Институт ба семинар
83-р хичээл: Сургаал ба Гэрээ 78–80


83-р хичээл

Сургаал ба Гэрээ 78–80

Оршил

1832 оны 3-р сарын 1-нд Их Эзэн одоо Сургаал ба Гэрээ 78-д цэдэглэгдсэн илчлэлтийг Иосеф Смитэд илчилсэн. Энэ илчлэлтэд, Их Эзэн бошиглогчийг агуулах болон Сүмийн хэвлэлийн ажлуудыг удирдах нэгэн пүүс (Хожим Нэгдсэн пүүс хэмээн нэрлэгдсэн) байгуулахад удирдсан. Их Эзэн түүнчлэн хэрэв гэгээнтнүүд энэхүү пүүсийг байгуулах зарлигийг дуулгавартай дагавал хүлээн авах адислалуудыг нь дүрслэн хэлжээ. Сүмийн эрхэлдэг аж ахуйн нэгжийг Сүмийн дайснуудаас хамгаалахын тулд Сургаал ба Гэрээг анх 1835 онд хэвлэгдэхэд энэ илчлэлтийн зарим үг хэллэгийг өөрчилсөн байна. Жишээ нь, “журам” эсвэл “нэгдсэн журам” гэдэг нь Нэгдсэн пүүсийг хэлдэг байжээ. Нэгдсэн пүүс байгуулахыг Иосеф Смитэд зарлигласан тэр үедээ Их Эзэн Сургаал ба Гэрээ 79–80-д цэдэглэгдсэн илчлэлтийг өгсөн. Эдгээр илчлэлтэд Жаред Картер, Стефен Бурнетт, Эден Смит нарыг Их Эзэн номлогчоор үйлчлүүлэхээр дуудсан.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 78:1–16

Их Эзэн бошиглогч Иосеф Смитийг Нэгдсэн пүүс байгуулахыг зарлиглав

Бага хэмжээний мөнгө гартаа өргөн бариад дараах асуултуудыг тавь.

  • Мөнгийг яаж муу зорилгод ашиглаж болох вэ?

  • Мөнгийг яаж сайн үйлсийг дэлгэрүүлэхэд ашиглаж болох вэ?

Суралцагчдыг хариулсны дараа, 1831 оны 5-р сард Их Эзэн ядуусын тусын тулд илүүдэл эд бараа, мөнгийг цуглуулах зорилгоор агуулах байгуулахыг зарлигласан гэдгийг тайлбарла (С ба Г 51-ийг үзнэ үү). Хоёр агуулах дараалан байгуулагдсан: нэгийг нь Миссуригийн Индепенденст Сидней Гилберт, нөгөөг нь Огайогийн Көртландад Ньюел К.Витней ажиллуулдаг байжээ. Энэ үүрэгт ажилд Гилберт ах, Витней ах хоёр Сүмийн албан хаагчаар ажилласан. Эдгээр агуулах нь Иосеф Смитийн хүлээн авсан илчлэлтүүдийн хэвлэлтийг санхүүжүүлэх болон газар худалдан авах хөрөнгө бий болгохын хажуугаар гэгээнтнүүдийг хэрэгцээтэй эд бараагаар хангаж байсан. Эдгээр агуулах нь гачигдаж буй тэдэнд бас туслах зорилготой байсан (С ба Г 72:10–12-ыг үзнэ үү).

Суралцагчдад Сургаал ба Гэрээ 78-д цэдэглэгдсэн илчлэлтийн агуулгыг ойлгоход туслахын тулд нэг суралцагчийг 2013 онд хэвлэгдсэн судар дахь энэ хэсгийн удиртгалыг уншихад урь:

“Энэ илчлэлт нь анх бошиглогч, Сидней Ригдон, Ньюел К.Витней нарт Миссури рүү аялж очоод Сионы бүтээн байгуулалт болон ядуусыг тэтгэх хөрөнгийг бий болгоход хяналт тавьж байх ‘пүүс’ үүсгэх замаар Сүмийн худалдааны болон хэвлэлийн хүчин чармайлтуудыг зохион байгуулахыг зааварласан. Энэ Нэгдсэн пүүс гэдэг нь 1832 оны 4-р сард байгуулагдаад 1834 онд татан буугджээ (82-р хэсгийг үзнэ үү). Үүнийг татан буулгаснаас хэсэг хугацааны дараа, Иосеф Смитийн удирдсаны дагуу уг илчлэлтийн ‘ядууст зориулсан агуулахын ажил хэргүүд’ гэсэн хэллэг нь ‘худалдааны болон хэвлэлийн байгууллага’ гэдгээр, ‘журам’ гэдэг үг нь ‘пүүс’ гэдэг үгээр солигдсон.”

Сургаал ба Гэрээ 78 дахь журам гэдэг үг нь (4-р шүлгийг үзнэ үү) Нэгдсэн пүүс гэдгийг хэлж байгаа гэдгийг суралцагчдад ойлгуул. Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 78:3–4-ийг чанга уншихыг хүсээд, ангийнхныг энэ пүүс буюу журам нь гэгээнтнүүдэд юу хийх боломж олгож байсныг олж мэдэхэд урь.

  • 4-р шүлэгт цэдэглэснээр, энэ пүүсийг байгуулснаар Их Эзэний урагшлуулахыг хүссэн шалтгаан юу байсан бэ? (Хүн төрөлхтний аврал.)

  • Авралын шалтгааныг урагшлуулахад мөнгийг ашиглаж болох ямар арга замууд байдаг вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 78:5–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Их Эзэн яагаад Өөрийн гэгээнтнүүдэд ”[Түүний] хүмүүсийн ядууст” (С ба Г 78:3) туслахыг зарлигласан шалтгааныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ хуваалцахыг хүс.

  • Ядууст тусламж үзүүлэх нь гэгээнтнүүдийг “дэлхийн зүйлүүдэд тэгш” байхад нь хэрхэн туслах вэ?

Их Эзэн гэр бүлийн нөхцөл боломж, хэрэгцээ болон хүсэлд адил тэгш байдлыг өмнөх илчлэлтдээ тодорхойлсныг та суралцагчдад сануулах хэрэгтэй байж болно (С ба Г 51:3-ыг үзнэ үү). Тийм учраас, дэлхийн зүйлүүдэд тэгш байх зарлиг нь хүн бүр яг ижил хэмжээний нөөц бололцоотой байх болно гэж биш, харин хувийн нөхцөл байдлынхаа дагуу гэр бүл бүр хэрэгцээ, хүсэлдээ хангалттай байна гэж ойлгуулж байгаа юм.

5-р шүлэг дэх “тэнгэрлэг зүйлүүд” гэсэн хэллэгийг онцол.

  • Их Эзэн биднийг ямар “тэнгэрлэг зүйлүүдэд” адил тэгш байхыг хүсдэг гэж та нар боддог вэ?

  • Дэлхийн зүйлүүдэд тэгш байх нь хэрхэн бидэнд тэнгэрлэг зүйлүүдийг олж авах боломжийг олгодог вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 78:7-г чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Их Эзэн яагаад гэгээнтнүүдэд ядуусыг халамжил хэмээн тушаах болсон нэмэлт шалтгааныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ хуваалцахад урь.

  • Ядуусыг халамжлах нь Гэгээнтнүүдийг селестиел хаант улсыг өвлөн авахад ямар замаар бэлтгэдэг гэж та нар бодож байна вэ?

  • Бид энэ шүлгээс өнөөдөр бидэнд хамааралтай ямар зарчмыг сурч болох вэ? (Суралцагчид өөр үгсийг ашиглаж болох ч, тэдний хариултууд дараах зарчмыг тусгах ёстой. Их Эзэний зарлигт дуулгавартай байх нь селестиел хаант улсад бидэнд газар бэлтгэдэг.)

Суралцагчдаас нэг минутанд Их Эзэний зарлигуудаас мэддэг бүхнээ жагсаан бичихийг хүс. Тэдний хариултуудыг самбар дээр бич. Суралцагчдыг самбар дээр жагсаасан зарлигуудаас нэгийг сонгоод хичээлийн дэвтэртээ эсвэл судрын тэмдэглэл дээрээ зарлигийг дагах нь тэднийг хэрхэн селестиел хаант улсад бэлтгэхэд туслахыг тайлбарлаж цөөн өгүүлбэр бичихийг хүс. Хангалттай цаг гаргаж өгсний дараа, цөөн хэдэн суралцагчаас юу бичсэнээ хуваалцахыг хүс.

Бидэнд зарлигуудыг өгөх болсон Их Эзэний зорилгыг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах тайлбарыг чанга уншихыг нэг суралцагчаас хүс.

Ахлагч Даллин Х.Өүкс

“Хэний ч тухайд зүгээр л урсгалаараа явах нь хангалттай биш юм. Сайн мэдээний зарлиг, ёслол, гэрээнүүд нь тэнгэр дэх хадгаламжинд хураагдаж байдаг зүйлсийн жагсаалт биш. Есүс Христийн сайн мэдээ бол хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн хүсэн хүлээдэг хүмүүс болохыг бидэнд харуулдаг төлөвлөгөө билээ” (“The Challenge to Become,” Ensign, 2000 оны 11-р сар, 32).

  • Их Эзэн бидэнд зарлигуудыг өгдгийн зорилгыг ойлгох нь танд Түүнийг илүү итгэлтэй байдлаар дагахад тань хэрхэн туслах вэ?

Сургаал ба Гэрээ 78:8–9-ийг ээлж дараалан чанга уншихад хоёр суралцагчийг урь. Ангийнхнаас хамт уншаад, Их Эзэн Нэгдсэн пүүсийг зохион байгуулахад томилсон тэр хүмүүсийн нэрсийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ хуваалцахад урь.

  • 9-р шүлэгт цэдэглэснээр, энэ гурван хүн хэнтэй хамт зөвлөлд суухаар зарлиглуулсан бэ? (Суралцагчдыг “Сионд байгаа гэгээнтнүүд …” гэсэн хэллэг нь Миссуригийн Индепенденс дэх Сүмийн гишүүдийг хэлж байгааг ойлгоход тусал.)

Иосеф Смит, Ньюел К.Витней, Сидней Ригдон, Бага Петр Витмер, Жесси Гаус нар энэ зарлигт дуулгавартай байж, 1832 оны 4-р сард Миссури рүү аялсан гэдгийг тайлбарла. Тэд очсоныхоо дараахан, энэ илчлэлд зааварласны дагуу гурвуулаа зөвлөл хуралдуулж Нэгдсэн пүүсийг байгуулсан. Уг пүүс нь Иосеф Смит, Сидней Ригдон, Ньюел К.Витней, Эдвард Партриж, Сидней Гилберт, Оливер Каудери, Жон Витмер, Виллям В.Фелпс, Мартин Харрис нараас бүрдсэн.

Эдгээр шүлэгт пүүсийн гишүүд нь Сүмийн аж ахуйн нэгжийг удирдах гэрээгээр дамжуулан өөрсдөө нэгдэн холбогдох ёстой хэмээн Их Эзэн онцолж хэлснийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 78:10–16-г нэгтгэн дүгнэ. Тэд энэ гэрээнд итгэлтэй байснаар Их Эзэний зарлигуудыг биелүүлэхэд Түүний тусламжийг авах болно. Хэрэв гэгээнтнүүд Түүний заавруудыг дагавал Сүм нь дэлхийн бусад бүх аж ахуйн нэгжээс хамааралгүй бие даан зогсож чадна гэдгийг Их Эзэн мөн тайлбарласан.

Сургаал ба Гэрээ 78:17–22

Их Эзэн зарлигуудыг нь дагадаг тэдэнд адислалууд боломжтой байдаг гэдгийг тайлбарлав

Суралцагчдаас бага байхдаа хүлээж авсан боловч одоо том болсон хойноо илүү их талархдаг зарим бэлэг эсвэл адислалаасаа нэрлэхийг хүс.

  • Тэд яагаад эдгээр бэлэг эсвэл адислалд одоо илүү их талархдаг вэ?

  • Энэ нь бидний Тэнгэрлэг Эцэгийн бидэнд зориулан бэлтгэсэн адислалуудтай ямар хамааралтай байж болно гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 78:17–18-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, гэгээнтнүүд хэрхэн бяцхан хүүхдүүд шиг байсныг олж тогтоохыг хүс.

  • Их Эзэнд бидэнд зориулан нөөцөлсөн адислалууд байдгийг ойлгох нь яагаад заримдаа хэцүү байдаг вэ?

  • Бид бүх зүйлийг ойлгож эсвэл тэвчиж чадахгүй байж болох ч Их Эзэн бидэнд ямар урилгыг өгдөг вэ? (Зоригтой бай.)

  • Бидний ойлгож эсвэл тэвчиж чадахгүй зүйлсээр дамжуулан Их Эзэн “[биднийг] удирдах болно” (С ба Г 78:18) гэдгийг мэдэх нь биднийг зоригтой байхад хэрхэн туслах вэ?

Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 78:19-ийг дотроо уншаад, Их Эзэний гэгээнтнүүдэд өгсөн зөвлөмжийг олж мэдэхийг хүс. Дараа нь тэднийг олж мэдсэн зүйлээ тайлагнахад урь.

  • Бүх зүйлийг талархан хүлээн авахыг сонгосон тэдэнд юу тохиолдоно хэмээн Их Эзэн хэлсэн бэ? (Суралцагчид дараахтай төстэй зарчмыг олж тогтоох ёстой. Бид бүх зүйлийг талархан хүлээн авбал Их Эзэн бидний адислалуудыг өсгөн үржүүлэх болно.)

  • Их Эзэн яагаад бүх зүйлийг талархан хүлээн авдаг хүмүүст зориулсан адислалуудыг өсгөн үржүүлдэг гэж та нар бодож байна вэ?

  • Бүх зүйлийг талархан хүлээн авахыг сонгох нь бас биднийг зоригтой байхад хэрхэн тусалдаг вэ?

Суралцагчдыг бүх зүйлийг талархалтайгаар хэрхэн илүү бүрэн дүүрнээр хүлээн авч болохыг тунгаан бодоход урь.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 78:20–22-ыг дотроо уншаад, бид 19-р шүлэгт тодорхойлсон амлалтуудыг ойлгосны үр дүнд юу хийх ёстой хэмээн Их Эзэн хэлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ хуваалцахыг хүс.

Сургаал ба Гэрээ 79–80

Жаред Картер, Стефен Бурнетт, Эден Смит нар номлолд үйлчлэхээр дуудагдав

Сургаал ба Гэрээ 79 болон 80 дээр цэдэглэгдсэн илчлэлтүүдэд Их Эзэн гурван хүнийг номлогчоор үйлчлэхэд дуудсан болохыг суралцагчдад мэдэгд. Суралцагчдад хоёр хоёроороо ажиллахыг даалга. Багийн нэг гишүүнээс Сургаал ба Гэрээ 79-ийг мөн нөгөө гишүүнээс Сургаал ба Гэрээ 80-ыг судлахыг хүс. Тэднийг дааж авсан хэсгүүдээ судлахдаа номлолын ажилд хэрэглэх зарчмуудыг олж мэдэхэд урь.

Хангалттай цаг гаргаж өгсний дараа, суралцагчдаас олж мэдсэн зарчмуудаа хамтрагчтайгаа хуваалцахыг хүс. Тэгээд тэднийг өөрсдийн олж мэдсэн нэг зарчмыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Тэд уг зарчмыг таньдаг хэн нэгэн хүнтэйгээ сайн мэдээг хуваалцахад хэрхэн ашиглаж болох талаар цөөн өгүүлбэр бичихэд тэднийг урь.

Өнөөдрийн хичээл дээр хэлэлцсэн сургаал, зарчмуудын талаар гэрчилснээр хичээлийг дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 78:5–6. “Дэлхийн зүйлүүдэд тэгш”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон дараах мэдэгдэлдээ Сүмийн гишүүдийг дэлхийн зүйлс дээр зүрх сэтгэлээ тавихгүй байхыг анхааруулдаг.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Бид эд хөрөнгө, зугаа цэнгэлийг шүтээнээ болгодог нийгэмд амьдарч байгаа өнөө үед, дэлхийн эд зүйлсээс улам ахиухныг олж авахыг хүсдэг шунал тачаалаас хол хөндий байж чадаж байна уу гэдгийг өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Эд хөрөнгийг шүтэх үзэл бол Вавилоны шинж чанарыг илтгэн харуулдаг хиймэл шүтээн ба бардамналын өөр нэг илрэл мөн. Ингэхлээр бид хэрэгцээндээ хангалттай юмтай байгаадаа сэтгэл хангалуун байж сурах хэрэгтэй” (“Сионд ирэгтүн,” Ensign, 2008 оны 11-р сар, 39 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 45).

Сургаал ба Гэрээ 78:15. Адам-ондай Аман

Адам-ондай Аман бол Адам нас барахаасаа гурван жилийн өмнө өөрийнхөө зөв шударга үр удмыг адисалсан (С ба Г 107:53–56-г үзнэ үү) мөн тэр Хоёр дахь ирэлтийн цагаас өмнө гэгээнтнүүдтэй уулзахаар ирэх газар юм (С ба Г 116-г үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 78:15–16. Михаил болон авралын түлхүүрүүд

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит:

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“Адам бол энэ дэлхийн захирагч байхаар томилогдсон, Их Эзэний Абрахамд хэлж байсан оюун билгүүдийн дунд байсан. Тэр бол Михаил, хаанхүү мөн энэ дэлхийд ирж, ‘өдрүүдийн эхлэл буюу амьдралын төгсгөлгүй болох Ариун Нэгэний зөвлөгөө хийгээд чиглүүлэл дор авралын түлхүүрүүдийг’ [С ба Г 78:16] атгасаар түүний үр удмын эхэнд зогсохоор сонгогдсон Бурханы хүү байсан. Энэ Ариун нэгэн бол Есүс Христ юм. Михаил нь дэлхий дээр Адам гэж нэрлэгддэг байсан. Дэлхийн өмнөх оршихуйд тэрээр бидний Эцэгийн бусад хүүхдийн адил сүнс байсан” гэж заасан (Answers to Gospel Questions, нэгтгэсэн Бага Жозеф Фийлдинг Смит, 5-р боть [1957–1966 он], 1:5–6). (Сургаал ба Гэрээ суралцагчийн гарын авлага 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2001 он], 173-г үзнэ үү.)

Сургаал ба Гэрээ 78:20. Аманы хүү

Ахлагч Оорсон Пратт

Ахлагч Оорсон Пратт “энэ хүмүүст ерөнхийдөө мэдэгдээгүй нэг илчлэлт байна. Миний бодлоор бол энэ нь хэзээ ч хэвлэгдэж байгаагүй ч магадгүй сүмийн түүхэнд байх болно. Энэ нь асуултууд ба хариултуудаар өгөгдсөн юм. Эхний асуулт нь ‘Цэвэр хэл дээр бол Бурханы нэр хэн бэ?’ Хариулт нь ‘Аман’ гэж хэлдэг. ‘Бурханы Хүүгийн нэр хэн бэ?’ Хариулт нь, ‘Аманы Хүү—Аманыг эс тооцвол Бурханы бүх хэсгийн хамгийн агуу нь юм’ гэжээ (“Discourse,” Deseret News, 1855 оны 5-р сар, 82 [үүний нэгдүгээр хэсэг нь Deseret News, 1855 оны 5-р сарын 16, 76-д хэвлэгдсэн]; мөн Documents, Volume 2: 1831 оны 7-р сар–1833 оны 1-р сар, vol. 2 of the Documents series of The Joseph Smith Papers [2013 он], 215).

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит: “Есүс Христ бас Аманы Хүү гэж нэрлэгддэг байсан. (С ба Г 95:17-г үзнэ үү.) Тийм учраас түүний нэр нь Адамын амьдарч байсан газрын нэртэй холбоотой байдаг. Энэ шалтгааны улмаас ахлагч Оорсон Пратт үүнд ‘Бурханы хөндий’”-н тайлбарыг өгсөн (Church History and Modern Revelation, 2-р боть [1953 он], 1:310). (Сургаал ба Гэрээ суралцагчийн гарын авлага 2 дахь хэвлэл. [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2001 он], 173-г үзнэ үү.)

Сургаал ба Гэрээ 79. Жаред Картер гэж хэн байсан вэ?

Жаред Картер эхнэрийн хамт Нью-Йоркт амьдарч байхдаа 1831 онд Сүмд нэгджээ. Тэд Колесвиллийн гэгээнтнүүдтэй хамт Огайогийн Томпсон руу нүүсэн. Жаред 1831 оны сүүлээс 1832 оны эхэн үе хүртэл Огайо, Пеннсильвани, Нью-Йорк, Вермонт зэрэгт номлолд үйлчилсэн байна. Огайогийн Амхерстэд гэртээ эргэж ирээд удалгүй тэрээр бошиглогчтой уулзаж дараагийнхаа номлолын талаар асуухаар Огайогийн Хайрум руу явсан. 1832 оны 3-р сарын 12-нд Иосеф Смит Сургаал ба Гэрээ 79-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авч, Жаред Картерийг өөр номлолд дууджээ. Тэр 1832 оны 4-р сарын 15-нд энэ номлолдоо явсан. Түүний номлол 6 сар 2 хоног үргэлжилсэн бөгөөд тэрээр 79 бодгальд баптисм хүртээжээ.

Сургаал ба Гэрээ 80. Стефен Бурнетт гэж хэн байсан бэ?

Огайогийн Көртландад Парлей П.Праттаас баптисм хүртээд сар хүрэхгүй хугацааны дараа Жон Мурдок 1830 оны 11-р сарын сүүлээр Стефен Бурнетт болон түүний гэр бүлийнхэнтэй сэргээгдсэн сайн мэдээг хуваалцсан. Жил хүрэхгүй хугацааны дараа 1831 оны 10-р сард Огайогийн Оранжид болсон сүмийн чуулганаар Стефен Бурнетт 17 настайдаа дээд санваартнаар томилогджээ. Стефен 1832 оны 1-р сарын 25-нд Рагглес Еамесийн хамт сайн мэдээг тунхаглах дуудлага хүлээж авсан ( С ба Г 75:35-ыг үзнэ үү). 1832 оны 3-р сарын 7-нд хүлээн авсан Сургаал ба Гэрээ 80-д цэдэглэсэн уг илчлэлтэд Стефен энэ удаа Эден Смиттэй хамт сайн мэдээг тунхаглахаар өөр нэг дуудлагыг авсан. 1832 оны 4-р сард Стефен номлолоосоо буусан бөгөөд тэр жилийн 8-р сард Эден Смиттэй хамт номлож эхэлсэн. 1832–1834 он хүртэл Стефен Бурнетт Нью Хампшир болон бусад зүүн муж дахь номлолд үйлчилсэн.