110-р хичээл
Сургаал ба Гэрээ 105
Оршил
Иосеф Смит болон 200 орчим сайн дурын гишүүн Их Эзэний зааврыг дуулгавартай даган, Миссуригийн Жаксон гүнлэгээс хөөгдсөн гэгээнтнүүдэд тусламжийн эд зүйлс хүргэхийн тулд зохион байгуулагдсан бөгөөд Сионы хуаран нэрээр олонд танигдсан юм. 1834 оны 6-р сарын 22-нд Миссуригийн Фишинг голын ойролцоо байрлаж байх үедээ Иосеф Смит Сургаал ба Гэрээ 105-д цэдэглэгдсэн энэхүү илчлэлтийг хүлээн авчээ. Уг илчлэлтэндээ Их Эзэн Сионыг энэ удаад гэтэлгэхгүй болохыг гэгээнтнүүдэд мэдэгдэв. Их Эзэн түүнчлэн ирээдүйд нэгэн цагт Сионыг гэтэлгэхийн тулд юу хийгдсэн байх ёстой талаар заавруудыг өгчээ.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 105:1–19
Их Эзэн Сионы гэтэлгэлийн хувьд гэгээнтнүүдэд хүлээх заавар өгөв
Хичээл эхлэхээс өмнө, цаасан аяга, резинэн боолт, 3 хэсэг утас бэлтгэ. Резинэн боолтын тойрог нь аяганы амсраас бага байх шаардлагатай. Уяануудыг резинээс адил урттай уя.
3 сайн дурын суралцагчийг урьж, хичээлээ эхэл. Аягыг хавтгай гадаргуу дээр тавьж, суралцагчдыг зөвхөн дугуй резин болон уяануудыг ашиглан аягыг дээш авах зааварчилгаа өг. Тэд дугуй резинд гараа хүргэж болохгүй гэдгийг тэдэнд хэл; тэд зөвхөн уяануудаас л барьж болно. (Энэ даалгаврыг гүйцэтгэхийн тулд суралцагчид хамтран ажиллах хэрэгтэй бөгөөд утаснуудаас тэнцүү хүчээр зэрэг татан резинэн боолтыг тэлснээр аяганы амсрын эргэн тойронд байрлуулж, тэгээд өргөх хэрэгтэй болно.)
Суралцагчдыг энэ үйл ажиллагааг дуусгасны дараа, дараах асуултуудыг тавь.
-
Энэ даалгаврыг гүйцэтгэхэд эв нэгдэл хэр зэрэг чухал үүрэгтэй байсан бэ?
1834 оны 2-р сард Их Эзэн Иосеф Смит болон бусад хүнд Миссуригийн Жаксон гүнлэгээс хөөгдөж гарсан гэгээнтнүүдэд газраа эргүүлэн авахад нь туслах сайн дурын хүмүүс болон эд зүйлсийг цуглуулахыг зааварласан талаар суралцагчдад сануул. Сургаал ба Гэрээ 105-ын ярилцлагыг эхлэхдээ Сионы газар нутгийг эргүүлэн авах гэгээнтнүүдийн оролдлогод эв нэгдэл ямар үүрэг гүйцэтгэсэн тухай олж мэдэхэд суралцагчдыг урамшуул.
Сургаал ба Гэрээ 103-ыг судлахдаа Сионы хуаранд оролцох сайн дурын гишүүдийн тоог Их Эзэн хэд (500) байлгахыг хүссэн, мөн доод тал нь хэд (100) байх ёстой гэснийг санаж байгаа эсэхийг суралцагчдаас асуу. Тэгээд нэг суралцагчийг дараах догол мөрийг чанга уншихад урь. Сионы хуаранд сайн дураар явсан хүмүүсийн тоо, эхлээд тэднийг гарах үед хэд байсныг олж сонсохыг ангийнхнаас хүс.
Иосеф Смит болон бусад хүмүүсийн Сионы хуаранд сайн дураар элсүүлэх хичээл зүтгэлд хариулсан сайн дурынхан болон цугларсан эд зүйлс тэдний найдаж байсанд хүрэхгүй байжээ. 1834 оны 5-р сарын эхээр хуаран буюу арми аяндаа гарах үед, ердөө 122 хүн сайн дураар явж байв. Сионы хуаран Миссури явах замын дагуу сайн дурынхныг нэмж элсүүлж байсан юм. 1834 оны 6-р сарын эхээр Мичиганы бүсээс Хайрум Смит, Лайман Вайт нарын элсүүлсэн хүмүүс Иосеф Смитийн хуарантай нэгдэн нийлснээр Сионы хуаранд нийт 200 гаруй эрэгтэй, 12 эмэгтэй, 9 хүүхэд багтжээ.( Aлександр Л. Бау, “Joseph Smith and Zion’s Camp,” Ensign, 2005 оны 6-р сар, 45).
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 105:7–8-ыг чанга уншихад урь. Яагаад Сүмийн зарим гишүүн Миссури дэх гэгээнтнүүдэд туслахыг сонгоогүйг хайж олохын тулд дагаж уншихыг суралцагчдаас хүс. Дараа нь суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
Цөөн суралцагчийг ээлжлэн Сургаал ба Гэрээ 105:1–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, дуулгаваргүй байдал болон эв нэгдэлгүй байдал Сүмийн гишүүдэд хэрхэн нөлөөлснийг олж мэдэхэд урь. (5-р шүлгийн утгыг илүү сайн ойлгоход суралцагчдад туслахын тулд “селестиел хаант улсын хууль” нь бидний дуулгавартай сахих ёстой бүх хууль зарчим, хүлээн авах хэрэгтэй ёслол, селестиел хаант улсыг өвлөн авахын тулд сахих ёстой гэрээнүүдийг багтаадаг болохыг тайлбарлаж өгөх нь тустай байж магад.)
-
Сүмийн гишүүд ямар замаар нэгдмэл, дуулгавартай байх тал дээр унасан бэ?
-
Энэ шүлгүүдийн дагуу бид Сионыг барьж байгуулахад туслахын тулд юу хийх ёстой вэ? Суралцагчдыг хариулах хооронд тэдэнд дараах зарчмыг олж тогтооход тусал. Сионыг барьж байгуулахын тулд Бурханы биднээс хүссэн бүх зүйлд бид дуулгавартай, нэгдмэл байх ёстой.)
-
Сионыг барихад нэгдмэл байдал болон дуулгавартай байдал яагаад шаардлагатай гэж та бодож байна вэ?
-
Сүмийн гишүүд нэгдмэл байхын чухлыг ойлгоход танд ямар туршлага тусалсан бэ?
Сионы хуаранд сайн дураар явсан хүмүүс олон бэрхшээл мөн гайхамшгийг аяллынхаа явцад үзэж туулсан байна. Тэгээд нэг суралцагчийг дараах догол мөрийг чанга уншихад урь. Ангийнхнаас тэд өөрсдөө зарим сорилт, бэрхшээлд хэрхэн хандаж болох байсан талаар бодож үзэхийг хүс.
Сионы хуаран 4 муж дамжин 900 орчим миль (1450 километр) аялахдаа өдөрт 20-40 орчим миль (ойролцоогоор 30–60 километр) аялж байсан ба 45 хоногийн дотор туулсан байна. Хуарангийн гишүүдийн хөл цэврүүтэн, халуун чийгтэй агаар, хоол хүнсний хомсдол, чанаргүй муу хүнсээр хооллох зэрэг бэрхшээлийг туулсан юм. Хэт ангаж ундаассан үедээ зарим гишүүн намгийн өт авгалдайг шүүсэн ус уухад хүрч, (заримдаа шүдээ шүүлтүүр болгон ашиглаж байсан) эсвэл борооны дараа морины жимээр тогтсон усыг ч ууж байв. Аяллын хугацаанд Сионы хуаранг хүчирхийллээр олонтоо заналхийлж байжээ. (Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2003], 143–145-ыг үзнэ үү.)
-
Та нар ийм бэрхшээлүүдэд хэрхэн хариулах байсан гэж бодож байна вэ?
Сионы хуаран Миссурид хүрч ирсний дараа Миссурийн захирагч Даниел Данклин гэгээнтнүүдийг Жаксон гүнлэг дэх эдлэн газартаа буцаж очиход тусална гэсэн амлалтаа биелүүлж чадаагүй болохыг тайлбарлана уу. Эдгээр урам хугалсан мэдээг үл харгалзан, Сионы хуаран Их Эзэний нэмэлт удирдамжийг хүлээх зуураа Жаксон гүнлэг рүү үргэлжлүүлэн явсан байна.
Сионы хуаран долоон долоо хоног орчим аялаад, Жаксон гүнлэгт хүрэхэд ердөө л 10–20 миль (15–30 орчим километр) зай үлдсэн байх тэр үед, 1834 оны 6-р сарын 22-нд Их Эзэнээс илчлэлт ирж, тэдэнд хэрэгцээтэй байсан удирдамжийг өгсөн болохыг суралцагчдад мэдээл. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 105:9–14-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулан харж, Сионы гэтэлгэлийн талаар тэднийг юу хийх ёстой гэж хэлснийг олж мэдэхийг хүс.
-
Сионы гэтэлгэлийн талаар хуаранг юу хий гэж Их Эзэн зааварласан бэ?
-
Хэрэв та Сионы хуарангийн нэг гишүүн байсан бол, хүрэх газраа очихын чинь өмнөхөн энэ илчлэлтийг сонсоод танд ямар бодол төрөх байсан бэ?
-
Энэ удаад Сионыг гэтэлгэхгүй болсон ямар ямар шалтгаануудыг Их Эзэн өгсөн бэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 105:18–19-ийг чанга уншихад урь. Их Эзэн яагаад Сионы хуаранд Миссури хүртэлх бүх замыг туулахыг зааварлаад, Сионы газар нутгийг тэд энэ үед сэргээхгүй гэсэн илчлэлтийг өгсөн тухай олж мэдэхийг ангийнхнаас хүс.
-
Энэ шүлгүүдэд гарсны дагуу, ямар учраас Их Эзэн Сионы хуаранд Миссури хүртэлх бүх замыг туулахыг зарлиглаад, тэгээд дараа нь Сионыг одоохондоо гэтэлгэхгүй байх болно хэмээн илчилсэн бэ? (Энэ бол итгэлийн сорилт байсан. Ямар ч нөхцөлд Их Эзэнд итгэж, дуулгавартай дагахыг сонгох эсэхийг шалгах нь итгэлийн сорилт болохыг тайлбарлах нь тустай байж болох юм.)
-
Энэ туршлагын явцад Сионы Хуарангийн гишүүдийн итгэл ямархуу арга замаар шалгагдсан бэ?
-
Бид эдгээр шүлгээс ямар зарчмуудыг сурч болох вэ? (Суралцагчдын олж таньж болох нэг зарчим нь: Зовлон бэрхшээлийн үед итгэлтэй байдаг тэр хүмүүст Бурхан агуу адислалуудыг бэлдсэн байдаг.)
-
Та болон таны мэддэг хүмүүс хэзээ тийм итгэлийн сорилтыг туулж байсан бэ? Итгэлийн тань сорилт хэрхэн таныг илүү агуу адислалуудад бэлтгэж байсан бэ?
Сионы хуаранд үйлчилсэн олон эрчүүд Их Эзэний хаант улсад үйлчлэх агуу боломжуудаар адислагдсан болохыг суралцагчдад мэдэгд. 1835 оны 2-р сард Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга, анхны Далын чуулга зохион байгуулагдсан. Анхны төлөөлөгчдийн ес нь, Далын чуулгын бүх гишүүн Сионы хуаранд үйлчилсэн хүмүүс байв. (Church History in the Fulness of Times, 151-ийг үзнэ үү.)
Нэг суралцагчийг бошиглогч Иосеф Смитийн хэлсэн дараах үгсийг чангаар уншихыг урь. Эрчүүдийг удирдлагын үүрэг хариуцлагад бэлтгэхэд Сионы хуаран ямар үүрэг гүйцэтгэсэн тухай сонсохыг суралцагчдаас хүс.
“Бурхан та нарыг тулалдахыг хүсээгүй юм. Тэрээр амь насаа өгөхөд бэлэн мөн Абрахамын адил агуу золиослол хийсэн бүлэг эрчүүдээс сонгоогүй л бол, дэлхийн улс үндэстнүүдэд Сайн мэдээний хаалгыг онгойлгох арван хоёр эрчүүдтэй мөн тэдний удирдлагаар мөрөөр нь мөрдөх далан эрчүүдтэйгээр Өөрийн хаант улсыг зохион байгуулж чадахгүй байх байсан” (History of the Church, 2:182; мөн Church History in the Fulness of Times, 151-т).
Бидний итгэл соригдох үед Их Эзэнийг дуулгавартай дагаж, Түүнд итгэхийн ач холбогдлын талаар гэрчил.
Сургаал ба Гэрээ 105:20–41
Их Эзэн гэгээнтнүүдэд Сион гэтэлгэгдэхийн өмнө юу хийх ёстой тухай заав
Сургаал ба Гэрээ 105:20-37-д Их Эзэн Миссуригийн гэгээнтнүүдэд Сионы ирээдүйн гэтэлгэлийг хүлээж байх явцдаа, тулгарсан мөрдлөг хавчлагад хэрхэн хандах ёстой талаар хэлсэн болохыг тайлбарлан дүгнэн ярьж өг. Их Эзэн тэдэнд даруу байж, маргаан зөрчил үүсгэхээс зайлсхийхийг зөвлөжээ. Тэрээр хожим тохиох Сионы гэтэлгэлд бэлтгэж, тэд цэвэршүүлэгдэх хэрэгтэйг тайлбарласан. Тэр уг илчлэлтэндээ өмнө нь дурдсаны дагуу, тэд “ илүү төгсөөр заалгаж, мөн туршлагатай болж, мөн өөрсдийн үүрэг, мөн тэдний гараас [Түүний] шаард[сан] зүйлүүдийн талаар илүү төгс мэдэх” ёстой байсан (С ба Г 105:10).
-
Хавчлагад бид ямар арга замуудаар хариулах ёстой байдаг вэ?
Сургаал ба Гэрээ 105:38–41-ийг чимээгүй унших үедээ Их Эзэн гэгээнтнүүдэд өөрсдийг нь дарлагч хүмүүст хэрхэн хандахыг зааварчилсан үгсийг сонгоход суралцагчдыг урь.
-
40-р шүлэгт өгүүлснээр, хэрэв Миссуригийн гэгээнтнүүд бусадтай амар амгаланг байгуулахыг эрэлхийлсэн бол тэдэнд ямар адислалууд ирэх байсан бэ? (Суралцагчдын хариулт дараах зарчмыг гаргах хэрэгтэй. Хэрэв бид бусадтай энх тайвныг байгуулахаар эрэлхийлэх юм бол бүх зүйл бидний сайн сайхны төлөө хамтран ажиллах болно.)
-
Бусадтай энх тайвныг байгуулахын тулд бид юу хийж болох вэ?
-
Та бусадтай, бүр таныг хавчигсадтай эвлэрэхийг эрэлхийлснээр хэрхэн адислагдаж байсан бэ?
Та суралцагчдыг бусадтай, ялангуяа өөрсөдтэй нь муу харьцах үед тэдгээр хүмүүстэй эвлэрэхийг эрэлхийлэхийн тулд хийж болох нэг зүйлийг тунгаан бодохыг хүс, тэгээд хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ уг зарчмыг хэрэгжүүлэх зорилтоо бичихэд урь.