138-р хичээл
Сургаал ба Гэрээ 131
Оршил
Сургаал ба Гэрээ 131-д 1843 оны 5-р сарын 16–17-нд Иллинойгийн Рамуст бошиглогч Иосеф Смитийн заасан зарчмуудын эмхэтгэл агуулагддаг. Тэрээр гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ болон итгэлтэй хүмүүст ирэх мөнх амьдралын адислалын талаар заажээ. Мөн тэрээр бүх сүнс матери мөн гэж заав.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 131:1–4
Иосеф Смит мөнхийн гэрлэлтийн гэрээний ач холбогдлын талаар заав
Суралцагчдад энгийн кодтой цоожийг үзүүл. Та хайрцагны тагийг цоожлохдоо үүнийг ашиглах талаар бодож үз. Хэрэв танд цоож байхгүй бол самбар дээр зур. Нэг эрэгтэй, нэг эмэгтэй суралцагчийг самбарын өмнө гарч ирэхэд урь. Нэг суралцагчид кодын эхний хэсгийг бичсэн цаасыг өг. Өөр нэг суралцагчид кодын сүүлийн хэсэг бичигдсэн цаасыг өг. Хэрэв та ангид цоож авчирсан бол суралцагчдын аль нэгнээс нь нөгөө суралцагчийнхаа тусламжгүйгээр цоожийг нээхийг хүс. Дараа нь хамтдаа цоожийг нээхийг хүс.
Дараах асуултыг самбар дээр бич (эсвэл хоёр суралцагчийн онгойлгох хайрцган доторх цаасан дээр бич): Хэрэв цоож селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлд орох хаалгыг төлөөлж байгаа бол цоожны код юуг төлөөлж байна вэ? Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 131-ийг судлангаа энэ асуултын хариултыг олж мэдэхийг хүс.
1843 оны 5-р сарын 16-нд бошиглогч Иосеф Смит Иллинойн Рамус руу аялсан гэдгийг тайлбарла. Тэрээр Бэнжамин болон Мэлисса Жонсон нарын гэрт байрлаж байхдаа эхнэр, нөхрийн хувьд мөнхөд холбогдох тэдний лацдан холболтыг гүйцэтгэсэн байна. Мөн тэрээр мөнхийн гэрлэлт нь хэрхэн селестиел хаант улстай холбогддогийг заажээ. Эдгээр үнэн нь Сургаал ба Гэрээ 131:1–4-т цэдэглэгдсэн байдаг. (History of the Church, 5:391–392-ыг үзнэ үү.)
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 131:1-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, бошиглогчийн селестиел хаант улсын талаар илчилсэн үнэнийг олж мэдэхийг хүс.
-
Иосеф Смит селестиел хаант улсын талаар юуг илчилсэн бэ?
Бид ихэвчлэн селестиел хаант улс дахь алдар суугийн хамгийн дээр зэрэглэлийг хүлээн авахыг өргөмжлөл буюу мөнх амьдрал гэж хэлдэг гэдгийг тайлбарла. Өргөмжлөл гэдэг үгийг самбар дээр бич. Селестиел алдар суугийн энэ зэрэглэлийг хүлээн авах хүмүүс Тэнгэрлэг Эцэгтэй адил амьдрах болно гэдгийг тайлбарла.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 131:2–4-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас бид селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлийг хүлээн авахын тулд юу хийх ёстойг олж мэдэхийг хүс.
-
Бид селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлийг хүлээн авахын тулд юу хийх хэрэгтэй вэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тогтоох ёстой. Бид селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлийг хүлээн авахын тулд гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээнд орох ёстой.)
-
4-р шүлэг дэх хэрэв бид ариун сүмд зохих эрх мэдлээр лацдан холбогдохгүй бол “өсөн нэмэгдэж үл чадна” гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? (Суралцагчдад энэ шүлгийг ойлгоход нь туслахын тулд та өсөн нэмэгдэх гэдэг нь селестиел хаант улсад үргэлжлүүлэн хүүхэдтэй болох боломж гэдгийг тайлбарлаж болно.)
Суралцагчдад “гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ” гэдэг хэллэгийг ойлгоход туслахын тулд энэ нөхцөлд шинэ гэдэг үг нь бидний эрин үед энэ гэрээ шинээр сэргээгдсэн гэсэн утгатайг хэл. Үүрдийн гэдэг нь энэхүү чухал гэрээ нь мөнхөд байх болно гэсэн үг юм. Бид ариун сүмд л селестиел гэрлэлтийн энэхүү гэрээнд ордог гэдгийг суралцагчдад сануул.)
-
Эрэгтэй, эмэгтэй хүний хоорондох селестиел гэрлэлт нь ямар арга замуудаар тэднийг өргөмжлөлд бэлтгэдэг гэж та нар бодож байна вэ?
Нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас гэрлэлт нь хэрхэн биднийг мөнх амьдралд бэлтгэхэд тусалдгийг сонсохыг хүс.
“Бидэнд Эцэгийн төлөвлөгөөнд мөнхийн гэрлэлт яагаад чухлыг ойлгоход тусалдаг хоёр хүчирхэг шалтгаан бий.
1-р шалтгаан: Эрэгтэй, эмэгтэй сүнснүүдийн мөн чанар нь бие биенээ гүйцээдэг бөгөөд төгс болгодог юм, мөн тиймээс эрэгтэй, эмэгтэй хүмүүс өргөмжлөл өөд хамтдаа дэвшихээр зориулагдсан байдаг. …
Тэнгэрлэг загвараар эрэгтэй, эмэгтэй хүн нь төгс төгөлдөр ба алдар суугийн бүрэн байдал руу хамтдаа өсөж хөгжихөөр төлөвлөсөн байдаг. Эрэгтэй, эмэгтэй хүн нь өвөрмөц ялгаатай зан ааш, авьяас чадварынхаа ачаар гэрлэлтийн харилцаандаа хосгүй онцгой төлөв, туршлагуудыг авчирдаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс энэ нэгдэлд өөр өөр байдлаар, адил тэгш эрхтэйгээр хувь нэмэр оруулдаг бөгөөд нэгдмэл байдлыг үүнээс өөр байдлаар бий болгох боломжгүй юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биенээсээ суралцаж мөн бие биенээ хүчирхэгжүүлж, адисалснаар эрэгтэй хүн эмэгтэй хүнийг гүйцээж, төгс болгон мөн эмэгтэй хүн эрэгтэй хүнийг гүйцээж, төгс болгодог. …
2-р шалтгаан: Тэнгэрлэг загвараар хүүхдүүдийг мөнх бус байдалд авчрахад, хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэх хамгийн сайн нөхцөл байдлыг бүрдүүлэхэд эрэгтэй, эмэгтэй хүн хоёулаа хэрэгтэй” (“Marriage Is Essential to His Eternal Plan,” Ensign, 2006 оны 6-р сар, 83–84; тод болон налуу үсгийг оруулаагүй болно).
-
Ахлагч Бэднарын хэлснээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох гэрлэлт яагаад бидний өргөмжлөлд шаардлагатай байдаг вэ?
-
Селестиел гэрлэлт нь өргөмжлөлд чухал байдаг хэмээх сургаалыг ойлгох нь ирээдүйн хань ижлээ ямар байгаасай гэж хүсэхэд тань хэрхэн нөлөөлөх вэ?
-
Та нарын насанд яагаад ариун сүмд мөнхөд гэрлэхэд бэлтгэхийг эн тэргүүн тавих нь чухал байдаг вэ?
Та энэ амьдралд селестиел гэрлэлтийг хүртэх боломжгүй байсан хүмүүст өргөмжлөлийн адислалууд боломжтой байх болно гэдгийг тайлбарлаж болно. Нэг суралцагчийг Итгэлдээ үнэнч байх нь товхимол дээрх дараах өгүүлбэрийг чанга уншихад урь.
“Сүмийн зарим гишүүн хэдийгээр гэрлэхийг хүсэж байгаа ч мөн өөрсдийнх нь буруугаас биш ч ганц бие хэвээр үлддэг. Хэрэв та ийм нөхцөлд байгаа бол, ‘Бурханыг хайрладаг тэдний сайн сайхны төлөө бүх юмыг хамтдаа ажиллуулна’ (Ром 8:28) гэдгийг сана. Хэрэв та зохистой хэвээр байх аваас хэзээ нэгэн өдөр танд энэ амьдралд эсвэл дараачийн амьдралд мөнхийн гэр бүлийн харилцааны бүх адислал өгөгдөх болно” (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт [2004], 76).
-
Баптисмын гэрээнүүдээ сахих нь одоо ариун сүмийн адислалуудыг хүлээн авахад бэлтгэхэд тань хэрхэн туслах вэ? Залуу эрэгтэй, эмэгтэйчүүд ариун сүм дэх селестиел гэрлэлтийг эн тэргүүнд тавихын тулд одоо юу хийж болох вэ? (Та суралцагчдын хариултыг самбар дээр бичиж болно.)
Суралцагчдыг ариун сүмд мөнхөд гэрлэхийг эн тэргүүнд тавихад урамшуулан дэмж. Селестиел гэрлэлтээс ирдэг адислалуудын талаар гэрчил.
Сургаал ба Гэрээ 131:5–6
Бошиглогч “бошиглолын илүү баттай үг”-ийг тайлбарлав
Суралцагчдад цаасан дээр бичсэн баталгаа эсвэл нотолгоог үзүүл.
-
Бидэнд баталгаа байх нь ямар ач тустай байдаг вэ?
-
Тэнгэрлэг Эцэгээс ирэх баталгаа нь яагаад онцгой үнэ цэнтэй байдаг вэ?
1843 оны 5-р сарын 17-ны өглөө Иллинойн Рамуст бошиглогч Иосеф Смит Бурханаас ирэх баталгааг төлөөлөх 2 Петр 1:19 дэх хэсэгт буй номлолыг айлдсан юм (History of the Church, 5:392-ыг үзнэ үү). Суралцагчдыг 2 Петр 1:19-ийг дотроо уншаад, тэр хэсгийг олж мэдэхэд урь. (“Бошиглолын илүү баттай үг”)
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 131:5-ыг дотроо уншаад, “бошиглолын илүү баттай үг” гэдэг хэллэгийн утгыг олж мэдэхэд урь. Тэднээс олж мэдсэнээ тайлагнахыг хүс.
-
5-р шүлэгт цэдэглэснээр, Тэнгэрлэг Эцэг бошиглолын илүү баттай үгээр дамжуулан хүнд ямар баталгааг өгдөг вэ? (Мөнх амьдрал).
-
Иймэрхүү баталгааг хүлээн авах нь ямар санагдана гэж та бодож байна вэ? Яагаад?
Тэмдэглэл: Бошиглолын илүү баттай үгийг хүлээн авсан байж болох хүмүүсийн тухай таамаглан ярих шаардлагагүй юм. Гэсэн хэдий ч, судруудад мөнх бус байхдаа мөнх амьдралын баталгааг хүлээн авсан зарим хүний тухай өгүүлдэг. Жишээлбэл, Их Эзэн энэхүү баталгааг Иосеф Смитэд (Сургаал ба Гэрээ 132:49-ийг үзнэ үү) мөн Алмад (Мозая 26:20-ийг үзнэ үү) өгсөн байдаг.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 131:6-г чанга уншихад уриад, ангийнхнаас хэн нэгэнд мөнх амьдралыг хүлээн авахад нь саад болдог зүйлийг олж мэдэхийг хүс.
-
Бошиглогч Иосеф Смит аврагдах хийгээд мөнх амьдралыг хүлээн авах боломжийг юу хүмүүнд олгодог гэж хэлсэн бэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч бид юу ч мэдэхгүйгээр аврагдаж чадахгүй гэдгийг ойлгож байгаа эсэхийг бататгаарай. Та мөн энэ үнэнийг самбар дээр бичиж болно.)
Нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Марион Ж.Ромнигийн энэ үнэний талаар өгсөн дараах тайлбарыг уншихад урь. Суралцагчдаас мөнх амьдралыг хүлээн авахын тулд бидэнд хэрэгтэй мэдлэгийг сонсохыг хүс.
“‘Цорын ганц үнэн Бурхан … болон … Есүс Христийг’ (Иохан 17:3) мэдэх нь дэлхий ертөнц дээрх хамгийн чухал мэдлэг юм; Энэ нь бошиглогч Иосеф Смитийн хэлснээр уг мэдлэггүйгээр хэн ч аврагдаж чадахгүй мэдлэг юм. Энэ мэдлэггүй байх нь илчлэлтэд бичигдсэнээр юу ч мэдэхгүй байх явдал юм. ‘Юу ч мэдэхгүйгээр аврагдах нь хүмүүний хувьд боломжгүй бөлгөө.’ (C ба Г 131:6.)” (“Except a Man Be Born Again,” Ensign, 1981 оны 11-р сар, 14).
-
Бид мөнх амьдралыг хүлээн авахын тулд ямар мэдлэгтэй байх ёстой вэ? Энэ мэдлэг нь яагаад бидний авралд зайлшгүй чухал гэж та нар бодож байна вэ?
-
Та нар Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийг илүү сайн мэдэхийн тулд юу хийж чадах вэ?
Сургаал ба Гэрээ 131:7–8
Иосеф Смит бүх сүнс матери мөн гэж заав
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 131:7–8-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, сүнс юунаас бүрддэгийг олж мэдэхийг хүс.
-
Та эдгээр шүлгээс юу сурч байна вэ? (Бүх бүтээл материас бүрддэг боловч сүнсний матери нь “илүү нарийн, эсвээс цэвэр” байдаг.)
Сургаал ба Гэрээ 131 дээр ярилцсан зарчмуудын тухай гэрчилж, суралцагчдыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христтэй илүү адилхан болохын тулд Тэдний талаарх мэдлэгээ дээшлүүлэхэд урамшуулан дэмж.