128-р хичээл
Сургаал ба Гэрээ 121:34–46
Оршил
Сургаал ба Гэрээ 121:34–46 нь бошиглогч Иосеф Смитийн Либерти шоронгоос сүнслэгээр өдөөгдөн бичсэн захидлын нэг хэсэг юм. Бошиглогч захидлынхаа энэ хэсэгт санваарын хүч, эрх мэдлийн тухай зарчмуудыг заасан. Тэрээр яагаад олон нь дуудагддаг хэдий ч цөөхөн нь сонгогддог тухай мөн санваартнууд бусдад үйлчлэхийн тулд хэрхэн тэнгэрийн хүчинд түшиглэж болох тухай тайлбарладаг.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 121:34–40
Иосеф Смит санваарын эрхүүд нь тэнгэрийн хүчтэй холбоотой байдгийг заав
Залгуурт залгаагүй чийдэнг харуул. Чийдэнг залгуурт залгахад асахгүй байлгахын тулд унтраалгыг унтраасан байхад анхаар. Чийдэн авчирч чадахгүй бол дараах бүдүүвч зургийг (үгс бичилгүйгээр) самбар дээр зур.
Өнөөдрийн хичээл дээр чийдэн нь санваартнуудыг төлөөлж байгааг тайлбарла. Чийдэнгээс асах гэрэл нь санваартнуудаар дамжуулан Бурханаас хүлээн авч болох хүмүүсийн адислалыг төлөөлж байгаа. Хэрэв танд чийдэн байвал үүн дээрээ санваартнууд гэж бичсэн цаас наа. Хэрэв байхгүй бол үүнийг самбар дээрх бүдүүвч зургийн тохирох хэсэгт бич.
Суралцагчдыг өнөөдөр Сургаал ба Гэрээ 121:34–46-г судалж эхлэх үед тэднээс санваартны хувийн зөв шударга байдал хэрхэн бусдад санваарын адислалуудыг хүлээн авахад туслах түүний чадварт нөлөөлдгийг бодож үзэхийг хүс. Хэдийгээр эдгээр шүлэг нь санваартнуудад хандсан хэдий ч Сүмийн бүх гишүүнд хамаарах зарчмуудыг багтаадаг гэдгийг онцол.
Сургаал ба Гэрээ 121 нь бошиглогч Иосеф Смитийн Либерти шоронд байхдаа бичүүлсэн, сүнслэгээр өдөөгдсөн захидлын зарим хэсгийг агуулдаг гэдгийг суралцагчдад сануул. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 121:34-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас энэ шүлэг дээрх асуултыг анзаарахыг хүс.
Санваартнуудын хувьд “дуудагдаж” мөн “сонгогдох” гэдэг нь юу гэсэн утгатай болохыг тунгаан бодож, ярилцахад нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын санваартнуудад хэлсэн үгийг чанга уншихад урь.
“Бидний толгой дээр гар тавьж, санваар хүртээх үед бид дуудагддаг ба Бурханд зөв шударга, итгэлтэй мөн хариуцлагатай байдлаа батлан харуулах хүртлээ бид сонгогддоггүй” (“Called and Chosen,” Ensign эсвэл 2005 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 55).
-
Ерөнхийлөгч Фаустын хэлснээр залуу эрэгтэйчүүдийн хувьд “дуудагдах” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
“Дуудагдах” гэдэг нь “сонгогдох”-той адилгүй гэдгийг онцол. Санваартнууд Бурханы “сонгогдсон” нэгэн байхын тулд бусдад санваарын адислалуудыг хүлээн авахад нь туслахаар тэнгэрийн хүчнүүдийг хүлээн авахуйц зохистой байдлаар амьдрах ёстой.
Бид Сургаал ба Гэрээ 121:35–39-өөс зарим санваартан яагаад сонгогддоггүй талаар сурдаг гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 121:35–36-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, санваартан бүрийн сурах ёстой хичээлийг олж мэдэхийг хүс.
-
36 шүлэгт цэдэглэснээр, санваартан бүр ямар хичээл сурах ёстой вэ?
Суралцагчдад 36-р шүлэг дэх хичээлийг ойлгоход нь туслахын тулд ангид байгаа цахилгааны эх үүсвэр эсвэл самбар дээрх бүдүүвч зургийг дахин хар.
-
Цахилгаан нь 36-р шүлэг дэх аль үгсийг төлөөлж байна вэ? (“Тэнгэрийн хүч.” Самбар дээрх залгуурын зурагны хажууд Тэнгэрийн хүч гэж бич эсвэл цахилгаан эх үүсвэрийн хажууд үүнийг наа.)
-
36-р шүлэг дэх “санваарын эрхүүд” гэх үгс юуг хэлж байна гэж та бодож байна вэ? (Суралцагчдын хариулт нь, эрэгтэй хүн гар тавилтаар санваарын эрх мэдлийг хүлээн авсныхаа дараа санваарыг ашиглах эрхийг хүлээн авдаг гэсэн санааг илэрхийлэх ёстой.)
Залгуурыг санваарын эрх мэдэл гэж хаягла. Хэрэв та чийдэн үзүүлж байгаа бол нэг суралцагчийг залгуурыг тогонд залгахад урь.
-
Чийдэн яагаад асаагүй вэ? (Асаах товчлуур унтраастай байгаа учраас.)
-
36-р шүлэг дэх аль хэллэг нь асаах товчлуурыг төлөөлж байж болох вэ? (“Зөв шударга ёсны зарчмууд.” Энэ хэллэг нь санваартнуудын зөв шударга амьдрах үүрэг хариуцлагыг хэлж байгааг тайлбарла.)
Асаах товчлуурыг Зөв шударга ёсны зарчмууд гэж хаягла. Нэг суралцагчийг асаах товчлуур дээр дарахад урь.
-
Энэхүү адилтгалд зөв шударга амьдрах нь хэрхэн асаах товчлуурыг дарахтай адилхан байна вэ?
Суралцагчдыг 36-р шүлэг дэх зарчмыг өөрсдийнхөө үгээр хэлэхэд урь. Дараах зарчмыг эсвэл үүнтэй төстэй ямар нэгэн зүйлийг самбар дээр бичсэнээр тэдний хариултыг нэгтгэн дүгнэ. Санваартнууд зөв шударга амьдарч байгаа тохиолдолд тэнгэрийн хүчнүүдийг ашиглаж чадна. Та суралцагчдад энэ зарчмыг судар дээрээ бичихийг зөвлөж болно.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 121:37–38-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, хэрэв санваартан зөв шударга амьдрахгүй бол тэнгэрийн хүчнүүдийг хүлээн авах түүний чадварт юу тохиолдохыг олж мэд.
-
Санваартан хүн зөв шударга амьдрахгүй бол түүнд юу тохиолдох вэ? (Тэнгэрийн хүчнүүд авагдаж, эрх мэдэл нь ашиггүй болно. Та “шилбүүрийн эсрэг өшиглөх” гэдэг нь амьтдыг ямар нэгэн газар руу удирдахын тулд ашигладаг нарийн шилбүүрийг эсэргүүцэж буй амьтныг хэлж байгааг тайлбарлаж болно. Бидний хувьд энэ хэллэг нь Их Эзэн эсвэл Түүний үйлчлэгчдээс ирэх удирдамжийг эсэргүүцэхийг хэлдэг.)
Суралцагчдад самбар дээрх зарчмыг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын дараах үгийг уншихад урь.
“Санваарын эрх мэдэл томилолтоор ирдэг; санваарын хүч нь гэрээнүүддээ хүндэтгэлтэй хандаж, итгэлтэй байж, дуулгавартай амьдарснаар ирдэг. Санваарыг зөв шударга байдлаар хэрэглэснээр хүч нь нэмэгддэг” (“Санваарын хүч,” Ensign, 2010 оны 5-р сар, 9 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 8).
Дараах үгсийг самбар дээр бич.
Суралцагчдыг 35 болон 37-р шүлгүүдийг дахин дотроо уншаад, санваартнуудын тэнгэрийн хүчтэй холбогдох холбоог сулруулдаг зөв шударга бус зан байдал, үйлдлүүдийг олж мэдэхэд урь. Та тэдэнд олж мэдсэнээ тэмдэглэхийг зөвлөж болно. Тэдэнд хангалттай цаг гаргаж өгсний дараа тэднээс олж мэдсэнээ тайлагнахыг хүс. Нэг суралцагчийг бичээс болон хариултуудыг “Холбоог сулруулдаг” багананд бичихэд урь. Суралцагчдын хариултуудыг жагсаасны дараа дараах жишээнүүдийг унш. Жишээ бүр дээр суралцагчдаас самбар дээр жагсаасан зан байдал эсвэл үйлдлүүдийг олж тогтоохыг хүс.
-
Сургуульдаа гайгүй нэртэй үе тэнгийнхнийхээ сэтгэлд нийцэхийн тулд нэгэн санваартан тэдэнтэй хамт ангийнхныгаа шоолжээ.
-
Багш нарын чуулгын ерөнхийлөгч спортод дуртай бөгөөд хөл бөмбөг эсвэл сагсан бөмбөг оролцоогүй ямар нэгэн чуулгын үйл ажиллагаа төлөвлөхөд оролцдоггүй. Чуулга нь үйл ажиллагаанд оролцож эсвэл үйлчлэл хийх үед тэрээр чуулгын ерөнхийлөгч учраас бусад залуу эрэгтэйгээс түүний хэлснийг хийхийг шаарддаг байжээ.
-
Хүмүүс нүглүүдээ далдлахыг оролддог ямар жишээнүүд байдаг вэ?
-
Зүрх сэтгэлээ дэлхийн зүйлс дээр байрлуулж, хүмүүний хүндэтгэлийг эрэлхийлдэг хүмүүсийн ямар жишээнүүд байдаг вэ?
-
Эдгээр зан байдал, үйлдэл нь санваартнуудад тэнгэрийн хүчнүүдийг хүлээн авахад яагаад саад болдог гэж та бодож байна вэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 121:39–40-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас зарим хүн яагаад шударга бусаар эрх мэдэлтэй байдаг шалтгааныг олж мэдэхийг хүс. Тэднээр олж мэдсэн зүйлсийг нь хуваалцуул.
-
Та Сургаал ба Гэрээ 121:34–40-өөс сурсан зүйл дээрээ үндэслээд, яагаад олон нь дуудагддаг хэдий ч цөөхөн нь сонгогддогийг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?
Сургаал ба Гэрээ 121:41–46
Иосеф Смит санваартнууд хэрхэн өөрсдийгөө авч явах ёстойг заав
Иосеф Смит санваартан болон тэнгэрийн хүчнүүдийн хоорондох холбоог сулруулдаг зан байдал болон үйлдлүүдийн талаар заасныхаа дараа, уг холбоог хүчирхэгжүүлдэг зан байдал, үйлдлүүдийг заасан гэдгийг тайлбарла. Ангийнхныг хоёр хоёроор нь хуваарилаад, тэднээс Сургаал ба Гэрээ 121:41–45-ыг хамтдаа уншихыг хүс. Тэднээс бусдад туслахын тулд тэнгэрийн хүчийг хүлээн авахад нь санваартнуудад тусалдаг зан байдал болон үйлдлүүдийг олж мэдэхийг хүс. (Тэднийг уншихаас өмнө, та 41-р шүлэг дэх гагцхүү гэдэг нь “түүнээс гадна” гэсэн утгатай гэдгийг онцолж болно.)
Тэдэнд хангалттай цаг гаргаж өгсний дараа суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс. Нэг суралцагчийг бичээч болгож, “Холбоог хүчирхэгжүүлдэг” багананд хариултуудыг бичихэд урь. Суралцагчдыг зөв шударгын зарчмуудыг жагсаан хэлэх явцад та тэднээс зарчим бүрийн талаар тайлбарлах эсвэл жишээ хэлж болно. Хэрэв шаардлагатай бол дараах асуултуудыг тавь.
-
Зусардалтгүйгээр мөн заль мэхгүйгээр чин сэтгэлийн хайраар тэтгэх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Энэ нь хүмүүсийг чин сэтгэлээсээ хайрлаж, зөв шударга хүсэлтэй байна гэсэн утгатай гэх зэрэг хариултууд орж болно.) Эдгээр зан байдал нь яагаад санваартнуудад чухал байдаг вэ?
-
43-р шүлэг дэх шүүмжлэх гэдэг нь хэн нэгэнд буруу зүйл хийж байгааг нь эелдэг эсвэл найрсаг байдлаар хэлэхийг хэлдэг. Цагаа олж гэдэг нь “эртхэн” эсвэл “тохиромжтой цагт” гэсэн утгатай. Хурц тодоор гэдэг нь өөрсдийгөө тодорхой илэрхийлэх гэсэн утгатай. Санваарын удирдагчдад яагаад хурц тодоор, цагаа олж, Ариун Сүнсний удирдамжаар шүүмжлэх нь чухал байдаг вэ? Хэн нэгнийг шүүмжилснийхээ дараа хайрлахаа нэмэгдүүлэх нь яагаад чухал гэж та бодож байна вэ? Та хэзээ иймэрхүү залруулгаас ашиг тусыг олж байсан бэ?
-
Хэвлий дотор чинь тэрчлэн бүх хүмүүнд энэрлээр дүүрэн байг гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? (45-р шүлгийг үзнэ үү.) Санваартнуудын хувьд бусадтай харилцахдаа эелдэг мөн даруу байх нь яагаад чухал гэж та бодож байна вэ?
-
Бодол санааг чинь ариун журам зогсолтгүй чимэн гоёг гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? (45-р шүлгийг үзнэ үү.) Бид өөрсдийнхөө бодол санааг ариун журамтай байлгахын тулд юу хийж болох вэ?
-
Санваартнууд яагаад тэнгэрийн хүчийг хүлээн авахын тулд эдгээр зөв шударгын зарчмыг дагах хэрэгтэй гэж та бодож байна вэ?
45-р шүлэг дэх тийнхүү гэдэг үгийг онцол. Энэ үг нь 41–45-р шүлэг дэх зөв шударгын зарчмуудаар амьдарснаар ирэх үр дүнг онцолж байгааг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 121:45–46-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, зөв шударга амьдарснаар тэнгэрийн хүчийг хүлээн авдаг санваартнуудад ирдэг адислалуудыг олж мэдэхийг хүс. (Суралцагчийг уншихаас өмнө та очирт таяг гэдэг нь хаан эсвэл хатны барьдаг тулгуур таяг гэдгийг тайлбарлаж болно. Энэ нь эрх мэдэл, хүч чадлын бэлгэдэл юм.)
-
Зөв шударгын зарчмуудаар амьдарснаар ямар адислалууд ирдэг вэ?
-
Тэнгэрийн хүчнүүдийг хүлээн авахад нь туслах арга замаар амьдардаг өөрийнхөө мэдэх санваартны тухай бод. Та хэрхэн түүний үйлчлэлээр дамжуулан адислагдсан бэ?
Санваарын эрх мэдэл болон санваарын хүчээр дамжуулан хүлээн авсан адислалуудынхаа тухай гэрчлэлээ хуваалц. Суралцагчдыг мөн адил гэрчлэлээ хуваалцахад урь. Тэднийг Сургаал ба Гэрээ 121:41–45-д дурдсан зөв шударгын нэг зарчмыг сонгоод, тэр зарчмынхаа дагуу илүү сайн амьдрах зорилго тавихад урь.