Институт ба семинар
Гэрээр судлах хичээл: Иосеф Смит—Түүх 1:1–65; Сургаал ба Гэрээ 2 (2-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Иосеф Смит—Түүх 1:1–65; Сургаал ба Гэрээ 2 (2-р бүлэг)

Гэрээр заах багш нарын ашиглах материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Иосеф Смит—Түүх 1:1–65 ба Сургаал ба Гэрээ 2-ыг (2-р бүлэг) судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмуудын дараах тойм нь хичээлийн нэг хэсэг болгон заахад зориулагдаагүй. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (Иосеф Смит–Түүх 1:1–20)

Аль сүм үнэн гэдгийг мэдэж авахаар хичээж байсан Иосеф Смитийн туршлагаас суралцагчид хэрэв бид Бурханаас итгэлтэйгээр асуух юм бол Тэрээр бидний залбиралд хариулах болно гэдгийг мэдэж авсан. Тэд Иосеф Смит Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрыг харсан гэдэг үнэн дээр төвлөрсөн юм. Суралцагчид бас Иосеф Смитийн туршлагаас Бурхан Эцэг, Есүс Христ хоёр амьд бөгөөд Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ хоёр бол тусдаа, өөр өөр хүмүүс гэдгийг мэдэж авсан. Үүнээс гадна суралцагчид Сатан биднийг сөхрүүлэхээр хичээх үед бид Бурханы тусламжийг чин сэтгэлээсээ эрэлхийлэх юм бол Бурхан биднийг чөлөөлж чадна гэдгийг олж мэдсэн.

2 дахь өдөр (Иосеф Смит—Түүх 1:21–26)

Суралцагчид Иосеф Смитийн туршлагаас бид хүнд хэцүү цаг үед ч судрууд дээр гардаг итгэлтэй хүмүүсийн үлгэр жишээнээс хүч чадлыг олж авч чадна гэдгийг мэдэж авсан. Суралцагчид Анхны үзэгдлийн дараа Иосеф Смит хэрхэн хавчлага дарамтыг туулж гарсныг судалснаар гэрчлэлээсээ болж хавчлага дарамттай тулгарах үед өөрсдөд нь тусалж чадах сургаал болон зарчмуудыг мэдэж авсан. Үүнээс гадна, суралцагчид бид судрууд дээр заагдсан зарчмуудын дагуу үйлдсэнээр эдгээрийн үнэний талаар гэрчлэлтэй болж чадна гэдгийг мэдэж авсан.

3 дахь өдөр (Иосеф Смит—Түүх 1:27–54; Сургаал ба Гэрээ 2)

Иосеф Смит Бурханы өмнө өөрийн байр суурийг мэдэхийг хүсэв. Тэр өөрийн алдаа дутагдал болон сул дорой байдлыг мэдэрч, харуусаж байв. Бид Иосеф Смитийн нэгэн адил нүглээ ухаарч, харуусах үедээ Тэнгэрлэг Эцэгээс өршөөл хүсэн залбирч болно. Суралцагчид Моронайн Иосеф Смит дээр айлчилсан айлчлалыг судалсан бөгөөд Бурханд Иосеф Смитээр хийлгэх нэгэн ажил байсныг мөн тэр нь дэлхий даяар түгэх байсныг мэдэж авсан. Энэ ажил нь Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнө Елиа лацдан холбох хүчийг дэлхий дээр сэргээх явдлыг багтааж байв.

4 дэх өдөр (Иосеф Смит—Түүх 1:55–65)

Суралцагчид ялтаснууд хамгаалагдах болно хэмээн Моронайн Иосеф Смитэд өгсөн амлалтыг тунгаан бодсон бөгөөд бид үүргээ ухамсарлаж, Их Эзэний бидэнд өгсөн зүйлсийг хамгаалах үед Тэр биднийг Өөрийн хамгаалалт болон тусламжаар хангах болно гэдгийг мэдэж авсан. Суралцагчид Мартин Харрис алтан ялтаснуудын нэг хэсгийг авч очсон талаарх түүх болон профессор Антон, доктор Мичелл хоёрт өгсөн орчуулгын талаар судалж байхдаа Их Эзэний үйлчлэгчдийн бошиглолууд улиран тохиох болно гэдгийг мэдэж авсан.

Оршил

Энэ хичээл нь Иосеф Смитийн Анхны үзэгдлийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд суралцагчдад тусалж чадна. Энэ хичээл бас асуултынхаа хариултуудыг эрэлхийлэхэд шаардлагатай хүчин чармайлтын талаар мэдэж авах мөн сайн мэдээг суралцах үүрэгтээ талархалтай байх боломжоор тэднийг хангадаг. Суралцагчид өөрсдөд нь тулгарч болох аливаа хавчлага, дарамтын эсрэг итгэлээ хүчирхэгжүүлэх арга замуудыг мэдэж авах болно.

Заах зөвлөмж

Иосеф Смит—Түүх 1:5–20

Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр Иосеф Смитэд үзэгдэв

Суралцагчдаас сүнслэг эсвэл сайн мэдээний холбогдолтой асуултдаа хариулт авахыг хүсэж байсан цаг үеийнхээ талаар бодохыг хүс. Тэгээд дараах асуултыг тавь.

  • Та асуултынхаа хариултыг олж авахын тулд юу хийсэн бэ?

Иосеф Смит нэгэн чухал асуултын талаар бодож, хариултыг нь эрэлхийлж байх үедээ семинарын ангийн суралцагчидтай ойролцоо настай байсан гэдгийг суралцагчдад сануул. Иосефт тохиолдсон туршлага нь өвөрмөц байсан ч үүн рүү хөтөлсөн үйл явдлууд нь Бурханаас тусламж, хариултууд олж авахын тулд бидний хүн нэг бүрийн дагаж чадах нэгэн загвар болдог.

Та Иосеф Смит—Түүх 1:20 дээрх “би өөртөө мэдэж авлаа” гэсэн хэллэгийг тэмдэглэхийг суралцагчдад зөвлөж болно.

Суралцагчдыг хоёр юм уу гурван бүлэг болгон хуваарил. Бүлэг бүрээс Иосеф Смит—Түүх 1:8, 11–12, 14–15-ыг уншиж, Иосеф Смит асуултынхаа хариултыг олж авахын тулд юу хийснийг олж мэдэхийг хүс. Бүлгийнхээ олж мэдсэн нэг чухал хүчин зүйлийг тайлагнах төлөөлөгчөө самбарын өмнө гаргахыг бүх бүлгээс хүс. Ангийнхнаас самбарт бичигдсэн зүйлсийг давхардуулахгүй байхыг хүс. Хэрэв суралцагчид Иосеф юу хийснийг олж мэдэж чадахгүй байгаа бол та тэдэнд дараах зүйлсийн заримыг нь зөвлөснөөр тэдэнд тусалж болно. Иосеф маш нухацтай тунгаан бодож, сүмийн цуглаануудад оролцож, янз бүрийн шашны сургаалуудыг мөн судруудыг судалж, шийдэмгий оюунаар залбирсан юм.

Дараах асуултуудыг тавь.

  • Та нар Иосеф Смитээс сүнслэг зүйлсийг мэдэж авахад шаардлагатай зүйлсийн талаар ямар зарчим мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах зарчмыг олж тогтоох ёстой. Сүнслэгээр суралцах нь биднээс хичээл зүтгэл шаарддаг. Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.)

  • Бид яагаад сүнслэг үнэнүүдийг мэдэж авахын тулд хүч чармайлт гаргах шаардлагатай гэж та нар бодож байна вэ?

  • Энэ зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэх нь энэ жил Сургаал ба Гэрээг хувиараа судлахад тань хэрхэн тусалж чадна гэж бодож байна вэ?

Нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:16–17-г чанга уншихад урьж, ангийнхнаас өөрсдийн судар дээрээ уг хэсгийг дагаж хараад, Иосеф Смитийг мэдлэгтэй болохоор хичээх үед түүнд юу тохиолдсоныг олж мэдэхэд урь.

  • 17-р шүлэгт цэдэглэснээр, Иосеф Смит хэнийг харсан бэ? (Иосеф Смит Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрыг харсан нь тодорхой гэдэгт итгэлтэй бай.)

  • Тэр энэ үзэгдлийн үеэр энэ хоёр хүний талаар юу мэдэж авсан бэ?

Нэг суралцагчаас Анхны үзэгдлийн ач холбогдлын талаар тайлбарласан ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн хэлсэн дараах үгийг чанга уншихыг хүс.

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит

“Бурханы Хүү булшнаас амилж мөн тэнгэрт одсоноос хойш дэлхий дээр тохиолдсон хамгийн агуу үйл явдал бол Эцэг, Хүү хоёрын Иосеф Смит хүү дээр ирсэн айлчлал байлаа” (Gospel Doctrine, 5 дахь хэвлэл [1939], 495).

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр үнэхээр Иосеф Смитэд үзэгдсэн хэмээх гэрчлэлтэй байх нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

Нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:18–20-ийг чанга уншихад уриад, бусад суралцагчаас Иосеф итгэлээр үйлдэх хүчин чармайлтынхаа ачаар өөртөө юу мэдэж авсныг олж мэдэхийг хүс. Тэгээд дараах асуултуудыг тавь.

  • Иосеф өөртөө юу мэдэж авсан бэ?

  • Бид Бурханы үгийг судалж, дараа нь уншсан зүйлийнхээ дагуу үйлдсэнээр юу тохиолдож болох талаар Иосеф Смитийн туршлагаас юу мэдэж авч чадах вэ? (Хариултууд нь дараах үнэнийг багтааж болно. Хэрэв бид Бурханы үгийг хичээнгүйлэн судалж, үүнийхээ дагуу итгэлтэй үйлдэх аваас сайн мэдээний үнэнүүдийг өөрсдөдөө мэдэж авч чадна. Та энэ зарчмыг самбар дээр бичиж, суралцагчдыг үүнийг судрынхаа зайд тэмдэглэхэд урьж болно.)

  • Сайн мэдээний талаар асуулттай байгаа найз эсвэл гэр бүлийн гишүүнд тань энэ үнэн хэрхэн тусалж болох вэ?

  • Энэ үнэн таны асуулт эсвэл асуудлуудад хэрхэн тусалж болох вэ?

Иосеф Смит—Түүх 1:20–65; Сургаал ба Гэрээ 2

Иосеф Смит Эмма Хейлтэй гэрлэж, алтан ялтаснуудыг хүлээн авч мөн орчуулгын ажлаа эхлэв

Суралцагчдаас Анхны үзэгдлийн дараа Иосеф Смитэд юу тохиолдсон талаар эргэн харахыг хүс. Бошиглогч үзэгдлийн талаар бусдад хэлснийхээ дараа хатуу ширүүн хавчлага дарамттай тулгарсан гэдгийг тэд ойлгосон эсэхийг шалга. Тэднийг “Амьдралын маань бүр эхэн үед” хэмээн эхэлж буй Иосеф Смит—Түүх 1:20-ийн төгсгөлийн хэсгийг уншихад урь.

  • Иосеф Смитийн хэлснээр тэр яагаад ийм залуу насандаа ийм их хавчлагыг амссан бэ? (Хавчлага нь Сатаны нөлөөгөөр ирсэн. Учир нь тэр Иосеф Смит бол “түүний хаант улсыг эсэргүүцэгч мөн өдөгч байх тавилантайг” мэддэг байсан.)

  • Өнөөдөр та эсвэл таны мэддэг хүмүүс хавчлага, дарамттай тулгарч байж болох ямар нөхцөл байдлууд байж болох вэ?

Нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:24-25-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас уг хэсгийг дагаж хараад, хэцүү цаг үедээ хүч чадлыг олж авахын тулд бид юу хийж болохыг олж тогтоохыг хүс.

  • Бид хэцүү цаг үедээ итгэлтэй байх хүч чадлыг олж авахын тулд юу хийж чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хариулж болно. Суралцагчид дараах зарчмыг олж тогтоож байгаа эсэхийг шалга. Бид хүнд хэцүү цаг үедээ судрууд дээрх итгэлтэй хүмүүсийн үлгэр жишээнээс хүч чадлыг олж авч чадна. Та энэ зарчмыг самбар дээр бичиж, суралцагчдыг үүнийг судрынхаа зайд тэмдэглэхэд урьж болно.)

Суралцагчдыг Иосеф Смит—Түүх 1:24–25-ыг эргэн харж, хавчлага дарамтын цаг үед зөв зүйлсийг хийх зориг эсвэл хүч чадлыг тэдэнд өгч болох үг, үг хэллэгүүдийг олж мэдэхэд урь. Суралцагчдыг олж мэдсэн хэллэгүүдээ тайлагнасны дараа та “Би үзэгдэл харсан шүү дээ; би үүнийг мэдэх бөгөөд Бурхан ч үүнийг мэднэ, би үүнийг үгүйсгэж чадахгүй” хэмээх хэллэгүүдийг тэмдэглэхийг зөвлөж болно.

Суралцагчдаас дараах зүйлийг асуу.

  • Энэхүү үг хэллэг нь та нарт Анхны үзэгдлийн талаарх Иосеф Смитийн гэрчлэлийн тухай юу зааж байна вэ?

  • Таны итгэлээс болж хэн нэгэн таны гэрчлэлийг сорьж эсвэл хавчин гадуурхах үед энэ хэллэг нь танд хэрхэн тусалж болох вэ?

Энэ хичээл дээр ярилцсан зарчмуудын талаар гэрчлэлээ хуваалцан, хичээлээ дуусга. Суралцагчдыг эдгээр үнэний талаар туршлага эсвэл мэдрэмжүүдээ хуваалцахад урь.

Дараагийн бүлэг (Сургаал ба Гэрээ 3–7; 10; Иосеф Смит—Түүх 1:66–67)

Иосеф Смитийн орчуулсан Мормоны Номын эхний 116 хуудас хэрхэн алдагдаж мөн хэзээ ч эргэж олдоогүй вэ? Суралцагчид дараагийн хэсгийг судалж байхдаа Мартин Харрис болон алдагдсан гар бичмэлийн талаар мэдэж авах болно. Тэд мөн Бурханд үйлчлэх хүсэлтэй хүмүүст өгсөн Их Эзэний зөвлөгөөний талаар мэдэж авах болно.