50-р хичээл
Сургаал ба Гэрээ 43–44
Оршил
1831 оны 2-р сард Иосеф Смит Огайогийн Көртландад ирэв. Тэр ирээд Көртланд дахь гэгээнтнүүд хуурамч илчлэлтүүдэд мэхлэгдсэн байсныг олж мэдэв. Жишээ нь, хатагтай Хаббл гэгч өөрийгөө эмэгтэй бошиглогч бөгөөд Сүмийн төлөө илчлэлтүүд хүлээн авдаг хэмээн зарласан байв. Көртландын гэгээнтнүүдийн дунд ирсэн тэрхүү нөлөөллүүдийн талаар санаа зовж байсан учир Иосеф юу хийх талаараа Их Эзэнээс асуув. Үүний хариуд тэрээр эдүгээ Сургаал ба Гэрээ 43-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авав. Энэ илчлэлтээр Их Эзэн мэхлэгдэхгүй байхын тулд тэдний хийх ёстой зүйлсийг гэгээнтнүүдэд зааварласан байна. Сургаал ба Гэрээ 44-т цэдэглэгдсэн илчлэлтээр сайн мэдээг номлож мөн ядуусыг тэтгэх зааврыг санваартнуудад өгсөн ба энэ илчлэлт нь мөн 1831 оны 2-р сард өгөгдсөн байна.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 43:1–7
Илчлэлтүүд болон зарлигууд нь зөвхөн Түүний томилогдсон бошиглогчоор ирдгийг Их Эзэн тунхаглав
Ангид дуулах хоёр дуулал сонго. Суралцагчдад нэг дор хоёр өөр удирдагчийг дагах нь хэцүү гэдгийг ойлгоход туслахын тулд хоёр суралцагчийг ангийнхны өмнө гарч мөн ангийнхныг нэг дор хоёр дуулал дуулахад удирдахыг хүс. Хоёр дууллын хэдэн мөрийг дуулсны дараа дууг зогсоогоод дараах асуултыг тавь.
-
Яагаад хоёр өөр удирдагч, хоёр өөр дууг нэг дор дагах хэцүү вэ?
1831 оны 2-р сард хатагтай Хаббл гэгч эмэгтэй Огайогийн Көртланд дахь гэгээнтнүүдийн дунд ирсэн гэдгийг тайлбарла. Тэр өөрийгөө эмэгтэй бошиглогч, Сүмийн өмнөөс илчлэлтүүд хүлээн авсан, Мормоны Ном үнэн гэдгийг мэдсэн, Сүмийн багш болох ёстой гэж зүтгэж байв. Тэр гэгээнтнүүдийн заримыг мэхэлж чаджээ. Иосеф Смит болон бусад хүмүүс түүний нөлөө болон гэгээнтнүүдийн дунд тарсан бусад худал илчлэлтийн талаар санаа зовж байв. Бошиглогч юу хийх хэрэгтэйгээ Их Эзэнээс асуухаар шийдэж, мөн илчлэлт хүлээн авав. Көртландад ирээд удаагүй байсан Жон Витмер “Их Эзэн гэгээнтнүүдийг мэхлэгдэхгүй байж болохын тулд [энэ] илчлэлтийг өгсөн” гэж бичжээ (Documents, Volume 1:July 1828–June 1831, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers [2013 он], 257).
Цөөн суралцагчийг Сургаал ба Гэрээ 43:1–5-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, бүхэл Сүмийн төлөө хэн илчлэлт авч болох талаар Их Эзэний өгсөн тайлбарыг олж мэдэхийг хүс.
-
Тэр үед бүхэл Сүмийн төлөө зарлиг, илчлэлтүүдийг хүлээн авахаар хэн томилогдсон байсан бэ? (Иосеф Смит.) Өнөөдөр энэ албан тушаалд хэн томилогдсон бэ? (Сүмийн ерөнхийлөгч.)
-
Бид эдгээр шүлгээс юу сурч болох вэ? (Суралцагчид өөр өөр үг ашиглаж болох ч тэд дараах сургаалыг тодорхойлох хэрэгтэй. Сүмийн ерөнхийлөгч л бүхэл Сүмийн төлөө илчлэлтүүд хүлээн авч чадна. Та суралцагчдад энэ үнэнийг 3–4-р шүлгүүдийн хажууд өөрсдийн судар дээр бичихийг санал болгож болно. Энэ сургаалын чухал ач холбогдлыг онцлон тодотгохын тулд суралцагчдыг Сургаал ба Гэрээ 21:4–6; 28:2–7-г уншихад урь.)
Сүмийн эхэн үед байсан хатагтай Хаббл болон бусдын адил өнөө үед ч гэсэн зарим хүн өөрсдийг нь дагахад мөн сургаалуудыг нь хүлээн авахад бусад хүнийг ятгахаар хичээдэг гэдгийг онцлон хэл. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 43:6–7-г чанга уншихад урь. Сүмийг удирдах эрх мэдэлгүй тэдгээрт мэхлэгдэхээс биднийг хамгаалахын тулд Их Эзэний илчилсэн загварыг олж тогтоохыг ангийнхнаас хүс.
Сургаал ба Гэрээ 43:8–16
Ахлагчид бие биедээ заавар өгч, сэнхрүүлэхээр мөн ариусгагдахаар зарлигдуулав
Суралцагчдаас сүмийн гишүүдийн хувьд өөрсдийнхөө оролцдог зарим цуглааныг самбар дээр жагсаан бичихийг хүс. Суралцагчдыг хоёр хоёроор хуваагдаж, дараах асуултыг ярилцахад урь.
-
Эдгээр цуглааны зарим зорилго юу вэ?
Суралцагчид энэ асуултын талаар ярилцсаны дараа та цөөн хэдэн суралцагчаас хариултуудаа ангийнхантайгаа хуваалцахыг хүсэж болно. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 43:8-ыг чанга уншихад урьж, ангийнхныг энэ шүлэг Сүмийн цуглаануудын зорилгуудын талаар юу зааж байгааг олж тогтооход урь.
-
Сүмийн ахлагчдыг цугларах үедээ юу хийх хэрэгтэй хэмээн Их Эзэн хэлсэн бэ? Бие биенээ сэнхрүүлнэ гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Бие биенээ хөгжүүлж мөн хүчирхэгжүүлэх.)
-
8-р шүлэгт цэдэглэгдсэнээр, бид бие биендээ зааварлаж мөн бие биенээ сэнхрүүлэх үед юу сурах вэ? (Суралцагчдын хариултууд өөр өөр байж болох ч тэд дараах зарчмыг илэрхийлэх хэрэгтэй. Бид хамтдаа цугларах үедээ хэрхэн үйлдэж мөн Сүмийг хэрхэн удирдахаа мэдэж болохын тулд бие биендээ зааварлаж мөн сэнхрүүлэх ёстой.)
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 43:9, 11-ийг дотроо уншиж мөн бид хэрхэн үйлдэхээ сурсны дараа юу хийх ёстойгоо олж тодорхойлохыг хүс.
-
Сүмийн цуглаанууд дээр зааварлагдсаныхаа дараа бид юу хийх ёстой вэ? (Суралцагчид дараах зарчмыг тодорхойлж хэлэх хэрэгтэй. Хүлээн авсан мэдлэгийнхээ дагуу үйлдэхийн тулд бид өөрсдийгөө зориулах ёстой. Та суралцагчдадаа 9-р шүлэг дэх энэ зарчмыг тэмдэглэхийг санал болгож болно.)
-
Эдгээр шүлгийн дагуу, бид мэдлэгийг хүлээн авч мөн үүний дагуу үйлдсэнээр хэрхэн адислагддаг вэ? (Суралцагчдыг энэ асуултыг ярилцах үед тэд дараах зарчмыг онцлон хэлж байгааг шалга. Бид сурсан үнэнийхээ дагуу үйлдсэнээр ариусгагддаг. Ариусгагдана гэдэг нь нүглээсээ цэвэршин, ариун болно гэсэн үг гэдгийг та тайлбарлаж болно.)
Дараах бүдүүвч зургийг самбар дээр зур.
-
“Үйлдэхэд [өөрсдийгөө] зориулах” гэдэг нь ямар утгатай үг гэж та нар бодож байна вэ?
-
Сүмийн цуглаанууд дээр хүлээн авдаг мэдлэг маань биднийг ариусахад хэрхэн тусалж чадах вэ?
Сүмийн цуглаанууд дээр сурсан зүйлүүдийнхээ дагуу үйлдсэнээр хүлээн авсан адислалуудаа тунгаан бодоход ангийнхныг урь. Цөөн хэдэн суралцагчаас эдгээр туршлагаасаа хуваалцаж мөн сурсан зүйлийнхээ дагуу үйлдсэнээр хэрхэн адислагдаж байснаа тайлбарлахыг хүс.
Хэрэв гэгээнтнүүд сайн мэдээний үнэнүүдийг хүлээн авахыг хүсэж байгаа бол тэд Иосеф Смитийг түүний дуудлагат ажилд нь дэмжин батлах ёстой хэмээн Их Эзэн гэгээнтнүүдэд хэлснийг тайлбарлан Сургаал ба Гэрээ 43:12–14-ийг дүгнэн хэлж өг.
Их Эзэн номлолд үйлчлэхээр бэлтгэж байсан хожмын үеийн гэгээнтнүүдэд Сургаал ба Гэрээ 43:15–16 дахь үнэнүүдийг илчилсэн гэдгийг тайлбарла. Дараа нь нэг суралцагчийг эдгээр шүлгийг чанга уншихад урь.
-
Эдгээр шүлэг нь бүрэн цагийн номлогчдын ажилтай хэрхэн холбоотой гэж та нар бодож байна вэ?
Сургаал ба Гэрээ 43:17–35
Бурханы үйлчлэгчид Хоёр дахь ирэлт болон Мянган жилд бэлтгэн наманчлалыг тунхаглах ёстой
Суралцагчдаас нягт нямбай бэлтгэл шаардсан үйл ажиллагаа эсвэл үйл явдлуудыг жагсаан бичихийг хүс. Суралцагчид бүрэн цагийн номлол, спортын үйл ажиллагаа, хөгжмийн тоглолт, Сүм дээр заах томилолтууд болон сургуулийн тестүүд гэх мэт хэд хэдэн жишээг хуваалцаж болно.
-
Хүмүүс ийм үйл ажиллагаануудад оролцох цаг нь болоход хэрэв бэлтгэлгүй байвал тэдэнд ямар мэдрэмж төрнө гэж та нар бодож байна вэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 43:17–18-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, бэлтгэл шаардлагатай үйл ажиллагааг олж мэдэхийг хүс. (“Их Эзэний агуу өдөр” буюу, өөрөөр хэлбэл, Хоёр дахь ирэлт.)
Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил. Хос бүрийг хамтдаа Сургаал ба Гэрээ 43:17–22-ыг уншиж, Хоёр дахь ирэлтэд хүмүүсийг бэлдэхэд туслахын тулд ахлагчид юу хийх ёстой хэмээн Их Эзэн зааварласныг олж мэдэхийг хүс. Бүлгүүдэд унших цаг өгөөд ангийнхнаас дараах асуултуудыг асуу:
-
Их Эзэн ахлагчдад юу заахыг зааварласан бэ? Бид эдгээр шүлгээс ямар үнэнийг сурч болох вэ? (Суралцагчид Бид Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд өөрсдийгөө бэлтгэхийн тулд наманчлах ёстой гэж хэлэх хэрэгтэй. Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.)
Их Эзэн, тахиа дэгдээхийнүүдээ далавчин доороо цуглуулдаг шиг Өөрийн хүмүүсийг цуглуулах болно гэж амласан ч олон хүн Хоёр дахь ирэлтэд өөрсдийгөө бэлтгэхээс эсвэл наманчлахаас татгалздагийг суралцагчдад сануул (С ба Г 43:23–24-ийг үзнэ үү; мөн С ба Г 29:1–2 болон энэ гарын авлага дээрх 35-р хичээлийг үзнэ үү).
Суралцагчдыг хос хосоороо Сургаал ба Гэрээ 43:25–27-г хамтдаа уншиж, Их Эзэний Өөртөө ирүүлэхээр хүмүүсээ дууддаг байсан өөр өөр “дуу хоолойнуудыг” олж мэдэхийг хүс. Тэднийг уншиж дууссаны дараа, дараах асуултуудыг тавь.
-
Та нар ямар “дуу хоолойнуудыг” олж тогтоосон бэ? Өөр өөр дуу хоолой яагаад хэрэгтэй гэж та нар бодож байна вэ?
Суралцагчдыг наманчилж, Хоёр дахь ирэлтэд бэлдэхийн тулд хийх хэрэгтэй тодорхой зүйлсээ тунгаан бодоход урь. Дараа нь нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 43:28–31-ийг чанга уншихад урьж, ангийнхнаас эдгээр шүлэг дээр бошиглогдсон агуу үйл явдлыг олж мэдэхийг хүс.
-
Эдгээр шүлэг дээр ямар агуу үйл явдлын талаар бошиглосон бэ? (Мянган жил.)
-
Мянган жилийн үед юу тохиолдох вэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тогтоох хэрэгтэй. Мянган жилийн турш Сатан хүлэгдэж, Есүс Христ дэлхий дээр Өөрийн хүмүүстэй хамт хаанчлах болно. Та суралцагчдад 28–31-р шүлгүүд дэх энэ үнэнийг зааж буй үгсийг тэмдэглэхийг санал болгож болно. Сатан хэрхэн хүлэгдэхийг суралцагчдад илүү сайн ойлгуулахын тулд тэднийг 1 Нифай 22:26-г уншихад урих талаар бодож үз.)
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жорж К.Канноны Мянган жилийн турш Сатан хэрхэн хүлэгдэх талаар тайлбарласан дараах хэлсэн үгийг чанга унш.
“Бид Сатан хүлэгдэх талаар ярьдаг. Сатан Бурханы хүчээр хүлэгдэх болно; гэхдээ тэр бас түүнийг сонсдоггүй мөн түүгээр удирдуулдаггүй Бурханы хүмүүсийн шийдэмгий байдлаар хүлэгддэг” (Gospel Truth: Discourses and Writings of President George Q. Cannon, нэгтгэсэн Жээррэлд Л.Ньюкуист, 2-р боть [1957–1974], 1:86).
-
Бид Аврагчийг дахин ирэх үед зөв шударга хүмүүсийн дунд тоологдохын тулд одоо яаж бэлдэх хэрэгтэй вэ? (Суралцагчдыг энэ асуултад хариулах үед та энэ хичээл дээр ярилцсан үнэнүүдийг давтаж мөн эдгээрийн талаар гэрчлэлээ хуваалцаж болно.)
Сургаал ба Гэрээ 44
Их Эзэн үйлчлэгчдээ хамтдаа цугларахыг зарлиглав
Их Эзэн ахлагчдад чуулган хийхээр цугларах удирдамж өгсөн гэдгийг тайлбарлаж Сургаал ба Гэрээ 44:1–6-г дүгнэн ярьж өг. Их Эзэн ахлагчдад хэрэв тэд итгэлтэй байж, Түүнд итгэх итгэлээ хөгжүүлбэл дайснууд нь тэдний дээр хүчтэй байхгүйн тулд Тэрээр тэдэн дээр Өөрийн Сүнсийг цутгаж мөн тэднийг адислах болно хэмээн амласан. Их Эзэн тэдэнд наманчлалыг тунхаглаж, ядуусыг халамжлан мөн орон нутгийн хуулийн дагуу өөрсдийгөө зохион байгуулах удирдамжийг өгөв.