Институт ба семинар
86-р хичээл: Сургаал ба Гэрээ 84:1–44


86-р хичээл

Сургаал ба Гэрээ 84:1–44

Оршил

1832 оны 9-р сард, Нэгдсэн Улсын дорнод хэсэгт сайн мэдээ тунхагласныхаа дараа номлогчид Огайогийн Көртландад эргэж ирсэн. Тэдний баяр хөөртэй уулзалтын үеэр, бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 84-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Тэрээр уг илчлэлтийг хоёр өдрийн туршид буюу 1832 оны 9-р сарын 22 болон 23-нд хүлээн авсан. Энэ гарын авлагад 84-р хэсгийг гурван хичээлд хуваасан байгаа. Энэ нэгдүгээр хичээлээр санваарыг болон санваар хэрхэн биднийг Тэнгэрлэг Эцэгт байдаг бүхнийг хүлээн авахад бэлтгэдэг талаарх Эзэний өгсөн зааврыг онцлон судална.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 84:1–30

Их Эзэн ариун сүм баригдах болно хэмээн тунхаглаад, санваарын зорилгыг тайлбарлав

Хэрэв боломжтой бол, хэн нэгний санваарын эрх мэдлийн шугамын хуулбарыг ангид авчир (өөрийнхөө эсвэл гэр бүлийн гишүүнийхээ). (Та санваарын эрх мэдлийн шугамыг самбар дээр хуулж бичиж болно.) Суралцагчдад санваарын эрх мэдлийн шугам нь санваарын эрх мэдэл Есүс Христээс эхлээд өнөөдрийг хүртэлх санваар атгагчид нэг санваартнаас нөгөөд хэрхэн томилогдсоныг харуулдаг гэдгийг ойлгоход нь тусал.

Сургаал ба Гэрээ 84 нь санваар болон энэ нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг хэрхэн адисалдаг тухай илчлэлтийг агуулдаг гэдгийг тайлбарла. Энэ илчлэлтийн эхний хэсэг нь Мосегийн санваарын шугамыг илчилдэг. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 84:6–19-ийг чимээгүй гүйлгэж хараад, Мосе санваарын эрх мэдлийнхээ гарал үүслийг хэрхэн Бурханд хүртэл тогтоож болохыг олж мэдэхэд урь.

  • Санваарын эрх мэдэл Бурханаас шууд гаралтай байдаг нь яагаад чухал гэж та бодож байна вэ? (Еврей 5:4-ийг үзнэ үү.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 84:17-г чангаар уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, санваарын мөнхийн мөн чанарыг тодорхойлсон (“өдрүүдийн эхлэл буюу жилүүдийн төгсгөлгүй”) хэллэгийг олж мэдэхийг хүс. Та санваар бол Бурханы мөнхийн хүч болон эрх мэдэл гэдгийг гэрчилж мөн Бурхан Өөрийн хүүхдүүдийн ач тусын тулд энэ хүчээ хүн төрөлхтөнд олгосонд талархдагаа хуваалцаж болно.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 84:19–22-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Мелкизедек санваараар дамжуулан бидний хүлээн авч чадах адислалуудыг олж мэдэхийг хүс.

  • 19–22 шүлэгт цэдэглэснээр, Мелкизедек санваараар дамжуулан бид ямар адислалуудыг хүлээж авч болох вэ? (Суралцагчид янз бүрийн хариултыг хуваалцаж болно. Тэднийг дараах сургаалыг олж тогтооход анхаар. Мелкизедек санваарын ёслолуудад бурханлаг чанарын хүч илэрхийлэгддэг. Энэ сургаалыг самбар дээр бич.)

  • Мелкизедек санваарын эрх мэдлээр ямар ямар аврах ёслол гүйцэтгэгддэг вэ? (Гишүүний баталгаа, Мелкизедек санваарын томилгоо, ариун сүмийн хишиг, ариун сүмийн холболт. Эдгээр ёслолыг самбар дээр жагсаан бич.) Эдгээр ёслолд бурханлаг чанарын хүч илэрхийлэгдэж байгааг та нар хэрхэн харсан бэ?

  • 22-р шүлэгт цэдэглэснээр, бид Мелкизедек санваарын ёслолуудыг хүлээж авах нь яагаад чухал вэ? (Эдгээр адислалд илэрхийлэгдэх “бурханлаг чанарын хүч” нь бидэнд Бурханы нүүрийг үзэж, амьдрах боломжийг олгодог.)

Дараах үнэнийг самбар дээр бич. Бурхантай адил болж, Түүний дэргэд оршихын тулд бид Мелкизедек санваарын ёслолуудыг хүлээн авах ёстой.

Самбар дээр жагсаан бичсэн Мелкизедек санваарын ёслолуудыг эргэж хар.

  • Эдгээр ёслолын алийг нь зөвхөн ариун сүмд хүлээж авдаг вэ?

Суралцагчдыг хариулсны дараа, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах үгийг унш.

Ахлагч Рассэлл М.Нэлсон

“Ариун сүм бол Сүм дэх бүхий л үйл ажиллагаа, хичээл, аливаа дэвшилтэт алхмын зорилт юм. Ариун сүмийн ёслолууд үнэхээр шийдвэрлэгч ач холбогдолтой. Тэдэнгүйгээр бид Бурханы алдар сууд буцаж очиж чадахгүй” (“Prepare for the Blessings of the Temple,”Ensign, 2010 оны 10-р сар, 41).

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 84:23-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Мосе хүмүүсээ Бурханы нүүрийг харахад бэлтгэхийн тулд юу хийснийг олж тогтоохыг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ хуваалцахыг хүс. Та ариусгах гэдэг нь цэвэрших болон ариун болгох гэсэн утгатай гэдгийг тайлбарлаж болно. Бид Есүс Христийн Цагаатгалаар дамжин ариусгагддаг.

Израилын хүүхдүүд зүрх сэтгэлээ хатууруулснаас болж Мелкизедек санваарыг болон энэ амьдралтай холбоотой ёслолуудыг хүлээж авах боломжоо алдсан гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 84:24–30-ийг нэгтгэн дүгнэ. Гэхдээ Их Эзэн тэднийг өсч хөгжихөд нь туслахаа үргэлжлүүлсэн. Тэр доод санваар буюу Аароны санваарыг тэдэнд үргэлжлэхийг зөвшөөрсөн (С ба Г 84:26–27-г үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 84:31–44

Их Эзэн санваарын тангараг ба гэрээг заав

Санваар атгагч нэг суралцагчийг дараах асуултуудад хариулахыг хүс:

  • Та санваар атгадаг учраас хэрхэн адислагдсан бэ? Бусад хүн санваар атгадаг байснаар та хэрхэн адислагдсан бэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 84:31–32-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Их Эзэн санваар атгадаг хүмүүсийг хэлдэг байсан хэллэгийг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн санваар атгагч хүмүүсийг хэрхэн хамаатуулдаг байсан бэ? (“Мосегийн хөвгүүд” гэдэг нь Мелкизедек санваартныг, “Аароны хөвгүүд” гэдэг нь Аароны санваартныг хэлдэг гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал.)

Санваарын тангараг ба гэрээ гэсэн хэллэгийг самбар дээр бич.

Сургаал ба Гэрээ 84:33–44 нь санваарын тангараг ба гэрээ хэмээн нэрлэгддэгийг тайлбарла. Эдгээр шүлэг нь (1) хүн санваар хүлээн авах үедээ хийдэг гэрээнүүдийг мөн (2) итгэлтэй санваартантай хийдэг Их Эзэний амлалтуудыг тоймлодог.

Дараах гүйцэд биш өгүүлбэрийг самбар дээр бич. Хэрэв санваар хүлээн авагч хүмүүс нь … , тэгвэл Бурхан … болно.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 84:33–44-ыг ганцаараа эсвэл хос хосоороо судлахыг хүс. Суралцагчдаас эдгээр шүлэгт тулгуурлан самбар дээрх өгүүлбэрийг гүйцээхийг хүс.

  • Та нар мэдэгдлийг хэрхэн гүйцээсэн бэ? (Суралцагчид дараах зарчмыг таньж мэдэх ёстой. Санваар хүлээж авсан хүмүүс дуудлагаа эрхэмлэн биелүүлж, Их Эзэнийг болон Түүний үйлчлэгчдийг даган, мөнх амьдралын үгсэд анхаарлаа хандуулбал Бурхан тэднийг ариусган, Өөрт байгаа бүхнийг тэдэнд өгөх болно.)

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Бид зохих эрх мэдлээр дуудагдсан эдгээр үүрэг хариуцлагадаа хичээнгүй, урам зоригтой үйлчлэхдээ санваараа эрхэмлэн биелүүлж мөн дуудлагаа тэлдэг. … Гай зовлонд унасан хүмүүст хүрч, доройтсон тэдэнд хүч тэнхээ өгөх үед бид санваарын боломжит чадвараа өргөтгөж, дуудлагаа эрхэмлэн биелүүлдэг. … Бид зөв шударга мөн зарчимч байдлаар алхах үедээ дуудлагаа эрхэмлэн биелүүлдэг” (“Magnify Your Calling,” Ensign, 1989 оны 5-р сар, 48–49).

Бид Сүмд дуудлагуудыг хүлээн авахдаа өөрсдийгөө болон бусдыг санваарын аврах ёслолуудыг хүлээн авахад бэлтгэх боломжтой болдог гэдгийг тайлбарла. Нэг суралцагчаас ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн дараах мэдэгдлийг чанга уншихыг хүс.

Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Хэн нэгэн нь дуудлагаа хэрхэн эрхэмлэн биелүүлэх вэ? Үүнд хамаатай үйлчлэлийг хийснээр л хялбархан хийж болно. … Санваарыг хүлээн авдаг залуу эрэгтэй бүр тэрхүү санваараа хүндэлж, үүнийг олгогдох үед илэрхийлэгдсэн итгэл найдварт үнэнч байх болно гэж би бүх зүрх, сэтгэлээрээ найддаг” (“Priesthood Power,” Ensign, 1999 оны 11-р сар, 49, 51).

  • Аароны санваартнуудад санваарын дуудлагаа эрхэмлэн биелүүлдэг ямар арга замууд байдаг вэ?

  • Та нар хэзээ хэн нэгэн хүн дуудлагаа эрхэмлэн биелүүлснээр адислагдаж байсан бэ?

Суралцагчид санваарын тангараг хийгээд гэрээний адислалууд нь зөвхөн санваартнуудад зориулагдсан биш юм гэдгийг олж харахад тусал. Бурханы хамгийн агуу адислалууд нь ариун сүмд нэг нэгэнтэйгээ лацдан холбогдсон эрэгтэй эмэгтэй хүмүүст ирдэг. Ахлагч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг унш.

Ахлагч Рассэлл М.Нэлсон

“Нэг л өдөр Нэлсон эгч бид хоёр гэр бүлийн хамт, Их Эзэний дэргэд үүрд мөнхөд амьдрах болно. ‘Эцэгт минь байгаа бүхэн [танд] өгөгдөх болно’ гэсэн Их Эзэний үгсээр бидэнд баталгаа болсон ариун сүмд хийсэн гэрээндээ мөн санваарын тангараг хийгээд гэрээнд бид итгэлтэй байсаар байх болно (С ба Г 84:38).

“Итгэлтэй эгч нар санваарын адислалуудыг хуваалцдаг юм. ‘Эцэгт минь байгаа бүхэн’ гэдэг үгсийг бод. … Энэ нь дэлхий дээрх ямар ч шагнал, өөр ямар ч амжилт нь Түүнийг хайрладаг, Түүний зарлигуудыг дагадаг (Моронай 4:3-ыг үзнэ үү), эцсээ хүртэл тэвчдэг (С ба Г 14:7-г үзнэ үү) хүмүүсийн дээр хүртээх Их Эзэний өгөөмөр шагналтай тэнцэхгүй гэсэн үг юм” (“Identity, Priority, and Blessings,” Ensign, 2001 оны 8-р сар, 10).

Суралцагчдад санваарын тангараг хийгээд гэрээний нэг хэсэг болгон Их Эзэний хийдэг тодорхой амлалтуудыг ойлгоход нь туслахын тулд дараах гүйцэд биш өгүүлбэрийг самбар дээр бич: Их Эзэн … хэмээн амладаг.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 84:33–34, 38, 42-ыг дотроо дахин уншихад урь. Их Эзэний санваарын тангараг хийгээд гэрээний хэсэг болгон амласан адислалуудыг олж тогтоохыг тэднээс хүс. Та тэдний хариултыг самбар дээр бичиж болно. Тэд Их Эзэн: (1) биднийг Сүнсээр ариусгана (33-р шүлгийг үзнэ үү); (2) бидний биеийг шинэчлэх болно (33-р шүлгийг үзнэ үү); (3) биднийг Абрахамын удамд тооцдог—өөрөөр хэлбэл Абрахам болон түүний үр удамд амласан адислалуудыг бидэнд өгнө (34-р шүлгийг үзнэ үү); (4) биднийг Түүний шилэгдсэн эсвэл сонгосон хүмүүс болгоно (34-р шүлгийг үзнэ үү); (5) Эцэгт байгаа бүхнийг бидэнд өгөх болно (38-р шүлгийг үзнэ үү); (6) мөн бидэнд санаа тавих үүргийг тэнгэр элчүүддээ өгөх болно (42-р шүлгийг үзнэ үү) гэдгийг дурдаж болно. (Суралцагчид 38-р шүлэг дэх амлалтыг дурдах үед та тэднийг материаллаг эд хөрөнгийг биш харин Бурханы шинж чанар, алдар сууг бодоход урамшуулж болно. Жишээ нь: бид Түүний үнэн, хайр, баяр баясал, амар амгаланг хүлээж авч болно. Бид Түүний хүчийн бүрэн байдлаар адислагдаж болно.)

Тэдэнд яагаад санваар чухал байдгийг хуваалцахад суралцагчдыг урь. Та санваарын адислалуудын талаарх гэрчлэлээ хуваалцахыг бод.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 84:3–5. “Энэ үеийнхэн”

Сургаал ба Гэрээ 84:3–5-д Миссури мужийн Шинэ Иерусалим хотод ариун сүм баригдах болно гэсэн Их Эзэний илчлэлтийг бид уншдаг. 1832 онд өгөгдсөн энэ илчлэлтэд Их Эзэн “энэ үед” (С ба Г 84:4–5) босгогдох тэрхүү ариун сүм хэмээн хэлсэн. Тэр ариун сүм нь хараахан баригдаагүй байсан ч Их Эзэн гэгээнтнүүддээ бусад олон ариун сүм барихыг зарлигласан. Их Эзэн Өөрийн хүмүүсийг Шинэ Иерусалим хотод ариун сүм барихаас түр зуур чөлөөлсөн (С ба Г 124:49–51-ийг үзнэ үү).

“Энэ үеийнхэн” гэдэг хэллэгийн талаар ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит ийн бичсэн:

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“Энэ мэдэгдэл зарим хүнд тээглэх чулуу болдог бөгөөд үеийнхэн гэсэн утгыг олон янзаар тайлбарласан байдаг. Зарим нь үеийнхэн гэдгийг нэг зуун жил, бусад нь нэг зуун хорин жил гэж үздэг байхад бусад нь энд болон өөр судруудад илэрхийлсэн үеийнхэн гэдэг нь тодорхой бус цаг хугацааны хэмжүүр гэж үздэг. Аврагч: ‘Хорон муу болоод завхай үеийнхэн тэмдгийг эрж хайдаг’ хэмээн хэлсэн. Энд он жилүүдийн үеийг биш, харин ёс бус явдлын үеийг эш татсан. Нэг үеийнхэн гэдэг нь одоогийн энэ эрин үеийн цаг хугацаа гэсэн утгатай ч байж мэднэ. Түүнээс гадна энэ тодорхойлолт нь дээр эш татсан энэ илчлэлтэд тохирч байна. ‘Учир нь энэ үеийнхэн бүгдээрээ алга болох нь үгүй’ гэх мэт. Энэ илэрхийлэлд ямар нэгэн тайлбар хийх нь бидний зорилго биш боловч энэ асуудлууд Их Эзэний мутарт байдаг бөгөөд Тэр цаг нь боллоо гэж үзэх үедээ Өөрийн зорилгыг биелүүлэх болно” (Church History and Modern Revelation, 2-р боть. [1953 он], 1:337).

Сургаал ба Гэрээ 84:24–25. “Тэрээр Ариун Санваарыг … гаргаж авчээ”

Бид Сургаал ба Гэрээ 84:25-аас Их Эзэн Мосетэй хамт цөлд байсан Израилын хүүхдүүд дундаас ариун санваарыг гаргаж авсныг уншдаг. Их Эзэн “үгийн энгийн бөгөөд ердийн утгаараа нэг санваартнаас нөгөөд дамжуулагдахгүй мөн энэ нь цаашид үргэлжлэхгүй байх гэсэн утгаар тэдний дундаас сайн мэдээг удирдан явуулдаг Мелкизедек санваарыг гаргаж авсан. Санваарын түлхүүрүүд нь Мосетэй хамт авагдсан тул ямар нэгэн ирээдүйн санваарын томилгоонд тусгай тэнгэрлэг зөвшөөрөл шаардагдах болсон” гэж Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки тайлбарласан (The Mortal Messiah, 4-р боть [1979–1981 он], 1:60).

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон цааш нь тайлбарлахдаа:

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Бид Иосеф Смитийн орчуулгаас Их Эзэн Мосед: ‘ … учир нь санваарыг би тэдний дундаас авах болно; тиймийн тул, миний ариун жаяг мөн үүний ёслолууд тэдний өмнө явах нь үгүй’ хэмээн зааварласныг олж мэддэг. (ИСО Eгипетээс гарсан нь 34:1; тодотгол нэмэгдсэн.)

Энэ дээд санваар нь дагалдах ёслолуудынхаа хамт Есүс Христийн цаг үеийг хүртэл Израилаас гарган авагдсан. …

Мосегоос Христийг хүртэл ердөө тодорхой хэдхэн бошиглогч хүмүүсийг Бурханы оршихуйд аваачих дээд санваар болон адислалуудыг эзэмшдэг байсан” (“What I Hope You Will Teach Your Children about the Temple,” Ensign, 1985 оны 8-р сар, 9).

Сургаал ба Гэрээ 84:28. Тэнгэр элчээр томилогдсон нь

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки дараах мэдэгдэлдээ Сургаал ба Гэрээ 84:28-д хандаад, Иохан Баптист найман настай байхдаа нэгэн номлолыг гүйцэтгэхээр томилогдсон буюу сонгогдсон байсан—гэхдээ тухайн үедээ тэрээр санваарт томилогдоогүй байсан гэж тайлбарласан. Иохон нь иудейчүүдийн хаант улсыг түлхэн унагааж, Их Эзэний замыг бэлтгэхээр томилогдсон байсан. Түүнийг тэг хэмээн тэнгэр элчүүд зарлигласан.

Ахлагч Брүс Р.Макконки

“Лук: ‘Цөлд буй Захариагийн хүү Иохан руу Бурханы үг ирэв’ гэж хэлсэн. Дараа нь Иохан: тийм тийм зүйлийг ‘усаар баптисм хүртээлгэхээр намайг илгээсэн Тэр … надад айлдсан юм’ гэж хэлдэг. (Иoхан 1:33.) Хэн түүнийг илгээснийг бид мэдэхгүй. ‘Тэрээр бүр хүүхэд ахуй үедээ баптисм хүртсэн байлаа [найман настай байхдаа гэсэн утгатай], иудейчүүдийн хаант улсыг түлхэн унагаах хүч [Аароны санваарт биш гэдэг нь тодорхой тэмдэглэгдсэн, харин], Их Эзэний замыг түүний хүмүүсийн өмнө шулуун болгох, мутарт нь бүх хүч өгөгдсөн Их Эзэний ирэлтэд тэднийг бэлтгэх энэхүү хүчинд түүнийг Бурханы тэнгэр элч томилоход, төрөөд найман өдөр болж байв’ гэдгийг бид мэддэг. (C ба Г 84:24.) Түүнийг хэзээ Аароны санваар хүлээж авсныг бид мэдэхгүй, гэхдээ энэ нь түүнийг баптисм хүртсэний дараа тохирох насанд нь мөн номлож, усаар баптисм хүртээхээр нэр нь дурдагдаагүй түүгээр илгээгдэхээс өмнө хүлээж авсан гэдэг нь ойлгомжтой” (The Mortal Messiah, 4-р боть [1979–1981 он], 1:384–385).

Сургаал ба Гэрээ 84:33–44. Санваарын тангараг хийгээд гэрээгээр дамжуулан өөртөө итгэлтэй байх нь

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг санваарын тангараг хийгээд гэрээнд орсноор санваартнуудад байх ёстой итгэлтэй байдлын талаар ярьсан.

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“Тангараг хийгээд гэрээнд зохистой байх нь Бурханы бэлгүүдийн хамгийн агуу нь болох мөнх амьдралыг авчирдаг. Энэ нь Мелкизедек санваарын нэгэн зорилго билээ. Бид санваарыг хүлээн авч мөн ариун сүмийн ёслолуудаар тэдгээрийг шинэчлэхдээ гэрээнүүдийг сахиснаар Түүний алдар сууг бүрэн дүүрнээр нь хүртэж, Түүний адилаар амьдрах болно гэдгийг Тэнгэрлэг Эцэг Элохим маань бидэнд амласан. Бид мөнхөд өсөн нэмэгдэх амлалттайгаар гэр бүлийнхэнтэйгээ үүрд лацдагдах адислалтай байх болно. …

Та бүхэн тангараг хийгээд гэрээг дагахдаа бүтэлгүйтсэн юм уу үүнийг хүлээн авахгүй гэж шийдсэн хоёрын шийтгэлээс эмээхийн оронд харин итгэлтэй байхад дор хаяж хоёр шалтгаан бий. Тангараг хийгээд гэрээг хүлээн зөвшөөрөөд, үүнийг дагах нь дэндүү хэцүү гэж шийдсэн ч эсвэл бүр хичээхийг оролдохгүй байхаар шийдсэн ч шийтгэл нь адил юм. Тиймээс ариун санваарыг хүлээн авч, үүний гэрээнүүдийг дагахын тулд бүх зүрх сэтгэлээрээ хичээх нь та нар болон миний хамгийн чухал замнал болно гэдэгт ямар ч асуулт үгүй билээ. Хэрэв бид хичээхгүйг сонгох аваас, мэдээж мөнх амьдралыг хүлээн авах боломжоо алдах нь тодорхой юм. Хэрэв бид хичээх аваас Бурханы тусламжтайгаар амжилтанд хүрч, мөнх амьдралыг хүлээн авах болно.

Та нар тангараг хийгээд гэрээнд зохистой байхын тулд бүх зүрх сэтгэлээрээ хичээж, амжилтанд хүрнэ гэсэн итгэлтэй байх өөр нэгэн шалтгаан бий. Хэрэв та нар итгэлээ хөгжүүлбэл, Бурхан та нарт амжилтанд хүргэх тусламж болон хүчийг өгнө хэмээн амласан.

Та нарын итгэлтэйгээр урагшилснаар хүлээн авах зарим адислалын талаар би тодорхойлъё.

Нэгдүгээрт, та нар тангараг тавьж, гэрээ байгуулах боломжтой байгаа нь Бурхан та нарын хүч чадал, чадварыг мэдээд та нарыг сонгосон нь тодорхой билээ. Тэрээр сүнсний дэлхийд Түүнтэй хамт байхаас л та нарыг мэддэг байсан. Тэр та нарын хүч чадлыг урьдчилан мэддэг учраас та нарт Есүс Христийн үнэн Сүмийг олж мөн санваарыг хүртэх боломжийг олгосон. Тэр та нарт итгэдэг гэдэг нь тодорхой учраас та нар ч өөрсдөдөө итгэлтэй байгаа хэрэг юм.

Хоёрдугаарт, та нар гэрээнүүдээ сахихаар хичээх аваас Аврагч Өөрөө та нарт тусална хэмээн амласан. Та нар санваарыг хүндлэн урагшлах аваас Тэрээр: ‘Би та нарын нүүрний өмнө явах болно. Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно, мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно’ хэмээн хэлсэн (С ба Г 84:88)” (“Faith and the Oath and Covenant of the Priesthood,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 5-р сар, 61–62).