Институт ба семинар
23-р хичээл: Сургаал ба Гэрээ 18:17-47


23-р хичээл

Сургаал ба Гэрээ 18:17–47

Оршил

Иосеф Смит 1829 оны 6-р сард уг илчлэлтийг өөрийнхөө болон Оливер Каудери, Давид Витмер нарын төлөө хүлээн авчээ. Аврагч уг хоёр эрэгтэйг наманчлалыг тунхаглахад дуудсаныхаа дараа тэдэнд өөрсдийнхөө дээр Түүний нэрийг авахын ач холбогдлын талаар заав. Тэрээр Арван хоёр төлөөлөгч удахгүй дуудагдах тухай мөн тэд өөрсдийнхөө дээр “зүрх сэтгэлийнхээ бүрэн зорилгоор” (С ба Г 18:27) Есүс Христийн нэрийг авах хүсэлтэй талаар дурджээ. Их Эзэн Арван хоёрын чуулгын гишүүнээр үйлчлэх боломжтой эрчүүдийг эрж олох үүрэг хариуцлагыг Оливер Каудери, Давид Витмер хоёрт даатгажээ.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 18:17–25

Есүс Христ Өөрийнхөө нэрийг бидний аврагдаж болох цорын ганц нэр хэмээн заав

Нэг юм уу хоёр суралцагчийг овгоо самбар дээр бичихэд урь. Суралцагчдаас асуу.

  • Таны овог танд ямар утга учиртай вэ?

  • Энэ нэртэй хамт ямар онцгой эрх мөн үүрэг хариуцлага ирдэг вэ? (Онцгой эрх дотор амьдрах газар, гэр бүлийн хайр мөн Сүмд өсч хүмүүжих боломж орж болно. Үүрэг хариуцлага дотор гэр орноо аюулгүй байлгах, гэр бүлийнхээ гишүүдийг хүндэтгэх, гэр орны ажил хийх, гэр бүлийнхээ овогт нэр хүндийг авчрах зэрэг орж болно.)

Их Эзэн Оливер Каудери, Давид Витмер хоёрыг наманчлалыг тунхаглахад дуудсан гэдгийг суралцагчдад сануул (С ба Г 18:6, 9, 14-ийг үзнэ үү). Их Эзэн тэдэнд энэ зааварчилгааг өгснийхөө дараа Түүний нэрийг өөрсөд дээрээ авах онцгой эрх мөн үүрэг хариуцлагын талаар тэдэнд хэлжээ.

Дараах хүснэгтийг самбар дээр зур. Гэхдээ доод талын мөрөнд байгаа хариултуудыг бичих хэрэггүй. Суралцагчдыг уг хүснэгтийг дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ зурахад урь. Дараа нь суралцагчдыг Сургаал ба Гэрээ 18:17–25-ыг дотроо уншаад, өөрсдийн дээр Есүс Христийн нэрийг авснаар ирэх онцгой эрх мөн үүрэг хариуцлагын талаар олж тогтооход урь. Тэднийг олж мэдсэн зүйлсээ хүснэгтийн доод талын мөрөнд бичихийг хүс.

Онцгой эрх

Үүрэг хариуцлага

Ариун Сүнсийг хүлээн авах ба Ариун Сүнсээр заалгах

Бусдыг баптисм хүртэж, эцсээ хүртэл тэвчихэд урих

Эцэгийн хаант улсад авралыг хүлээн авах

Итгэл, найдвар, энэрэлтэй байх

Бусад сүмтэй зөрчилдөхгүй байх

Үнэнийг чин сэтгэлээсээ хэлэх

Наманчилж, эцсээ хүртэл тэвчих

  • Сургаал ба Гэрээ 18:23-т цэдэглэгдсэнээр яагаад Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах нь чухал вэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тогтоох ёстой. Есүс Христийн нэр бол бидний аврагдаж болох цорын ганц нэр юм. Та суралцагчдад энэ үнэнийг судар дээрээ тэмдэглэхийг зөвлөж болох юм.)

Нэг суралцагчаас Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч M.Рассэлл Баллардын хэлсэн дараах мэдэгдлийг уншихыг хүс. Бид хэрхэн Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах тухай Ахлагч Баллардын зөвлөгөөг сонсохыг ангийнхнаас хүс.

Ахлагч М.Рассэлл Баллард

“Бид баптисмын усанд өөрсдийн дээр Христийн нэрийг авдаг. Бид ариун ёслолоос хүртэж, Түүний нэрийг өөрсөд дээрээ авахад бэлэн байгаагаа харуулж, үргэлж Түүнийг санахаа амласнаар энэхүү баптисмын үр нөлөөг долоо хоног бүр шинэчилдэг (С ба Г 20:77, 79-ийг үзнэ үү) …

Биднээс Түүний гэрч болж зогсохыг хүсдэг. … Энэ нь бид хэнийг дагадгаа болон Есүс Христийн Сүм гэгдэх Сүмд харъяалагддагаа бусдад мэдүүлэхэд бэлэн байх ёстой гэсэн үг юм. Бид үүнийг хайр болон гэрчлэлийн сүнсээр үйлдвэл дээр байдаг. Бид Аврагчийн Сүмийн гишүүд гэдгээ энгийн мөн тодорхой, даруу байдлаар зарласнаараа Түүнийг дагахыг хүсдэг” (“Нэрийн чухал ач холбогдол,” Ensign, 2011 оны 11-р сар, 79–80 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 93–94).

  • Ахлагч Баллард Есүс Христийг дагадаг гэдгээ бусдад мэдүүлэх тухай бидэнд ямар зөвлөгөө өгсөн бэ?

  • Сургаал ба Гэрээ 18:19–20-д Их Эзэн итгэл, найдвар мөн энэрэлтэй байж, бусад сүм болон тэдгээрийн гишүүдтэй зөрчилдөхгүй байхыг Оливер Каудери, Давид Витмер хоёрт тушаасан байдаг. Есүс Христийн дагалдагчдын хувьд эдгээр зүйлийг хийх нь бидэнд яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

Та Сургаал ба Гэрээ 18:20 дээрх “чөтгөрийн сүм” гэдэг хэллэг ямар нэгэн тодорхой сүмийг дурдаагүй гэдгийг суралцагчдад ойлгоход нь тусалж болно. Энэ нь Есүс Христийн Сүм болон Бурханы хүүхдүүдийн авралын эсрэг ажилладаг аливаа хүн, бүлэглэл, байгууллага, гүн ухааныг хэлж байгаа юм.

Суралцагчдыг дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ Есүс Христийг дагадаг гэдгээ бусдад мэдүүлэх нэг арга замыг бичихэд урь.

Сургаал ба Гэрээ 18:26–47

Их Эзэн Арван хоёр төлөөлөгчийн дуудлага болон номлолыг илчлэв

Их Эзэн Оливер Каудери, Давид Витмер хоёроос гадна Түүний нэрийг өөрсөд дээрээ авч, Түүний сайн мэдээг тунхаглах хүмүүсийн тухай ярьсан гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 18:27–32-ыг дотроо уншиж, дараах асуултуудын хариултыг бичихэд урь. (Хичээл эхлэхээс өмнө самбар дээр дараах асуултуудыг бич эсвэл тэдгээрийг тараах материал болгон бэлтгэ.)

  1. Арван хоёр дагалдагч ямар хүсэлтэй байсан бэ?

  2. Эдгээр эр юу хийхээр дуудагдсан бэ? (3–5 өөр санааг ол.)

  3. Одоогийн арван хоёр төлөөлөгчийн аль гишүүнийг та нар санаж байна вэ? (Тэдний нэрийг бич.)

Суралцагчдад хангалттай цаг өгсний дараа тэднээс самбар дээрх эхний асуултад хариулахыг хүс. Дараа нь дараах асуултуудыг тавь.

  • Зүрх сэтгэлийн бүрэн зорилгоор Есүс Христийн нэрийг өөр дээрээ авна гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ?

Цөөн суралцагчийг самбар дээрх хоёр дахь асуултад хариулахад урь. Суралцагчдын олж тогтоох ёстой нэг зарчим бол Их Эзэний арван хоёр төлөөлөгч бүхэл дэлхийд сайн мэдээг тунхаглаж, танилцуулахаар дуудагдсан явдал юм. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 18:37–39-ийг чангаар уншихад урь. Бусад суралцагчийг хамт уншаад, Бурханы Оливер Каудери, Давид Витмер хоёрт өгсөн үүрэг хариуцлагуудыг олж мэдэхэд урь.

  • Их Эзэн Оливер, Давид хоёрт юу хийхийг зарлигласан бэ? (Хожмын өдрүүд дэх Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын анхны гишүүдээр дуудагдах эрчүүдийг эрж олох.)

  • Тэд төлөөлөгчдөөр дуудагдах хүмүүсийг хэрхэн мэдэх боломжтой байсан бэ? (Ирээдүйн Төлөөлөгчид Их Эзэний ярьсан хүсэл болон ажлыг батлан харуулах ёстой.)

Мартин Харрис мөн арван хоёр төлөөлөгчийг эрж олох үүргийг хүлээн авсан гэдгийг тайлбарла. Хожмын өдрүүд дэх Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын анхны гишүүдийг Сүм албан ёсоор зохион байгуулагдсанаас хойш таван жилийн дараа 1835 оны 2-р сарын 14-нд дууджээ. Сургаал ба Гэрээ 18 дахь илчлэлт нь Есүс Христийн Сүм дэх төлөөлөгчдийн үүргийг тайлбарласнаар энэхүү чуулгын ач холбогдлыг ойлгоход бидэнд тусалдаг.

Суралцагчдаас одоогийн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийн нэрсийг нэрлэхийг хүссэнээр самбар дээрх гурав дахь асуултад хариулахад тэднийг урь. Хэрэв боломжтой бол тэдний зургийг үзүүл. Зургуудыг 5 ба 11-р сарын Ensign болон 4 ба 10-р сарын Ерөнхий чуулган эсвэл lds.org/church/leaders-ээс харж болно.

Нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг уншихад урь. Суралцагчийг уншиж эхлэхээс өмнө ахлагч Холланд төлөөлөгчөөр дуудагдсан хамгийн анхны ерөнхий чуулган дээр энэ үгсийг хэлсэн гэдгийг тайлбарла.

Ахлагч Жэффри Р.Холланд

“Мэдээж хэрэг миний бүх ухаарал ойлголт дундаас хамгийн агуу мөн баяр хөөртэй нь Нифайн хэлсэнчлэн амьдралынхаа эцсийн амьсгалыг хүртэл хаана мөн хэнтэй ч байсан бай ‘Христийн тухай ярьж, … Христэд баясч, … Христийн талаар номлож, [мөн] Христийн тухай бошигло[х]’ (2 Ни. 25:26) боломж надад байгаа явдал юм. ‘Бүх дэлхийд Христийн нэрний тусгай [гэрч]’ (С ба Г 107:23) болохоос илүү дээд зорилго мөн агуу боломж гэж байхгүй. …

Би хэлсэн үг, сургаал болон ярьсан зүйлээрээ гэрч байхаас гадна амьдрал маань Есүс Христийн энэхүү гэрчлэлийн нэг хэсэг болох ёстой. Миний оршин буй байдал уг ажлын тэнгэрлэг байдлыг тусгах ёстой. Хэрэв миний хэлэх эсвэл хийх аливаа зүйл та нарын Христэд итгэх итгэл мөн сүмийг хайрлах хайр мөн ариун төлөөлөгч байх дуудлагыг хүндэтгэх хүндлэлийг багасгавал би үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй.

Би Их Эзэнд болон эдгээр ахад амласны адил та нарт ч мөн энэхүү итгэл найдварыг даах зохистой амьдрахын төлөө хичээж, бүх авьяас чадвараа бүрэн дайчилж үйлчилнэ гэдгээ амлаж байна” (“Miracles of the Restoration,” Ensign, 1994 оны 11-р сар, 31).

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 18:27-г чангаар уншихад урь.

  • Төлөөлөгчөөр үйлчилж буй хүмүүс зүрх сэтгэлийнхээ бүрэн зорилгоор өөрсөд дээрээ Есүс Христийн нэрийг авсан гэдгийг мэдэх нь та нарт хэрхэн туслах вэ? Бид хэрхэн тэдний жишээг дагаж чадах вэ?

Нэг юм уу хоёр суралцагчийг энэ үйл ажиллагаанд туслахад урь. Эдгээр суралцагчийн нүдийг боо эсвэл тэднээс нүдээ анихыг хүс. Бусад хэдэн суралцагчийг жирийн дуу хоолойгоор ээлжлэн уншихад урь. Нүдээ боосон суралцагчдаас ярьж буй хүнийг нэрлэхийг хүс. Дараа нь дараах асуултуудыг тавь.

  • Яагаад зарим дуу хоолойг танихад илүү хялбар байна вэ? (Суралцагчид бид ямар нэгэн дуу хоолойг ойр ойрхон сонсох тусам танихад илүү хялбар болдгийг онцолж болно.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 18:34–36, 47-г чангаар уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Их Эзэний дуу хоолойг таньж болох Түүний хэлсэн нэг арга замыг олж мэдэхийг хүс. (Та 34-р шүлэг дэх “эдгээр үгс” гэдэг нь Сургаал ба Гэрээн дэх илчлэлтүүдийг хэлж байгааг тайлбарлаж болно.)

  • Эдгээр шүлэгт цэдэглэснээр бид хэрхэн Их Эзэний дуу хоолойг сонсож чадах вэ? (Суралцагчид янз бүрийн хариулт хэлж болох ч дараах зарчим тодорхой байгаа эсэхийг анхаар. Бид Сүнсний хүчээр судруудыг унших үед Есүс Христийн дуу хоолойг сонсож чадна. Энэ үнэнийг самбарт бич.)

  • Судруудыг судлах нь Есүс Христийн дуу хоолойг сонсоход бидэнд ямар арга замаар тусалдаг вэ?

Бид Их Эзэний дуу хоолойг бидний чихэнд сонсогдохгүй арга замаар сонсож болно гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал. Бид Ариун Сүнсээр дамжуулан оюун санаандаа мөн зүрх сэтгэлдээ мэдрэмжүүд болон захиасуудыг хүлээн авч чадна (С ба Г 8:2–3-ыг үзнэ үү).

Самбар дээр бичсэн үнэнийг эргэж хар.

  • Энэ үнэн нь судруудын талаарх таны бодолд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ нь хэрхэн судруудыг унших цаг мөн газраа сонгоход таныг удирдах вэ?

  • Та судруудыг уншиж эсвэл тунгаан бодож байхдаа хэзээ Их Эзэн танд сүнслэгээр нөлөөлж байгааг мэдэрсэн бэ?

Суралцагчдыг судруудыг өдөр бүр судалж мөн Их Эзэний дуу хоолойг эрж, ойлгохдоо хичээнгүй байхад нь урамшуулан дэмж. Оливер Каудери, Давид Витмер, ирээдүйн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд нь Түүний зарлигуудыг дагахдаа итгэлтэй байх юм бол агуу адислалуудыг хүлээн авна гэдгийг Их Эзэн баталж хэлсэн гэдгийг тайлбарлаж, Сургаал ба Гэрээ 18:40–47-г нэгтгэн дүгнэ. Та мөн суралцагчидтай ярилцсан үнэнүүдийнхээ талаар гэрчилж, энэ хичээлийг дуусгаж болно.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 18:20. “Чөтгөрийн сүмийн … эсрэг … тэмц”

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит Сургаал ба Гэрээ 18:20-ийн талаар “Энэ нь зөв шударга хийгээд үнэний эсрэг байдаг бүх чөтгөрийн эсрэг тэмцэхийг бидэнд зөвлөсөн заавар гэдгийг бид ойлгох ёстой” хэмээн заажээ (Church History and Modern Revelation, 2-р боть. [1953 он], 1:83). Энэ нь бусад сүм эсвэл тэдгээрийн гишүүдийн эсрэг тэмц гэсэн уриалга биш юм.

Сургаал ба Гэрээ 18:44. “Би та нарын гараар … гайхамшигт ажлыг үйлдэх болно”

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф:

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Бид [Аврагчийн] төгс жишээг даган амьдарснаар бидний гар Түүний гар, бидний нүд Түүний нүд, бидний зүрх сэтгэл Түүний зүрх сэтгэл болж чадна.

Хүн бүр өөрийн гэсэн бэрхшээлтэй тулгарч байдаг болохоор бусдад зүрх сэтгэлээ нээж, тусламжийн гараа сунгацгаая. Бидний Эзэн, Есүс Христийн шавь нар болох бид тэднийг буруутгах бус харин дэмжиж тэтгэх ёстой” гэж хэлжээ (“Та нар миний гар,” Ensign, 2010 оны 5-р сар, 68–69 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 80–83).