Гэрээр судлах хичээл
Ерөнхийлөгчийн зөвлөлийг залгамжлах нь, Наувуг орхисон нь, Өрнөд рүү аялсан нь (30-р бүлэг)
Оршил
Суралцагчид энэ хичээлээр дамжуулан Сүмийн удирдагчдын зөвлөгөө болон удирдамжийг дагах үедээ итгэлээ хөгжүүлдэг гэдгийг ойлгож мэдэх болно. Тэд бас тусламж хэрэгтэй байгаа хүмүүст тусалж мөн тэдэнд арга замыг бэлтгэх үед Их Эзэн тэднийг адислах болно гэдгийг мэдэж авах болно.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 136:1–18
Их Эзэн өөрсдийгөө зохион байгуулж мөн өрнөд рүү хийх аялалдаа үргэлжлүүлэн бэлтгэхийг гэгээнтнүүдэд зөвлөв
Нэг суралцагчийн нүдийг боож, өрөөний нэг талд зогсоо. Дараа нь суралцагчид зарим зүйлийн байрлал өөрчлөгдсөнийг хэлэх боломж олгохын тулд өрөөнд байгаа зүйлсийн байрлалыг дуу чимээ гарган өөрчил. Өрөөний нөгөө талд очихын тулд чиглэл зааж хэлж өгөх ангийн нэг суралцагчийг сонгохыг нүдээ боолгосон суралцагчаас хүс. Суралцагч хэн нэгнийг сонгоход дараах асуултыг тавь.
-
Чи яагаад тэр хүнийг сонгосон бэ?
-
Хэн нэгэнд итгэх бидний итгэл тэдний удирдамжийг дагахад хэрхэн нөлөөлж байна вэ?
Нүдээ боолгосон суралцагчийг өрөөний нөгөө талд аюулгүй хүргэхийн тулд удирдамж өгөхийг хөтчөөс хүс. Дараа нь хоёр суралцагчид суудалдаа эргэн суух заавар өг.
Нэг суралцагчийг Наувугаас гарч явсан гэгээнтнүүдийн талаарх дараах догол мөрийг чанга уншихад урь. Ангийнхнаас эдгээр гэгээнтний туршлага ангийн нөгөө тал руу удирдагдсан суралцагчийнхтай юугаараа адилхан байж болохыг олж сонсохыг хүс.
Орон нутгийн танхайрагчдын хүчирхийллийн аюул занал дор байсан гэгээнтнүүд 1846 оны 2-р сард Наувуг орхин, Айова мужийг хөндлөн туулж, өрнөд рүү аялсан. “Наувуг орхих нь гэгээнтнүүдийн хувьд итгэлийн үйлдэл байсан. Тэд хаашаа явж байгаагаа эсвэл оршин суух газраа хэзээ хүрэхээ тодорхой мэдэхгүй орхиж явсан юм. Тэд зөвхөн дайснууд нь тэднийг Иллинойгоос хөөж байгаа бөгөөд тэдний удирдагчид Роки Маунтэйнсийн хаа нэгтээ тэдэнд хоргодох газар олох илчлэлт хүлээн авсан гэдгийг л мэдэж байв” (Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2003], 309).
-
Наувуг орхин явж байгаа гэгээнтнүүдийн туршлага ангийн нөгөө талд хүрэхээр удирдагдсан суралцагчийн туршлагатай юугаараа адил байсан бэ?
-
Наувуг орхин явж буй гэгээнтнүүдийн туршлагаас бид юу сурч авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах зарчмыг илэрхийлэх ёстой. Бид Сүмийн удирдагчдынхаа зөвлөгөө болон удирдамжийг дагасан үедээ итгэлээ хөгжүүлдэг. Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.)
Суралцагчдыг судрынхаа Сүмийн Түүхийн газрын зураг дээрх Газрын зураг 6-г (“Өрнөд рүү хийсэн Сүмийн нүүдэл”) гаргаж, Науву болон Винтер Квортерсыг олоход урь. Их хэмжээний бороо орж, хомс нөөцтэй байсан учраас 1846 оны 2-р сард Наувуг орхисон гэгээнтнүүд Айоваг хөндлөн туулж, 482 километр аялахдаа дөрвөн сарыг зарцуулсан гэдгийг тайлбарла. Эдгээр нөхцөл байдлаас болж мөн тэд 500 гаруй эрүүл чийрэг хожмын үеийн гэгээнтэн эрсийн хувь нэмрийг алдсан учраас энэ бүлгийн хурд удааширсан байв. Мормон суман хэмээх нэрээрээ танил болсон энэ эрчүүд ерөнхийлөгч Бригам Янгийн өрнөдийг зорин аялж буй Сүмийн ядуу гишүүдэд туслахын тулд мөнгө олохоор Нэгдсэн Улсын армид элсэх хэрэгтэй гэсэн дуудлагыг хүлээн авсан байв. Энэ золиослол нь олон арга замаар тусалсан боловч олон гэр бүлийг аяллын турш нөхрүүд болон эцгүүдгүй байхад хүргэсэн юм. Сүмийн удирдагчид энэ удааширсан үйл явцыг бодож үзээд 1847 оны хавар хүртэл Роки Маунтэйнс рүү хийх өрнөдийг чиглэсэн аяллаа үргэлжлүүлэхгүй байхаар шийдсэн байна. Тэд гэгээнтнүүдэд өвлийн турш үлдэхийг зөвлөсөн. Хамгийн том суурингуудын нэг болох Винтер Квортерс нь Миссури мөрний баруун талд, орчин үеийн Небраска хэмээх мужийн нутагт байрладаг байв.
Нэг суралцагчийг Винтер Квортерс болон бусад түр зуурын суурингийн талаарх дараах тодорхойлолтыг чанга уншихад урь.
Гэгээнтнүүдийн олон нь дүнзэн байшин болон бургас, шавраар хийсэн нүхэн гэрт амьдарч байв. Олон хүн хүйтэн цаг агаараас хангалттай хамгаалагдаагүй байв. Чичрэг өвчин, уушгины хатгалгаа, сүрьеэ, булчин задрах тахал болон чийг бамын өвчин өргөн цар хүрээг хамарч, зовлон зүдгүүр болон үхэлд хүргэж байв. 700 гаруй хүн эхний өвөл дуусах үед буудлууддаа нас барсан юм. (Our Heritage: A Brief History of The Church of Jesus Christ of Latter-day Saints [1996], 71–72; Church History in the Fulness of Times Student Manual, 319–320-ийг үзнэ үү).
-
Хэрэв та Винтер Квортерст гэгээнтнүүдтэй хамт байсан мөн дахиад олон зуун километр аялах ёстой гэдгээ мэдэж байсан бол танд ямар мэдрэмж төрөх байсан бэ?
Та зовлон зүдгүүр болон үхлийн үед хүртэл зөв шударга гэгээнтнүүд өөрсдийнхөө хийсэн гэрээнүүдийн ачаар адислагдсан гэдгийг онцолж болно. Та бас Их Эзэн Өөрт нь үйлчлэхийн тулд амиа алдсан хүмүүст агуу адислалуудыг амласан гэдгийг тайлбарлаж болно (Алма 40:11–12; 60:13; С ба Г 42:46-г үзнэ үү).
Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 136-ийн хэсгийн оршлыг уншаад, энэ илчлэлт хаана өгөгдсөнийг мөн үүнийг хэн хүлээн авсныг олж мэдэхийг хүс. Тэднээс олж мэдсэнээ тайлагнахыг хүс.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 136:1-ийг чанга уншихад урь.
-
Энэ нь Их Эзэн Өөрийн хүслийг гэгээнтнүүдэд илчилсээр байсан гэдгийг мэдэхэд нь тэдэнд хэрхэн тусалсан гэж та бодож байна вэ?
Цөөн суралцагчийг Сургаал ба Гэрээ 136:2–5-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэн гэгээнтнүүдэд өрнөд рүү хийх аяллаа үргэлжлүүлэхэд бэлтгэхийн тулд юу хийх хэрэгтэй гэж зааварласныг олж мэдэхийг хүс.
-
Бүлгүүд хэрхэн зохион байгуулагдах ёстой байсан бэ?
-
Гэгээнтнүүдийг томилогдсон удирдагчтай бүлэг болгон зохион байгуулах нь яагаад тустай байсан байх гэж та бодож байна вэ? Энэ нь өнөөдрийн Сүмийн зохион байгуулалттай хэрхэн төстэй байна вэ? (Суралцагчдыг эдгээр асуултад хариулсны дараа, та дараах үнэнийг самбар дээр бичиж болно. Их Эзэн хүн бүрийг удирдамж болон анхаарал халамж хүлээн авч болохын тулд гэгээнтнүүдээ бүлэг болгон зохион байгуулдаг.)
Винтер Квортерст болон ойролцоох буудлуудад өвчин зовлон болон үхэл тулгарч байсан учраас олон гэр бүл болон хувь хүмүүст өрнөдийг чиглэсэн аяллаа үргэлжлүүлэхэд санхүүгийн тусламж хэрэгтэй болсон байв.
Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил. Тэднээс Сургаал ба Гэрээ 136:6–11-ийг хамтдаа судлаад, гэгээнтнүүд тусламж хэрэгтэй байсан хүмүүсийг халамжлах ёстой байсан арга замуудыг олж мэдэхийг хүс. (Та тэдэнд олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг зөвлөж болно.) Суралцагчдыг энэ хэсгийг уншихаас өмнө гэгээнтнүүд бүгд нэг зэрэг Винтер Квортерсыг орхиж яваагүй гэдгийг тайлбарла. 6-р шүлэг дээрх “үлдэх тэдний төлөө” гэдэг хэллэг нь хэсэг хугацаанд Винтер Квортерст болон ойролцоох буудлуудад үлдэх ёстой байсан гэгээнтнүүдийг хэлж байгаа юм.
-
6–11-р шүлэг дэх ямар үг, хэллэг нь гэгээнтнүүд тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг хэрхэн халамжлах ёстой байсныг илтгэж байна вэ?
-
7-р шүлэг дэх ямар үг бусдад замыг бэлтгэдэг хүмүүсийг төлөөлж байна вэ? (Анхдагчид.)
Дараах тодорхойлолтыг самбар дээр бич. (Үүнийг Oxford English Dictionary, 2 дахь хэвлэл [1989], “pioneer”-оос эш татав.)
-
11-р шүлэгт цэдэглэснээр, тусламж хэрэгтэй тэдэнд тусалж эсвэл тэдний замыг бэлтгэдэг хүмүүст Их Эзэн юу гэж амласан бэ? Бид энэ туршлагаас юу сурч болох вэ? (Суралцагчдыг хариулах хооронд та дараах зарчмыг самбар дээр бичиж болно. Их Эзэн биднийг тусламж хэрэгтэй хүмүүст тусалж, тэдний замыг бэлтгэх үед адислах болно.)
-
Хэн таны сайн мэдээний адислалуудыг хүлээн авах замыг бэлтгэсэн бэ?
Суралцагчдаас дараах асуултыг тунгаан бодохыг хүс. Дараа нь цөөн суралцагчийг хариултуудаа ангийнхантай хуваалцахад урь.
-
Та анхдагч байж—тусламж хэрэгтэй бусдад тусалж, сайн мэдээний адислалуудыг хүлээн авах замыг бэлтгэхийн тулд юу хийх вэ?
Та ярилцсан үнэнүүдээ гэрчилж мөн суралцагчдыг эдгээр үнэний дагуу үйлдэхэд урамшуулан дэмжиж, хичээлээ дуусга.
Дараагийн бүлэг (Ютагийн дайн ба Маунтэйн Мийдөүс дэх хядлага, Агуу Үнэт Сувд ирсэн нь, Албан тунхаг 1 ба Сургаал ба Гэрээ 138)
Суралцагчдыг ирэх долоо хоногт судлахад нь бэлтгэхийн тулд тэднээс дараах асуултыг бодож үзэхийг хүс. Гэм нүглээ нуухыг хичээснээр ямар үр дагаврууд гарч болох вэ? Суралцагчид дараагийн хичээлээр Сүмийн зарим гишүүн өөрсдийн гэм нүглийг нуух гэж хичээсний улмаас бий болсон Маунтэйн Мийдөүс дэх хядлага хэмээн нэрлэгдсэн эмгэнэлт үйл явдлын талаар мэдэж авах болно. Тэд бас гэгээнтнүүд Солт Лэйк хөндийд суурьшсанаар Сүм өсч хөгжсөн талаар мэдэж авах болно.