91-р хичээл
Сургаал ба Гэрээ 88:1–40
Оршил
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит Сургаал ба Гэрээ 88 бол “хүнд өгсөн хамгийн агуу илчлэлтүүдийн нэг” байсан гэж мэдэгдсэн (Doctrines of Salvation нэгтгэсэн Брүс Р.Макконки, 3-р боть [1954–1956 он], 3:181). Бошиглогч Иосеф Смит дээд санваартнууд бага хурлын үеэр Сионыг байгуулах талаарх Их Эзэний тааллыг мэдэхээр залбирсны дараа, энэ илчлэлтийг 1832 оны 12-р сарын 27, 28 мөн 1833 оны 1-р сарын 3 гэсэн гурван өдөр хүлээн авсан. Энэ бол Сургаал ба Гэрээ 88-ын дөрвөн хичээлийн эхнийх нь юм. Энэ хичээлд хэлэлцэх уг илчлэлтийн хэсэгт (1) Их Эзэн бол бүх зүйлд байдаг мөн захирах гэрэл юм хэмээх Түүний тунхаглал болон (2) Өөрийн хаант улсууд ба тэдгээрийн оршин суугчдыг захирах хуулийн тайлбар багтана.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 88:1–13
Их Эзэн Өөрийгөө бүх зүйлд байдаг гэрэл хэмээн тунхаглав
Суралцагчдаас хав харанхуйд байж үзсэн эсэхийг нь асуу. Тэдний цөөн хэдээс нь тохиолдсон явдлаасаа хуваалцахыг хүс. Гар чийдэн эсвэл лаа үзүүлэх эсвэл самбар дээр аль нэгийг нь зур.
-
Хав харанхуйд байсан тохиолдол тань хэрхэн гэрлийн адислалд талархахад тусалсан бэ?
-
Есүс Христийн сайн мэдээнд гэрэл юуг төлөөлдөг вэ?
Сургаал ба Гэрээ 88 нь гэрлийн ач холбогдлын талаарх Их Эзэний сургаалыг агуулдаг болохыг тайлбарла. Дээд санваартнууд бага хурлын үеэр Сионыг байгуулах талаарх Их Эзэний тааллыг мэдэхээр залбирсны дараа, бошиглогч Иосеф Смит энэ илчлэлтийг гурван өдөр хүлээн авсан.
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 88:1–2-ыг дотроо уншаад, Их Эзэний тааллыг мэдэхээр үйлчлэгчид нь залбирахад Тэр болон тэнгэр элчүүд юу мэдэрдэг талаар юу хэлснийг олж мэдэхэд урь.
-
Их Эзэний тааллыг мэдэхээр биднийг залбирахад яагаад Их Эзэн баярлаж, тэнгэр элчүүд баясдаг гэж та нар бодож байна вэ?
-
Бурханы тааллыг мэдэх нь үүнийг эрэлхийлэгч тэдэнд хэрхэн гэрэл мэт байдаг вэ?
Ах нар Тайтгаруулагч мөн амлалтын Ариун Сүнс гэж бас нэрлэгддэг Ариун Сүнсээр дамжуулан мөнх амьдралын баталгааг хүлээн авч чадахыг Их Эзэн тэдэнд заасан гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 88:3–5-ыг нэгтгэн дүгнэ.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 88:6–13-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Их Эзэн бүх гэрлийн эх үүсвэрийн талаар юу заасныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс.
-
7-р шүлэгт үнэний гэрлийг юу гэж нэрлэсэн байна вэ?
-
12–13-р шүлэгт цэдэглэгдсэнээр, бүх гэрэл хаанаас гардаг вэ?
-
Бурхан Христийн гэрлээр дамжуулан Өөрийн бүтээлүүдэд хэрхэн нөлөөлдөг вэ? (Суралцагчдыг дараах сургаалыг олж тогтооход тусал. Бурхан Христийн гэрлээр дамжуулан Өөрийн бүх бүтээлд гэрэл болон амь өгдөг. Та энэ сургаалыг самбар дээр бичиж болно. Христийн гэрэл нь ертөнц болон түүний оршин суугчдыг зохицуулах хууль бөгөөд энэ нь бидний ойлголтыг “амьдруулдаг” юм гэдгийг суралцагчид бас дурдаж болно. Амьдруулдаг гэдэг нь амь оруулах гэсэн үг юм. Энэ үг илчлэлтийн сүүлээр хэрэглэгддэг болохоор суралцагчдыг энэ үгийн тодорхойлолтыг судрынхаа захад 11-р шүлгийн хажууд бичихэд урьж болно.)
Хэрэгтэй бол “Христээр дамжин Бурханаас ирж мөн бүх зүйлд амьдрал хийгээд гэрлийг өгдөг бурханлаг эрч хүч буюу нөлөө” гэж тайлбарлан Христийн гэрлийн талаарх суралцагчдын тайлбар дээр нэм (Судруудын удирдамж, “Христийн гэрэл” scriptures.lds.org).
Суралцагчдад Христийн гэрлээр дамжуулан хэрхэн адислагдсанаа бодож үзэхэд нь туслахын тулд дараах ангиллуудыг самбар дээр бич.
Суралцагчдыг Христийн гэрлийн эдгээр илрэл нь тэдэнд хэрхэн өдөр тутам нөлөөлдгийн жишээнүүдийг самбар дээр жагсаан бичихэд урь. (Зарим жишээнд харах чадвар, үнэнийг сурах болон таньж мэдэх чадвар, биднийг хоол хүнс, хувцас хунараар хангадаг ургамал, амьтны өсөлт, сайн муу хоёрын ялгааг мэдэх чадвар зэрэг багтаж болно.)
-
Христийн гэрлийн тухай бидний ярилцсан үнэнүүд та нарыг амьдралдаа байгаа Их Эзэний нөлөөнд талархахад хэрхэн туслах вэ?
Сургаал ба Гэрээ 88:14–40
Их Эзэн алдар суугийн хаант улсуудтай холбоотой хуулиуд байдгийг тайлбарлав
Бээлий үзүүлээд, энэ нь бие махбодыг төлөөлж байгааг тайлбарла. Нэг суралцагчийг бээлийг өмсөөд хуруунуудаа хөдөлгөхөд урь. Гар бээлийг амьдруулдаг буюу амь өгдөг гэдгийг онцолж хэл.
-
Хэрэв бээлий бие махбодыг төлөөлж байгаа бол гар нь юуг төлөөлж болох вэ? (Сүнсэн бие.)
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 88:15-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, сүнс болон биеийн нэгдлийг Их Эзэн юу гэж нэрлэснийг олж мэдэхийг хүс.
-
Их Эзэн сүнс болон биеийн нэгдлийг юу гэж нэрлэсэн бэ? (Сүнс хийгээд бие нь хүмүүний бодгаль бөлгөө. Та суралцагчдад энэ сургаалыг тэмдэглэхийг санал болгож болно.)
-
Бидний бие махбодод нөлөөлөх зүйлс нь хэрхэн бидний сүнсэнд нөлөөлж болох вэ? (Суралцагчдыг хариулж байхад тэднийг зарим жишээ хэлэхэд урамшуул.)
Бидний бие болон сүнсний хоорондох холбоог цааш ойлгоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчаас ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны дараах мэдэгдлийг чанга уншихыг хүс. Ангийнхнаас сүнс болон биеийн нэг нэгэндээ нөлөөлдөг арга замуудыг олж сонсохыг хүс.
“Биеийн эрүүл мэнд нь сүнсэнд нөлөөлдөг гэдэгт маргах зүйл байхгүй, эс бөгөөс Их Эзэн Мэргэн ухааны үгийг хэзээ ч илчлэхгүй байсан. Бурхан хэзээ ч бидний бие махбод болон [сүнсэнд] нөлөөлөх зуурдын ямар нэг зарлигийг өгдөггүй. …
…Гэм нүгэл доройтуулдаг. Энэ нь зөвхөн [сүнсэнд] биш бие махбодод бас нөлөөлдөг юм. Зөв шударга хүмүүст орших бие махбодын хүч чадлын жишээ судруудад дүүрэн байдаг. Нөгөө талаар наманчлаагүй нүгэл эрч хүчийг сарниулж, сэтгэл санааны болон бие махбодын өвчний аль алинд хүргэдэг” (“In His Steps,” Ensign, 1988 оны 9-р сар, 5).
-
Та нарт бие болон сүнсний хоорондын холбоог ойлгох нь зөв шударга шийдвэр гаргахад хэрхэн тусалж чадах вэ?
Амилуулалтын тухай үнэнүүдийг хэлэлцэхэд суралцагчдыг бэлтгэхийн тулд нэг суралцагчийг ангийнхны өмнө гарч ирэн, бээлийгээ гарнаасаа тайлаад ширээ эсвэл сандал дээр тавихад урь.
-
Энэ үйлдэл юуг төлөөлж болох вэ? (Бие махбодын үхэл.)
-
Нас барахад бодгальд юу тохиолддог вэ? (Сүнс хийгээд бие нь салдаг.)
Нэг суралцагчийг бээлийгээ аваад дахин өмсөхийг хүс.
-
Энэ үйлдэл юуг төлөөлж болох вэ? (Амилуулалт.)
-
Амилуулалтаар бодгальд юу тохиолддог вэ? (Сүнс хийгээд бие нь дахин нэгддэг.)
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 88:14, 16–17-г чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Их Эзэн Амилуулалтыг хэрхэн тодорхойлсныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс.
-
Бидний бодгальд гэтэлгэгдэх боломжийг хэн олгосон бэ? (Суралцагчдыг хариулах үед самбар дээр дараах сургаалыг бич. Есүс Христ бидний бодгальд гэтэлгэгдэх боломжийг олгосон.)
-
Бидний бодгалиуд гэтэлгэгдсэний дараа “ядуу хийгээд дорой” бодгалиуд юу өвлөх вэ? (Дэлхийг.)
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 88:18–20-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, гэтэлгэгдсэн бодгалиуд үүнийг эзэмшихээс өмнө дэлхий дээр юу болохыг олж мэдэхийг хүс.
-
Гэтэлгэгдсэн бодгалиуд дэлхийг эзэмшихээс өмнө дэлхий дээр юу болох вэ?
-
19-р шүлэгт цэдэглэгдсэнээр, ариусгагдсан дэлхий дээр хэний оршихуй байх вэ?
Дараах асуултыг самбар дээр бич. Хэн селестиел хаант улсад амьдарч, Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд тохирох вэ? Суралцагчдыг энэ асуултад хэрхэн хариулахаа тунгаан бодоход урь.
Дэлхий ариусгагдсаныхаа дараа алдар сууг хүлээн авахын адил бидний бие бас өөрчлөгдөж, Амилуулалтад алдар сууг хүлээн авах болно. Гэсэн хэдий ч, бүх хүн алдар суугийн ижилхэн зэрэг хүлээж авахгүй.
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 88:21–24-ийг дотроо уншаад, Амилуулалтад хүмүүний хүлээж авах алдар суугийн зэргийг юу тодорхойлдог болохыг олж тогтооход урь.
-
Амилуулалтад хүмүүний хүлээж авах алдар суугийн зэргийг юу тодорхойлдог вэ? (Дараах сургаалыг самбар дээр бич. Та суралцагчдад үүнийг судрынхаа захад тэмдэглэхийг зөвлөж болно.Амилуулалтаар бид дуулгавартай дагасан хуулиудынхаа дагуу алдар сууг хүлээн авах болно.)
Суралцагчдад энэ үнэнийг цааш нь ойлгоход туслахын тулд тэднийг Сургаал ба Гэрээ 88:25–33-ыг өөр суралцагчтай хамтарч уншихад урь. Христийн хуулиудад дуулгавартай байх нь хэрхэн дэлхийд болон бидний хүн тус бүрд нөлөөлөхийг олж мэдэхийг тэднээс хүс. Та тэдэнд олж мэдсэнээ тэмдэглэхийг зөвлөж болно.
-
Бид Амилуулалтад дуулгавартай дагасан хуулиудынхаа дагуу алдар сууг хүлээн авах болно гэдэг үнэнийг батлах юуг та нар олж мэдсэн бэ?
-
28-р шүлэгт Их Эзэн “селестиел сүнснийх болох” тэднийг юу гэж хэлснийг анхаар. “Селестиел сүнснийх” байх гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ?
Селестиел сүнснийх болох тэд гэдэг нь селестиел хаант улсын хуулиудын дагуу амьдардаг хүмүүсийг хэлдэг гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал. Сургаал ба Гэрээ 76-аас бид селестиел хаант улсын хууль гэдэгт Есүс Христийн гэрчлэлтэй байх, зарлигуудыг сахих, гэрээнүүдийг хийж мөн сахих, итгэлээр дийлэх болон амлалтын Ариун Сүнсийг хүлээж авах зэрэг нь багтдаг гэдгийг мэддэг болохыг ангийнханд сануул (С ба Г 76:50–53, 69–70-ыг үзнэ үү).
-
Сургаал ба Гэрээ 88:28–29-д селестиел алдар сууг хүлээж авсан хүмүүсийн амилуулагдсан биеийг Их Эзэн хэрхэн тодорхойлдог вэ?
-
Сургаал ба Гэрээ 88:30–31-д цэдэглэгдсэнээр, хэрэв хүн дэлхий дээр террестриел эсвэл телестиел хуулиудад дуулгавартай байвал тэр хүн Амилуулалтаар ямар төрлийн биеийг хүлээн авах вэ? (Бидний амилуулагдсан бие амьдрах алдар суугийн маань сүнсний төрөлтэй тохирох болно гэдгийг ойлгоход суралцагчдад тусал.)
Бид дуулгавартай сахисан хуулийнхаа дагуу алдар сууг хүлээж авна гэдэг сургаалыг цааш ойлгоход суралцагчдад туслахын тулд тэднийг гурав эсвэл дөрвөөрөө бүлэг болон ажиллаж дараах даалгаврыг гүйцэтгэхэд урь. Та заавруудын хуулбарыг тарааж өгч эсвэл тэднийг самбар дээр бичиж болно.
Суралцагчдыг тэдгээр шинж чанарыг бүлэг бүрдээ ярилцсаны дараа, Их Эзэний хуулиар амьдрахыг хичээхэд бидний амьдралыг дүүргэх гэрлийн тухай гэрчлэлээ хуваалц. Тэдний амьдралд энэ үнэн илэрхийлэгдэхийг хэрхэн олж харснаа хуваалцахыг суралцагчдаас хүс. Селестиел хаант улсын хуулиар амьдрахад болон тэдгээр шинж чанараар адислагдсан байхад туслах зорилго бичихийг суралцагчдаас хүссэнээр тэдэнд сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд нь тусал. Цөөн хэдэн суралцагчийг хэрэв хүсвэл зорилгоо ангийнхантайгаа хуваалцахад урь.