89-р хичээл
Сургаал ба Гэрээ 85–86
Оршил
1832 оны арван нэгдүгээр сарын сүүлээр зарим гэгээнтэн Сион руу нүүсэн ч Их Эзэний зарлигласны дагуу өмч хөрөнгөө өргөөгүй байна. Тэд өмч хөрөнгөө өргөөгүй учраас, Сүмд тогтсон журмын дагуу өвөө хүлээн аваагүй. Бошиглогч Иосеф Смит 1832 оны 11-р сарын 27-нд Виллям В.Фелпст бичсэн сүнслэг өдөөлт бүхий захидалдаа энэ асуудлын талаар хөндсөн. Энэ захидлын нэг хэсэг нь Сургаал ба Гэрээ 85-д цэдэглэгдсэн. Хожим нь 1832 оны 12-р сарын 6-нд, Библийн сүнслэгээр өдөөгдсөн залруулга дээр ажиллаж байхдаа Иосеф Смит Сургаал ба Гэрээ 86-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан. Энэ илчлэлт нь улаан буудай хийгээд зэрлэг өвснүүдийн талаарх сургаалт зүйрлэл мөн эцсийн өдөр зөв шударга хүмүүсийг цуглуулахад Их Эзэнд туслах санваарын үүргийн талаар нэмэлт тайлбарыг өгдөг.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 85
Их Эзэний бичиг хэргийн ажилтан Бурханы хүмүүсийн цэдгийг хадгалах ёстой
Суралцагчдыг спортын багийн эхний тоглогчийн эрхээр шагнуулсан гэж төсөөлөн бодохыг урь. (Та тухайн соёлд давамгайлдаг спортын багийг эсвэл тэр спортыг тоглодог алдартай багийг нэрлэж болно.) Энэ багт хэдэн өдөр тоглосны дараа тэд багийн нэг тоглогч нь амиа боддог, зарим гишүүн нь байр байрандаа зохих ёсоор тоглодоггүй, бусад нь дасгалжуулагчаа ойшоодоггүй гэдгийг ажигладаг.
-
Энэ баг хожиход яагаад хэцүү байж болох вэ? Энэ багийг илүү сайн тоглодог болоход юуг өөрчлөх хэрэгтэй вэ?
Миссурид ирсэн гэгээнтнүүдийн тоо нэмэгдэх тусам үүнтэй адил нөхцөл байдал 1832 онд эхэлсэн гэдгийг тайлбарла. Их Эзэний хуулийн дагуу болон санваарын удирдлаган доор Сионы хот нь Миссуригийн Жаксон гүнлэгт байгуулагдах болно гэдгийг өмнөх илчлэлтүүд тогтоосон. Эдгээр хуулиар бол Сүмийн гишүүд Сүмийн удирдагчаасаа гэрчилгээ хүлээн авалгүйгээр Сион руу аялах ёсгүй байсан. Тэд ирснийхээ дараа бүх мөнгө, эд хөрөнгөө Сүмд өргөх мөн бишопоос эдлэх өвөө хүлээн авах ёстой байлаа. Үүнээс гадна тэд Бурханы бүх зарлигийг сахих ёстой байв. (С ба Г 64:34–35; 72:15–19, 24–26-г үзнэ үү.)
Сургаал ба Гэрээ 85-д цэдэглэгдсэн илчлэлтийн хам сэдвийг суралцагчдад ойлгоход нь туслахын тулд Миссурид байсан гэгээнтнүүдийн олон нь Сионыг байгуулахад заасан Их Эзэний хуультай зохицож амьдарч байсан гэдгийг тайлбарла. Гэсэн хэдий ч, Сүмийн зарим гишүүн өмч хөрөнгөө өргөх Их Эзэний зарлигт дуулгаваргүй хандаж, удирдагчдаасаа гэрчилгээ авалгүйгээр Сион руу аялсан байна. Үүнээс болж тэд өвлөх өвөө хүлээж аваагүй юм.
-
Эдгээр нөхцөлд Сионы хотыг байгуулахад яагаад бэрхшээлтэй байсан байж болох вэ?
Миссури дэх эдгээр хүндрэлийн хариуд Иосеф Смит тухайн үед Индепенденст амьдарч байсан Сүмийн удирдагч Виллям В.Фелпст захидал илгээсэн (Сургаал ба Гэрээ 85-р хэсгийн удиртгалыг үзнэ үү).
Бошиглогчийн захидал нь Миссурид амьдарч байсан Их Эзэний бичиг хэргийн ажилтан Жон Витмерт заавар өгсөн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 85:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Миссури дэх Сүмийн бичиг хэргийн ажилтанд Их Эзэн юу хийхийг зааварласныг олж мэдэхийг хүс.
-
Бичиг хэргийн ажилтан юу бичихээр зааварлагдсан бэ?
Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 85:3–5-ыг чанга уншихыг хүс. Ангийнхнаас хамт уншаад, Их Эзэн Сүмийн цэдэгт хэний нэрийг бичих ёсгүй хэмээн хэлснийг олж мэдэхийг хүс.
-
Аль хүмүүсийн нэрс Сүмийн цэдэгт бичигдэхгүй вэ?
Иосеф Смитийн үед цэдэг хөтлөгдөж байсан шиг өнөө үед ч гэсэн Сүмийн бүртгэлүүдийг хөтөлсөөр байгааг тайлбарла. Үүний нэг зорилго нь итгэлтэй хүмүүсийн нэрсийг болон тэдний ажил үйлсийн шастирыг хадгалах явдал юм.
-
Сүмийн итгэлтэй гишүүнээр нэрээ цэдэглүүлэхийн тулд бид зарим ямар зүйлийг хийх ёстой вэ?
Суралцагчдыг хариулсны дараа, дараах үнэнийг самбар дээр бич. Хэрэв бид Бурханы хуулиудаар амьдардаг бол бидний нэрс Сүмийн итгэлтэй гишүүд хэмээн цэдэглэгдэн бичигдэх болно. Дэлхий дээр цэдэглэгдсэн итгэлтэй хүмүүсийн үйлдэл нь тэнгэрт амьдралын ном гэдэгт бас цэдэглэгддэг гэдгийг тайлбарла (С ба Г 128:6–7-г үзнэ үү). Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 85:5, 9, 11-ийг гүйлгэн хараад, итгэлтэй хүмүүсийн талаар дэлхий дээр хадгалагддаг цэдгийг дүрслэхэд хэрэглэсэн өөр нэрсийг олж тогтооход урь. Тэднээс олж мэдсэнээ хуваалцахыг хүс.
Таны самбар дээр бичсэн үнэний чухлыг мэдрэхэд нь суралцагчдад туслахын тулд тэднийг нэр төртэй үйл ажиллагаанд оролцохоор төлөвлөсөн гэж төсөөлөхөд урь. Тэд үйл ажиллагаан дээр ирсэн боловч нэрс нь уригдсан хүмүүсийн жагсаалтад байгаагүйгээс орж чадаагүй бол тэдэнд ямар сэтгэгдэл төрөхийг асуу.
Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 85:9–11-ийг дотроо уншаад, Их Эзэний дурсамжийн номонд тэдний нэр байхгүй байвал тэдэнд ямар байх талаар төсөөлөхийг хүс.
-
Та гэгээнтнүүдтэй хамт нэрс нь цэдэглэгдээгүй хүмүүс “өв олох нь үгүй” гэдэг нь юу гэсэн утгатай гэж бодож байна вэ? (Тэд итгэлтэй хүмүүст өгөгдөх адислалуудыг хүлээн авахгүй билээ.)
-
11-р шүлэгт цэдэглэснээр, юу Сүмийн гишүүдийг Бурханы хуулийн номоос нэрээ хасуулахад хүргэж болох вэ?
-
Сүмийн итгэлтэй гишүүнээр нэрээ цэдэглүүлэхийн чухлын талаар олж мэдсэн зүйлсээ та хэрхэн тоймлох вэ?
Тэр цэдэг нь дэлхийд болон тэнгэрт аль алинд нь хадгалагдаж байдгийг гэрчил. Бид бүгд Бурханы хуулиудаар амьдрах өөрсдийн үйлдэл болон итгэлтэй байдлаа тайлагнах ёстой болно. Суралцагчдыг Бурханы хуулиудад хандах хандлага болон дуулгавартай байдлаа тунгаан бодоход урь.
Сургаал ба Гэрээ 86
Их Эзэн улаан буудай болон зэрлэг өвсний сургаалт зүйрлэлийг тайлбарлав
Хичээл эхлэхээс өмнө нэг суралцагчийг Матай 13:24–30-ийг уншаад, ангийнхандаа улаан буудай болон зэрлэг өвсний зүйрлэлийг товчлон хэлэхэд бэлэн байхыг хүс. Дараах үгсийг самбар дээр бич. Үүнд: улаан буудай, зэрлэг өвс, талбай, үр суулгагчид, дайсан.
Сонгосон суралцагч зүйрлэлийг товчлон хэлсний дараа ангийнхнаас асуу.
-
Буудай болон зэрлэг өвс юуг бэлгэддэг вэ? (Буудайгаар зөв шударгыг бэлгэддэг бөгөөд зэрлэг өвсөөр ёс бусыг бэлгэддэг [Матай 13:38-ыг үзнэ үү].)
-
Энэ сургаалт зүйрлэл дэх хүн яагаад зэрлэг өвсний зулгаалтыг хүлээхийг хүссэн бэ?
Буудай болон зэрлэг өвсний дагалдах зургийг үзүүл эсвэл үүнийг самбар дээр зур. Зэрлэг өвс нь хортой, хогийн ургамлын нэг төрөл гэдгийг тайлбарла. Буудай болон зэрлэг өвс нь нахиалахдаа бараг л ялгагдахгүй адилхан боловч боловсорч гүйцээд ирэхээрээ ялгарч харагддаг. Хэрэв тариа хадагчид буудай болон зэрлэг өвсийг боловсрохоос нь өмнө, зэрлэг өвсийг зулгаах гэж оролдвол ихэнх буудайг бас зулгааж мэдэх байлаа.
Цөөн суралцагчийг ээлжлэн Сургаал ба Гэрээ 86:1–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, талбай, үр суулгагчид, дайсан зэргийн утгыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс.
-
Бэлгэдлүүдийг Их Эзэний тайлбарласанд үндэслэн, та сургаалт зүйрлэлийн утгыг хэрхэн товч дүгнэх вэ?
Энэ илчлэлтийг хүлээн авах үедээ Иосеф Смит Библийн сүнслэгээр өдөөгдсөн залруулгыг (Иосеф Смитийн орчуулга) шалган хянаж байсныг тайлбарла. Сургаал ба Гэрээ 86-д цэдэглэгдсэн илчлэлт нь Матай 13:24–30-д цэдэглэгдсэн сургаалт зүйрлэлийг дэлгэрэнгүй болгодог. Жишээ нь, Сургаал ба Гэрээ 86-аас бид сургаалт зүйрлэлийн үр суулгагчид нь Аврагчийн төлөөлөгчдийг төлөөлдөг (2-р шүлгийг үзнэ үү) мөн зэрлэг өвснүүд нь “улаан буудайг багалзуурдаж мөн сүмийг аглаг буйд уруу хөөдөг” (3-р шүлэг) болохыг олж мэддэг. Бид бас “эцсийн өдрүүдэд” улаан буудайн шинэ нахианууд “соёолж” эхлэхийг (4-р шүлэг) олж мэддэг. Зэрлэг өвснүүдийн тарилт нь Урвалтыг, шинэ улаан буудайн нахиалалт нь Сэргээлтийг төлөөлдөг.
Энэ сургаалт зүйрлэлд эзэн нь боолууддаа эхлээд зэрлэг өвснүүдийг зулгааж боож шатаагаад, дараа нь улаан буудайг цуглуулаад амбаартаа хий хэмээн хэлдэг (Матай 13:27–30-ийг үзнэ үү). Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 86:7-г дотроо уншаад, энэ илчлэлтийн цуглуулах журмыг тодруулж өгдөг ойлголтуудыг мэдэж авахад урь.
-
Бид 7-р шүлгээс цуглуулах журмын талаар юу сурч мэдсэн бэ?
-
Энэ нь эцсийн өдрүүдэд зөв шударга болон ёс бусчуудад тохиолдох зүйлсийн талаар юу заадаг вэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тогтоох ёстой. Их Эзэн эцсийн өдрүүдийн үеэр зөв шударга хүмүүсийг цуглуулаад, дараа нь Хоёр дахь ирэлтээрээ ёс бусчуудыг устгана.)
Номлогчид: ахлагчид болон Номлогчид: эгч нар зургуудыг үзүүл (Gospel Art Book [2009 он] nos. 109, 110; мөн LDS.org-ийг үзнэ үү).
-
Эдгээр зураг улаан буудай болон зэрлэг өвсний сургаалт зүйрлэлтэй хэрхэн холбоотой байна вэ? (Бид бусадтай сайн мэдээг хуваалцсанаар зөв шударга хүмүүсийг цуглуулахад тусалж болохыг олж харахад нь суралцагчдад тусал.)
Их Эзэний Сүмийн гишүүний хувьд олон арга замаар адислагдсанаа санах нь бусадтай эдгээр адислалаа хуваалцах бидний хүслийг нэмэгдүүлдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 86:8–10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Их Эзэний Сүмийн гишүүдийн хувьд бидний адислагдсан арга замуудыг олж мэдэхийг хүс.
-
8–10-р шүлэгт цэдэглэснээр, Их Эзэний Сүмийн гишүүдийн хувьд бид ямар арга замаар адислагдсан бэ?
9-р шүлэг дэх “та нар хууль ёсны өв залгамжлагчид” гэсэн хэллэгийг онцолж хэл. Энэ бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд нь Абрахамын үр удам санваарын адислалуудыг эдлэх бөгөөд тэд энэ адислалуудаа бусадтай хуваалцах болно хэмээн амлаж Абрахамтай хийсэн Бурханы гэрээний нэг хэсэг гэсэн үг юм гэдгийг тайлбарла (Абрахам 2:9–11-ийг үзнэ үү).
-
Та нар санваараар дамжуулан хэрхэн адислагдаж байсан бэ?
Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 86:11-ийг чанга уншаад, бидний бусдад тусалж чадах арга замуудыг олж тогтоохыг ангийнхнаас хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ хуваалцахыг хүс. Дараах зарчмыг самбар дээр бич. Бид санваарын адислалуудыг хүлээн авахад нь тусалснаар бусдад авралыг авчирч чадна.
Суралцагчдыг хэн нэгэнд зөв шударга үлгэр дуурайл үзүүлэх боломжтой болсон эсвэл тэд өөр хүнд санваарын адислалуудыг хүлээн авахад тусалсан туршлагаасаа хуваалцахад урь.