгуудыг гүйцэлдүүлдэг вэ?

    • “Гэрлэх[ийг] хориглох нь” Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөтэй хэрхэн зөрчилддөг вэ?

    • 16-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Бурхан эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын уламжлалт гэрлэлтийг зөвшөөрдөг. Хүмүүс ямар арга замуудаар уламжлалт гэрлэлтийг тохуурхаж эсвэл устгахаар хичээдэг вэ?

    • Залуу эрэгтэй, эмэгтэйчүүд селестиел гэрлэлтэд бэлтгэхийн тулд одоо юу хийж чадах вэ?

  5. Сургаал ба Гэрээ 49:18–21-ээс суралцагчид дараах сургаалыг тодорхойлох хэрэгтэй. Их Эзэн бидний хэрэгцээнд зориулан дэлхийн амьтдыг өгсөн. (Та хувцас хунар гэдэг үг нь хувцас гэсэн утгыг илэрхийлж байгааг тайлбарлаж болно.)

    • 21-р шүлэгт ямар сэрэмжлүүлэг өгсөн байна вэ? Хэрэгцээгүй атлаа амьтад алах нь Их Эзэнд яагаад таалагддаггүй гэж та нар бодож байна вэ?

Шейкерүүд болон Леман Коплей нар Их Эзэний зөвлөгөөг дагаагүй гэдгийг тайлбарла. Шейкерүүд номлогчдын захиасуудыг эсэргүүцэж, Леман Коплей урьд нь харьяалагддаг байсан шашиндаа эргэн очиж, Сүмийг орхисон юм.

Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 49:26–28-ыг чанга уншихыг хүсэж хичээлээ дуусга. Ангийнхныг дагуулан харж, Их Эзэний зөвлөгөө болон амлалтуудыг олж мэдэхийг хүс. (Та ар талын хамгаалагч гэдэг нь хэн нэгнийг араас нь хамгаалдаг хүн гэсэн утгыг илэрхийлж байгааг тайлбарлах хэрэгтэй байж болох юм.)

Суралцагчдыг эдгээр шүлгийг дахин чимээгүй уншиж, Их Эзэний зөвлөгөө болон амлалтууд нь тэдэнд, хувь хүний хувьд хэрхэн хамаарахыг бодоход урь. Бид Их Эзэний сургаалыг эрэлхийлж, тэдгээрийг дагасан үед ирдэг адислалуудын талаар гэрчлэлээ хуваалц.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 49:2. “Үнэнийг зарим талаар мэдэх”-ийг хүсэх нь

Далын ахлагч Глэнн Л.Пэйс, бошиглогчийн зөвлөгөөнд хэсэгчлэн дуулгавартай байхын аюулын талаар:

Марк Л.Пэйс

“Манай зарим гишүүн юунд дуулгавартай байхаа сонгодог зуршилтай. Бошиглогч нь бид хамаагүй шилж, сонгож болдог үнэний зоогийг санал болгодог хүн биш юм. Гэхдээ зарим гишүүн шүүмжлэлтэй хандаж, бошиглогчийг цэсээ өөрчлөх хэрэгтэй гэж үздэг. Бошиглогч олон нийтийн санал хаашаа чиглэснийг харахын тулд санал асуулга авдаггүй. Тэрээр бидэнд Их Эзэний хүслийг илчилдэг. Дэлхий олон нийтийн санаа бодолд найр тавин, Бурханы хуулиудад дуулгавартай байхаасаа илүүтэй гишүүдийнхээ чихэнд таатай сонсогдох зүйлүүдэд илүү анхаарсан, доройтож буй сүмүүдээр дүүрэн байна.

1831 онд зарим хөрвөгч өөрсдийн урьдын итгэл үнэмшлийг Сүмд авчрахыг хүсэж байв. Өнөөдөр тулгараад байгаа асуудал бол зарим гишүүн маань нийгмийн хандлагууд (болоод өөрсдийг нь зангах хуруунууд)-д хэт эмзэг ханддаг ба тэдгээр хандлагад тохируулан байр сууриа өөрчлөхийг Сүмээс хүсдэг. Бусдын шашин шүтлэг тэдэнд маш аятайхан, сэтгэл татам харагддаг.

1831 онд Их Эзэний өгсөн зөвлөгөө өнөөдөр ч хамаатай байна. “Болгоогтун, би та нарт хэлнэ, тэд үнэнийг зарим талаар мэдэхийг хүсэж байна, гэвч бүгдийг бус, учир нь тэд миний өмнө зөвт бус бөгөөд наманчлах ёстой нь шаардлагатай болой.’ (C ба Г 49:2.)

Бид бүрэн дүүрэн үнэнийг—бүр бүх үнэнийг хүлээн авч—‘Бурханы бүрэн хуяг дуулгыг өмсөж’ (Еф. 6:11) хаант улсыг байгуулахаар ажиллах ёстой. Бидний хүн нэг бүр өөрсдөөсөө ‘Би цаг хугацааны бүрэн байдлын энэ эрин үед хаант улсыг барихад зохистой хувь нэмрээ оруулж байна уу?’ хэмээн асууж болно” гэж хэлсэн. (“Follow the Prophet,” Ensign, 1989 оны 5-р сар, 26–27).

Сургаал ба Гэрээ 49:7. “Тэрхүү цаг хийгээд өдрийг мэдэх хүмүүн үгүй”

Та Аврагчийн Хоёр дахь ирэлтийн цагийг мэддэг гэж зүтгэдэг хүмүүсээс сэрэмжлэх талаар бошиглогч Иосеф Смитийн хэлсэн дараах үгийг хуваалцаж болно. “Есүс Христ Өөрийн ирэх тодорхой цагийг хэзээ ч хэнд ч илчлээгүй юм [Матай 24:36; С ба Г 49:7-г үзнэ үү]. Судруудаа нээгээд, унш. Түүний ирэх цагийг яг тодорхой хэлсэн ямар ч зүйлийг та нар олж чадахгүй бөгөөд ийн хэлдэг тэдгээр нь бүгд хуурамч багш нар юм” Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007 он], 253).

Сургаал ба Гэрээ 49:15–17. “Гэрлэлт нь Бурханаас томилогдсон”

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли дараах хэлсэн үгэндээ эрэгтэй, эмэгтэй хүний хоорондох гэрлэлтийг сайшаан:

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Мөнхийн Эцэгийн маань хүүхдүүдийн аз жаргал, аюулгүй байдлын төлөө болон хүн төрөлхтний тасралтгүй байдлын төлөө Түүний тэнгэрлэг мэргэн ухаанаар бий болгосон төлөвлөгөөн дэх гэрлэлт хэчнээн гайхамшигтай зүйл билээ.

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит нэгэн удаа ‘ямар ч эрэгтэй хүн эмэгтэй хүнгүйгээр Бурханы хаант улсад аврагдаж мөн өргөмжлөгдөж чадахгүй бөгөөд ямар ч эмэгтэй хүн ганцаараа Бурханы хаант улсад төгс болгогдож мөн өргөмжлөгдөж чадахгүй хэмээн тунхагласан юм. … Бурхан эхлэлээс гэрлэлтийг зохион байгуулсан. Тэр эрэгтэй, эмэгтэй хүнийг Өөрийн дүр төрхөөр, өөрийнхөө адилаар бүтээсэн бөгөөд тэднийг бүтээхдээ тэд гэрлэлтийн ариун нандин холбоосонд хамтдаа нэгтгэгдсэн байх ёстойгоор мөн нэг нь нөгөөгүйгээр төгс бус байхаар бүтээсэн юм.’ (Conference Report, 1913 оны 4-р сар, х. 118.)

Мэдээж эртний болон одоогийн судруудын аль алиныг уншиж байгаа хэн ч гэрлэлтийн талаар тэнгэрлэг ойлголтод эргэлзэж чадахгүй. Хүний зүрх сэтгэлийн хамгийн өгөөмөр, сэтгэл хангалуун мэдрэмжүүд, амьдралын хамгийн гайхамшигтай мэдрэмжүүд нь, дэлхийн муу муухайгаас ангид буй цэвэр ариун, толботоогүй гэрлэлтэд илэрхийлэгддэг билээ.

Ийм гэрлэлт нь, хаа газрын эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүсэл—найдаж, хүсэн хүлээж, залбирах хүсэл—байдаг гэдэгт би итгэдэг” (“What God Hath Joined Together,” Ensign, 1991 оны 5-р сар, 71).

Доорх хэлсэн үгэнд дурдсанаар Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь ижил хүйстний гэрлэлтийг зөвтгөдөггүй.

“Бэлгийн харьцаа нь зөвхөн гэрлэлтийн хүрээнд нэгдсэн эхнэр нөхрийн хооронд л байх нь зохистой гэсэн бэлгийн ёс суртахууны хөдөлшгүй ганц л жишиг Сүмд бий.

Ижил хүйстний гэрлэлтийн эсрэг Сүмийн хандлагыг ижил хүйстэндээ татагдагч эрэгтэй, эмэгтэй хүмүүст дайсагнаж байгаа гэж ойлгох ёсгүй, бас дайсагнах ямар ч байдлыг Сүмээс үл дэмждэг. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондох гэрлэлтийг хамгаалах нь Сүмийн гишүүдийн Христийн шашинтнуудын бүх хүнийг хайрлах хайр, нинжин сэтгэл болон хүнлэг байдалтай байх үүрэгт нөлөөлөхгүй. … Бид ижил хүйстэнтэй явалдах болон гэрлэлтийг аливаа байдлаар өөрчлөн тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүйгээр, ижил хүйстэндээ татагдагч (гомо) гэр бүлийн гишүүн эсвэл найздаа жинхэнэ хайр, нөхөрлөлийг илэрхийлж чадна” (“The Divine Institution of Marriage,” mormonnewsroom.org).

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли хэлэхдээ:

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Хүмүүс, ижил хүйстэнтэйгээ явалддаг гомо ба лесби гэж өөрсдийгөө нэрлэдэг хүмүүсийн талаарх бидний байр суурийг их асуудаг. Миний хариулт бол бид тэдэнд Бурханы охид хөвгүүдийнх нь хувьд хайртай. Тэдэнд хянахад хүндрэлтэй, хүчтэй дур хүсэл байж магадгүй. Ихэнх хүн өөр өөр цаг үед ямарваа нэгэн хүсэл сонирхолтой байдаг. Хэрэв тэд тэдгээр сонирхлоо үйлдэл болгохгүй аваас Сүмийн бусад гишүүнтэй адил урагш алхаж чадна. Хэрэв тэд сүмийн ариун явдлын хууль болон ёс суртахууны жишгүүдийг зөрчих аваас, тэгвэл тэд бусдын адил Сүмийн шийтгэлийг хүртэх болно” (“What Are People Asking about Us?” Ensign, 1998 оны 11-р сар, 71).

Сургаал ба Гэрээ 49:18–21. Амьтад “хүмүүний хэрэгцээнд” өгөгдсөн

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр заахдаа:

Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Залуучууд аа, эрүүл мэндийн асуудалд, хоол тэжээл, ялангуяа эмийг хэрэглэхдээ зөв хэмжээгээр болон нийтлэг ойлголтоо ашиглаж сураарай. Хэт туйлшрахаас буюу хэтрүүлэхээс зайлсхий.

Жишээ нь, Мэргэн ухааны үг нь бидэнд махыг арвич хямгачаар ашиглах ёстой хэмээн зөвлөдөг (С ба Г 89:12-ыг үзнэ үү). Хэн нэгэн үүнд туйлшрахаас зайлсхийж ‘[мах] идэх ёсгүй хэмээн хориглодог хэн боловч Бурханаас томилогдоогүй бөлгөө’ (С ба Г 49:18) хэмээн өөр нэгэн илчлэлт дээр хэлсэн байдаг” гэж заасан юм (“The Word of Wisdom: The Principle and the Promises,” Ensign, 1996 оны 5-р сар, 18).