46-р хичээл
Сургаал ба Гэрээ 41
Оршил
1830 оны 12-р сард Их Эзэн гэгээнтнүүдийг Огайо руу нүүж, тэнд тэднийг Түүний хуулийг хүлээн авахыг зарлиглав (С ба Г 37:3; 38:32-ыг үзнэ үү). Огайо дахь сүмийн гишүүн Леман Коплей гэгч Иосеф Смит, Сидней Ригдон хоёр болон тэдний гэр бүлийг “байшин болон хэрэгтэй зүйлсээр нь” хангахыг санал болгов (хэсгийн оршил, С ба Г 41). Иосеф Смит 1831 оны 2-р сарын 4-нд, Огайод ирснийхээ дараа удалгүй Сургаал ба Гэрээ 41-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авав. Энэ илчлэлтээр Их Эзэн бошиглогчийг болон Сүмийн бусад удирдагчдыг Түүний хуулийг хүлээн авахаар залбирахыг зааварчлав. Үүнээс гадна Тэр Иосеф Смит, Сидней Ригдон хоёрыг хаана амьдарвал зохилтойг тодорхой хэлсэн бөгөөд Эдвард Партрижийг Сүмийн хамгийн анхны бишопоор дуудав.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 41:1–6
Их Эзэн, жинхэнэ шавь нар Түүний хуулийг сахих болно хэмээн заав
Суралцагчдыг ямар нэгэн зүйлийг хийхдээ баяртай байх эсвэл баяр баяслыг олох гэдэг нь юу гэсэн утгатайг бодож үзэхэд урь.
-
Та нар юу хийхдээ баяртай байж эсвэл баяр баясгалантай болдог вэ?
-
Их Эзэн юу хийхдээ баярладаг гэж та нар бодож байна вэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 41:1-ийг чанга уншихад урь. Ангийнхныг шүлгийг гүйлгэн харж, Их Эзэн юу хийхдээ баяртай байдгийг олж тодорхойлохыг хүс.
-
Их Эзэн юу хийхдээ баяртай байдаг хэмээн хэлж байна вэ? (Өөрийн хүмүүсийг “бүх адислалуудын хамгийн агуугаар нь” адислахдаа баяртай байдаг.)
Суралцагчдыг хариулах үед самбар дээр дараах бүрэн бус өгүүлбэрийг бич. … үед Их Эзэн биднийг адислахдаа баяртай байдаг.
-
1-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Их Эзэний бидэнд өгөхийг хүсдэг адислалуудыг хүлээн авахын тулд бид юу хийх ёстой вэ? (Та сонсох гэдэг үг нь анхааралтай сонсож мөн дуулгавартайгаар дагах гэсэн утгатай болохыг тайлбарлах хэрэгтэй байж болно. Суралцагчдын хариултуудыг ашиглан самбар дээрх зарчмыг гүйцээ. Бид Их Эзэнийг сонсож, дуулгавартай байх үед Их Эзэн биднийг адислахдаа баяртай байдаг. Та суралцагчдадаа энэ зарчмыг зааж буй үг, өгүүлбэрийг өөрсдийнхөө судар дээр тэмдэглэхийг урамшуулан дэмжиж болно.)
Суралцагчдаас өөр хэн нэгний төлөө ямар нэг зүйл хийснээр баяр хөөрийг мэдэрч байсан эсэхээ тунгаан бодохыг хүс. Нэг эсвэл хоёр суралцагчийг туршлагаасаа хуваалцахад урь.
-
Их Эзэнийг сонссоны төлөө Тэр та нарыг адислахдаа баяртай байдгийг олж мэдэх нь та нарын хувьд ямар утга учиртай вэ?
Суралцагчдад Их Эзэн Огайод цугларахыг гэгээнтнүүдэд зарлигласан гэдгийг сануул. Огайо руу нүүхийн тулд зарим гэгээнтэн маш их золиослол хийсэн. Их Эзэний бошиглогчоороо дамжуулан өгсөн зарлигийг дуулгавартай даган, тэд эдлэн газраа алдагдалтай зарж эсвэл зарагдаагүй гэр орон, эдлэн газраа зүгээр л орхиод Огайо руу явсан.
Нэг суралцагчийг Люси Мак Смит (бошиглогч Иосеф Смитийн ээж) болон Огайо руу түүний удирдсан Сүмийн гишүүдийн бүлгийн талаарх дараах түүхийг чанга уншихад урь. Суралцагчдаас гэгээнтнүүд Огайо руу нүүх Их Эзэний зарлигийг сонсоод дагах үед Тэр тэднийг хэрхэн адисалсан талаар жишээг олж сонсохыг хүс:
Люси Мак Смит Сүмийн 80 гишүүнтэй бүлгийг Нью-Йоркийн Фейеттегээс Огайо руу удирдав. Тэднийг Нью-Йоркийн Буффало руу хүрэх Каяуга болон Сенека сувгаар завиар аялах үедээ Люси тэднийг Иерусалимыг орхин явсан эртний Лихайтай адил Их Эзэний зарлигаар аялж байгааг гэгээнтнүүдэд сануулжээ. Хэрэв гэгээнтнүүд итгэлтэй байвал тэдний нэгэн адил Бурханы адислалуудыг хүлээн авах эрхтэй байх болно гэж тэрээр гэгээнтнүүдэд зөвлөв” (History of Joseph Smith by His Mother, хянасан Прэстон Нибли[1958], 195–196; Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2003 он], 91-ийг үзнэ үү).
Тэд Буффалод ирээд усан онгоцны боомт мөсөөр хучигдан, усан онгоцыг нааш цааш явах боломжгүй болгосныг олж мэдсэн. “Буффалод хэдэн өдрийг сэтгэл түгшин өнгөрүүлсний дараа хүүхдүүдийн зарим нь өвдөж, бүлгийн олон хүн өлсөж, зориг нь мохож байв. Тэд усан онгоцон дээр хэсэг тавцанг мөнгө төлөн авч, тэнд юмнуудаа байрлуулан маргааш өглөө нь хүртэл эмэгтэйчүүд болон хүүхдүүдээ түр байлгах хоргодох байр олж авав. Тэд усан онгоцон дээр буцаж ирээд Люси бувтнаж байсан бүлгийнхнийг усан онгоцны боомтыг бүрхсэн 20 фут (6.1 метр) мөсийг хагалахыг Их Эзэнээс гуйхыг ятгаж байв (Church History in the Fulness of Times Student Manual, 92).
Люси бүлгийнхнээ Бурханд итгэлтэй байхыг мөн хэрэв тэд залбиралд нэгдэн, Бурханаас боомтыг бүрхсэн мөсийг хагалахыг гуйх юм бол энэ нь хийгдэх болно гэж ухуулж байлаа. Люси дараа нь юу болсныг дүрслэн бичжээ: “Яг тэр мөчид аянга цахих шиг нэг дуу сонсогдов. Ахмад ‘хүн бүр ажлын байрандаа оч’ гэж хашгирав. Мөс усан онгоц явах төдий зай гарган хагарсан ба нарийн зайгаар усан онгоц явах үед усан онгоцны дугуйны торхнууд мөс мөргөн эвдэрч унав. … Мөснүүд буцаж нийлэх үед бид дөнгөж дундуур нь гарчихаад байв (History of Joseph Smith by His Mother, 197–205).
-
Эдгээр гэгээнтэн энэ хүнд хэцүү нөхцөл байдалд Их Эзэнд итгэх итгэлээ хэрхэн харуулсан бэ? Энэ нөхцөл байдал нь Их Эзэн биднийг мэддэг бөгөөд Тэр сорилт бэрхшээлүүдийг даван туулахад бидэнд туслах болно гэдгийг хэрхэн харуулж байна вэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 41:2–4-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, Их Эзэний Сүмийн ахлагчдад өгсөн заавруудыг олж мэдэхийг хүс.
-
Их Эзэн Сүмийн ахлагчдад юу хийхийг зарлигласан бэ? (Тэд үгэнд санал нэгтэй байж, итгэлтэй залбирч, Түүний хуулийг хүлээн авч, Сүмийн гишүүд Түүний хуулийг сахиж байгаа эсэхийг мэдэхийн тулд цугларах зарлигийг Тэр өгөв.)
-
3-р шүлэгт цэдэглэгдсэнээр, ахлагчдын хүлээн авах ёстой байсан тэр хуулийн зорилго юу байсан бэ?
-
Их Эзэний хуулийг хүлээн авах нь Огайо дахь гэгээнтнүүдийн хувьд хэрхэн адислал байж болох вэ?
Их Эзэний дурдсан “хууль” нь Сургаал ба Гэрээ 42-т цэдэглэгдсэн, Их Эзэний Сүмд өгсөн хууль гэдгийг онцлон хэл. Суралцагчдад энэ хуулийг тэд дараагийн хичээлүүдээр тодорхой үзэх болно гэдгийг тайлбарла.
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 41:5 дээр байгаа чухал үнэнийг тодорхойлоход бэлтгэхийн тулд дараах үгсийг самбар дээр бич. Итгэгч болон Шавь.
-
Энэ хоёр ойлголт нь ямар үед адилхан байдаг вэ? Эдгээр нь ямар үед өөр байж болох вэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 41:5-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг гүйлгэн харж, Аврагчийн шавь нарынхаа талаар хэлсэн зүйлсийг олж мэдэхийг хүс.
-
Энэ шүлгийн дагуу, Аврагчийн шавь нарын нэг зан чанар нь юу вэ? (Та суралцагчдадаа дараах зарчмыг зааж буй үгс, өгүүлбэрийг тэмдэглэхийг санал болгож болно. Есүс Христийн шавь нар Түүний хуулиудыг хүлээн авч, тэдгээрийг дуулгавартай дагадаг.)
-
Есүс Христийн шавь нар зарлигуудыг зөвхөн мэддэг байгаад зогсохгүй бодитоор дагадаг байх нь яагаад чухал вэ?
Суралцагчдадаа энэ зарчмыг хэрэгжүүлэхэд туслахын тулд тэднийг Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дээрх жишгүүдийг давтахад урь. Тэднийг нэг жишгийг сонгон авч, энэ жишгийн дагуу илүү сайн амьдрахын тулд хийх хэрэгтэй зүйлсээ хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихийг хүс. (Суралцагчдад энэ нь хувийн үйл ажиллагаа бөгөөд тэднийг бусадтай хуваалцахад урихгүй гэдгээ бататган хэл.)
Сургаал ба Гэрээ 41:7–8
Бошиглогчид амьдрах бас орчуулгаа хийж болох байшин барихыг Их Эзэн гэгээнтнүүдэд зааварлав
Их Эзэн бошиглогч болон түүний гэр бүлийнхэнд амьдрах бас Иосефыг Библийн орчуулгаа үргэлжлүүлэн хийж болох гэр орноор хангахыг гэгээнтнүүдэд зааварласныг тайлбарлан Сургаал ба Гэрээ 41:7–8-ыг дүгнэн хэлж өг. Их Эзэн бас Сидней Ригдонд зориулсан товч зааврыг өгөв.
Сургаал ба Гэрээ 41:9–12
Их Эзэн Эдвард Партрижийг Сүмийн хамгийн анхны бишопоор дуудав
Суралцагчдыг тойрогт нь шинэ бишоп хэрэгтэй байна гэж төсөөлөн бодоход урь. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 41:9–10-ыг хувь хувьдаа уншиж, бишопыг дуудахад юу шаардлагатайг олж мэдэхийг хүс.
-
Энэ шүлгийн дагуу шинэ бишопыг дуудахад юу хийгдэх шаардлагатай вэ? (Бишопууд нь Бурханаар дуудагдаж, гишүүдийн дуу хоолойгоор дэмжигдэн батлагдаж мөн зохих эрх мэдлийн дагуу томилогддог. Та энэ сургаалыг самбар дээр бичиж болно. Та бас Их Эзэн Эдвард Партрижээс хүссэн шиг бүх цагаа “сүмийн хөдөлмөрүүдэд” зориулахыг өнөө үед тойргийн бишопуудад зарлиг болгоогүй гэдгийг тайлбарлах хэрэгтэй байж болно.)
-
“Сүмийн дуу хоолойгоор томилогдоно” гэдэг нь юу гэсэн үг вэ? (Сүмийн гишүүд Бурханаар дуудагдан, дэмжигдэн батлагдсан тэр хүнийг дэмжинэ гэж амласан гэсэн үг юм.)
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 41:11-ийг чанга уншихад урь. Ангийнхныг шүлгийг гүйлгэн харж, Эдвард Партрижэд буй дуудлагад нь туслахуйц зан чанарыг олж мэдэхэд урь.
-
Эдвард Партрижийн дуудлагад тусалж болох ямар зан чанар түүнд байсан бэ? (Суралцагчдыг хариулах үед та заль мэхтэй байх гэдэг нь хууран мэхлэлт эсвэл хоёр нүүртэй байх гэсэн утгатайг тэдэнд тайлбарлаж болох юм. Тиймээс “заль мэхгүй” байх гэдэг нь үнэнч шударга, чин сэтгэлээсээ гэсэн утгатай.)
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 41:12-ыг чанга уншихад урь. Ангийнхныг шүлгийг гүйлгэн харж, Их Эзэн энэ илчлэлтийнхээ төгсгөлд ямар сэрэмжлүүлэг өгснийг олж мэдэхийг хүс.
-
Бид Аврагчийн үгсийг хэрхэн авч үзэх тухайд болгоомжтой байх ёстой гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? (Та энэ нь Иосеф Смит болон бусдад судруудыг хамгаал хэмээн өгсөн зарлиг байсныг тайлбарлаж болно.) Энэ нь Есүс Христийн шавь нарын тухай бидний сурсан зүйлстэй хэрхэн холбогдож байна вэ?
Нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэллийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. “Бид өдөр бүр шавийн зэргээ тогтоодог” (“My Servant Joseph,” Ensign, 1992 оны 5-р сар, 39).
Суралцагчдыг энэ хичээл дээр сурсан үнэнүүд нь Есүс Христийн илүү сайн шавь нар байхад хэрхэн тусалж болохыг хуваалцахад урь.