123-р хичээл
Сургаал ба Гэрээ 115–116
Оршил
1838 оны 4-р сарын 26-нд бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 115-д буй илчлэлтийг хүлээн авсан юм. Их Эзэн Сүмийн нэрийг илчилж, гэгээнтнүүдэд “босч мөн урагш гэрэлтүүл” (С ба Г 115:5) хэмээн зарлигласан ба Фар Вест дэх ариун сүмийн талаарх хүслээ илчилжээ. 1838 оны 5-р сарын 19-нд бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 116-д буй илчлэлтийг хүлээн авсан ба үүнд Миссури дэх Спринг Хилл гэдэг газрыг Адам-ондай-Аман болохыг тодорхойлжээ.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 115:1–6
Их Эзэн “босч мөн урагш гэрэлтүүл“ хэмээн Сүмийнхээ гишүүдэд зарлиглав
Хичээл эхлэхээс өмнө дараах асуултуудыг самбар дээр бич.
Суралцагчдынхаа мэддэг байж болох тохиромжтой компани эсвэл байгууллагын нэр, логог үзүүл. Нэр эсвэл лого бүрийн хооронд түр завсарлаж, суралцагчдаас самбар дээрх асуултуудад хариулахыг хүс.
Сүмийн нэр мөн бэлгэдлийг үзүүл. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 115-ыг судлахдаа Сүмийн нэрний тухай самбар дээрх асуултуудын хариултыг олж мэдэхэд урь.
Энэхүү илчлэлт бошиглогч Иосеф Смитээр дамжин 1–2-р шүлэгт дурдагдсан эрэгтэйчүүд болон Сүмийн бүх гишүүнд өгөгдсөн гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 115:1–3-ыг нэгтгэн дүгнэ. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 115:4-ийг дотроо уншаад, Их Эзэний Өөрийнхөө Сүмд зориулсан нэрийг олж мэд. Суралцагчдыг олж мэдсэнээ хуваалцах хооронд дараах маягаар Сүмийн нэрийг самбар дээр бич.
Суралцагчдад Сүмийн нэрний утга учрыг ойлгоход нь туслахын тулд тэднийг хажуудаа сууж байгаа суралцагчтайгаа самбар дээр бичсэн үг эсвэл хэллэг бүр юуг илэрхийлж байгааг ярилцахад урь. Тэдэнд хангалттай цаг гаргаж өгсний дараа цөөн хэдэн суралцагчаас үг эсвэл хэллэг бүрийн утга учрын талаарх ойлголтоо хуваалцахыг хүс. Хэрэв суралцагчдад тусламж хэрэгтэй бол та Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн дараах үгийг уншиж болно.
Англи хэлэнд манай Сүмийн нэрний хамгийн эхэнд байдаг The гэдэг ялгац гишүүн нь дэлхийн шашнуудын дунд сэргээгдсэн манай Сүмийн онцгой байр суурийг илэрхийлж байгаа юм.
Есүс Христийн Сүм гэдэг үгс нь энэ бол Түүний Сүм гэдгийг илэрхийлдэг.
Хожмын Үеийн гэдэг нь энэ Сүм бол Есүс Христ мөнх бус үйлчлэлийнхээ үеэр үүсгэн байгуулсан сүм боловч хожмын үед сэргээгдсэнийг тайлбарладаг.
Гэгээнтнүүдийн … гэдэг үг Христийг дагах гэрээг байгуулан, амьдралаа ариун болгохыг эрэлхийлдэг хүмүүсийг хэлдэг“ (“Нэрний ач холбогдол,” Ensign, 2011 оны 11-р сар, 80 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 93).
-
Сүмийн нэрнээс ирж буй зарим чухал үнэн юу вэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 115:5-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн Өөрийнх нь Сүмд харьяалагддаг хүмүүсээс юу хүсдэгийг олж мэдэхийг хүс.
-
Их Эзэн Өөрийнх нь Сүмийн гишүүдийн хувьд биднээс юу хүсэн хүлээдэг вэ?
-
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд “босч мөн урагш гэрэлтүүл“ гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?
-
5-р шүлэгт цэдэглэснээр, Сүмийн гишүүдийн хувьд Их Эзэний босч мөн урагш гэрэлтүүлэх зөвлөгөөг дагаснаар ямар адислал ирэх вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой. Хэрэв бид босч мөн урагш гэрэлтүүлэх юм бол бидний гэрэл үндэстнүүдийн хувьд жишиг байх болно. Та суралцагчдад энэ зарчмыг 5-р шүлэг дээр тэмдэглэхийг санал болгож болно.)
Суралцагчдад энэ зарчмыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд дараах асуултуудыг тавь.
-
Бидний гэрэл буюу үлгэр жишээ “үндэстнүүдийн хувьд жишиг“ байх болно гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? (Жишиг гэдэг нь уриалан дуудах агшин эсвэл урамшуулж, зоригжуулах бэлгэ тэмдэг болох туг, далбаа юм. Сүмийн гишүүдийн хувьд бидний үлгэр жишээ бусдыг урамшуулж, Их Эзэнд ойртуулж чадна.)
-
Аврагчийн босч мөн урагш гэрэлтүүлэх зарлигийг дагах нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд бусдыг хэрхэн татах вэ?
Суралцагчдад бидний гэрэл хэрхэн бусдад тусалж чадахыг ойлгоход туслахын тулд нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын хуваалцсан дараах түүхийг уншихад урь.
“Олон жилийн өмнө Констанс хэмээх оюутан сувилагч ослоос болж хөлдөө гэмтэл авсан эмэгтэйд туслахаар томилогджээ. Тэр эмэгтэй эмнэлэгт ажиллаж байсан нэгэн хүнтэй таагүй харьцаатай байснаас болж эрүүл мэндийн тусламж авахаас татгалзсан байна. Тэр айж байсан ба өөрийгөө тусгаарлахаар шийджээ. Констансыг эхний удаа ирэхэд гэмтсэн эмэгтэй түүнийг явахыг шаарджээ. Хоёр дахь удаад тэр Констансыг орохыг зөвшөөрсөн байна. Түүний хөлөнд маш том шарх байсан бөгөөд зарим нь бүр үхжиж эхэлсэн байв. Гэсэн хэдий ч тэр эмчилгээ хийлгэхийг хүсэхгүй байлаа.
Констанс уг асуудлын талаар залбирснаар нэг хоёр өдрийн дотор хариу нь иржээ. Дараагийн удаа түүн дээр очихдоо тэр хөөсөрдөг устөрөгчийн хэт ислийг авч очсон байна. Энэ бодис хөлийг нь өвтгөхгүй байсан учраас настай эмэгтэй хөлөн дээр нь түрхэхийг зөвшөөрчээ. Тэгээд тэд эмнэлэгт болдог маш олон илүү ноцтой эмчилгээнүүдийн талаар ярьсан байна. Констанс түүнийг эмнэлэгт аль болох тухтай байлгахыг хичээх болно гэж баталж хэлжээ. Нэг эсвэл хоёр өдрийн дараа эмэгтэй эмнэлэг явах зориг орсон юм. Констансыг ирэхэд тэр инээмсэглэн, ‘Та л намайг ирэхийг ятгасан’ гэж хэлжээ. Дараа нь тэр гэнэт Констансаас ‘Чи ямар сүмд явдаг вэ?’ гэж асуусан байна. Констанс түүнд өөрийгөө Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн гэж хэлжээ. Нөгөөх эмэгтэй ‘Би мэдсэн юм аа. Би чамайг харсан анхны өдрөөсөө л чамайг над руу явуулсныг мэдсэн. Би танай сүмд явдаг бусад хүний царайнаас хардаг гэрлийг чинийхээс харсан. Би чамд итгэхээр шийдсэн’ гэж хэлжээ.
3 сарын дотор эмэгтэйн гэмтсэн хөл бүрэн эдгэрсэн байна. Уг настай эмэгтэйн гэрийн ойролцоо амьдардаг тойргийн гишүүд түүний байшинг засаж, хашааг нь цэвэрлэсэн. Номлогчид түүнтэй уулзаж, тэр удалгүй баптисм хүртжээ [Констанс Полв, “A Battle Won,” New Era, 1980 оны 4-р сар, 44–45-ыг үзнэ үү]. Тэрээр залуу оюутан сувилагчийн царайнаас гэрэлтэх гэрлийг харсан учраас л энэ бүхэн тохиолджээ” (“The Light in Their Eyes,” Ensign эсвэл 2005 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22).
-
Констанс “босч мөн урагш гэрэлтүүлэхийн“ тулд юу хийсэн бэ?
-
Түүний царайнаас гэрэлтэх гэрэл гэмтсэн эмэгтэйд хэрхэн жишиг болсон бэ?
Суралцагчдад энэ зарчмын үнэн байдал мөн ач холбогдлыг мэдрэхэд туслахын тулд, босч мөн урагш гэрэлтүүлэхийн үлгэр жишээ болсон өөрсдийн мэддэг хэн нэгэн хүний талаар бодоход тэднийг урь. Цөөн хэдэн суралцагчийг хэний тухай бодсоноо мөн тухайн хүний жишээ хэрхэн тэдэнд адислал авчирсныг хуваалцахад урь. Та тэдний хариултуудыг сонсохдоо суралцагчдыг юу бодож мөн мэдэрснээ илүү сайн хуваалцахад нь урамшуулахын тулд дагалдах асуултуудыг тавь.
Суралцагчдыг эргэн тойрондоо байгаа хүмүүст илүү сайн жишиг байж болохын тулд юу хийхээ хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 115:6-г чанга уншихад урь. Суралцагчдаас Сионы гадаснуудад Сүмтэй хамт цугларах хүмүүст амлагдсан адислалуудыг олж мэдэхийг хүс.
-
Сионы гадаснуудад цугларах хүмүүст ямар адислалууд амлагдсан байдаг вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, дараах үнэнийг самбар дээр бич. Бид хамгаалалт мөн хоргодох газрын төлөө Сионы гадаснуудад цуглардаг.)
-
Бид өөрсдийгөө юунаас хамгаалах ёстой вэ? Бид юунаас зайлсхийж хоргодох ёстой вэ? Гэгээнтнүүдээрээ хамтдаа цугларах нь өөрсдийгөө хамгаалах болон хоргодох газар олоход яаж тусалж байхыг та харсан бэ?
Гэгээнтнүүдтэй хамт цугларах нь түүнд тус болж болох, өөрийнхөө мэдэх хэн нэгний тухай бодож үзэхэд суралцагчдыг урь. Бусад хүн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн өгдөг амар амгалан, аюулгүй байдал, хоргодох газар руу удирдагдаж болохын тулд гэрлээ гэрэлтүүлэхэд нь суралцагчдыг урамшуулан дэмж.
Сургаал ба Гэрээ 115:7–19
Их Эзэн Фар Вест хотыг үндэслэн байгуулж, ариун сүм барихыг гэгээнтнүүдэд зарлиглав
Бидний Их Эзэний хамгаалалт, аюулгүй байдлыг олж авдаг нэг арга зам бол Түүнийг ариун сүмд шүтэн бишрэх явдал гэдгийг тайлбарла. Гэгээнтнүүдийг 1836 онд Миссуригийн Фар Вест рүү нүүж эхэлсний дараа, Сүмийн удирдагчид Огайогийн Көртланд дахь ариун сүмтэй төстэй ариун сүм барих төлөвлөгөөг гаргажээ. Эхлээд бага зэрэг газар шорооны ажил хийгдсэн боловч Иосеф Смитийг Их Эзэнээс нэмэлт удирдамж хүлээн авах хүртэл барилгын ажил хойшлогджээ. Их Эзэн Сургаал ба Гэрээ 115 дахь илчлэлтийн нэг хэсэг болгон ариун сүмийн талаарх Өөрийн хүслийг илчлэв.
Их Эзэн Тэргүүн Зөвлөлд өгөгдөх загварын дагуу Фар Вестэд ариун сүм баригдах ёстойг илчилсэн гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 115:7–16-г нэгтгэн дүгнэ. Их Эзэн мөн ариун сүм барихын тулд өр зээл тавих ёсгүйг Сүмийн удирдагчдад зөвлөжээ.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 115:17–19-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн Фар Вест болон бусад ойролцоох газарт Иосеф Смитийн удирдлаган доор юу хийхийг гэгээнтнүүдээс хүссэнийг олж мэд.
-
Их Эзэн Фар Вестэд юу хийхийг гэгээнтнүүдээс хүссэн бэ? Тэд Фар Вестийн эргэн тойрон дахь газруудад Иосеф Смитийн удирдлаган доор юу хийх ёстой байсан бэ?
-
19-р шүлэгт цэдэглэгдсэнээр, өнөөдөр Сүмийн ерөнхийлөгчийг дэлхий дээрх Их Эзэний ажлыг удирдахад тэнцүүлдэг юу байдаг вэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тогтоох ёстой. Сүмийн ерөнхийлөгч дэлхий дээрх Их Эзэний ажлыг удирдах түлхүүрүүдийг атгадаг. Та суралцагчдад уг сургаалыг зааж буй үгсийг 19-р шүлэг дээр тэмдэглэхийг зөвлөж болно.)
Суралцагчдын анхаарлыг самбар дээрх асуултууд руу хандуулж, тэднээс Сургаал ба Гэрээ 115-аас сурсан зүйлс дээрээ үндэслээд, тэдгээр асуултад хэрхэн хариулахаа тайлбарлахыг хүс.
Сургаал ба Гэрээ 116:1
Их Эзэн Адам-ондай-Аманыг ирээдүйд Өөрийнхөө хүмүүстэй уулзах байршил хэмээн тодорхойлов
Иосеф Смит Сургаал ба Гэрээ 115:18 дахь Их Эзэний зөвлөгөөг дагасан ба Фар Вестийн ойролцоох газруудыг судалжээ. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 116-ийн хэсгийн оршлыг чанга уншихад уриад, суралцагчдаас Иосефын судалсан байршлын нэрийг олж мэдэхийг хүс.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 116:1-ийг чанга уншихад урьж, ангийнхнаас Их Эзэн Миссуригийн Спринг Хиллийн тухай юу илчилснийг олж мэдэхийг хүс. Та суралцагчдад судрын ард байгаа Адам-ондай-Аманы газрын зураг болон гэрэл зургийг харахыг зөвлөж болно (Газрын зураг 5, “АНУ-ын Миссури Иллиной болон Айова нутаг” мөн Сүмийн түүхийн гэрэл зургууд 10, “Адам-ондай-Аманы хөндий”-г үзнэ үү).
Энэ илчлэлт нь бошиглогч Даниелын эрт үед бошиглосон бошиглолын ирээдүйд биелэгдэх байршлыг тодорхойлдог (Даниел 7:9–10, 13–14-ийг үзнэ үү). Энэ бошиглол нь Аврагч, Адам хоёр дэлхий дээр ирж, Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнө дэлхий дээр болох цуглааныг удирдах хожмын өдрийн үйл явдлыг тайлбарладаг (С ба Г 27:5–14-ийг үзнэ үү). Суралцагчдыг “Adam-ondi-Ahman” (Hymns, д. 49) дууллыг дуулахад урьснаар хичээлээ дуусгахыг бодож үз.