Институт ба семинар
144-р хичээл: Сургаал ба Гэрээ 135, 1-р хэсэг


144-р хичээл

Сургаал ба Гэрээ 135, 1-р хэсэг

Оршил

1844 оны 6-р сарын 27-нд Иллинойн Картейжид бошиглогч Иосеф Смит болон түүний ах, Сүмийн ерөнхийлөгчийн туслах, патриарх Хайрум нарын амь насыг бүрэлгэжээ. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга хэвлэгдэхэд бараг бэлэн болж байсан Сургаал ба Гэрээний 1844 оны хэвлэлтийн төгсгөлд энэ үхлийн тухай мэдэгдлийг багтаахыг зөвшөөрчээ. Энэ мэдэгдлийг үйл явдлын гэрч асан Арван хоёрын Чуулгын гишүүд болох ахлагч Жон Тейлор, Виллярд Ричардс нар бичсэн байна. Энэхүү түүх одоо Сургаал ба Гэрээ 135-д цэдэглэгдсэн байдаг.

Тэмдэглэл: Энэ хичээлд суралцагчдаар уншуулж болох хэд хэдэн түүхэн өгүүлэмж агуулагддаг. Та эдгээр өгүүлэмжийг хувилж бэлдээд хичээл эхлэхээс өмнө суралцагчдад тарааж өгч болох юм.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 135:1–7

Иосеф ба Хайрум Смит нарын амь насыг бүрэлгэснийг зарлан мэдэгдэв

Суралцагчдаас Сүмийн ерөнхийлөгчийг эсвэл хайртай нэгнээ нас барсныг сонсох үедээ хаана байснаа санаж байгаа эсэхийг асууснаар хичээлээ эхэл.

Суралцагчдыг 1844 онд Иллинойн Наувуд амьдарч байсан Сүмийн гишүүд байж мөн Сургаал ба Гэрээ 135:1-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан хэмээн төсөөлөхөд урь. Нэг суралцагчаас энэ шүлгийг чангаар уншихыг хүс.

  • Та энэ эмгэнэлт явдлын тухай сонсоод юу бодох байсан бэ?

Олон гэгээнтэн Иосеф болон Хайрум Смитийн үхлийн тухай мэдээд маш ихээр гашуудаж байсан гэдгийг тайлбарла. Суралцагчдыг бошиглогч Иосеф Смитийн амьдралын сүүлийн өдрүүдийн талаар суралцах үедээ түүний тухай өөрсдөдөө төрж буй сэтгэгдэл болон гэрчлэлээ эргэцүүлэн бодоход урамшуул.

Суралцагчдад Иосеф Смит ба гэгээнтнүүд Иллинойд ойролцоогоор гурван жилийн турш амар тайван амьдарч байсныг мэдээл. Хэдий тийм ч, 1842 оноос эхлэн тэд эсэргүүцэлтэй тулгарах болов. Сүмийн доторх тэрслүү үзэлтнүүд болон Сүмийн гаднах эсэргүүцэгчид бошиглогчийг мөн Сүмийг эсэргүүцэх хүчин чармайлтуудаа нэгтгэв. Иллинойн зарим иргэн гэгээнтнүүдийн улс төрийн нөлөөллөөс айж мөн дургүйцэж эхэлжээ. Зарим нь Наувугийн эдийн засгийн өсөлтөд атаархаж, Науву хотын засгийн газар хийгээд цэргийн хүчийг шүүмжилж байлаа. Олон эхнэр авах ёс гэх мэт Мормоны өвөрмөц сургаал болон дадал хэвшлүүдийн заримыг Сүмийн урвагч гишүүд гуйвуулж байсны улмаас зарим хүн буруу ойлголтоосоо болж гэгээнтнүүдэд дургүй болцгоож эхэлжээ. (Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл [Сүмийн боловсролын системийн гарын авлага, 2003], 263–266, 270–271-ийг үзнэ үү.)

тараах материал шигтгээ зурагНэг суралцагчийг дараах догол мөрийг уншихад урь.

1-р суралцагч

1844 оны 6-р сар гэхэд Сүмийн эсрэг дайсагнал улам их нэмэгдсэн. Иллинойн зарим иргэн гэгээнтнүүдийг мужаасаа хөөн гаргах талаар ярьж байхад зарим нь бошиглогчийг алахаар хуйвалдаж байжээ. Бошиглогч болон Сүмийн эсрэг хуйвалдаж байсан тэдний зарим нь, өмнө нь Сүмийн гишүүд байгаад урвасан хүмүүс байв. 1844 оны 6-р сарын 7-нд Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр үйлчилж байсан Виллям Лоо болон бусад урвагч Nauvoo Expositor нэртэй сонины анхны дугаарыг гаргасан. Эдгээр эрчүүд олон нийтийг бошиглогч болон Сүмийн эсрэг өдөөн хатгахыг хичээж, уг сониноо Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагчийг гүтгэн гүжирдэхдээ ашиглаж байжээ. Иосеф Смит болон Науву хотын зөвлөл өдөөн турхирсан уг сониныг хотын эсрэг танхайрагч бүлгийн хүчирхийллийг дэгдээнэ гэдгийг мэдэж байв. Тэд үүнийг нийгмийн хэв журмыг зөрчсөн явдал хэмээн зарлаад Nauvoo Expositor хэвлэлийг устгах захирамж гаргажээ.

Nauvoo Expositor сонин дээр хэвлэгдсэн зүйлс болон хэвлэлийг устгасан явдал нь Мормончуудыг эсэргүүцэгчдийн дайсагналыг улам дэвэргэсэн. Хэвлэлийн газрын эзэд Иосеф Смит болон хотын бусад удирдагчийг буруутган, бослогод өдөөн хатгасан хэргээр шүүхэд гомдол гаргажээ. Иосеф Смитийг энэ хэрэгт буруугүй гэж үзсэн ч түүнийг чөлөөлсөн явдал дайснуудыг нь улам хилэгнүүлсэн юм. Дээрэмчдийг Наувугийн хот руу дайрахаар бэлдэж байгаа тухай мэдээ тарж эхлэхэд хотын дарга байсан Иосеф Смит Наувуг цэргийн бэлэн байдалд (цэргийн түр дүрэм) байхыг зарлав. Иллинойн захирагч Томас Фордын удирдлаган доор Иосеф Наувугийн армид хотоо хамгаалах тушаал өгсөн байна.

тараах материал шигтгээ зурагНэг суралцагчийг дараах хоёр догол мөрийг уншихад урь.

2-р суралцагч

Тухайн нутаг дэвсгэрт үймээн самуун улам ихэссэн учраас захирагч Форд аюултай нөхцөл байдлыг намжаахаар бүсийн засгийн газрын төв болсон Картейж рүү явсан байна. Тэрээр Иосеф Смитэд, бошиглогч хийгээд бусад удирдагчийг шүүх ажиллагааг зөвхөн мормон бус шүүгчээр Картейжэд явуулах нь хүмүүсийн санааг амраах болно гэж бичжээ. Амбан захирагч Форд түүнчлэн хэрэв тэд сайн дураараа ирвэл бүрэн хамгаалалтад авч мөн шударгаар шүүх болно гэж амласан байна. Иосеф тэнд очих замд түүний амь насанд аюултай байх учраас очихгүй гэдгээ мэдэгджээ.

Иосеф Смит ах нартайгаа цаашид хэрхэхийг зөвлөлдөж байхдаа хэрэв тэр Хайрумтай Наувуг орхиод баруун тийшээ аялбал Науву дахь гэгээнтнүүдэд хор учрахгүй гэж мэдрэв. Энэ зөвлөгөөний дагуу Иосеф, Хайрум хоёр Миссиссиппи голыг гаталж, Айова руу явсан. Гэсэн хэдий ч, Науву дахь зарим гишүүн бошиглогчийн төлөвлөгөөнд эргэлзэж байлаа. Цөөн хэд нь түүн дээр ирж, түүнийг амиа бодож гэгээнтнүүдийг хавчлагатай нүүр тулуулахаар зөнд нь орхиж байна гэж буруутгасан байна. Бошиглогч хариулахдаа: “Хэрэв миний амь нас найз нөхдөд маань үнэ цэнгүй юм бол надад ч гэсэн үнэ цэнгүй” (History of the Church, 6:549) хэмээн хариулжээ. Иосеф, Хайрум хоёр зөвлөлдсөнийхөө дараа Наувуд эргэн ирэв. 1844 оны 6-р сарын 24-ний өглөө эрт тэд Картейж рүү явав.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 135:4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Картейжийн ойролцоо Иосеф Смитийн хэлсэн бошиглолыг олж мэдэхийг хүс.

  • Өөрт нь юу тохиолдох болно хэмээн Иосеф хэлсэн бэ?

  • Бошиглогчид гэр бүлдээ эргэж ирэхгүйгээ мэдэн тэднийгээ орхиж явах нь ямар байсан байх гэж та нар бодож байна вэ?

  • Та нар Иосеф өөрийгөө “хурга адил аллага уруу явж байна” гэдгээ мэдэж байсан ч яагаад “зуны өглөө лугаа тайван” байсан гэж бодож байна вэ?

Бошиглогч өөрийнх нь үхэл гэгээнтнүүдийн амь насыг хамгаалах болно гэдгийг мэдэж байсныг тайлбарла.

Хайрум Смит Картейжийн шорон руу явахаар бэлдэж байхдаа Мормоны Номын Ифер 12:36–38-ыг уншаад, хуудсыг нь нугалан тэмдэглэжээ. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 135:5-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Хайрум Картейжийн шорон руу явахаасаа өмнө юуг уншаад, тэмдэглэснийг анзаарахыг хүс.

  • Энэ үед Хайрумд Иферийн номоос эдгээр шүлгийг унших нь яагаад утга учиртай байсан гэж та нар бодож байна вэ?

  • “Миний өмсгөлүүдэд та нарын цусны толбо үгүйг бүх хүмүүс мэдэх” болно (С ба Г 135:5) гэдэг үгс ямар утгатай гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдаас Иосеф, Хайрум хоёр дуудлагуудаа мөн Бурханы өмнө хүлээсэн үүргээ өөрсдийн чадах хамгийн сайнаараа биелүүлснээ мэдэж байхдаа юу мэдэрч байсан болох талаар бодохыг хүс.

  • Иосеф болон Хайрум Смитийн жишээнээс бид, Бурханаас хүлээн авсан дуудлагаа биелүүлэхэд бидэнд туслах юуг сурч авч болох вэ?

тараах материал шигтгээ зурагНэг суралцагчийг 1844 оны 6-р сарын 25–27-нд болсон үйл явдлуудын дараах дүгнэлтийг уншихад урь.

3-р суралцагч

1844 оны 6-р сарын 25-нд Иосеф болон Хайрум Смит мөн бусад удирдагч Картейжид барьцаа өгч, бослогод өдөөн хатгасан хэргийн (Nauvoo Expositor-ийн сүйрлийг хэлж байна) албан ёсны шүүх хурал болтол чөлөөлөгджээ. Хэдий тийм ч, тэр үдэш Иосеф, Хайрум хоёр эх орноосоо урвасан хэргээр буруутгагдаж, Картейжийн шоронд хоригдов. Үүнийг Иосеф болон түүний өмгөөлөгчид өмнөх батлан даалтын хуралд дурдагдаагүй учраас хууль бус гэж эсэргүүцсэн. Эх орноосоо урвасан хэрэгт холбогдсон үед ямар ч батлан даалт байх ёсгүй учраас тэд Картейжид аюултай байдалд үлдэхээс өөр аргагүй байв.

1844 оны 6-р сарын 26-нд Иосеф амбан захирагч Фордтой шоронд уулзсан. Амбан захирагч Форд Науву руу явах санаагаа илэрхийлэхэд Иосеф Картейжид байх нь аюултай гэдгээ мэдэж байсан тул хамт явахыг хүсжээ. Амбан захирагч Форд хэрэв тэр Картейжээс явбал Иосеф, Хайрум хоёрыг дагуулж явах болно гэж амлав. Тэр үдэш бошиглогч Мормоны Номын болон сайн мэдээний сэргээлтийн үнэн зөв байдлын талаар харуулуудад гэрчилжээ.

1844 оны 6-р сарын 27-ны өглөө Иосеф эхнэр Эммадаа хандан захидал бичихдээ: “Би зөвтгөгдөнө гэдгээ мэдэж байгаа болохоор хувь төөрөг тавиландаа найдаж байна. Би бас чадахынхаа хэрээр хамгийн сайнаараа хийсэн. Хүүхдүүдэд маань болон миний бүх найзад хайрыг минь дамжуулаарай” гэжээ (History of the Church, 6:605-т). Тэр өдрийн оройхон амбан захирагч Форд нутгийн оршин суугчдын шорон руу дайрч орж хоригдлуудыг нь алах төлөвлөгөөг мэдэж байсан ч Наувугийн иргэдтэй ярилцахаар Картейжээс явсан. Тэрээр амлалтаа зөрчиж, Иосеф, Хайрум хоёрыг дагуулж яваагүй ажээ. Амбан захирагч Форд явахаасаа өмнө Картейжийн Грийсүүд болох Картейжид хамгийн ихээр дайсагнасан цэргүүдэд шоронг хамгаалах даалгавар өгч, бусад цэргүүдийг буулгав.

Суралцагчдад 6-р сарын 27-ны үдээс хойших бүгчим, халуунд төлөөлөгч Жон Тейлор, Виллярд Ричардс нар Иосеф, Хайрум хоёртой хамт Картейжийн шоронд байсан болохыг хэлж өг. Бошиглогч болон түүнтэй хамт байгсад шоронгийн хоёр давхарт байх шоронгийн харгалзагчийн унтлагын өрөөнд сууж байхдаа муу совин татахыг мэдсэн байна. Хайрум Смит Жон Тейлорыг “A Poor Wayfaring Man of Grief” дууг дуулахыг хүсжээ (Hymns, д. 29-ийг үзнэ үү). Хэрэв энэ дуулал дууллын номонд тань байдаг бол суралцагчдыг цөөн бадгийг дуулахад урихыг бодож үз. Тэднийг дуулж байхад тэр үед Иосеф болон Хайрум Смит нарт энэ дуулал ямар утга учиртай байсан болохыг бодоход урь.

тараах материал шигтгээ зурагГурван суралцагчийг амь насыг нь бүрэлгэсэн тухай дараах дүгнэлтийг ээлжлэн уншихад урь. Ангийнхнаас тэд бошиглогчтой хамт Картейжийн шоронд байгаа юм шигээр эдгээр үйл явдлыг төсөөлөхөөр хичээхийг хүс.

4-р суралцагч

1844 оны 6-р сарын 27-нд үдээс хойш 5 цаг өнгөрч байх үед өөрсдийнхөө хэн болохыг нуух гэж нүүрээ будсан ойролцоогоор 150–200 танхайрагч шоронг бүслэн авчээ. Танхайрагч этгээдийн нэлээд хэд нь бошиглогч хийгээд түүний нөхдийн байсан өрөө рүү яаран дээшээ шатаар өгсөхөд харуулууд бараг эсэргүүцэл үзүүлээгүй байна.

Иосеф бусадтайгаа хамт танхайрагчдыг хүчээр онгойлгохоос хамгаалан хаалгыг түлхэж байлаа. Танхайрагчдын нэг хаалганы дээд хэсгээр буудсан нь Хайрумын хамрын зүүн талд онов. “Би үхлээ” хэмээн тэр дуу алдаж, арагшаа унав. (History of the Church 6:617) Жон Тейлор “Би Иосеф ахын Хайрум руу очоод, түүний дээрээс тонгойн ‘Ээ халаг! миний муу, хайрт ах Хайрум минь!’ гэж дуу алдахад түүний царайд илэрсэн тэрхүү гүн харамсал болон хүндэтгэлийг хэзээ ч мартахгүй” гэж хэлжээ. (History of the Church 7:102-т)

5-р суралцагч

Тэр өдрийн өглөөгүүр эргэлтээр ирсэн нэгэн хүн Иосефт гар буу өгсөн байлаа. Иосеф өрөөнд байгаа хүн бүрийг аврахыг хичээн хаалга руу үсэрч очин, хаалганы нөгөө тал руу гараа явуулж хонгил руу буудаж байлаа. Зургаан сумын гурваар нь галлаж, танхайрагчдын хэдийг шархдуулав. Танхайрагчид хаалганы завсраар буугаа хүчээр оруулж ирэхэд Жон Тейлор таягаараа тэдний бууны амыг цохихыг хичээв.

Хаалган дээрх зөрчил хурцдах үед Жон Тейлор цонхоор үсрэн зугтахаар оролдсон байна. Түүнийг цонхоор үсрэх гэж оролдож байхад хаалганы тэндээс гуянд нь буудаж мөн гадаа байсан хэн нэг нь түүнийг буудав. Тэр шалан дээр унаад цонхны хажуу талын орон доогуур орох гэж оролдож байхдаа дахин гурав буудуулснаас болж хүндээр шархаджээ. Энэ үед хаалгаар цухуйж байсан буунуудыг Виллярд Ричардс таягаараа цохиж эхэлсэн байна.

6-р суралцагч

Иосеф Смит тэр үед амиа хамгаалах гэж мөн зарим хүний итгэдгээр Виллярд Ричардс, Жон Тейлор хоёрын амийг аврахаар цонхоор зугтахыг оролдохоор шийджээ. Виллярд Ричардсыг хаалган дээрх танхайрагчдыг үргэлжлүүлэн эсэргүүцэж байхад бошиглогч онгорхой цонх руу харайн очив. Тэрээр ингэхдээ шоронгийн гаднаас мөн дотроос буудах суманд оногджээ. Тэрээр цонхноос унахдаа, “Ай Их Эзэн, Бурхан минь!” хэмээн дуу алдаж, цонхоор доош газарт унав. Шоронгийн дотор байсан танхайрагчдын гишүүд Иосефын үхсэн эсэхийг өөрсдөө бататгахаар яаран гадагшаа гарч ирэв. Хэдийгээр Сүмийн нэг ч гишүүн Картейж рүү ирж яваагүй ч “Мормончууд ирж байна!” гэж хэн нэгнийг хашгирахад дээрэмчид бүгд зугтжээ. (History of the Church, 6:618, 620–621-ийг үзнэ үү; мөн Church History in the Fulness of Times Student Manual, 283-ийг үзнэ үү.)

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 135:2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Жон Тейлор, Виллярд Ричардс хоёрын хувь тавилангийн дүрслэлийг ажиглахыг хүс. Суралцагчдад Виллярд Ричардсын зөвхөн зүүн чихийг сум дөнгөж шүргэж хөнгөн шархадсан бөгөөд энэ нь жил гаруйн өмнө Иосефын хэлж байсан “үрлэн сум мөндөр буух мэт түүний эргэн тойронд исгэрэхэд тэр найз нөхдөө баруун зүүнтээ унахыг харах ч түүний хувцсанд ямар ч цоорхой гарахгүй” гэсэн бошиглолын биелэл болсон гэдгийг мэдээл (History of the Church, 6:619-д).

Суралцагчдын анхаарлыг Сургаал ба Гэрээ 135:1-ийн эхний өгүүлбэр рүү хандуулаад, дараах асуултыг тавь.

  • “Энэ номын мөн Мормоны Номын тухай гэрчлэлийг лацдах” гэдэг хэллэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? (Энэ захиас дээрх лацдах гэдэг үг нь гэрчлэл гэх мэт ямар нэгэн зүйлийг байнга бий болгох гэсэн үг болохыг тайлбарлах нь тустай байж болно.)

1-р шүлэг дээрх амь насыг бүрэлгэснийг гэсэн үгсийг онцолж асуу.

  • Амиа зольсон хүн гэж хэн бэ? (Итгэл үнэмшил болон үнэн зөвийг гэрчилснийхээ төлөө үхэлд хүргэгдсэн хүн.) Амиа зольж үхсэн хүн гэдэг үг нь гэрч гэсэн утгатай грек үгнээс гаралтайг тайлбарла [Bible Dictionary, “Martyr”-ийг үзнэ үү].)

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 135:7-г гүйлгэн уншаад, Иосеф болон Хайрум Смит хоёрын амь насыг бүрэлгэх нь юуны гэрч болсныг олж мэдэхийг хүс.

  • Иосеф болон Хайрум Смит хоёр амийг нь бүрэлгэсэн үхлээрээ юуны тухай гэрчлэлээ лацадсан бэ? (Суралцагчид өөр үгс ашиглаж болох ч дараах үнэнийг тодорхойлох ёстой. Иосеф болон Хайрум Смит хоёр өөрсдийн амиар сэргээгдсэн сайн мэдээний үнэний тухай гэрчлэлээ лацадсан. Та энэ үнэнийг самбар дээр бичиж болно.)

Суралцагчдыг дараах асуултыг эргэцүүлэн бодоод хариултуудаа хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь.

  • Иосеф болон Хайрум Смитийн гэрчлэлүүд мөн тэдний үнэний төлөө үхэхэд бэлэн байсныг мэдэх нь та нарын гэрчлэлд хэрхэн нөлөөлөх вэ?

Хангалттай цаг гаргаж өгсний дараа, хариултуудаа хуваалцах хүсэлтэй байгаа суралцагчдыг хуваалцахад урь. Бошиглогч Иосеф Смитийн талаарх гэрчлэлээ хуваалцсанаар хичээлээ дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Картейж рүү явсан нь

Эмма Смит өөрийн нөхөр Иосефыг Науву руу эргэн очихоор Миссиссиппи мөрнийг гаталж байхад төрсөн сэтгэгдлээ ингэж эргэн дурсдаг. “Би амьдралдаа мэдэрч байгаагүй хамгийн муу мэдрэмжийг мэдэрсэн” гэж тэр хэлээд “түүнээс хойш би түүнийг алуулсан байхаар харах болсон” (Энмжнд С.Бриггс, “A Visit to Nauvoo in 1856,” Journal of History, 1916 оны 10-р сар, 454). 1844 оны 6-р сарын 27-ны даваа гаргийн өглөө эрт Иосеф Картейж рүү явахаар гэрээсээ гарахдаа эргэж хараад, Эммад ингэж хэлжээ. “Эмма, чи хөвгүүдийг минь эцгийнхээ мөрөөр алхахад нь сургаж чадах уу?” Эмма хариуд нь, “Өө, Иосеф минь, чи эргэж ирэх болно” гэжээ. Иосеф асуултаа хоёр дахин давтан асуухад Эмма мөн л адил хариултыг өгсөөр байв. (“Edwin Rushton, Related by his Son,” Hyrum L. Andrus and Helen Mae Andrus, They Knew the Prophet [1974], 171.) Амь насыг нь бүрэлгэх үед Эмма дөрвөн сартай жирэмсэн байжээ. Иосеф, тэр хоёр бас өөр дөрвөн хүүхдийн хамт буюу өргөж авсан охин Жулиа (13 настай), Гуравдугаар Иосеф (11 настай), Фредерик (8 настай) мөн Александр (6 настай) нартай хамт амьдарч байжээ.

Иосеф, Маншн Хаусын гадна гараад, өглөө эрт цугласан байсан олон нийтэд хандан үг хэлсэн байна. Энэ үед Иосефын хөвгүүд түүний хувцаснаас чангаагаад “Аав аа, аав минь, Картейж рүү битгий яв л даа. Тэд таныг алах болно” гэцгээн уйлж байжээ. Ээж нь түүнийг эргэж ирнэ гэж амлаж чадах эсэхийг асуув. (Дан Жонес, “The Martyrdom of Joseph and Hyrum Smith,” гар бичмэл, 1855 оны 1-р сар 20, Сүмийн Түүхийн Номын сан, Солт Лэйк хот). Иосеф түүнд шууд хариулалгүй харин цугласан гэгээнтнүүдэд хандаж, “Хэрэв би тийшээ (Картейж рүү) явахгүй бол, үр дүн нь энэ хот хийгээд үүний оршин суугчдын устгал байх болно. Миссурид болсон хайрт ах, эгч, хүүхдүүдийг минь зовоосон зовлон Наувуд ч бас болохыг би хүсэхгүй; үгүй ээ, тэгсэнд орвол та нарын ах Иосеф ах эгч нарынхаа төлөө үхсэн нь дээр, учир нь би тэдний төлөө үхэхэд бэлэн байна. Миний ажил дууслаа” гэжээ (Дан Жонес, “The Martyrdom of Joseph Smith and His Brother, Hyrum!” Роналд Д.Деннисийн орчуулга, Роналд Д.Деннис, “The Martyrdom of Joseph Smith and His Brother Hyrum,” BYU Studies, 24-р боть, 1 [Winter 1984], 85; мөн Church History in the Fulness of Times Student Manual, 2-р хэвлэл [Сүмийн Боловсролын системийн гарын авлага, 2003], 277).

“Хувцаснаас нь зуураад тавихгүй байгаа бяцхан үрсээ тэвэрснийхээ дараа, маш ихээр хайрладаг байсан эхнэртэйгээ салах ёс үйлдээд мөн өтөлж яваа гэгээнтэн ээждээ нулимс дуслуулан эцсийнхээ тайтгарлыг өгөөд, цугласан олонд хандаж, гарсан зам дээрээ болон түүний заасан шашинд итгэлтэй хэвээр байхыг уриалан үг хэлжээ” (Дан Жонес, “The Martyrdom of Joseph Smith and His Brother, Hyrum!” 85–86).

Иосеф өөртэйгөө хамт яваа тэдгээр хүнтэй Наувугаас гарч явахдаа ариун сүмийн талбайн тэнд түр зогсож, “ариун гэгээрүүлэгчийг хараад мөн хотыг тогтож хараад ‘Энэ бол тэнгэрийн доорх хамгийн хайр булаам газар хийгээд хамгийн сайн хүмүүс юм; тэднийг хүлээж байгаа сорилтуудын талаар тэд багыг мэднэ’ гэж хэлсэн байна (History of the Church, 6:554; мөн Church History in the Fulness of Times Student Manual, 277-г үзнэ үү).