127-р хичээл
Сургаал ба Гэрээ 121:11–33
Оршил
Сургаал ба Гэрээ 121 нь 1839 оны 3-р сарын 20-нд бошиглогч Иосеф Смитийн Либерти шоронгоос гэгээнтнүүдэд бичсэн захидлын зарим сонгогдсон хэсгийг агуулдаг. Сургаал ба Гэрээ 121:11–33 нь ёс бус хүмүүсийн дээр ирэх шүүлт мөн баатарлаг хүмүүсийн дээр ирэх амлагдсан илчлэлтийг дүрслэн өгүүлдэг.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 121:11–25
Аврагч гэгээнтнүүдийг хавчин дарладаг хүмүүсийн дээр ирэх шүүлтийн талаар тайлбарлав
Хичээл эхлэхээс өмнө дараах өгүүлбэрийг самбар дээр бич. “Мормончуудад дайсан мэт хандах ёстой ба тэд устгагдах ёстой.”
Хичээлийн эхэнд суралцагчдаас нэг өглөө гэрээсээ гараад явж байтал тэдний хаалган дээр дээрх мэдэгдлийг тавьсан байна гэж төсөөлөхөд урь.
-
Та гэрээсээ гарахаас айх уу? Та хаанаас тусламж хүсэх вэ? Хэрвээ нэгэн цагт таны найз байсан хэн нэгэн энэ мэдэгдлийг гаргахад нөлөөлсөн байвал танд ямар санагдах вэ?
Суралцагчдад Сургаал ба Гэрээ 121-ийн түүхэн нөхцөл байдлыг ойлгоход нь туслахын тулд Иосеф Смитийн үнэнч найзууд байсан хүмүүс түүний эсрэг эргэсэн гэдгийг тайлбарла. Тэдгээрийн хоёр нь Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд асан Томас Б.Марш, Оорсон Хайд нар байсан. Эдгээр хоёр эр хоёулаа Иосеф Смит болон Сүмийн бусад гишүүнийг дайснуудынхаа өмч хөрөнгийг шатааж, устгаснаар тэднийг хөөхийг төлөвлөж байгаа гэх худал гэрчийн мэдүүлэгт (тангараг өргөсөн мэдэгдэл) гарын үсэг зурсан байна. Энэхүү гэрчийн мэдүүлэг нь Миссури мужийн захирагчийг, устгах тушаал буюу мормончуудыг устгах эсвэл мужаас хөөн гаргах ёстой гэсэн мэдэгдлийг хийхэд хүргэжээ. Самбар дээрх мэдүүлгийг уг устгах тушаалаас шууд эш татсан юм. (Томас Б.Марш 1839 оны 3-р сарын 17-нд гишүүнчлэлээс хасагдаж, 1857 оны 7-р сарын 16-нд дахин баптисм хүртжээ. Оорсон Хайд 1839 оны 5-р сарын 4-нд Арван хоёрын чуулгаас хасагдаж, 1839 оны 6-р сарын 27-нд Чуулгад дахин сэргээгджээ.)
Сургаал ба Гэрээ 121–123 нь 1839 оны 3-р сард бошиглогч Иосеф Смитийн Либерти шоронгоос гэгээнтнүүдэд бичсэн, сүнслэгээр өдөөгдсөн захидлын зарим хэсгийг агуулдаг. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 121:11–17-г дотроо уншаад, Их Эзэний үйлчлэгчдийг хуурамч явдалд буруутгасан хүмүүст юу тохиолдох талаар бошиглогчийн Их Эзэнээс сурсан зүйлсийг олж мэдэхэд урь. Тэднээс олж мэдсэнээ тайлагнахыг хүс.
-
“Тэдний итгэл найдвар нурах болно, мөн тэдний ирээдүйн төлөвлөгөөнүүд … хайлан замхрах болно” гэдэг хэллэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? (Их Эзэний үйлчлэгчдийн эсрэг тэмцдэг хүмүүсийн төлөвлөгөө нь эцэстээ бүтэлгүйтэх болно.)
-
13 болон 17-р шүлгүүдэд Их Эзэн Өөрийнх нь үйлчлэгчдийг хүмүүс яагаад буруушаасан талаар ямар шалтгаануудыг хэлсэн бэ? (Буруутгагчдын “зүрх сэтгэл ялзарсан” байдаг ба тэд “нүглийн үйлчлэгчид” мөн “дуулгаваргүйн хүүхдүүд” юм.)
Цөөн хэдэн суралцагчийг 3 Нифай 121:18–22-ыг ээлжлэн чанга уншихад урь. Суралцагчдаас суралцагчтай хамт уншаад, гэгээнтнүүдийн эсрэг хуурамч мэдүүлэг өгч, тэмцсэн хүмүүст өөр ямар үр дагаврууд ирэхийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ хуваалцахыг хүс. Та “[Их Эзэний] өргөөний ёслолуудаас таслагдах” (19-р шүлэг) гэдэг нь ариун сүмийн ёслолуудтай холбоотой адислалуудыг алдаж эсвэл эдгээрээс тусгаарлагдах болно гэсэн утгатай гэдгийг тайлбарлаж болно.
Сүмийн урвагч гишүүд болон бусад хүний өгсөн хуурамч мэдүүлэг нь мужийн захирагчийн устгах мэдэгдэлд хүч нэмж, гэгээнтнүүдийг улам их хавчин дарлахад дээрэмчдийг өдөөсөн гэдгийг ангийнханд хэл. Дараах түүхийг чанга уншаад, суралцагчдаас тухайн үед гэгээнтнүүдэд хэрхэн шударга бус хандаж байсан жишээнүүдийг сонсохыг хүс.
Устгах тушаал гарснаас хойш гуравхан өдрийн дараа, 1838 оны 10-р сарын 30-нд ойролцоогоор 240 эрэгтэй Хауны тээрэм хэмээх мормон сууринд иржээ. Эмэгтэйчүүд болон хүүхдүүд ой руу зугтаж, эрэгтэйчүүд төмрийн дархны газарт хамгаалалт эрэн нуугдаж байлаа. Гэгээнтнүүдийн удирдагчдын нэг Давид Эванс малгайгаараа даллан, амар тайвныг гуйв. Хариуд нь зуу зуун буун дуу төмрийн дархны дэлгүүр рүү чиглэн гарч байлаа. Дээрэмчид эмэгтэйчүүд, хөгшчүүл, хүүхдүүд гээд харсан хүн бүр рүүгээ хайр найргүй буудаж байсан юм. Аманда Смит хоёр бяцхан охиноо тэврээд, тээрмийн цөөрмийг гатлан явган хүний зам руу гүйжээ. Аманда “эмэгтэйчүүд бид бяцхан хүүхдүүдийнхээ хамт амиа аврахаар зугтаж байхад хилэнцэт эрчүүд биднийг алахаар хайр найргүй буудаж байсан” гэж дурсан ярьжээ (Андрью Жэнсон, The Historical Record, 1886 оны 7-р сар, 84-т).
Дээрэмчид төмрийн дархны газар руу ороод, төмрийн дархны хөөрөгний доор нуугдаж байсан Аманда Смитийн хүү 10 настай Сардиус Смитийг алжээ. Нэгэн эр хожим нь “Бяцхан нохойн бөөс томроод бөөс болдгийн адил хэрэв тэр амьд үлдсэн бол мормон болох байсан гэж тэд хэлсэн” (Жэнсон, The Historical Record, Dec. 1888, 673; мөн Жэймс Б.Аллэн ба Глэн М.Леонард, The Story of the Latter-day Saints [1976], 127–128-ыг үзнэ үү) гэж тайлбарласан байдаг. Сардиусын долоон настай дүү Алма Смит аав, ах хоёрыгоо алагдахыг харсан бөгөөд өөрөө ташаандаа буудуулжээ. Дээрэмчид түүнийг олж чадаагүй бөгөөд хожим нь тэр залбирал, итгэлийн ачаар гайхалтай эдгэрсэн байна. Цөөхөн хэдэн эрэгтэй, эмэгтэйчүүд мөн хүүхдүүдийн хамт гол гатлан толгод руу зугтсан ч хамгийн багадаа 17 хүн алагдаж, 13 хүн шархадсан юм. (Church History in the Fulness of Times Student Manual [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага 2003], 201, 203–4; мөн History of the Church 3:183–187-г үзнэ үү.) Хэрцгий догшин дээрэмчдийн хэн нь ч өөрсдийн гэмт хэргийн төлөө Миссуригийн шүүхээр эсвэл засгийн эрх баригчдаар шийтгэгдээгүй юм.
-
Хэрэв танд эдгээр харгис хэрцгий явдал тохиолдсон бол танд ямар санагдах байсан бэ? Хэрэв тань руу дайрсан хүмүүс үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүйг та мэдсэн бол танд ямар санагдах байсан бэ?
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 121:23–25-ыг дотроо уншаад, Бурхан гэгээнтнүүдийн дайснуудад үйлдлийнх нь төлөө хариуцлага хүлээлгэх болно гэдгийг илэрхийлсэн хэллэгүүдийг олж мэдэхэд урь.
-
Бид 23–25-р шүлгээс ямар зарчмуудыг сурдаг вэ? (Суралцагчдыг хариулах хооронд дараах зарчмуудыг самбар дээр бичсэнээр тэдгээрийг онцол. Их Эзэн бидний бүх ажлыг хардаг мөн мэддэг. Их Эзэн болон Түүний хүмүүсийн эсрэг тэмцдэг хүмүүс Түүний товлосон цагт Бурханы шүүлтийг хүлээн авах болно.)
Суралцагчдыг хүмүүсийн буруу зүйл хийж, шууд үр дагавруудыг нь эдлээгүй жишээг харж байснаа бодоход урь.
-
Бидний 23–25-р шүлгээс олж тогтоосон зарчмууд нь хүмүүсийн буруу хийсэн зүйлийнхээ үр дагавраас зугтахыг оролддог өнөөдрийн нөхцөл байдалтай хэрхэн холбогдож байна вэ?
Сургаал ба Гэрээ 121:26–33
Бурхан Ариун Сүнсээр дамжуулан мөнхийн үнэнүүдийг илчлэхээ амлав
Хэрэв боломжтой бол Иосеф Смит Либерти шоронд (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 97; мөн LDS.org-ийг үзнэ үү) зургийг үзүүл.
-
Иосеф Смит болон түүний хамтрагчид Либерти шоронд ямар бэрхшээлүүдийг туулсан бэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 121:26-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, бошиглогч Иосеф Смитийн Либерти шоронд байхдаа цэдэглэсэн үнэнийг олж мэдэхийг хүс.
-
Иосеф Смит 26-р шүлэгт ямар үнэнийг цэдэглэсэн бэ? (Суралцагчид дараах үнэнийг олж тогтоох ёстой. Бурхан Ариун Сүнсээр дамжуулан бидэнд мэдлэг өгөх болно.)
Суралцагчдад энэ үнэн тэдэнд бэрхшээлүүдийг туулахад хэрхэн хамаарахыг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах гэрчлэлийг чанга уншихад урь.
“Та хамгийн муу нөхцөл байдалд амьдралынхаа хамгийн зовлонт туршлагуудыг туулж, урьд өмнө нь хэзээ ч тулгарч байгаагүй хамгийн зүрх өвтгөм шударга бус байдлыг тэвчиж, хамгийн хэцүү шалгууруудыг туулах явцдаа Их Эзэнээс ариун нандин, илчлэгч, агуу сургамжтай туршлагуудыг олж авах болно” (“Lessons from Liberty Jail,” Ensign, 2009 оны 9-р сар, 28).
-
Ариун Сүнсээр дамжуулан мэдлэг хүлээн авах нь хэрхэн зовлон бэрхшээлийг туулахад бидэнд тусалдаг вэ?
-
Та хэзээ хүнд хэцүү цагт тань тусалсан мэдлэг эсвэл удирдамжийг Ариун Сүнснээс хүлээн авсан бэ? (Суралцагчдад хэт ариун нандин эсвэл хувийн шинжтэй туршлагаа хуваалцахгүй байхыг сануул.)
Суралцагчдын 26-р шүлгээс олж тогтоосон үнэнийг тайлбарлахын тулд та нэг суралцагчийг Иосеф, Хайрум хоёрыг шоронд хорьж, алахаар сүрдүүлэх үед Ариун Сүнсээр дамжуулан мэдлэг, тайтгарал хүлээн авсан Люси Мак Смитийн дараах түүхийг уншихад урьж болно.
“Би уй гашуу дундаа бүх дэлхийн тайтгарлыг давах тайтгарлыг олсон. Би Бурханы Сүнсээр дүүргэгдэж, бошиглолын бэлгээр дараах тайтгарлыг хүлээн авсан. ‘Хүүхдүүдийнхээ талаар зүрх сэтгэлээ тайтгаруул. Тэдний дайснууд тэднийг гэмтээхгүй байх болно. …’ Надад илчлэгдсэн зүйлсийг би тэдэнд хэлэхэд тэд маш их тайтгарсан юм.” (History of Joseph Smith by His Mother, хянасан Прэстон Нибли [1958], 291).
-
Ариун Сүнсээр дамжин ирсэн Их Эзэний илчлэлтийн амлалт Иосеф Смит болон гэгээнтнүүдэд хүнд хэцүү цагт хэрхэн тайтгаруулж байсан бэ?
Их Эзэн “дэлхий байхаас эдүгээг хүртэл илчлэгдээгүй байсан” (С ба Г 121:26) мэдлэгийг илчлэхээ мөн “Есүс Христийн сайн мэдээний төлөө зоригтойгоор тэвчсэн” (С ба Г 121:29) хүмүүст гайхамшигтай адислалуудыг өгөхөө амласан гэдгийг тайлбарласнаар 26–33-р шүлгүүдийг нэгтгэн дүгнэ.
Сургаал ба Гэрээ 121:33 дээр Их Эзэн гэгээнтнүүдийг хавчин дарлаж, Бурханы ажлыг нураахыг эрэлхийлж буй хүмүүсээс илүү хүчтэй гэдгийг мэдэхэд нь гэгээнтнүүдэд туслахын тулд бошиглогч Иосеф Смит адилтгал ашигласан гэдгийг ангийнханд хэл.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 121:33-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Иосефын Бурханы хүчийг харуулахын тулд ашигласан дүрслэлийг олж мэдэхийг хүс. (“Хуйлрагч уснууд” мөн “Миссури мөрөн.” Та Миссури мөрөн нь эртний гэгээнтнүүдийн амьдарч байсан газрын ойролцоо байдаг, сайн мэддэг том, хүчирхэг мөрөн гэдгийг тайлбарлаж болно.)
Суралцагчдыг гол эсвэл уулын урсгал зэрэг харж байсан хүчтэй урсгалтай усаа бодоход урь. Мөн тэднээс цөөрөм зэрэг тогтмол усыг харж байснаа бодохыг хүс. Хэрэв боломжтой бол та энэ хоёр төрлийн усны зургийг үзүүлж болно.
-
Бид энэ шүлгээс ямар зарчим сурч болох вэ? (Суралцагчдад дараах зарчмыг олж тогтооход тусал. Их Эзэний ажилд урагшлахад нь юу ч саад болж чадахгүй.)
-
Их Эзэний ажил эсэргүүцлээс үл хамааран урагшлах болно гэдгийг мэдэх нь танд ямар санагддаг вэ?
Та хичээлээ дуусгахдаа Сургаал ба Гэрээ 121-ээс суралцагчдын сурсан зарчмуудыг товч нэгтгэн дүгнэж болно. Суралцагчдыг хэрхэн эдгээр зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхээ хуваалцахад урь. Та мөн эдгээр үнэн хэрхэн таныг адисалсан тухай гэрчилж болно.