117-р хичээл
Сургаал ба Гэрээ 109:47–80
Оршил
1836 оны 3-р сарын 27-нд бошиглогч Иосеф Смит Көртландын ариун сүмийг онцгойлон адислах залбирлыг хэлсэн юм. Бурханы түүнд өмнө нь илчилсэн байсан уг залбирал Сургаал ба Гэрээ 109-д цэдэглэгджээ. Энэ нь уг залбирлын тухай заах хоёр хичээлийн сүүлийнх нь юм. Үүнд Миссуригийн Жаксон гүнлэгт дарангуйлал доор байгаа гэгээнтнүүдийг болон тэднийг дарангуйлагчдыг адислахыг Их Эзэнээс гуйсан бошиглогчийн гуйлт ордог. Мөн дэлхий даяарх хүмүүс, ялангуяа тараагдсан Израил, сайн мэдээний бүрэн байдалд хөрвүүлэгдэхийг мөн Тэнгэрлэг Эцэг Көртландын ариун сүмийн онцгойлон адислалыг хүлээн авч, Сүм дэх гэр бүлүүдийг адисалж өгөхийг хүссэн бошиглогчийн гуйлтууд үүнд багтдаг.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 109:47–53
Иосеф Смит Тэнгэрлэг Эцэгээс Миссуригийн гэгээнтнүүдэд туслахыг хүсэв
Найз нь эсвэл гэр бүлийн гишүүн нь ямар нэгэн байдлаар зовон шаналж байна хэмээн төсөөлөхийг суралцагчдаас хүс. Тэднээс гэр бүлийн гишүүн эсвэл найздаа туслахаар хувийн зүгээс юу ч хийж чадахгүй байна хэмээн төсөөлөхийг хүс. Суралцагчдад бодох хугацаа өгсний дараа, дараах асуултыг тавь.
-
Шаналан зовж буй хэн нэгэнд хувийн зүгээс туслахаар хийж чадах ямар ч юм байхгүй байсан ч, ямар замаар та нар түүнд тусалж болох вэ?
Суралцагчдыг санаагаа хуваалцсаны дараа, Жаксон гүнлэгт буй гэгээнтнүүд танхайрагч бүлгийн хүчирхийллийн улмаас асар их зовлон бэрхшээл амсаж байсныг сануул. 1836 оны 4-р сард бошиглогч Иосеф Смит Огайогийн Көртландад байв. Тэрээр энэ үед Миссуригийн гэгээнтнүүдэд хувийн зүгээс туслах ямар ч боломжгүй байсан ч, Көртландын ариун сүмийг онцгойлон адислах үеэр тэднийг хүчирхэгжүүлэх нэг зүйлийг хийж чадсан билээ. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 109:47–49-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, хэцүү үед нь бусдад туслахаар бидний хийж чадах нэг зүйлийг олж мэдэхийг хүс.
-
Көртландын ариун сүмийг адислах үеэр Миссуригийн гэгээнтнүүдийн төлөө бошиглогч юу хийсэн бэ? (Тэрээр тэдний төлөө залбирсан.)
Нэг суралцагчийг самбар дээр бичүүлэхээр урь. Ангийнхнаас эдгээр шүлэг дэх бошиглогчийн залбирлын үгсээс бидний сурч чадах нэг үнэнийг санал болгохыг хүс. Суралцагчид хариулах үед, бичээч самбар дээр дараах үнэнийг бичиж болно. Бидний залбирлууд хэрэгцээтэй байгаа тэдэнд тусламж, хүч тэнхээ өгч чадна.
-
Та нар тусламж хэрэгтэй байгаа тэдэнд залбирлын хүч туслахыг хэзээ харж, мэдэрсэн бэ? (Ийм залбирлууд нь заримдаа бусдад тусал хэмээн бидний хүлээн авах өдөөлтөөр хариулагддаг гэдгийг та онцлон тэмдэглэж болно.)
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 109:50-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, бошиглогчийн залбирсан бусад хүнийг олж мэдэхийг хүс.
-
Бошиглогч өөр хэний төлөө залбирсан бэ?
-
Бид яагаад дайсныхаа төлөө залбирах хэрэгтэй гэж та нар бодож байна вэ? (Суралцагчдад энэ асуултад хариулахад нь туслахын тулд та тэдэнд Cургаал ба Гэрээ 109:43 мөн 3 Нифай 12:43–45-ыг уншихыг санал болгож болно.)
-
Бид Сургаал ба Гэрээ 109:50-аас бидний залбирлууд бусдад хэрхэн нөлөөлж чадах талаар юу сурч болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа бичээчээс дараах зарчмыг самбар дээр бичихийг хүс. Бидний залбирал хүмүүсийг наманчлахад нөлөөлж чадна. Дараа нь бичээчийг суухад урь.)
Суралцагчдаас дараах асуултыг тунгаан бодохыг хүс.
-
Бидний залбирдаг хүмүүс наманчлахгүй байхыг сонговол яах вэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 109:51–53-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэний хүсэл болон бусдын сонгох эрхийг хүлээн зөвшөөрч буй үг хэллэгүүдийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс. (Эдгээр шүлгийг уг суралцагч уншихын өмнө, Их Эзэн “мутраа харуулах” гэдэг нь Их Эзэн хүчээ харуулах гэсэн үг гэдгийг тайлбарлаж болно.)
Сургаал ба Гэрээ 109:53-ыг дахин чимээгүй уншихад суралцагчдыг урьж, Тэнгэрлэг Эцэг наманчилдаг тэдний төлөө юу хийх болно гэснийг олж мэдэхэд урь. (Бурханы шударга ёсны дагуу Түүний уур хилэн бидний нүглээс үүдэх шаналал зовлон, шийтгэлээр илэрхийлэгддэг болохыг та тайлбарлах шаардлагатай болж болох юм. “Та Тослогдогчийнхоо нүүрийг хараад” хэмээх хэллэг нь Тэнгэрлэг Эцэг Өөрийн Хүү, Есүс Христийн цагаатгагч золиослолын учир нигүүлсэнгүй байхад бэлэн байдгийг илэрхийлж байна.)
-
Тэнгэрлэг Эцэг наманчилдаг тэднээс яагаад уур хилэнгээ зайлуулан авах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч тэдэнд дараах зарчмыг олж тогтооход тусал. Есүс Христийн цагаатгагч золиослолын ачаар Тэнгэрлэг Эцэгийн уур хилэн наманчилдаг хүмүүсээс авагдах болно. Энэ зарчмыг самбар дээр бич.)
53-р шүлэг дэх дүрслэлийг төсөөлөн бодоход суралцагчдад туслахын тулд тэднийг дараах зүйлийг хийхэд урь.
Мормоны эсрэг танхайрагчдын бүлгийн гишүүн байсан хүн Бурханы өмнө шүүгдэхээр зогсож байна хэмээн төсөөл. Энэ хүн нас барахаасаа хэдэн жилийн өмнө Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан өршөөгдөж мөн гэтэлгэгдэхийн төлөө чин сэтгэлээсээ наманчилж, залбирсан гэж төсөөлөн бод. Есүс Христ энэ хүний гэм нүглийн төлөө зовж шаналсан учраас Тэнгэрлэг Эцэг шийтгэлийг нь буцаан авч, нүглээ наманчлагчид нигүүлслийг олгодог.
Өөрсдийг чинь гомдоож, шаналган зовоосон тэдэнд хандахдаа энэ хандлагыг хөгжүүлэхэд суралцагчдыг урамшуул. Эдгээр хүн Тэнгэрлэг Эцэгийн өмнө гэмшин зогсож байгаагаар төсөөлөхийг суралцагчдаас хүс. Суралцагчдыг өөрсдийг нь гомдоож, өөрсдийнх нь эсрэг нүгэл хийсэн тэдгээр хүмүүсийн төлөө, Иосеф Смитийн адил залбирахад урь.
Сургаал ба Гэрээ 109:54–67
Бошиглогч дэлхий даяарх хүмүүс сайн мэдээний бүрэн байдалд хөрвүүлэгдэхийн төлөө залбирав
Хэрэв тэд дараахаас аль нэгийг нь хийсэн бол гараа өргөхөд суралцагчдыг урь.
-
Бүрэн цагийн номлогчдын төлөө залбирсан
-
Сүмийг сонирхож байгаа хүмүүсийн төлөө залбирсан
-
Сайн мэдээг хараахан сонсоогүй байгаа хүмүүсийн төлөө залбирсан
-
Та нарын залбирал ямар замаар энэ хүмүүст туслах болно гэж та нар боддог вэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 109:54–58-ыг чанга уншихад урь. Ангийн тал хэсгээс Иосеф Смит ямар хүмүүсийн төлөө залбирсныг олж мэдэхийг хүс. Ангийн нөгөө хэсгээс Иосеф Смит энэ хүмүүсийн төлөө юу хийхийг Их Эзэнээс гуйсныг олж мэдэхийг хүс. Дараа нь суралцагчдаас олж мэдсэн зүйлээ мэдээлэхийг хүс.
-
Их Эзэний үйлчлэгчдийн гэрчлэлийг сонсдог бүх хүнд юу тохиолдоосой хэмээн бошиглогч залбирсан бэ?
-
Та эдгээр шүлгээс ямар зарчмуудыг харж байна вэ? (Суралцагчид дараах үнэнийг оролцуулан хэд хэдэн үнэнийг олж болох юм. Ариун сүмийн бишрэл нь бусдад гэрчлэлээ хуваалцахад биднийг бэлтгэдэг. Хэрэв бид бусдын төлөө залбирах юм бол тэдний зүрх сэтгэл зөөлрөн, Их Эзэний үйлчлэгчдийг хүлээн авах болно. Суралцагчдын олж тогтоох зарчмуудыг та самбар дээр жагсаан бичиж болно.)
Олж мэдсэн зарчмуудын талаар гэрчлэлээ хуваалцах боломжийг суралцагчдад олго. Та бас энэ хичээлтэй холбоотой гэрчлэл, туршлагыг хуваалцаж болно.
Сионд илүү олон гадас зохион байгуулагдсанаар дэлхий даяарх хүмүүс тэдгээрт цугларч болохын төлөө Их Эзэнд хандан гуйсан Иосеф Смитийн залбирлыг тайлбарлан Сургаал ба Гэрээ 109:59–67-г дүгнэн ярьж өг. Тэрээр бошиглогч Иаковын үр удам (Израил) ирж, үнэнийг мэдэн, сайн мэдээний бүрэн байдалд хөрвүүлэгдэхийн төлөө онцгойлон залбирсан юм. Энэ бол хожмын өдрүүдэд Израил цугларах нэг чухал зам юм.
Сургаал ба Гэрээ 109:68–80
Бошиглогч Сүмийн төлөө залбирч мөн Их Эзэнээс ариун сүмийн онцгойлон адислалыг хүлээн авахыг гуйв
Сургаал ба Гэрээ 109:68–69, 71–73, 78–80-ыг чимээгүй уншин судлахад суралцагчдыг урь. Суралцагчдад дөхөм болгохын тулд та судруудын дугаарыг самбар дээр бичиж өгч болох юм. Онцгойлон адислалын залбирал дээр бошиглогчийн хэлсэн нэмэлт хүсэлтүүдийг хайж олохыг суралцагчдаас хүс. Та тэдэнд олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг санал болгож болно.
-
Хэний мөн юуны төлөө Иосеф Смит залбирсан бэ?
-
Бид залбирлууддаа ийм хүсэлтүүдийг оруулах нь ямар үр ашигтай байх вэ?
Суралцагчдыг “Бурханы Сүнс” дууллыг (Сүмийн дууллын ном, д. 5) дуулахад урь. Көртландын ариун сүмийн онцгойлон адислал дээр дуулагдсан дуу болох талаарх дууллын үгний доорх тайлбарт суралцагчдын анхаарлыг хандуул. (Онцгойлон адислалын залбирал дуусмагц найрал дуучид үүнийг дуулсан.) Өнөөдөр ариун сүмийн онцгойлон адислалууд дээр энэ дуу үргэлжлүүлэн дуулагдсаар байна.
1836 оны 3-р сарын 27-ны орой ариун сүмийн онцгойлон адислалын дараа ариун сүмд юу болсон тухай дараах үгсийг уншихад нэг суралцагчийг урь.
Тэр орой ариун сүмд санваарын чуулгууд цугларчээ. Бошиглогч Иосеф Смит “тэдэнд бошиглолын сүнсний талаар зааврууд өгч, цуглаан дээр хүмүүсийг үг хэлэхийг урьсан. … Жорж А.Смит босч бошиглож эхлэх үед хүчтэй салхи салхилах мэт дуу чимээ сонсогдон ариун сүмийг дүүргэж, цуглаан ер бусын хүчээр хөдөлгөгдөн цугларсан бүгд нэгэн зэрэг босч, олон хүн хэлээр ярьж, бошиглож эхэлсэн; зарим хүмүүс гайхамшигт үзэгдлүүдийг үзсэн; мөн би ариун сүм тэнгэр элчүүдээр дүүрсэн байхыг болгоосон бөгөөд энэ талаар цуглагчдад тунхагласан. Ойр орчимд байсан хүмүүс (дотроос гарах ер бусын чимээг сонсож, ариун сүм дээр галан багана шиг хурц гэрэл тогтсон байхыг хараад гүйлдэн ирж, юу болоод байгааг гайхан харж байлаа” гэжээ (History of the Church, 2:428-д). Зарим хүн ариун сүмийн дээр тэнгэр элчүүд байгааг харж, тэдний дуулахыг сонсжээ.(Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2003], 167-г үзнэ үү).
Ариун сүмд зохистойгоор орсноор бидний хүлээн авдаг адислалуудын талаар гэрчлэн, хичээлийг төгсгө.