64-р хичээл
Сургаал ба Гэрээ 58:34–65
Оршил
Сионы хотыг барих ажлыг хэрхэн урагшлуулах талаарх ахлагчдын асуултын хариуд Их Эзэн Сургаал ба Гэрээ 58-д цэдэглэгдсэн илчлэлтийг 1831 оны 8-р сарын 1-нд өгчээ. 34–65-р шүлэг нь Сион руу нүүсэн хүмүүс бүхнээ зориулах хуулийн дагуу амьдрах заавруудыг агуулдаг. Эдгээр шүлэгт, Их Эзэн түүнчлэн наманчлалын зарчмыг зааж, ахлагчдад сайн мэдээг тунхаглахыг зарлиглаж мөн Сионыг хэрхэн барих талаар зөвлөгөөг тэдэнд өгчээ.
Заах зөвлөмж
Өмнөх хичээл дээр, суралцагчдыг өнөөдрийн хичээлээс өмнө сонгох эрхээ ашиглан ямар нэг сайн зүйл хийхэд урьсан. Сайн зарчимд “санаа сэтгэлээ бүрэн зориулсан” (С ба Г 58:27) туршлагаа хуваалцахыг суралцагчдаас хүссэнээр энэ урилгыг шалга.
Сургаал ба Гэрээ 58:34–43
Их Эзэн Сионы талаар зааврууд өгч мөн наманчлалын зарчмуудыг заав
Хичээл эхлэхээс өмнө дараах асуултыг самбар дээр бич. Наманчлах гэж юу гэсэн үг вэ?
Цөөн суралцагчийг асуултад хариулахад урь. Тэгээд дараах асуултуудыг самбар дээр бич. Би бүрэн наманчилсан эсэхээ хэрхэн мэдэж чадах вэ? Их Эзэн нүглүүдийг маань уучилсан эсэхийг би яаж мэдэх вэ?
Суралцагчдыг эдгээр асуултыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Хэсэг хугацаанд эдгээр асуулт бүрд хариулж бичихийг тэднээс хүс. Хангалттай цаг гаргаж өгсний дараа, хичээлийн сүүлчээр хариултуудаа дахин ярилцах боломжтой байх болно гэдгийг хэл.
Миссури руу аялж мөн тэнд амьдрах даалгавар авсан ахлагчдын олон нь Сионы хотыг төлөвлөж, зохион байгуулж мөн байгуулахын тулд юу хийх хэрэгтэйг мэдэхийг хүссэн гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 58:34–37-г хураангуйл. Миссури руу нүүж буй хүмүүст мөнгө болон өмч хөрөнгөө Сионыг байгуулах ажилд зориул хэмээн Их Эзэн зааварлажээ. Мартин Харрис бишопт мөнгөө өгч үүний үлгэр жишээ болох ёстой гэсэн заавар авсан байна. Тэр, бишоп Эдвард Партрижид Сүмд зориулан газар худалдаж авахад нь туслахаар их хэмжээний мөнгө хандивлажээ.
Дараах нэрсийг самбар дээр бич. Мартин Харрис, Виллям В.Фелпс, ба Зиба Петерсон. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 58:31–41, 60-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Мартин Харрис, Виллям В.Фелпс болон Зиба Петерсон нар Сионыг байгуулахаар бэлтгэх үед Их Эзэний тэдэнд өгсөн зөвлөгөөг олж мэдэхийг хүс.
Суралцагчдыг дараах асуултуудад хариулах хооронд та тэдний хариултыг самбар дээр тохирох сэдвийн доор бичиж болно.
-
Их Эзэн Мартин Харрисыг ямар нүгэлд буруутай хэмээн хэлсэн бэ? Их Эзэн Түүнд юу хий гэж хэлсэн бэ?
-
Их Эзэн Виллям В.Фелпсийг ямар нүгэлд буруутай хэмээн хэлсэн бэ? Их Эзэн Түүнд юу хий гэж хэлсэн бэ? (Та “давамгайлахыг эрэлхийлдэг” [41-р шүлэг] гэсэн хэллэг нь хамгийн сайнаараа хичээх эсвэл сайжрахыг хичээх гэсэн утгатай биш гэдгийг тайлбарлаж болно. Харин энэ хэллэг нь бусдаас илүү сайн эсвэл чухал харагдах гэсэн зөв шударга бус, бардам хүслийг хэлж байгаа юм.)
-
Зиба Петерсон нүглүүдээ яах бодолтой байсан бэ?
Эдгээр эрэгтэйн нүгэл нь Сионыг байгуулахад туслахад нь тэдэнд саад болж байсан гэдгийг онцлон хэл.
-
Бидний нүгэл ямар байдлаар Их Эзэнд үйлчлэхэд бидэнд саад болдог вэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 58:42-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн наманчлалын талаар юу заасныг олж мэдэхийг хүс.
-
Энэ шүлэгт цэдэглэснээр, хэрэв бид наманчилбал Их Эзэн юу хийнэ хэмээн амласан бэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох ёстой. Хэрэв бид нүглээ наманчилбал Их Эзэн биднийг уучилж мөн бидний нүглийг цаашид санахгүй. Энэ зарчмыг самбар дээр бич. Та суралцагчдад 42-р шүлэг дээрх энэ зарчмыг зааж буй үгсийг тэмдэглэхийг зөвлөж болно.
-
Энэ амлалт нь бидний нүглийн алинд нь хамааралтай вэ? (Бүгдэд нь.)
Нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Самбар дээр бичсэн зарчмыг заах үг, хэллэгүүдийг олж сонсохыг суралцагчдаас хүс.
“Бидний хийсэн буруу зүйл юу болохоос, бидний үйлдэл хэн нэгнийг хэр их хохироосноос үл хамааран, нүглийг юу ч үлдээлгүй арчин хаях боломжтой. Миний хувьд бүх судар дахь хамгийн гайхамшигтай үгс бол, “‘Болгоогтун, нүглүүдээ наманчилсан тэрээр, мөнхүү тэр нь өршөөгддөг ажгуу, мөн Их Эзэн, бибээр тэдгээрийг цаашид санах нь үгүй’ [С ба Г 58:42] хэмээн сударт өгүүлсэн Их Эзэний үгс билээ.
[Энэ бол] Есүс Христийн сайн мэдээ болон Цагаатгалын зорилго юм” (“Цагаатгал,” Ensign, 2012 оны 11-р сар, 77 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 92).
Самбар дээр бичсэн асуултууд руу суралцагчдын анхаарлыг дахин хандуул.
-
42-р шүлэг-т гарч буй Их Эзэний амлалт гурав дахь асуултад хариулахад хэрхэн тусалж чадах вэ? Их Эзэн нүглүүдийг маань уучилсан эсэхийг би яаж мэдэх вэ? (Их Эзэний амлалт нь биднийг бүрэн дүүрэн наманчлахад Тэр үргэлж өршөөдөг гэдгийг мэдэхэд бидэнд тусалдаг.)
-
Биднийг бүрэн наманчлах үед Их Эзэн уучлах болно гэсэн амлалтаас гадна бид уучлагдсан гэдгээ яаж мэдэх вэ?
Нэг суралцагчаас Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгсийг чангаар уншихыг хүс. Суралцагчдаас Их Эзэн тэдний гэм нүглийг өршөөсөн гэдгийг хэрхэн мэдэж болохыг сонсохыг хүс.
“Бид нэгэнт чин сэтгэлээсээ наманчилсан бол Христ бидний гэм нүглийн ачааг авч хаях болно. Бид өршөөгдөж, эдгэрсэн гэдгээ өөрсдөө мэдэж чадна. Ариун Сүнс үүнийг бидэнд батлах болно. Тэр бол Ариусгагч. Өршөөлийн тухай үүнээс агуу гэрчлэл гэж үгүй” (“Point of Safe Return,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 5-р сар, 101).
-
Бүх нүглээсээ уучлагдаж чадна гэсэн мэдлэг нь таны амьдралыг хэрхэн адисалсан бэ?
Зарим хүн нүглүүдээ санаж байгаа бол бүрэн наманчлаагүй гэж буруу боддог гэдгийг суралцагчдад тайлбарлаж өг. Нэг суралцагчийг ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгсийг уншихад урь. Ангийнхнаас, бид наманчилсныхаа дараа ч гэсэн нүглүүдээ яагаад санадаг болохыг олж мэдэхийг хүс.
“Бид нүглүүдээ санадаг учраас Сатан бидний нүгэл уучлагдаагүй гэж бидэнд итгүүлэхийг хичээх болно. Сатан бол худалч; тэр биднийг харалган болгож, биднийг наманчлал, өршөөлөөс холдуулахыг хичээдэг. Бурхан биднийг нүглүүдээ санахгүй хэмээн амлаагүй юм. Нүглүүдээ санаж байх нь урьдын алдаагаа дахин гаргахаас зайлсхийхэд бидэнд тусалдаг. Хэдий тийм ч бид үнэнч, итгэлтэй хэвээр байвал бидний нүглүүдийн дурсамж цагийн явцад багасах болно. Энэ нь эдгэрэл болон ариуслын үйл явцын шаардлагатай нэг хэсэг юм” (“Point of Safe Return,” 101).
Самбар дээр бичсэн амлалт нь нөхцөлтэй гэдгийг онцол. Бид нүглээ бүрэн наманчлахын тулд чадах бүхнээ хийсэн үед л Их Эзэний өршөөлийг хүлээн авч чадна.
-
Наманчлах гэж юу гэсэн үг вэ? (Та суралцагчдыг самбар дээрх асуултуудад хариулсан хариултаа эргэн харахад урьж болно.)
Суралцагчдыг хариулсны дараа нэг суралцагчийг Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дээрх дараах мэдэгдлийг чанга уншихад урь. Ангийнхнаас наманчлах гэдэг нь юу гэсэн утгатай болох талаар заасан нэмэлт зүйлсийг сонсохыг хүс.
Наманчлал гэдэг нь буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрөхөөс илүү утга учиртай юм. Энэ нь оюун ухаан, зүрх сэтгэлийн өөрчлөлт юм. Нүглийг орхиж, уучлалын төлөө Бурхан руу эргэх нь наманчлал юм. Наманчлал нь Бурханыг хайрлах хайр, Түүний зарлигуудыг дуулгавартай дагах чин сэтгэлийн хүслээр өдөөгддөг” (Залуучуудын бат бөх байдлын төлөө [товхимол, 2011], 28).
Жинхэнэ наманчлал хэд хэдэн шаардлагатай гэдгийг тайлбарла. Эдгээр шаардлагын хоёр нь Сургаал ба Гэрээ 58:43-т дурдагдсан байдаг. Нэг суралцагчаас энэ шүлгийг чангаар уншихыг хүс. Ангийнхнаас дагаж уншаад, бидний бүрэн наманчлахын тулд хийх ёстой хоёр зүйлийг олж мэдэхийг хүс.
-
43-р шүлэгт цэдэглэгдсэнээр, бүрэн наманчлахын тулд бидний хийх ёстой хоёр зүйл юу вэ? (Суралцагчид дараах зарчмыг тодорхойлох ёстой. Наманчлахын тулд бид нүглүүдээ хүлээж мөн орхих ёстой. Зарчмыг самбар дээр бич.)
-
Энэ үнэн нь Би бүрэн наманчилсан эсэхээ хэрхэн мэдэх вэ? гэсэн асуултад хариулахад хэрхэн туслах вэ? (Нүглүүдээ хүлээж мөн орхих нь бүрэн наманчлалын амин чухал хэсэг гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал.)
-
Нүглээ хүлээх гэдэг нь юу гэсэн үг вэ?
Суралцагчдад нүглээ хүлээх гэдгийг илүү сайн ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.
“Нүглээ улайж, орхих нь хүчирхэг ойлголт. Энэ нь зүгээр л ‘Би хүлээн зөвшөөрч байна, намайг уучлаарай’ гэж хэлэхээс илүү гүн утга учиртай юм. Нүглээ хүлээх нь Бурханд болон бусдын өмнө үйлдсэн хэргээ сэтгэлийн гүнээс, заримдаа бүр шаналан байж хүлээх явдал юм” (“Наманчлалын бурханлаг бэлэг,” Ensign, 2011 оны 11-р сар, 40 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 47).
-
Нүглээ хүлээх нь нүглээ орхиж, уучлалын төлөө Бурхан руу эргэхэд бидэнд хэрхэн тусалдаг вэ?
Энэ ярилцлагын нэг хэсэг болгон суралцагчид ямар нүглийг хүлээх ёстойг мөн хэнд хүлээх ёстой талаар бодож байж болно. Бид Тэнгэрлэг Эцэгтээ бүх нүглээ тоочих хэрэгтэй гэдгийг тайлбарла. Бэлгийн харьцааны гэм нүгэл болон порнограф гэх мэт ноцтой гэм нүглүүдийг бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчдөө тоочих хэрэгтэй.
Суралцагчдын анхаарлыг самбар дээр сүүлд бичсэн үнэнд хандуул.
-
Нүглүүдээ орхих гэдэг нь юу гэсэн үг вэ? (Нүглээсээ бүрмөсөн эргэж, тэдгээрийг хийхээ болих.)
Аврагчийн Цагаатгал болон сая ярилцсан наманчлал болон уучлалын зарчмуудыг гэрчил. Суралцагчдыг наманчлах хэрэгтэй нүглүүд байгаа эсэхийг бодож үзэхэд урьж мөн өнөөдөр сурсан үнэнүүдийн дагуу үйлдэж наманчлахад нь урамшуулан дэмж.
Сургаал ба Гэрээ 58:44–65
Их Эзэн ахлагчдад сайн мэдээг номлохыг зарлиглаж мөн Сионыг хэрхэн байгуулах талаар зөвлөгөө өгөв
Их Эзэн Миссурид үлдэх ахлагчдад газар худалдан авч мөн Миссури дэх гэгээнтнүүдийн цугларалтад бэлтгэх ёстой хэмээн хэлсэн гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 58:49–62-ыг хураангуйл.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 58:46–47, 63–65-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас Огайо руу буцах ёстой ахлагчдад өгсөн Их Эзэний зөвлөгөөг хайж олохыг хүс.
-
46–47-р шүлэгт цэдэглэгдсэнээр, ахлагчид Огайо руу буцах үедээ юу хийх ёстой байсан бэ?
-
64-р шүлэгт өгүүлснээр сайн мэдээг хэнд номлох ёстой байсан бэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч тэдний хариултууд дараах үнэнийг илэрхийлэх ёстой. Сайн мэдээг хүн бүрд номлох ёстой. Та суралцагчдад 64-р шүлэг дэх энэ үнэнийг заадаг үгсийг тэмдэглэхийг санал болгож болно.
Суралцагчдыг эргэн тойрондоо байгаа хүмүүстэй сайн мэдээний үнэнүүдийг хуваалцахын тулд Сүнсний өдөөлтүүдийг дагахад урамшуулан дэмж.