87-р хичээл
Сургаал ба Гэрээ 84:43–61
Оршил
1832 оны 9-р сарын 22, 23-нд Иосеф Смит Сургаал ба Гэрээ 84-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Энэ илчлэлтэд Их Эзэн өмнөх хичээл дээр ярилцсан санваарын талаарх үнэнүүдийг илчилсэн. Их Эзэн түүнчлэн Бурханы үгэнд анхаарал тавихын чухлыг гэгээнтнүүдэд заасан. Тэр тэднийг Мормоны Ном мөн бусад зарлиг, илчлэлтэд хөнгөн хуумгай хандсаных нь төлөө зэмлэсэн.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 84:43–53
Их Эзэн Бурханы үгэнд анхаарал тавихын ач холбогдлыг заав
Суралцагчдад энэ хичээлийн эхэнд тавьсан өдөр бүр судраас суралцах зорилгыг нь сануул. Тэднийг энэ зорилгоо хэр биелүүлж байгаа талаараа бодож үзэхэд урь. Суралцагчдыг үүнийг бодож үзсэнийх нь дараа, дараах асуултуудыг тавь.
-
Та нарыг өдөр бүр судраас судлахад тулгардаг ямар ямар бэрхшээл байдаг вэ? (Суралцагчдыг хариулах үед, өдөр бүр судраас суралцахыг дадал хэвшил болгох нь хэцүү байж болохыг хүлээн зөвшөөр.)
-
Заримдаа энэ нь хэцүү байдаг ч та нар яагаад судраас суралцахыг сонгодог вэ?
Өнөөдрийн хичээлээр суралцагчид Сургаал ба Гэрээ 84-өөс судраас суралцах оролдлогоо үргэлжлүүлэхэд тэднийг урамшуулах үнэнүүдийг олж мэдэх болно гэдгийг тайлбарла.
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 84:43–44-ийг дотроо уншаад, Их Эзэний үгийг суралцаж мөн амьдралд хэрэгжүүлэхийн чухлыг заадаг үг, хэллэгүүдийг олж тогтооход урь.
-
Та нар Их Эзэний үгийг суралцаж мөн амьдралд хэрэгжүүлэхийн чухлыг заадаг ямар үг, хэллэгүүдийг олсон бэ? (Суралцагчид “зарлиг”, “анхаарал тавихдаа болгоомжтой байх”, “үг бүрээр амьдрах” зэрэг үг, хэллэгүүдийг дурдаж болно.)
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 84:45–46-г чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, энэ шүлэгт байгаа “Их Эзэний үг” гэдэгтэй адилхан утгатай үг, хэллэгүүдийг олж мэдэхийг хүс.
-
Та нар ямар үг, хэллэгийг олж мэдсэн бэ? (Хариултанд нь “үнэн”, “гэрэл”, “Сүнс”, “Есүс Христийн Сүнс”, “Сүнсний дуу хоолой” зэрэг байх ёстой.)
Дараах бүрэн бус өгүүлбэрийг самбар дээр бич. Хэрэв бид Бурханы үгэнд анхаарал тавихдаа болгоомжтой байвал …
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 84:45–46-г дотроо дахин уншихыг хүс.
-
45–46-р шүлгээс уншсан зүйл дээрээ үндэслэн, самбар дээрх мэдэгдлийг хэрхэн гүйцээх вэ? (Суралцагчид өөр өөр хариултыг санал болгож болно. Самбар дээрх зарчмыг гүйцээхэд энэ нь дараах зарчмыг илэрхийлдэг. Хэрэв бид Бурханы үгэнд анхаарал тавихдаа болгоомжтой байвал Христийн Сүнсээр дамжуулан гэгээрэх болно.)
Суралцагчдын анхаарлыг 45-р шүлэг дэх “Есүс Христийн Сүнс” гэсэн хэллэг рүү хандуул. Үүнтэй адил утгатай өөр нэг хэллэг нь “Христийн гэрэл” гэдгийг тайлбарла. Христийн гэрэл “бүх хүмүүний амьдралд сайн нөлөөлөл үзүүлдэг. … [Гэсэн хэдий ч] Христийн гэрлийг Ариун Сүнстэй андуурах ёсгүй. Энэ нь Ариун Сүнстэй адил хүмүүн биет биш юм” (Итгэлдээ үнэнч байх нь [2004 он], 216–217.) Христийн гэрэл хүн бүрийн дотор байдаг ба “зөв болон буруугийн мэдлэг, [эсвэл] ёс суртахууны мэдрэмж эсвэл ухамсрыг олгодог.” “Хэрэв бид үүнийг захирч эсвэл дуугүй болгочихгүй л бол энэ нь биднийг үйл ажиллагаагаа зохицуулахад удирддаг” (Боид К.Пакэр, “The Light of Christ,” Ensign, 2005 оны 4-р сар, 9).
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 84:47–48-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, хэрэв бид Есүс Христийн Сүнсийг анхааран сонсвол хэрхэн адислагдахыг олж тогтоохыг хүс.
-
47-р шүлэгт цэдэглэснээр, хэрэв бид Есүс Христийн Сүнсийг анхааралтай сонсвол хэрхэн адислагдах вэ? (Суралцагчид өөр үгсийг ашиглаж болох ч дараах зарчмыг таних ёстой. Хэрэв бид Есүс Христийн Сүнсийг анхааран сонсвол Эцэгт очих болно. Зарчмыг самбар дээр бич.)
-
48-р шүлэгт цэдэглэснээр, биднийг Түүнд очиход Эцэг юу хийх вэ? (Тэр бидэнд заах болно.)
-
48-р шүлэгт, Эцэг зөвхөн бидний тусын тулд биш, харин бүхэл дэлхийн тусын тулд бидэнд заах болно хэмээн бид уншдаг. Энэ нь таны хувьд юу гэсэн утгатай вэ?
Хүмүүс Христийн гэрлийг өөртөө авахын зэрэгцээ баптисмын гэрээнд орсныхоо дараа Ариун Сүнсний хамтралыг хүлээн авдаг гэдгийг онцолж хэл. Энэ бэлгээр дамжуулан тэд нэмэлт гэрлийг хүлээж авч, мөнх амьдралыг хүлээн авахын тулд Эцэгийн дэргэд эргэн очихоор удирдагддаг.
Нэг суралцагчаас ангийн гэрлийг унтраагаад суудалдаа эргэж суухыг хүс. (Суралцагчийг эргэж суудал руугаа аюулгүй алхахад нь хангалттай гэрэлтэй байлга.) Суралцагчдыг хав харанхуйд алхаж явсан үеийнхээ тухай бодоход урь. Энэ тохиолдол нь тэдэнд ямар санагдсан тухай дүрслэхийг хэдэн суралцагчаас хүс. Дараа нь гэрлээ дахин асаа.
Судрууд дээр харанхуй гэж ихэнхдээ сүнслэг нөхцөл байдлыг бэлгэдэн үзүүлдэг гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 84:49–53-ыг чанга уншихад урь. Ангийхнаас хамт уншаад, Их Эзэн сүнсээр харанхуй тэд хэмээн хэнийг хэлснийг мөн яагаад тийм нөхцөл байдалд байгааг олж тогтоохыг хүс.
-
Хэн харанхуйд байна вэ? Тэд яагаад харанхуйд байна вэ?
Эдгээр шүлэгт харанхуйд байгаа тэд гэдэг нь бас нүглийн боолчлолд байгаа тэднийг тодорхойлсныг онцолж хэл. Энэ нь тэд наманчлаагүй учраас нүглийнхээ үр дагаврын хавханд байна гэсэн утгатай.
-
Нүглийн боолчлолд амьдрах нь харанхуйд байхтай юугаараа адилхан бэ?
Сургаал ба Гэрээ 84:54–61
Их Эзэн гэгээнтнүүдийг Мормоны Номонд хөнгөмсөг хандсанд зэмлэв
Их Эзэн дэлхий харанхуйд байсан гэдгээс гадна Сүмийн гишүүдийн оюун нь харанхуйлагдсан хэмээн хэлсэн гэдгийг тайлбарла.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 84:54–56-г чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Сүмийн гишүүдийн оюун харанхуйлагдсаны хоёр шалтгааныг олж мэдэхийг хүс.
-
54-р шүлэгт цэдэглэснээр, Сүмийн гишүүдийн оюун яагаад харанхуйлагдсан байсан бэ?
-
Ямар нэгэн зүйлд хөнгөн хуумгай хандана гэдэг нь юу гэсэн үг вэ? (Ямар нэгэн зүйлийг үл тоомсорлох, хүндэтгэлгүй эсвэл болгоомжгүй хандах.) Итгэлгүй байдал эсвэл нандин зүйлд хөнгөмсөг хандах нь хүний оюуныг хэрхэн харанхуйлдаг вэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 84:57-г чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, гэгээнтнүүд юунд хөнгөн хуумгай хандаж байсныг олж мэдэхийг хүс.
-
Гэгээнтнүүд юунд хөнгөн хуумгай хандаж байсан бэ? (Мормоны Ном болон Библид агуулагдсан Их Эзэний “урьдын зарлигууд” буюу өмнөх илчлэлтүүд.)
-
54–58-р шүлгээс бидний олж мэдсэнээр, Бурханы үгэнд хөнгөмсгөөр хандвал бидэнд ямар үр дагавар тулгарах вэ? (Суралцагчид хэрэв бид Бурханы үгэнд хөнгөн хуумгай хандвал бидний оюун харанхуйлагдаж, буруушаагдана гэдгийг илэрхийлэх ёстой. Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.)
Нэг суралцагчаас ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны Мормоны Номын талаар хэлсэн дараах мэдэгдлийг чанга уншихыг хүс.
“Бидний энэ номонд хандах хандлагаас мөнхийн үр дагавар хамаарах уу? Тийм ээ, нэг бол бидэнд адислал болно, нөгөө бол зүхэл болно.
Хожмын үеийн гэгээнтэн бүр энэ номыг насан туршдаа судлах ёстой. Эс бөгөөс тэрбээр сүнслэг байдал, оюун санааны эв нэгдлийг бүх амьдралд нь хангаж өгч чадах сүнсийг үл тоомсорлон, үүнд хайхрамжгүй хандах болно. Мормоны Номоор дамжуулан Христийн хадан дээр итгэлээ төлөвшүүлж, төмөр бариулаас зууран барьж байгаа хөрвөгч мөн үүнийг хийгээгүй хүн хоёр ялгаатай” (“The Book of Mormon Is the Word of God,” Ensign, 1988 оны 1-р сар, 5).
Их Эзэнээс бидэнд өгсөн энэхүү гайхамшигтай, агуу бэлэгт хөнгөмсөг хандсанаар зүхлийг гай гамшиг болон шүүлтийн хамт өөрсөд дээрээ дуудахгүй байцгаая. Харин Мормоны Номыг зүрх сэтгэлдээ нандигнаснаар ирэх амлалтыг авцгаая (“The Book of Mormon—Keystone of Our Religion,”Ensign, 1986 оны 11-р сар, 7).
Суралцагчдыг Мормоны Номонд хэрхэн ханддагаа мөн үүнийг насан туршдаа судлахын тулд юу хийж болохоо тунгаан бодоход урь.
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 84:58-ыг дотроо эргэж давтахыг хүс.
-
Их Эзэн гэгээнтнүүдэд Түүний үгэнд хөнгөмсөг хандсанаа наманчлахын зэрэгцээ өөр юу хийх хэрэгтэй хэмээн хэлсэн бэ? (Мормоны Номыг болон Их Эзэний өгсөн “урьдын зарлигуудаас” гадна гэгээнтнүүд тэдэн дээр бичигдсэн зүйлсийг хийх хэрэгтэй гэснийг олж харахад суралцагчдад тусал.)
-
Та нар Их Эзэн биднийг Мормоны Номоор юу хийлгэхийг хүсэж буйг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ? (Суралцагчид өөр өөр зарчмуудыг олж тогтоож болох ч дараах зарчмыг онцолж хэлэхэд анхаар. Бид Мормоны Номыг итгэлтэйгээр судалж мөн үүний сургаалын дагуу амьдрах хэрэгтэй. Энэ үнэнийг самбар дээр бич.)
Суралцагчдыг хос болгон хуваарил. Хосуудаас дараах асуултын хариултуудаа хуваалцахыг хүс.
-
Хэн та нарт Мормоны Номоос суралцаж, үүний сургаалын дагуу амьдрахад сайн үлгэр жишээ болдог вэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 84:60–61-ийг чанга уншихад урьснаар хичээлийг дуусга. Ангийнхнаас хамт уншаад, Мормоны Номоор дамжуулан Түүний үгийг хүлээн авсан хүмүүст өгдөг Их Эзэний цаашдын зааврыг олж мэдэхийг хүс. Шүлгүүдийг уншсаны дараа, 61-р шүлэгт цэдэглэснээр, Мормоны Номонд байгаа Их Эзэний үгсийг хүлээж авах хүмүүс тэрнийгээ бусдад гэрчлэх болдог гэдгийг онцол.
Мормоны Номыг судлаад, үүний заадаг үнэний дагуу амьдрахыг эрэлхийлснээр хэрхэн адислагдсан тухайгаа гэрчлэхэд цөөн хэдэн суралцагчийг урь. (Хариултыг асуухын өмнө суралцагчдад энэ туршлагынх нь талаар бодох хугацаа өг.)
Суралцагчдад өдөр бүр судруудаас судлах зорилт тавьсныг нь сануул. Дараах асуултуудыг самбар дээр бичээд, суралцагчдаас хариултаа дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэл дээрээ бичихийг хүс.
Суралцагчид өнөөдрийн хичээл дээр хэлэлцсэн үнэнүүдийн дагуу амьдарвал Тэнгэрлэг Эцэгтэй илүү ойртох болно гэдгийг гэрчил.